Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 436

 

С-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын ахлах прокурор Г.Гэрэлтуяа, шүүгдэгчийн өмгөөлөгч А.Энхбуйр, нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 757 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 689 дүгээр магадлалтай, С-д холбогдох 201301000141 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч А.Энхбуйрын гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Ганзоригийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн, 1970 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, С /S/ нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан “Хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авсны улмаас онц их хэмжээний хохирол учруулах”, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт заасан “Мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийх” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх прокуророос шүүгдэгч С-д 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д заасныг баримтлан хэрэгсэхгүй болгож, прокуророос шүүгдэгч С-д 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэг болгон зүйлчилж, шүүгдэгч С-г хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бусдын эд хөрөнгийг залилан их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар 40,000 нэгж буюу 40,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С-д шүүхээс оногдуулсан 40,000,000 төгрөгийн торгох ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгаж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, С-д холбогдох эрүүгийн хэргийг шүүхийн өөр бүрэлдэхүүнээр дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч А.Энхбуйр гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг нотлоогүй, мөн торгох ял оногдуулсан нь шүүгдэгчийн гэм бурууд тохироогүй гэсэн нь анхан шатны шүүх мөн хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож …нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэснийг баримтлан учруулсан хохирлыг барагдуулсан, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг хөнгөрүүлэх байдлыг харгалзан Үндсэн хууль болон Эрүүгийн хуулийн шударга, хүнлэг энэрэнгүй зарчмыг баримтлан шийтгэсэн байхад дээрх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн заалтыг ноцтой зөрчиж, субьектив байдлаар хандсан бөгөөд улмаар энэ нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлөхүйц нөхцөл байдал бий болгосон. Өөрөөр хэлбэл, давж заалдах шатны шүүхийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийг ноцтой зөрчсөн гэсэн нь үндэслэлгүй байна. Шүүгдэгч С нийт 138,449,734 төгрөгийн хохирлоос 32,460,000 мөн 10,000,000 төгрөгийн хохирлыг бүр 2014, 2016 онд мөрдөн байцаалтын шатанд төлж барагдуулсан. Мөн хохирогч М.М-ийн 20,000,000 төгрөг, М.Н-ын 10,000,000 төгрөг, Х.Б-ийн 6,460,000 төгрөгийг анхан шатны шүүх хурлын өмнө бэлнээр төлж барагдуулсан, үлдэх хохирлыг Иргэний хуульд заасан иргэд сайн дураар хоорондоо тохиролцсоны дагуу иргэн О-ийн зөвшөөрөл, өөрөө өмнөөс нь төлж барагдуулахаар Баянзүрх дүүрэгт баригдаж буй орон сууцны барилгаас төлбөртөө нэр бүхий үлдэх хохирогч нар авах буюу түүнийг барьцаалж, мөнгөө авсанд тооцож, өр төлбөрөө барагдуулахаар тохиролцож гэрээ хийж баталгаажуулан С-д ямар нэг гомдолгүй, төлбөрөө гарын үсэг зурснаар авсанд тооцсоныг болон дахин ямар нэг гомдол гаргаагүй зэрэг бодит байдлыг “бусдад төлөх өр төлбөргүй” гэж анхан шатны шүүх үзэж шүүгдэгчид торгох ял оногдуулсан нь үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор Г.Гэрэлтуяа гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй байна. Хавтаст хэрэгт авагдсан баримтаас харахад төлөгдсөн гэх төлбөрүүд нь хоорондоо зөрүүтэй, эргэлзээ бүхий байх ба анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хууль ёсны дүгнэлт хийж чадаагүй. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Энхбуйрын гаргасан гомдлыг үндэслэн Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн С-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Анхан шатны шүүх шүүгдэгч С нь 2011 оноос 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд Х.Б, Д.М, А.Ц, БНХАУ-ын иргэн W /Ц.Ө/, Ц.А, Ж.Ж, М.М, О.Б, М.Н нарын 9 иргэнийг хуурч мэхлэн, итгэлийг нь эвдэж, нийт 138,449,734 төгрөгийг авсан үйл баримтыг тогтоож, уг үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар зүйлчилж, гэм буруутайд тооцон торгох ял оногдуулж, уг ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгаж шийдвэрлэсэн байна.

Давж заалдах шатны шүүх “шүүгдэгч С-д торгох ял оногдуулсан нь түүний үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм бурууд тохироогүй, шүүгдэгч С-ийн бусдад учруулсан хохирлыг өмнөөс нь төлөх талаар хохирогч нартай гэрээ хийсэн гэх гэрч Т.О нь энэ талаар 3, 6, 7 дугаар хавтаст хэрэгт авагдсан мэдүүлгүүддээ зөрүүтэй мэдүүлсэн бөгөөд урьд нь энэ хэргийг хянан шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлалын заалтуудыг анхан шатны шүүх биелүүлээгүй” гэсэн үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг шүүхийн өөр бүрэлдэхүүнээр дахин хэлэлцүүлэхээр буцаажээ.

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэж шийдвэр гаргахдаа Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна гэж хяналтын шатны шүүх дүгнэлээ.

Анхан шатны шүүх нь давж заалдах шатны шүүхээс урьд нь буюу 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр уг хэргийг хянаад дээрх үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан бөгөөд уг магадлалыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хяналтын шатны шүүх хянан хэлэлцээд магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан гэж дүгнэсэн байтал давж заалдах болон хяналтын шатны шүүхийн хууль зүйн дүгнэлт, түүний үндэслэлд ямар нэг дүгнэлт огт хийлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн байна.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч А.Энхбуйрын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 689 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч А.Энхбуйрын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                        ДАРГАЛАГЧ                                        Б.ЦОГТ

                        ШҮҮГЧ                                                 Б.БАТЦЭРЭН

                                                                                    Д.ГАНЗОРИГ

                                                                                    Ч.ХОСБАЯР

                                                                                    Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН