Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 001/ХТ2022/01103

 

Б.Аын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Банзрагч даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч П.Золзаяа, Б.Мөнхтуяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 944 дүгээр шийдвэр,

 

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 115 дугаар магадлалтай,

Б.Аын нэхэмжлэлтэй

Я.Ат холбогдох

Орон сууцнаас нүүлгэн гаргуулж, хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагч Я.Аын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Даваахүү, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Одбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Б.А нь Я.Ат холбогдуулан орон сууцнаас нүүлгэн гаргуулж, хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргажээ.

2. Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 944 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар хариуцагч Я.Аын хууль бус эзэмшлээс Дархан сумын 11-р баг, 13-р хороолол, 10а байрны 37 тоот 62,7 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2003020718 дугаартай, 2 өрөө орон сууцыг албадан чөлөөлүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ. 

3. Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 115 дугаар магадлалаар Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 944 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Я.Аын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Хариуцагч Я.А хяналтын гомдолдоо: Шийдвэр, магадлалыг хүлээн авч танилцаад эс зөвшөөрч доорх гомдлыг хяналтын шатны шүүхэд гаргаж байна. Шийдвэр, магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байгаад миний бие гомдолтой байна. Миний бие нь “Л-И” ХХК-тай 2018.01.17-ны өдөр 48 тоот “Орон сууц захиалан бариулах гэрээ”-г байгуулж орон сууцны үнэд нийт 30,129,800 төгрөг төлсөн байгаа. Энэ орон сууцны анхдагч эзэн болох “Л-И” ХХК-аас би худалдан авсан ба энэ орон сууцыг авахаар гэрээ байгуулах үед уг байранд ямар нэгэн айл байгаагүй, хүн амьдрах боломжгүй, дотоод засал нь хийгдээгүй дөнгөж ашиглалтад орж байгаа байр байсан бөгөөд би өөрөө хүн амьдрах боломжтой орон сууц болгон иж бүрэн засварыг хийж ороод өнөөг хүртэл уг орон сууцандаа амьдарч ирсэн. Гэтэл нэхэмжлэгч Б.А нь 2018.11.23-ны өдөр О.Батпүрэвээс миний эзэмшиж байгаа орон сууцыг арилжааны гэрээ байгуулан 51,600,000 төгрөгт тооцож авсан гэдэг. Цаг хугацааны хувьд би түрүүлж орон сууц захиалан бариулах гэрээг анхдагч эзэн компанитай нь хийж маргаан бүхий орон сууцыг шударгаар эзэмших эрхийг олж авсан байхад анхан шатны шүүх намайг байрнаас албадан гаргахаар шийдвэр гаргасан нь бодит байдалд болон шударга ёсонд нийцэхгүй байх ба энэ шийдвэрт би давж заалдах гомдол гаргахад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ. О.Батпүрэв гэгч нь “Л-И” ХХК-тай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулаад орон сууцыг худалдан борлуулсан ашгаас хүртэх агуулгатай гэрээ байгуулж зээлийн гэрээний үүрэг биелэгдэхгүй болохоор өр төлбөртэй тооцон “Л-И” ХХК-ийн байрнаас авсан гэдэг. Хэдийгээр өр төлбөртөө “Л-И” ХХК нь орон сууцыг О.Батпүрэвт өгсөн ч гэсэн одоо үл хөдлөх хөрөнгийн маргаан үүсээд улсын бүртгэлийн газарт О.Батпүрэвийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг түдгэлзүүлсэн байдаг юм билээ. Иргэн О.Батпүрэв “Л-И” ХХК-ийн хооронд хөрөнгийн маргаан шийдвэрлэгдсэний дараа Б.А бид хоёрын хоорондын маргааны асуудал шийдэгдэх нь зүйд нийцнэ гэж үзэж байгаа юм. О.Батпүрэв нь зээлийн гэрээгээр “Л-И” ХХК-д 1,500,000,000 төгрөг зээлсэн гэдэг. Энэ мөнгөний авлагадаа хэд, хэдэн орон сууц авсан гэдэг. Гэтэл энэ орон сууц авсан гэх барьцаа хөрөнгийн маргаан нь иргэн Д.Болормаагийн гаргасан маргаантай холбогдолтой асуудал дээд шүүх дээр хэлэлцэгдэх гээд хүлээгдэж, эцэслэн шийдвэрлэгдээгүй байгаа юм билээ. Тиймээс О.Батпүрэв, Б.Болормаа нарын хоорондын барьцаа хөрөнгийн талаарх асуудлыг эцэслэн шийдвэрлэгдсэний дараа О.Батпүрэв, Б.А нарын хооронд хийгдсэн хэлцэл нь хүчин төгөлдөр бус байх ч асуудал үүсэх магадлалтай юм билээ. Иймд хэргийг хяналтын журмаар хянан үзэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох буюу анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг тухайн маргаанд зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлын агуулгаар шийдвэр, магадлалыг хүчингүй болгох боломжгүй гэж үзлээ.

6. Нэхэмжлэгч Б.А нь Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр баг, 13 дугаар хороолол, 10/А байрны 37 тоот 62.7м.кв орон сууцыг хариуцагч Я.Аын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, 2018.01.17-ны өдөр “Л-И” ХХК-тай орон сууц захиалан бариулах гэрээ байгуулж урьдчилгаа төлбөрт 5,000,000 төгрөг, засварын 1,800,000 төгрөг буюу нийт 6,800,000 төгрөгийг байрны үндсэн үнэ болох 81,510,000 төгрөгөөс хасуулан тооцуулж сар бүр төлөлт хийдэг, нийт 30,129,800 төгрөгийг төлсөн учир уг байрыг чөлөөлөхгүй гэж маргажээ. Хариуцагчийн хүсэлтээр шүүх “Л-И” ХХК-ийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татан оролцуулсан ба тус компани нь хариуцагчийг дэмжиж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо  Я.А нь 32,890,000 төгрөгийг төлсөн, компанийн өмнөх захирал А.Лхагвасүрэн, О.Батпүрэв нар үгсэн хуйвалдаж байрыг улсын комисс хүлээж аваагүй байхад хуурамч баримт үйлдэж гэрчилгээ гаргаж бусдыг залилсан, энэ байрны маргаан Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж байгаа тул хэргийг түдгэлзүүлж өгнө үү гэсэн тайлбарыг гаргасан байна.

7. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар өмчлөгч бусдын хууль бус эзэмшлээс эд хөрөнгөө шаардах эрхтэй бөгөөд нэхэмжлэлийн эрх зүйн үндэслэл болсон хуулийн уг зохицуулалтыг хоёр шатны шүүх зөв тайлбарлан хэрэглэжээ. Нэхэмжлэгч Б.А маргаж буй орон сууцны өмчлөгч болох нь 2018.11.17-ны өдөр олгосон үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээр нотлогдсон байна. Хариуцагч Я.А 2018.01.17-ны өдөр “Л-И” ХХК-тай бичгээр гэрээ байгуулж, энэ үеэс эхлэн орон сууцыг засч, эзэмшсэн, нийт 32,890,000 төгрөгийг төлсөн байгаа боловч гэрээг хуульд заасан хэлбэрээр байгуулаагүйн улмаас эрх нь хамгаалагдах боломжгүй болсон, улмаар орон сууцыг хууль ёсоор эзэмшиж байгаа гэж үзэх үндэслэлгүй. Гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүйн улмаас хариуцагч Я.А нь өмчлөх эрхээ баталгаажуулах боломжгүй болсон ба “Л-И” ХХК-иас хохирлоо шаардах боломжтой байна.

8. “Л-И” ХХК нь 2016.03.15-ны өдрийн гэрээний дагуу О.Батпүрэвт орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлсэн, О.Батпүрэв өмчлөгч болсон нь 2017.03.24-ний өдөр олгосон үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээр тогтоогдсон, “Л-И” ХХК нь ийнхүү О.Батпүрэвт өмчлөх эрхийг шилжүүлсэн атлаа 2018.01.17-ны өдөр Я.Ат орон сууцыг худалдсан байна. О.Батпүрэв нь 2018.11.27-ны өдөр орон сууцыг Б.Ат худалджээ.

9. Б.А нь О.Батпүрэвийн эхнэрийн дүү гэх талаар хариуцагч тайлбар гаргасан байх боловч Б.А бүртгэл буруу ташаа болохыг мэдсэн гэх баримт хэрэгт байхгүй тул Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д “Эд хөрөнгө шилжүүлж байгаа этгээд нь өмчлөгч биш болохыг өмчлөх эрх олж авч байгаа этгээд мэдээгүй бөгөөд мэдэх боломжгүй байсан бол түүнийг өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж тооцно...” гэж зааснаар нэхэмжлэгчийг шударга өмчлөгч гэж үзэх үндэслэлтэй.

10. Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно.” гэж заасан тул “Л-И” ХХК болон Я.А нарын хооронд байгуулсан гэрээ нь зөвхөн эдгээр талуудын хооронд хамааралтай. Харин  О.Батпүрэв болон “Л-И” ХХК, О.Батпүрэв болон Б.Болормаа нарын хооронд үүссэн маргаан, гэрээний асуудал тэдгээр талуудын хооронд шийдвэрлэгдэх учиртай тул энэ хэргийг түдгэлзүүлэх үндэслэл болохгүй, энэ талаарх хариуцагчийн гомдол үндэслэлгүй тул хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 944 дүгээр шийдвэр, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 115 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагч Я.Аын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.БАНЗРАГЧ

                            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                  Г.АЛТАНЧИМЭГ

                             ШҮҮГЧИД                                                      П.ЗОЛЗАЯА

                                                                                                    Б.МӨНХТУЯА

                    Х.ЭРДЭНЭСУВД