Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Намсрайн Нарангэрэл |
Хэргийн индекс | 142/2017/00790/и |
Дугаар | 182/ШШ2021/00622 |
Огноо | 2021-03-12 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 03 сарын 12 өдөр
Дугаар 182/ШШ2021/00622
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: тоотод оршин суугч, /регистрийн дугаар /, овогт П.О,
Нэхэмжлэгч: тоотод оршин суугч. /регистрийн дугаар /, овогт С.Г нарын нэхэмжлэлтэй
Хариуцагч: тоотод оршин суугч, /регистрийн дугаар /, овогт Б.Бад холбогдох
Гэрээний үүрэгт 198.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч П.О, нэхэмжлэгч С.Ггийн төлөөлөгч Ц.Оюунцэцэг, хариуцагчийн төлөөлөгч Б.Наранцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ Нь:
Нэхэмжлэгч П.О нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Ггийн хамт анх 2004 онд Аргуун-Эрдэнэ ХХК-ийг тоосгоны үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулахаар байгуулсан. Тухай үед бид дээрх үйл ажиллагааг явуулахаар хувь хүмүүс болон Грави хадгаламж зээлийн хоршооноос зээлж авч, уг мөнгөөрөө тоног төхөөрөмж БНХАУ-аас оруулж, тоосго үйлдвэрлэх ажлаа эхлүүлсэн. Б.Б нь манай компанийг худалдан авах санал тавьсан. Ингээд Б.Бтай 2009 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, мөн компанийн хувь эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулж, компанийн бичиг, баримт, тамга тэмдэг, тайлан баланс, ажилчидтай холбоотой бүх бичиг баримтыг Б.Б, Ж.Содбилэг нар хүлээн авсан. Ингэж худалдахдаа компанийн балансад тусгагдсан бүх өр, дээр нь хувьцааны үнэ 110,000,000 төгрөг төлөхөөр тохиролцсон. Орхон аймгийн сум дундын шүүхийн шүүгчийн 2007 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 108 дугаар захирамжаар С.Г, П.О нараас 309,535,333 төгрөг гаргуулж, Грави хадгаламж зээлийн хоршоонд олгохоор шийдвэрлэсэн байсан бөгөөд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдэж байснаа нуугаагүй. Б.Б нь бидний Аргуун-Эрдэнэ ХХК-ийг худалдан авахдаа компанийн балансад тусгагдсан өр төлбөрөөс Грави хадгаламж зээлийн хоршоонд төлөх 220,000,000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон юм. Үүнээс шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар 21,500,000 төгрөгийг төлсөн. Иймд Б.Баас 198,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Нэхэмжлэгч С.Ггийн төлөөлөгч С.Оюунцэцэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Б нь Аргуун-Эрдэнэ ХХК-ийн тоосгоны үйлдвэрийн балансад тусгагдсан өр дээр 110,000,000 төгрөг өгөхөөр харилцан тохиролцсоны дагуу 2009 оны 03 дугаар сарын 30-ны өдөр худалдах худалдан авах гэрээ, компанийн хувь эзэмших эрх шилжүүлэх гэрээ гэх 2 гэрээг нэг өдөр байгуулсан. Б.Бад компанийн бичиг, баримт, тамга тэмдэг, тайлан баланс, ажилчидтай холбоотой бүх бичиг баримтыг хүлээлгэн өгсөн ба тэрээр компанийн хувь эзэмших эрх шилжүүлэх гэрээнд тусгагдсан өр төлбөрөөс бидний Грави ХЗХ-нд төлөх өр 220,000,000 төгрөг, хувьцааны үнэ 110,000,000 төгрөг, нийт 330,000,000 төгрөгийг бүрэн хариуцан төлөхөөр болсон. Бид тоосгоны үйлдвэр байгуулахдаа Грави ХЗХ-оос зээлсэн өр байгаа юм. С.Г, П.О нар нь Грави ХЗХ-ны гишүүний хувьд уг хоршооноос 2006 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 220.000.000 төгрөг сарын 3.8 хувийн хүүтэй, 2 жилийн хугацаатай зээлж, Грави ХЗХ-ны нэхэмжлэлээр зээлийн үүрэгт 309,353,333 төгрөг төлөхөөр Орхон аймгийн Сум дундын шүүхийн шүүгчийн 2007 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 108 тоот захирамж гарсан. Энэ шийдвэр хэрэгт авагдсан. П.О, С.Г нар нь Грави ХЗХ-оос зээл авахдаа уг зээлийг Аргуун-Эрдэнэ ХХК-ийн тоосгоны үйлдвэрлэлийн техник тоног төхөөрөмж авах зориулалтаар өөрсдийн нэр дээр зээл авсан. П.О, С.Г нарын Грави ХЗХ-ноос авсан 220,000,000 төгрөгийн зээл нь Аргуун-Эрдэнэ ХХК-д шилжсэн нь хэрэгт авагдсан байгаа нь Аргуун-Эрдэнэ ХХК-ийн 2008 оны жилийн эцсийн тайланд 220,000,000 төгрөгөөр тусгагдсан. Энэхүү тайлангийн банкны урт хугацааны зээл гэдэг баганад Грави гэж тодотгон 220.000.000 төгрөг гэж бичиж, ня-бо П.О гарын үсэг зурсан нь С.Г, П.О нарын Грави ХЗХ-оос авсан 220.000.000 төгрөг болох нь тогтоогдоно. Орхон аймгийн татварын хэлтэс, Статистикийн хэлтэс, Санхүү төрийн сангийн хэлтсээр баталгаажуулсан тайланд 220.000.000 төгрөгийн зээл, зээлийн хүүгийн хамтаар 251,778,982 төгрөгөөр тусгагдсан. Компанийн эрх шилжүүлэх гэрээний 2.1 дэх заалт хэрхэн хэрэгжсэн нь Аргуун-Эрдэнэ ХХК-ийн 2008 оныжилийн эцсийн тайланд Грави ХЗХ-оос 220,000,000 төгрөгийн өр тусгагдсанаар нотлогдоно. Орхон аймаг дахь Сум дундын шүүхийн 2004 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 108 дугаар шийдвэрээр П.О, С.Г нараас 220,000,000 төгрөгийг гаргуулж Грави ХЗХ-д төлүүлэхээр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдэж байсан баримтууд хэрэгт байгаа ба Грави ХЗХ-нд төлөх өр төлбөр нь нэхэмжлэгч нарт хамааралтай тул Б.Баас зээлийн өрийг нэхэмжлэн авч, Грави ХЗХ-д төлөх зорилгоор нэхэмжлэл гаргасан. Анх нэхэмжлэгч нарын авсан зээлийн өр, хүүгийн хамт Аргуун-Эрдэнэ ХХК, Голден брик ХХК-ийн жил бүрийн тайлан балансад үргэлж тусгагдсаар байсан нь хэрэгт авагдсан. С.Г, П.О нар Аргуун-Эрдэнэ ХХК-ийн хувь эзэмших эрхийг Б.Бад худалдсан, худалдахдаа хувьцааны үнийг бэлэн мөнгөөр буюу 110,000,000 төгрөгөөр, бусдад төлөх 220,000,000 төгрөгийн өр төлбөрийг хариуцан төлөхөөр тохиролцсон. Иймд нэхэмжлэгч нар Б.Баас Аргуун-Эрдэнэ ХХК-ийн 50 хувийн хувьцааны үнэд өөрсдийн Грави ХЗХ-нд төлөх өр төлбөрийн үлдэгдэл 198,500,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа 2009 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн Аргуун-Эрдэнэ ХХК-ийн хувь эзэмших эрх шилжүүлэх гэрээ, Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.8, 9 дүгээр зүйлийн 9.4.3, 243 дугаар зүйлийн 243.1 дэх заалтыг тус тус үндэслэж байна. Мөн худалдах худалдан авах гэрээний зүйл Аргуун-Эрдэнэ ХХК-ийн 265000 ширхэг хувьцаа, гэрээний үнэ 110,000,000 төгрөг бөгөөд хариуцагч Б.Баас авсан тухайд маргахгүй. Эрх шилжүүлэх гэрээний 2.1-д Грави ХЗХ-нд Аргуун-Эрдэнэ ХХК-ийн төлөх зээлийн 220,000,000 төгрөгийн өрийг компанийн 2008 оны жилийн эцсийн тайланд тусгагдсанаар эрх шилжүүлэн авагч талын зөвшөөрсөнөөр эрх шилжүүлэн авагчдын талд баримтын хамт хүлээлгэн өгнө, 3.1-д эрх шилжүүлэн авагч нь Аргуун-Эрдэнэ ХХК-ийн хувь эзэмших эрх хүлээн авч гэрээнд гарын үсэг зурж, нотариатаар гэрчлүүлэн Улсын бүртгэлийн газарт бүртгүүлж, эрх шилжүүлэн авсан өдрөөс эхлэн шилжүүлэн авагч Б.Б бүрэн хариуцах үүрэг хүлээсэн. Аргуун-Эрдэнэ ХХК-ийн хувь нийлүүлэгчдийн 2009 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн тогтоолоор компанийн хувь нийлүүлэгч С.Г, П.О нарын эзэмшлийн 50 хувь буюу 265.000.000 төгрөгийн хувьцааг дээрх эзэмшигчдийн саналаар Б.Бад шилжилж байгааг бүртгэн авч С.Г, П.О нарыг компанийн гишүүнээс хасаж, хувь нийлүүлэгч гишүүнээр Ж.Содгэрэл 50 хувь буюу 265,000,000 төгрөг, Б.Б 50 хувь буюу 265,000,000 төгрөгийн эзэмшигч болж компанийн нэрийг Голден брик ХХК болгож өөрчилсөн талаархи баримт нь хэрэгт байгаа. С.Г, П.О нар нь Б.Бад Аргуун-Эрдэнэ ХХК-ийн хувь эзэмших эрхийг худалдсан, худалдахдаа Б.Б нь хувьцааны үнийг бэлэн мөнгөөр буюу 110,000,000 төгрөгөөр, мөн бусдад төлөх өр төлбөрийг хариуцан төлөхөөр тохиролцсон гэж үзэж байна. Энэ нь Иргэний хуулийн 243.1-д заасан шаардлагад нийцэх ба Б.Б нь үнийг төлөхөө зөвшөөрдөг, хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй. Тоосгоны үйлдвэр доголдолтой байсан, хөөн хэлэлцэх хугацаа дууссан, лиценз хүчингүй байсан зэрэг тайлбарыг хариуцагч урьд нь гаргаж байсныг үгүйсгэсэн тайлбар, нотлох баримт хэрэгт байгаа ба хариуцагч тал гомдлын шаардлага болон сөрөг нэхэмжлэл гаргаагүй. Орхон аймгийн Сум дундын Иргэний шүүхийн шүүгчийн 2007 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 108 дугаар захирамжаар Грави ХЗХ-нд төлөх 220,000,000 төгрөгийг Аргуун-Эрдэнэ ХХК-ийн тайланд тусгагдсан байсан ба үүнийг Б.Б мэдэж байсан. Иймд бидний гаргасан нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.
Хариуцагчийн төлөөлөгч Б.Наранцэцэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: П.О, С.Г нар Б.Баас Компанийн хувь эзэмших эрх шилжүүлэх гэрээний дагуу Грави ХЗХ-нд төлөх өр болох 198,500,000 төгрөгийг шаардаж байгаа нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2009 оны 03дугаар сарын 30-ны өдрийн компанийн хувьцаа худалдах худалдан авах гэрээ, компанийн хувь эзэмших эрх шилжүүлэх гэрээ юм. 2009 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээгээр П.О, С. Г нар нь Б.Бад Аргуун-Эрдэнэ ХХК-ийн нэг бүр нь 1,000 төгрөгийн үнэ бүхий 265,000 ширхэг хувьцааг 110,000,000 төгрөгөөр худалдахаар харилцан тохиролцсон байдаг. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талаас 110,000,000 төгрөг авснаа хүлээн зөвшөөрдөг. Нөгөө талаас Б.Б нь энэ гэрээний дагуу төлөх ёстой байсан өр төлбөрөө бүрэн төлж дуусгасан. Тэгэхээр компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээний дагуу талуудын хооронд үүссэн маргаан нь дуусгавар болсон гэдэг нь нотлогдож байна. 2009 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн Компанийн хувь эзэмших эрх шилжүүлэх гэрээ байх бөгөөд уг гэрээгээр Аргуун-Эрдэнэ ХХК-ийн 50 хувийг шилжүүлэн өгсөнтэй холбоотойгоор компанийн хувьцаа эзэмшигч болохын хувьд эдлэх эрх, хүлээх үүргийг шилжүүлэн өгсөн. Хуулийн этгээдийн бүртгэлд хувьцаа эзэмшигч өөрчлөгдснийг бүртгүүлэхэд компанийн хувьцааг шилжүүлэх талаар байгуулсан хэлцэл болон компанийн хувьцаа эзэмшигчийн хувьд эдлэх эрх, хүлээх үүргийг шилжүүлэн өгөх хэлцлийг давхар шаарддаг. Энэ шаардлагын хүрээнд байгуулсан. Гэрээний 1.3-т үүсгэн байгуулагчийн компанийн хувь эзэмшүүлэх эрхийг шилжүүлэх 2 тоот шийдвэр, мөн хувь эзэмших эрх шилжүүлэн авагчаас тус компанийг хүлээн авахыг зөвшөөрсөн хүсэлтийг үндэслэн компанийн эрх үүргийг эрх хүлээн авагчид шилжүүлнэ гэж зааснаар уг гэрээгээр компанийн хувьцаа эзэмшигчийн хувьд эдлэх эрх, хүлээх үүргийг шилжүүлэн өгсөн гэж үзэх үндэслэлтэй. Аргуун-Эрдэнэ ХХК-ийн өр 370,000,000 төгрөг давсан байхад уг компанийг худалдаж авах саналыг Б.Бад тавьж байсан. Тус компанийн 2008 оны 04 дүгээр улирлын тайланд тусгагдсанаар нийт 371,000,000 гаруй төгрөгийн өртэй. Компанийн хувьцааг шилжүүлэн авах үед Аргуун-Эрдэнэ ХХК нь Грави хадгаламж зээлийн хоршоонд өртэй, энэ нь санхүүгийн баримтад 220,000,000 төгрөгийн банкны урт хугацааны зээл хэсэгт тусгагдсан байдаг. Иймд Б.Б нь П.О, С.Г нарын Грави хадгаламж зээлийн хоршоонд төлөх өрийг хариуцан төлнө гэх үүрэг хүлээгээгүй. Хэрвээ П.О, С.Г нар нь Грави ХЗХ-д төлөх өрийг шилжүүлсэн гэж үзэж байгаа бол Иргэний хуулийн 124.1-д Эзэмшигчтэй нь тохиролцсоноор үүрэг гүйцэтгэгчийн өрийг гуравдагч этгээд шаардах эрхийг өөртөө шилжүүлэн авч үүрэг гүйцэтгэж болох бөгөөд энэ тохиолдолд энэ хуулийн 123.8-д заасан журам нэгэн адил үйлчилнэ гэж, мөн 123.8-д хууль буюу гэрээнд заасан хэлбэрээр хийх хэлцлийн хувьд шаардах эрхийг шилжүүлэхдээ уг хэлцлийг хийсэн хэлбэрээр шилжүүлнэ гэж тус тус заасны дагуу Б.Бтай өр шилжүүлэх хэлцлийг бичгээр хийх, мөн Грави ХЗХ-той тохиролцох байсан. Грави хадгаламж зээлийн хоршоо нь Ж.Содгэрэл, Ч.Амарбаяр, Б.Б, Б.Б нарт холбогдуулан 198,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 838 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Грави Хадгаламж зээлийн хоршооны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нар хариуцагч Б.Баас Грави ХЗХ-нд төлөх төлбөрийг шаардах эрхгүй байна. Иймд С.Г, П.О нарын нэхэмжлэлтэй Б.Бад холбогдох 198,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч П.О, С.Г нар нь хариуцагч Голден брик ХХК, Б.Б, Ч.Амарбаяр, М.Энхболд, Ж.Содгэрэл нарт холбогдуулан 198,500,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нар хариуцагч Голден брик ХХК, Ч.Амарбаяр, М.Энхболд, Ж.Содгэрэл нарт холбогдох нэхэмжлэлээсээ татгалзсан байна.
Нэхэмжлэгч П.О, С.Г нар нь нэхэмжлэлийн үндэслэлээ Аргуун-Эрдэнэ ХХК-ийг 2004 онд байгуулж улмаар 2007 онд Грави ХЗХ-оос зээлсэн 220.000.000 төгрөгөөр компанидаа тоног төхөөрөмж авсан ба уг зээлийг 309,353,333 төгрөг болгож хоршоонд төлөхөөр мөн онд шүүхийн шийдвэр гарснаар шийдвэр гүйцэтгэлийн явцад 21,500,000 төгрөгийг төлсөн. Бид өөрсдийн Аргуун-Эрдэнэ ХХК-ийн 50 хувийн хувьцааг 2009 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Б.Бад худалдах, худалдан авах гэрээ болон эрх шилжүүлэх гэрээгээр шилжүүлэхдээ тус компанийн 2008 оны жилийн эцсийн тайланд тусгагдсан өглөг болох Грави ХЗХ-ны 220,000,000 төгрөг, 265,000 ширхэг хувьцааны үнэ 110,000,000 төгрөг, нийт 330,000,000 төгрөгөөр худалдсан ба үүнээс Б.Б нь хувьцааны үнэ 110,000,000 төгрөг, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар төлсөн 21,500,000 төгрөг тус тус төлсөн тул үлдэгдэл 198,500,000 төгрөгийг нэхэмжилж байна гэж тайлбарлаж байна.
Хариуцагч Б.Б нэхэмжлэгч нартай байгуулсан 2009 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн Хувьцаа худалдах худалдан авах гэрээгээр Аргуун-Эрдэнэ ХХК-ийн 50 хувийн хувьцааг 110,000,000 төгрөгөөр худалдан авах, мөн өдөр байгуулсан эрх шилжүүлэх гэрээгээр Аргуун-Эрдэнэ ХХК-ийн эрх үүргийг шилжүүлэн авснаас биш, Грави ХКХ-нд П.О, С.Г нарын төлөх 220,000,000 төгрөгийн өрийг шилжүүлж аваагүй учир 198,500,000 төгрөгийг төлөх үндэслэлгүй гэх тайлбар гарган мэтгэлцэв.
Нэхэмжлэгч П.О, С.Г нар нь 2002 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 368,108,200 төгрөгийн дүрмийн сантай Аргуун-Эрдэнэ ХХК-ийг үүсгэн байгуулсан байх бөгөөд компани тоосго үйлдвэрлэх, гадаад дотоод худалдаа, зуулчлал эрхлэх зорилгоор тус компанийг 2002 оны 11 дугаар сарын 12-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн байна.
Ж.Содгэрэл нь Аргуун-Эрдэнэ ХХК-ийн хувь нийлүүлэгчдийн хуралд 2008 оны 05 дугаар сарын 21-ний өдөр өргөдөл гаргаж, тус компанид 161,800,000 төгрөгийн хөрөнгө оруулж, 50 хувийн хөрөнгө оруулагч гишүүн болохыг хүссэний дагуу тус компанийн хувь нийлүүлэгчид 2008 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хуралдаж, Ж.Содгэрэлийг хувь нийлүүлэгч гишүүнээр бүртгэн авч, С.Г 40 хувийн 212,000,000 төгрөг, П.О 10 хувийн 530,000,000 төгрөг, Ж.Содгэрэл 50 хувийн 265,000,000 төгрөгийн хувь нийлүүлэгч болсон байна. /х.х-ийн 8-9 тал /
Түүнчлэн Аргуун-Эрдэнэ ХХК хувь нийлүүлэгчдийн 2009 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн тогтоолоор тус компанийн хувь нийлүүлэгч С.Г, П.О нарын эзэмшлийн 50 хувь буюу 265,000,000 төгрөгийн хувь эзэмших эрхийг Б.Б худалдан авахаар тохиролцсоны дагуу Б.Быг хувь нийлүүлэгч гишүүнээр бүртгэн авч, С.Г, П.О нарыг компанийн гишүүнээс хасаж, Аргуун-Эрдэнэ ХХК-ийн хувь нийлүүлэгч гишүүнээр Ж.Содгэрэл, Б.Б нар болж улмаар компанийн нэрийг Голден брик ХХК гэж өөрчилжээ.
Зохигчид дээрх үйл баримтын тухайд маргаагүй.
Нэхэмжлэгч С.Г, П.О нар хариуцагч Б.Бтай 2009 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хувьцаа худалдах худалдан авах гэрээ, эрх шилжүүлэх гэрээг байгуулж, уг гэрээгээр Б.Б нь Аргуун-Эрдэнэ ХХК-ийн 50 хувь буюу 265,000 ширхэг хувьцааны үнэ 110,000,000 төгрөг төлөх, С.Г, П.О нар тус компанийн 50 хувийн хувьцааг шилжүүлэх үүргийг харилцан хүлээжээ.
Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан байх бөгөөд гэрээний хүчин төгөлдөр байдлын тухайд болон гэрээний зүйл болох хувьцааны үнэ 110,000,000 төгрөг төлөгдсөн тухайд талууд маргаагүй.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцсэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.
Нэхэмжлэгч нь тодорхой эд хөрөнгийг хариуцагчийн өмчлөлд шилжүүлж мөнгө авахаар тохирсноос үзвэл талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзнэ.
Гэрээний гол нөхцөл болон гэрээний үнийг өөрчилсөн талаар талууд тохиролцсон байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй байх ба хувьцаа худалдах худалдан авах гэрээний үнийн дүн 110,000,000 төгрөг болохыг талуудын хэн алин нь хүлээн зөвшөөрч маргаагүй.
Харин компанийн хувь эзэмших эрх шилжүүлэх гэрээнд компанийн үүсгэн байгуулагч компанийн эрхийг шилжүүлэхдээ эрх шилжүүлэн авагч талын зөвшөөрсөн үндэслэлээр 2008 оны жилийн эцсийн тайланд тусгагдсан өглөгт Грави ХЗХ-нд 220,000,000 төгрөгийн өртэй байсан, энэ өр нэхэмжлэгч нарынх байсан ба үүнийг хариуцагч Б.Б нь хариуцан төлөхөөр тохиролцсон эсэх нь маргааны зүйл болжээ.
Талуудын хооронд байгуулагдсан компанийн хувь эзэмших эрх шилжүүлэх гэрээний 2.1-д Компанийн үүсгэн байгуулагч компанийн эрхийг шилжүүлэхдээ эрх шилжүүлэн авагч талын зөвшөөрсөн үндэслэлээр 2008 оны жилийн эцсийн тайланд тусгагдсан өглөг. Үүнд: 46.781.657 төгрөгийн балансын өр, Анод банкинд төлөх 104.972.000 төгрөгийн өр, Грави ХЗХ-нд төлөх 220.000.000 төгрөгийн зээлийн өр, Номин констракшн ХХК-нд төлөх өр зэргийг компанийн балансанд тусгагдсанаар эрх шилжүүлэн авагчийн талд баримтын хамт хүлээлгэнэ өгнө, мөн 3.1-д Эрх шилжүүлэн авагч нь Аргуун-Эрдэнэ ХХК-ийн хувь эзэмших эрх хүлээн авах гэрээнд гарын үсэг зурж, нотариатаар гэрчлүүлэн, улсын бүртгэлийн газарт албан ёсоор бүртгүүлж, эрх шилжүүлэн авсан өдрөөс эхлэн компанитай холбоотой, тус гэрээний 2.1-д заасан компанийн баланс дээр өр, өглөгийг хуулийн өмнө бүрэн хариуцах үүрэг хүлээнэ гэжээ.
Орхон аймаг дахь сум дундын шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 838 дугаар шийдвэрээр Ж.Содгэрэл, Б.Б, Ч.Амарбаяр нарт холбогдох 198,500,000 төгрөг гаргуулах тухай Грави ХЗХ-ны нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнийг Улсын дээд шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 00193 дугаар тогтоолоор Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй гэж дүгнэн шийдвэрт өөрчлөлт оруулсан байна. /1 дүгээр хх-ийн 87-89 тал/
Аргуун-Эрдэнэ ХХК нь Грави ХЗХ-нд өртэй байсан, тус компанийн хуучин гишүүд болох С.Г, П.О нарын өр нь компанийн 2008 оны санхүүгийн жилийн эцсийн тайланд тусгагдсан байгаа хэдий ч компанид хэрхэн шилжсэн талаар өөр баримтгүй. Түүнчлэн С.Г, П.О нарын Грави ХЗХ-нд төлөх 220,000,000 төгрөгийн өрийг Б.Б хариуцахаар тохиролцсон эсэх нь зохигчийн тайлбар болон хэргийн нөхцөл байдлаар бүрэн нотлогдоогүй.
Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т Компани нь хувьцаа эзэмшигчийн хүлээх үүргийг хариуцахгүй гэж, 9.3-т хувьцаа эзэмшигч нь компанийн хүлээх үүргийг хариуцахгүй бөгөөд гагцхүү өөрийн эзэмшлийн хувьцааныхаа хэмжээгээр хариуцлага хүлээнэ гэж тус тус заасан.
Мөн Иргэний хуулийн 260 дугаар зүйлийн 260.3-т Эд хөрөнгө эзэмших боломж олгож байгаа эрхийг худалдсан тохиолдолд худалдагч тухайн эд хөрөнгийг худалдан авагчид биет байдлын болон эрхийн доголдолгүй шилжүүлэх үүрэгтэй гэж заасан бөгөөд нэхэмжлэгчийг эрхийн доголдолтой эд хөрөнгө шилжүүлсэн гэж үзэх үндэслэл талуудын тайлбар, хэргийн баримтаар тогтоогдоогүй.
Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-д Эзэмшигчтэй нь тохиролцсноор үүрэг гүйцэтгэгчийн өрийг гуравдагч этгээд шаардах эрхийг өөртөө шилжүүлэн авч, үүрэг гүйцэтгэж болох бөгөөд энэ тохиолдолд энэ хуулийн 123.8-д заасан журам нэгэн адил үйлчилнэ гэж, мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.8-д Хууль буюу гэрээнд заасан хэлбэрээр хийх хэлцлийн хувьд шаардах эрхийг шилжүүлэхдээ уг хэлцлийг хийсэн хэлбэрээр шилжүүлнэ гэж тус тус заажээ.
Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн үндэслэлээ, 2007 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 108 дугаар шүүгчийн захирамжаар Грави ХЗХ-д төлөх төлбөрөө Аргуун-Эрдэнэ ХХК-ийн 2008 оны жилийн эцсийн тайланд тусгаж, уг өрийг компанийн эрх шилжүүлэн авагч Б.Бад шилжүүлэн өгч, тэрээр бүрэн хариуцахаар тохиролцсон тул Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-т зааснаар хариуцагчаас хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэхээр мөн хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар шаардсан тайлбарлав.
Харин Б.Бтай байгуулсан хувьцааны эрх шилжүүлэх гэрээгээр С.Г, П.О нар нь хувьцааны үнэд тооцуулахаар Грави ХЗХ-нд төлөх 220,000,000 төгрөгийн өрийг шилжүүлсэн гэх үндэслэл зохигчийн тайлбараар тогтоогдохгүй байхын зэрэгцээ Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 124 дүгээр зүйлийн 124.1-дэх заалтад нийцээгүй гэж үзэхээр байна.
Өөрөөр хэлбэл 2009 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Аргуун-Эрдэнэ ХХК-ийн хувь эзэмших эрх шилжүүлэх гэрээний 2.1-т Грави ХЗХ-нд нэхэмжлэгч нарын төлөх өр 220,000,000 төгрөг гэж тусгагдсан байгаа хэдий ч Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1, 123.8-д заасан хуулийн шаардлага хангасан хэлбэрээр хэлцэл хийгдээгүй, Грави ХЗХ болон шинэ үүрэг гүйцэтгэгч Б.Б нарын хооронд өр шилжих тохиролцоо хийгдээгүй, тус хоршооноос зөвшөөрөл аваагүй болох нь зохигчийн тайлбар, Орхон аймаг дахь сум дундын шүүхийн 2015 оны 08 сарын 18-ны өдрийн 838 дугаар шийдвэр зэргээр тогтоогдож байгаа нь талуудын хооронд компанийн хувьцааг худалдах худалдан авах гэрээ /ИХ-ийн 243/ байгуулагдсан, харин Грави ХХК-д төлөх өрийг шилжүүлэх талаар талууд /ИХ-ийн 123, 124/ тохиролцож гэрээ байгуулаагүй гэж үзнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116,118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Б.Бад холбогдох 198,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч П.О, С.Г нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.150.450 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.НАРАНГЭРЭЛ