Шүүх | Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лхагвасүрэнгийн Ариунцэцэг |
Хэргийн индекс | 142/2017/00790/И |
Дугаар | 142/ШШ2018/00545 |
Огноо | 2018-05-24 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 05 сарын 24 өдөр
Дугаар 142/ШШ2018/00545
2018 оны 05 сарын 24 өдөр | Дугаар 142/ШШ2018/00545 | Орхон аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: П.О
Нэхэмжлэгч: С.Г
Хариуцагч: ГБ ХХК
198 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч П.О , нэхэмжлэгч С.Г итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О , хариуцагч Б.Б итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.знар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: П.О , С.Г бид Орхон аймаг дахь Сум дундын шүүхийн 2007 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 108 тоот шүүгчийн захирамжаар Орхон аймгийн Грави хадгаламж зээлийн хоршоонд 309 353 333 төгрөгийг төлөхөөр шийдвэрлэгдсэн. Энэхүү төлбөрөөс 220 000 000 төгрөгийг Б.Б нь бидний 2004 онд үүсгэн байгуулсан АЭ ХХК-ийг 2009 оны 03 дугаар сарын 30-ны өдөр худалдан авахдаа төлөхөөр тохиролцсон. Энэ төлбөрөөс ГБ ХХК-ийг үүсгэн байгуулсан Б.Б , Ж.С нар 21 500 000 төгрөгийг төлж, үлдэх хэсгийг одоог хүртэл төлөөгүй байна. Иймд ГБ ХХК буюу гишүүн Б.Б аас 198 500 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Б.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Миний бие Б овогтой Б 2018 оны 03-р сарын 02-ны өдөр Орхон аймгийн сум дундын иргэний хэргийн шатны шүүхээс мэдэгдэх хуудсыг хүлээж авсан болно.
Мэдэгдэл хүлээж авсаны дараагаар 2018 оны 03-р сарын 06-ны өдөр Орхон аймгийн шүүхийн байранд биечлэн ирж хэргийн материалтай танилцан нэхэмжлэлийг гардан авсан бөгөөд тайлбарыг ийнхүү хүргүүлж байна.
Тайлбарын тухайд: Миний бие нэхэмжлэлд тусгагдсан мөнгөн дүнгээр болон тус нэхэмжлэл дэх бичигдсэнээр төлөх үүрэг хүлээхгүй. Үүнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байна.
Учир нь бид 2009 оны 03-р сарын 30-нд анх тус компанийн хувьцааг худалдан авахдаа харилцан тохиролцсон үнийн дүнгээс тодорхой хэсгийг бэлнээр өгөх, үлдсэн хэсгийг үйлдвэрийг ажиллуулан төлөх нөхцөл тавьж харилцан тохиролцож байсан болно. Гэвч тохиролцсоны дагуу зөрүү төлбөр болох 150 000 000 төгрөгийг /одоогоор санахгүй байгаа тул ойролцоогоор дүнг бичив/ бэлнээр С.Г төлсөн /төлсөн баримтууд бүгд С.Г болон Грави хадгаламж зээлийн хоршоонд байгаа/ бөгөөд үлдэгдэл төлбөрийг үйлдвэр ажиллаагүй тул бидэнд төлөх хариуцлагагүй болно. Жич: Голбенбрик ХХК болон Грави хадгаламж зээлийн хоршоо нар хоорондоо шүүхийн асуудалтай байгаад дууссан, миний тухайд хувь нийлүүлэгчээр байдагаас бусад үйл ажиллагаанд оролцдоггүй тул эх хувь бичиг баримт болон компанийг төлөөлөх эрх бүхий хүн бол н.Э юм./
Бид хариуцахгүй шалтгаан нь дараах шалтгаанууд болно. Үүнд:
1.Худалдаж авсаны дараагаар үйлдвэрийн үйл ажиллагааг явуулахыг хичээсэн боловч тодорхой шалтгааны улмаас алдагдалтай ажилласан. /шалтгаан нь анх бидэнд зарах санал тавихдаа шар шаврын орд нь суудалгүй, олборлосон шавраар тоосго хийх боломжгой гэж итгүүлсэн/
2.Шаврын ордны лицензэд асуудал байхгүй. Хэрэв ямар нэгэн асуудал гарвал бид өөрсдөө хөөцөлдөөд тусална гэж итгүүлсэн.
3.Үйлдвэрийн тоног төхөөрөмж болон БАЮ /шатаах зуух/ хэвийн ажиллагаатай гэж итгүүлсэн.
4.С.Г нөхөр н.Толик байнга хамтран ажиллана, энэ хүн үйлдвэр хариуцах бүрэн чадвартай хэмээн итгүүлсэн. /Толик нь биднийг худалдаж авснаас хойш 4.5 жил үйлдвэрийн хашаанд амьдарсан/,
5.Санхүү, хөрөнгө оруулалтын л асуудал байгаагаас өөр ямар нэг асуудал энэ үйлдвэрт байхгүй гэж итгүүлсэн.
6.Грави хадгаламж зээлийн хоршоонд хамтран ажиллах ярилцах боломжтой бүх хүмүүс нь үйл ажиллагаанаас төлбөр төлөхөд зөвшөөрнө гэх мэтээр биднийг мунхруулан итгүүлж анх энэ үйл ажиллагааг эхлүүлсэн болно. Бидний хувьд анх боломжийн санал гэж үзээд хамтран Грави хадгаламж зээлийн хоршоонд очиж гэрээ контракт хийгээд ажил эхэлсэний дараагаар дээрх шалтгаанд дурдсан асуудлууд ар араасаа хөврөн гарч ирсэн бөгөөд худал үнэн ярьж байгаад биднийг зохион байгуулалттай хууран мэхэлсэн талаар сэжиг авсан.
Яагаад хууран мэхлэх гэдэг нь харилцан тохиролцоод ажиллах оролдлого хийгдсэн боловч үйлдвэрийн тоног төхөөрөмж бүрэн ажиллагаагүй, шар шаврын ордын лиценз хугацаа дууссан асуудалтай. БАЮ буюу шатаах зуух бүрэн ажилладаггүй зэрэг асуудлууд ар араасаа гарсан юм.
Ийм нөхцөл байдал үүссэний дагуу Грави хадгаламж зээлийн хоршооны удирдлага, удирдах зөвлөлийн гишүүд зэрэг хүмүүстэй хэд хэдэн удаа уулзаж ямар учир байгаа талаар ярилцахад С.Г болон П.О нар нь биднээс бэлэн мөнгөний төлбөр авсан талаараа Грави хадгаламж зээлийн хоршооны удирдлагуудад мэдэгдээгүй байсан нь ил болсон /Грави хадгаламж зээлийн хоршооны гишүүдтэй уулзах бүрт протокол хөтөлж байсан/ бөгөөд бид тухайн үедээ бэлэн мөнгө өгч байсан баримтуудыг хуулбарлан өгч байсан болно.
Тухайн үед Грави хагаламж зээлийн хоршооны удирдлагууд болон С.Г П.О нар юу гэж тохиролцсоныг бид мэдэхгүй бөгөөд бидний зүгээс энэ хүмүүст залилуулсан байгаагаа мэдсэн юм.
Мөн нэхэмжлэх зүйл бол Грави хадгаламж зээлийн хоршоо болон манай компанийн хооронд шүүхийн асуудал гомдол Орхон аймгийн шүүхэд болон дээд шүүх дээр хэлэлцэгдээд эцэслэн шийдвэрлэгдсэн бөгөөд бидний хувьд С.Г . П.О нараас мөнгө төгрөг хүлээж авч байсан зүйл үгүй бөгөөд миний хувьд эдгээр хүмүүс үндэслэлгүй нэхэмжлэл гаргасан гэж үзэж байна. Хариуцагч Б.Б нь нэхэмжлэгч нарт мэхлүүлсэн, шууд үйл ажиллагаа явуулах боломжгүй байсан бөгөөд ажил эхлэх гэхээр өрийн асуудал гарч ирж битүүмжлэл тавигддаг хүнд байдалтай байсан. Б.Б ГБ ХХК-ний гишүүнээс 2018 онд гарсан түүний эзэмшдэг хувьцааг Ч.Амарбаяр худалдан авсан тул энэ хэргийн хариуцагч биш юм. Гэрээний үүрэгтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно уу гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч П.О , С.Г нар нь хариуцагч ГБ ХХК-ний гишүүн Б.Б ад холбогдуулан 198 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хариуцагч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч мэтгэлцэж байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ:...хариуцагч Б.Б нь бидний Грави Хадгаламж зээлийн хоршоонд төлөх төлбөрийг хүлээн авсан тул 2009 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн АЭ ХХК-ийн хувьцаа эзэмших эрх шилжүүлэх гэрээг үндэслэл болгож нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэж тайлбарлаж байна.
Орхон аймаг дахь сум дундын шүүхийн 2007 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 108 дугаартай шүүгчийн захирамжаар П.О , С.Г нараас 309 353 333 төгрөг гаргуулан Грави хадгаламж зээлийн хоршоонд олгохоор шийдвэрлэжээ. /хх-11/
2009 оны 03 дугаар сарын 30-ны өдөр АЭ ХХК-ийн хувь эзэмших эрх шилжүүлэх гэрээ, хувьцаа худалдах худалдан авах тухай гэрээг нэг талаас С.Г , П.О нар нөгөө талаас Б.Б тай байгуулж, гэрээг нотариатаар гэрчлүүлсэн байна.
Компаний хувь эзэмших эрх шилжүүлэх гэрээний 2.1-д компаний үүсгэн байгуулагч компаний эрхийг шилжүүлэхдээ эрх шилжүүлэн авагч талын зөвшөөрсөн үндэслэлээр 2008 оны жилийн эцсийн тайланд тусгагдсан өглөг ...Грави Хадгаламж зээлийн хоршоонд төлөх төлбөр болох 220 000 000 төгрөгийн зээлийн өр болон бусад өглөг, өрийг эрх шилжүүлэн авагчийн талд баримтын хамт хүлээлгэн өгнө гэж заасан ба гэрээнд талууд гарын үсэг зурж баталгаажуулсан болох нь нэхэмжлэгчийн тайлбар, мэдүүлэг шүүхэд ирүүлсэн гэрээний хуулбараар батлагдаж байна. /хх 4-6/
2008 оны 05 дугаар сарын 21-ний өдөр АЭ ХХК-д Ж.С 161 800 000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, 50 хувийн хөрөнгө оруулагч гишүүнээр элсэх тухай хүсэлт гаргаж, АЭ ХХК-ний хувь нийлүүлэгчдийн хурлаар уг асуудлыг хүлээн зөвшөөрч түүнийг гүйцэтгэх захиралаар томилсон болох нь Ж.С өргөдөл, АЭ ХХК-ний хурлын протокол, АЭ ХХК-ний хувь нийлүүлэгчдийн хурлын тогтоол нэхэмжлэгч түүний төлөөлөгч нарын шүүхэд гаргасан тайлбар зэргээр нотлогдож байна./хх 7-9/
АЭ ХХК-ийн хувь нийлүүлэгчдийн хурлын 2009 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн тогтоолоор хувь нийлүүлэгч С.Г , П.О нар 50 хувь буюу 265 000 000 төгрөгийн эзэмших эрхийг өөрсдийн санал болон худалдах худалдан авах гэрээг үндэслэн Б.Б ад 110 000 000 төгрөгөөр худалдаж, компаний гишүүдээс хасагдаж, компаний хувь нийлүүлэгчээр Б.Б ыг бүртгэж, түүний компанид оруулсан хувь хэмжээг 50 хувь байхаар шийдвэрлэсэн байна. /хх-80/
АЭ ХХК-ийн хувь эзэмшигч Б.Б , Ж.С нар нь 2009 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр компанийн нэрийг Goldon Brick буюу ГБ ХХК болгон өөрчилж, улсын бүртгэлд 2009 оны 05 дугаар сарын 04-ний өдөр нэмэлт өөрчлөлтийг бүртгүүлсэн болох нь АЭ ХХК-ний улсын бүртгэлийн № дугаартай гэрчилгээний хуулбар, хувь нийлүүлэгчдийн хурлын протоколоор нотлогдоно. /хх 81-82/
Нэхэмжлэгч нарын Грави Хадгаламж зээлийн хоршоонд төлөх 220 000 000 төгрөгийн өрийг Б.Б ад компаний хувь эзэмших эрх шилжүүлэх гэрээгээр шилжүүлсэн, үүнээс шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад Ж.Содгэрэлийн нөхөр Марк 21 500 000 төгрөгийг төлсөн тул үлдэх 198 500 000 төгрөгийг Ж.С , Б.Б , Ч.А нараас гаргуулахаар Грави Хадгаламж зээлийн хоршоо шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна. /хх 87-92/
Тодруулбал нэхэмжлэгч нар нь 2007 оны 02 дугаар сарын 01-ны өдрийн Орхон аймаг дахь сум дундын шүүхийн 108 дугаартай захирамжаар Грави Хадгаламж зээлийн хоршоонд 309 353 333 төгрөг төлөхөөр болсон ба АЭ ХХК-ний тайланд уг өрийг шилжүүлж 220 000 000 төгрөгийг эрх шилжүүлэн авагч Б.Б төлөх үүрэгтэй гэж мэтгэлцэж байна.
Нэхэмжлэгч нарын Грави Хадгаламж зээлийн хоршоонд төлөх өрийг АЭ ХХК-д шилжүүлсэн өрийн талаар компаний хувь эзэмших эрх шилжүүлэх тухай гэрээний 2.1-д заасан үндэслэлээр нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагын шаардах эрхийн үндэслэлээ тодорхойлж байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Б.Б нь өөрийн эзэмшдэг хувийг бусдад худалдсан, энэ компаний гишүүн байхаа больсон тул хариуцагч биш, нэхэмжлэгч нарт мэхлэгдсэн, тоног төхөөрөмжийн доголдол, лецензын хугацаа дууссаны улмаас ажлаа шууд эхлүүлэх боломж бололцоо хомс байсан, нэхэмжлэгч С.Г 150 000 000 төгрөгийг өгч байсан гэж мэтгэлцэж байх боловч энэ талаар хэрэгт нотлох баримтыг ирүүлээгүй, гомдлын шаардлага болон сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй, өөрийн татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи баримтаа гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.
Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэсэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч няцаахдаа: энэ хэргийн талаар байнга хариуцагчтай холбогдож шаардаж байсан бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны хувийн хэргийн материалаас авсан нотлох баримтаар энэ нь нотлогдно, мөн Грави Хадгаламж зээлийн хоршооны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь дээрхи өрийн талаархи маргаан болох нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр батлагддаг тул хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэж тайлбарлаж байна.
Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолохоор заасан бөгөөд мөн хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д заасан тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан...бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана гэж заажээ.
Грави Хадгаламж зээлийн хоршоо Ж.Содгэрэл, Б.Б нарт холбогдуулан 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Сум дундын 14 дүгээр шүүхэд 198 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байсан болох нь хэрэгт нотлох баритаар ирүүлсэн баримтаар батлагдаж байна. /хх-110/
ГБ ХХК-ний Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд ирүүлсэн 2011 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 17 дугаартай албан тоот, 2012 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 12/01 дугаартай албан тоотод үйлдвэр ажлаа эхлүүлэхээр бэлтгэл ажил хийж байна, үйлдвэрлэлийн үйл ажиллагааны талаар тайлагнасан байдаг бөгөөд энэ хугацаанд 21 500 000 төгрөгийн төлбөрийг ГБ ХХК-наас төлсөн болох нь уг өрийг төлөх, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж байсан гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд хариуцагчаас 198 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч нар анх нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа хариуцагчаар ГБ ХХК-ний гишүүд болох Б.Б , Ч.Амарбаяр, М.Энхболд, Ж.С нарыг тодорхойлж байсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ч.Амарбаяр, М.Энхболд, Ж.С нараас татгалзсан байна.
Нэхэмжлэгч С.Г , хариуцагч Б.Б нар шүүхэд төлөөлөх эрхийг С.О , М.Энхболд нарт олгосон нь хуульд заасан хэлбэрийн шаардлагыг хангасан хүчин төгөлдөр итгэмжлэлтэй гэж үзэх бөгөөд хариуцагчийн 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн М.Энхболдод олгосон итгэмжлэлд хариуцагчийг төлөөлөх гэсэн атлаа нэхэмжлэгчийн бүрэн эрхийг эдэлнэ гэсэн нь техникийн шинжтэй алдаа гэж дүгнэсэн болно.
Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгч нарын урьдчилан төлсөн 1 150 450 төгрөгийг хэвээр үлдээж, хариуцагчаас 1 150 450 төгрөг гаргуулан нэхэмжлэгч нарт олгохоор заалаа.
Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 124 дүгээр зүйлийн 124.1-д заасныг баримтлан хариуцагч ГБ ХХК-ний гишүүн Б.Б аас 198 500 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Г , П.О нарт олгож, хариуцагч ГБ ХХК-ний гишүүд Ч.А , М.Э , Ж.С нарт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 150 450 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ГБ ХХК-ний гишүүн Б.Б аас 1 150 450 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Г , П.О нарт олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймаг дахь Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигчид шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.АРИУНЦЭЦЭГ