Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 001/ХТ2018/00611

 

Н.Лын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Б.Ундрах, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 1131 дүгээр шийдвэр,

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 183 дугаар магадлалтай,

Н.Лын нэхэмжлэлтэй

Ж.А, Г.Онарт холбогдох

Ажлын хөлс 10 150 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч Н.Л, түүний өмгөөлөгч Б.Цэдэндамбаа нарын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н.Л, түүний өмгөөлөгч Б.Цэдэндамбаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч Н.Л шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Алтан салоны эзэн Ж.А түүний нөхөр Г.Онартай харилцан тохиролцож 2015 оны 02 дугаар сараас 2015 оны 12 дугаар сарын 01-нийг хүртэл 10 сарын турш тавилга, эд зүйл хийж өгсөн. Тухайн үед 2015 оны 03 дугаар сарын 04-ний өдөр 5.000.000 төгрөг урьдчилгаа гэж өгсөн үлдэгдлийг ажлаа бүрэн хийсний дараа 5.150.000 төгрөгийг авахаар амаар тохиролцсон. Гэтэл Ж.Аийн нөхөр Г.Онадаас 5.000.000 төгрөгийг шүүхээр явж буцааж авсан. Мөн шийдвэрийн үндэслэх хэсэгт Алтан салонд тохижилт хийсэн тухайгаа нотлох баримт бүрдүүлэн нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэй байна гэж заасан. Иймд Алтан салонд хийж өгсөн тохижуулсан тавилга эд зүйлийн үнэ болох 10.150.000 төгрөгийг хариуцагч Ж.А, Г.Онараас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ж.А, Г.Онар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Оюунсувд шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Н.Л нь машины хэрэгцээ байна зохих хувийн хүүтэй нь өгье гэж гуйж ирсэн. 5.000.000 төгрөг зээлж Н.Л нь гарын үсгээ зураад түүнд мөнгө зээлдүүлсэн. Үүнтэй холбоотой 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 89 дугаартай шийдвэр гарсан. 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн шүүх хуралдаанд дээр Н.Л ярихдаа үсчний салоны тавилгыг хийж өгсөн. 5.000.000 төгрөгөнд бүх тавилгыг хийхээр тохирсон. Ж.А гэдэг хүн эд зүйл хийлгээд мөнгөө төлөөгүй, төлбөрт нь миний эхнэр, хүүхэд үсээ засуулж байсан гэж ярьж байна. Гэтэл одоо гаргасан нэхэмжлэлдээ 10.150.000 төгрөгийн эд зүйл, тавилга хийж өгсөн. 5.000.000 төгрөгийг урьдчилгаанд нь авсан гэж бичсэн байна. Н.Л нь дур зоргоороо худлаа ярьж байгаа нь биднийг гүтгэж байна гэж үзэхээр байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Алтан салонд тавилга хийлгэж байсан ч мөнгийг дор дор нь өгч байсан. Гуйхаар нь түүнд 5.000.000 төгрөг зээлж байсан. Н.Л нь хийж өгч буй тавилгынхаа мөнгийг аваагүй юм бол надаас 5.000.000 төгрөгийг зээлдэв гэж бичиж өгөх үү. Алтан салон Очирзангийнхан гэсэн аж ахуйн нэгжүүдийн хооронд аливаа гэрээ хэлцэл хийгдээгүй. Иргэн Н.Лаар тавилга хийлгэж байсан. Төлөх төлбөргүй болно гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 1131 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар нэхэмжлэгч Н.Лын хариуцагч Ж.А, Г.Онараас 10.150.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 61.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр төлсөн 177.350 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 183 дугаар магадлалаар Нэхэмжлэгч Н.Л болон түүний өмгөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 1131 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгч Н.Лаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 177.350 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Н.Л, түүний өмгөөлөгч Б.Цэдэндамбаа нар хяналтын гомдолдоо: Магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Нэхэмжлэгч Н.Л хариуцагч Ж.А, Г.Онартай иргэний хэргийн 343 дугаа зүйлийн 343.1-д зааснаар .... ажлын хөлс, тавилгын үнэ болох 10 500 000 төгрөгийг төлөл үүргээсээ бултаж байна. Мөн хуулийн 343.3-д зааснаар захиалагч Ж.А, Г.Онарын Алтан салоны үйлчилгээний тавилга эд зүйлийг бүрэн хийж суулгаж өгснийг хариуцагч тал хүлээн зөвшөөрч тавилга эд зүйл хийлгэсэн талаар маргаагүй. Харин тавилга эд зүйл хийлгэхдээ тухайн үед мөнгийг өгч байсан гэж шүүх хурал дээр болон шүүхэд өгсөн тайлбартаа бичсээр байхад шүүх хариуцагч тал хэдэн төгрөг эд зүйл тавилга хийлгэхдээ өгснийг тогтоохгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэн хууль зөрчсөн. Хариуцагч талд Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1-д заасны дагуу захиалагчийн өмчлөлд тавилга эд зүйл Алтан салонд хийж өгч, суулгаж байрлуулсан зурагнууд болон хариуцагчийн тайлбар, шүүхийн тэмдэглэлд тавилга, эд зүйл хийлгэж өвсөн талаар маргаангүй гэж хариуцагч тал зөвшөөрч байхад сум дундын шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүх 183 дугаар магадлалаар нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисон нь үндэслэлгүй байна. Иймд магадлал, шийдвэрийг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.  

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтын талаар бүрэн эрхийнхээ хүрээнд дүгнэлт хийгээгүй, хэргийн нөхцөл байдал хангалттай нотлогдоогүй тохиолдолд хяналтын шатны шүүх хэргийн үйл баримтын талаар шууд дүгнэх үндэслэлгүйгээс гадна шүүхийн хууль хэрэглээний асуудлаар дүгнэлт хийх, маргааныг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэх шаардлагатай гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Шүүх маргааны зүйлийг бүрэн тодорхойлж чадаагүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглээгүйгээс гадна хэргийн оролцогчийн гаргасан баримтыг үнэлэх боломжгүй гэж үзсэн үндэслэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т нийцээгүй нь шийдвэр, магадлалыг хүчингүй болгох үндэслэл болно. 

Нэхэмжлэгч Н.Л хариуцагч Ж.А, Г.Онарт холбогдуулж ажлын хөлс 10 150 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг гаргасан, хариуцагч нар  “...гүйцэтгэсэн ажлын хөлсийг тухай бүр төлж байсан, нэхэмжлэгч Н.Лд төлөх төлбөргүй...” гэж маргажээ.

Хоёр шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо Н.Л нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадаагүй гэж үзсэн байна.

Нэхэмжлэгчийн зүгээс 2015 оны 02 дугаар сараас 12 дугаар сар хүртэлх хугацаанд хариуцагч Ж.А, Г.Онарын эзэмшлийн Дархан сумын 10 дугаар багт байрлах Алтан гоо сайхны салоныг тохижуулж, 20 гаруй нэр төрлийн эд зүйл хийж өгсөн гэж, материалын нэр төрөл, үнэ, фото зураг, ажлын хөлсийг тооцсон баримтыг шүүхэд гаргаж өгчээ.

Шүүх хэрэгт байгаа баримтыг үнэлэхдээ талууд гэрээг бичгээр байгуулаагүй тул салоныг тохижуулах ажил, үйлчилгээг хэний зардлаар, ямар хугацаанд, хэдий хэмжээний өртөг зардлаар гүйцэтгэж, ажлын хөлсийг ямар хэлбэрээр төлөх зэрэг гол нөхцлүүд тодорхойгүйгээс нэхэмжлэгч Н.Лын нэхэмжлэлд хавсаргаж ирүүлсэн нотлох баримтыг үнэлэх боломжгүй байна гэжээ.

Иргэний хуульд ажил гүйцэтгэх гэрээг бичгээр байгуулах хэлбэрийн шаардлагыг хуульчлаагүй бөгөөд уг гэрээг амаар байгуулсан тохиолдолд шүүх маргааны үйл баримтыг зохигчийн гаргасан баримтад тулгуурлаж дүгнэх үндэслэлтэй байхад гэрээг бичгээр байгуулсан тохиолдолд ажил гүйцэтгэх гэрээний үйл баримтыг үнэлнэ гэсэн агуулгатай  шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсгийг зөрчсөн байна. 

Хариуцагч Ж.А, Г.Онар нэхэмжлэгч Э.Н.Лын зүгээс тодорхой хэмжээний ажлыг гүйцэтгэсэн талаар маргаагүй ба ажлын хөлсийг тухай бүр өгч байсан гэж мэтгэлцсэн бөгөөд ажил гүйцэтгэгч буюу нэхэмжлэгч ажлын хөлсийг төлөөгүй гэж, нөгөө талаас хариуцагч нар хөлсийг төлсөн гэж маргасан байхад шүүх нотолгооны үүргийг буюу ажлын хөлс төлснөө нотлох хариуцагчийн үүргийг анхаараагүй нь буруу болжээ.

Зохигчийн тайлбараас үзвэл тэдгээрийн хооронд ажил гүйцэтгэх гэрээний дагуу тодорхой эрх, үүрэг үүссэн, нэхэмжлэгч нь “...ажлын хөлс 10 150 000 төгрөг байсан, үүнээс урьдчилгаа 5 000 000 төгрөг өгснийг хариуцагч нар зээл гэж үзээд шүүхийн шийдвэрээр буцаагаад гаргуулсан тул 10 150 000 төгрөгийг гаргуулна...” гэсэн бол хариуцагч нар “...нэхэмжлэгч ажлын хөлсөө өөр өөрөөр хэлдэг, 5 000 000 төгрөгний ажил хийсэн гэж өмнө нь тайлбар гаргаж байсан, нэхэмжлэгчид ажлын хөлсийг тухай бүр өгч байсан, харин нэхэмжлэгч 5 000 000 төгрөг зээлж авчихаад өгөхгүй байсан тул шүүхэд хандаж байсан...” гэж маргажээ. Үүнээс үзэхэд зохигч талуудаас хийсэн ажлын нэр төрөл, ажлын үр дүнг тодруулж, ажлын хөлсийг тодорхойлох боломжтой эсэх, эсвэл Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.2-т “Ажил гүйцэтгэсний хөлсийг талууд тохиролцоогүй боловч гүйцэтгэсэн ажлын шинж, ажил гүйцэтгэх болсон нөхцөл байдал зэргээс шалтгаалан захиалагч тухайн төрлийн ажил гүйцэтгэхэд мөрддөг эрх бүхий байгууллагаас баталсан жишиг үнэлгээний жагсаалт байвал тухайн жагсаалтыг үндэслэн, тийм жагсаалт байхгүй бол тухайн үеийн зах зээлийн дундаж үнэлгээгээр бодож хөлс төлнө.” гэж зааснаар ажлын хөлсний хэмжээ тогтоогдох эсэхийг анхаарч, хэргийн нөхцөл байдлыг тодруулах нь зүйтэй байжээ.

Хэргийн нөхцөл байдлыг бодитой тогтоохын тулд ач холбогдол бүхий үйл баримтыг зохигчоос тодруулах, зохигчийг мэтгэлцүүлэхэд чиглүүлэх нь шүүхийн үүрэг юм.

Иймд нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн гомдлыг хангаж, хэргийг дахин хянан хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д  заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 1131 дүгээр шийдвэр, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 183 дугаар  магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр төлсөн 177 350 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

                            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

                       ШҮҮГЧ                                                           П.ЗОЛЗАЯА