Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2023 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 001/ХТ2023/00209

 

“НЗ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

   иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, шүүгч Н.Батзориг, Н.Батчимэг, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2023/01780 дугаар шийдвэр,                           

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2023 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 210/МА2023/01593 дугаар магадлалтай,

“НЗ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

ЗТХЯ-д холбогдох

2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 1.. тоот эвлэрлийн гэрээ нь хууль зөрчиж хийсэн хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, үндэслэлгүй хөрөнгөжсөн 8,844,606,451 төгрөг, гэрээ цуцалсны улмаас учирсан хохирол 5,991,900,328.62 төгрөг, гүйцэтгэсэн ажлын хөлс 224,000,000 төгрөг, гэрээг дуусгавар болгосонтой холбогдуулан олох байсан орлого 1,606,9..3,365 төгрөг, нийт 16,587,470,234.62 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц, Д.О нарын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Э, Б.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц, Д.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.“НЗ” ХХК нь ЗТХЯ-д холбогдуулан 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 1.. тоот эвлэрлийн гэрээ нь хууль зөрчиж хийсэн хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, үндэслэлгүй хөрөнгөжсөн 8,844,606,451 төгрөг, гэрээ цуцалсны улмаас учирсан хохирол 5,991,900,328.62 төгрөг, гүйцэтгэсэн ажлын хөлс 224,000,000 төгрөг, гэрээг дуусгавар болгосонтой холбогдуулан олох байсан орлого 1,606,9..3,365 төгрөг, нийт 16,587,470,234.62 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргажээ.           

2.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2023/01780 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 229 дүгээр зүйлийн 229.1-д заасныг баримтлан ЗТХЯ-с 6,135,900,328.62 төгрөгийг гаргуулж, НЗ ХХК-д олгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 58 дугаар зүйлийн 58.2.2, 58.3.3, 59 дүгээр зүйл, 492 дугаар зүйлийн 492.1.1, 227 дугаар зүйлийн 227.1-д заасан үндэслэлгүй тул НЗ ХХК-ийн гаргасан 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр байгуулагдсан 1.. тоот Эвлэрлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, 10,451,569,906 төгрөгийг ЗТХЯ-с гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиин 56 дугаар зүйлийн 56.2, 58.4-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 25,000,000 төгрөгийг улсын орлого болгож, нэмж /27,415,799+30,837,452/ нийт 58,253,251 төгрөгийг нөхөн гаргуулж улсын орлого болгож, хариуцагчаас 30,837,452 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.

3.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 210/МА2023/01593 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2023/01780 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасны дагуу хариуцагч байгууллага улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэжээ.

4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц, Д.О нар хяналтын гомдолдоо: ...Гэтэл талууд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн эсэх асуудлаар огт маргаагүй боловч 2015 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн “Т.. чиглэлийн 67 км хатуу хучилттай авто замын барилгын ажил гүйцэтгэх” С-.../ тоот гэрээгээр тухайн зам барилгын ажлыг “санхүүжүүлэгч нь МУХБ болон СЯ”, “захиалагч нь ЗТХЯ” байтал шүүхээс гэрээний талуудыг тодорхойлохгүйгээр зөвхөн “НЗ” ХХК-тай, ЗТХЯ гэрээ байгуулсан гэж дүгнэж тухайн гэрээний харилцаанаас үүссэн гэх хохирлыг ЗТХЯ-д дангаар хариуцуулан шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл Т.. чиглэлийн 67 км хатуу хучилттай авто замын барилгын ажил гүйцэтгэх 2015 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн С... тоот гэрээний 3.1-д “Санхүүжүүлэгч нь захиалагчаас баталгаажуулсан санхүүжилтийн хүсэлтийг нягтлан шалгаж гүйцэтгэгчид санхүүжилтийг олгох үүрэгтэй”, 4 дүгээр зүйлийн 4.1-д “Захиалагч нь ажлын зураг төсөл, техникийн шаардлагын дагуу барилгын ажлыг чанарын өндөр түвшинд хугацаанд нь гүйцэтгүүлэн хүлээн авах” гэж гэрээний талуудын хүлээх үүргийг тодорхой заасаар байтал шүүхээс харгалзан үзэлгүйгээр ЗТХЯ-с хохирлыг гаргуулахаар шийдвэрлэсэн байна. Мөн захиалагч ЗТХЯ-ны шийдвэрээс үл хамааран МУЗГ-н шийдвэрийн дагуу тухайн чиглэлийн авто замын санхүүжүүлэгч өөрчлөгдсөн үндэслэлээр гэрээ цуцлах талаар МУЗГ-н шийдвэр гарсан байтал шүүхээс уг асуудлыг огт харгалзан үзээгүй буюу хариуцагчийн илт хууль бус шийдвэрийн дагуу цуцалсныг гэрээ цуцалсан гэж дүгнэжээ. 2. Магадлалын Хянавал хэсгийн 4.2-т “...ажил гүйцэтгэх гэрээг хариуцагчийн илт хууль бус шийдвэрийн дагуу цуцалсны улмаас нэхэмжлэгчид 5,911,900,328 төгрөгийн хохирол учирсан гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй гэж дүгнэсэн. Гэвч Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 181/ШШ2020/00172 дугаартай шийдвэрийг хянасан Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 569 дугаар магадлалын Хянавал хэсэгт хэргийн үйл баримт бүрэн тогтоогдоогүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож дахин хянан хэлэлцүүлэх шаардлагатай гэж үзсэн. Гэвч Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2023/01780 дугаар шийдвэрийг гаргахдаа магадлалын биелэлт хангагдаагүй байхад хэргийг хянан шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл “НЗ” ХХК-ийн “Г” ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний дагуу барилгын ажлын гүйцэтгэлийн орлогоос зээлээ төлж байсан эсэхийг тодруулахгүйгээр зөвхөн “Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “НЗ” ХХК-д холбогдуулан гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар гаргасан шүүхийн шийдвэрийг үндэслэж үндсэн зээл болон зээлийн хөрөнгийг ашигласны хүү зэрэг нийт 5,911,900,328.62 төгрөгийг бүхэлд нь ЗТХЯ-с гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэсэн заалтыг зөрчиж нэг талыг барьсан шийдвэр гаргасан байна. Шүүхийн аль ч шатанд “НЗ” ХХК Г-с зээлсэн гэх үндсэн зээл 3,395,313,676 төгрөг, зээлийн хөрөнгийг зээлийн гэрээний хугацаанд ашигласны хүүд 1,318,652,081 төгрөг, зээлийн гэрээний хэтэрсэн хугацааны хүү 1,197,934,571 төгрөг нийт 5,911,900,328.62 төгрөгийг Ө... чиглэлийн 143 км авто замын барилгын ажлыг гүйцэтгэхээр авсан гэж шүүхэд тайлбарлах боловч түүнийг нотолсон баримт хэрэгт авагдаагүйг шүүхээс харгалзан үзээгүй. Иймд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 210/МА2023/01593 дугаартай магадлалыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д “шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан болон давж заалдах шатны шүүхэд буцаах” гэж заасны дагуу шийдвэрлэж төрөөс үндэслэлгүйгээр гаргуулахаар нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг буцаан шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ.

5.Нэхэмжлэгч нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц, Д.О нарын гаргасан гомдлыг хангахгүй орхих байр суурийг илэрхийлжээ.

6.Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц, Д.О нарын гомдлыг Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн 2023.10.20-ны өдрийн 001/ШХТ2023/01287 дугаар тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-т заасан үндэслэлээр хүлээн авч, хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.

ХЯНАВАЛ:

7.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах хуулийн үндэслэлтэй гэж үзэв.

8.Нэхэмжлэгч “НЗ” ХХК нь хариуцагч ЗТХЯ-д холбогдуулан дараах нэхэмжлэлийг гаргажээ. Үүнд:

-2015.04.01-ний өдрийн эвлэрлийн гэрээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 58 дугаар зүйлийн 58.2.2, 58.3.3, 59 дүгээр зүйлд зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэлд хамаарах тул үндэслэлгүй хөрөнгөжсөн 8,844,606,541 төгрөгийг гаргуулах,

-2010.07.05-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээг цуцалсан ЗТХЯ-ны ТН-н 2014.03.21-ний өдрийн 9.. дугаар тушаалыг илт хууль бус болохыг Захиргааны хэргийн шүүхээс тогтоосон бөгөөд 2015.08.13-ны өдрийн Т.. чиглэлийн 67 км хатуу хучилттай замын барилгын ажил гүйцэтгэх гэрээг цуцалсан 2017.02.08-ны өдрийн .. тоот тушаалын улмаас тус тус учирсан хохирол 5,911,900,328.62 төгрөг, гэрээг цуцлахаас өмнө гүйцэтгэсэн ажлын хөлс 224,000,000 төгрөг, олох байсан ашиг 1,606,9..3,365 төгрөг нийт 16,587,470,234.62 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нэхэмжлэлийг гаргажээ.

“НЗ” ХХК нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлохдоо “...2014 онд ЗТХЯ-с бидэнд эвлэрлийн гэрээний санал тавихдаа 2014 оны 9... дугаар тушаалаар ажил гүйцэтгэх гэрээг цуцалсантай холбоотой үүссэн хохирол болох 8,844,606,451 төгрөгийн нэхэмжлэлээсээ манайх татгалзах нөхцөлтэйгөөр Ө... чиглэлийн 143 км хатуу хучилттай авто замын ажлын хэмжээтэй дүйцэхүйц ажлыг хийж гүйцэтгэх гэрээг нэн даруй байгуулж өгнө, дээрх гэрээг байгуулснаар бидэнд учирсан хохирлыг барагдуулах хэмжээний төсөвт өртөгтэй ажил байх болно гэж итгүүлэн үнэмшүүлж, гэрээнд гарын үсэг зуруулсан. Гэрээ байгуулсны дараа гаргаж буй үйлдэл, бидэнд хандах хандлага, байгуулсан гэрээгээ цуцалж байгаа үндэслэл зэргээс үзэхэд анхнаасаа эвлэрлийн гэрээг биелүүлэх хүсэл зориг байгаагүй, гагцхүү хохирол нэхэмжилсэн шаардлагаас ямар ч аргаар хамаагүй татгалзуулах эцсийн зорилготой байсан болох нь илэрхий болсон, мөн бодит байдал дээр хэрэгжих боломжгүй нөхцөлийг буюу гэрээг 2013 онд шинэчлэн байгуулж байгаа атлаа замын ажлыг 2012.11.01-ний өдөр дуусгахаар тусгасан, хууль зөрчсөн гэрээ, хэлцэл байгуулсан явдал нь ЯС-н бүрэн эрхээс хэтэрсэн, өөрт олгогдоогүй эрх мэдлийг хэрэгжүүлэн хууль зөрчиж байгуулсан, эвлэрлийн гэрээ хэлцлийн хувьд эрх зүйн үндэслэлтэй байх зарчимд нийцэхгүй учир Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэл, ...Ө... чиглэлийн 143 км хатуу хучилттай авто замын барилгын ажил гүйцэтгэх гэрээний урьдчилгаа төлбөрийн баталгаа 8,844,606,451 төгрөгийн хувьд “Г” ХХК баталгаа гаргасан, гэрээ цуцлагдсанаар Х.. уг мөнгийг үл маргах журмаар “Г” ХХК-с татан авсан..., улмаар, уг мөнгийг “Г” ХХК манайхаар төлүүлэх зорилгоор зээлийн гэрээ байгуулсан, шүүхийн шийдвэрээр уг зээлийн гэрээний дагуу манай компаниас 5,991,900,328 төгрөг гаргуулж, “Г” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн бөгөөд энэ төлбөр нь хариуцагч байгууллагын ТН-н хууль бус 2014.03.21-ний өдрийн 9.. дугаар тушаалын улмаас нэхэмжлэгчид учирсан хохирол болно...” гэжээ.

Хариуцагч ЗТХЯ ажлын хөлс 224,000,000 төгрөг төлөхийг маргаагүй, харин нэхэмжлэлийн үлдэх шаардлагыг зөвшөөрөөгүй, эвлэрлийн гэрээг хүчин төгөлдөр гэж үзэж, уг гэрээний дагуу нэхэмжлэгчтэй ажил гүйцэтгэх 2 гэрээ байгуулж, үүргээ биелүүлсэн, нэхэмжлэгч үүргээ биелүүлээгүй атлаа хохирол нэхэмжилсэн нь үндэслэлгүй гэж мэтгэлцсэн байна.

9.Анхан шатны шүүх Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 229 дүгээр зүйлийн 229.1-д заасныг баримтлан ЗТХЯ-с 6,135,900,328.62 төгрөгийг гаргуулж “НЗ” ХХК-д олгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 58 дугаар зүйлийн 58.2.2, 58.3.3, 59 дүгээр зүйл, 492 дугаар зүйлийн 492.1.1, 227 дугаар зүйлийн 227.1-д заасан үндэслэлгүй тул “НЗ” ХХК-ийн гаргасан 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр байгуулагдсан 1.. тоот эвлэрлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, 10,451,569,906 төгрөгийг ЗТХЯ-с гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэнд хариуцагч давж заалдах гомдол гаргасан ба давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээжээ.

10.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан “шүүх хууль хэрэглээний зөрүүтэй шийдвэр гаргасан” гэдэгт шүүх хуулийг өөр өөрөөр тайлбарлан хэрэглэхээс гадна хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн үндэслэл хамаарах учир Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хэлэлцээд хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

11.Хэрэгт байгаа баримтын хүрээнд дараах үйл баримт тогтоогджээ.

11.1.Талуудын хооронд 2010.07.05-ны өдөр Ө... чиглэлийн 143 км хатуу хучилттай авто замын барилгын ажлыг 2010.07.15-2012.11.01-ний өдрийг хүртэлх хугацаанд 54,331,558,250 төгрөгийн төсвийн хүрээнд гүйцэтгэж, ашиглалтад оруулах “Улсын төсөв, замын сангийн хөрөнгөөр зам гүүрийн барилга, байгууламжийн барилгын ажил гүйцэтгэх” гэрээ байгуулагдсан, гэрээний санхүүжилт Х.. руу шилжсэнтэй холбоотойгоор 2012.05.14-ний өдрийн гэрээгээр нэмэлт өөрчлөлт оруулсан, 2013.07.30-ны өдөр уг гэрээг шинэчилж, ЗТЯ, МУХБ, “НЗ” ХХК нь гурван талт ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан байх боловч ЗТХЯ-ны ТН-н 2014.03.21-ний өдрийн 9.. дугаар тушаалаар гэрээг цуцлах шийдвэр гаргажээ.

“НЗ” ХХК-ийн зүгээс ЗТХЯ-д холбогдуулан гэрээг цуцласан дээрх актыг хүчингүй болгуулах, хохирол 8,844,606,451.45 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015.04.03-ны өдрийн 174 дүгээр шийдвэрээр ЗТЯ ТН-н 2014.03.21-ний өдрийн 9.. дугаар тушаалын дөрөвдүгээр хавсралтын “НЗ” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоож, тушаалыг хүчингүй болгож, “НЗ” ХХК хохирол 8,844,606,451 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, уг шийдвэр хүчин төгөлдөр болсон байна.

Дээрх шүүхийн шийдвэр гарахаас өмнө талууд 2015.04.01-ний өдөр бичгээр эвлэрлийн гэрээ байгуулсан ба уг гэрээнд зааснаар “НЗ” ХХК нь гэрээг цуцалсантай холбоотой үүссэн хохирол гэх 8,844,606,451 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлээсээ татгалзах, Ө... чиглэлийн 143 км хатуу хучилттай авто замын 100 км-т хамаарах барилгын ажлыг “Б” ХХК, “И” ХХК-ийн түншлэл, “Ө” ХХК, “Х” ХХК-уудаар гүйцэтгүүлэх, ингэхдээ уг замын ерөнхий гүйцэтгэгчээр “НЗ” ХХК ажиллах, шүүхийн шийдвэр хэрхэн гарахаас үл хамааран “НЗ” ХХК-тай үлдэж буй 43 км авто замын ажлыг гүйцэтгүүлэх гэрээ байгуулах, мөн ЗТЯ нь ЗГ-н 185 дугаар тогтоолын дагуу шалгарсан 3 гүйцэтгэгчийн хийж гүйцэтгэх ажилтай дүйцэхүйц хэмжээний зам барилгын ажлыг санал болгож, “НЗ” ХХК-аар гүйцэтгүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлж өгөх, захиалагч-ны хувьд гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлж, санхүүжилтийг хуваарийн дагуу саадгүй олгож гэрээний гүйцэтгэлд хяналт тавьж ажиллах нөхцөлийг тохирчээ.

Үүний дараа талуудын хооронд 2015.07.28-ны өдөр 43 тэрбум төгрөгийн төсөвтэй Ө... чиглэлийн 43 км хатуу хучилттай авто замын барилгын ажил гүйцэтгэх гэрээ, 2015.08.13-ны өдөр ЗТЯ /захиалагч/, Х.. ХХК /санхүүжүүлэгч/, “НЗ” ХХК /гүйцэтгэгч/ нь Т.. чиглэлийн 67 км хатуу хучилттай авто замын барилгын ажил гүйцэтгэх С.....тоот гэрээг тус тус байгуулсан.

“НЗ” ХХК нь гэрээний дагуу 67 км замын ажлыг 2016.10.30-ны өдөр хүлээлгэн өгөх, захиалагч нь хөрөнгийн эх үүсвэр шийдвэрлэгдсэн 20,976,856,451 төгрөгөөр барилгын ажлыг эхлүүлж, шийдвэрлэгдээгүй 20,435,428,916 төгрөгийн эх үүсвэрийг батлагдсан төсвийн дагуу шийдвэрлэх, санхүүжүүлэгч нь улсын төсвийн хөрөнгө оруулалтаар төслийг санхүүжүүлэх бөгөөд замын барилгын ажилтай холбоотой гарах аливаа нэмэлт ажил болон үнийн өсөлтийн зөрүүг нэмж санхүүжүүлэхгүй нөхцөлийг болон барилгын ажлын нийт төсөвт өртөг 41,412,285,367 төгрөг, үүнээс ашиг 1,606,9..3,365 төгрөг болохыг тус тус гэрээнд тусгажээ. /1хх-36-63,69-81/

Гэвч уг авто замын барилгын ажилд шаардагдах санхүүгийн эх үүсвэр өөрчлөгдсөн гэсэн үндэслэлээр ЗТХС-н зөвлөлийн хуралдааны 2017.01.07-ны өдрийн ... дүгээр хуралдааны хоёрдугаар хавсралтаар гэрээг дуусгавар болгохоор шийдвэрлэсэн байна. /2хх-3-9/

Талуудын байгуулсан эхний гэрээ болох 2010.07.05-ны өдрийн гэрээний дагуу 33,3 тэрбум төгрөгийн санхүүжилт хийгдсэн, Ө... чиглэлийн 43 км хатуу хучилттай авто замын ажил гүйцэтгэх гэрээний дагуу нэхэмжлэгч нь 28 км хатуу хучилттай авто замын барилгын ажлыг өөрөө гүйцэтгэж ажлын хөлсийг авсан, үлдэх ажлыг бусдаар гүйцэтгүүлсэн, Т.. чиглэлийн 67 км хатуу хучилттай авто замын барилгын ажил гүйцэтгэх гэрээний дагуу 224,000,000 төгрөгийн ажил хийгдсэн эдгээр үйл баримтыг зохигч маргаагүй байна.

11.2.Харин зохигч талууд 2015.04.01-ний өдрийн эвлэрлийн гэрээ хүчин төгөлдөр эсэх, 2010.07.05-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээг цуцалсан хариуцагчийн 2014.03.21-ний өдрийн 9.. дугаар тушаалын холбогдох хэсгийг илт хууль бус болохыг Захиргааны хэргийн шүүхээс тогтоосон, үүний улмаас нэхэмжлэгчид хохирол учирсан эсэх асуудал зохигчийн хоорондох маргааны зүйл болжээ.

12.Хоёр шатны шүүх “НЗ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага нь ажил гүйцэтгэх гэрээний үүрэгтэй холбоогүй, харин гэрээг цуцалсан хариуцагчийн буруутай үйлдлийн улмаас хохирол нэхэмжилсэн агуулгатай хэмээн дүгнэсэн нь үндэслэл бүхий болсон байна. Шүүх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг эрх зүйн хувьд зөв тогтоожээ.

12.1.Анхан болон давж заалдах шатны шүүх эвлэрлийн гэрээг хүчин төгөлдөр гэж үзэж, уг гэрээний дагуу нэхэмжлэгч нь Захиргааны хэргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нь Т.. чиглэлийн 67 км хатуу хучилттай авто замын барилгын ажил гүйцэтгэх гэрээг нэхэмжлэгчтэй байгуулсан, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр учирсан хохирол 8,844,606,451 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй, мөн Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1, 227 дугаар зүйлийн 227.1-д заасан урьдчилсан нөхцөл хангагдаагүй тул Т.. чиглэлийн 67 км хатуу хучилттай авто замын барилгын ажил гэрээнээс орох байсан орлого 1,606,9..3,365 төгрөгийг хэрэгсэхгүй болгоно гэж үзсэн.

12.2.Харин шүүх хохирол 5,911,900,328 төгрөг, гэрээг цуцлахаас өмнө гүйцэтгэсэн ажлын хөлс 224,000,000 төгрөг нийт 6,135,900,328 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ “...Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015.04.03-ны өдрийн 174 дүгээр шийдвэрээр ЗТЯ ТН-н 2014.03.21-ний өдрийн 9.. дугаар тушаалын “НЗ” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоож, тушаалыг хүчингүй болгосон байх ба хууль бус уг шийдвэрээр ажил гүйцэтгэх гэрээг цуцалсны улмаас нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн байх тул Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт зааснаар хохирлоо шаардах эрхтэй, хариуцагч нь нэхэмжлэгчид учирсан хохирлыг барагдуулахаар Т.. чиглэлийн 67 км хатуу хучилттай авто замын барилгын ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан, гэвч тухайн гэрээг хариуцагчийн санаачилгаар дахин цуцалснаар нэхэмжлэгч нь өмнөх Ө... чиглэлийн 143 км хатуу хучилттай авто замын барилгын ажил гүйцэтгэх гэрээнд баталгааны гэрээний дагуу үүрэг гүйцэтгэсэн “Г” ХХК-д шүүхийн шийдвэрийн дагуу 5,911,900,328 төгрөгийг буцаан төлөхөөр болсон нь нэхэмжлэгчид учирсан хохирлын шалтгаант холбоог тогтоосон, “Г” ХХК нь баталгааны дагуу “НЗ” ХХК-ийн өмнөөс Х..-д 8,880,000,000 төгрөгийг төлсөн, “Г” ХХК “НЗ” ХХК-тай 2015.07.03-ны өдөр 4,000,000,000 төгрөгийн зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.04.02-ны өдрийн 102/ШШ2020/00980 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.07.03-ны өдрийн 1467 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2022.04.05-ны өдрийн 001/ХТ2022/00410 дугаар тогтоолоор “НЗ” ХХК-с 5,911,900,328.62 төгрөгийг гаргуулж “Г” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн гэж дүгнэсэн, ажлын хөлс 224,0000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн тухайд “...Т.. чиглэлийн 67 км хатуу хучилттай замын барилгын ажил гүйцэтгэх гэрээг цуцлагдахаас өмнөх хугацаанд “НЗ” ХХК нь 224,000,000 төгрөгийн ажлыг гүйцэтгэсэн болохыг баталгаажуулан акт үйлдсэн байх ба Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.6-д “Ажил дуусахаас өмнө захиалагч гэрээгээ цуцалсан бол гэрээ цуцлахаас өмнө ажил гүйцэтгэгчид орсон орлого, үр шимийг хасаж, учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй.” гэж заасны дагуу уг шаардлагыг хангах үндэслэлтэй...” гэсэн дүгнэлтийг хийсэн байна.

13.Нэхэмжлэлээс “...эвлэрлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, хохирол 8,844,606,451 төгрөг гаргуулах, орох байсан орлого 1,606,9..3,365 төгрөгийг гаргуулах” нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосонд нэхэмжлэгч гомдол гаргаагүй тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны диспозитив зарчмын хүрээнд энэ талаарх шийдвэрийг зөвшөөрсөн гэж үзнэ.

14.Талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзсэн шүүхүүдийн дүгнэлт Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсгийг зөрчөөгүй байна. Дэд бүтцийн болон нийгмийн суурь үйлчилгээг бий болгох, тогтвортой ашиглахтай холбогдсон харилцаанд захиргааны гэрээг хэрэглэж болохыг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан бөгөөд нийтийн эрх зүйн хүсэл зоригийн илэрхийлэл болж буйн хувьд талуудын байгуулсан хэлцлүүд захиргааны эрх зүйн гэрээ боловч агуулгын хувьд ажил гүйцэтгэх гэрээнд хамаарна.

14.1.Харин хоёр шатны шүүх эвлэрлийн гэрээний хүчин төгөлдөр байдал, гэрээг цуцалсан үйл баримтын агуулгыг дүгнэж чадаагүйгээс Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсгийг зөв тайлбарлаж хэрэглээгүйг хэрэгт байгаа баримтын хэмжээнд залруулах боломжтой гэж үзэв.

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй. Өөрөөр хэлбэл, гэрээний нэг тал үүргээ зөрчсөн буруутай байдал гэрээнээс татгалзах, хохирол шаардах урьдчилсан нөхцөл болохыг ийнхүү хуулиар тогтоосон. Хэрэв нэг тал нь гэрээнээс татгалзсан явдалд нөгөө тал нь буруугүй бол энэ хуулийн 227.1-д заасан үндэслэл хамаарахгүй болохыг 227.2-т заасан. Улмаар гэрээнээс татгалзсан явдалд хоёр талын аль нэгийг буруутгах үндэслэл тогтоогдоогүй тохиолдолд ийнхүү татгалзсантай холбоотой хохирлыг хэн аль нь бие биений өмнө хүлээх үүрэггүй эрх зүйн үр дагавар үүснэ. Хуулийн энэ хэм хэмжээг хоёр шатны шүүх зөв тайлбарлаж чадаагүй байна.

Талуудын байгуулсан 2010.07.05-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээг ЗТЯ ТН-н 2014.03.21-ний өдрийн 9.. дугаар тушаалаар цуцалсныг шүүхийн шийдвэрээр илт хууль бус акт гэж тогтоосон, харин 2015.08.13-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээг цуцалсан 2017.02.08-ны өдрийн 36 дугаар тушаал хүчин төгөлдөр байна.

Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015.04.03-ны өдрийн 174 дүгээр шийдвэрээр 2010 оны ажил гүйцэтгэх гэрээг цуцласан ЗТЯ ТН-н 2014.03.21-ний өдрийн 9.. дугаар тушаалын “НЗ” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоож, тушаалыг хүчингүй болгохдоо шүүх нийтийн эрх зүйн хууль тогтоомжийн хүрээнд захиргааны акт гэсэн агуулгаар хянаж шийдвэрлэсэн бөгөөд харин гэрээний талуудын үүрэг, үүрэг зөрчсөн эсэх, гэрээг цуцлах эсэх маргаан нь нийтийн эрх зүйн харилцаанаас бус гэрээнээс үүдэлтэй тул иргэний хэргийн шүүх энэ хүрээнд тушаалын үндэслэлийг дүгнэх эрхтэй.

2010 оны ажил гүйцэтгэх гэрээг цуцалсан ЗТЯ ТН-н 2014.03.21-ний өдрийн 9.. дугаар тушаалд “...НЗ ХХК гэрээний үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн, үүргээ хугацаандаа биелүүлээгүй” үндэслэлийг заасан бөгөөд хэрэгт авагдсан баримтаас үзэхэд “НЗ” ХХК нь 2010.07.05-ны өдрийн гэрээний дагуу 2012.11.11-ний өдөр гэхэд үүргээ гүйцэтгэхээр байсан, уг хугацаанд үүргээ биелүүлээгүй болох нь тогтоогдсон. Ийм нөхцөлд буюу нэхэмжлэгч үүргээ биелүүлээгүй тохиолдолд хохирол шаардах эрх хуулиар үүсэхгүй бөгөөд Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д заасан шаардах эрхийн урьдчилсан нөхцөл бүрдээгүй болохыг хоёр шатны шүүх анхаараагүй байна.

Дээрх гэрээний санхүүжилтийн эх үүсвэрийг Х... шийдвэрлэх болсонтой холбоотойгоор 2012.05.14-ний өдөр гэрээнд энэ талаар өөрчлөлт оруулсан, үүний дараа 2013.07.30-ны өдөр гурван талт гэрээ байгуулсан, уг гэрээнд ажил гүйцэтгэх хугацааг 2012.11.11 гэж заасан нь утга агуулгагүй боловч энэ гурван талт гэрээ нь 2010.07.05-ны гэрээнд тулгуурласан, санхүүжилт өөрчлөгдсөнөөс гэрээний оролцогч тал болон гэрээний нөхцөлөө баталгаажуулсан агуулгатай байх ба хуурч мэхлэх, төөрөгдүүлэх замаар хүчин төгөлдөр бус гэрээ байгуулсан гэж үзэх үндэслэл болохгүй юм. Гэрээний санхүүжилтийн асуудал гэрээний хугацаа дуусахаас 6 сарын өмнө өөрчлөгдсөн байх ба үүнээс болж ажлын гүйцэтгэл саад болоогүй, улмаар 2013 онд гэрээг баталгаажуулан дахин байгуулах хүртэл хугацаанд ч “НЗ” ХХК үүргээ биелүүлээгүй байв.

13.2.Хоёр шатны шүүх талуудын байгуулсан 2015.04.01-ний өдрийн эвлэрлийн гэрээг хүчин төгөлдөр гэж үзэж, уг гэрээний дагуу ЗТХЯ нь “НЗ” ХХК-тай 2015.07.28-ны өдөр Ө... чиглэлийн 43 км замын ажил, 2015.08.13-ны өдрийн Т.. чиглэлийн 67 км хатуу хучилттай замын барилгын ажил гүйцэтгэх гэрээг тус тус байгуулсан гэж үзсэнийг зөвтгөх боломжгүй байна.

Учир нь Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдээс бараа ажил үйлчилгээ худалдан авах захиалга өгөх, тендер шалгаруулалт явуулах, гэрээ байгуулах эрх олгох зэрэг үйл ажиллагаа нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу явагдах бөгөөд эвлэрлийн гэрээгээр шийдвэрлэх асуудал биш юм. Захиргааны хэргийн анхан шатны шүүх талуудын байгуулсан эвлэрлийн гэрээг батлаагүй бөгөөд шүүхийн шийдвэрт эвлэрлийн гэрээний талаар дүгнэсэн, уг гэрээг үндэслэж шийдвэр гаргасан тухай ямар нэгэн дүгнэлт байхгүй байна. Иймд эвлэрлийн гэрээг үндэслэж дахин гэрээ байгуулсан, хариуцагч нь нэхэмжлэгчид учирсан хохирлыг барагдуулахаар Т.. чиглэлийн 67 км хатуу хучилттай авто замын барилгын ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан гэж дүгнэж буй шүүхийн дүгнэлт хуулийн дээрх зохицуулалтад нийцэхгүй.

13.3.Түүнчлэн, шүүх “...хариуцагч нь хууль бус тушаал гаргасан учраас нэхэмжлэгчид учирсан хохирлыг барагдуулахаар Т.. чиглэлийн 67 км хатуу хучилттай авто замын барилгын ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан, гэвч тухайн гэрээг хариуцагчийн санаачилгаар дахин цуцалснаар нэхэмжлэгч нь өмнөх Ө... чиглэлийн 143 км хатуу хучилттай авто замын барилгын ажил гүйцэтгэх гэрээнд баталгааны гэрээний дагуу үүрэг гүйцэтгэсэн “Г” ХХК-д шүүхийн шийдвэрээр 5,911,900,328 төгрөгийг буцаан төлөхөөр болсон нь нэхэмжлэгчид учирсан хохирлын шалтгаант холбоог тогтоосон...” гэж дүгнэхдээ хохирол арилгах хоёр чухал элемент буюу гэм буруутай үйлдэл эс үйлдэл болон үүнээс учрах хохирлын шалтгаант холбоог тодорхойлж чадаагүй байна.

Гэрээнээс татгалзсаны улмаас хохирол шаардах эрх, үүрэг үүсэх гол нөхцөл нь ийм үүрэг хүлээх этгээд заавал гэм буруутай байх урьдчилсан нөхцөл байхыг Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д заасан.

Гэрээг цуцалсан агуулга бүхий хариуцагчийн гаргасан тушаалыг Захиргааны хэргийн шүүхээс хүчингүй болгосон хэдий ч гэрээг цуцалсан үндэслэл нь “НЗ” ХХК үүргээ биелүүлээгүй нөхцөл байдал байсан тул хариуцагчийг гэм буруутай гэж үзэхгүй эрх зүйн үндэслэлийг энэ тогтоолын 13.1-д тайлбарласан бөгөөд энэ утгаар хариуцагч нь хохирол хариуцах учиргүй гэж үзнэ.

Нэхэмжлэгч нь хариуцагчийг буруутай гэж үзэхдээ Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг зааснаас гадна гэрээний дагуу урьдчилгаанд авсан 8,880,000,000 төгрөгийг буюу баталгааны мөнгөө төлүүлэхийн тулд “Г” 2013.02.01-ний өдөр 8,880,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан, үүний дараа 2015.07.28-ны өдрийн 43 км замын ажил, 2015.08.13-ны өдрийн 67 км замын ажил гүйцэтгэх гэрээний үүргээ биелүүлэхийн тулд “Г” ХХК-тай 2015.07.03-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 4,000,000,000 төгрөгийг авсан байсан, гэрээг цуцлаагүй бол ажлаа гүйцэтгэж зээлийг төлөх байсан, мөн эвлэрлийн гэрээний дагуу ажил өгсөн бол зээлийг төлөх бүрэн боломжтой байсан, энэ боломжийг алдагдуулснаараа хохирол учруулсан гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсон.

“Г” ХХК 2012.09.07-ны өдөр 8,880,000,000 төгрөгийн хэмжээнд баталгаа гаргасны дагуу Х.. ажил гүйцэтгэх гэрээний санхүүжүүлэгчийн хувьд 2012.09.19-ний өдөр “НЗ” ХХК-д ажлын хөлсний урьдчилгаанд 8,880,000,000 төгрөгийг шилжүүлсэн байна. “НЗ” ХХК уг мөнгийг зориулалтын дагуу зарцуулах үүрэгтэй бөгөөд гэрээг цуцлах хүртэл хугацаанд буюу 2014.03.21 хүртэл хугацаанд хариуцагч нь нийт 33,3 тэрбум төгрөгийн санхүүжилт өгсөн. 2013 онд “Г” ХХК нь баталгааны гэрээний дагуу, үл маргах журмаар 8,880,000,000 төгрөгийг Х..-д шилжүүлсэн байна. Үүнээс гадна Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.04.02-ны өдрийн 102/ШШ2020/00980 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.07.03-ны өдрийн 1467 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2022.04.05-ны өдрийн 001/ХТ2022/00410 дугаар тогтоолоор “НЗ” ХХК-с 5,911,900,328.62 төгрөгийг гаргуулж “Г” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн баримт хэрэгт авагджээ.

Эвлэрлийн гэрээ хууль зөрчсөн нөхцөлд нэхэмжлэгч гэрээний үүргийг шаардах эрх байхгүй бөгөөд гэрээг цуцалснаас буюу хариуцагчийн үйлдлээс болж 5,911,900,328 төгрөгийн хохирол учраагүй байна. “НЗ” ХХК нь ажлаа зохих ёсоор гүйцэтгэх үүрэгтэй бөгөөд эхний гэрээний дагуу 143 км замын ажлыг гүйцэтгэж чадаагүйн улмаас ажлыг хувааж бусад гүйцэтгэгч нарт шилжүүлж 43 км замын ажлыг өөрт нь үлдээж гэрээ байгуулсан байхад үүнээс 28 км замын ажлыг гүйцэтгэж үлдэх ажлыг бусдаар гүйцэтгүүлсэн, 67 км замын ажлыг бүрэн гүйцэтгээгүй болох нь тогтоогдсон, энэ байдал нь гэрээг цуцалснаас биш өөрөөс нь хамаарсан учир хохирол шаардах эрхгүй байжээ. Улмаар 5,911,900,328 төгрөгийн хохирол нь гэрээг цуцалсан хариуцагчийн үйлдэлтэй шалтгаант холбоо байхгүй байна.

14.Иймд хохирол 5,911,900,328 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй бөгөөд харин 2015.08.13-ны өдрийн гэрээний дагуу тооцоо нийлсэн, гүйцэтгэсэн ажлын хөлс 224,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 210/МА2023/01593 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2023/01780 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсгийг баримтлан ЗТХЯнаас 224,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “НЗ” ХХК-д олгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 58 дугаар зүйлийн 58.2.2, 227 дугаар зүйлийн 227.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэлээс 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн эвлэрлийг гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, хохирол 16,363,470,234 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж, шийдвэрийн 2 дахь заалтад “...30,837,452...” гэснийг “...1,277,950...” гэж тус тус өөрчилж, магадлал болон шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангасугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

 

         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Н.БАЯРМАА

         ШҮҮГЧИД                                                      Н.БАТЗОРИГ

                                                                                    Н.БАТЧИМЭГ

                                                                                    П.ЗОЛЗАЯА

                                                                                    Х.ЭРДЭНЭСУВД