Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 32

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч, шүүгч Б.Батзориг

Шүүгчид Д.Буянжаргал

Г.Давааренчин

 

Оролцогчид

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Мөнгөншагай

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Доржпүрэв

Хариуцагчийн өмгөөлөгч Р.Атарцэцэг

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нарыг оролцуулж, Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 134 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлоор С.Сгийн нэхэмжлэлтэй Я.Лд холбогдох Гэм хор учруулсны хохирол 3.085.000 төгрөг гаргуулах, Я.Лгийн С.Сгаас 3.500.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч танилцаад, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч: С.С анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: ... 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрөөс 27-ны өдөр шилжих шөнө 24 цагийн орчим осол болсон. ...Миний үнэлгээний компаниас гаргасан хохирлын мөнгө 3.085.000 төгрөгийг үнэн зөвөөр шийдэж морины эзэн болох Я.Лгээс гаргуулж өгөхийг хүсч байна гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Мөнгөншагай анхан шатны шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: ... Нэмэлт тайлбар байхгүй. Ээж С.Сгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь дэмжиж оролцож байна. Шөнийн 12 цаг өнгөрч байхад малаа хариулгагүй үлдээсэн нь хариуцагчийн буруу гэж үзэж байгаа. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Я.Л шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: ... Сэлэнгэтуяагийн буруутай үйлдлээс болж миний хурдан морь машинд дайрагдсаны улмаас үхсэн. Олон түмнийгээ баясгаж цэнгүүлж байсан олны бахархал болж байсан морь минь байхгүй болсонд миний бие туйлын ихээр харамсаж байна. Уг адууг Сүхбаатар аймгийн хурдан удамтай уяачаас авсан. Иймээс нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Харин сөрөг нэхэмжлэлийн тухайд бол миний дайруулсан морь хурдан удамтай морь байсан. Осол гарсны дараа өөрийн морио үнэлүүлэхэд суманд нэг удаа айрагдсан морь 3.500.000 төгрөгийн үнэлгээтэй гэж гарсан. Тийм учраас өөрийн морины үнэлгээ болох 3.500.000 төгрөгийг С.Сгаас гаргуулахаар нэхэмжилсэн гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Мөнгөншагай шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэлд өгсөн тайлбартаа: ...Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 134 дугаартай шийдвэрээр:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан Я.Лгээс 2.655.000 төгрөг гаргуулан С.Сд олгож, үлдэх 430.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, С.Сгаас 3.500.000 төгрөг гаргуулан сөрөг нэхэмжлэгч Я.Лд олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нэхэмжлэгч С.Сгийн 64.310 төгрөг, Я.Лгийн 71.000 төгрөгийг тус төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Я.Лгээс 57.430 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид, Сэлэнгэтуяагаас 71.000 төгрөг гаргуулж Я.Лд тус тус олгосугай. гээд, эрх бүхий этгээд хуульд заасан үндэслэлээр давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Гомдол гаргаж байгаа учир нь: Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг буруу үнэлж дүгнэснээс болж хуулийн үндэслэлгүй шийдвэр гаргасан юм. ... Таван удаагийн шинжээчийн дүгнэлт гарсан. Эдгээр шинжээчийн дүгнэлтээр манай ээжийг Замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй гэж гарсан. Сүүлд Улаанбаатар хотоос гарсан шинжээчийн дүгнэлтээр ээжийг буруугүй гэж дүгнэлт гарсан байдаг. Сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Олон дахин шинжээчийн дүгнэлт гаргуулаад байгаа нь үнэн зөвийг тогтоолгох гэж дараа дараагийн дүгнэлтүүд гарсан. Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлтэй байна гэж үзэж байна гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шуүхийн шиидвэрийн үндэслэл болгосон 23 тоот дугнэлт нь бусад дүгнэлтэй харьцуулахад иргэний хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь судлан үзсэний үндсэн дээр гаргасан цорын ганц бичгийн нотлох баримт юм.

Уг шинжээчийн дүгнэлтийг гаргахад шинжээчид 3 асуулт тавьсан бөгөөд түүнд үнэн зөв эргэлзээгүй байдлаар хариулт өгөх үүднээс хэрэгт авагдсан баримтыг нарийвчлан үзэж харсан байдал харагдаж байгаа. Тухайлбал: Сэлэнгэ авто зам засвар арчилалт төрийн өмчит хувьцаат компаниас албан бичигт дурьдсан 2010 оноос хойш 2 ширхэг тэмдэг тогтмол тоологдож ирсэн байна гэж дүгнэлтийн 4 дэхь хариултаар хариулт өгсөн байна.

Энэ байдал нь нарийн нягт нямбай үзэж харж үндэслэлтэй дүгнэлт гаргасныг итлгэн харуулж байна. Хэрэг явдал болсон гэх газарт машины тормозны мөр гараагүй байдал нь зогсох арга хэмжээ аваагүйг илтгэж байгаа юм. Урьд урьдийн дүгнэлтийг хариуцагчийн өмгөөлөгчийн зүгээс гаргасаныг шүүх ханган шийдвэрлэсэн нь дор бүрдээ шинжээчийн дүгнэлтийг дахин гаргах хууль зүйн бодитой үндэслэл .шалтгаан байсан тул хүсэлтийг ханган шийдвэрлэж байсан болохоос огт үндэслэлгүй хүсэлтийг хүлээн авч шийдвэрлээгүй болно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдэх нь зүйтэй үзэж байна гэв.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангажээ.

Нэхэмжлэгч С.С нь хариуцагч Я.Лд холбогдуулан авто ослын улмаас  эд хөрөнгөд /автомашины/ учирсан гэм хорын хохиролд 3.085.000 төгрөг гаргуулах тухай, хариуцагч Я.Л нь  адууны үнэ 3.500.000 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэл тус тус гаргасан байна.

 

Хэргийн үйл баримтын талаар: Нэхэмжлэгч С.С нь  2017 оны 07 дугаар сарын 27-ны 00 цаг 20 минутын үед Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын нутагт Алтанбулаг Сүхбаатар чиглэлийн төв асфальтан замаар автомашин жолоодон явах үед зам хөндлөн морь гарч ирж дайрагдсанаас осол болж С.Сгийн автомашинд эвдрэл, хариуцагч Я.Лгийн хурдан удмын адуу үхсэн гэм хор учирчээ.

Тухайн маргааныг шийдвэрлэхэд осол болсон газар замын тэмдэглэл тэмдэглэгээ байсан эсэх, осол гарсан шалтгаан нөхцөл, замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн эсэхийг зайлшгүй тогтоосны эцэст гэм буруу болон гэм хорын хохирол арилгах асуудлыг шийдвэрлэдэг бөгөөд зохигчдын хэн аль нь замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй гэж маргасан тул мэргэжлийн байгууллагаар зохигчид замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн эсэх талаар дүгнэлт гаргуулахаар шинжээч томилж улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчдын хүсэлтээр удаа дараа шинжээч томилж шинжээчийн 4 удаагийн дүгнэлт гарсан байна.

2017 оны 08 сарын 02-ны өдрийн 52 дугаартай дүгнэлтийг замын байцаагч ганцаараа гаргасан ба тус дүгнэлт нь үндэслэлтэй эсэх талаар талууд маргаснаар 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэйгээр дүгнэлт гаргуулахаар дахин шинжээч томилж 2017 оны 12 сарын 15-ны өдрийн 117 дугаартай дүгнэлт гаргасан.

Хариуцагчийн өмгөөлөгч шинжээч нар нь 117 дугаартай дүгнэлтийг гаргахдаа хэрэгт авагдсан баримтад нийцээгүй, осол болсон газарт замын зохих тэмдэглэгээ байсан эсэхийг тодорхой дурдаагүй, шинжилгээг дутуу хийсэн гэсэн гомдол гаргаснаар шүүх давтан шинжилгээ хийлгэхээр шинжээч томилсноор 2018 оны 12 сарын 21-ны өдрийн 85 дугаартай дүгнэлт гаргажээ.

Гэтэл 2018 оны 12 сарын 21-ны өдрийн 85 дугаартай шинжээчийн дүгнэлт гаргасан шинжээчийн бүрэлдэхүүнд урьд дүгнэлт гаргахад оролцсон шинжээч Д.Мөнхбат нь дахин оролцсон нь шинжилгээний тухай хуулийг зөрчсөн гэсэн үндэслэлээр дахин 5 шинжээчийн бүрэлдэхүүнтэйгээр дүгнэлт гаргуулахаар шүүх шийдвэрлэсний дагуу 2019 оны 04 сарын 30-ны өдрийн 23 дугаартай дүгнэлт гарч тус дүгнэлтийг шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгосон байх ба энэ талаар хийсэн дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзлээ.

Түүнчлэн уг хэрэгт олон удаа шинжээчийн дүгнэлт гарч байсан боловч эдгээр дүгнэлтүүд нь харилцан зөрүүтэй гарч байгаагүй зөвхөн гаргасан дүгнэлтээ батлах байдлаар хийгдсэн байх тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд олон удаа дүгнэлт гаргасан гэсэн нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

Зохигчдын хэн аль нь Замын хөдөлгөөний дүрмийн зохих заалтыг зөрчсөний улмаас осол болж тэдгээрийн эд хөрөнгөд хохирол учирсан байх ба хохирлыг арилгахдаа шүүх Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.2-т зааснаар зохигчдын гэм хорын хохирлын хэмжээг гэм хор учруулсан нөхцөл байдал гэм хор учруулагчийн гэм буруу хэр хэмжээг харгалзан хэргийг шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна.

 

Иймд анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн маргаанд зохих дүгнэлт хийж, холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 134 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид төлсөн 77.830 төгрөгийг орон нутгийн төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Б.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧИД Д.БУЯНЖАРГАЛ

 

Г.ДАВААРЕНЧИН