Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 151/ШШ2023/00567  

 

 

 

 

 

                           2023      06         07  

151/ШШ2023/00567  

 

МОНГОЛ  УЛСЫН  НЭРИЙН  ӨМНӨӨС

Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгончулуун даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Х.О-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ц.Э,

Хариуцагч: Д.У,

Хариуцагч: Ц.Б нарт холбогдох,

Х.О, Ц.Э нарын хооронд байгуулсан 2012 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 463 дугаартай зээлийн гэрээ, 2013 оны 05 дугаар сарын 13-ны өдөр  байгуулсан 808 дугаартай зээлийн гэрээ, 2014 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн өр төлбөр барагдуулах тухай хэлцлийг тус тус хүчин төгөлдөр бусад тооцуулах, Ц.Э, Д.У нараас 2,695,874,000 төгрөгийг гаргуулах шаардлага бүхий үндсэн нэхэмжлэлтэй,

2014 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн өр төлбөр барагдуулах тухай хэлцлийн дагуу Х.О-оос зээлийн төлбөр 1,770,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: О.Д,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.Х,

Хариуцагч, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.Э,

Хариуцагч нарын өмгөөлөгч: Б.Б, Р.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Б нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 

Миний бие 2005 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Ц.Э-оос 2006 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл буюу 1 жилийн хугацаатай зээлийн  гэрээ байгуулж, 64,000,000 төгрөгийг 4.2 хувийн хүүтэй зээлж, зээлийн гэрээг ... дүүргийн тойргийн нотариатаар гэрчлүүлсэн. Энэхүү зээлийн гэрээний дагуу зээлсэн мөнгийг 2006 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр төлж дуусгахаар талууд харилцан тохиролцож, хугацаа хэтэрсэн тохиолдолд өдрийн 0.5 хувийн алданги төлөхөөр заасан. Миний зүгээс зээлсэн мөнгийг хугацаанд нь буюу 2006 оны 11 дүгээр сарын 01-нд өгч чадаагүй бөгөөд үүнээс хойш гэрээний дагуу алданги тооцогдож эхэлсэн. ...Ингээд Иргэний хуулийн 282.1-д заасны дагуу ... зээлийн хүү 2,688,000 төгрөг, алданги Иргэний хуулийн 232.4-т заасны дагуу 32,000,000 төгрөг, нийт 98,688,000 төгрөг болсон. 

2012 онд Ц.Э, түүний эхнэр Д.У нар нь намайг дуудаж 2005 оны зээл, хүү, алдангийн асуудлаар гэрээгээ шинэчилж байгуулъя гэсэн, намайг очиход нотариат дээр нэг гэрээнд гарын үсэг зуруулсан ба тухайн гэрээнд үнийн дүн бичээгүй байсан. Гарын үсэг зурсны дараа намайг явж бай, тэгж байгаад ирээд гэрээгээ авчихаарай гэсэн. Дараа нь очоод гэрээгээ автал гэрээнд миний зээлсэн мөнгийг 1,200,000,000 төгрөг гэж бичсэн байсан, яагаад ийм их хэмжээний мөнгө болсон тухай асуухад 2005 оны гэрээ чинь хүү, алдангитайгаа нийлээд ийм болсон гэж хэлэхэд нь би ийм их мөнгийг хүлээн зөвшөөрөхгүй тухайгаа хэлсэн. Хэрвээ нотариат дээр гэрээ байгуулах үед энэ мөнгийг бичсэн байсан бол би хэзээ ч гарын үсэг зурахгүй байсан, үнийн дүн бичээгүй гэрээнд гарын үсэг зуруулчхаад дараа нь намайг явсны дараа гараараа нэмж бичнэ гэж бодоогүй, олон жил нөхөрлөсөн болохоор арай ч ийм зүйл хийхгүй байх гэж бодож явсан. Тэр гэрээний 3 дахь заалтаар надад тэр мөнгийг бэлнээр өгсөн гэж гараараа худлаа зүйл бичсэн байдаг, бодит байдал дээр ийм мөнгө бидний хооронд шилжээгүй, ямар ч мөнгө өгч авалцаагүй. Үүний дараа 2013 оны 05 дугаар сарын 13-ны өдөр дахин намайг дуудаж, 2012 оны гэрээний хүү, алданги нэмээд шинээр гэрээ байгуулна, чи гарын үсэг зур, зурахгүй бол өмнө нь зурсан гэрээг шүүхэд шилжүүлж мөнгөө нэхэмжилнэ, чи гарын үсэг зурсан болохоор чи шүүхэд ялагдана гэсэн.

Ингээд 2012 оны 1,200,000,000 төгрөгийн гэрээний хүү, алдангийг нэмж 1,560,000,000 төгрөг болгож, үүнийг сарын 2.5 хувийн хүүтэйгээр зээлийн гэрээг байгуулсан. Тус зээлийн гэрээний 2 дахь заалтаар 2012 онд байгуулсан 1,200,000,000 төгрөгөөс хүү тооцох тухай бичиж, 3 дахь заалтаар мөн л 1,560,000,000 төгрөгийг зээлдүүлэгч нь шилжүүлэхээр тохиролцон бичсэн гэж гараараа худлаа зүйл бичсэн байдаг. 2014, 2016 онд хуурамчаар гарын үсэг зуруулсан 1,560,000,000 төгрөгийн гэрээний үнийн дүндээ хүү нэмээд бас гарын үсэг зуруулсан, тэр гэрээгээ надад харуулаагүй болохоор хэд гэж бичсэнийг мэдэхгүй. Хэрвээ тухайн гэрээ гарч ирвэл уг гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх болно. Үндсэндээ 2012, 2013 онд байгуулсан энэхүү гэрээнүүдэд дурдсан үнийн дүн болох 1,560,000,000 гаруй төгрөг, 1,200,000,000 төгрөгийг талууд хоорондоо өгч авалцаагүй тул энэхүү гэрээ нь илт хүчин төгөлдөр бус зээлийн гэрээнүүд гэж үзэж байна. Тухайн үед 2012 оны гэрээнд заасанчлан 1,200,000,000 төгрөгийг шилжүүлээгүй, бэлнээр авсан өгсөн зүйлгүй байхад, гэрээнд нөхөж бэлнээр авсан гэж гараар бичсэн байсан. 2013 оны гэрээнд 1,200,000,000 төгрөг дээр 1 жилийн хүү, алдангийг нэмээд 1,560,000,000 төгрөг шаардаж, 1,200,000,000 төгрөгөөс хүү тооцож гаргуулахаар гэрээ байгуулсан нь шууд хүчин төгөлдөр бус гэдэг нь илэрхий ойлгомжтой. Дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд Иргэний хуулийн 56.1 дэх хэсэгт заасан Иргэний хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн, хуульд харшилсан, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг илтэд дордуулсан гэрээнүүд байна.

Иймд Х.О, Ц.Э нарын хооронд байгуулсан 2012 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 463 тоот зээлийн гэрээ, 2013 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 808 тоот зээлийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусад тооцуулах, 2012 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 463 тоот зээлийн гэрээ, 2013 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 808 тоот зээлийн гэрээнд өгөөгүй мөнгөө өгсөн гэж гараараа хуурамчаар бичиж оруулсан Ц.Э-ын үйлдлийг хууль бус болохыг тогтоож өгнө үү гэжээ. /1хх-1-2/

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:   

Нэхэмжлэгч Х.О нь 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, 2012 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 463 тоот зээлийн гэрээ, түүний үндсэн дээр хийгдсэн бусад хэлцүүдийг хүчин төгөлдөр бусад тооцуулах, хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэнд шилжүүлсэн 683,514,000 төгрөгийг Ц.Э, Д.У нараас гаргуулах, 320.000 ам доллар, 885,000,000 төгрөгийг *******, Д.У, Ц.Б нараас гаргуулахаар шаардаж байгаа билээ. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар өөрчилж байна.

Үүнд:  Х.О, Ц.Э нарын хооронд байгуулсан 2012 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 463 дугаартай зээлийн гэрээ, 2013 оны 05 дугаар сарын 13-ны өдөр  байгуулсан 808 дугаартай зээлийн гэрээ, 2014 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн өр төлбөр барагдуулах тухай хэлцлийг тус тус хүчин төгөлдөр бусад тооцуулах, Ц.Э, Д.У нараас нийт 2,695,874,000 төгрөгийг гаргуулахаар шаардаж байна. 

... Хариуцагч Ц.Э, Д.У нарт хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр 683,514,000 төгрөг, 320.000 ам доллар, 885,000,000 төгрөгийг нэхэмжлэгч өгсөн байдаг. Нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэх өдрийн байдлаар Монголбанкны америк долларын албан ёсны ханш 3.523 төгрөг байх бөгөөд 320,000 ам долларыг бодоход 1,127,360,000 төгрөг болж байна. Өмнөх нэхэмжлэлийн дүнгээс 88,960,000 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж уг зөрүүгээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн. Иймд одоо нэхэмжлэлийн шаардлага 2,695,874,000 төгрөг болж өөрчлөгдсөн.    

Тухайн үед 2012 оны 463 тоот зээлийн гэрээнд заасанчлан 1,200,000,000 төгрөгийг шилжүүлээгүй, бэлнээр авсан өгсөн зүйлгүй байхад гэрээнд нөхөж бэлнээр авсан гэж гараар бичсэн байсан. 2013 оны 808 тоот зээлийн гэрээнд 1,200,000,000 төгрөг дээр 1 жилийн хүү, алдангийг нэмээд 1,560,000,000 төгрөг шаардаж, 1,200,000,000 төгрөгөөс хүү тооцож гаргуулахаар гэрээ байгуулсан нь эдгээр гэрээ хүчин төгөлдөр бус гэдгийг харуулж байгаа.

Иймд Х.О, Ц.Э нарын хооронд байгуулсан 2012 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 463 дугаартай зээлийн гэрээ, 2013 оны 05 дугаар сарын 13-ны өдөр  байгуулсан 808 дугаартай зээлийн гэрээ, 2014 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн өр төлбөр барагдуулах тухай хэлцлийг тус тус хүчин төгөлдөр бусад тооцож,  Ц.Э, Д.У нараас 2,695,874,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Ц.Б нь энэ хэрэгт хамааралгүй тул хариуцагч Ц.Б-аас татгалзаж байна гэв.      

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбар, эрх зүйн дүгнэлтдээ:  

Нэхэмжлэлийн шаардлага нь Х.О, Ц.Э нарын хооронд байгуулсан 2012 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 463 дугаартай зээлийн гэрээ, 2013 оны 05 дугаар сарын 13-ны өдөр  байгуулсан 808 дугаартай зээлийн гэрээ, 2014 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн өр төлбөр барагдуулах тухай хэлцлийг тус тус хүчин төгөлдөр бусад тооцуулах, Ц.Э, Д.У нараас 2,695,874,000 төгрөгийг гаргуулах шаардлага юм. 

2012 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 463 тоот зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4, 196 дугаар зүйлийн 196.1.1-т заасныг зөрчсөн учраас мөн хуулийн 56-р зүйлийн 56.1.1-т заасан хууль зөрчсөн хэлцэл гэж үзэж, хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар нэхэмжлэл гаргасан. Бид нар хууль зөрчсөн гэх үндэслэлийг баримтлахдаа Иргэний хуулийн 282-р зүйлийн 282.4, 196-р зүйлийн 196.1.1-т заасныг зөрчсөн нь хууль зөрчсөнд хамаарна гэж үзсэн.

Нэхэмжлэгчийн хувьд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг өөр өөрөөр тавьж байсан гэж тайлбарлах нь үндэслэлгүй. Яг үнэндээ энэ их хэмжээний мөнгийг санаанаасаа зохиож шаардана гэдэг нь эрүүл ухаанд буухгүй учраас ямар нэгэн байдлаар Д.У-ийн гараар бичиж өгсөн нотлох баримт болох шатахууны тооцоо, хүнсний дэлгүүрийн тооцооноос үүдэлтэй мөнгө юм болов уу, эсхүл 65 сая төгрөгийн зээл нь хүү, алданги тооцогдож явж байгаад ийм болчихсон юм болов уу гэх байдлаар таамаглаж явсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээртэй огт хамааралгүй, 1,200,000,000 төгрөгийг бодитойгоор тусдаа шилжүүлж өгсөн гэж хариуцагч тайлбарлаж байгаа учраас шилжүүлж өгөөгүй мөнгөө өгсөн мэтээр бичсэн хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах, үндэслэлгүйгээр өгсөн мөнгөө буцаан гаргуулахаар нэхэмжилж байгаа.

2012 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 463 тоот зээлийн гэрээ нь Иргэний хуульд нийцэхгүй, Иргэний хуулийг зөрчсөн хэлцэл. Энэ гэрээнээс үүдэж хийгдсэн 2013 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 808 тоот зээлийн гэрээ ч мөн адил Х.О гарын үсэг зурсан хэдий ч бодитоор зээлийн мөнгийг өгөөгүй, хүлээлцээгүй учраас хуульд нийцэхгүй байна. Гол үндэслэл нь 2012 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 463 тоот зээлийн гэрээний дагуу зээлийн мөнгийг өгсөн гэдгээ нотлохыг шаардана. Түүнээс зээлийн гэрээнд гарын үсэг зурснаар зээлийн мөнгийг өгсөн гэж үзэхгүй, шаардах эрх үүсэхгүй. Хариуцагч өөрөө ч гэсэн хэлдэг. 2013 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 808 тоот гэрээний дагуу 1 тэрбум 560 сая төгрөгийг зээлдэгч талд хүлээлгэж өгөөгүй гэж хэлдэг. Мөн түүнчлэн энэ гэрээ нь 2012 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 463 тоот  зээлийн гэрээнээс үүдэлтэй, хүү, алдангийг нэмж нэгтгээд гарын үсэг зуруулсан гэж хэлж байгаа нь хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийгдсэн бусад хэлцэл гэдэгт хамаарч байна. Мөн үүнээс үүдэлтэйгээр сөрөг нэхэмжлэлийн шаардлага 1,770,000,000 төгрөг ч гэсэн адилхан хүчин төгөлдөр бус гэрээнд заасан, хүлээлгэж өгөөгүй мөнгө болох 1,200,000,000 төгрөг, 1,560,000,000 төгрөгнөөсөө хүү, алданги тооцож шаардаж байгаа учраас энэ сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй бөгөөд өр барагдуулах тухай хэлцэл нь хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийгдсэн бусад хэлцэл гэдэгт хамаарна. Үүний дагуу бид шаардах эрхийн үндэслэлээ Иргэний хуулийн 56-р зүйлийн 56.1.10-т зааснаар тодорхойлж байна.

Зээлдэгч талын хүсэл зоригийн илэрхийлэл ерөөсөө нотлогддоггүй. 1,200,000,000 төгрөгийн зээлийн гэрээгээр ч нотлогддоггүй. Нэхэмжлэгч үнэхээр зээл хүссэн бол “Чи надад мөнгө зээлээч гэж хүссэн ямар нэг баримт байх ёстой. Их хэмжээний мөнгө учраас мейл хаяг, эсхүл утас, мессежээр зэрэг талууд хоорондоо бичсэн хүсэлт баримт байх ёстой. Гэтэл Х.О-ын зүгээс хүсэл зоригоо илэрхийлж, түүнийг гэрээндээ тусгасан нэг ч зүйл байхгүй. Гэрээний зээлийн зориулалтыг ч гэрээндээ бичээгүй. Уг нь бичих ёстой. Иймд эдгээр зээлийн гэрээ хуулийн шаардлага хангахгүй байна. Зориулалт, хүсэлтийг харгалзахгүйгээр, барьцаагүйгээр 1,200,000,000 төгрөгийг шилжүүлсэн, ингэхдээ ямар ч баримтгүйгээр өгсөн гэдэг нь хэнд ч итгэлгүй сонсогдож байна. Зээлийн мөнгийг шилжүүлж өгсөн гэдгээ хариуцагч тал нотолж чадахгүй байгаа, ядахдаа зээлүүлсэн гээд байгаа мөнгөө хаанаас, ямар данснаас гаргаж авсан, энэ мөнгөө гаргасан эх сурвалжийг ч тодорхойлж нотолж чадахгүй байгаа нь бүр ч их эргэлзээ төрүүлж байна. Иймээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэдэг нь тодорхой байна.

Харин үндсэн нэхэмжлэлийн шаардлага хангагдах үндэслэлтэй гэж үзэж байна. Ц.Э, Д.У нар нь Х.О-оор 4 удаа гарын үсэг зуруулсан хэлцэл, хурууны хээ даруулсан баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримтаар гаргаж өгсөн байдаг. Х.О-оор гарын үсэг зуруулж, хурууны хээг нь даруулж байгаа нөхцөл байдлыг харахад хариуцагч нар тийм ч хайхрамжгүй хүмүүс биш. Харин ч маш их бичгийн баримт үйлддэг, нотлох баримтыг чухалчилж мэддэг болохыг харуулж байна. Гэтэл 1,200,000,000 төгрөгийг огт баримт үйлдэлгүйгээр бэлнээр хүлээлгээд өгчихсөн гэж хэлж байгаа нь огт үнэмшилгүй байна.  Хариуцагч нар 1,770,000,000 төгрөгийн үүрэг хэрхэн үүссэн үндэслэлийг тайлбарлахдаа үндэслэл бүхий тайлбар хэлэхгүйгээр, 1,200,000,000 төгрөгийн гэрээнээс үүдэлтэй гэж тайлбарладаг. Анх байгуулсан 463 тоот зээлийн гэрээ хууль зөрчсөн хэлцэл, иймд энэ гэрээний үр дагавар болж хийгдсэн бусад хэлцэл хүчин төгөлдөр бус байх нь ойлгомжтой учраас үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.

Нэхэмжлэгч Х.О-ын тухайд 2011 оноос эхлэн өнөөдрийг хүртэлх хугацаанд хүнд өвчтэй, өвчиндөө шаналж, байнгын эмчилгээ асаргаанд байгаа. Харин ч энэ удаан хугацаанд өвчинтэйгөө тэмцэж, амьд байгаа нь олон удаагийн эмчилгээнд цаг тухайд нь хамрагдаж, эмчлүүлж байсантай нь холбоотой. Одоо ч гэсэн Солонгос улсад эмчилгээ хийлгэж байгаа. Тухайн үед үнэхээр мөнгө аваагүй юм чинь юуны түрүүнд биеэ эмчлүүлж, босоод ирвэл энэ үл ойлголцлыг арилгана, учир нь олдоно гэж найдаад явсан гэж нэхэмжлэгч хэлсэн. 4 удаа дарамтлуулж, гарын үсэг зурсан эсэх үндэслэлийг бодит байдалд хүнд өвчтэй морфин, трамадол зэрэг хүчтэй тариа хийлгэж, эмчилгээтэй  байсан үед нь хариуцагч гэрт нь өмгөөлөгчтэйгөө ирж, 1,770,000,000 төгрөгийн баримтад гарын үсэг зуруулж, хурууны хээг нь даруулсан байдаг. Амь нас нь эрсдэлд байгаа хүн дарамтад орох нь амархан. Тухайн үед тэр дарамтыг түр ч гэсэн холдуулж, багасгаж байвал гэсэн үүднээс тэр гэрээ, баримтад эргэлзэхгүйгээр гарын үсэг зурсан  байсан.

Бид зээлийн гэрээ, хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаас гадна үндэслэлгүй өгсөн 684,000,000 төгрөгийг буцаан шаардах нэхэмжлэлийг гаргасан. Анх нэхэмжлэл гаргахаас эхлэн 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 684,000,000  төгрөгийг Ц.Э, Д.Уранчимэг нарт бэлнээр өгсөн учир түүнийгээ буцааж авахаар шаардсан. Энэ шаардлагад хариуцагч нар хариу тайлбар хэлэхдээ аваагүй гэхээс өөр няцаалтыг хэлдэггүй. Хэрэгт 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн огноотой дараах баримтууд 684,000,000 төгрөгийг Ц.Э, Д.У нарт бэлнээр өгсөн болохыг нотолно. Нэгдүгээрт: Хурууны хээ дарсан 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр байгуулсан У компанийн лицензийг худалдах худалдан авах гэрээний урьдчилгаа төлбөрт З.Б-аас Х.О-, Ц.Э- нарт бэлнээр 1,075,000,000 сая төгрөг хүлээлгэж өгсөн мөнгө хүлээлцсэн баримт

Хоёрдугаарт: Тооцоо хийсэн Д.У гэсэн баримт байгаа. Энэ баримт нь эх хувь баримт биш боловч агуулга нь нотлох баримтын шаардлага хангасан бусад баримтаар тухайн үед Д.У өөрөө бичсэн болох нь нотлогдоно гэж тайлбарлаж байна.  Уг баримтад Х.О 1,883,517,000 төгрөгийн өртэй талаар тооцоолол хийсэн байх бөгөөд борлуулалт буюу У ХХК-ний хувьцааг зарсан 4,8 тэрбум төгрөгөөс 1,883,517,000 төгрөгийг хасахад Х.О-д 516,000,000 төгрөг ноогдох талаар бичсэн. 516,000,000 төгрөгийг бэлнээр авсан гэж Д.У бичсэн байна. 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн У ХХК-ын дансанд 125,000,000 төгрөг орж ирсэн. Х.О бэлнээр орж ирсэн 1,075,000,000 төгрөгөөс 390,000,000 төгрөгийг нь авч явсан гэдгийг гэрчийн мэдүүлэг давхар нотолж байна. 684,000,000 төгрөг нь Х.О, Ц.Э нарт хүлээлгэн өгсөн 1,075,000,000 төгрөгөөс Х.Ол бэлнээр авсан 390,000,000 төгрөгийг хасахад үлдэгдэл нь 684,000,000 төгрөг болж байгаа.

Гуравдугаарт:  Хариуцагч Ц.Э-ын Хаан банк дахь ....010928 тоот дансанд мөн өдөр буюу 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр бэлнээр 500,000,000 төгрөг, мөн 180,000,000 төгрөгийн орлогын гүйлгээ хийгдсэн байгаа нь 6 дугаар хавтасны 211 дүгээр талд авагдсан дансны хуулгаар нотлогдоно. Бэлнээр мөнгө өгсөн гэх өдөр Ц.Э нь өөрийн дансанд бэлнээр орлого хийсэн байгаа нь мөн давхар нотлогдоод байна гэж үзэж байгаа.

Мөн гэрч Х.О-ын мэдүүлгийг дурьдаж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-т зааснаар Х.О-т хууль сануулж гэрчийн мэдүүлэг авсан. Х.О нь 680,000,000 төгрөгийг Д.У эгч авч үлдсэн, 390,000,000 төгрөгийг нь ахын машины ард хийсэн гэдэг. Тооцоолол хийсэн Д.У гэх баримтад байгаа үйл баримт гэрчийн мэдүүлэгтэй тохирч байна. Хийсэн газар нь мөн адил тохирч байна. Иймд 684,000,000 төгрөгийг өгсөн гэдгийг эдгээр баримтуудаар нотолж байна. Ц.Э, Д.У нар нь энэ мөнгийг хууль, гэрээний дагуу биш үндэслэлгүйгээр олж авсан хөрөнгө болж таарч байна.

Дараагийн шаардлага нь 320,000 ам доллар, 885,000,000 төгрөгийг гаргуулах. Ам долларыг тухайн үеийн ханшаар тооцоход 715,000,000 төгрөг болдог, ингээд нийт 1,600,000,000 төгрөгийг Х.О нь 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Ц.Э, Д.У нарт өгсөн. Үүнийгээ буцаан шаарддаг. Анх 1,600,000,000 төгрөгийг Х.О, Ц.Э-д өгөх болсон шалтгаан нь Х.О-ын тайлбарлаж байгаагаар Ц.Э нь сонгуулийн ажилд мөнгө хэрэгтэй байна, чи лицензээ зараад мөнгө олоод өггэсний дагуу өгсөн гэдэг. Хариуцагч нар нь энэ 1,600,000,000 төгрөгийг авсанаа зөвшөөрдөг бөгөөд энэ талаар маргадаггүй. 1,600,000,000 төгрөг авсан талаараа удаа дараа мэдүүлсэн. Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчөөр сонгогдсоны дараа чамд Өлийн давааны алттай газрыг авч өгье гэж хэлсэн гэж Х.О тайлбарласан. Сүүлд нь чиний зарсан лицензийн мөнгөний талыг нь би авах ёстой байсан, анх гэр бүлээрээ нийлж лиценз авсан, угаасаа миний нэр дээр байсан лицензийг Х.О залилж авчихаад мөнгийг нь өгөхгүй байна гэж элдэв олон зөрүүтэй тайлбарыг хариуцагч хэлдэг. Энэ талаар цагдаа болон шүүхэд гомдол нэхэмжлэл гаргаж өдийг хүрсэн. Ганц тодорхой зүйл нь Ц.Э 1,600,000,000 төгрөгийг авсан гэдгээ хэлдэг боловч энэ мөнгийг Х.О-д буцааж өгөхгүй байх шалтгаанаа олон янзаар хэлсэн. Хариуцагч Ц.Э өөрийн биеэр шүүх хуралдаанд мэдүүлсэн мэдүүлэг, ... дүүргийн Цагдаагийн хэлтэст өгсөн Ц.Э, Д.У нарын мэдүүлэг, иргэний хэргийн шүүх хуралдаанд Ц.Б-г гэрчээр асууж авсан мэдүүлэг зэргээр 1,600,000,000 төгрөгийг хариуцагч нар Х.О-оос авсан болох нь тогтоогддог. Харин буцааж өгөхгүй байх үндэслэлээ тайлбарлахдаа итгэмжлэлийн үндсэн дээр гэх зэргээр олон янзаар тайлбарладаг.

Хувьцаа худалдах, худалдан авах гэрээний хавсралтад 4 удаагийн төлбөр тооцоотой холбоотой асуудлаар А тал буюу Х.О-ыг төлөөлж оролцох эрхийг Х.О-оос Ц.Э-д итгэмжилж байна гэж дурьдсаныг үндэслэн 1,600,000,000  төгрөгийг би авах эрхтэй, Х.О буцааж шаардах эрхгүй гэж хариуцагч тайлбарладаг. Иргэний хуулийн 63 дугаар зүйлийн 63.2-т зааснаар итгэмжлэлээр олж авсан хөрөнгийг захиран зарцуулах эрх Ц.Э-д үүсэхгүй. Итгэмжлэл хүчин төгөлдөр гэж үзэх тохиолдолд ч хэлцлээс үүсэх эрх, үүрэг нь гагцхүү төлөөлүүлэгчид бий болно. Иймд итгэмжлэлийн дагуу би авах ёстой гэх үндэслэлгүй юм.

Мөн “У ХХК-ний тодорхойлолтыг хэлдэг. 2014 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн баримтыг үндэслэж 1,600,000,000 төгрөгийг авах эрхтэй, буцааж өгөх үндэслэлгүй гэж хариуцагч тал тайлбарладаг. Уг баримтын талаарх Х.О-ын тайлбар, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, лицензийн хуулбар зэргээр хариуцагч талын тайлбар няцаагдана гэж үзэж байна. Х.О тайлбарлахдаа лиценз борлуулахтай холбоотой асуудлыг хөөцөлдөх үед хүнд итгүүлж ярих шаардлагатай байна гэж Ц.Э хэлсэн учраас түүний хүсэлтийн дагуу би энэ бичгийг хийж өгсөн. Ганцхан Ц гуайд хэрэглэсэн байх учиртай. Өөр газар хэрэглээгүй гэдэг. Мөн түүнчлэн ашигт малтмалын хайгуулын ... тусгай зөвшөөрөл нь 2009 оны 03 дугаар сарын 29-ний өдөр У ХХК-ийн нэр дээр бүртгэгдсэн байгаа. Хуулийн этгээдийн лавлагаа хавтаст хэргийн 204 дүгээр талд байгаа. “У ХХК-ийн хувьцааг Ц.Э гэх хүн хэзээ ч эзэмшиж байгаагүй. Х.О байгуулагдсан цагаас нь хойш эзэмшиж байгаа.

Мөн лицензийн төлбөрийг хариуцагч төлж байсан, лицензийг хамтарч авсан гэж тайлбарладаг. Гэхдээ лицензийн төлбөртэй холбоотой ганцхан баримт хэрэгт байгаа. Энэ нь лиценз, тусгай зөвшөөрлийн 50 хувийг хариуцагч эзэмших эрхтэй гэдгийг нотлох хангалттай баримт биш. Ямар ч шалтгаанаар төлбөрийг төлсөн байж болно. Хариуцагч өөрөө ч тайлбар дээрээ хэлж байна. Х.О өвчтэй байсан учраас хүсэлтийнх дагуу лицензийн төлбөрийг нь төлдөг байсан гэж ярьж байна. Ямар ч шалтгааны улмаас нэг удаагийн төлбөрийг хийсэн байж болно. Гэр бүлээрээ хамтарч худалдан авсан гэж ярьж байна. Гэр бүлээрээ худалдан авсан үйл баримт хэрэгт нотлогддоггүй. Ц.Э нь улс төрийн албан тушаалтан байсан болоод болохгүй байсан юм бол эхнэрийгээ “У ХХК-ний хувьцаа эзэмшигч болгох бүрэн боломжтой байсан.

Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл шилжүүлэх гэрээг 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр шинэчилж хийсэн. У ХХК-ийг төлөөлж Х.О, У ХХК-ийг төлөөлж З.Б гэх 2 этгээдийн хооронд гэрээ хийгдэж байгаа. Ц.Э гэх хүн энэ гэрээнд ямар нэгэн байдлаар оролцоогүй. Хариуцагч тал 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээний хавсралтад заасан итгэмжлэлийг бас ярьдаг. З.Б Х.О хоёр “Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл шилжүүлэх гэрээ”-г дахин шинэчилж хийн, гэрээний үнэ  4,800,000,000 төгрөгийг багасгаж, 4,300,000,000 төгрөг болгож хийсэн. 1 лиценз 2 лиценз болж салсан. Энэ ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн талыг нь эзэмшдэг юм бол хариуцагч энэ бүх үйл явцад оролцох ёстой. Гэтэл сүүлд гэрээний үнийн дүнг 4,300,000,000 төгрөг болгосон талаар огт ярьдаггүй. Анхны буюу талуудын тохиролцсоноор дуусгавар болсон гэрээг яриад гэрээг шинэчилсэн үйл баримтыг мэдэхгүй, ярихгүй байгаа нь хариуцагчид энэ хамааралгүй гэдгийг харуулж байна.

Мөн гэрч Я.И-ын мэдүүлэг байна. 2006 онд ... нэртэй тусгай зөвшөөрлийг У ХХК “М” ХХК-аас худалдаж авсан үеэс нь мэднэ гэж хэлдэг. Тусгай зөвшөөрөлтэй талбайд хайгуулын ажил хамтран хийсэн гэдэг. Хийснээ нотлох зорилгоор У ХХК болон А” ХХК-ийн хооронд байгуулсан гэрээг нотлох баримтаар өгдөг. Энэ үйл явц 2 жил үргэлжилсэн. Х лицензийг ашиглалтын А лиценз болгосон. Лиценз 2 салсан. Энэ бүхэнтэй холбоотой асуудалд Ц.Э оролцоогүй, Ц.Э-оос хайгуулын төлбөр авч байгаагүй гэж мэдүүлдэг. Я.И-ыг гэрчээр асуух үед хариуцагч тал оролцоогүй. Гэрчийн мэдүүлгийг няцаах баримтыг хэрэгт гаргаж өгөөгүй. Мөн “У ХХК-ийн захирал З.Б 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр ... дүүргийн Цагдаагийн хэлтэст гэрчээр өгсөн мэдүүлэгтээ  У ХХК, У ХХК-аас ашигт малтмалын тусгай зөвшөөрөл худалдаж авсан, тусгай зөвшөөрлийг 100 хувь эзэмшигч Х.О гэх хүнтэй гэрээ байгуулсан. Гэрээнд заасан төлбөрөө төлж дуусгасан. Харин Ц.Э-оос ямар нэгэн зүйл худалдаж аваагүй. Тэр хүнд ямар нэгэн төлбөр тооцоо байхгүй. У ХХК-тай байгуулсан гэрээний төлбөрийг төлж дуусгасан. Ц.Э, Х.О нарын хоорондын асуудал надад хамааралгүй гэх тайлбар өгсөн. Хариуцагчийн У ХХК-ны захирал З.Б-аас мөнгө авсан гэх тайлбар нь З.Б-ын өөрийнх нь өгсөн энэ мэдүүлгээр няцаагдаж байна.  

Мөн З.Б Х.О нарын хооронд үүссэн гэрээний төлбөрийг төлөхгүй, худалдан авсан талбайг ашиглахгүй байгаатай холбоотой Х.О-ын нэхэмжлэлтэй, У ХХК-д холбогдох маргаан үүссэн. Лиценз худалдаж авна гэж тохирсон гэрээний төлбөрийг төлөөгүй, мөн хайгуулын ажил хийдэггүй, ашиглалтын  зардал явуулахгүй болоод ирэхээр Х.О төлбөрөө төлөхгүй, ажлаа хийхгүй тохиолдолд тусгай зөвшөөрөл цуцлагдах тул гэрээгээ цуцлая гэж З.Б-т холбогдуулж нэхэмжлэл гаргасан. Тухайн нэхэмжлэл ... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн шүүгчийн  захирамжаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусгавар болсон. Энэ хэргийн оролцогчид нь Х.О, З.Б хоёр юм. Хариуцагч Ц.Э энэ хэрэгт ямар нэгэн байдлаар оролцоогүй. Өөрийнх нь хувь эзэмшдэг лицензтэй холбоотой асуудал байсан тохиолдолд З.Б-тай холбоотой шаардлагад хамтарч явах бүрэн боломжтой байсан. Гэтэл тийм зүйл болоогүй. Үүгээр хариуцагч талын тайлбарлаж байгаа лицензийг Х.О-той  хамтарч эзэмшиж байсан, улмаар хамтдаа З.Б-т зарсан гэх тайлбарууд  нь няцаагдаж байна. Хариуцагч нь У ХХК-д хувьцаа эзэмших эрхгүй, ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг худалдсан гэрээнд оролцоогүй байж авсан 1,600,000,000 төгрөгөө буцааж өгөх үүрэггүй гэж тайлбарлаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлага 320,000 мянган ам долларыг нэхэмжлэл гаргах өдрийн ханшаар буюу 3,523 төгрөгөөр тооцож 1,127,360,000 төгрөг, нийт 2,695,874,000 төгрөгийг Ц.Э, Д.У нараас гаргуулж, үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй  гэв.  

Хариуцагч, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, сөрөг нэхэмжлэлдээ:      

Х.О нь Ц.Э надтай 2012 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 463 тоот зээлийн гэрээ байгуулж, 1,200,000,000 төгрөгийг зээлж авсан байдаг. Энэхүү зээлж авсан мөнгөө хугацаандаа төлөхгүй байсан тул Х.О-той үндсэн зээл, хүү, алдангийн тооцоог харилцан тохиролцон тооцоолж 1,560,000,000 төгрөгийн хэмжээгээр зээлийн гэрээг шинэчлэн байгуулж, хугацааг 2012 оны 04 дүгээр сарын 18-ны өдрөөс 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүртэл 18 сарын хугацаагаар өөрчлөн сунгаж, анх зээлдүүлсэн үнийн дүн болох 1,200,000,000 төгрөгөөс сарын 2.5 хувийн хүү тооцохоор болж, хугацаа хэтэрсэн тохиолдолд хоногийн 0.2 хувийн алданги тооцохоор харилцан тохиролцсон. Х.О нь энэхүү мөнгөө өнөөдрийг хүртэл өгөхгүй хуурч, мэхэлж залилсаар байгаа тул миний зүгээс Эрүүгийн цагдаагийн газарт хандан эрүүгийн журмаар шалгуулж байгаа болно. Гэтэл Х.О нь зээлж авсан мөнгөө огт аваагүй мэтээр нэхэмжлэлдээ бичсэн байгаа нь анхнаасаа тухайн зээлсэн мөнгөө өгөхгүй байх санааг илтэд агуулж, бусдын итгэлийг эвдэж, хуурч мэхлэх аргаар надаас мөнгө авсан болох нь илэрхий гэж үзэж байна.

2012 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 463 тоот зээлийн гэрээ, 2013 оны 05 дугаар сарын 13-ны өдөр  байгуулсан 808 дугаартай зээлийн гэрээ, 2014 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн өр төлбөр барагдуулах тухай хэлцлийг тус тус хүчин төгөлдөр бусад тооцуулах шаардлагыг эс зөвшөөрч дараахь тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага хуульд заасан шаардлагыг хангахгүй, ойлгомжгүй тодорхойгүй байна. Нэхэмжлэгч нь эдгээр гэрээ, хэлцлийг ямар үндэслэлээр хүчин төгөлдөр бусад тооцуулах гэсэн үндэслэл нь ойлгомжгүй, тодорхойгүй байна. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 57-60 дугаар зүйлд зааснаар хүчин төгөлдөр бусад тооцуулж болохоор зохицуулсан байдаг. Гэтэл хуулийн аль /хууран мэхэлсэн, ноцтой төөрөгдсөн, хүч хэрэглэсэн гэх мэт/ үндэслэлд нь хамааруулж, шаардлага гаргаж байгаа нь өөрөө тодорхойгүй, ойлгомжгүй, нэхэмжлэлийн үндэслэл, тодорхой бус байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэл шаардлагаа тодорхойлж чадахгүй байгаа байдлаас харахад зээлийн гэрээ, хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах ямар ч үндэслэл байхгүй болохыг харуулж байна. Нэхэмжлэгч Х.О нь шүүхэд анх 64,000,000 төгрөгийг хүү тооцсоор 1,200,000,000 төгрөг болгосон гэсэн атлаа энэхүү тайлбараасаа буцаж 64,000,000 төгрөгийн төлбөр дууссан гэж мэдүүлсэн. Мөн лиценз зарсан төлбөрийг хуваан авсан гэсэн атлаа шүүх хурал дээр лиценз зараагүй, компанийн хувьцаагаа зарсан гэх тайлбарыг өгсөн, мөн зээлийн гэрээнд хүчээр зуруулсан, хуурч мэхэлсэн, дарамталсан, хоосон цаасан дээр зуруулсан, өөрөө юун дээр зурж байгаагаа мэдэхгүй байсан зэрэг илэрхий зөрүүтэй тайлбар өгөхөөс гадна одоо олон төрлийн бүтээгдэхүүний нэр жагсаагаад түүнийгээ зээлээр авсан мэтээр шинэ үндэслэл гаргасан нь өмнө өгсөн “зээл нэмэгдсээр өндөр дүнтэй болсон” гэх тайлбартай нь зөрчилдөж байгаагаас гадна нэхэмжлэгч нь ямар ч аргаар хамаагүй зээлийн гэрээний дагуу авсан 1,200,000,000 төгрөгийг өгөхгүйн тулд олон янзын худал, хуурмаг шалтгаан, үндэслэл гаргаж байгаа болохыг харуулж байна. Нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд байгуулсан зээлийн гэрээ болон өр, төлбөр барагдуулах гэрээ нь эрх зүйн бүрэн чадамжтай этгээдүүдийн хооронд байгуулагдсан, хууль зөрчөөгүй тул хүчин төгөлдөр бусад тооцуулах гэрээ, хэлцэлд хамаарахгүй болно.

Ц.Э, Д.У нараас 683,514,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараахь тайлбарыг гаргаж байна.

Нэхэмжлэлийн энэхүү шаардлагатай холбоотой өмнө нь эс зөвшөөрч хариу тайлбар өгч байсан. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчээс 683,514,000 төгрөгийг авч байгаагүй. Иргэний хэргийн материалаас үзэхэд иргэн Ц.Э, Х.О нар нь олон жилийн өмнөөс найзалж нөхөрлөж ирсэн, ингэхдээ Ц.Э нь алт худалдан авах, банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхэлж зээл олгох бизнес эрхэлдэг байсан бол Х.О нь уул уурхайн бизнес эрхэлж Ц.Э-оос удаа дараа зээл авдаг байсан нь нотлогддог. Тухайлбал маргаан бүхий зээлийн гэрээнээс гадна Хан-Уул дүүргийн иргэний хэргийн шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн ... дугаартай шүүгчийн захирамжаар иргэн Х.О нь 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн дотор хариуцагч Д.У-гийн 100 хувийн хувьцаа эзэмшдэг “В ББСБ” ХХК-д 50,000,000 төгрөг өгөхөөр болсон боловч өнөөдрийг хүртэл төлж барагдуулалгүй явж байгаа /баримтыг хавсаргав./ Мөн нэхэмжлэгч Х.О нь 110,000,000 гаруй төгрөгийн хохирол Ц.Э надад учруулсан тул 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн ... дугаартай Нийслэлийн ... дүүргийн Прокурорын тогтоолоор яллагдагчаар татагдан шалгагдаж, эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжсэн байхдаа дээрх хохирлоо буцаан төлж барагдуулсан байдаг. /баримтыг хавсаргав/. Харин эсрэгээр Х.О нь Ц.Э-д мөнгө зээлсэн тухай ямар ч баримт хэрэгт байдаггүй болно. Иргэн Ц.Э-д иргэн Х.О-оос мөнгө авах хэрэгцээ шаардлага байхгүй, зөвхөн авах авлагатай байдаг бөгөөд тухайлбал шүүхээс гарах шийдвэрийг баталгаажуулж, хөрөнгө битүүмжилсэн байдлыг авч үзэхэд Ц.Э-ын нэр дээр өндөр үнэлгээ бүхий 15 үл хөдлөх эд хөрөнгө /2 дугаар хавтаст хэргийн 72-74, 99-102 тал/, харин******* нь 1 орон сууц, 1 зуслангийн газар байгаа нь зэрэг нь хөрөнгө, санхүүгийн чадвар, зээл авах хэрэгцээ шаардлагын нэг үзүүлэлт юм. Нэхэмжлэгч нь иргэн Ц.Э, Д.У нарт мөнгө өгсөн юм бол иргэний хэрэг үүсгэснээс хойш 5-6 жил болж байхад энэхүү шаардлагатай холбоотой баримтаа өнөөдрийг хүртэл шүүхэд гаргаж өгөхгүй байгаагаас харахад нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй болохыг харуулж байна.

Ц.Э, Д.У нараас 320.000 ам.доллар, 885,000,000 төгрөг гаргуулах шаардлагыг эс зөвшөөрч дараахь хариу тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөхдөө энэхүү шаардлагынхаа үндэслэлийн талаар бичээгүй байгаагаас харахад энэхүү шаардлага үндэслэлгүй болохыг харуулж байгаа болно. Хэрэв нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөхөөс өмнөх үндэслэлээр энэхүү шаардлагаа дахин гаргаж байгаа бол энэхүү шаардлагыг эс зөвшөөрсөн хариу тайлбарыг хариуцагч нар нь удаа дараа гаргаж шүүхэд өгсөн байгаа. Хариуцагч нарын хувьд Х.О-оос энэхүү шаардлагын дагуу нэхэмжилж буй ихээхэн хэмжээний мөнгийг аваагүй, дээрх мөнгийг “У” ХХК-ийн захирал З.Б-аас авсан тул өмнө нь гаргаж байсан өөрсдийн хариу тайлбараа дэмжиж, энэхүү шаардлагыг эс зөвшөөрч байгаа болно. Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.  

Сөрөг нэхэмжлэлийн хувьд Ц.Э би Х.О-той 2000 оноос хамтран ажиллаж, найзалж ирсэн байдаг. Тийм ч учраас түүнд маш их итгэж мөнгө, төгрөгийг баримттай, баримтгүйгээр өгөлцөж, авалцаж шаардлагатай тохиолдолд санхүүгийн хувьд дэмжин тусалж ирсэн. 2009-2013 оны хооронд Х.О нь өөрийн эрүүл мэндийн байдлаас болж эдийн засгийн хувьд хүнд байдалд орсон бөгөөд БНСУ-д эмчилгээ хийлгэдэг болсон. Энэхүү хугацаанд Ц.Э би Х.О-д өөрийн боломжоор тусалж дэмжихээс гадна 2012 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 463 тоот зээлийн гэрээ байгуулж, 1,200,000,000 төгрөгийг сарын 2.5 хувийн хүүтэйгээр, 7 сарын хугацаатайгаар зээлдүүлсэн болно. Х.О нь 2012 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 463 тоот зээлийн гэрээний дагуу авсан зээлээ төлж барагдуулаагүй тул 2013 оны 05 дугаар сарын 13-ний өдөр үндсэн зээл, хүү, алдангийн нийт үнийн дүн буюу 1,560,000,000 төгрөгийн хэмжээгээр зээлийн гэрээгээ шинэчлэн байгуулж, хугацааг 2012 оны 04 дүгээр сарын 18-ны өдрөөс 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүртэл 18 сарын хугацаагаар өөрчлөн сунгаж, анх зээлдүүлсэн үнийн дүн болох 1,200,000,000 төгрөгөөс сарын 2.5 хувийн хүү тооцохоор болж, хугацаа хэтэрсэн тохиолдолд хоногийн 0.2 хувийн алданги тооцохоор харилцан тохиролцсон 808 тоот зээлийн гэрээг шинэчлэн байгуулсан. Гэвч Х.О нь зээлж авсан мөнгөө, хүү, алдангийн хамт эргүүлж төлөлгүй удаасаар байсан тул талууд 2014 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр тооцоо нийлэх замаар өр, төлбөрөө баталгаажуулан 1,770,000,000 төгрөгийг иргэн Ц.Э надад төлөхөөр болсон. Мөн надаас дахин 113,514,000 төгрөгийг бэлнээр авсан бөгөөд өмнөх 463 тоот зээлийн үлдэгдлийн хамт нийт 1,883,514,500 төгрөгийг буцаан төлнө гэж 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр баталж баталгаа бичиж өгсөн боловч өнөөдрийг хүртэл хугацаанд төлж барагдуулахгүй иргэн Ц.Э намайг залилан хуурч мэхэлж, хохироосоор байна. Х.О нь энэхүү өр төлбөрөө төлөхөөс зайлсхийхийн тулд зээлийн гэрээний дагуу мөнгө огт аваагүй, Ц.Э нь надад мөнгө өгөөгүй, харин 2005 онд 64,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан, түүний өр төлбөрийг ихэсгэж 2012 оны зээлийн гэрээнд 1,200,000,000 төгрөг гэж Ц.Э өөрөө нөхөж бичсэн гэж баримт нотолгоогүй худал ярьж 2012 оны 463 тоот болон 2013 оны 808 тоот зээлийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасанд харамсаж байгаа болно. Иймд Х.О-оос 2012 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 463 тоот болон 2013 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 808 тоот зээлийн гэрээний өр, төлбөр, хүү, алдангийг гаргуулах шаардлага гаргаж байгаа бөгөөд энэхүү шаардлага нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдохоор байх тул үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлүүлэхээр энэхүү сөрөг нэхэмжлэлийг гаргаж байна. Х.О-ын хувьд 2012 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 463 тоот болон 2013 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 808 тоот зээлийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар үндсэн нэхэмжлэл гаргасан байх тул хариуцагчийн зүгээс  эдгээр гэрээний дагуу авсан зээлийн өр төлбөрийг гаргуулах нь харилцан тооцох боломжтой, үндэслэлтэй шаардлага гэж үзэж байгаа болно. Х.О нь 2012 оны 463 тоот зээлийн гэрээний дагуу зээл авснаас хойш огт төлбөр төлөөгүй бөгөөд 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар дараахь зээлийн өр төлбөртэй байна. Үүнд:

1. Үндсэн зээл 1,200,000,000 төгрөг

2. 2012 оны 04 дүгээр сарын 18-ны өдрөөс 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүртэл 18 сарын хугацаанд хүү 540,000,000 төгрөг

3. Алданги 2013 оны 10 дугаар сарын 19-ны өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хүртэл 1309 хоногийн алданги 0.2 хувиар тооцоход хоногийн 2,400,000 төгрөг, нийт 3,141,600,000 төгрөг, алданги нь Иргэний хуульд заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн 50 хувиас хэтэрч болохгүй тул 600,000,000 төгрөг, нийт 2,340 000,000 төгрөг болж байна. Гэвч талуудын хооронд байгуулсан 2012 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 463 тоот зээлийн гэрээ болон 2013 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 808 тоот зээлийн гэрээ, 2014 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр  өр төлбөрөө барагдуулахаар харилцан тохиролцсоны дагуу 1,770,000,000 төгрөгийг Х.О-оос гаргуулж өгнө үү  гэв.  

Хариуцагч нарын өмгөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбар, эрх зүйн дүгнэлтдээ:  

Үндсэн нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу зөв тодорхойлж чадаагүй гэж үзэж байна. Учир нь нэхэмжлэлийн шаардлага нь мэтгэлцэхэд төвөгтэй, зөрчилдөөнтэй байдлыг үүсгэж байна. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4, 196 дугаар зүйлийн 196.1.1-т заасныг баримталж, гэрээг байгуулсанд тооцно гэх үндэслэлийг гаргаж, энэ шаардлагыг хангаагүй гэж тайлбарлах мөртлөө нэхэмжлэлийн шаардлага нь хүчин төгөлдөр болсон гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах гэдэг байдлаар хандаж байгаа нь ойлгомжгүй байна. Гэрээ байгуулсанд тооцуулах гээд байгаа юм уу, эсхүл хүчин төгөлдөр гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах гээд байгаа юм уу гэдэг нь тодорхойгүй байна. Эдгээрийн хууль зүйн үр дагавар нь асар их ялгаатай. Гэрээг байгуулсанд тооцуулна гэвэл өөр зүйл. Нэгэнт байгуулагдсан гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулна гэвэл гэрээ ямар хуулийг зөрчсөн гэх асуудал яригдана. Иргэний хуулийн ерөнхий зохицуулалтыг баримталсныг хууль зөрчсөн хэлцэл гэж үздэггүй. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т:  хууль зөрчсөн, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл гэж заасан.

Нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй байна. Мөн нэхэмжлэлийн шаардлага олон удаа өөрчлөгддөг. Энэ хэргийн тухайд 6-7 жилийн хугацаанд миний мэдэхээр 7-8 удаа шаардлага өөрчлөгдсөн. 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр нэхэмжлэлийн шаардлага өөрчлөгдөхөд Өлийн давааны газар гэх асуудал анх удаа гарч ирсэн. Өмнө нь ийм асуудал ярьж байгаагүй, 2023 оны 03 дугаар сарын 29-ны өдрийн нэмэгдүүлсэн  шаардлагад 683,514,000 төгрөгийг хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр шилжүүлсэн мөнгө гэж дурьдсан байгаа, дараагийн мөнгө нь үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж байгаа юм уу, гэрээний бус үүрэг гэж нэхэж байгаа юм уу энэ талаарх үндэслэлийг дурьдаагүй. Хэрэв энэ мөнгийг нэхэх тохиолдолд Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т зааснаар аж ахуйн нэгж ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг эзэмшдэг. Хувь хүн эзэмших боломжгүй. Маргаан гарч байгаа шалтгаан нь Ц.Э гэх хүн эзэмших боломжгүй. Лиценз борлуулсан, худалдсан төлбөрийг хүлээн авагч нь хуулийн этгээд байдаг. Хувь хүн байдаггүй. Хэрэв энэ төлбөрийг нэхэх тохиолдолд ядаж У ХХК нэхэх ёстой. Түүнээс хувьцаа эзэмшигч нь компанийн өмнөөс би эзэмшдэг хэмээн нэхэх эрх байхгүй. Шүүхийн маргаанд хэргийн оролцогчид өөр статустай байдаг. Хуулийн этгээдээс хувьцаа эзэмшигчид эрх олголоо гэхэд хуулийн этгээдийг төлөөлнө үү гэхээс хувь хүн хуулийн этгээдийн өмнөөс орох боломжгүй. 2 компанийн хооронд лиценз худалдсан асуудал, түүний төлбөрийг хүлээн авагчаар Ц.Э оролцсон асуудал дээр энэ маргаан дуусаагүй. Бид лицензийн 50 хувийг өмчлөх эрхтэйг тогтоолгох тухай маргааныг тусдаа хийнэ. Нэгдүгээрт лицензийг худалдаж авсан мөнгийг манай тал төлсөн. Лицензийн хайгуулын ажлын төлбөрийг жил болгон төлж тайлагнадаг. Тэр мөнгийг төлж байсан. Лицензийн төлбөр төлсөн баримтаас хавтаст хэрэгт 1 баримт авагдсан боловч бэлнээр өгсөнийг нотлох бусад баримтыг нөгөө маргаан дээрээ гаргаж ирнэ. Хэрэв энэ лиценз Ц.Э-д хамааралгүй байсан юм бол******* яагаад энэ тодорхойлолтыг өгсөн юм бэ? Яагаад худалдсан төлбөрийг хүлээн зөвшөөрч, 50 хувийг нь ав гээд байгаа юм бэ? Яагаад З.Б гомдол гаргахдаа лиценз зарах асуудлыг ярьсан юм бэ? Эдгээр нь тусдаа асуудал. Харин ч гэрээний дагуу илүү мөнгө нэмж авах учиртай. 2014 оны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцсон юм уу, энэ гэрээтэй холбоотой маргаан гарсан юм уу энэ талаар сонсоогүй. Өмгөөлөгч Ц.Б гэх хүн Ц.Э лиценз, хувьцаан дээр албан ёсоор байдаггүй юм байна гэж хэлээд л энэ хэрэг эсрэг байдлаар явсан. У” ХХК нь худалдан авагч, манайх худалдагч тал нь байсан. Цаасан дээр энэ талаар байгаагүй. Шалтгаан нь маш тодорхой байсан. Төв аймгийн хувьд уул уурхайн лиценз эзэмшиж байгаа улс төрийн албан тушаалтнууд ёс зүйн хариуцлага хүлээдэг. Хэний нэр дээр авсан ч ялгаагүй. Тийм болохоор найзынхаа нэр дээр л авсан. Нэрээ оруулаагүйн улмаас сүүлд ийм маргаан үүссэн. Эдгээр нь үндсэн нэхэмжлэлтэй холбоотой асуудлууд. Хүчин төгөлдөр бусад тооцуулах гэрээг би хууль зөрчсөн хэлцэл гэж хараагүй. Яагаад гэвэл нотариатгүй байсан ч хийгдэж болно. Иргэд хоорондын зээлийн гэрээ. Эхний 2 гэрээ нотариатаар гэрчлэгдсэн, 3 дахь гэрээ буюу 2014 оны өр барагдуулах хэлцэл нь нотариатаар ороогүй, 2016 оных нь хэлцэл биш. Гэхдээ 1,883,000,000 төгрөгийн баримтанд нэхэмжлэгч өөрөө гарын үсэг зурж, хурууны хээгээ дарсан. Хэрвээ манай тал зээлийн гэрээ байгуулчихаад гэрээний дагуу мөнгөө шилжүүлээгүй юм бол энэ гэрээний үүргийн зөрчил. Эсхүл шилжүүлсэн мөнгийг зээлдэгч буцаан төлөхгүй байгаа тохиолдолд цуцалдаг. Гэтэл яагаад 4 жил хагасын хугацаанд зээлийн мөнгөө өгөөч гэж шаардаагүй юм бэ. 2012 онд гэрээ хийгээд 2013, 2014, 2016 онд батлаад явсан. Насанд хүрсэн, эрх зүйн бүрэн чадвар, чадамжтай, сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай хүн шүүх хуралдаанд орж ирдэг. Хамгийн харамсалтай нь нэхэмжлэгч орж ирэх болгондоо өөр зүйл ярьдаг. Яг нэхэмжлэлийн шаардлагаа олон өөрчилсөн шиг. Мэдүүлэг тайлбар нь ерөөсөө тогтвортой биш. Олон өмгөөлөгч сольдогтой холбоотой байж магадгүй. Монгол Улсын дээд шүүх болон .... Давж заалдах шатны шүүхээс хэрэг буцахаар хэргийн процесстой тохируулж өөрчилдөг. Бид ярьдаг. Үйл баримт үнэн гэдэг бол ганцхан байна. Олон хувилбартай байдаггүй. Гэтэл хэргийн нөхцөл байдалд нь нийцүүлээд яваад байдаг. Сонгуулийн санхүүжилт гэдэг зүйл байгаагүй. Хариуцагч нь Х.О-оос мөнгө зээлэх санхүүгийн чадвар муутай хүн биш. Бүх мэдүүлэг тайлбарыг харах явцад дандаа Ц.Э-оос Х.О руу мөнгө, санхүүжилт өгсөн байдаг. 2005 оны 64 сая төгрөг,В” ББСБ-ийн зээл өгсөн асуудал. 110 сая төгрөгийн залилангийн асуудал.  Х.О мөнгөө төлөхөд гомдлоо татсан. Ц.Э Х.О-оос мөнгө зээлэх ямар шаардлага байгаа юм бэ? Энэ хүний алдаа нь улс төрийн албан тушаалтан учраас найзынхаа нэр дээр лиценз эзэмшиж байгаад сүүлд нь энэ маргаан гарсан. Гэхдээ тэр маргааныг тусад нь шийдүүлнэ гэж хэлсэн. Хуулийн этгээд, хувь хүний хувьд маргана. Эхний ээлжинд иргэд хоорондын зээл, төлбөр тооцооны асуудлаа ингээд дуусгана. Энэ нэхэмжлэл нь ... дүүргийн иргэний хэргийн шүүхэд 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр анх ирсэн. Үүнээс 7 хоногийн өмнө нэхэмжлэгч 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 1 тэрбум 883 сая төгрөгийг төлж барагдуулна гээд хурууны хээгээ дараад, гарын үсэг зурсан байдаг. Зээлээ төлөх амлалтаа өгчихөөд 7 хоногийн дараа гэнэт төлөхгүй гэж маргадаг. Энэ маргаан нь зээлээс л болж үүссэн. Зээлийг төлөхгүй байх, лицензийг зарж, дундаа авч байсан мөнгөө зээлийн төлбөр тооцоогоор баланслаж гарах зорилготой байсан. Үнийн дүн өссөөр байгаад сүүлдээ 2,6 тэрбум төгрөг болсон. 1 тэрбум 600 сая төгрөг У” ХХК, У ХХК-ийн лиценз шилжүүлсэнтэй холбоотой. Бид нар дахиад мөнгө авна гэж явна. Иргэн Х.О, Ц.Э нарын хоорондын төлбөр тооцооны асуудал энд шийдэгдэх ёстой. Хэрэв Х.О-ыг мөнгө аваагүй гэж үзэх юм бол мөнгө хүлээлцсэн баримтад гарын үсэг зурсан байсан ч аваагүй гэж хэлж болохоор байна. Тэгвэл нэхэмжлэгч талын нэхэмжилж буй нотлох баримт болон манай баримтыг харьцуулаад харахаар нэхэмжлэгч талын баримтын нотолгооны ач холбогдол бага байна. Манайх шиг гэрээ хийж, 2 талд гарын үсэг зурсан баримт байхгүй. Гэтэл ёс зүйтэй тулдаа бид нар У” ХХК-аас мөнгө авсан гэдгээ мэдүүлж байгаа. Түүнээс бидний 1 тэрбум 600 сая төгрөг авсан талаар тийм баримт байхгүй. Бид нар Х.О шиг ингэж аваагүй гэж болох байсан. Ядаж манайх шиг гэрээ хэлцэл байхгүй.

Гэрчийн мэдүүлэгтэй холбоотой тайлбар өгье. Эрүүгийн шүүхийн практикт гарсан зүйл. Гэмт хэргийг шалгахад өгсөн гэрчийн мэдүүлгийг өөрийнх нь эсрэг ашиглах, нотлох баримтаар тооцохыг хориглосон Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн шийдвэр гарсан. Энд шүүхийн практик тогтсон. Манай 2 үйлчлүүлэгчийг айлгасан. Прокурорт гомдол өгөөд шалгахад манай 2 хүн очоод бид нар лицензийн талаар мэдэхгүй гэж хэлсэн. Гэтэл мэднэ. З.Б-тай наймаа хийгээд явсан хүн. Цагдаа дээр залилан гэж хэлэхээр нь энэ 2 хүн мэдэхгүй гэж хэлсэн. Гэтэл мэддэг гэх баримт хэрэгт хангалттай байгаа. Энэ дээр чинь гомдол гаргаад явдаггүй. Яагаад гэхээр энэ хүмүүс рүү чиглэсэн, буруутгасан гомдол дээр мэдүүлэг авч байгаа учраас. Цаад утга нь Үндсэн хуульд заасан өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй холбоотой. Өөрөөр хэлбэл хэрэгт буруутгагдаж байгаа хүн хуулийн дагуу худлаа ярих эрхтэй. Хууль зүйн баталгаагаар хангагдсан. Үүндээ хариуцлага хүлээдэггүй. Энэ үйл баримтыг үндэслэж, энэ компанид хариуцагч хамааралгүй гэж хэлж болохгүй. Санхүүжилтийн тухайд зөвхөн Ц.Э-оос Х.О руу чиглэсэн байгаа. Хэрэв Ц.Э лицензийн төлбөрийг цаг тухайд нь төлж яваагүй тохиолдолд Х.О-ыг эрүүл мэндийн шалтгаантай байх үед нь энэ лиценз байхгүй болох байсан. Харамсалтай нь хувьцаанд нь нэрээ оруулж чадаагүй. Маш олон шалтгаан байсан. Бид нар У ХХК-ний хувьцааны 50 хувийг авъя гэж яваагүй. Яагаад гэвэл У ХХК ганцхан энэ лицензээс гадна өчнөөн олон төрлийн үйл ажиллагаа явуулдаг. Тэр нь бид нарт хамаагүй. Гэтэл зөвхөн энэ лицензийн 50 хувийг өмчлөх эрхтэй болохыг тогтоолгохын төлөө явсан. Лицензийн хөрөнгө оруулалт байсан болохоос компанийн бусад үйл ажиллагаанд хамааралгүй. Ийм учраас үндсэн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй, нэхэмжлэлийн шаардлагаа зөв тодорхойлж чадаагүй. Нэхэмжлэх эрхтэй этгээд биш гэж үзэж байна.

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хувьд бэлэн төлбөр тооцоон дээр үүнээс өөр ямар баримт байх вэ? Нотариат орсон, хөндлөнгийн гэрчүүд байсан, бичгээр хийсэн, гарын үсэг зурсан, хурууны хээгээ дарсан, өөр яах байсан юм бэ? Бусад бүх гэрээ ийм байдлаар явсан. Шүүх дээр эвлэрдэг гэхээр нь яг ингэж хийгдсэн. Жижиг бага дүнтэй мөнгийг хүлээн зөвшөөрөөд байдаг, их хэмжээний буюу том дүнтэй мөнгөнд нэхэмжлэгч маргаад байдаг. Ийм байж болохгүй. Зөвхөн энэ гэрээн дээр гэхэд 5 янзын өөр тайлбар тавьсан. Дарамталсан гэж ярьдаг. Бид Х.О-ыг дарамталж чадахгүй. Х.О мундаг том биетэй, Ц.Э-ыг 2 нугалахаар том биетэй, тийм хүнийг айлгана гэж байхгүй. Яагаад бид нар мөнгө өгөөгүй байж хүн айлгах юм бэ? Энэ үнэмшилтэй байна уу? Мөнгө аваагүй хүн хууль хяналтын байгууллага, цагдаад хандах ёстой. 4 жилийн хугацаанд айж явсан гэдэг нь утгагүй. Заналхийлсэн зүйл байхгүй. Сүүлдээ явахгүй болохоор хоосон цаасан дээр зурж өгсөн гээд, бүр сүүлдээ морфин хэрэглэж байсан учраас сэтгэл санаа хүнд хэцүү байсан гэдэг. Юунд гарын үсгээ зурснаа мэдэхгүй байсан гэх ийм олон тайлбар гаргасан. Өөрөөр хэлбэл үүнийг зөвшөөрөхгүйн тулд. Нэхэмжлэлийн шаардлага болон үндэслэлийн тайлбар нь маш олон өөрчлөлттэй, тогтворгүй. Бид нар анхнаасаа зээлийн гэрээний дагуу мөнгөө авъя гэсэн. 7 жилийн хугацаанд юу ч авч чадаагүй. Эцэст нь хувийн байдлын талаар хэлье. Бид нар шүүхийн маргаан энүүгээр шийдэгдэнэ гэж бодож байгаа. Хамгийн сүүлд 110 сая төгрөгийн залилангийн хэргээр яллагдагчаар татагдаж, шүүх рүү шилжих явцад энэ хүнийг шоронд оруулж яах юм бэ, шүүхэд зээлийн маргаан тусдаа шийдэгдэнэ биз гээд бид гомдлоо татаж авсан. Х.О мөнгө авсан учир төлсөн. Гэтэл дарамталсан гэж ярьж байна. Хэн нь хүнээс мөнгө авч, залилан хийж, яллагдагчаар татагдаж, хичнээн хэрэг дээр явж байгаагаас хувийн байдал нь харагдаж байна. Ц.Э улс төрийн албан тушаал хашдаг учраас тийм зүйлд холбогдохгүй. Мөнгө өгсний дараа ийм л байдалд орлоо. Үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Лицензийн төлбөр тооцоотой холбоотой оролцсон талууд нь шийдэх газраар нь тусдаа явах байх. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв. 

Хариуцагч нарын өмгөөлөгч Р.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбар, эрх зүйн дүгнэлтдээ:  

Нэхэмжлэгчийн хувьд 3 хариуцагчийн 1 хариуцагчаас нь татгалзсан, одоо 2 хариуцагчид холбогдуулан шаардлага гаргасан гэж ойлгож байна. 683,514,000 төгрөгийг Ц.Э-оос, 320,000 ам доллар, 885,000,000 төгрөгийг Ц.Э, Д.У нараас нэхэж, шаардлагаа тодорхойлсон гэж үзэж байна.

683,514,000 төгрөгийг өгсөн гэдэг нь нотлох баримт шинжлэн судлах, асуулт хариулт мэтгэлцээний үед нотлох баримтаар нотлогдсонгүй. 683,000,000 төгрөг Ц.Э-ын дансанд орсон гэж яриад байна. Мөнгө өөрөө царайгүй учраас бид нарын өгсөн мөнгө гэж хэлж болно гэж бодоод байх шиг байна. Хүний дансанд мөнгө орсноор биш тухайн он, сар, өдөр, цаг хугацаанд бэлэн болон дансаар мөнгө өгсөн баримтаар нотлох ёстой. Ямар нэгэн тойруу утгаар, таамаглах төдий баримтуудыг үндэслэж, нотлогдож байна гэж ярьж болохгүй. 683,514,000 төгрөг өгсөн гэж нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Өнөөдрийн байдлаар энэ талаар ямар нэгэн нотлох баримт гаргаж өгөөгүй.

Мөн Ц.Э, Д.У нараас 320,000 ам доллар, 885,000,000 төгрөгийг нэхэж байна. Ялгааг нь гаргах хэрэгтэй. Д.У нь З.Б гэх хүнээс 1,600,000,000 төгрөгийг авч, Ц.Э-д аваачиж өгсөн хүн. Хэрэв аваачиж өгсний төлөө Д.У-ийг мөнгө авсан гэж байгаа тохиолдолд Ц.Э-оос нэхэмжлэх эрхгүй. Ц.Э үүнд хамааралгүй болно. Хэрэв Ц.Э-оос нэхэмжилж байгаа тохиолдолд Д.Уранчимэгт энэ ямар ч хамааралгүй болно. Үйл явдал болон нөхцөл байдал 2 өөр зүйлийг илэрхийлж байна. Гэтэл хамтран оролцуулж аль алинаас нь нэхэж байгаа нь хуульд нийцэхгүй байна. Өөрөөр хэлбэл Д.У, Ц.Э нарын аль нэгэнд л хамааруулах ёстой. 1,600,000,000 төгрөг нь 2014 онд У ХХК, У ХХК нарын хооронд хийсэн гэрээний дагуу 2015 онд авсан мөнгө яригдаж байна. 2016 оны гэрээ болон Д.У байлцаж, өгсөн авсан гэх зүйл яригдаагүй. Энэ талаар шүүгч анхаарч үзэхийг хүсэж байна. Х.О гэх хүн хувь хүнийхээ хувьд Ц.Э-д мөнгө өгсөн талаараа нотлох ёстой. Гэтэл нотлогдохгүй байна. У ХХК-аас тусгай зөвшөөрөл шилжүүлсэнтэй холбоотой мөнгө авсан талаар яригдаж байна. Баяраа өмгөөлөгчийн хэлснээр У ХХК нэхэх ёстой. Яагаад У ХХК нэхэхгүй байна вэ гэвэл Ун ХХК нь Шүүхийн шийдвэрт маш их өртэй байгаа. Тэгээд компаниар нэхэхээр нөгөө мөнгө нь компанийн данс руу орох болно. Иймд авах боломжгүй болох тул хувь хүнээр л нэхсэн. Хувь хүнээр өгсөн тохиолдолд түүнийгээ нотлох ёстой. Манай зүгээс тусгай зөвшөөрөлтэй компанийн мөнгийг Х.О-оос биш У ХХК-аас авсан гэдгээ тайлбарласан. Үүнийг нотолж чадахгүй байна. Мөн зээлийн гэрээнүүдийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн  56.1.1-т зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулна гэж ярьж байна. Хууль зөрчсөн хэлцэл гэж ямар хэлцлийг хэлэх вэ гэхээр хуулиар хориглосон хэм хэмжээг зөрчсөн хэлцлийг хууль зөрчсөн хэлцэл гэж үзнэ. Түүнээс хуульд нийцээгүй хэлцэл байж болно. Гэхдээ үүнийг хууль зөрчсөнд тооцоход эргэлзээтэй. Өнөөдрийн байдлаар хуулиар хориглосон хэм хэмжээг зөрчсөн асуудал нэг ч байхгүй. Тийм учраас хууль зөрчсөн гэж Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 оруулах ямар ч үндэслэл байхгүй. Гэрээний дагуу мөнгөө өгөөгүй гэх асуудал нь гэрээний үүргийн асуудал яригдаж байна. Яаж, хэрхэн хууль зөрчсөн юм бэ? Хуульд мөнгөө өгөөгүй тохиолдолд хууль зөрчсөн гэж үзнэ гэж тодорхойлсон юм уу?  Ц.Энхболд, Д.Уранчимэг нараас мөнгө нэхэж байгаа талаар шүүхээс шийдвэр гаргахдаа сайн анхаарч үзэхийг хүсэж байна. Хүчин төгөлдөр бус хэлцэл биш учраас 2012 оны 463 тоот, 2013 оны 808 тоот зээлийн гэрээ болон 2014 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн өр төлбөр барагдуулах хэлцэл нь эрх зүйн чадамжтай хүмүүсийн хооронд хийгдсэн хүчин төгөлдөр хэлцэл.  Үүний дараа 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Х.О өөрөө мөнгөө төлнө,  өөрийн бизнест зориулж 1 тэрбум 883 сая төгрөг авсан гэж тодорхой бичсэн. Төлбөр барагдуулах хэлцэл болон Х.О-ын бичиж өгсөн тайлбаруудаас харахад Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.1, 199.3-т зааснаар нэгэнт үүссэн үүргийн харилцааг гэрчлэх гэрээг хүчин төгөлдөр гэж тооцоход үүрэг гүйцэтгэгч нь үүргийг хүлээн зөвшөөрсөн тухай бичгээр мэдэгдсэн байвал зохино, гэж заасантай нийцэж байна.  Зээлийн гэрээнүүд дээр бэлнээр авсан гээд өөрөө оролцож, гэрээнд гарын үсэг зурсан. Зээлийн мөнгийг дансаар шилжүүлээгүй учраас тооцохгүй, заавал баримт үйлдэж мөнгө хүлээлгэж өгсөн байх ёстой гэж байна. Гэтэл бэлнээр авсан гэдэг чинь бас баримт. Гэрээнд зааснаар гарын үсэг зуруулсан байгаа нь баримт.   Мөн Б гэх гэрчийн мэдүүлэг байгаа. Цүнхэнд мөнгийг хийж өгөөд явуулсан талаар тодорхой хэлсэн. Аваагүй гэж байгаа нь үндэслэлгүй. Гэрээнүүдийг  хүчин төгөлдөр бусад тооцох хуулийн үндэслэл байхгүй байна. Мөн Х.Олонболд зээлийн гэрээндээ авсан гэдгээ хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан. 2014 онд төлбөр барагдуулах гэрээ хийхэд төлнө гэдгээ баталгаажуулсан. 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр авсан зээлээ төлнө, үлдсэнийг нь 2017 онд төлнө гэдгээ  илэрхийлж, баталгаажуулж бичиж өгсөн. Хэрэгт хангалттай баримт байгаа. Харамсалтай нь нэхэмжлэгч талаас мөнгө өгсөн болох нь нотлогдохгүй байна гэж тайлбарлаж байна.

1,600,000,000 төгрөг гаргуулах асуудал нь Х.О гэх хувь хүнээс хувь хүнд мөнгө өгсөн гэдгээ нотолж чадахгүй байна. Иймд Х.О нэхэмжлэх эрх байхгүй. Хэрэв компаниар нэхэмжилсэн тохиолдолд тусгай зөвшөөрөлтэй холбоотой, хувьцаа эзэмшигчтэй холбоотой төрөл бүрийн асуудал яригдах учраас тухайн үед нь шийднэ гэж бид хойш тавьсан. Компанийн мөнгийг хувь хүн нэхэмжлэх хууль эрх зүйн үндэслэл байхгүй. Нэхэмжлэх этгээд нь компани. Харин хувь хүн итгэмжлэлээр төлөөлж нэхэмжилж болно. Иймд хувь хүний зүгээс мөнгө өгсөн нь нотлогдон тогтоогдохгүй байна. Мөнгө өгсөн үндэслэлээ маш олон янзаар тайлбарлаж байна. Өлийн давааны газар авч өгнө гэсэн, эсхүл зээлсэн гэж яриад байна.

Дараагийн асуудал нь 683,514,000 төгрөгийг хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр шилжүүлсэн гэж яриад байна. Энэ нь 2012 оны зээлийн гэрээний дагуу мөнгө авсан гэдгээ логикийн хувьд эсрэгээрээ илэрхийлж байна. Бид нар өгсөн мөнгөө нэхэмжилнэ. Нотлох баримт ярьж байгаа боловч нотлох баримтууд нь хуульд хэрхэн нийцэж, холбогдож байгаа талаар тодорхойгүй байна. Үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна.

Сөрөг нэхэмжлэлийн тухайд сая тайлбарласан. Мөнгө өгснөө хэрхэн нотолж байгаа талаар. Зээлийн гэрээнд хэд хэдэн удаа бэлнээр авсан талаар дурьдсан байна. 2014 оны төлбөр барагдуулах хэлцэл, 2016 оны төлбөр төлөх тухай тодорхойлолт, гэрч Байгалмаа нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгөхийг хүсэж байна. Х.О, Я.И гэх хүмүүс гэрчээр мэдүүлэг өгсөн гэж байна. Нотлох баримт шинжлэн судалсантай холбоотойгоор цагдаа болон прокурорт өгсөн мэдүүлгүүд нь зөрж байна. Мөн Я.И, Х.О хоёр нь Х.О-той хамаарал бүхий хүмүүс болж таарсан. 2017 онд Я.И нь У ХХК-ийн захирал ажилтай байсан. Бид гэрчүүдийг худал мэдүүлэг өгсөн учраас ... аймгийн Цагдаагийн газарт шалгуулахаар өгсөн. Цагдаагийн хэлтсээс одоогоор дуудаад ирэхгүй, хаана байгаа нь тодорхойгүй байна гэх хариу өгсөн. Энэ мэдүүлгүүд нь зарим нэг нотлох баримттай зөрчилддөг буюу гэрчүүд худал мэдүүлэг өгсөн. Шүүхээс эдгээр нөхцөл байдлыг анхаарч үзэхийг хүсэж байна гэв.  

Шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нарын тайлбар зэргийг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь: 

1. Нэхэмжлэгч Х.О нь шүүх хуралдааны хэлэлцүүлгийн өмнө хариуцагч Ц.Б-аас татгалзаж, хариуцагч Ц.Э, Д.У нарт холбогдуулан  Х.О, Ц.Э нарын хооронд байгуулсан 2012 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 463 дугаартай зээлийн гэрээ, 2013 оны 05 дугаар сарын 13-ны өдөр  байгуулсан 808 дугаартай зээлийн гэрээ, 2014 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн өр төлбөр барагдуулах тухай хэлцлийг тус тус хүчин төгөлдөр бусад тооцуулах, Ц.Э, Д.У нараас 2,695,874,000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг,  

хариуцагч Ц.Э нь нэхэмжлэгч Х.О-д холбогдуулан 2014 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн өр төлбөр барагдуулах тухай хэлцлийн дагуу зээлийн төлбөр 1,770,000,000 төгрөг гаргуулах шаардлага бүхий сөрөг нэхэмжлэлийг тус тус шүүхэд гаргажээ.  

2. Үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгох, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүх үзлээ.  

3. Нэхэмжлэгч Х.О нэхэмжлэлийн шаардлагаа дараахь байдлаар тодорхойлсон. Үүнд: 

“... Миний бие 2005 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Ц.Э-оос 64,000,000 төгрөгийг, 1 жилийн хугацаатай, 4.2 хувийн хүүтэй зээлж авсан. ... Зээлсэн мөнгийг хугацаанд нь өгч чадаагүй тул үүнээс хойш гэрээний дагуу алданги тооцогдож эхэлсэн. ...Ингээд хуульд заасны дагуу зээлийн хүү 2,688,000 төгрөг, алданги 32,000,000 төгрөг, нийт 98,688,000 төгрөг болсон. 

2012 онд Ц.Э, түүний эхнэр Д.У нар нь намайг дуудаж 2005 оны зээл, хүү, алдангийн асуудлаар гэрээгээ шинэчилж байгуулъя гэсэн, очиход нотариат дээр нэг гэрээнд гарын үсэг зуруулсан ба тухайн гэрээнд үнийн дүн бичээгүй байсан. ... Дараа нь очоод гэрээгээ автал гэрээнд миний зээлсэн мөнгийг 1,200,000,000 төгрөг гэж бичсэн байсан, учрыг нь асуухад 2005 оны гэрээ чинь хүү, алдангитайгаа нийлээд ийм болсон гэсэн.

Тэр гэрээний 3 дахь заалтаар надад тэр мөнгийг бэлнээр өгсөн гэж гараараа худлаа зүйл бичсэн, бодит байдал дээр ийм мөнгө бидний хооронд шилжээгүй, ямар ч мөнгө өгч авалцаагүй. Үүний дараа 2013 оны 05 дугаар сарын 13-ны өдөр дахин намайг дуудаж, 2012 оны гэрээний хүү, алданги нэмээд шинээр гэрээ байгуулна, чи гарын үсэг зур, үгүй бол шүүхэд өгнө гэсэн. Ингээд 2012 оны 1,200,000,000 төгрөгийн гэрээний хүү, алдангийг нэмж 1,560,000,000 төгрөг болгож, үүнийг сарын 2.5 хувийн хүүтэйгээр зээлийн гэрээг байгуулсан. Мөн л бодит байдал дээр бид ямар ч мөнгө өгч авалцаагүй. ... 2014, 2016 онд хуурамчаар гарын үсэг зуруулсан 1,560,000,000 төгрөгийн гэрээний дүндээ хүү нэмээд бас гарын үсэг зуруулсан. ... Иймд бидний хооронд байгуулсан 2012 оны 463 тоот зээлийн гэрээ, 2013 оны 808 тоот зээлийн гэрээ, 2014 оны Өр төлбөр барагдуулах хэлцлийг тус тус хүчин төгөлдөр бусад тооцож, Ц.Э, Д.У нарт үндэслэлгүйгээр өгсөн нийт 2,695,874,000 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү” гэв.  

4. Хариуцагч Ц.Э, Д.У нар нэхэмжлэлийн шаардлагыг дараахь үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:  

“... Х.О нь Ц.Э надтай 2012 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 463 тоот зээлийн гэрээ байгуулж, 1,200,000,000 төгрөгийг зээлж авсан. Энэ мөнгөө хугацаандаа төлөхгүй байсан тул Х.О-той үндсэн зээл, хүү, алдангийн тооцоог харилцан тооцоолж 1,560,000,000 төгрөгийн хэмжээгээр зээлийн гэрээг шинэчлэн байгуулсан. ... Х.О нь энэ мөнгөө өнөөдрийг хүртэл өгөхгүй хуурч, мэхэлж залилсаар байгаа тул миний зүгээс цагдаагийн газарт хандсан болно. Х.О нь зээлж авсан мөнгөө огт аваагүй мэтээр нэхэмжлэлдээ бичсэн байгаа нь анхнаасаа тухайн зээлсэн мөнгөө өгөхгүй байх санааг агуулж, хуурч мэхлэх зорилготой байсан болох нь илэрхий байна. ... 2012 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 463 тоот зээлийн гэрээний дагуу зээлийн мөнгийг бэлнээр Х.О-д шилжүүлж өгсөн. 

... Мөн бид нэхэмжлэгчээс 683,514,000 төгрөг, 320.000 ам.доллар, 885,000,000 төгрөгийг авч байгаагүй. Харин “У” ХХК-ийн захирал З.Б-аас лиценз худалдсаны төлбөрт 320.000 ам.доллар, 885,000,000 төгрөгийг авсан”  гэв.   

5. Хариуцагч Ц.Э сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа дараахь байдлаар тодорхойлсон. Үүнд:  

“ ... Ц.Э би Х.О-той 2000 оноос хамтран ажиллаж, найзалж ирсэн. Тийм ч учраас түүнд итгэж мөнгийг баримттай, баримтгүйгээр өгөлцөж, авалцаж шаардлагатай тохиолдолд санхүүгийн хувьд дэмжин тусалж ирсэн.

... 2012 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 463 тоот зээлийн гэрээг бид байгуулж 1,200,000,000 төгрөгийг сарын 2.5 хувийн хүүтэйгээр, 7 сарын хугацаатайгаар зээлдүүлсэн. Х.О нь 2012 оны 463 тоот зээлийн гэрээний дагуу авсан зээлээ төлж барагдуулаагүй тул 2013 оны 05 дугаар сарын 13-ний өдөр үндсэн зээл, хүү, алдангийн нийт үнийн дүн буюу 1,560,000,000 төгрөгийн хэмжээгээр 808 тоот зээлийн гэрээг шинэчлэн байгуулсан.  Гэвч Х.О нь зээлж авсан мөнгөө, хүү, алдангийн хамт эргүүлж төлөлгүй удаасаар байсан тул талууд 2014 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр тооцоо нийлэх замаар өр, төлбөрөө баталгаажуулан 1,770,000,000 төгрөгийг иргэн Ц.Э надад төлөхөөр болсон.

2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр төлөхөө баталж баталгаа бичиж өгсөн боловч өнөөдрийг хүртэл хугацаанд төлж барагдуулахгүй иргэн Ц.Э намайг  хуурч мэхэлж, хохироосоор байна.

Иймд Х.О-оос 2014 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр өр төлбөрөө барагдуулахаар харилцан тохиролцсоны дагуу 1,770,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү”  гэв.  

6. Нэхэмжлэгч Х.О сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг дараахь үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: 

“ ... 2012 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 463 тоот зээлийн гэрээ нь Иргэний хуульд нийцэхгүй, Иргэний хуулийг зөрчсөн хэлцэл. Энэ гэрээнээс үүдэж хийгдсэн 2013 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 808 тоот зээлийн гэрээ ч мөн адил бодитоор зээлийн мөнгийг өгөөгүй, хүлээлцээгүй учраас хуульд нийцэхгүй. Зээлийн гэрээнд гарын үсэг зурснаар зээлийн мөнгийг өгсөн гэж үзэхгүй. ... Хариуцагч тал 2012 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 463 тоот зээлийн гэрээний дагуу зээлийн мөнгийг бэлнээр шилжүүлж өгсөн гэдэг боловч энэ тайлбараа баримтаар нотолж чаддаггүй.  Үүнээс үүдэлтэйгээр сөрөг нэхэмжлэлийн шаардлага 1,770,000,000 төгрөг ч гэсэн адилхан хүчин төгөлдөр бус гэрээнд заасан, хүлээлгэж өгөөгүй мөнгө болох 1,200,000,000 төгрөг, 1,560,000,000 төгрөгнөөсөө хүү, алданги тооцож шаардаж байгаа учраас сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй бөгөөд өр барагдуулах тухай хэлцэл нь хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийгдсэн бусад хэлцэлд хамаарна. ... Зээлийн мөнгийг шилжүүлж өгсөн гэдгээ хариуцагч тал нотолж чадахгүй байгаа. Иймээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна гэв. 

7. Хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараахь үйл баримт тогтоогдож байна.  

Нэхэмжлэгч Х.О, хариуцагч Ц.Э нар нь 2012 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 463 дугаартай зээлийн гэрээг бичгээр үйлдэж, уг гэрээгээр Ц.Э нь  Х.О-д 1,200,000,000 төгрөгийг 7 сарын хугацаатай, сарын 2,5 хувийн хүүтэйгээр зээлдүүлэхээр талууд харилцан тохиролцсон байна.  /1-р хх-5/ 

Зохигч талууд 2013 оны 05 дугаар сарын 13-ны өдөр дээрх зээлийн гэрээг шинэчлэн 808 дугаартай гэрээг бичгээр үйлдэж, уг гэрээгээр хариуцагч Ц.Э нь Х.О-д 1,560,000,000 төгрөгийг 18 сарын хугацаатай, сарын 2,5 хувийн хүүтэй зээлдүүлэхээр мөн харилцан тохиролцжээ.  /1-р хх-10/  

Улмаар эдгээр зээлийн гэрээтэй холбогдуулан талууд 2014 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Өр барагдуулах тухай хэлцлийг бичгээр үйлдэж, 2012 оны 463, 2013 оны 808 дугаартай зээлийн гэрээнд дурьдсан 1,200,000,000 төгрөг, 1,560,000,000 төгрөгт хүү, алданги тооцон 1,770,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Х.О-оор төлүүлэхээр  дурьдаж тохиролцсон байна.   

Эдгээр гэрээ, хэлцлийг бичгээр үйлдэж, гарын үсэг зурсан үйл баримтад талууд маргаагүй боловч нэхэмжлэгч нь “ ... 2012 онд Ц.Э, Д.У нар нь намайг дуудаж нотариат дээр нэг гэрээнд гарын үсэг зуруулсан ба тухайн гэрээнд үнийн дүн бичээгүй байсан. ... Дараа нь очоод гэрээгээ автал гэрээнд миний зээлсэн мөнгийг 1,200,000,000 төгрөг гэж бичсэн байсан. ... Мөн 2013 оны 05 дугаар сарын 13-ны өдөр дахин намайг дуудаж, 2012 оны гэрээний хүү, алдангийг нэмээд 1,560,000,000 төгрөг зээлж байгаа мэтээр шинээр гэрээ байгуулсан.  Гэтэл 2012, 2013 онд байгуулсан энэ гэрээнүүдэд дурдсан үнийн дүн болох 1,200,000,000 төгрөг, 1,560,000,000 төгрөгийг бид хоорондоо өгч авалцаагүй тул эдгээр гэрээ нь хүчин төгөлдөр бус юм.  ... Мөн  1,770,000,000 төгрөг ч гэсэн хүчин төгөлдөр бус гэрээнд заасан, хүлээлгэж өгөөгүй мөнгө болох 1,200,000,000 төгрөг, 1,560,000,000 төгрөгнөөсөө хүү, алданги тооцож шаардаж байгаа учраас энэ шаардлага үндэслэлгүй, Өр барагдуулах тухай хэлцэл нь хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийгдсэн бусад хэлцэлд хамаарах тул уг хэлцэл мөн хүчин төгөлдөр бус” гэсэн тайлбар гаргаж гэрээний хүчин төгөлдөр байдалд маргаж  байна.     

8. Нэхэмжлэгч Х.О нь хариуцагч Ц.Э-той байгуулсан 2012 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 463 дугаартай зээлийн гэрээ, 2013 оны 05 дугаар сарын 13-ны өдөр  байгуулсан 808 дугаартай зээлийн гэрээ, 2014 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн өр төлбөр барагдуулах тухай хэлцлийг тус тус хүчин төгөлдөр бусад тооцуулахаар  шаардсан.     

Энэ шаардлагын үндэслэлээ “... 2012, 2013 онд байгуулсан энэ гэрээнүүдэд дурдсан үнийн дүн болох 1,200,000,000 төгрөг, 1,560,000,000 төгрөгийг надад шилжүүлж өгөөгүй, энэ мөнгийг бид хоорондоо өгч авалцаагүй тул эдгээр гэрээ нь хүчин төгөлдөр бус” гэж тайлбарлаж байна.  

Иргэний хуулийн 281 дүгээр 281.1-д: Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ, 

282 дугаар зүйлийн 282.4-т: Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно, гэж тус тус заасан.   

Тодруулбал зээлийн гэрээг бодитой байгуулагдсан гэж үзэх үндсэн нөхцөл нь зээлийн мөнгийг зээлдэгчид шилжүүлж өгсөн байх явдал бөгөөд харин зээлийн мөнгийг шилжүүлэн өгөөгүй тохиолдолд зээлийн гэрээг байгуулсанд тооцохгүй болохыг хуульд тодорхой заасан байна.     

Зохигчдын хооронд үйлдсэн 2012 оны 463 дугаар, 2013 оны 808 дугаартай зээлийн гэрээнүүдэд зээлийн мөнгийг шилжүүлж өгсөн баримт хавсаргагдаагүй, 808 дугаартай зээлийн гэрээнд 1,560,000,000 төгрөг зээлдүүлэх, хүүг 1,200,000,000 төгрөгнөөс тооцно гэж дурьдсан зэргээс үзвэл эдгээр зээлийн гэрээнд заасан мөнгийг зээлдэгчид шилжүүлж өгсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.      

Иймд зохигчид эдгээр зээлийн гэрээг бичгээр үйлдэж, гарын үсэг зурсан байх боловч талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй, зээлийн гэрээ бодитойгоор байгуулагдаагүй гэж үзнэ.  

Мөн зохигчдын хооронд 2014 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хийгдсэн Өр  барагдуулах тухай хэлцэл нь 2012 оны 463 дугаар, 2013 оны 808 дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилготой болохыг тус хэлцэлд дурьдсан байна.  Тодруулбал Өр барагдуулах тухай тус тохиролцоо нь бие даасан гэрээ, хэлцэл биш байх бөгөөд 2012 оны 463 дугаар, 2013 оны 808 дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай тохиролцоо /баримт/ болохыг өөртөө дурьджээ.   

Шүүх нэгэнт талуудын хооронд 2012 оны 463 дугаар, 2013 оны 808 дугаартай зээлийн гэрээ бодитой байгуулагдаагүй гэж үзсэн тул эдгээр гэрээ хүчин төгөлдөр эсхүл хүчин төгөлдөр бус эсэх асуудал яригдахгүй бөгөөд үүнд дүгнэлт хийх боломжгүй.     Мөн байгуулагдаагүй гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай асуудал, өр барагдуулах тухай тохиролцоо хүчин төгөлдөр эсэх асуудал яригдахгүй гэж үзлээ.  

Иймд талуудын хооронд хийгдсэн 2012 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 463 дугаартай зээлийн гэрээ, 2013 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хийгдсэн 808 дугаартай зээлийн гэрээ, 2014 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Өр барагдуулах тухай хэлцлийг тус тус хүчин төгөлдөр бусад тооцуулах нэхэмжлэлийн  шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.      

Хариуцагч Ц.Э нь “... зээлийн гэрээ байгуулсан өдөр 1,200,000,000 төгрөгийг Х.О-д бэлнээр өгсөн, уг мөнгө нь 20,000 төгрөгийн дэвсгэртээр 60 боодол болсон, миний ажлын ширээний тал хэсгийг дүүргэж байсан, Х.О уг мөнгийг 3 цүнхэнд хувааж хийгээд аваад явсан” гэж тайлбарлаж байх боловч энэ тайлбараа баримтаар нотлоогүй, мөн 1,200,000,000 төгрөгийг хаанаас, ямар эх үүсвэрээс гаргаж, шилжүүлж өгснөө нотлоогүй болно.   

9. Нэхэмжлэгч нь хариуцагч Ц.Э, Д.У нараас нийт 2,695,874,000 төгрөг гаргуулахаар шаардсан. 

Энэ шаардлагын үндэслэлээ “... Хариуцагч Ц.Э, Д.У нарт хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр 683,514,000 төгрөг, үндэслэлгүйгээр 320.000 ам.доллар, 885,000,000 төгрөгийг өгсөн. ... Миний бие “У” ХХК-ийг үүсгэн байгуулсан бөгөөд компанийн хувьцаа, лицензийг “У” ХХК-д худалдахаар гэрээ байгуулж, 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр “У” ХХК-аас  1,200,000,000 төгрөгийг хүлээн аваад үүнээс 683,514,000 төгрөгийг Ц.Э-д өгсөн.  Мөн 2016 оны 09 дүгээр сарын 12-ний өдөр “Уулс Заамар” ХХК-аас 1,800,000,000 төгрөгийг хүлээн аваад 1,600,000,000 төгрөгийг нь Ц.Э-ын эхнэр Д.У, түүний дүү Ц.Б нарт өгсөн. 320,000 ам.доллар, 885,000,000 төгрөг буюу ам.долларыг тухайн үеийн ханшаар тооцоход 715,000,000 төгрөг, нийлээд 1,600,000,000 төгрөг болж байсан. ... Нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх өдрийн байдлаар Монголбанкны ам.долларын ханш 3.523 төгрөг байх тул 320,000 ам.долларыг 3,523 төгрөгөөр бодоход 1,127,360,000 төгрөг болж байна. Иймд хариуцагч нараас 2,695,874,000 төгрөгийг гаргуулна” гэж тайлбарласан.          

Хариуцагч нар шаардлагыг эс зөвшөөрч “... “У” ХХК-ийг бид хамтран байгуулж, үйл ажиллагаа явуулж байсан. Х.О-оос 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 683,514,000 төгрөгийг аваагүй, харин “У” ХХК-ийн хувьцаа, лиценз  худалдах гэрээнд зааснаар 1,600,000,000 төгрөгийг хүлээн авсан. 2,695,874,000 төгрөгийг төлөх үндэслэлгүй” гэж маргаж байна.     

10. Нэхэмжлэгч Х.О нь “У” ХХК-ийг 2007 оны 03 дугаар сарын 05-ны өдөр үүсгэн байгуулсан байх бөгөөд хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлснээр компанийн хувьцааг 100 хувь эзэмшигч, үүсгэн байгуулагч болох нь, мөн уг компани нь ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлийн үйл ажиллагааг 2007 оны 03 дугаар сарын 05-ны өдөр бүртгүүлсэн болох нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар  тогтоогдож байна.  /1-р хх-204, 3-р хх-49/  

Нэхэмжлэгч Х.О нь З.Б-тай 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 01 дугаартай худалдах, худалдан авах гэрээ байгуулж, “У” ХХК-ийн эрх болон “У” ХХК-ийн нэр дээр байгаа ... дугаартай “З” нэртэй газарт орших, 521 гектар талбай бүхий ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийг 4,800,000,000 төгрөгөөр худалдахаар харилцан тохиролцжээ. /3-р хх-24-26/ 

Дээрх тусгай зөвшөөрөл худалдах, худалдан авах гэрээний дагуу  З.Б-аас 2016 оны 09 дүгээр сарын 12-ний өдөр Х.О-д 1,800,000,000 төгрөг хүлээлгэн өгсөн байх бөгөөд үүний 1,600,000,000 төгрөгийг нь хариуцагч Ц.Э, Д.У нар авсан болохоо хүлээн зөвшөөрсөн, энэ үйл баримт нь мөн хэрэгт авагдсан Ц.Э, Д.У нарын эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мэдүүлсэн мэдүүлэг, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.      /1-р хх-95-97, 175-186/ 

Иймд нэхэмжлэгч Х.О-оос хариуцагч Ц.Э, Д.У нарт холбогдуулан гаргасан 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр өгсөн гэх 683,514,000 төгрөгийг гаргуулах, 2016 оны 09 дүгээр сарын 12-ний өдөр өгсөн 320,000 ам.доллар, 885,000,000 төгрөгийг гаргуулах шаардлага бүхий маргаан нь зээлийн гэрээний харилцаанаас үүссэн маргаан гэж үзэх үндэслэлгүй, харин хариуцагч нар нь үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байх үндэслэлтэй байна.   

11. Хариуцагч Ц.Э нь “У” ХХК-ийг хамтран үүсгэн байгуулж, ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийг хамтран эзэмшиж байсан, тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлж байсан гэж тайлбарлаж байх боловч энэ тайлбар нь баримтаар нотлогдохгүй байна.  

Мөн хариуцагч Ц.Э нь “... 320,000 ам.доллар, 885,000,000 төгрөгийг З.Б-аас хүлээн авсан. Энэ мөнгийг Х.О, З.Б нарын хооронд  байгуулсан тусгай зөвшөөрөл худалдах, худалдан авах гэрээний хавсралтад заасан эрхийн дагуу хүлээн авсан” гэж тайлбарлаж байна.  

Х.О, З.Б нарын хооронд 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр байгуулсан 01 дугаартай тусгай зөвшөөрөл худалдах, худалдан авах гэрээний хавсралтын 1 дугаарт:  “Энэхүү гэрээний 2.2 дахь заалтад заасан “Б” талаас 2015, 2016 онуудад төлөх 4 удаагийн төлбөрийн хүлээн авагч нь “А” талыг төлөөлж иргэн Ц.Э хүлээж авна. Энэ 4 удаагийн төлбөр тооцоотой холбоотой асуудлаар “А” талыг төлөөлж оролцох эрхийг Х.О-оос Ц.Э-д итгэмжилж байна.” гэж заасан. /3-р хх-24-26/  

Мөн “У” ХХК-ийн 2014 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 014/58 дугаартай албан бичигт: “У" ХХК-ийн эзэмшилд байдаг 12763А тоот лиценз бүхий ашигт малтмал ашиглах орд газрын тусгай зөвшөөрлийн 50 хувийг Ц.Э эзэмшдэг бөгөөд цаашид энэхүү тусгай зөвшөөрөлтэй орд газрын захиран зарцуулах эрхийг олгож байгааг тодорхойлов.” гэжээ. /3-р хх-23/

Эдгээр баримтаар нэхэмжлэгч Х.О нь З.Б-тай байгуулсан тусгай зөвшөөрөл худалдах, худалдан авах гэрээний мөнгө 1,600,000,000 төгрөгийг хүлээн авах нэг удаагийн эрхийг хариуцагч Ц.Э-д олгосон гэж үзэх үндэслэлтэй боловч уг итгэмжлэл, зөвшөөрлөөр тухайн хөрөнгийг захиран зарцуулах эрхийг хариуцагчид  олгоогүй байна. 

12. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д: Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй,

492.1.1-д:  “хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон” гэж заасан.  

Иймд хариуцагч Ц.Э, Д.У нарын дээрх итгэмжлэлээр олж авсан эд хөрөнгө нь Х.О, З.Б нарын гэрээний үүрэгт, мөн Х.О, Ц.Э нарын итгэмжлэлээр үүсэх үүргийн алинд ч хамаарахгүй байх тул нэхэмжлэгч Х.О нь хариуцагч Ц.Э, Д.У нараас үндэслэлгүйгээр олж авсан 320,000 ам,доллар, 885,000,000 төгрөгийг шаардах эрхтэй байна. 

Мөн дээрх 320,000 ам,доллар, 885,000,000 төгрөгийг хүлээн авснаа хариуцагч нар зөвшөөрсөн, уг хөрөнгө нь хариуцагч нарын хөрөнгө болох нь баримтаар тогтоогдохгүй байх тул хариуцагч нар хөрөнгийг эзэмшигчид буцаан төлөх үүрэгтэй.  

13. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа “... шаардлагаа нэмэгдүүлэх өдрийн байдлаар Монгол банкны ам.долларын ханш 3,523 төгрөг байх бөгөөд 320,000 ам.долларыг 3,523 төгрөгөөр тооцоход 1,127,360,000 төгрөг болж байна. Үүнийг хариуцагч нараас гаргуулна” гэж дурьдаж, энэ шаардлагын хууль зүйн үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2 гэж тайлбарлаж байна.   

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлд нэхэмжлэлийн үнийг тодорхойлох талаар заасан бөгөөд энэ нь шүүхэд нэхэмжлэл гаргахад нэхэмжлэлийн үнийг хэрхэн тодорхойлох тухай зохицуулалт болохыг дурьдах нь зүйтэй.  

Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1-т:  Төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн, буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож төлбөрийг төлнө, гэж заасан байх тул 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр 320,000 ам.доллар, 885,000,000 төгрөгийг хүлээн авсан үеийн ханшаар тооцож нийт 1,600,000,000 төгрөгийг хариуцагч Ц.Э, Д.У нараас гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.  

14. Харин “... 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр “У" ХХК-аас  1,200,000,000 төгрөгийг хүлээн аваад үүнээс 683,514,000 төгрөгийг хариуцагч Ц.Э-д өгсөн” гэх нэхэмжлэгчийн тайлбар баримтаар хангалттай нотлогдохгүй байна. 

Нэхэмжлэгч тал тайлбартаа “ ... 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 683,514,000  төгрөгийг Ц.Э, Д.У нарт бэлнээр өгсөн, үүнийгээ буцааж авахаар шаардаж байна. ... Энэ мөнгийг хариуцагч нарт өгсөн болох нь 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр байгуулсан У компанийн лицензийг худалдах, худалдан авах гэрээний урьдчилгаа төлбөрт З.Б-аас Х.О, Ц.Э нарт бэлнээр 1,075,000,000 сая төгрөг хүлээлгэж өгсөн мөнгө хүлээлцсэн баримт

мөн Д.У-ийн тооцоо хийсэн баримт, хариуцагч Ц.Э-ын Х банк дахь .... тоот дансанд тэр өдөр буюу 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр бэлнээр 500,000,000 төгрөг, мөн 180,000,000 төгрөгийн орлогын гүйлгээ хийгдсэн дансны хуулга, мөн гэрч Х.О-ын мэдүүлэг зэргээр тогтоогдоно” гэж тайлбарлаж байна.

2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр З.Батбаатараас 1,075,000,000 төгрөгийг Х.О-д хүлээлгэн өгсөн баримтад Ц.Э гарын үсэг зурсан, мөн өдөр Ц.Э-ын Х банкны дансанд 500,000,000 төгрөг, 180,000,000 төгрөгийн орлогын гүйлгээ хийгдсэн нь дээрх мөнгөнөөс 683,514,000 төгрөгийг Ц.Э авсаныг шууд нотлохгүй бөгөөд эдгээр баримт болон гэрч Х.О-ын мэдүүлэг зэрэг нь дамжмал нотлох баримт болохыг дурьдах нь зүйтэй.  

Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 683,514,000 төгрөгийг хангах үндэслэлгүй гэж дүгнэв.  

Сөрөг нэхэмжлэлийн тухайд: 

15. Хариуцагч Ц.Э нь нэхэмжлэгч Х.О-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,770,000,000 төгрөг гаргуулахаар шаарджээ.  

Хариуцагч сөрөг шаардлагын үндэслэлээ: “... 2012 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 463 дугаартай зээлийн гэрээний дагуу Х.О-д 1,200,000,000 төгрөгийг зээлдүүлсэн, зээлийн гэрээний хугацаа дууссан боловч Х.О үүргээ гүйцэтгээгүй тул 1,200,000,000 төгрөгнөөс хүү, алданги тооцож, 2013 онд 808 дугаартай  1,560,000,000 төгрөгийн зээлийн гэрээг шинэчлэн байгуулсан. Хүүг 1,200,000,000 төгрөгнөөс тооцохоор тохирсон. Ингээд зээлд хүү, алданги тооцогдож 1,770,000,000 төгрөг болсон бөгөөд үүнийг Х.О зөвшөөрч, 2014 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Өр барагдуулах тухай тохиролцоог байгуулж, гарын үсэг зурсан. 2014 оны энэ  баримт дээр Х.О-ын эхнэр Д.Д мөн гарын үсэг зурсан боловч энэ мөнгийг Х.О-оос нэхэмжилнэ” гэж тайлбарлаж байна.  

Нэхэмжлэгч Х.О сөрөг нэхэмжлэлийг эс зөвшөөрч “... Ц.Э-оос эд зүйл, шатахуун зэргийг зээлээр авч байсан бөгөөд мөнгөний тоо бичээгүй зээлийн гэрээнд гарын үсэг зуруулж байсан, тухайн үед би хүнд өвчтэй байсан, мөн найздаа итгэж гарын үсэг зурдаг байсан. Дараа нь 2013 онд мөн зээлийн гэрээ үзүүлээд өмнөх гэрээний хүү, алданги нийлээд ийм болсон гээд гарын үсэг зуруулсан. ... Мөн 2014 онд намайг эмнэлэгт хэвтэж байхад ирээд ...чамайг үхчихвэл хэн хариуцах юм гээд миний эхнэр Д.Д-аар баримтанд гарын үсэг зуруулж байсан. Би 2012, 2013 онд Ц.Э-оос 1,200,000,000 төгрөг, 1,560,000,000 төгрөгийг огт аваагүй” гэж маргасан.  

16.  Нэхэмжлэгч Х.О, хариуцагч Ц.Э нар нь 2012 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 463 дугаартай зээлийн гэрээг бичгээр үйлдэж, уг гэрээгээр Ц.Э нь  Х.О-д 1,200,000,000 төгрөгийг 7 сарын хугацаатай, сарын 2,5 хувийн хүүтэйгээр зээлдүүлэхээр талууд харилцан тохиролцсон байна.  /1-р хх-5/  

Зохигч талууд 2013 оны 05 дугаар сарын 13-ны өдөр дээрх зээлийн гэрээг шинэчлэн 808 дугаартай гэрээг бичгээр үйлдэж, уг гэрээгээр хариуцагч Ц.Э нь Х.О-д 1,560,000,000 төгрөгийг 18 сарын хугацаатай, сарын 2,5 хувийн хүүтэй зээлдүүлэхээр мөн харилцан тохиролцсон.  /1-р хх-10/  

Улмаар эдгээр зээлийн гэрээтэй холбогдуулан талууд 2014 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Өр барагдуулах тухай хэлцлийг бичгээр үйлдэж, 2012 оны 463, 2013 оны 808 дугаартай зээлийн гэрээнд дурьдсан 1,200,000,000 төгрөг, 1,560,000,000 төгрөгт хүү, алданги тооцон 1,770,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Х.О-оор төлүүлэхээр  дурьдаж тохиролцсон байна.   

Хариуцагч Ц.Э нь эдгээр зээлийн гэрээ болон 2014 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хийсэн Өр барагдуулах тухай тохиролцоог сөрөг нэхэмжлэлийн үндэслэл болгож, 1,770,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Х.О-оос шаардаж байна. 

17. Иргэний хуулийн 281 дүгээр 281.1-д: Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ, 

282 дугаар зүйлийн 282.4-т: Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно, гэж тус тус заасан.   

Тодруулбал зээлийн гэрээг бодитой байгуулагдсан гэж үзэх үндсэн нөхцөл нь зээлийн мөнгийг зээлдэгчид шилжүүлж өгсөн байх явдал бөгөөд харин зээлийн мөнгийг шилжүүлэн өгөөгүй тохиолдолд зээлийн гэрээг байгуулсанд тооцохгүй болохыг хуульд тодорхой заасан байна. 

Зохигчдын хооронд үйлдсэн 2012 оны 463 дугаар, 2013 оны 808 дугаартай зээлийн гэрээнүүдэд зээлийн мөнгийг шилжүүлж өгсөн баримт хавсаргагдаагүй, 808 дугаартай зээлийн гэрээнд 1,560,000,000 төгрөг зээлдүүлэх, хүүг 1,200,000,000 төгрөгнөөс тооцно гэж дурьдсан зэргээс үзвэл эдгээр зээлийн гэрээнд заасан мөнгийг зээлдэгчид шилжүүлж өгсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байгааг өмнө дурьдсан.  

Зээлийн мөнгийг зээлдэгчид шилжүүлж өгсөн нь баримтаар тогтоогдохгүй, энэ талаар мэдүүлсэн гэрч Ц.Б, Л.Э нарын мэдүүлэг нь үйл баримтыг  хангалттай нотлохгүй бөгөөд гэрчийн мэдүүлэг нь дамжмал нотлох баримт болохыг дурьдах нь зүйтэй.  

Иймд зохигчид эдгээр зээлийн гэрээг бичгээр үйлдэж, гарын үсэг зурсан байх боловч талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй, зээлийн гэрээ бодитойгоор байгуулагдаагүй гэж үзсэн тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж дүгнэв.     

18. Нэхэмжлэгч Х.О нь 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хамтран хариуцагчаар Ц.Б-г тус хэрэгт татан оролцуулах хүсэлт гаргаж, тус шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 151/ШЗ2022/03485 дугаартай шүүгчийн захирамжаар Ц.Б-г тус хэрэгт хамтран хариуцагчаар татан оролцуулсан.  

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч тал хариуцагч Ц.Б-аас татгалзах хүсэлт гаргасныг тус шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн ... дугаартай шүүгчийн захирамжаар нэхэмжлэгчийн хүсэлтийг хангасан байна.  

Нэхэмжлэгч нь хариуцагчийг өөрөө тодорхойлох ба өөрийн зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар хэнд холбогдуулан нэхэмжлэл гаргах, хэнийг хамтран хариуцагчаар татах хүсэлт гаргах нь түүний шүүхэд мэдүүлэх үндсэн эрхтэй нь холбоотой. Үүнтэй  холбоотойгоор нэхэмжлэгч мөн тухайн этгээдэд холбогдуулан нэхэмжлэл, шаардлага гаргахгүй байх, хариуцагчаар тодорхойлсон этгээдээс татгалзах эрхтэй тул хамтран хариуцагч Ц.Б-аас татгалзсан нэхэмжлэгчийн хүсэлтийг хангах нь зүйтэй гэж үзсэн.  

Гэвч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд хариуцагчаас татгалзах, хариуцагчийг хасах асуудлыг зохицуулаагүй тул нэхэмжлэгч талын хариуцагч Ц.Б-аас татгалзах хүсэлтийг хангасан нь уг хариуцагчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас гаргаж байгаа асуудал биш гэж үзэж, хамтран хариуцагч Ц.Б-д нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг гардуулж, хэргийг шийдвэрлэх хүртэл түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан болно.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д нь шүүхийн хэлэлцүүлэгт хариуцагч Ц.Б-аас татгалзаж байгаагаа дахин тайлбарлаж байх тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хариуцагч Ц.Б-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.  

19. Хариуцагч нарын өмгөөлөгчөөс “ ... Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т зааснаар аж ахуйн нэгж ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг эзэмшдэг. Хувь хүн эзэмших боломжгүй. Маргаан гарч байгаа шалтгаан нь Ц.Э гэх хүн эзэмших боломжгүй. Лиценз борлуулсан, худалдсан төлбөрийг хүлээн авагч нь хуулийн этгээд байдаг. Хувь хүн байдаггүй. Хэрэв энэ 1,600,000,000 төгрөгийг нэхэх тохиолдолд ядаж У ХХК нэхэх ёстой. Түүнээс хувьцаа эзэмшигч нь компанийн өмнөөс би эзэмшдэг хэмээн нэхэх эрх байхгүй” гэж тайлбарлаж байна. 

2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 01 дугаартай Худалдах, худалдан авах гэрээ нь иргэн Х.О, З.Б нарын хооронд байгуулагдсан байгаагаас гадна энэ гэрээний төлбөрт 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр өгсөн 1,800,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Х.О хүлээн авч, үүнээс 1,600,000,000 төгрөгийг нь хариуцагч Д.У-т өгсөн үйл баримт тогтоогдож байна.  /5-р хх-248/   

Харин Х.О нь 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр З.Б-аас  хүлээн авсан 1,800,000,000 төгрөгнөөс 1,600,000,000 төгрөгийг нь хариуцагч Д.У-т өгөхдөө хуулийн этгээдийн өмнөөс буюу “У” ХХК-ныхаа нэрээр хүлээлгэн өгсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.  

Нөгөөтэйгүүр Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 нь хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг хэнд олгох тухай зохицуулалт бөгөөд уг заалтад 2017 оны 11 дүгээр сарын 10, 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр өөрчлөлт орсон байгааг дурьдах нь зүйтэй.  

Иймд хариуцагч нарын өмгөөлөгчийн дээрх тайлбар үндэслэлгүй гэж үзэв.  

20. Дээрх үндэслэлээр хариуцагч Ц.Э, Д.У нараас 1,600,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Х.О-д олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 1,095,874,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох,   

Х.О, Ц.Э нарын хооронд байгуулсан 2012 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 463 дугаартай зээлийн гэрээ, 2013 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 808 дугаартай зээлийн гэрээ, 2014 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр байгуулсан Өр барагдуулах тухай хэлцлийг тус тус хүчин төгөлдөр бусад тооцуулах үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг, мөн Х.О-оос 1,770,000,000 төгрөг гаргуулах тухай Ц.Э-ын сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгох,   

мөн хариуцагч Ц.Б-д холбогдох нэхэмжлэлээсээ татгалзсан нэхэмжлэгч Х.О-ын татгалзлыг баталж, хариуцагч Ц.Б-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэв.   

21. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар тус шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн ... дугаартай шүүгчийн захирамжаар авсан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол хэвээр байхыг дурьдав.  /2-р хх-98/   

22.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 22,130,650 төгрөгийг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид  төлсөн 11,857,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Х.О-оос улсын тэмдэгтийн хураамжид 6,000,000 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах, хариуцагч нараас 8,157,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.О-д олгох нь зүйтэй байна.     

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч Ц.Э, Д.У нараас 1,600,000,000 /Нэг тэрбум зургаан зуун сая/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х.О-д олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 1,095,874,000 /Нэг тэрбум ерэн таван сая найман зуун далан дөрвөн мянган/  төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.     

2. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар Х.О, Ц.Э нарын хооронд байгуулсан 2012 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 463 дугаартай зээлийн гэрээ, 2013 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 808 дугаартай зээлийн гэрээ, 2014 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр байгуулсан Өр барагдуулах тухай хэлцлийг тус тус хүчин төгөлдөр бусад тооцуулах үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг, мөн Х.О-оос 1,770,000,000 төгрөг гаргуулах тухай  Ц.Э-ын сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгосугай.      

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагч Ц.Б-д холбогдох нэхэмжлэлээсээ татгалзсан нэхэмжлэгч Х.О-ын татгалзлыг баталж, хариуцагч Ц.Б-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.   

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т  зааснаар Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн ... дугаартай шүүгчийн захирамжаар авсан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр байхыг дурдсугай.     

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 22,130,650 төгрөгийг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид  төлсөн 11,857,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Х.О-оос улсын тэмдэгтийн хураамжид 6,000,000 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах, хариуцагч Ц.Э, Д.У нараас 8,157,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.О-д олгосугай.       

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс 14 хоногийн дараа  шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд  шийдвэрийг өөрөө  гардан аваагүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.  

 

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Д.ОТГОНЧУЛУУН