Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 001/ХТ2018/00405

 

Р.Оийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 182/ШШ2017/01824 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 2366 дугаар магадлалтай,

Р.Оийн нэхэмжлэлтэй

“М К”ХХК-д холбогдох

9919.... дугаарын эзэмших, ашиглах эрхийг сэргээлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Чинхүүний гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Р.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 9919.... дугаарыг 2005 оны 5 дугаар сараас эхлэн эзэмшиж, ашиглаж байсан ба “М К”ХХК-иас надад санал болгосны дагуу 9910.... дугаарын урьдчилсан төлбөрт дугаарыг, мөн өөрийн ажлын шаардлагын дагуу 9911.... дугаарыг эзэмшиж, ашигладаг болно. Би 2016 оны 11 сард 9910...., 9911.... дугааруудын төлбөрийг төлөх үедээ үйлчилгээний ажилтнаас 9919.... дугаарын хугацаа хэзээ дуусахыг асуухад 2017 оны 2 дугаар сард дуусна гэж хэлсэн. Үүнээс хойш би хүнд өвчтэй ахыгаа 1 сар асраад өөрийн биеэр төлбөр хийж чадалгүй дүүгээрээ дамжуулж хийж байсан. Гэтэл ах маань нас барж ажил явдал болж дуусаад 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдөр 9919.... дугаараа сунгуулах гэтэл хугацаа нь дууссан сэргээх боломжгүй гэсэн. Хэрэглэгчдийн санал гомдол хариуцсан үйлчилгээний ажилтан н.Нарангэрэлд хандахад уг дугаарын хугацаа нь дуусаад 40 хонож байгаа юм байна, сэргээх боломжтой, манайд шинээр журам баталсан, та 10 хоногийн дараа ирж зохих журмын дагуу өргөдлөө өгөөрэй гэсэн. Би 7 хоног эмнэлэгт хэвтэж байгаад хэлсэн ёсоор 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдөр өргөдлөө бичиж өгсөн. Хариу нь гарахаар ирээрэй гэсэн. Гэтэл хэд хоногийн дараа Мобиком компаниас залгаад н.Энхсайхан дарга таны дугаарыг өгөх боломжгүй гэсэн хариу өгсөн гэж хэлсэн. Иймд би хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгт хандсан. Тухайн байгууллагаас “М К”ХХК-д албан бичиг өгсөн байдаг. Гэтэл уг байгууллагын албан бичгийн дагуу “М К”ХХК-иас миний дугаараа ашиглаж, хэрэглэж байсан цаг хугацаатай огт таарахгүй байгаа бөгөөд энэ дугаарыг “М К”ХХК татан авсан учраас би өөрийнхөө дугаарын ашиглалтын талаар баримтжуулах боломжгүй байгаа юм. Энэ дугаар нь миний бизнесийн түншүүд, найз нөхөд болон бусад харилцагчдад бичиж тэмдэглүүлсэн чухал дугаар учраас зайлшгүй надад хэрэгтэй байгаа юм. Иймд миний дугаарын ашиглалтын хугацаа дуусаагүй байхад үндэслэлгүйгээр хураан авч сэргээж өгөхгүй байгаа тул 9919.... дугаарыг миний нэр дээр эзэмшиж ашиглах эрхийг сэргээж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Р.О өөрийн эзэмшиж ашиглаж байсан 9919.... дугаарын гар утасны хугацаа хэзээ дуусахыг өөрийн биеэр лавлаж мэдсэн байдаг. Урьдчилсан төлбөрт үйлчилгээний нөхцлийг Р.О мэдсэн байх ёстой. Урьдчилсан төлбөрт үйлчилгээний нөхцлийн талаарх журамд заасны дагуу түүнд 60 болон 88 дахь хоногт нь мессежээр мэдэгдсэн байгаа. Гэтэл өөрөө утсаа нээгээгүй учраас энэ анхааруулга бүхий мессежийг хүлээж авах эсэх нь өөрийнх нь асуудал. Уг мессежийг манайхыг явуулаагүй эсвэл хүлээн аваагүй гэдгээ нотлох ёстой. Урьдчилсан төлбөрт үйлчилгээний сим картын үүрэн дээр 90 хоногийн хугацаанд хэрэглээ хийхгүй бол дугаар нь хураагдах ёстой талаар анхааруулсан байдаг. Иймд тэрээр дугаараа ашиглахгүй, хэрэглээ хийхгүй 90 хоногийн хугацаа өнгөрсөн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 182/ШШ2017/01824 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт зааснаар “М К”ХХК-ийн үүрэн телефоны 9919.... дугаарыг нэхэмжлэгч Р.Оийн эзэмшиж ашиглах эрхийг сэргээхийг хариуцагч “М К”ХХК-д үүрэг болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Р.Оээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч “М К”ХХК-иас 70 200 төгрөг гаргуулж Р.Од олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 2366 дугаар магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 182/ШШ2017/01824 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч “М К”ХХК-иас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Чинхүүн хяналтын гомдолдоо: Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн №01824 тоот шийдвэр болон Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн №2366 тоот магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс дараах гомдлыг хяналтын журмаар гаргаж байна. Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх "шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, нотлох баримтыг ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйгэсэн үндэслэлээр мөн энэхүү маргааны үнэн зөв, гол зангилааг тайлан шийдвэрлэх талаас нь огт ажиллаагүй харин хэт нэг талыг барьж, анхан шатны шүүхийн гаргасан №01824 тоот шийдвэрийг хэвээр үлдээсэн. Тухайлбал: 1. “М К”ХХК болон нэхэмжлэгч Р.О нарын хооронд харилцаа холбооны сүлжээ ашиглахтай хопбоотой харилцаа үүссэн бөгөөд энэ талаар талууд шүүхэд маргадаггүй юм. Харилцаа холбооны сүлжээ ашиглахтай холбоотой хэрэглэгч болон үйлчилгээ үзүүлэгч нарын хоорондын маргааныг урьдчилан шийдвэрлэх ажиллагаагаар буюу Харилцаа Холбооны Тухай Хуулийн 31.2 дахь хэсэгт “...тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн хооронд болон тусгай зөвшөөрөл эзэмшигч, хэрэглэгчийн хооронд үүссэн маргааныг Зохицуулах хороо, салбар зөвлөл шийдвэрлэнэ...” гэж заасны дагуу Зохицуулах хороо, салбар зөвлөл шийдвэрлэх ёстой байтал шүүхийн зүгээс уг салбар хуулийг огт хэрэглээгүйгээс гадна ИХШХШТХ-ийн 65.1.3 дахь хэсгийг зөрчиж иргэний хэрэг үүсгэн шийдвэрлэсэн нь илтэд үндэслэлгүй гэж үзэж байна. 2. Мөн Нийслэлийн Иргэний Хэргийн Давж Заалдах Шатны Шүүх дүгнэхдээ: “М К”ХХК болон нэхэмжлэгч Р.О нарын хооронд 2005 оны 05 сард үүрэн телефоны 9919.... дугаарыг эзэмшиж, ашиглах тухай гэрээг амаар байгуулсан, уг дугаарыг нэхэмжлэгч эзэмшиж, ашиглаж байсан үйл баримтын хувьд талууд маргаагүй бөгөөд талуудын хооронд 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан хариуцагч байгууллагын үүрэн телефоны үйлчилгээний дугаар эзэмших, ашиглах эрхийг худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэсэн. Гэтэл Харилцаа Холбооны Тухай Хуулийн 3.1.12 дахь хэсэгт дугаарын ойлголтын талаар тодорхой тайлбарласан байдаг ба дугаар нь үйлчлэгчийг ялгаж таних, дуудлагын чиглэлийг тодорхойлох тоон илэрхийлэл юм. Худалдах, худалдан авах гэрээгээр бол худалдагч нь худалдан авагчийг гэрээгээр тохирсон үнийг төлсний дараа түүний өмчлөлд нь эд хөрөнгийг шилжүүлдэг. Харин “М К”ХХК нь дугаарыг худалддаггүй харин хэрэглэгчдэд үйлчилгээ санал болгож, эзэмших эрхийг нээн үйлчилгээ үзүүлдэг. Харилцаа Холбооны Тухай Хуулийн 3.1.4 дэх хэсэгт “үйлчилгээ” гэж харилцаа холбооны сүлжээг ашиглан хэрэглэгчийн холбоо мэдээллийн хэрэгцээг хангах үйл ажиллагааг ойлгоно, гэж заасны дагуу үйлчилгээ үзүүлж байсан нь тодорхой байхад 2 шатны шүүх буруу дүгнэлт хийж, талуудын хооронд Худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн мэтээр шийдвэрлэсэн нь огт үндэслэлгүй юм. 3. Түүнчлэн Харилцаа Холбооны Тухай Хуулийн 3.1.6 дахь хэсэгт “хэрэглэгч” гэж харилцаа холбооны үйлчилгээ үзүүлэх гэрээнд үйлчилгээг худалдан авах эрхтэйгээр оролцож байгаа иргэнийг ойлгоно гэж заасны дагуу “М К”ХХК нь нэхэмжлэгчид Харилцаа Холбооны Тухай хуульд зааснаар хэрэглэгчдийн хооронд мэдээлэл нэвтрүүлэх, дамжуулах зориулалттай техник хэрэгслийн иж бүрдлээр хангах үүргийг хүлээн үйлчилгээ үзүүлсэн. Үүнийг давж заалдах шатны шүүх харгалзан үзэлгүй магадлал гаргасан нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байна гэж хариуцагчийн зүгээс үзэж байна. Иймд дээрх үндэслэлүүдээр шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэр, магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангажээ.

Нэхэмжлэгч Р.О нь хариуцагч “М К”ХХК-д холбогдуулан 9919.... дугаарыг эзэмших, ашиглах эрхийг сэргээлгэх нэхэмжлэл гаргасныг хариуцагч  зөвшөөрөөгүй байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын гомдолдоо “...шүүх зохигчдын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлж чадаагүй, ...Харилцаа холбооны тухай хуулийн 31.2-т “...тусгай зөвшөөрөл эзэмшигч, хэрэглэгчийн хооронд үүссэн маргааныг Зохицуулах хороо, салбар зөвлөл шийдвэрлэнэ гэж маргааныг урьдчилан шийдвэрлэх журам заасан байхад шүүх уг хуулийг хэрэглээгүй, ...” тул шийдвэр магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. Гомдлыг хангах үндэслэлгүй байна.

“М К”ХХК болон Р.О нарын хооронд 2005 оны 05 сард үүрэн телефоны 9919.... дугаарыг эзэмшиж, ашиглах тухай гэрээг амаар байгуулсан, уг дугаарыг нэхэмжлэгч эзэмшиж, ашиглаж байсан үйл баримтыг талууд маргаагүй бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагч байгууллагаас үүрэн телефоны үйлчилгээний дугаар эзэмших, ашиглах эрхийг худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр олж авсан гэж гэрээг тайлбарласан шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсгийг зөрчөөгүй байна.

Р.О нь 9919.... дугаарыг эзэмших ашиглах эрхтэй бөгөөд уг эрхээ бусдад шилжүүлж, захиран зарцуулах эрхтэй байгаа нь худалдах-худалдан авах гэрээний шинжийг агуулжээ.

Тэрээр Р.О нь 2016 оны 11 дүгээр сараас хойш үйлчилгээг авч ашиглаагүй, цэнэглэлт болон хэрэглээ хийгээгүй байх ба хариуцагч 9919.... дугаарыг эзэмших, ашиглах эрхийг цуцалж, үйлчилгээг 2017 оны 02 дугаар сард зогсоожээ.

Гэрээгээр талууд хугацаа тохиролцоогүй тул гэрээ дуусгавар болоогүй байна.

Гэрээний нөгөө тал үүргээ зөрчснөөс гэрээг цуцлах тохиолдолд гэрээний нөхцөл, гэрээг цуцлах талаар нөгөө талдаа мэдэгдэх, нэмэлт хугацаа тогтоох журмыг “М К”ХХК баримтлаагүй нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэж үзнэ.

“М К”ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 797 дугаар тушаалаар батлагдсан Үүрэн телефон холбооны урьдчилсан төлбөрт багцын үйлчилгээний нөхцөл, Үүрэн телефон холбооны урьдчилсан төлбөрт нөхцлийн цэнэглэгч картын нөхцөл зэрэг журмуудыг гэрээний нөхцөл болгосон, нэхэмжлэгч талд танилцуулсан байдал тогтоогдоогүй тул уг журмын дагуу гэрээг цуцлах үндэслэлгүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 182/ШШ2017/01824 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 2366 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                           П.ЗОЛЗАЯА