Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаагийн Мөнхтуяа |
Хэргийн индекс | 128/2018/0663/З |
Дугаар | 246 |
Огноо | 2019-07-01 |
Маргааны төрөл | Тендер, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2019 оны 07 сарын 01 өдөр
Дугаар 246
“М” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сангийн яаманд холбогдох
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч: Танхимын тэргүүн М.Батсуурь,
Шүүгчид: Л.Атарцэцэг,
Г.Банзрагч,
П.Соёл-Эрдэнэ,
Илтгэгч шүүгч: Б.Мөнхтуяа,
Нарийн бичгийн дарга: Д.Долгордорж
Нэхэмжлэлийн шаардлага: “Сангийн яамны 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 6-1/4347 тоот шийдвэрийг хүчингүй болгуулах”
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 128/ШШ2019/0218 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 221/МА2019/0292 дугаар магадлалтай,
Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Д-г оролцуулж,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөх шүүхийн шийдвэр:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 128/ШШ2019/0218 дугаар шийдвэрээр: Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 55 дугаар зүйлийн 55.2-т заасныг тус тус баримтлан, нэхэмжлэгч “М” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сангийн яамны 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 6-1/4347 тоот албан бичиг /захиргааны акт/-ийг хүчингүй болгож шийдвэрлэсэн.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 221/МА2019/0292 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 128/ШШ2019/0218 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г-ын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн.
Хяналтын журмаар гаргасан гомдол:
3. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 128/ШШ2019/0218 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 221/МА2019/0292 дугаар магадлалыг тус тус эс зөвшөөрч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг үндэслэн гомдол гаргах нь: Давж заалдах шатны шүүх Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55.2-т заасны дагуу гомдлыг 14 хоногийн дотор хянан шийдвэрлэх ба энэ нь эцсийн шийдвэр байна. Мөн тендер шалгаруулалтын хүчинтэй байх хугацаа 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдөр дууссан байхад маргаан бүхий захиргааны актыг захиалагчид хүргүүлсэн хариуцагчийн үйлдэл нь хуульд нийцэхгүй гэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн нь хуулийг буруу хэрэглэж, нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж шийдвэрлээгүй гэж үзэж байна.
4. Тендерт оролцогчдоос гаргасан гомдлыг хянан үзэхдээ тухайн тендер шалгаруулалтад оролцсон компаниудын материалуудыг бүхэлд нь хянан үзэх боломжгүй бөгөөд гомдлын үндэслэлд заасны дагуу гомдлын агуулга, хүрээнд тендерийн материалыг хянан үзэж шийдвэрлэдэг.
5. “Эрдэнэт үйлдвэр” ХХК-аас зарласан “Нэг бүрийн хамгаалах хэрэгсэл нийлүүлэх” ХХ-2018/15-002 дугаар тендерийн багц 8-д оролцсон “Даяанч Өлгий” ХХК, “МЦЖ” ХХК, “ТХЧ” ХХК-аас Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасны дагуу тендерийн материалд дахин үнэлгээ хийж шийдвэрлэсэн захиалагчийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргасан.
6. Хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т заасан эцсийн шийдвэр нь тендерт оролцогчид өмнө нь шийдвэрлэсэн асуудлаар дахин гомдол гаргаж байгаа бол тухайн гомдлыг хянан үзэх боломжгүй бөгөөд гарсан шийдвэр нь эцсийнх байдаг. Тендерт оролцогч нь тендерийн материалд дахин үнэлгээ хийсэн захиалагчийн шийдвэрт өмнө нь маргаагүй асуудлаар гомдол гаргасан тул гомдлыг хүлээн авч шийдвэрлэсэн байхад анхан шатны шүүх маргаан бүхий актыг өмнө нь шийдвэрлэсэн асуудлаар дахин шийдвэр гаргасан гэж буруу тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна.
7. Хуулийн 55 дугаар зүйлийн 55.4-т заасны дагуу тендерт оролцогчоос гаргасан гомдлыг үндэслэн захиалагчийн шийдвэр буюу үйлдлийн хэрэгжилтийг түр хугацаагаар түдгэлзүүлэх шийдвэрийг захиалагчид 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 6-1/3949 дугаар албан бичгийг хүргүүлж тендерийн материалыг хянан үзэхэд хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т заасны дагуу тендерийн хүчинтэй байх хугацаанд гэрээ байгуулах боломжгүй байсан тул тендер шалгаруулалтыг нь хуулийн дагуу хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж үзэж байх тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
ХЯНАВАЛ:
8. Анхан болон давж заалдах шатны шүүх тухайн маргаанд хэрэглэгдэх Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь дараах үндэслэлээр хуульд нийцжээ.
9. Нэхэмжлэгч “М” ХХК нь “Сангийн яамны 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 6-1/4347 тоот шийдвэрийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байна.
10. “М” ХХК нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК-иас зарласан ХХ-2018/15-002 дугаар “Нэг бүрийн хамгаалах хэрэгсэл нийлүүлэх тендер”-ийн багц 8-д оролцсон байх ба тендерийн үнэлгээний хороо “МЦЖ” ХХК-ийг “хамгийн сайн” үнэлэгдсэн тендерээр шалгаруулж, нэхэмжлэгчид 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн БШ-Т-12/136 тоот албан бичгээр “...танай бүтээгдэхүүн нь MNS 5620-2006 стандартыг хангасан нь манай техникийн тодорхойлолтын шаардлагыг хангаагүй гэж үнэлгээний хороо үнэлсэн тул танай тендерээс татгалзаж байна” гэж мэдэгджээ.
11. Захиалагчийн энэхүү шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч болон тендерт оролцогч бусад компаниуд гомдол гаргасныг Сангийн яам хянаж, 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 6-1/3165 тоот албан бичгээр “...“М” ХХК-ийн MNS 5620-2006 стандарт бүхий тохирлын гэрчилгээтэй тендерээс тохирлын гэрчилгээ ашиглалтын заавартай нийцэхгүй байна гэж тухайн тендерээс татгалзсан захиалагчийн шийдвэр үндэслэлгүй байна. ...Иймд захиалагч тус багцад ирүүлсэн оролцогчдын тендерийн тухайн барааны тохирлын баталгаа /стандарт/-ны талаар мэргэжлийн байгууллагад хандан нягталж, шалгуулсны үндсэн дээр тендер шалгаруулалтын наймдугаар багцын үнэлгээг хууль, журмын дагуу дахин хийхийг үүгээр мэдэгдэж байна” гэсэн хариуг захиалагчид хүргүүлсэн байна.
12. Сангийн яамны дээрх шийдвэрийн дагуу үнэлгээний хороо 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдөр дахин үнэлгээ хийж, нэхэмжлэгч “М” ХХК-ийн ирүүлсэн тендерийг “хамгийн сайн” тендер гэж үнэлэн, захиалагчаас 2018 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн ХБ-112-12/820 тоот албан бичгээр гэрээ байгуулахыг мэдэгдсэн байх боловч тендерт оролцогч бусад компаниудаас үнэлгээний хорооны уг шийдвэрийн талаар Сангийн яаманд гомдол гаргажээ.
13. Гэвч Сангийн яам уг гомдлыг хянаад, маргаан бүхий 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 6-1/4347 тоот албан бичгээр “...MNS 6654-2017, MNS 5620-2006 стандартын талаар мэргэжлийн байгууллагын тодруулга дүгнэлт байхгүй тул захиалагчийн “хамгийн сайн” гэж шалгаруулсан “М” ХХК нь ... техникийн тодорхойлолтод “EN 149:2001+2009 FFP2 NR D, MNS 6654-2017” гэж заасан шалгуур үзүүлэлтийг хангаагүй гэж хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсэгт заасны дагуу оролцогчийн наймдугаар багцад ирүүлсэн тендерээс татгалзах үндэслэлтэй байна. ...Захиалагч 2018 оны 6 дугаар сарын 16-ны өдөр тендер ирүүлсэн оролцогч нарт мэдэгдлийг хүргүүлсэн байгаа нь хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т заасныг зөрчиж байна. Иймд ...тендер шалгаруулалтын наймдугаар багцын үйл ажиллагааг хүчингүй болгож, тендерийн баримт бичгийг зохих журмын дагуу боловсруулан дахин нээлттэй тендер шалгаруулалт зохион байгуулахыг үүгээр мэдэгдэж байна” хэмээн шийдвэрлэсэн нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т заасантай нийцээгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн талаар шүүхүүдийн хийсэн дүгнэлт зөв байна.
14. Учир нь, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т “Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, ... зөвхөн гэрээ байгуулахаас өмнө гаргасан гомдлыг хянан хэлэлцэх бөгөөд гомдлыг хүлээн авснаас хойш 14 хоногт багтаан хянан шийдвэрлэх ба энэ нь эцсийн шийдвэр болно” гэж заасан.
15. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд, хариуцагч Сангийн яам нь нэхэмжлэгч “М” ХХК-ийн өмнө гаргасан гомдлыг хянаж, нэхэмжлэгч компанийн тендерээс “тохирлын гэрчилгээ ашиглалтын заавартай нийцээгүй” гэсэн үндэслэлээр татгалзсан захиалагчийн шийдвэр үндэслэлгүй гэж үзэж хариу өгсөн атлаа тухайн асуудлаар дахин өөр этгээдээс гомдол гаргасныг хянаж, маргаан бүхий актаар “...техникийн тодорхойлолтод заасан стандартын шалгуур үзүүлэлтийг хангахгүй” гэсэн нь хуулийн дээрх зохицуулалтад нийцээгүй байна. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...Тендерт оролцогч нь тендерийн материалд дахин үнэлгээ хийсэн захиалагчийн шийдвэрт өмнө нь маргаагүй асуудлаар гомдол гаргасныг хүлээн авч шийдвэрлэсэн байхад анхан шатны шүүх маргаан бүхий актыг өмнө нь шийдвэрлэсэн асуудлаар дахин шийдвэр гаргасан гэж буруу тайлбарласан...” гэсэн хяналтын гомдол үндэслэлгүй байна.
16. Түүнчлэн захиалагчаас “тендер хүчинтэй байх хуульд заасан хугацааг хэтрүүлж “М” ХХК-д гэрээ байгуулах эрх олгох мэдэгдлийг хүргүүлсэн” гэх үндэслэлээр тендерийн үйл ажиллагааг хүчингүй болгох нь мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасан “худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтлах” гэсэнд нийцэхгүй байгааг хариуцагч анхаарах нь зүйтэй юм.
17. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 128/ШШ2019/0218 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 221/МА2019/0292 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА