| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашхүүгийн Цолмон |
| Хэргийн индекс | 142/2018/00537/И |
| Дугаар | 001/ХТ2019/00135 |
| Огноо | 2019-01-29 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2019 оны 01 сарын 29 өдөр
Дугаар 001/ХТ2019/00135
Д ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2018 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 142/ШШ2018/00676 дугаар шийдвэр,
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 99 дүгээр магадлалтай, Д ийн нэхэмжлэлтэй,
Ч д холбогдох
39,273,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн
Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунбат, хариуцагчийн өмгөөлөгч О.Сарантуул, нарийн бичгийн дарга Г.Сувд-Эрдэнэ нар оролцов.
Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлд: Иргэн Ч ээс “Өрлөг Зэлмэ” ХХК-ийг 2015 оны 10 сарын 10-ны өдөр 190,000,000 төгрөгөөр худалдан авах болж Компанийн хувьцаа худалдах-худалдан авах гэрээ байгуулсан ба тухайн гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй болж дээрх гэрээнээс татгалзан, талууд тохиролцсоны дагуу 2017 оны 04 сарын 14-ний өдөр иргэн Ч д компанийн хувьцаа худалдах-худалдан авах гэрээгээр худалдан авах гэж байсан “Өрлөг Зэлмэ” ХХК-ийн Уурхайчин багийн 13-р байрны хойд талд байх дэлгүүрийн зориулалттай 40.0 м.кв үл хөдлөх хөрөнгийг буцаан өгсөн. Тухайн хөрөнгийг би худалдан авахаар өөрийн нөхөр Г.Манлайбаярын өмчлөлийн тээврийн хэрэгсэл болох ТОҮОТА Рrius маркийн тээврийн хэрэгслийг 10,500,000 төгрөгт тооцон Ч ийн хүсэлтээр түүний хүргэн Д.Амартүвшингийн нэр дээр шилжүүлэн өгсөн. Ингээд дансаар 29,427,300 төгрөгийг шилжүүлсэн. Ч нь компани болон эд хөрөнгөө буцаан авсан атлаа мөнгийг маань буцаан өгөхгүй байх тул Ч ээс 39,273,000 төгрөгийг гаргуулах шаардлагыг гаргаж байна. Миний бие уг хөрөнгийг худалдан авсны дараа Хас банкны барьцаанд тавьж, уг дэлгүүрийн орлогыг нэмэгдүүлэх зорилгоор 50,000,000 төгрөгийн зээл авсан бөгөөд тухайн дэлгүүрийн орлого тааруу байдлаас зээлийн төлбөрт орсон. Энэ байдлын талаар Ч мэдэж байсан ба эд хөрөнгө, компанийн хувьцаагаа буцаан авах үедээ миний түүнд шилжүүлэн өгсөн мөнгийг Хас банкны зээлийн үлдэгдэл болох 37,990,000 төгрөгийг Ч нь төлөхөөр талууд тохиролцон, хөрөнгө компаниа шилжүүлэн авсан боловч өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг төлөөгүй бөгөөд уг асуудал шүүхээр шийдвэрлэгдэж, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд 38,140,000 төгрөгийн төлбөрийн шийдвэр очсон байгаа. Иймд иргэн Ч ээс 39,273,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлүүлэх хүсэлтэй байна гэжээ.
Хариуцагчийн гаргасан хариу тайлбарт: Миний бие иргэн Д тэй 2016 оны 05 сарын 15-ны өдөр “Өрлөг Зэлмэ” ХХК-ийн хувьцааг худалдах, худалдан авах гэрээ болон Компанийн эрх шилжүүлэх гэрээг байгуулсны дагуу “Өрлөг Зэлмэ” ХХК-ийн 100 хувийн хувьцааг шилжүүлэх замаар тус компанийн өмчлөлд байсан дэлгүүр болон үйлчилгээний зориулалттай талбай, доорх газрыг эзэмших эрх, дэлгүүрийн тусгай зөвшөөрлүүдийг тус тус шилжүүлсэн. Хэдий хувьцаа худалдах, худалдан авах гэрээнд хувьцааг шилжүүлэх үнийг 12,700,000 төгрөг гэж заасан боловч бодитоор талууд дэлгүүр, үйлчилгээний талбай, газрын эрх, дэлгүүрт байсан бараа зэрэг хөрөнгүүдийг нийт 190,000,000 төгрөгөөр худалдахаар харилцан тохиролцсон байсан. Дэлгүүрийг Д т шилжүүлж өгөхөөс өмнө би өөрөө дэлгүүрийг ажиллуулж орлого олдог байсан бөгөөд дэлгүүрийг шилжүүлэх үед дэлгүүрт нийт 20 сая орчим төгрөгийн үнэ бүхий бараа, бүтээгдэхүүн байсныг дэлгүүрийн хамт Д т шилжүүлсэн. Д Компанийн хувьцааг шилжүүлж авснаас хойш худалдах-худалдан авах гэрээний төлбөрт 2016 оны 07 сарын 09-ний өдөр 15,000,000 төгрөг, 2016 оны 06 сарын 20-ны өдөр 140,000 төгрөг, 2016 оны 05 сарын 20-ны өдөр 9,787,300 төгрөг, 2016 оны 09 сарын 15-ны өдөр 3,000,000 төгрөгийг тус тус төлсөн. Мөн тус гэрээний төлбөрт тооцож Тоёота Приус маркийн 18-39УНТ улсын бүртгэлийн дугаартай автомашиныг 10,500,000 төгрөгт тооцож манай хүргэн Д.Амартүвшингийн нэр дээр шилжүүлсэн байдаг. Харин нэхэмжлэгчийн хэрэгт гаргаж өгсөн Амира цахилгааны төлбөр гэсэн утга бүхий 2016 оны 08 сарын 23-ны баримтаар гаргаж өгсөн төлбөр нь энэхүү гэрээний төлбөртэй ямар ч холбогдолгүй төлбөр буюу миний хүлээж аваагүй төлбөр байна. Д нь гэрээний үлдэгдэл төлбөр болох 151,572,700 төгрөгийг банкнаас зээл аваад бүрэн төлж барагдуулна гэж надад амласан. Гэтэл банкны зээл хөөцөлдөж байгаа гэсэн тайлбар өгсөөр намайг бүтэн жил орчим хүлээлгэсний дараа банкны зээл бүтсэнгүй дэлгүүрийг худалдаж авах боломжгүй болсон гэсэн тайлбарыг хэлсэн. Ийнхүү дэлгүүрийг буцаан өгөхөөр болж 2017 оны 04 сарын 14-ний өдөр “Өрлөг Зэлмэ” ХХК-ийн хувьцааг буцаан шилжүүлэхээр болж Хувьцаа худалдах-худалдан авах гэрээ болон эрх шилжүүлэх гэрээг байгуулсан. Ийнхүү Компанийн хувьцааг буцаан шилжүүлэх гэрээ байгуулахдаа нэгэнт төлсөн байсан 15,000,000 төгрөгийг буцааж авахгүй гэж Д өөрөө хэлсэн бөгөөд приус автомашины хувьд буцааж өгөхийг хүлээн зөвшөөрөөгүй. Учир нь Д нь дэлгүүрийн хажуугийн үйлчилгээний талбайг түрээслэдэг байсан түрээсийн төлбөрийг төлөөгүй, дэлгүүрийг жил орчим хугацаанд эзэмшиж, ашиглан ашиг орлого олж байсан зэрэг нөхцөл байдлыг харгалзаж үзээд приус автомашины төлбөрийг гэрээнээс татгалзсаны нөхөн төлбөрт тооцно гэдгийг хэлсэн. Үүнийг Д хүлээн зөвшөөрсөн бөгөөд дэлгүүрийн хажуугийн үйлчилгээний талбайг 2017 оны эцэс хүртэл үргэлжлүүлэн түрээслэж байсан. Хэдий Д нь дэлгүүрийг буцааж өгнө гэж компанийн хувьцааг худалдах-худалдан авах гэрээг байгуулсан боловч компанийн хувьцааг надад бодитоор буцаан шилжүүлж өгөхгүй байсаар өдийг хүрсэн. Компанийн хувьцааг шилжүүлэхэд улсын бүртгэлийн байгууллагаас хувьцаа эзэмшигчийн шийдвэрийг шаарддаг бөгөөд Д энэхүү шийдвэрийг гаргаж өгөхгүй байгаа тул хувьцааг буцаан шилжүүлж авч чадахгүй байгаа. Д нь нэхэмжлэлдээ миний бие уг хөрөнгийг худалдан авсны дараа Хас банкны барьцаанд тавьж, уг дэлгүүрийн орлогыг нэмэгдүүлэх зорилгоор 50,000,000 төгрөгийн зээл авсан бөгөөд тухайн дэлгүүрийн орлого тааруу байдлаас зээлийн төлбөрт орсон. Энэ байдлын талаар Ч мэдэж байсан ба эд хөрөнгө, компанийн хувьцаагаа буцаан авах үедээ миний түүнд шилжүүлэн өгсөн мөнгийг Хас банкны зээлийн үлдэгдэл болох 37,990,000 төгрөгийг Ч нь төлөхөөр талууд харилцан тохиролцсон, хөрөнгө компаниа шилжүүлэн авсан боловч өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг төлөөгүй. Гэтэл Д ийн Хас банкнаас авсан зээлийг төлнө гэсэн амлалт хэзээ ч өгч байгаагүй. Харин ч дэлгүүрээ 1 жилийн хугацаанд ашиглаж, ажиллуулж чадаагүй, миний хөрөнгүүдийг Хас банкны зээлийн барьцаанд тавьчихаад одоог хүртэл барьцаанаас чөлөөлүүлж өгөхгүй байгаа, тус хөрөнгүүд нь зээлийн төлбөрт хураагдах гэж байгаа зэрэг нөхцөл байдал нь хохирсон этгээд нь Д биш миний бие гэдгийг харуулж байна. Д нь Хас банкинд “Өрлөг Зэлмэ” ХХК-ийн хөрөнгүүдийг барьцаалахдаа надад огт мэдэгдээгүй бөгөөд миний бие сүүлд 2017 оны 04 сарын 14-ний өдөр гэрээ байгуулахдаа Хас банкны барьцаанд байгаа гэдгийг олж мэдсэн. Ийнхүү банкны барьцаанд байгаа учраас миний бие үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнүүдийн эх хувийг буцаан авах боломжгүй байгаа. Мөн Д нь хувьцааг надад буцаан шилжүүлсэн гэх боловч бодит байдлаар улсын бүртгэлд хувьцааг худалдах-худалдан авах гэрээг бүртгүүлээгүй, миний бие компанийн хувьцааг өөрийн нэр дээр бүртгүүлээгүй байгаа учраас Д т ямар ч төлбөр төлөх үндэслэлгүй юм. Гэтэл Д нь өөрийнхөө хариуцлагагүй үйлдлийн улмаас өрөө төлж чадалгүй, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хэрэг нь очсоныг миний буруу мэтээр бичсэн байгааг огт хүлээн зөвшөөрөхгүй буюу Д ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунбатын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Д нь 2015 оны 10 сарын 10-ны өдөр иргэн Ч ээс “Өрлөг Зэлмэ” ХХК-ийг 190,000,000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцож компанийн хувьцаа худалдах-худалдан авах гэрээ байгуулсан боловч гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй болж дээрх гэрээнээс татгалзахаар болж Ч тэй тохиролцсоны дагуу 2017 оны 04 сарын 14-ний өдөр компанийн эрх шилжүүлэх гэрээ, компанийн хувьцаа худалдах- худалдан авах гэрээ байгуулж "Өрлөг Зэлмэ" ХХК-ийг буцааж Ч д өгсөн. Тухайн өдөр Уурхайчин баг 3-13-р байрны хойно байрлах 40 м.кв дэлгүүрийг барааны хамт хүлээлгэн өгсөн байдаг. Д нь "Өрлөг Зэлмэ" ХХК-ийг худалдаж авахдаа бэлэн мөнгөөр 29,427,300 төгрөг болон TOYOTA PRIUS маркийн автомашиныг 10,500,000 төгрөгөөр тооцож Ч д төлсөн. "Өрлөг Зэлмэ" ХХК-ийг Ч д буцаан өгөхдөө өгсөн мөнгөө авахгүй харин Хас банкны зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр 37,990,000 төгрөгийг Ч төлөхөөр харилцан тохиролцож гэрээ байгуулсан байдаг. Гэвч Хас банкны зээлийн төлбөрийг Ч төлөөгүйгээс шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжиж 38,140,000 төгрөгийг Ч төлөх үүрэг үүссэн. “Өрлөг Зэлмэ” ХХК-ийг шилжүүлж авахад гэрэл цахилгааны өртэй, зээлийн барьцаанд байсан. Тэр өр төлбөр, зээлийг Д төлж өөрийн нэр дээр шилжүүлж авсан. Энэ талаар Ч өөрөө мэдэж байгаа гэж нэхэмжлэгч тайлбарлаж байгаа. Д ээс Ч д нийт төлсөн төлбөр 39,273,000 төгрөг болж байгаа. Энэ төлбөрөөс 1,050,000 төгрөг нь Д ийн нөхөр Манлайбаатарын эзэмшлийн тээврийн хэрэгслийг Ч ийн хүргэн Амартүвшингийн нэр дээр шилжүүлэн өгсөн байдаг. Одоо энэ машин нь банк бус санхүүгийн байгууллагын барьцаанд байгаа. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй үндэслэлээ банкны барьцаанд тавьсан гэдгийг мэдээгүй байсан гэж байна. Зээлийн барьцаанд тавьж байх үед Ч өөрөө мэдэж байсан. Ч “Өрлөг Зэлмэ” ХХК-ийг худалдахдаа манай дэлгүүр орлого сайн олдог гэсэн. Гэтэл дэлгүүрийн ашиг орлого муу байсан. Худалдаж авсныхаа дараагаар Д дэлгүүрт хөрөнгө оруулалт хийж, дэлгүүрт засвар хийсэн. 2017 оны 04 сарын 14-ний өдөр Ч “Өрлөг-Зэлмэ” ХХК-ийг буцааж аваагүй гэж байгаа боловч гэрээ хэлцэл хийж гарын үсэг зурж нотариатаар гэрчлүүлснээр өөрөө улсын бүртгэлд бүртгүүлнэ гэж хэлсэн гэдэг. Тэгэхээр Д ийн хувьд хууль зөрчсөн үйлдэл гаргаагүй. Бүх зүйл хуулийн дагуу, харилцан тохиролцсоны үндсэн дээр хийгдсэн учраас урьдчилгаа төлбөр шилжүүлж өгсөн төлбөрөө гаргуулж авах саналтай байна. Ийм учраас Ч ээс тухайн компанийг худалдаж авахаар тохиролцож төлсөн 39,273,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.
Хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: 2016 оны 05 сарын 15-ны өдөр Д "Өрлөг-Зэлмэ" ХХК-ийг 190,000,000 төгрөгөөр худалдаж авахаар Компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. 2016 оны 05 сарын 20-ны өдөр 9,787,300 төгрөг, 2016 оны 06 сарын 20-ны өдөр 140,000 төгрөг, 2016 оны 07 сарын 09-ний өдөр 15,000,000 төгрөг, 2016 оны 3,000,000 төгрөг тус тус төлж мөн Toyota prius маркийн автомашиныг 10,500,000 төгрөгөөр тооцож худалдах, худалдан авах гэрээ байгуулж манай хүргэн Д.Амартүвшингийн нэр дээр шилжүүлсэн. Гэрээ байгуулахдаа Д банкнаас зээл авч үлдэгдэл төлбөр 151,572,700 төгрөгийг төлнө гэсэн. Хамгийн гол нь Д миний компанийг барьцаалж Хас банкнаас 50 сая төгрөг, Голомт банкнаас 270 сая төгрөгийн зээл авсан хирнээ компани худалдаж авсан мөнгөө төлөөгүй. Одоо Хас банкнаас авсан зээлээ төлж чадахгүй байдалд хүрч миний компани Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хураагдахаар болчихсон. Д “Өрлөг Зэлмэ” ХХК-ийг зээлийн барьцаанд тавьсан гэдгээ надаас нууж, банкны зээлийн гэрээний үлдэгдэл төлбөрийг намайг төлөхөөр тохиролцсон гэж байна. Д миний дэлгүүрийг нэг жил ямар ч түрээс төлөхгүйгээр ажиллуулсан хирнээ надаас урьдчилгаанд өгсөн мөнгөө нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Өмнө нь Д манай дэлгүүрийн хажуу талын сул талбайг 380,000 төгрөгөөр түрээсэлж байсан. Миний компанийг худалдаж авснаасаа хойш нэг ч удаа надад түрээсийн төлбөр төлж байгаагүй. Хэрвээ би Д т компаниа худалдаагүй байсан бол дэлгүүрээ өөр хүнд сарын 800,000-850,000 төгрөгөөр түрээсэлж орлого олох боломжтой байсан боловч Д энэ нөхцөлийг хааж өөрөө ашиг олж байсан. Бусдын эд хөрөнгийг бүтэн жил үнэ төлбөргүй ашигласан байж мөнгө нэхэмжилж өөрийнхөө авсан зээлийг надаар төлүүлэх гээд байгаа, урьдчилгаанд өгсөн мөнгөнөөс түрээсийн төлбөрт тодорхой хэмжээний мөнгийг Ч д өгнө гэж яагаад бодохгүй байгаа юм бэ. “Өрлөг-Зэлмэ” ХХК-тай холбоотой үл хөдлөх хөрөнгийн татвар, газрын албаны татвар, дулаан, цахилгааны өр нэхэмжилсэн байна. Миний нэр дээр шилжиж ирсэн тохиолдолд бүх төлбөрийг би хариуцах ёстой. Би 2018 оны 4 сард өөрөө дэлгүүрийн тусгай зөвшөөрлийг сунгасан, гэрэл цахилгааны төлбөрөө төлсөн. Татварын алба, Газрын алба дээр “Өрлөг-Зэлмэ” ХХК-тай холбоотой өр төлбөр үүссэн явж байгаа. Компани албан ёсоор миний нэр дээр шилжиж ирсэн тохиолдолд би төлнө. Гэтэл одоо хүртэл “Өрлөг Зэлмэ“ ХХК албан ёсоор миний нэр дээр шилжиж ирээгүй байгаа. Д тэй түрээсийн төлбөрийн бусад өр төлбөрийн талаар тооцоо нийлж байж үлдсэн төлбөрийг төлөх туд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
Хариуцагчийн өмгөөлөгч О.Сарантуулын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Д нь Ч д компанийг буцааж өгсөн тул 2016 оны 05 сарын 15-ны өдөр байгуулсан гэрээний дагуу цувуулж өгсөн мөнгөнүүдээ буцааж авах ёстой гэсэн зүйл ярьж байна. Д , Ч хоёрын дунд компанийн хувьцаа шилжүүлж өгч, авсан асуудал яригдаж байгаа боловч энэ гэрээ нь Иргэний хуульд зааснаар зохих байгууллагад бүртгүүлж хүчин төгөлдөр болоогүй гэрээ юм. Ч ийн хувьд 2016 оны 05 сарын 15-ны өдөр өөрийн эзэмшдэг "Өрлөг-Зэлмэ" ХХК-ийг Д ийн нэр дээр шилжүүлж худалдах, худалдан авах гэрээ байгуулж, гэрээний дагуу Ч шийдвэр гаргаж албан ёсоор "Өрлөг-Зэлмэ" ХХК-ийн захирлаар Д бүртгүүлж шинээр улсын бүртгэлийн гэрчилгээ гаргаж авсан байдаг. "Өрлөг-Зэлмэ" ХХК Д ийн нэр дээр шилжиж очсоны дараагаар компанийн үл хөдлөх хөрөнгө болох 40 м.кв талбай бүхий дэлгүүрийг Д банкны барьцаанд тавьж зээл авчхаад Ч д үлдэгдэл төлбөрт нэг ч төгрөг төлөөгүй. Ингээд Ч д худалдах, худалдан авах гэрээгээ буцаая гэсэн санал тавьж Ч саналыг нь хүлээн зөвшөөрч “Өрлөг-Зэлмэ” ХХК-ийг буцаагаад Ч ийн нэр рүү шилжүүлж худалдах, худалдан авах гэрээ байгуулсан боловч Д өөрөө компанийн эрх шилжүүлсэн шийдвэрээ гаргаж өгөөгүйгээс болоод одоог хүртэл "Өрлөг-Зэлмэ" ХХК Ч ийн нэр дээр шилжиж ирээгүй, Д ийн нэр дээр бүртгэлтэй байгаа. Үл хөдлөх хөрөнгөнүүд нь "Өрлөг-Зэлмэ" ХХК-ийн нэр дээр байдаг. Өнөөдрийн байдлаар 2017 оны 04 сарын 14-ний өдөр байгуулсан худалдах, худалдан авах гэрээний дагуу "Өрлөг-Зэлмэ" ХХК Ч ийн нэр дээр шилжиж ирсэн гэх хангалттай нотлох баримт байхгүй. Шүүхэд гаргаж өгсөн улсын бүртгэлийн гэрчилгээгээр "Өрлөг-Зэлмэ" ХХК Д ийн нэр дээр байгаа. Тэгэхээр 2017 оны 04 сарын 14-ний өдөр "Өрлөг-Зэлмэ" ХХК Ч ийн нэр дээр шилжиж очсон гэж байгаа боловч уг хэлцэл нь өөрөө Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсгийг зөрчсөн. Хуулийн дагуу хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хангагдах үндэслэлгүй. Мөн Д өөрийнхөө нэр дээр гэрээ байгуулж компанийг шилжүүлж авчхаад зээлээ гарахаар үлдэгдэл төлбөрөө өгнө гэж хэлээд компанийн хөрөнгийг зээлийн барьцаанд тавьж өөр зүйлд ашиглаж байгаа нь залилан мэхлэх гэмт хэргийн шинжтэй байгаа тул Ч цагдаад өргөдөл өгсөн. Хаанаас ямар зээл авсан тухай асуухад бүх баримт хавтаст хэрэгт байгаа гэсэн. Энэ нь анхнаасаа бүх зүйлийг тооцоолж, хууль бус үйлдлээ гэрээ хэлцлээр халхавчилсан гэмт хэргийн шинжтэй байна. Иймд Д ийн нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзэж байна. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлд 65 дугаар зүйлийн 65.1.3-65.1.8 дах хэсэгт заасан үндэслэл байвал хэргийг хэрэгсэхгүй болгоно гэсэн заалт байгаа. Мөн 65 дугаар зүйлийн 65.1.8 дахь хэсэгт тухайн хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа бол нэхэмжлэлийг хүлээж авахаас татгалзах тухай зохицуулалт байгаа. Тэгэхээр энэ асуудал Цагдаагийн байгууллагаар шалгагдаж байгаа учир Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8 дахь хэсэгт заасан үндэслэл болно. 2017 оны 04 сарын 14-ний өдөр байгуулсан гэрээ нь өөрөө зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийгдсэн, хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Ч “Өрлөг-Зэлмэ” ХХК-ийг өөрийнхөө нэр дээр шилжүүлж авч захирлаар бүртгүүлсэн ямар ч бүртгэл байхгүй. Тэгэхээр 2017 оны 04 сарын 14-ний өдөр байгуулсан нэг гишүүнтэй компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн хэлцэл. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 142/ШШ2018/00676 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 205 дугаар зүйлийн 205.2.2, 205.6, 205.7, 264 дүгээр зүйлийн 264.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д ийн хариуцагч Ч д холбогдуулан гаргасан 39,273,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57-р зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Д ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 354,315 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 99 дүгээр магадлалаар: Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 142/ШШ2018/00676 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунбатын давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунбатын хяналтын журмаар гаргасан гомдолд: Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.07.03 ны өдрийн 142/ШШ2018/00676 тоот шийдвэр, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018.09.04-ний өдрийн 99 тоот магадлалыг эс зөвшөөрч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172.2.1, 172.2.2 заалтыг үндэслэн хууль буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3 заалт буюу Хуулийн этгээдийн эрх шилжүүлэх өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд үүсгэн байгуулагчийн шийдвэр шаарддаг уг шийдвэрийг нь нэхэмжлэгч өгөөгүй учир компанийн эрх шилжсэн гэж үзэх үндэслэлгүй талаар дурдсаныг давж заалдах шатны шүүх үндэслэлтэй гэж үзсэн. Гэвч компанийн тамга, тэмдэг болоод холбогдох баримт сэлт, үл хөдлөх хөрөнгийг буцаан хариуцагч хүлээн авсан бөгөөд Д тус компанитай холбоотой ямар ч эрх хэмжээ шийдвэр гаргах боломжгүй билээ. Тухайн компанийн эрхийг шилжүүлсэн гэрээг Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1, 113 дугаар зүйл заалтын дагуу улсын бүртгэлд бүртгүүлэх тухай хүсэлтийг хариуцагч гаргаагүй атлаа нэхэмжлэгчийг буруутгасан нь үндэслэлгүй. Мөн тухайн компанийн эрхийг шилжүүлж, улсын бүртгэлийн байгууллагад хандахад компанийн үүсгэн байгуулагчийн шийдвэр шаардсан эсэх талаарх баримтыг хариуцагч нотлоогүй байхад шүүх уг баримтыг зайлшгүй шаардах баримт мэт хүлээн авч шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Учир нь Улсын бүртгэлд компанийн эрх шилжүүлэх, өөрчлөлт оруулах хүсэлтийг хариуцагч тал гаргасны дагуу дээрх баримтаас болж бүртгээгүй болох талаарх нотлох баримтыг хариуцагч шүүхэд ирүүлээгүй. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 205.2.2, 205.6, 205.7 зүйл заалт нь тухайн хэрэгт хамаарах заалт гэж үзэж хэрэглэсэн нь үндэслэлгүй. Худалдан авагч тал гэрээний үүргээ биелүүлээгүй гэж үзэж, худалдагч тал буюу хариуцагч гэрээнээс татгалзсаныг нэхэмжлэгч хүлээн авч 2017.04.14-ний өдөр компанийн эрхийг шилжүүлэх гэрээг хийсэн нотлох баримт хэрэгт авагдсан. Гэтэл үүргийн гүйцэтгэлийг биет байдлаар буцаан өгөх боломжгүй бол мөнгөөр нөхөн төлнө гэх заалтын холбогдох хэсгийг баримтлан шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн.
Хариуцагч биет байдлаар хувьцааг авах боломжгүй учир өөрийн хөрөнгийг мөнгөн хэлбэрээр төлүүлэх нэхэмжлэл гаргаагүй байхад 205.2.2, 205.6, 205.7 зүйл заалтыг хэрэглэсэн нь үндэслэлгүй. Хариуцагч өөрийн хөрөнгийг авсан, өөрийн мэдэлд байгаа талаар шүүх хуралдаан дээр мэтгэлцээгүй. Харин улсын бүртгэлд бүртгүүлж болохгүй байгаа талаар тайлбарлан мэтгэлцсэн ба улсын бүртгэлд бүртгүүлэхэд нэхэмжлэгчийн шийдвэр хэрэгтэй байгаа талаар нэхэмжлэгчид хандаагүй, шаардлага ч гаргаж байгаагүй. Иргэний хуулийн 56.1.8 заалтыг баримтлан компанийн эрх шилжүүлэх 2017.04.14-ний өдрийн гэрээг хүчин төгөлдөр бус гэрээ байна гэж дүгнэсэн. Тухайн гэрээг нэхэмжлэгч болон хариуцагч тал хүчин төгөлдөр бус гэрээ гэж үзээгүй ба уг гэрээг хүчин төгөлдөр бус болох талаар талууд мэтгэлцээгүй. Харин улсын бүртгэлд бүртгүүлэхэд үүсгэн байгуулагчийн шийдвэр өгөөгүйгээс улсын бүртгэлд бүртгүүлж өмчлөх эрхээ олж авч чадаагүй талаар мэтгэлцэж байсан билээ. Нэхэмжлэгч хариуцагч нар нь “Өрлөг зэлмэ” ХХК ийн 12,700,000 төгрөгийг хувь хөрөнгөтэй, 100,000 төгрөгийг үнэ бүхий 127 ширхэг энгийн хувьцаанд хуваагдах, 127 ширхэг энгийн хувьцааг худалдах, худалдан авах гэрээг хийсэн ба уг гэрээгээр хийсэн 127 ширхэг хувьцаагаа шилжүүлэн буцаан өгсөн гэрээг хийсэн байдаг. Энэхүү гэрээний дагуу компанийн энгийн хувьцааг бүрэн хариуцагчийн мэдэлд буцаан шилжүүлэн өгсөн гэрээг хийсэн байхад гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэхдээ “Өрлөг зэлмэ” ХХК-ийн өмчлөлийн бүртгэлтэй Орхон аймгийн Баян өндөр сумын Уурхайчин багийн 3 хороолол 13 байрны хойно байрлах дэлгүүрийн зориулалттай 80 м.кв талбайтай худалдааны зориулалттай сендвич барилгыг холбон үзэж шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй юм. Компанийн хувьцааг худалдах, худалдан авах эрхээ буцаан хариуцагчид шилжүүлснээр өмчлөх эрх нь хариуцагчид шилжин очсон билээ. Харин тус компанийн хөрөнгө бусдын өр төлбөрийг төлөх үүргийн гүйцэтгэлийн барьцаанд байгаа нь компанийн эрх шилжүүлэх асуудалд нөлөөлсөн гэж үзэх үндэслэл болохгүй. Компанийн эрхийг шилжүүлэн авч байгаа этгээд нь тухайн компанийн өмч хөрөнгө түүнтэй холбоотой асуудал бүрэн эрхийн дагуу шилжинэ. Компанийн өмч хөрөнгө буюу дээрх хөрөнгө нь нэхэмжлэгч Д ийн өмчлөх эрхэд хэзээ ч шилжиж байгаагүй бөгөөд компанийн эрхийн худалдах худалдан авах, буцаан эрхийг шилжүүлэх гэрээ хэлцэл хийх явцад компанийн өмчлөх эрхэд хэвээр байсныг нотлох холбогдох баримт хэрэгт авагдсан ба зөвхөн компанийн 127 ширхэг энгийн хувьцааны эрхийг шилжүүлэх гэрээнээсээ талууд татгалзаж, эрх шилжүүлэх гэрээ хийгдсэнийг анхаарч хэргийг шийдвэрлээгүй тул Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.07.03-ны өдрийн 142/ШШ2018/0676 тоот шийдвэр, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018.09.04-ний өдрийн 99 тоот магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгч Д нь хариуцагч Ч д холбогдуулан “Өрлөг Зэлмэ” ХХК-ийг 190,000,000.00 төгрөгөөр худалдан авахаар тохирсон гэрээнээсээ татгалзаж, компани худалдан авах төлбөрт шилжүүлсэн 39,273,000 төгрөг гаргуулах шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, компанийн үл хөдлөх эд хөрөнгийг банкны барьцаанд тавихдаа надад мэдэгдээгүй, компани нэхэмжлэгчийн нэр дээр хэвээр байгаа, нэхэмжлэгчийн үйлдлээс болж хохирч байгаа гэж маргажээ.
Анхан шатны шүүх нэхэмжлэгч Д ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхээс шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.
2016 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Д , Ч нарын хооронд байгуулагдсан “Компанийн хувьцаа худалдах-худалдан авах тухай гэрээ”-гээр 127 ширхэг энгийн хувьцааг 12,700,000.00 төгрөгөөр худалдахаар тохиролцсон байх боловч талууд шүүхэд тайлбар гаргахдаа “Өрлөг зэлмэ” ХХК-ийг 190,000,000.00 төгрөгөөр зээлээр худалдахаар амаар тохиролцсоны дагуу компанийн захирлаар Д бүртгэгдэж, “Өрлөг зэлмэ” ХХК-ийн өмчлөлийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн 3 хороолол 13 дугаар байрны хойно байрлах 40 м.кв талбайтай дэлгүүрийн зориулалттай барилга, 80 м.кв талбайтай худалдааны зориулалттай эзэмших эрхтэй газрыг Д т шилжүүлэн өгсөн” гэжээ.
Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч Д нь “Өрлөг зэлмэ” ХХК-ийг худалдан авсны төлбөрт 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 10,500,000.00 төгрөгт тооцож, 18-39УНТ улсын дугаартай тоёота приус маркийн автомашиныг Ч ийн хүргэн дүү Д.Амартүвшингийн нэр дээр шилжүүлсэн, 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 9,787,300 төгрөгийг Ч ийн “Вишнфанд” ББСБ-ын зээлийн төлбөрт, 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Ч ийн Хаан банкны 5094105112 дугаартай дансанд 140,000 төгрөг, 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 3,000,000 төгрөг, 2016 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Ч ийн Хаан банкны 5090616266 дугаартай дансанд 15,000,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн байна.
Нэхэмжлэгч Д нь “Өрлөг Зэлмэ” ХХК-ийг худалдан авахаар тохиролцсон боловч үүргээ биелүүлэх боломжгүй гэж гэрээнээс татгалзан 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр хариуцагч Ч тэй “Компанийн эрх шилжүүлэх гэрээ, нэг гишүүнтэй компанийн хувьцааг худалдах-худалдан авах тухай гэрээг тус тус хийсэн гэсэн боловч хэрэгт авагдсан улсын бүртгэлийн гэрчилгээнд тус компанийн захирлаар Далайжаргал овогтой Уранчимэг 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдөр бүртгэгдсэн, дахин өөрчлөлт ороогүй байна.
Тэрээр 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдөр “Хас банк”-ны Эрдэнэт салбараас 50,000,000.00 төгрөгийг 27,6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлж, үүргийн гүйцэтгэлд “Өрлөг зэлмэ” ХХК-ийн өмчлөлийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн 3 хороолол 13 дугаар байрны хойно байрлах 40 м.кв талбайтай дэлгүүрийн зориулалттай барилга, оффис, 80 м.кв талбайтай худалдааны зориулалттай эзэмших эрхтэй газрыг барьцаанд тавьсан байх бөгөөд “Хас банк” шүүхийн эвлэрүүлэн зуучлалд хандсанаар “Хас банк” зээлдэгч Д , Г.Манлайбаяр нарын хооронд эвлэрлийн гэрээ байгуулагдаж, шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж гарсан тухай баримт хэрэгт авагджээ.
Хяналтын шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хүрээнд дүгнэлт хийж, зохигчдын хооронд үүссэн маргааныг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.
Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараас үзэхэд талууд “Өрлөг Зэлмэ” ХХК-ийг худалдах-худалдан авахаар 2016 оны 05 дугаар сарын 15-ны өдөр тохиролцсон ч худалдан авагч тал буюу нэхэмжлэгч нь үүргээ биелүүлэх боломжгүй болсон гэсэн үндэслэлээр энэ гэрээнээс татгалзан 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр компанийг буцаахаар компанийн эрх шилжүүлэх гэрээ, компанийн хувьцааг худалдах-худалдан авах тухай гэрээг байгуулсан байна.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ “...2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн гэрээний дагуу компанийг шилжүүлэх боломжгүй, нэхэмжлэгч үүргээ хэрэгжүүлээгүйгээс улсын бүртгэлийн байгууллага татгалзсан” гэсэн талаарх баримт хэрэгт авагдаагүй, түүнчлэн улсын бүртгэлийн газраас компанийн удирдлагын талаарх лавлагаа гаргуулах тухай хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтийг анхан шатны шүүх хангахгүй орхиж шийдвэрлэхдээ “улсын бүртгэлийн гэрчилгээ хэрэгт байгаа” гэсэн үндэслэл заасан нь учир дутагдалтай юм. /хх-83/
Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч нь хариуцагчаас компанийг 190,000,000.00 төгрөгөөр худалдан авахаар тохирч, төлбөрөө бүрэн төлөөгүй атлаа компанийн үл хөдлөх эд хөрөнгийг “Хас банк”-наас авсан 50,000,000.00 төгрөгийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалсан, зээлтэй холбоотой маргааны шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуудас бичигдсэн үйл баримт тогтоогдсон байхад хариуцагчаас компани худалдан авах төлбөрт шилжүүлсэн 39,273,000.00 төгрөгийг буцаан гаргуулах шаардлага гаргасан үндэслэл нь ойлгомжгүй байна.
Нэхэмжлэгчийн “Хас банк”-наас авсан зээлийн гэрээнд баталгаат ипотекийн гэрээ байгуулагдсанаас гадна “Батлан даалтын гэрээ” байгуулагдсан байх бөгөөд “Өрлөг Зэлмэ” ХХК болон “Амирастар” ХХК нь батлан даагчаар оролцсон нь зохигчдын хооронд үүссэн компанийн хувьцаа худалдах-худалдан авах гэрээний маргаанд хамааралтай эсэх нь тодорхой бус байхад энэ хэргийг шийдвэрлэх боломжгүй юм.
Хариуцагчийн өмгөөлөгч 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр зохигчдын хооронд байгуулагдсан “...компанийн эрх шилжүүлэх гэрээ, компанийн хувьцааг худалдах-худалдан авах тухай гэрээ”-г хүчин төгөлдөр бусад тооцуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа “...нэхэмжлэгч компанийг өөрийн өмчлөлд шилжүүлсэн байх үедээ Хас банканд барьцаанд тавьсан..., компанийн эрхийг надад буцаан шилжүүлж өгөөгүй” гэсэн үндэслэл заасан байна.
Шүүх хуралдааны тэмдэглэлээс үзэхэд анхан шатны шүүх хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн шаардлагын нэхэмжлэгч, хариуцагчийн талаар тодруулж асуусан хэдий ч нь хүлээн авахаас татгалзахдаа нэхэмжлэгч, хариуцагчийн овог, нэр, хаяг тодорхойгүй гэсэн үндэслэл заасан нь ойлгомжгүй юм.
Хэргийн материалтай зохигчдыг танилцуулсан баримт хэргийн 76 дахь талд байх хэдий ч хэргийн 77-98 талд авагдсан баримтуудыг танилцуулсан гэж үзэх баримтгүй байна.
Анхан шатны шүүхийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчсөн байхад энэ шийдвэрийг хэвээр үлдээсэн давж заалдах шатны шүүхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан үүргээ хуульд зааснаар хэрэгжүүлээгүй гэж үзнэ.
Иймээс анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 142/ШШ2018/00676 дугаар шийдвэр, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 99 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 354,315.00 /гурван зуун тавин дөрвөн мянга гурван зуун арван тав/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Д.ЦОЛМОН