Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 01474

 

 

С.Ө нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Отгонцэцэг даргалж, шүүгч Б.Нармандах, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 102/ШШ2018/01323 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч С.Өын хариуцагч Н.Од холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 25 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Г, бие даасан шаардлага гаргаагүй гуравдэгч этгээд Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн С.Ө нь 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Н.О-д 20 000 000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 5 000 000 төгрөг нийт 25 000 000 төгрөгийг амаар зээлийн гэрээ байгуулан данс руу нь шилжүүлсэн юм. 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдөр буюу зээл авсан өдрөө 1 600 000 төгрөгийг Н.О төлсөн бөгөөд ингэж төлөхдөө өөрийнхөө 5099500626 тоот данснаасаа шилжүүлсэн байдаг. Иймд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл болох 23 400 000 төгрөгийг Н.Огээс гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Буянжаргал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд зааснаар зээлийн гэрээгээр зээлдэгч, зээлдүүлэгч нар харилцан тохиролцоод өмчлөлд мөнгө шилждэг юм. Гэрч асуусан ч гэсэн Н.Огийн хувьд зээлээр авсан асуудал байхгүй. Нэхэмжлэгчийн ах дүүс, төрөл төрөгсөд энэ хүнд мөнгө өгч байна гэдэг нь энэ хүмүүсийн хооронд өмнө нь мөнгөний харилцаа байсан гэдгийг харуулж байгаа юм. Энэ зээлийг С.Өаас зээлийн төрлийн зүйл буюу шинжээр тодорхойлогдох эд хөрөнгө, мөнгөн дэвсгэртийг аваагүй. Энэ бол зээлийн гэрээний харилцаа биш учраас хүлээн зөвшөөрөхгүй байна. С.Ө болон Б.М нарын хооронд зээлийн харилцаа үүссэн. Н.Огийн дансанд С.Өын ээж, эгч нар нь мөнгө хийсэн бөгөөд энэ нь зээлийн харилцаа гэж нотлогдохгүй. Зээлийн харилцаа гэж үзэхгүй байна. С.Ө мөнгөн дэвсгэртээ Н.Од өгсөн нь тогтоогдохгүй байх тул энэ зээлийн харилцаа биш. Хариуцагч биш юм. Н.Огийн дансанд гэрч нарын хийсэн мөнгө орсон байгаа бөгөөд энэ хүмүүсийн хооронд өмнө нь мөнгөний асуудал байсан гэдгийг нотолж байна. Н.О, С.Өын хооронд эрх зүйн харилцаа үүсээгүй. С.Өын мөнгийг Н.Огийн дансанд шилжүүлсэн гэдэг нь С.Өын зээл гэж үзэх үндэслэл алга. С.Ө, Н.О нар бизнесийн түншүүд бөгөөд өмнөх мөнгө ч байж болно шүү дээ. Зээлийн гэрээ гэж үзэхгүй байгаа бөгөөд энэ төлбөр нь өмнөх зээлийн харилцааны мөнгө юм. С.Ө нь мөнгөн дэвсгэртээр мөнгө өгөөгүй гэдгийг хэлмээр байна. Зээлийн гэрээний харилцаанд бид ямар нэгэн байдлаар оролцсон зүйл байхгүй. Б.М болон С.Ө хоёрыг танилцуулсан хүн нь Н.О бөгөөд үүрэг хүлээсэн гэрээний нэг тал биш. Гэхдээ мөнгө нь Н.Огийн дансанд орсон байдаг юм. Б.М, Н.О нар С.Өд 6 400 000 төгрөг төлөгдсөн байдаг гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч эгээд Б.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч буруу ойлгоод байна. Н.О болон С.Ө нарын хооронд олон удаагийн зээлийн харилцаа байсан бөгөөд 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдөр анх удаа С.Өаас Н.О гэж хүнээр дамжуулж танилцаад тохиролцсоны үндсэн дээр 20 000 000 төгрөгийг зээлсэн. С.Ө таньдаг хүнийнхээ дансанд хийнэ гэж хэлээд Н.Огийн дансанд хийсэн бөгөөд би С.Ө гэдэг хүнээс 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр дахин зээлийн гэрээ байгуулсан. Н.О С.Ө нарын хооронд өгч, авалцдаг итгэлцэл байдаг учраас танил хүний дансанд хийнэ гэж хэлээд Н.Огийн дансанд хийсэн. Энэ зээлийг Н.О аваагүй бөгөөд бид зөвшилцөөд сүүлд өгөхдөө гэрээ хийсэн юм. Н.Огийн данснаас хийгээд миний дансанд орсон мөнгө нийлээд 45 000 000 төгрөг болсон. Энэ миний зээл юм. Н.Огийн дансанд орсон 20 000 000 төгрөгийн он, сартай баримт байдаг. Сүүлийн 5 000 000 төгрөг дээр 400 000 төгрөгийг С.Өд шилжүүлээд надад 4 600 000 төгрөг орж ирсэн нь нотлогддог. С.Өын 20 000 000 төгрөг өөрийнх нь данснаас ирээгүй бөгөөд ээжийнх нь данс юм. С.Ө хэлэхдээ огт танихгүй хүнд шууд дансаар шилжүүлэх боломжгүй учраас Н.О ахын дансанд хийнэ гээд Н.Огийн данс ашиглагдсан. С.Ө өөр хүний данснаас хийлгэж байгаа учраас Н.Огийн дансыг ашигласан бөгөөд 20 000 000 төгрөгийг нь Н.О надад бэлнээр гарын үсэгтэй өгсөн. Дараагийн 5 000 000 төгрөг нь банкны хуулгаар нотлогдох юм. Тэгэхээр энэ зээлийн эзэн нь Н.О биш юм. Тухайн үед Н.Огийн дансыг ашигласан асуудал байгаа болохоос Н.О аваагүй. Ийм юм болно ч гэж бодоогүй үйлдэгдсэн асуудал юм гэжээ.

            Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч Н.Огээс 18 600 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.Өд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4 800 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.Өаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 282 950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Н.Огээс 250 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн. Гуравдагч этгээд Б.М нэхэмжлэгчээс удаа дараа мөнгө зээлж авч байсан. Тэр зээлийнхээ үлдэгдлийг төлж барагдуулж байсан буюу 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 102/ШШ2018/00899 дугаар шийдвэрээр 4 950 000 төгрөгийг С.Өд төлөхөөр шүүхээр эцэслэн шийдвэрлэгдэж, улмаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт ажиллагаа хийгдэж байгаа болно. Б.М нь өөрийн урьд авсан зээлийн үлдэгдлээ төлсөн үйлдлээ “Н.О зээлийг төлсөн, Н.О зээл аваагүй би энэ зээлийг авсан” гэж худал мэдүүлдэг. Талуудын хооронд амаар 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, хариуцагчийн дансанд гэрээний зүйл болох 25 000 000 төгрөг шилжиж орсон бөгөөд энэ нь хэрэгт авагдсан баримтаар бүрэн тогтоогдоно. Иймд иргэн Б.Мгийн төлсөн 4 400 000 төгрөгийг хариуцагчийг төлсөн гэж хассаныг зөвшөөрөхгүй байна. Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн шэж дүгнэсэн байна. Талуудын хооронд зээл авахаар хоорондоо тохиролцсон зүйл байхгүй. Гуравдагч этгээд Б.М хариуцагчийн дансаар дамжуулж мөнгө авсан. Шүүх ямар эрх зүйн харилцаа үүссэнийг буруу дүгнэсэн. Нэхэмжлэгч нь хариуцагчид дээлдүүлсэн гэх мөнгөө Б.Бадралмаа, Б.Баасандулам нараар дамжуулан мөнгө шилжүүлсэн гэж тайлбарладаг. Хавтаст хэрэг болон гэрчийн мэдүүлгээр хариуцагчид мөнгө зээлдүүлсэн гэх нотлох баримт байхгүй. Шүүх зээлийн гэрээ байгуулсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй тул төлбөр тооцооны асуудал байдаггүй бөгөөд гуравдагч этгээд Б.М нь С.Өын хаан банкны дансанд нийт 4 400 000 төгрөгийг шилжүүлсэн тул нэхэмжлэлийн шаардлагаас уг хэсгийг хэрэгсэхгүй болгосон. Нэхэмжлэгч дээрх мөнгийг гуравдагч этгээдийн өмнө нь зээлсэн зээлийн үлдэгдэл гэж гомдол гаргасан байна. Тус дүүргийн шүүхэд нэхэмжлэгч нь гуравдагч этгээдэд холбогдуулсан зээлийн гэрээний маргааныг шийдвэрлэсэн бөгөөд шүүхийн хэлэлцүүлгээр 4 400 000 төгрөгийг тооцоог тэдний хооронд байгуулсан зээлийн гэрээний өмнө тооцогдсон тул нэхэмжлэлийн шаардлагыг хангахдаа тооцоогүй. Хэргийг нэгтгэн шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан боловч шүүх хангаагүй. Шүүх хэргийг бодит байдлаас нь үнэлэлгүй зээлийн гэрээ зохигчдын хувьд байгуулсан гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй болно. Иймд шийдвэрчийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

                                                                                                           

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөнөөс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч С.Ө нь хариуцагч Н.Од холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 25 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг /хх.1/ хариуцагч эс зөвшөөрч маргажээ. /хх.17/

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянах үүрэгтэй.

 

            Хариуцагч зээлийн мөнгөн хөрөнгийг нэхэмжлэгчээс авч цааш гуравдагч этгээд Б.Мд дамжуулж, хариуцагч болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн хэн аль нь уг зээлийн буцаан төлөлтийг хийж байсан талаар тайлбар гарган, төлбөрийн баримтуудыг шүүхэд нотлох баримтаар гаргаж, төлбөрийн тооцооллын талаар зохигчид маргажээ. /хх.28-41, 53-57/

Хэрэгт нотлох баримтаар авагдсан бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.М болон нэхэмжлэгч С.Ө нарын хоорондын зээлийн гэрээний маргааныг шийдвэрлэсэн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 102/ШШ2018/00899 дугаартай шийдвэрийн үндэслэх хэсэгт “...Б.М, С.Өд зээлийн гэрээ байгуулагдсан 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдрөөс хойш нийт 20 700 000 төгрөг төлсөн болох нь баримтаар тогтоогдож байна /6-21, 51-63/” гэж бичсэн боловч төлбөрийн баримтын огноо, хугацаа тодорхой бус байна. /хх.102-103/

Хэргийн 53, 54 дүгээр талд Б.Мгаас нэхэмжлэгч С.Өд 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдөр 400 000 төгрөг болон 1 600 000 төгрөг, мөн оны 8 дугаар сарын 27-ны өдөр 2 000 000 төгрөг, мөн оны 10 дугаар сарын 07-ны өдөр 400 000 төгрөг болон 2 000 000 төгрөг шилжүүлсэн баримт авагдсан байх /хх53-54 хуудас/ бөгөөд эдгээр баримтыг дээрх шүүхийн шийдвэр гаргах үед Б.Мгийн өрөнд тооцсон эсэх нь тодорхойгүй байна.

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн шүүх хуралдаан дээр уг иргэний хэрэгт байгаа баримтыг заан нотлох баримтаар судлуулах талаар хүсэлт /хх.104-р тал арын нүүр/ гаргасан нь тооцооллын талаарх маргааныг шийдвэрлэхэд ач холбогдолтой.

 

Хэрэгт авагдсан баримтын хүрээнд маргааныг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 102/ШШ2018/01323 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 91 750 төгрөг, хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 250 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар тус тус буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      А.ОТГОНЦЭЦЭГ                  

                                 ШҮҮГЧ                                       Б.НАРМАНДАХ

              ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Ж.ОЮУНТУНГАЛАГ