Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 001/ХТ2022/01154

 

 

 

****гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

  

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, шүүгч Г.Банзрагч, Б.Мөнхтуяа, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар, 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 102/ШШ2020/03098 дугаар шийдвэр,           

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 41 дүгээр магадлалтай, 

****гийн нэхэмжлэлтэй,

****, ****нарт холбогдох, 

Худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу шилжүүлсэн төлбөр болон хохиролд нийт 66,832,887.78 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сод-Эрдэнийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сод-Эрдэнэ, хариуцагч Б.Мөнх-Ертөнц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь: 

1. Нэхэмжлэгч **** нь хариуцагч ****, Б.Мөнх-Ертөнц нарт холбогдуулан Худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу шилжүүлсэн төлбөр болон хохиролд нийт 66,832,887.78 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, маргажээ. 

2. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 102/ШШ2020/03098 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч ****, ****нараас гэрээнээс татгалзсанаас үүссэн үр дагавар буюу гэрээний үүрэгт шилжүүлсэн 65,452,887 төгрөг, 78 мөнгийг гаргуулж, нэхэмжлэгч ****д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,400,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 492,114 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 485,114 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, тус шүүхийн шүүгчийн 2020.05.19-ний өдрийн 102/ШЗ2020/07813 дугаар Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай захирамж энэ шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.           

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 41 дүгээр магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 102/ШШ2020/03098 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.Мөнх-Ертөнцөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 485,114 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн байна. 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сод-Эрдэнэ хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ****гийн нэхэмжлэлтэй ****, Б.Мөнх-Ертөнц нарт холбогдох Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.12.28-ны өдрийн 41 дүгээр магадлалтай иргэний хэрэгт давж заалдах шатны шүүхийн магадлалыг, эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие энэхүү гомдлыг гаргаж байна.  Зохигчийн хооронд гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр, гэрээний дагуу байрны төлбөр болон татварыг худалдагч талд шилжүүлсэн үйл баримтыг анхан болон давж заалдах шатны шүүх маргаангүйгээр дүгнэсэн тул давж заалдах шатны шүүх хэргийг анхан шатны шүүх рүү ганцхан үндэслэлээр буцаасныг няцааж ИХШХШТХ-ийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн” гэж зааснаар энэхүү гомдлыг гаргасан болно. Магадлалын хянавал хэсэгт “Хариуцагч нараас Д.Янжмаагийн данс руу шилжүүлсэн 70,000,000 төгрөг нь үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний төлбөрийг буцаан шилжүүлсэн эсхүл бусдын өр төлбөрт тооцогдсон эсэх үйл баримтыг тодруулах шаардлагатай” гээд үүнийг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжгүй гэжээ. Хариуцагч нараас магадлалд дурдсанаар аль ч байдлаар Д.Янжмаад шилжүүлсэн мөнгө шилжүүлсэн байгаа нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолгүй. Учир нь хариуцагч нар болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Янжмаа нь нэхэмжлэгчид төлбөрийг буцааж шилжүүлээгүй үйл баримт нь гол ач холбогдолтой ба нэхэмжлэгч буцааж төлбөрөө аваагүй учраас л энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Түүнчлэн хариуцагч нар нь төлбөрийг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулах ямар ч шаардлага байгаагүй. Тодруулбал, хариуцагч нар нь ****д орон сууцны төлбөрийг буцаан өгөх ёстойгоо мэдэж байсан ба Б.Мөнх-Ертөнц нь өөрийнхөө эзэмшлийн 8808-8666 дугаараасаа нэхэмжлэгч рүү төлбөрөө буцааж шилжүүлэх талаар удаа дараа мэссэж бичиж харилцаж байсан юм. Мөн гэрээний үнэд шилжүүлсэн 65,432,887 төгрөг, татварт тушаасан 1,400,000 төгрөг нийт 66,832,887 төгрөгийг буцааж шилжүүлэх ёстой байтал түүнээс илүү үнийн дүн шилжүүлсэн байгаа нь талуудын хооронд үйл баримтад нийцэхгүй байна. Улмаар давж заалдах шатны шүүх хангалттай нотлох баримт цугларсан байхад, хариуцагч нарын хугацаа хожих гэсэн үндэслэлгүй буюу өөрсдийгөө эрх зүйн чадамжгүй этгээд мэтээр гаргасан “бид гэрээний оролцогч биш” гэх тайлбарт хөтлөгдөж итгэмжлэгдсэн төлөөлөгчийг нь гэрчээр асуулгахаар шийдвэрлэж буй нь ИХШХШТХ-д заасан хэргийг эцэслэн шийдвэрлэх давж заалдах шатны шүүхийн үүргээ гүйцэтгэхээс татгалзаж байгаа хэрэг юм. Энэхүү маргаан анхан шатны шүүхээр дахин хэлэлцэгдээд хэрхэн шийдвэрлэснээс үл хамаарч талууд буюу нэн ялангуяа хариуцагч нар дахиад л давж заалдах, хяналтын шатны шүүхэд гомдол гаргах нь туйлын тодорхой байх бөгөөд энэ бүх хугацаанд төлбөрөө буцааж авах нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөөр байна. Нэмж өгүүлэхэд нэхэмжлэгчээс Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авахтай холбоотой татварын 2% болох 1,400,000 төгрөгийг төлсөн бөгөөд баримт нь хавтаст хэрэгт авагдсан. Түүнчлэн хариуцагчид үүн дээр маргадаггүй бөгөөд анхан шатны шүүх маргааны зүйлээс хальж талуудын маргаагүй үйл баримт дээр үндэслэлгүй дүгнэлт хийж нэхэмжлэлийн зарим хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь буруу болсон. Иймд нотлох баримт болон нотлох баримт цуглуулах ажиллагааны журмыг буруу үнэлж, хэрэглэсэн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ. 

ХЯНАВАЛ: 

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв. 

6. Нэхэмжлэгч **** нь хариуцагч ****, Б.Мөнх-Ертөнц нарт холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үнэд шилжүүлсэн 65,432,887.78 төгрөгийг, зардлын 1,400,000 төгрөгийн хамт нийт 66,832,887.78 төгрөгийг гэрээнээс татгалзсантай холбогдуулан буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж, үндэслэлийг ...худалдан авсан орон сууцыг бүртгэлийн байгууллага шилжүүлэн бүртгэхээс татгалзсан хариу өгснөөр гэрээ хэрэгжих боломжгүй болж, гэрээ цуцлагдсан тул орон сууцны үнэд шилжүүлсэн мөнгөө, татварт төлсөн төлбөрийн хамт нэхэмжилнэ... гэж маргажээ. 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч ...талуудын хооронд эрх зүйн харилцаа үүсээгүй, зээлийг хаасан Д.Янжмаагийн дансанд 70,000,000 төгрөгийг шилжүүлсэн... гэсэн тайлбар гаргасан байна. 

7. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч ****, Б.Мөнх-Ертөнц нараас гэрээнээс татгалзсанаас үүссэн үр дагавар буюу гэрээний үүрэгт шилжүүлсэн 65,452,887.78 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ****д олгон, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,400,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг хянаж, шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр буцаажээ. 

Давж заалдах шатны шүүх хэргийн нөхцөл байдал бүрэн тогтоогдоогүй, гэрчээс мэдүүлэг авах нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, маргааны зүйлийн талаар хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй гэж дүгнэн, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасныг буруутгах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ. 

8. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд хариуцагч Б.Мөнх-Ертөнц, **** нар нь Баянгол дүүрэг, 1 хороо, Алтай хотхон Энгельс гудамж 16 байр 135 тоот хаягт байршилтай, 73.1 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны зориулалттай, үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгч байх бөгөөд тэд 2019.12.30-ны өдөр Д.Янжмаад дээрх үл хөдлөх хөрөнгийг барьцаанаас чөлөөлүүлэх, худалдах, бэлэглэх, ...гэрээ байгуулах, гэрээнд төлөөлөн гарын үсэг зурах, ...зэрэг үйлдэл хийх бүрэн эрхийг олгосон итгэмжлэлийг олгожээ. Д.Янжмаа нь итгэмжлэлийн дагуу нэхэмжлэгч ****гаас орон сууцны үнэ 65,432,887.78 төгрөгийг бэлнээр хүлээн авч, уг мөнгийг 2020.01.27-ны өдөр Б.Мөнх-Ертөнцийн зээлийн төлбөрт шилжүүлж зээлийг хаан, улмаар 2020.02.04-ний өдөр ****тай орон сууц худалдах, худалдан авах гэрээг бичгээр байгуулсан байна. Худалдан авагч **** бичгээр байгуулсан гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэн өмчлөх эрхийг шилжүүлэн авахаар хүсэлтээ Улсын бүртгэлийн газарт гаргасан боловч барьцааны гэрээ бүртгэлтэй, ... ****, ****нарыг төлөөлж гарын үсэг зурах итгэмжлэл олгогдоогүй үндэслэлээр бүртгэлийн байгууллага бүртгэхээс татгалзсан үйл баримтууд тогтоогджээ. 

9. Давж заалдах шатны шүүхийн ...зохигчийн маргаж буй үндэслэл, маргааны үйл баримтыг тогтоохын тулд Д.Янжмаагаас хуульд заасан журмын дагуу гэрчийн мэдүүлэг авах нь хэргийг шийдвэрлэхэд нотолгооны ач холбогдолтой, өөрөөр хэлбэл, хариуцагч нараас Д.Янжмаагийн данс руу шилжүүлсэн 70,000,000 төгрөг нь үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний төлбөрийг буцаан шилжүүлсэн, эсхүл бусдын өр төлбөрт тооцогдсон эсэх болон бусад үйл баримтыг тодруулах шаардлагатай, ... хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Д.Янжмааг гэрчээр асуулгах хүсэлтээсээ татгалзсан ч энэхүү нөхцөл байдал нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь нотолгооны ач холбогдлыг шууд үгүйсгэх үндэслэл болохгүй гэсэн дүгнэлтийг буруутгах боломжгүй, энэ хүсэлт ач холбогдолтой талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тодруулах, хүсэлтээс татгалзсан үр дагаврыг сануулах нь хуульд заасан журмыг зөрчихгүй. Үүнээс гадна хариуцагч нарын хэн нь “Арвин хур” ХХК-д өртэй, ****үүрэг хүлээх эсэх талаар эрх зүйн дүгнэлт хийх нь зүйтэй байжээ. 

Иймд анхан шатны шүүх магадлалд заасан ажиллагааг хэрэгжүүлж, нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тодруулан, талуудын хооронд үүссэн маргааныг зөв тодорхойлж, нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу цуглуулж үнэлэн, мөн хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-т заасан шийдвэрийн аль нэгийг гаргах нь зүйтэй юм. 

Дээрх үндэслэлээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сод-Эрдэнийн “...магадлалыг хүчингүй болгож, шийдвэрт өөрчлөлт оруулан, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү” гэсэн хяналтын гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:   

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 41 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2021.01.25-ны өдөр төлсөн 492,114 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

  

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          П.ЗОЛЗАЯА

             ШҮҮГЧИД                                           Г.БАНЗРАГЧ 

                Б.МӨНХТУЯА 

                                                                                                С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                Х.ЭРДЭНЭСУВД