| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Готовдоржийн Цагаанцоож |
| Хэргийн индекс | 135/2017/00994/И |
| Дугаар | 001/ХТ2018/00154 |
| Огноо | 2018-01-25 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2018 оны 01 сарын 25 өдөр
Дугаар 001/ХТ2018/00154
“С” ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2017 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШШ2017/02524 дүгээр шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 2128 дугаар магадлалтай,
“С” ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Б.А-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 35.751.955 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Цогтгэрэлийн гаргасан гомдлыг үндэслэн,
Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Чинбат, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.
Нэхэмжлэгч “С” ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: тус ББСБ нь Б.А-тай 2013 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр 31 тоот зээлийн болон барьцааны гэрээг байгуулан, 10.000.000 төгрөгийг 5% хүүтэй, 6 сар буюу 2013 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүртэл зээл олгосон. Хариуцагч 2014 оны 10 сарын 28-ны өдрөөс хойш үндсэн зээл, хүү, алдангийг төлөөгүй. Иймд үндсэн зээл 10.000.000 төгрөг, хүү 18.359.969 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3.581.994 төгрөг, өмнө төлсөн улсын тэмдэгтийн хураамж 280.190 төгрөг, нийт 32.222.153 төгрөгийг гаргуулах, барьцаа хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, Б.А-аас үндсэн зээл болох 10.000.000 төгрөг, хүү 21.459.963 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4.291.992 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 280.190 төгрөг, нийт 36.032.145 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.А- шүүхэд гаргасан тайлбартаа: “С” ББСБ нь Ц.Мөнхцэцэгт 10.000.000 төгрөгийн зээл олгосон. Ц.Мөнхцэцэг нь барьцаа хөрөнгө байхгүй гээд хувийн сууцаа барьцаанд тавиулахыг гуйхад би ноцтой төөрөгдөн өөрийн сууцыг барьцаалуулсан. Гэтэл Мөнхцэцэг зээлээ төлж чадахгүй хүнд байдалд орсон тул би өөрийн нөхцөл бололцоог дайчлан 5.000.000 төгрөгийг төлсөн. Зээлийн барьцаанд тавигдсан байшин гал түймэрт өртөн шатсаныг тухайн үед ББСБ-т мэдэгдэхэд дараагийн арга хэмжээг аваагүй. Нэхэмжлэгч 2014 онд зээл төлөгдөх боломжгүй байгаа, зээлийн хүүг зогсооно гээд 1 жилийн хугацаатай барьцаа хөрөнгийг захиран зарцуулах итгэмжлэл хийлгэж аваад зарах оролдлого хийсэн боловч зарж чадаагүй итгэмжлэлийн хугацаа дууссан. Одоо байгаа хувийн сууцыг нөхөр Батхорол ах дүүгийнхээ хамт барьсан учраас миний хөрөнгө биш. Иймд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага үндэслэлгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШШ2017/02524 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.2-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч “С ББСБ” ХХК-ийн хариуцагч Б.А-аас зээлийн гэрээний үүрэгт 36.032.145 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч С ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 465.171 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 2128 дугаар магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШШ2017/02524 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар С ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 465.171 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Цогтгэрэл хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 27- ны өдрийн 2128 тоот магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.
Давж заалдах шатны шүүхээс хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь үндэслэл муутай байна. Нэхэмжлэлд дурдсан шаардлагыг бус өөр шаардлагыг 101/ШШ2016/06572 тоот шүүхийн шийдвэрээр шийдвэрлэсэн байдгийг давж заалдах шатны шүүхээс анхаарч үзээгүй байна. 101/ШШ2016/06572 тоот шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсгээс нэхэмжлэгч “С” ББСБ-ын зүгээс үндсэн зээлд 13.041.680 төгрөгийг нэхэмжилсэн байна. Гэтэл ЗГ31 тоот зээлийн гэрээгээр 10.000.000 төгрөгийг олгосон байдаг. Хэрэв ЗГ31 тоот зээлийн гэрээний үүргийг шаардаж байсан бол үндсэн зээл нь 10.000.000 төгрөгөөс хэтрэх ёсгүй байсан юм. Давж заалдах шатны шүүхээс хуулийн хүчин төгөлдөр шийдвэртэй гэж үзсэн байх боловч тухайн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг нотлох баримтын хэмжээнд үнэлээгүй алдаа гаргасан байна. 101/ШШ2016/06572 тоот шүүхийн шийдвэрийг Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа гаргасан бөгөөд тухайн шүүгчийн зүгээс нэхэмжлэл, тайлбар, хэргийн нотлох баримтуудыг үндэслэн шийдвэрээ гаргасан. Шийдвэрээ гаргахдаа тухайн нэхэмжлэлээр ЗГ31 тоот гэрээний үүргийг шаардаагүй гэж үзсэн. Энэхүү дүгнэлт, үйл баримт нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр баталгаажсан юм. Үүнийг өөрчлөх боломжгүй. Нэгэнт хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрт гомдол гаргах эсэх нь өөрийн сонголт, эрхийн асуудал. Шүүхийн шийдвэр гарсан байгаа нь алдаагаа залруулах боломж олгосон бол үүний дагуу залруулж гаргаж байгааг буруутгах нь учир дутагдалтай байна. Иймээс давж заалдах иштны шүүхээс хэргийн үйл баримтыг дутуу үнэлж, дүгнэсний улмаас хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж, хэргийг хэрэгсэхгүй болгож алдаа гаргасан. Мөн давж заалдах шатны шүүхээс тухайн маргаанд дахин нотлох шаардлагагүй хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг үнэлэх ёстой байтал үнэлээгүй, холбогдох хуулийн зохицуулалтыг хэрэглээгүй алдаа гаргасан байна. 2017 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хуулийн хүчин төгөлдөр шийдвэртэй гэж үзэн, 101/Ш32017/10639 тоот шүүгчийн захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Энэхүү захирамжийг нэхэмжлэгч талаас эс зөвшөөрч, нэхэмжлэл нь өмнө нь шийдвэрлэгдэж байгаагүй гэдэг үндэслэлээр зохих журмын дагуу гомдол гаргаж шийдвэрлүүлсэн юм. 101/ШТ2017/00287 тоот шүүхийн тогтоолын эрх зүйн үйлчлэл хүчинтэй байсаар байтал “хүчин төгөлдөр шүүхийн шийдвэртэй” гэдэг үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Хариуцагч Б.А-ын зээлийн барьцаа хөрөнгийн нэг (нөгөө барьцаа нь газар) болох хувийн сууцны байшин галын үед бүхэлдээ шатаагүй буюу байшингийн бүх хана шатаагүй үлдсэн, мөн түүнийг засч сайжруулсан нь түүний шүүх хуралдааны үед гаргасан тайлбар, талуудын асуулт, хариултаар тогтоогдсоныг шат шатны шүүхээс анхаарч үзсэнгүй. Шүүх хуралдааны үед шүүгчийн зүгээс Б.А-аас “Байшингийн бүх талын хана шатсан уу” гэж асуухад “Шатаагүй” гэж хариулсныг шүүгч өөрөө асууж, хариулт авсан хирнээ анхаарч үзээгүйд гомдолтой байна. Дээрх нөхцөл байдлыг шат шатны шүүхээс анхаарч үзээгүйд гомдолтой байна.
Иймээс дээр дурдсан бүх үндэслэлээр магадлалыг хүчингүй болгож, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч “С” ББСБ-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ
Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
Нэхэмжлэгч “С ББСБ” ХХК нь хариуцагч Б.А-аас үндсэн зээл 10.000.000 төгрөг, хүү 21.459.963 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4.291.992 төгрөг нийт 35.751.955 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлээс татгалзахдаа “...зээлийг Ц.Мөнхцэцэг авсан, барьцаанд тавьсан байшин шатаж үгүй болсон” гэсэн тайлбар гаргаж маргажээ.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон бол давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгохдоо нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа гэж дүгнэжээ.
Б.А- нь өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, цайз 32а гудамж 680 тоотын 689 м.кв газар, мөн тоотод байрлах 28 м.кв хувийн орон сууцыг тус тус барьцаалан “С ББСБ” ХХК-с 2013 оны 04 дүгээр сарын 11-ны өдөр 10.000.000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаагаар зээлэх, хугацаандаа төлөөгүй тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү төлөхөөр харилцан тохиролцсон ба гэрээнд Ц.Мөнхцэцэг хамтран зээлдэгчээр гарын үсэг зуржээ.
Талууд зээлийн гэрээг бичгээр байгуулсан, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2, 156 дугаар зүйлийн 156.2-т заасан шаардлагад нийцсэн тул хүчин төгөлдөр гэж үзнэ.
Зээлдэгч Б.А- хүсэлт гаргаж, талууд зээлийн гэрээнд дараах нэмэлт өөрчлөлт оруулжээ. Үүнд:
1. 2013 оны 10 дугаар сарын 11-ний өдөр гэрээний хугацааг 2014 оны 3 дугаар сарын 11-ний өдөр хүртэл 5 сараар сунгасан.
2. 2014 оны 3 дугаар сарын 24-ний өдөр 2013 оны 9 дүгээр сарын 13-ний өдрөөс хойш хугацааны хүү 3.041.680 төгрөгийг үндсэн зээлд нэмж, мөн өдрөөс гэрээг 2 сараар сунгасан.
3. 2014 оны 7 дугаар сарын 4-ний өдөр гэрээний хугацааг 4 сараар тус тус сунгажээ /хэргийн 72-80 дугаар тал/.
“С ББСБ” ХХК нь Б.А-аас дээрх зээлийн гэрээний үүрэгт 24.448.043 төгрөг шаардсан, Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 06572 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо “...нэхэмжлэгч нь 2013 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн ЗГ31 дугаартай гэрээний үүргийг шаардаагүй, харин нэмэлт гэрээгээр хүүг үндсэн зээлд тооцож, нэхэмжилсэн...” гэж дүгнэсэн байх ба шийдвэр хүчин төгөлдөр байна.
Дээрх шийдвэрийн дараа нэхэмжлэгч энэхүү нэхэмжлэлийг гаргахдаа шаардлагын үндэслэлийг 2013 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн зээлийн гэрээ гэж тодорхойлсон байхад хоёр шатны шүүх нэхэмжлэлд дурдсан үйл баримт шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон гэж дүгнэхдээ хэрэгт авагдсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүйгээс гадна Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх заалтыг тухайн маргаанд буруу тайлбарлан хэрэглэжээ. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон зээлийн гэрээний талаар шүүх дүгнэлт хийгээгүй, уг гэрээтэй холбоотой маргааныг шийдээгүй байхад нэхэмжлэлийг болон хэргийг хэрэгсэхгүй болгосон нь алдаатай болжээ.
Хүчин төгөлдөр гэрээнд заасан үүргээ талууд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэл, үр дагаврыг шаардах эрхтэй бөгөөд хариуцагч нь 2013 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн зээлийн гэрээний дагуу зээлийн хүүд 4.923.370 төгрөг төлснөөс өөр төлбөр төлөөгүй байна /хэргийн 147 дугаар тал/.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-т зааснаар зээлдэгч гэрээнд заасан хугацаанд зээл, хүү, хэрэв хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй тул нэхэмжлэгч зээл, хүүгийн төлбөр шаардах эрхтэй.
Хэргийн 76 дугаар талд авагдсан баримтаас үзэхэд хариуцагч нь 2015 оны 03 дугаар сарын 24-ны өдөр үүргээ хүлээн зөвшөөрч байсан тул нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтрээгүй байна.
Хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй талаар Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2-т заасан. Хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлээгүй буруутай хэдий ч энэ нь дан ганц хариуцагчийн буруу гэж үзэх боломжгүй байна.
Зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд зээлдүүлэгч өөрийн санаачлагаар гэрээг цуцлах эрхтэй талаар гэрээний 3.1.3-т заасан, хариуцагч зээлийн төлбөрийг төлөөгүй байхад нэхэмжлэгч гэрээнд заасан арга хэмжээг аваагүйгээс хүүгийн хэмжээ нэмэгдсэн байх тул энэхүү нөхцөл байдлыг харгалзан гэрээний болон хэтэрсэн хугацааны хүүд нэхэмжилсэн 21.459.963 төгрөгийг 50 хувиар багасгаж 10.729.981 төгрөг, нэмэгдүүлсэн хүүг гэрээнд заасан 3.049.999 төгрөгийн 20 хувиар тооцох нь зүйтэй.
Онцгой байдлын газрын гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагчийн 2013 оны 10 дугаар сарын 7-ний өдрийн 336/2188 дугаар Гал түймэр гарсан тухай актад “...байшингийн дээврийн хэсэг, эд зүйл шатсан” гэсэн байх ба хариуцагчийн “... барьцааны зүйл болох байшин шатаж, үгүй болсон гэх” гэх тайлбар хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.
Үүргийн гүйцэтгэлийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйлээр хангуулахаар талууд тохиролцсон тул Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-т зааснаар үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардах эрх нэхэмжлэгчид үүсчээ.
Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн гомдлын зарим хэсгийг хангаж, шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, хариуцагчаас зээл 10.000.000 төгрөг, хүү 10.729.981 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 609.999 төгрөг нийт 21.339.980 төгрөг гаргуулж, барьцааны хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 2128 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШШ2017/02524 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “ Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-т заасныг баримтлан хариуцагч Б.А-аас 21.339.980 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “С ББСБ” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 14.411.975 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч сайн дураар үүргээ биелүүлээгүй бол барьцааны зүйл болох Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, цайз 32а гудамж 680 тоотын 689 м.кв газар мөн тоотод байрлах 28 м.кв хувийн орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдаж, үнээс үүргийг хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай” гэж, 2 дах заалтын “...үлдээсүгэй” гэснийг “...үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 264.650 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай” гэж тус тус өөрчилж, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр төлсөн 465.171 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Г.ЦАГААНЦООЖ