Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 001/ХТ2018/01775

 

 

М.С-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 184/ШШ2018/00810 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 1389 дүгээр магадлалтай, 

Нэхэмжлэгч М.С-гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч МУ ЗГ-т холбогдох,

Засгийн газрын нөөц сангаас 17 932 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Отгонжаргалын гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Энхтунгалаг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Наранбаатар, прокурор Х.Батчимэг, нарийн бичгийн даргаар Г.Наранхүү нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

2012 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр иргэн н.Болормаагийн гомдлоор тус өдрөө Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар онц хүнд гэмт хэргийн зүйлчлэлээр Эрүүгийн хэрэг үүсгэсэн. 2012 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр намайг цагдан хорьсон. Нийт 28 хоног цагдан хорьж, батлан даалтад гараад 2014 оны 03 дугаар сарын 24-ний өдөр 351 дугаартай прокурорын тогтоол гарч хэргийг хэрэгсэхгүй болгосон. Энэ хугацаанд сэтгэл санаа, эд хөрөнгийн хохирол амссан. Энэ хэрэгт цагдан хоригдсон 28 хоногийг тухайн үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 140 400 төгрөгөөр тооцон 3 932 000 төгрөг, өмгөөллийн хөлс 10 000 000 төгрөг, сэтгэл санааны хохирол 4 000 000 төгрөг, нийт 17 932 000 төгрөгийг МУ ЗГ-ын нөөц сангаас гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: 

М.С нь 2012 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдон шалгагдаж, 2012 оны 09 дүгээр сарын 13-ны өдрөөс 2012 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүртэл 28 хоногийн хугацаагаар цагдан хоригдсон. Өмнө нь үйлчилж байсан Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1 дэх хэсэгт эрүүгийн хуульд заасан онц хүнд гэмт хэрэгт сэжигтэн яллагдагч шүүгдэгч, удаа дараа ял шийтгэгдэж байсан этгээд, онц аюултай гэмт хэрэгтэн дахин гэмт хэрэгт сэжиглэгдсэн бол түүнийг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхээс оргон зайлах, үйл байдлыг тогтооход саад учруулах, дахин гэмт хэрэг үйлдэхээс сэрэмжлэх зорилгоор цагдан хорино гэж заасан. М.С өмнө нь гэмт хэрэгт холбогдож байсан мөн тухайн үед онц хүнд гэмт хэрэгт сэжиглэгдэж байсан учир хуульд заасан журмын дагуу цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Хэргийг хэрэгсэхгүй болгохдоо М.С нь хохирогчтой гэрээ байгуулж, хохирогч нь хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх хүсэлт гаргасан байдлыг харгалзан үзэж өгнө үү.

Нэхэмжлэгч өмгөөллийн үйл ажиллагааны зардал нэхэмжилсэн байдаг. Өмгөөллийн гэрээг 2012 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр байгуулсан байдаг. Тус гэрээний 4.3 дахь хэсэгт өмгөөллийн үйлчилгээний хөлсөнд урьдчилан 5 000 000 төгрөгийг талууд гарын үсгээ зурмагц төлнө гэсэн байдаг. Харин төлбөр төлсөн баримтуудаас үзэхэд төлбөрийг 2012 оны 10 дугаар сарын 20-ны өдөр төлсөн байна. Гэрээнд н.Ганжуурданжуур гэх хүн гарын үсэг зурсан нь гэрээг хүчин төгөлдөр эсэх мөн тухайн үед гэрээ байгуулсан эсэх нь эргэлзээтэй байгаа. Учир нь эрүүгийн хэрэг болон иргэний хэргийн өмгөөлөл хууль зүйн туслалцааны гэрээнүүд нь хоорондоо яг ижилхэн байгаа юм. Мөн М.С нь үйл ажиллагаа явуулж байсан тухай баримт нь нотлох баримтын шаардлагыг төдийлөн хангаагүй. Улсын Дээд шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 23-ны өдөр гаргасан зөвлөмжид эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны улмаас хохирсон тохиолдолд зардал нөхөх гээд тухайн үед ажил эрхэлдэггүй байсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 21,5 хоногт хувааж зардлыг нөхөх гэж тусгасан нь нэхэмжлэгч 140 400 төгрөгийг 28 хоногтоо үржүүлж нэхэмжилсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч эрүүгийн хэрэгт шалгагдсанаар нэр төр сэтгэл санааны хохирол учирсан гэдэг. Энэ талаар тодорхойлсон баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байх тул эдгээр нөхцөл байдлуудыг харгалзан шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Прокурор Б.О шүүхэд гаргасан тайлбартаа:

М.С нь 28 хоногоор цагдан хоригдсон хугацааны төлбөрийг ажилгүй байсан хугацаагаа гэж үзэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцон 3 339 000 төгрөг, өмгөөллийн хөлсөнд 10 000 000 төгрөг, сэтгэл санааны хохиролд 4 000 000 төгрөг гаргуулна гэж нэхэмжилсэн. М.С- нь 2012 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар иргэн О.Болормаагаас удаа дараагийн үргэлжилсэн үйлдлээр мөнгийг нь авч хүүг нь өсгөж өгнө гэж 196 234 000 төгрөгийг хууран мэхэлж, итгэл эвдэх замаар авч, онц их хэмжээний хохирол учруулсан үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэн шалгах үед “Млоус” ХХК-ийн нийтийн байранд манаачаар ажиллаж, тухайн хаягт нь оршин суудаг байснаар М.С- нь бүртгэгдсэн хаягтаа байнгын байрлах эсэх нь тодорхой бус оргон зайлж болзошгүй гэх үндэслэл, Увс аймгийн сум дундын шүүхээс 2005 оны 04 дүгээр сарын 27, 2006 оны 05 дугаар сарын 26-ны өдөр тус тус ял шийтгэл авч байсан учир цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан.

М.С-гийн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж батлан даалтад гаргасан. Нэхэмжлэгчийн орлогын талаарх гэрчүүдийн мэдүүлэгт өдөрт Драгон төвд ороомог хийж заран 30 000 төгрөгийн ашигтай ажилладаг гэж бодож байна, мөн М.С-гийн ажиллаж байсан компани сард 500 000 төгрөгийн цалин өгдөг байснаас 200 000 төгрөгийн байрны түрээсэнд авч гар дээр нь 300 000 төгрөг өгдөг, мөнгө хэрэг болохоор нь өгдөг байсан гэх мэдүүлгүүдээс харахад Драгон төвд хэдэн төгрөгийн орлоготой болох нь тодорхойгүй, мөн “Лоус” ХХК-иас тогтмол цалин авдаггүй байсан тул төлбөрийг тооцох боломжгүй байна. Өмгөөллийн хөлсөнд төлсөн зардлын хувьд Үндсэн хуулийн 55.1, 55.2, 16.14-д зааснаар хүн өөрөө өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах эрхтэй. 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д өмгөөлөгч нь хууль зүйн туслалцаа үзүүлэх үүрэгтэй, тус, 35 дугаар зүйлийн 35.2.7, 36.3.3-д өмгөөлөгч авах эрхтэйг тус тус тусгасан. Иймээс М.С эрхийнхээ хүрээнд өмгөөлөгч авч сайн дураараа өмгөөллийн хөлс төлсөн тул тус төлбөрийг төрөөс гаргуулах үндэслэлгүй байна. Эрүүгийн хавтаст хэрэгт өмгөөллийн үйлчилгээ үзүүлсэн гэрээг хавсаргаагүй, уг мөнгийг өмгөөлөгчид бүрэн төлсөн гэх баримт байхгүй, өмгөөллийн хөлсний талаар сэжигтэн яллагдагчийн мэдүүлэгт тусгагдаагүй байгааг анхаарч үзнэ үү.

Сэтгэл санааны хохирол гаргуулах тухайд хэрэг хянан шийдвэрлэж байх хугацаанд болон дараа нь хэрхэн ямар хор хохирол учирсан тухай баримт байхгүй. М.С нь эрүүгийн хэрэгт шалгагдаад хэрэгсэхгүй болгосон шалтгаан нь хохирогч талтай гэрээ байгуулсны үндсэн дээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Иргэн О.Болормаа нар нь харилцан тохиролцож бусдад өндөр хүүтэй мөнгө зээлсэн тухай нотлох баримтуудаар тогтоогдсон боловч Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт заасныг журамлаж яллагдагчид ашигтай байдлаар Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр 2014 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хэргийн хэрэгсэхгүй болгосон боловч М.С-г шалгах хууль зүйн үндэслэлтэй байсан нь тогтоогдсон байгаа. Төрийн албан тушаалтны хууль бус ажиллагаанаас үүдэлтэй бол хохирлыг барагдуулдаг ч энэ байдал огт тогтоогдоогүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 184/ШШ2018/00810 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4, 511 дүгээр зүйлийн 511.1-д заасныг баримтлан МУ ЗГ-аас 10 182 846 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.С-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 7 749 154 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-д зааснаар нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 1389 дүгээр магадлалаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 184/ШШ2018/00810 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч МУ ЗГ нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурджээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

Анхан болон давж заалдах шатны шүүхээс М.С-гийн холбогдсон эрүүгийн хэрэгт өмгөөлөгчөөр Н.Болормаа оролцон, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг нэхэмжлэгчийн хүү Ц.Ганжуурданжууртай байгуулан, хөлсөнд 10 000 000 төгрөг төлсөн болох нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогддог гэж үзсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ.” гэсэн заалтыг зөрчжээ.

Хавтаст хэрэгт өмгөөлөгч Н.Болормаатай эрүүгийн хэрэгт хууль зүйн туслалцаа үзүүлэхээр байгуулсан гэрээ, иргэний хэрэгт хууль зүйн туслалцаа авахаар өмгөөлөгч Д.Энхтунгалагтай байгуулсан гэрээтэй яг ижил байгаа нь гэрээг нөхөж хийсэн гэж үзэхээр байна. Мөн эрүүгийн хавтаст хэрэгт өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээ тухай үедээ эрүүгийн хэрэгт хавсаргагдаагүй, уг мөнгийг өмгөөлөгчид бүрэн төлсөн гэх баримт байхгүй байхад шүүхээс нотлох баримт хангалттай гэж үзэж хэргийг шийдвэрлэжээ.

Мөн шүүх хуралдааны явцад эрүүгийн хэрэгт хууль зүйн туслалцаа үзүүлж байсан өмгөөлөгч Н.Болормаа өмгөөллийн хөлс төлсөн баримтыг 2 хувь үйлдэж нэгийг нь өөрөө авч, нөгөөг нь үйлчлүүлэгчид өгсөн гэх боловч иргэний хавтаст хэрэгт байгаа төлбөр төлсөн эх баримтууд нь хэнд байсан баримт болох талаар тодруулахад хариулт өгч чадахгүй байсан нь дээрх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн заалтыг зөрчжээ.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.2-т зааснаар гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

                                                          ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах журмаар алдааг залруулах боломжгүй тул хэргийг дахин хянан хэлэлцүүлэх шаардлагатай байна.

Нэхэмжлэгч М.С нь 2012 оны 09 дүгээр сарын 13-ны өдрөөс 2012 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл эрүүгийн хэрэгт үндэслэлгүйгээр цагдан хоригдсон гэм хорыг арилгуулахаар нийт 17 932 000 төгрөгийн шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч М.С  нь хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар бусдын эд хөрөнгийг залилан авч, онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт сэжиглэгдэн шалгагдсан байх ба Дүүргийн 2 дугаар прокурорын газрын прокурор 2014 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 351 дүгээр тогтоолоор М.С-д холбогдох эрүүгийн хэргийг гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдоогүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгожээ.   

Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14-т “гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно” гэж заасан бөгөөд нотлогдоогүй бол гэм буруугүйд тооцогдох зарчмын агуулгаар эрүүгийн гэмт хэрэгт шалгах эрх бүхий байгууллагын хууль ёсны ажиллагаа явагдсан хэдий ч эцэст нь тухайн этгээд гэм буруутай болох нь тогтоогдоогүй нөхцөлд дээрх ажиллагааны эрх зүйн үр дагаврыг төр хариуцах үүрэгтэй болдог.

Эрүүгийн байцаан шийтгэх тухай 2002 оны хуулийн 388 дугаар зүйлийн 388.1.-д, мөн  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 2017 оны хуулийн 45.1. дүгээр зүйлийн 1-д “хууль зөрчсөн ажиллагаа”-ны эрх зүйн үр дагаврын талаар заасан боловч энэхүү ажиллагаанд холбогдох албан тушаалтны хууль бус үйлдэл бүхий ажиллагаа хамаарахаас гадна яллагдагч гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүйгээс хэргийг хэрэгсэхгүй болгосон, эсхүл шүүгдэгч, ял шийтгүүлсэн этгээдийг цагаатгасан бол хуулийн дагуу явагдсан ажиллагаа ч мөн адил хамаарна.

Учир нь нотлогдоогүй бол гэм буруугүйд тооцогдох эрх зүйн презумпци нь иргэн бүрийг эрхийн үндэслэлгүй хязгаарлалтаас хамгаалах зарчим юм. Ийнхүү төрөөс эрх олгогдсон тусгай албан тушаалтан, байгууллага эрүүгийн гэмт хэрэгт сэжиглэгдэж буй этгээдийг хуулийн дагуу шалгах, хуульд заасан эрхийн хязгаарлалтыг хэрэгжүүлэх бүрэн эрхтэй хэдий ч ийнхүү зохих журмын дагуу явуулсан ажиллагааны үр дүнд тухайн этгээдийн гэм буруу нотлогдоогүй тохиолдолд дээрх эрхийн хязгаарлалт хууль бусад тооцогддог болно. Улмаар үүнээс үүсэх эрх зүйн үр дагаврыг хуульд “хууль бус ажиллагаа”-нд хамааруулдаг. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4.-т зааснаар хууль бусаар яллагдагчаар татагдсан, ял шийтгүүлсэн, баривчлагдсан, саатуулагдсан буюу гадагш явахгүй гэсэн баталгаа өгсөн, захиргааны  журмаар баривчлагдсан этгээдийн зөрчигдсөн эрхийг сэргээсэн тохиолдолд түүнд учирсан хохирлыг хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор болон шүүгчийн буруутай эсэхээс үл хамааран төр хариуцан арилгах үүрэгтэй байна. 

Энэ утгаар шүүх дээрх ажиллагаанаас учирсан гэм хорын асуудлыг эрх зүйн маргааны журмаар буюу нэхэмжлэлээр бус харин хүсэлтээр буюу онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэдэг болно. Өөрөөр хэлбэл, эрүүгийн хэрэг нь хэрэгсэхгүй болсон, цагаатгагдсан этгээдэд гэм хор учирсан явдал нь маргаангүй хүлээн зөвшөөрөгдөх үйл баримт юм. Нөгөө талаар, уг гэм хор эрх бүхий этгээдийн хуулиар зөвшөөрөгдсөн үйл ажиллагаанаас учирсан байдаг тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1.-д заасан үндэслэлээр энэ хэрэгт хариуцагчаар уг үйл ажиллагааг явуулсан этгээд оролцох үндэслэлгүй болно. Харин хүсэлт гаргаж буй нэхэмжлэгч нь өөрт учирсан гэм хорын хэмжээг нотлох үүрэгтэй ба шүүх гэм хорыг хэдий хэмжээгээр хангах эсэхийг шийдвэрлэнэ.

Эрүүгийн байцаан шийтгэх 2002 оны хуулийн 397 дугаар зүйлийн 397.1.-д “хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан хохирлыг арилгуулах тухай өргөдлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ” гэж заасан байжээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 2017 оны хуульд ийм зохицуулалт байхгүй байгаа нь тухайн асуудлыг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэхгүй байх үндэслэл болохгүй юм.

Уг иргэний хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэсэн Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 184/ШШ2017/02068 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаасан Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 2329 дүгээр магадлалд хяналтын журмаар гомдол гараагүй учир давж заалдах шатны шүүхийн магадлалын хууль зүйн үндэслэлийн талаар хяналтын шатны шүүх  дүгнэлт өгөөгүй байна.

Шүүх нэхэмжлэгч М.С-гийн нэхэмжлэлтэй хэрэгт хариуцагчаар МУ ЗГ-ыг татан оролцуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1.-д заасан эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх нь зөрчигдсөн тухай эрх зүйн харилцаанд оролцогч этгээдээс гаргасан нэхэмжлэлтэй иргэний хэрэг гэж хэргийг хянан шийдвэрлэсэн нь алдаатай болжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 134 дүгээр зүйлийн 134.3.-т зааснаар онцгой ажиллагааны журмаар хэрэг хянан шийдвэрлэх явцад бусад иргэн, хуулийн этгээдийн эрх хөндөгдсөн тохиолдолд тэдгээр нь гуравдагч этгээдээр оролцож болдогоос гадна мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.-д зааснаар прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу төрийн нэрийн өмнөөс оролцдог байна. Дээрх зохицуулалтын дагуу прокурор нь тухайн төрлийн хэрэгт эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны субъектын хувьд гуравдагч этгээдээр, эсхүл төрийг төлөөлж, эсхүл аль алинаар нь оролцох боломжтой юм.

Харин энэ хэрэгт Монгол УлсынЗГ-ыг хариуцагчаар оролцуулах хууль зүйн үндэслэлгүй байна. Тухайн жилийн төсөвт урьдчилан төлөвлөж тусгах боломжгүй, цаг үеийн шинжтэй зарим асуудлыг шийдвэрлэхэд шаардагдах зардлыг ЗГ-ын нөөц сангаас санхүүжүүлдэг бөгөөд эрүүгийн гэмт хэрэгт шалгагдаж, хэрэг нь хэрэгсэхгүй болсон, цагаатгагдсан этгээдийн гэм хорыг арилгах төлбөрийг ЗГ-ын нөөц сангаас гаргуулахаар шүүх шийдвэрлэдэг нь ЗГ-ыг тухайн иргэний хэрэгт хариуцагчаар оролцуулах үндэслэл болохгүй юм. 

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчсөн, онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх хэргийг эрх зүйн маргаан бүхий нэхэмжлэлтэй хэрэг гэж үзэж, мэтгэлцээний үндсэн дээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсныг хяналтын шатны шүүх тогтоолоор залруулах боломжгүй тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаахаар шийдвэрлэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 184/ШШ2018/00810 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 1389 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

                                ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

         ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН