Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 328

 

Ш.Ш, Н.А, Э.Б нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай       

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл, шүүгдэгч Э.Бийн өмгөөлөгч Ж.Жаргалсайхан, Ш.Шгийн өмгөөлөгч Н.Номин-Эрдэнэ, Н.Аийн өмгөөлөгч И.Чимэдбадам, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 982 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 355 дугаар магадлалтай, Ш.Ш, Н.А, Э.Б нарт холбогдох 201726020822 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Э.Бийн өмгөөлөгч Ж.Жаргалсайхан, шүүгдэгч Ш.Шгийн өмгөөлөгч Н.Номин-Эрдэнэ, шүүгдэгч Н.А, түүний өмгөөлөгч И.Чимэдбадам нарын гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1.Монгол Улсын иргэн, 2000 оны 2 дугаар сарын 6-ны өдөр төрсөн, эрэгтэй, 2015 оны 6 дугаар сарын 12-нд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сар хорих ял шийтгүүлж, уг шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

2016 оны 9 дүгээр сарын 13-нд Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сар хорих ял шийтгүүлж, уг шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан, Шарнууд овогт Шын Ш нь Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2, 18.7 дугаар зүйлийн 2, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,

2.Монгол Улсын иргэн, 1999 оны 2 дугаар сарын 9-ний өдөр төрсөн, эрэгтэй, 2017 оны 2 дугаар сарын 1-нд 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгүүлж, уг шийтгэх тогтоол биелүүлэхийг 6 сарын хугацаагаар хойшлуулсан, Балсан хаалгач овогт Нийн А нь Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2, 18.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт,

3.Монгол Улсын иргэн, 1998 оны 7 дугаар сарын 6-ны өдөр төрсөн, эмэгтэй, ял шийтгэлгүй, Боржигон овогт Эы Б нь Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2, 18.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Ш.Ш, Н.А, Э.Б нарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, авахаар довтлох гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн,

шүүгдэгч Ш.Шг бусдын эд хөрөнгийг хуурч авч залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Ш, Н.А, Э.Б нарт тус бүр 1 жил хорих ял,

Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Шд 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэж, шүүгдэгч Ш.Шд оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн, нийт 1 жил 30 хоног хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жил хорих ялыг нэмж, нийт эдлэх ялыг 4 жил 30 хоног хорих ялаар тогтоож,

шүүгдэгч Н.Аид оногдуулсан 1 жил хорих дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил хорих ялын нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 3 жил хорих ялаар тогтоож,

шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгч Ш.Шгийн цагдан хоригдсон 362 хоног, шүүгдэгч Н.Аийн цагдан хоригдсон 402 хоног, шүүгдэгч Э.Бийн цагдан хоригдсон 266 хоногийг тэдгээрийн эдлэх ялд тус тус оруулан тооцож,

хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн АА1913526 серийн дугаартай хуурамч 10.000 төгрөг 48 ширхэг, шинжилгээний хүрээлэнгээс ирүүлсэн цагаан өнгийн диск, бор өнгийн хавтастай цаас 2 ширхэг, принтерийн хор 4 ширхэг бичгийн цаас, 15 см-ийн урттай ягаан өнгөтэй шугам, ягаан өнгийн хөмсөг засагч зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, “Epson” брендийн өнгөт принтер, холбогч принтерийн залгуур, саарал өнгийн флаш, диск зэргийг иргэний нэхэмжлэгч Ц.Эд, “Асег” брэндийн нөүтбүүк, цэнэглэгч зэргийг иргэний нэхэмжлэгч Э.Хд тус тус буцаан олгохоор шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Ш.Ш, Н.А, Э.Б нарт холбогдох хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцааж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Э.Бийн өмгөөлөгч Ж.Жаргалсайхан гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...Анхан шатны шүүх Э.Б нарт прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг “Хуурамчаар үйлдсэн мөнгөн тэмдэгт нь энгийн бичгийн цаасан дээр өнгөт принтер ашиглан хэвлэсэн бөгөөд тэдний хэвлэсэн мөнгөн дэвсгэрт нь жинхэнэ мөнгөн дэвсгэртээс илтэд ялгагдаж байгаа тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, хуурамчаар хэвлэн 30.000 төгрөгийг гүйлгээнд оруулж залилах гэмт хэргийг хэлбэрийн төдий агуулсан...” хэмээн дүгнээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн бүрэн үндэслэлтэй болно. Мөнгөн тэмдэгтийг хуурамчаар үйлдэнэ гэдэг нь тухайн мөнгөн тэмдэгт үнэт цаасыг энгийн нүдээр болон мэргэжлийн бус хүн хараад жинхэнээс нь ялгах аргагүй, ур чадвар, технологийн болон мэргэжлийн өндөр түвшинд хийгдсэн байх явдал юм. Гэтэл энэхүү мөнгөн тэмдэгтүүд нь энгийн бичгийн А4-ийн цаасан дээр өнгөт принтер ашиглан хэвлэсэн бөгөөд тэдний хэвлэсэн мөнгөн дэвсгэрт дандаа нэг серийн дугаартай мэргэжил технологийн өндөр түвшинд хийгдэх ямар ч нөхцөлгүй, дээрх хууль зүйн шаардлагыг бүрэн хангах боломжгүй, жинхэнэ мөнгөн дэвсгэртээс илтэд ялгагдаж байгаа болох нь уг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогддог. Харин ийм тохиолдол буюу хэрэв жинхэнэ мөнгөн тэмдэгт, үнэт цаас, гадаад валютаас илтэд ялгагдахаар хийсэн байвал түүнийг хуурамч мөнгөн тэмдэгт үйлдсэн гэж үзэх, эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэл байхгүй бөгөөд тухайлбал, төгрөг валютыг өнгөт принтерээр хэвлэж гүйлгээнд оруулж байгаа явдлыг энэ төрлийн гэмт хэрэг гэж үзэж, эрүүгийн хариуцлага хүлээлгэж болохгүй болох хууль зүйн бодит шаардлагатай, энэ бүгд холбогдон шийдвэрлэгдсэн болохыг анхаарч үзэх нь зүйтэй юм. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгтэй холбогдуулан гарсан тайлбар одоогоор байхгүй байгаа бөгөөд тиймээс хуульчид бид 2002 оны Эрүүгийн хуулийн хэрэглээтэй холбогдон гарсан онол тайлбаруудаа нэгдмэл нэг ойлголтоор хэрэгжилтийг хангах нь зүйтэй юм. Иймд анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 982 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 355 дугаар магадлалыг хүчингүй болгож өгнө үү ” гэв.

Мөн шатны шүүхэд шүүгдэгч Ш.Шгийн өмгөөлөгч Н.Номин-Эрдэнэ гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “... Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 982 дугаар шийтгэх тогтоол, Давж заалдах шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 355 дугаар магадлалыг эс зөвшөөрч, шүүхээс хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, миний өмгөөлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан шийдвэр гаргасан гэж үзэн доорх үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Шүүх шийтгэх тогтоолын 5 дугаарт Ш.Шд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг баримтлан өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жилийн хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 30 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн 4 жил 30 хоногийн хугацаагааар хорих ял оногдуулсан... Ш.Ш нь Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 103 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ялаар шийтгэгдэж 2 жил хойшлуулсан байсан. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх урьд энэ хэргийг шийдвэрлэхдээ дээрх 103 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2-т зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэхэд 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр батлагдан 2017 оны 7 сарын 1-ний өдрөөс дагаж мөрдсөн Эрүүгийн хуульд оногдуулсан ялын хэмжээ багассан байх тул шинээр тогтоосон хэмжээнд нийцүүлэн хасч аргачлалд оруулан тооцож, 1 жил 8 сарын хугацаагаар хорих ял болгон тогтоож ял оногдуулж байсан байна. Гэтэл шүүх энэ ажиллагааг хийгээгүй. Мөн Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1-д “...Үйлдэл эс үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ...” гэснийг журамлан Ш.Шд 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийг хэрэглэж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас заримыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг тооцох бүрэн боломжтой байсан. Ингэснээр Ш.Шгийн эрх зүйн байдал дээрдэж оногдуулсан ял хөнгөрнө. Иймд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 982 дугаар тогтоолд өөрчлөлт оруулж, Ш.Шгийн өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас заримыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялаас хасч өгнө үү” гэв.

Мөн шатны шүүхэд шүүгдэгч Н.А гаргасан гомдолдоо: “...Тус хэргийг анхан болон давж заалдах шатны шүүхээр тус тус 3 удаа хэлэлцэж, дахин хэлэлцүүлэхээр 3 дахь удаагаа буцаасан. Тус 3 жилийн хугацаанд шүүгдэгч бид 1 жил 6 сар хаалттай нөхцөлд хоригдон нийгмээс тусгаарлагдан, эрүүл мэнд, залуу насандаа өсөж дэвших хүсэл эрмэлзэл минь боогдож, өдөр болгон сэтгэл санааны хүнд цочирлын улмаас бие махбодь, сэтгэл санааны нөхөж баршгүй маш том хохирол амссан. Шүүгдэгч Н.А миний хувьд Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн “F91.2, F43.1” гэх оноштой, тус эмгэг маань 2-7 жилийн хугацаанд шаардлагатай эмчилгээг хийлгэсний үр дүнд илаарших боломжтой. Гэтэл өдийг хүртэл эмчилгээ маань үргэлж тасалдан бүрэн эмчилгээ хийлгэж чадаагүй явсаар өдийг хүргэлээ. Миний бие өндөр настай ээж Нийн хамт Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Алтайн 13-404 тоот хаяганд оршин суух бүртгэлтэй, өрхийн тогтсон орлого үгүй. 2019 оноос ээж минь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тэтгэвэр тогтоолгосон. Миний бие тус гэмт хэрэгт холбогдохдоо ЕБС-ийн 12 дугаар ангийн сурагч байсан ба тухайн асуудалд орооцолдон цагдан хоригдоод тэр жилээ төгсөж чадалгүй 2019 оны 6 дугаар сард нөхөн төгсөж, хэргээ бүрэн шийдүүлж дуусгаад “Архитектор” чиглэлээр их сургуульд суралцах хүсэлтэй байсан боловч ахин энэхүү асуудал нь сунжирсаар сурч боловсрох бололцоо минь хаагдаад байна. Ийнхүү процесс жил болгон давтагдсаар 3 жил болж, бусад холбогдогч нар маань ч их сургуулийн дэвших бололцоо нь ч мөн адил хаагдсаар, бид маш ихээр харамсан гэмшиж, туйлын ихээр цөхөрч байна. Бид тус гэмт хэрэгт холбогдсоноос хойш 3 жилийн хугацаанд нэг ч удаа ямар нэгэн асуудалд орооцолдоогүй, бололцоогоороо ажил төрөл эрхлэн ар гэртээ нэмэр тус хүргэсээр өдийг хүргэсэн боловч өдгөө энэхүү хэрэг бүрэн шийдвэрлэгдэж чадаагүй байгаа нь хэргийн холбогдогч бид болон ар гэр ч мөн адил биднээс дутуугүй сэтгэл санаа, бие махбодь, эрүүл мэнд, санхүү ч туйлдан доройтож байгаа ба залуус бидний ирээдүй өөд дээшлэн тэмүүлэх хүсэл эрмэлзэл, сайн сайхныг хүсэн мөрөөдөх горьдлого найдвар минь алдарч, нийгмээс биднийг тусгаарлан улам цааш түлхсээр байгаад “хэргийн холбогдогч” зүгээс бус Монгол улсын иргэний хувьд маш их гомдолтой байна. Ийм учир эрхэм шүүгч та бүхэн бодлогогүй, гэнэн томоогүй, үйлдлээрээ өөрсдийнхөө гэрэлт ирээдүйг бүрхэг тодорхойгүй, сэтгэлийн зовнилоор дүүрэн өнгөрөөсөн дутагдлыг маань тунгаан, хууль ёсоор хүний эрхэм чанарынх нь хувьд өсвөр насыг маань, бидний бие сэтгэлийн бүрэн бүтэн байх, илаарших сэтгэлийн засал, Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэхээс хамгаалах эрхийн дагуу шийдвэрлээсэй гэж туйлын хүсэж байна” гэжээ.

Мөн шатны шүүхэд шүүгдэгч Н.Аийн өмгөөлөгч И.Чимэдбадам гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...Н.А, Ш.Ш, Э.Б нарын үйлдлийг тогтоохдоо мөрдөн байцаалтын ажиллагаа нь эхнээсээ хууль бус эрүүдэн шүүх аргыг хэрэглэж, насанд хүрээгүй хүмүүсийг ямар ч өмгөөлөгчгүй, зодож, сэтгэл зүйн дарамт учруулж, хууран мэхлэж, хүнд гэмт хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд зааснаар мөрдөгч, прокурор хэргийг тал бүрээс нь бүрэн бодитойгоор тогтоох үүрэгтэй. Гэтэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн дүүрэн бодитойгоор тогтоож чадаагүй. Гэмт хэргийн объектив шинжийн ямар эрх ашигт халдаж хохирол учруулж байгааг шалгаж чадаагүй. Эрүүгийн эрх зүйн онолын ойлголт хэдийгээр сорилтод орсон боловч ерөнхий, төрлийн, шууд объект гэдэг ойлголт хэвээр хэрэглэгдэж байгаа. Н.А нарын үйлдэл Монгол улсын эдийн засагт хор аюул учруулах зорилготой бол Эрүүгийн хуулийн 18.7 дугаар зүйлээр, харин идэж уух юм авах зорилготой улсын өмчийн эрхэд халдсан бол Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлд зааснаар зүйлчлэх нь зүйтэй. Давж заалдах шүүх хуралдаан дээр шүүгч өмнө ийм төрлийн гэмт хэрэг үйлдсэн хэрэглээг судалсан эсэх талаар асуулт өмгөөлөгч нарт тавьсан. Шүүх энэ зүйл, хэсгийг хэрэглэж практик тогтоох гэж байгаа бол хүний эрх, түүн дотроо Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15-д заасан эрхийг харгалзан үзэж байх ёстой. Эрүүгийн хуулийн 18.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн объектив шинж байхгүй гэж үзэж байгаа болно. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг баримтлан Чингэлтэй дүургийн Эрүүгийн хэргийн анхан шатын шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 982 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон хяналтын прокурор А.Оюунгэрэл хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “Анхан шатны шүүх хэргийн үйл баримтад үндэслэлгүй дүгнэлт хийж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна. Давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан нь үндэслэлтэй байх тул магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.А, өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Э.Бийн өмгөөлөгч Ж.Жаргалсайхан, шүүгдэгч Ш.Шгийн өмгөөлөгч Н.Номин-Эрдэнэ, шүүгдэгч Н.А, түүний өмгөөлөгч И.Чимэдбадам нарын гаргасан гомдлыг үндэслэн Ш.Ш, Н.А, Э.Б нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Прокуророос шүүгдэгч Ш.Ш, Н.А, Э.Б нарыг 2017 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх Андуудын автобусны буудлын хойд талын далан дээр Ц.Бын “Iphone-6” загварын гар утсыг хүч хэрэглэж дээрэмдэх гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн,

Шүүгдэгч Ш.Ш, Н.А, Э.Б нарыг Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх “Эндо” зочид буудалд 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Монгол улсад төлбөр тооцооны хэрэгсэл болгон ашиглаж байгаа үндэсний мөнгөн тэмдэгтийг хуурамчаар үйлдсэн, хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж ашигласан гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн,

Шүүгдэгч Ш.Ш нь 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Гүн нуур” ХХК-ийн дэн буудалд В.Соос “Huawei honor-8” загварын гар утсыг нь “ярьчихаад өгье” гэж хуурч авсан гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч Ш.Ш, Н.А, Э.Б нарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, авахаар довтлох гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн, шүүгдэгч Ш.Шг бусдын эд хөрөнгийг хуурч авч залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Ш, Н.А, Э.Б нарт тус бүр 1 жил хорих ял, Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Шд 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэж, шүүгдэгч Ш.Шд оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн, нийт 1 жил 30 хоног хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жил хорих ялыг нэмж, нийт эдлэх ялыг 4 жил 30 хоног хорих ялаар тогтоож,

шүүгдэгч Н.Аид оногдуулсан 1 жил хорих дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил хорих ялын нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 3 жил хорих ялаар тогтоож, шүүгдэгч нарт оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж дүгнэн, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч Э.Бийн өмгөөлөгч Ж.Жаргалсайхан, шүүгдэгч Ш.Шгийн өмгөөлөгч Н.Номин-Эрдэнэ, шүүгдэгч Н.А, түүний өмгөөлөгч И.Чимэдбадам нарын гаргасан гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгож, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 355 дугаар магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.Бийн өмгөөлөгч Ж.Жаргалсайхан, шүүгдэгч Ш.Шгийн өмгөөлөгч Н.Номин-Эрдэнэ, шүүгдэгч Н.А, түүний өмгөөлөгч И.Чимэдбадам нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                                            ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                                            ШҮҮГЧ                                                         Б.АМАРБАЯСГАЛАН 

                                                                                                                 Б.БАТЦЭРЭН           

                                                                                                                 Ч.ХОСБАЯР

                                                                                                                 Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН