Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 142/ШШ2021/00853

 

 

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: У хот 00 тоотод оршин суух, Ү.Э /Регистрийн дугаар: /-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: О аймгийн 00 тоотод оршин суух, Б.С /Регистрийн дугаар: /-д холбогдох

7,276,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 04 дүгээр сарын 09-ны өдөр хүлээн авч, 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ү.Э, хариуцагч Б.С, хариуцагчийн өмгөөлөгч Т.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Х нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ү.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ү.Э би сурагчийн дүрэмт хувцасны үйлдвэрлэл худалдаа эрхэлдэг. 2019 оны 7 сарын 20-нд дүрэмт хувцасны худалдаа хийхээр Т их дэлгүүрт лангуу хайсан боловч Т группийн ойн баяр тохиож ажиллахгүй, хариуцсан хүмүүстэй уулзаж чадаагүй фэйсбүүкээс Т Их Дэлгүүрийн лангуу зарна ММ гэсэн фэйсбүүк хаягтай 0000000 утастай зарын дагуу Б.С-тэй холбогдож 2019 оны 7 сарын 28-ны өдөр бид 2 уулзаж Т их дэлгүүрийн 000 (000) тоот лангууг Б.С миний эзэмшлийн түрээслэхгүй Улаанбаатар хот явах гэж байгаа шууд зарна гэж хэлсэн. Үнэ 6 сая. Мөн би Т-тэй 2 сая гаруй төгрөгийн тооцоотой, банкны зээлтэй, төлөх хугацаа хэтэрсэн, аавын бие муу хурдан хот явмаар байна. Та худалдаж аваад худалдаагаа хийчихээд зарж үрж болно, та мөнгөө хурдан өгчих би Т-тэй тооцоогоо хийгээд бичиг баримтаа янзлаад өгнө гэж тохирсон. Б.С-д мөнгө өгсөн тооцоо:

1.2019 оны 7 сарын 29-нд 2,200,000 төгрөг гарын үсэг баримттай

2. 2019 оны 7 сарын 30-нд 1,800,000 төгрөг бичлэгтэй

3. 2019 оны 8 сарын 14-нд 800,000 төгрөг дансаар

4.Б.С-ийн 315 тоот (3/063) лангууны түрээсийн үлдэгдэл (2019 оны 8 сараас өмнөх) 2,476,000 төгрөгийг тушаасан баримтууд бүгд 7,276,000 төгрөг болно. Тус лангуун дээр 2019 оны 8-р сарын 14-нд бага ангийн дүрэмт хувцасны худалдаа хийж байхад Б.С орж ирж мөнгө өг лангуугаа чөлөөл, формын хувцсыг чинь авна гэж орилж чарлаад худалдан авагчийн амгалан тайванг алдагдуулж, нэр хүндэд халдсан. Б.С авсан мөнгөнөөсөө Ттэй тооцоогоо хийгээгүй байсан. Үүнээс хойш холбоо барих гээд чадаагүй өдий хүрлээ. 2021 оны 1 сарын 13-нд Т Их Дэлгүүрийн захиргаанаас Ү.Этай 2019 оны 10 сарын ...,-ны 3/063 тоот лангуу түрээслэх гэрээг Б.С-ээс худалдаж авсан, гэсэн гэрээний заалт зөрчсөн учраас цуцлахаар мэдэгдсэн. Шүүхэд гаргаж байгаа нэхэмжлэлийн хүрээнд эвлэрүүлэн зуучлалд хандах хүсэлт гаргаж, эвийн журмаар шийдвэрлүүлэх гэсэн боловч Б.С ирээгүй. Б.С Т Их Дэлгүүрийн лангууг өөрийн эзэмшлийн лангуу гэж зарсан. Иймд миний бие Б.С-ээс өөрийн хохирсон 7,276,000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч Б.С шүүхэд гаргасан гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Ү.Э-ын нэхэмжлэлтэй танилцлаа. Би бэлэн хувцасны худалдаа эрхлээд нилээн хэдэн жил болж байна. 2019 оны 04 дүгээр сард Т дэлгүүрт лангуу зарна гэсэн зарын дагуу С.Г-тай холбогдсон. Тухайн үед Э их дэлгүүрт бэлэн хувцасны лангуу ажиллуулдаг байсан. Уг лангууг салбарлах зорилгоор 6,000,000 төгрөгөөр худалдаж авсан. 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Т дэлгүүрийн 315 дугаартай 26,5 м.кв талбайг С.Г-гийн нэрнээс өөрийн нэр дээр шилжүүлэн авсан. Бэлэн хувцасны лангуу, хүнсний дэлгүүр давхар ажиллуулж байсан учраас хүн хүч хүрэхгүй байсан болохоор уг лангууг зарахаар зар тавьсан. Зарын дагуу Ү.Э эгчид бэлэн мөнгөнд зарна гэхэд 3,000,000 төгрөг бэлэн байна. 2 хоногийн дараа үлдсэн мөнгийг өгнө гэж тохирсон. 2019 оны 07 дугаар сарын 29-нд 2,200,000 төгрөгийг бэлэн өгсөн. 2019 оны 08 дугаар сарын 14-нд 800,000 төгрөг данс руу шилжүүлсэн. Нийт 3,000,000 төгрөг авсан. 2,200,000 төгрөг өгсөн учраас тухайн үед 2019 оны 07 дугаар сарын 29, 30-нд лангууг хүлээлгэн өгсөн. Мөнгөө бүрэн өгөөгүй болохоор нэрээ шилжүүлэх хүсэлтийг Т дэлгүүрийн захиргаанд өгөөгүй юм. Үлдсэн мөнгийг нэхэхэд би Т дэлгүүрийн захирал Гантөмөр, нягтлан нарыг таньдаг. Би лангуу худалдаж авахгүйгээр сурагчийн дүрэмт хувцсаа жил болгон зардаг гээд үлдсэн мөнгийг өгөөгүй. Би нэр усаа өөрөө шилжүүлэн авчихна. Чиний хэрэг байхгүй гээд утсаа авахаа больсон. Лангуун дээрээ очихоор бэр нь гээд нэг эмэгтэй байж байдаг байсан. Мөнгөний талаар хэлэхэд би тэр талаар мэдэхгүй. Намайг түр суулгачихаад явчихсан гэдэг байсан. Бэртэй нь хэд хэдэн удаа очиж уулзсан. Өөртэй нь уулзах гээд чадаагүй. Ү.Э эгчийн утас руу зөндөө мессеж бичиж, залгаж байсан. Ү.Э эгч Хөвсгөлд сурагчийн дүрэмт хувцсаа зарж байна гээд алга болсон. С.Г Т дэлгүүрийн захираанд түрээсийн өртэй байсан юм билээ. Надаас 6 сая төгрөгөө авчихаад лангуугаа хүлээлгэж гч, нэр шилжүүлэхдээ Т дэлгүүрийн захиргаанд түрээсийн үлдэгдлээ төлж дуусгасан. Өр төлбөрөө төлж дуусгасны дараа над руу нэрээ шилжүүлсэн. Би уг лангууг 2019 оны 05 дугаар сарын 08-нас 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдөр хүртэл ажиллахдаа түрээсээ төлж байсан. Түрээсэнд сардаа 560,000 төгрөг төлдөг. Ү.Э 2,476,000 төгрөг түрээсэнд төлсөн гэдэг нь үндэслэлгүй юм. Тд дэлгүүрт 2 сая гаран төгрөгийн тооцоотой, банкны зээлтэй, төлөх хугацаа хэтэрсэн, аавын бие муу хурдан хот явмаар байна гэж хэлж байгаагүй. Лангуунд түрээсийн үлдэгдэл хэдэн төгрөг л байсан байх. Би хүнсний дэлгүүр ажиллуулдаг пост машинаараа мөнгө уншуулан банкны зээлээ төлчихдөг байсан. Миний аав 1994 онд нас барсан. Аав минь нас барсан учраас аав гэж ярих ямар ч шаардлага байхгүй. Намайг утсаа авахгүй алга болсон гэж байна. Харин ч би лангуун дээр хэд хэдэн удаа очиж бэртэй нь уулзсан. Үүнийг хажуу талын лангууны зэрэгцээ суудаг Нараа маш сайн мэдэж байгаа. Хэл ам хийж байгаагүй. Тухайн үед А компанид 3,400,000 төгрөгийн тооцоотой байсан. Ү.Э эгчээс 2,200,000 төгрөг аваад өөрөө мөнгө нэмээд А компани данс руу 2019 оны 07 дугаар сарын 30-нд 3,400,000 төгрөг шилжүүлсэн. Ү.Э нь худлаа ярьж, лангууг минь авснаас болж би лангуугүй болсон. Би бэлэн мөнгөнд зарна гэж байхад зөндөө залгаж гуйсан учраас ээж шигээ санаж итгэж өгсөн байгаа. Уг лангууг хэлж ярьж байсан шигээ нэр дээрээ шилжүүлэн авсан байх. Би лангуугаа хүлээлгэж өгснөөс хойш огт уулзаагүй. Т дэлгүүрээс залгаж байгаагүй. Би нэгэнт лангуу өгсөн учраас тэгээд орхисон. Ү.Э эгчид лангууг өгөлгүй өөрөө ажиллуулж байсан бол ашиг олсон байгаа. Ажиллуулаагүй хугацааны орлого ашиг, худалдахаар тохирсон 6 саяаас үлдсэн 3 сая төгрөгийг Ү.Э эгчээс гаргуулан авмаар байна. Би хэсэг хугацааны дараа лангуун дээрээ очиход сурагчийн дүрэмт хувцас байхгүй, өөр хүн уг лангуун дээр бэлэн хувцас зараад ажиллуулж байсан. Тэнд сууж байсан эмэгтэйгээс Ү.Э эгчийг асуухад надад түрээслүүлсэн энд байхгүй байгаа гэсэн. Тэгээд сураг тасарсан. Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй учир нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

            Шүүх хэлэлцүүлэгт хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ү.Э нь хариуцагч Б.С-д холбогдуулан лангуу худалдсаны мөнгө болон түрээсийн төлбөр 7,276,000 төгрөгийг буцаан гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагч Б.С-тэй 2019 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Т их дэлгүүрийн 315 (063) тоот лангууг 6 сая төгрөгөөр худалдаж авах гэрээ байгуулж  2019 оны 7 дугаар сарын 29-ний өдөр 2,200,000 төгрөг, 2019 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 1,800,000 төгрөг, 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдөр 800,000 төгрөг нийт 3,000,000 төгрөг төлсөн, мөн хариуцагч Т дэлгүүртэй тооцоо хийгээгүй байсан түрээсийн үлдэгдэл (2019 оны 8 сараас өмнөх) мөнгө 2,476,000 төгрөгийг өмнөөс нь төлсөн тул нийт 7.276.000 төгрөг төлүүлнэ гэж тайлбарлаж байна.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ... “...Лангууг нэхэмжлэгчид 6,000,000 төгрөгөөр худалдахаар тохирсон. 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдөр 2.200.000 төгрөгийг бэлнээр, 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдөр 800.000 төгрөгийг дансаар өгсөн. Нийт 3,000,000 төгрөг авсан. 2.200.000 төгрөг өгсөн учраас тухайн үед 2019 оны 07 дугаар сарын 29, 30-ний өдрүүдэд лангууг хүлээлгэн өгсөн. Мөнгөө бүрэн өгөөгүй учраас нэрээ шилжүүлэх хүсэлтийг Т дэлгүүрийн захиргаанд өгөөгүй юм. Урьд нь лангууг 6 сая төгрөгөөр Г гэдэг хүнээс худалдаж авсан. Г лангуугаа хүлээлгэн өгч нэр шилжүүлэхдээ Т дэлгүүрийн захиргаанд түрээсийн үлдэгдлээ төлж дуусгасан.Би уг лангууг 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрөөс 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдөр хүртэл ажиллахдаа түрээсээ төлж байсан,түрээсэнд сардаа 560.000 төгрөг төлдөг, Ү.Э 2.476.000 төгрөг төлсөн гэдэг нь үндэслэлгүй юм” гэж тайлбарлан маргаж байна.

Талуудын маргаж байгаа худалдаа эрхлэх зориулалттай лангуу нь Т их дэлгүүр буюу “У” ХХК-ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө болох дэлгүүрийн зориулалттай барилгын салшгүй хэсэг байх бөгөөд хариуцагч нь түрээсийн гэрээ дуусгавар болох үед Т их дэлгүүрийн захиргаанд хүлээлгэн өгөх үүрэгтэй, түүнчлэн өөр этгээдэд дамжуулан түрээслэх эрхгүй, энэ тохиолдолд өмчлөгчид мэдэгдэж зөвшөөрлийг нь авах ёстой байсан байна.

Ийнхүү талуудын хооронд хийсэн хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар зохих этгээдийн зөвшөөрөлгүй мөн 56.1.1-д зааснаар хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл байх тул 56.5-д зааснаар хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй байна.

Нэхэмжлэгч, хариуцагч нар нь 2019 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Т их дэлгүүрийн 315 тоот лангууг 6,000,000 төгрөгөөр худалдаж авах гэрээ байгуулж 2019 оны 7 дугаар сарын 29-ны өдөр 2,200,000 төгрөг, 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдөр 800,000 төгрөг төлсөн талаар маргахгүй байна.

Харин нэхэмжлэгч нь 2019 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 1,800,000 төгрөг өгсөн энэ тухай бичлэг бий гэж байгаа боловч бичлэг нь нотлох баримтын шаардлага хангаагүй, тэрээр хариуцагчид 1,800,000 төгрөг төлсөн болон түрээсийн 4,5 сарын төлбөрийг төлсөн болох нь бичгийн баримтаар тогтоогдохгүй байна.

Иймд 2 сарын түрээсийн төлбөр /556,500 х 2=1.113.000/ 1.113.000 төгрөг, лангуу худалдаж авсан мөнгө 3,000,000 төгрөг, нийт 4.113.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэстэй байна гэж үзлээ.

Хариуцагч нь сөрөг нэхэмжлэл гарган өнгөт хавтангаар хийлгэсэн лангуу 2,500,000 төгрөг, том ширээ 120,000 төгрөг нийт 2,620,000 төгрөг нэхэмжилсэн. Нэхэмжлэгч нь хариуцагчийг зарсан талбай дээрээ 4 ш босоо тавиур үлдээсэн. Энэ тавиурыг огт ашиглаагүй, форм зарахад зориулалтын бус байсан. Талбайг хураалгахад тавиурыг буулгаж ажлын байрандаа арай ядан хураасан байгаа. Ширээг нэхэмжлэгч 30,000 төгрөгөөр хажуу талын лангууны хүнд зарсан гэж тайлбарлаж байна.

Ийнхүү хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн дагуу нэхэмжилсэн лангуу өөрт нь байгааг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрсөн, харин ширээг нэхэмжлэгч бусдад зарсан гэж хариуцагч тайлбарлаж байгаа боловч үүнийгээ баримтаар нотлож чадахгүй байх тул сөрөг нэхэмжлэлийг хангаж дээрх эд хөрөнгийг нэхэмжлэгчийн үнэлсэн үнэлгээг баримтлан биет байдлаар гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.            

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар шийдвэрлэв.  

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Иргэний хуулийн 56 дугаар зүлийн 56.1.1, 56.1.8, 56.5-д заасныг баримтлан хариуцагч Б.С-ээс 4,113,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ү.Э-д олгон нэхэмжлэлийн шаардлагаас 3,163,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Ү.Э-аас лангуу, ширээ буюу 2,620,000 төгрөг гаргуулан Б.С-д тус тус олгосугай.           

2. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 131,370 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 56,870 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.С-ээс 80,758 төгрөг гаргуулан Ү.Э-д, нэхэмжлэгч Ү.Э-аас 56,870 төгрөг гаргуулан Б.С-д тус тус олгосугай.               

3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.                     

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.БЯМБАСҮРЭН