Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 001/ХТ2020/00077

 

Н.Э-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

          Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

          Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн         

          2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 102/ШШ2019/00488 дугаар шийдвэр,

          Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

          2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 676 дугаар магадлалтай,

          Нэхэмжлэгч: Н.Э-

          Хариуцагч: Б.У-д холбогдох

          Үндсэн нэхэмжлэл: Орон сууц чөлөөлүүлэх

          Сөрөг нэхэмжлэл: 2017-12-25-ны өдрийн хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах

          тухай иргэний хэргийг

          Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн гомдлыг үндэслэн

          Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н.Э-, нарийн бичгийн даргад А.Энхжаргал нар оролцов.

      Нэхэмжлэгч нэхэмжлэл болон тайлбартаа: Б.У- нь 2016-05-31-ний өдөр зээлийн гэрээ байгуулан “ТА глобал капитал” ББСБ-аас бизнесийн зориулалтаар 5 сарын хугацаатай, 6 хувийн хүүтэй, 30 сая төгрөгийг зээлсэн боловч зээлийн гэрээний үүргээ биелүүлэхээс зайлсхийж эргэн төлөлт хийгээгүй тул шүүхэд хандаж улмаар 3 шатны шүүх Б.У-ас 39,589,819 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгө БГД, ..-р хороо, ..-р хороолол .. дугаар байр .. тоот 40 м.кв талбайтай 2 өрөө орон сууцаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Хариуцагч шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тул шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж, орон сууцыг албадан борлуулах гэж байхад төлбөр төлөгч Б.У- нь орон сууцыг төлбөрт санал болгож үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг “Та глобал капитал” ББСБ-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч Н.Э-ын нэр дээр шилжүүлж шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгосон. Б.У- 2018-04-15-г хүртэл уг орон сууцанд түр амьдарч байхаар хүсэлт гаргасныг зөвшөөрсөн боловч тогтсон хугацаанд орон сууцыг чөлөөлж өгөхгүй, утсаа авахгүй, хаалгаа тайлж өгөхгүй байна. Иймд Нийслэлийн Баянгол дүүргийн ..-р хороолол ..дугаар байр .. тоот хаягт байрлах 2 өрөө орон сууцыг чөлөөлж өгнө үү. Б.У- өөрийн хийсэн гэрээ хэлцлийн үр дагаврыг ойлгож байгаа. Хэлцлээс харахад төлбөрөө төлөөгүй тохиолдолд орон сууцыг үл маргах журмаар шилжүүлэхээр тохирсон. Сөрөг нэхэмжлэлд дарамталсан гэх гэж бичсэн ч энэ нь үндэслэлгүй. Сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

       Хариуцагч тайлбар болон сөрөг нэхэмжлэлдээ: Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Учир нь 2017-12-25-ны өглөө 09 цагт Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэгч н.Идэрчулуун намайг “өрөөндөө байж байгаарай” гэж хэлсэн. Ингээд өрөөнд нь Н.Э- орж ирсэн. Шийдвэр гүйцэтгэгч н.Идэрчулуун нь бидэнд “одоо та хоёр эвлэр” гэж хэлсэн. Би түүнд “би өмгөөлөгчтэйгөө ярилцмаар байна” гэж хэлсэн боловч тэрээр “...өмгөөлөгчтэйгөө ярих цаг байхгүй, одоо цаас аваад бич. Миний өмчлөлийн орон сууц хуучин учир албадан дуудлага худалдаанд орох боломжгүй, 3 сарын хугацаа авч энэ хооронд өөрөө зарж борлуулна, хэсэг хэсгээр хуваан өгч болно” гэж бичүүлсэн. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29.1.4 дэх хэсгийг унш гэж тулган шаардсан. Тэрээр мөн “...та хоёртой удаан зууралдмааргүй байна, наад бичсэн зүйлээ хурдан нотариатаар батлуулж ир, Н.Э- та тушаах мөнгөө авчирсан уу” гэж асуусан. Ингээд үндсэндээ намайг хууль мэдэхгүйг далимдуулж, өмгөөлөгчтэйгөө ч ярилцах боломжийг олголгүй миний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг хэдхэн цагийн дотор Н.Э-т шилжүүлсэн. 2016-05-31-ний өдөр “Та глобал капитал ББСБ”-аас 30 сая төгрөг зээлсэн ба дээрх мөнгийг өөрөө ашиглаагүй, найздаа зээлдүүлсэн боловч төлөхгүй байснаас шүүх 39,589,819 төгрөгийг Б.У-ас гаргуулахаар шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр гарсны дараа шийдвэр гүйцэтгэлийн газраас 2017-12-25-ны өдөр дуудаж шийдвэр гүйцэтгэгч н.Идэрчулуун, Н.Э- нар хүсэлтэд гарын үсэг зуруулсан байсан. Тухайн үед зээлээ төлж дуустал “Та глобал капитал ББСБ” байрыг барьцаалж байна гэж ойлгосон. Гэтэл 2017-12-26-ны өдөр Н.Э-ын нэр дээр орон сууцны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гарсан байсан. Иймд Иргэний хуулийн 56.1.2-т зааснаар 2017-12-25-ны өдрийн Н.Э-, Б.У- нарын хийсэн хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэжээ.

       Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 102/ШШ2019/00488 дугаар шийдвэр гаргаж, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан Баянгол дүүрэг ..-р хороо ..р хороолол .. байр .. тоот 40 м.кв хоёр өрөө орон сууцыг Б.У-н хууль бус эзэмшлээс чөлөөлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид Б.У-н төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсэн байна.

  Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 676 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 102/ШШ2019/00488 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээжээ.

      Хариуцагч хяналтын гомдолдоо: .. тоот хаягт байрлах 2 өрөө орон сууц нь хэдийгээр хариуцагч миний нэр дээр буюу зөвхөн би өмчлөгчөөр бүртгэгдсэн байсан ч миний эрх зүйн мэдлэггүйг далимдуулан шүүхийн шийдвэр гүйцэтгэгч, төлбөр авагч нарын хууль бус тулгасан шахсан дарамтанд оруулсан үйлдлийн улмаас өмчлөх эрхээ шилжүүлэх гэрээнд гарын үсэг зурсан. Би тухайн үед өртэй гэсэн айдастаа автаад гарын үсэг зурсан ба өрөө төлж дуусаад л байрныхаа гэрчилгээг авна гэж ойлгосон. Гэтэл Н.Э- нь намайг хуурч хийсэн гэрээгээ ашиглан миний үл хөдлөх хөрөнгийг нэр дээрээ шилжүүлж авчхаад улмаар одоо намайг албадан гаргах гэж байна. Үүнийг шүүх түүний талд шийдвэрлэж байгаад гомдолтой байна. Би 3 хүүхэдтэйгээ амьдардаг бөгөөд дээрх орон сууц нь манай гэр бүлийн өмч бөгөөд нөхөр маань гэрлэлтээ цуцлуул, хөрөнгөө хуваана гэж шүүхэд нэхэмжлэл гаргасан.Гэтэл ингэж шийдсэнд гомдолтой байна. Мөн миний шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна. Иймд хууртагдаж төөрөгдөж хийсэн хэлцлийг үндэслэн хийсэн гэрээг зөв гэж шийдсэн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

       Н.Э- 2018-05-03-ны өдөр шүүхэд хандаж, Нийслэлийн Баянгол дүүргийн ..-р хорооны ..р хорооллын ... байрны .. тоот 2 өрөө орон сууц /цаашид .. тоот орон сууц гэх/-г хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргажээ. 

       Б.У- нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргахдаа сөрөг нэхэмжлэл гаргаж, 2017-12-25-ны өдрийн хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулахыг хүссэн байна.

       Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээжээ.

      Шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

      1. Шүүх Н.Э-ын нэхэмжлэлийн шаардлагыг тодруулаагүй нь мөн  хариуцагчийн хүсэлтийг хангаагүй нь дутагдалтай болжээ. 

      .. тоот орон сууцанд хариуцагчаас гадна түүний гэр бүлийн гишүүд амьдардаг үйл баримтын талаар зохигч маргаагүй тул Б.У-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг тодруулах шаардлагатай байна.

      Маргааны зүйл болсон орон сууцыг хариуцагчийн эзэмшлээс чөлөөлүүлэх нь  түүний гэр бүлийн гишүүдийг орон сууцнаас гаргуулах үндэслэл болохгүй. Иймд шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн зохицуулалтыг анхаараагүй гэж үзнэ.

        Түүнчлэн, шүүх хариуцагчийн хүсэлтийг хангахаас татгалзахдаа үндэслэлгүй дүгнэлт хийсэн байна.        

      Шүүхээс гарах шийдвэр маргааны зүйлийн талаар бие даасан шаардлага гаргаагүй этгээдийн эрх, үүрэгт сөргөөр нөлөөлөхөөр байвал шүүхийн шийдвэр гарахаас өмнө уг этгээдийн өөрийнх нь болон зохигчийн хүсэлтээр бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн хувиар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж болно.

       .. тоот орон сууцыг чөлөөлүүлэх шаардлага нь уг орон сууцанд хариуцагчтай хамт амьдарч буй этгээдийн эрхэд сөргөөр нөлөөлөхөөр байхад шүүх Б.У-н хүсэлтийг  2018-07-23-ны өдөр 102/ШЗ2018/10065 дугаартай захирамж гаргахдаа хангахаас татгалзсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсгийн зохицуулалтад нийцээгүй байна.

      Нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж, үүнтэй холбогдуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцвол зохих этгээдийг хуульд заасан журмын дагуу оролцуулсны эцэст Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсгийн шаардлагыг хангах нөхцөл бүрдэнэ.  

       2. Шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тодруулаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлд нийцээгүй байна.   

      Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, Б.У- нь шүүхийн шийдвэрээр “ТА глобал капитал ББСБ” ХХК-д 39,165,840 төгрөг төлөх үүрэг хүлээсэн бөгөөд төлбөр авагч-хуулийн этгээдэд төлөх төлбөрийг төлөөгүй тохиолдолд .. тоот орон сууцнаас үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар заасан байна.

       Төлбөр авагч буюу “ТА глобал капитал ББСБ” ХХК, Б.У- нарын хооронд 2017-12-25-ны өдөр байгуулагдсан гэрээг хүчин төгөлдөр бус гэсэн агуулгаар хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрчээ.    

      Б.У- нь .. тоот орон сууц нэхэмжлэгчийн өмчлөлд шилжсэнийг эс зөвшөөрсөн эсхүл “ТА глобал капитал ББСБ” ХХК-тай байгуулсан 2017-12-25-ны өдрийн гэрээг хууль бус гэж үзсэн эсэхийг тодруулсны эцэст Б.У- нь “сөрөг нэхэмжлэл гаргасан” эсэх талаар дүгнэлт хийх боломж бүрдэнэ.      

      “ТА глобал капитал ББСБ” ХХК, Б.У- нар 2017-12-25-ны өдөр хийсэн гэрээ /хх 137/-ний агуулгаас үзвэл төлбөр төлөгч, төлбөр авагч нар “...39,589,819 төгрөгийг 2018-04-15-ны өдөр хүртэл ...төлж барагдуулах бөгөөд хугацаа хэтэрсэн тохиолдолд ... орон сууцыг ... чөлөөлж өгөх үүрэг хүлээнэ...“ТА глобал капитал ББСБ” ХХК-н зүгээс орон сууцыг худалдан борлуулах үйлдлийг хийхгүй бөгөөд Б.У- нь худалдан борлуулах буюу төлбөрөө төлсөн тохиолдолд буцааж шилжүүлж өгнө...” гэж тохиролцсон байна.

      Хэрэгт авагдсан баримтаар 2017-12-25-ны өдрийн гэрээнд заасан хугацаа дуусаагүй буюу 2018-04-15-ны өдөр болоогүй байхад .. тоот орон сууц 2017-12-26-ны өдөр нэхэмжлэгчийн өмчлөлд шилжсэн нь тогтоогджээ.

    Нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус байгаа тохиолдолд шүүх хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн эсэх талаар хяналтын шатны шүүхээс дүгнэлт хийх боломжгүй тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хариуцагчийн гомдлыг хангав.  

     Хоёр шатны шүүх нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж, хэрэгт буй баримтын талаар дүгнэлт хийж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2 дахь хэсэгт заасан шийдвэрийн аль нэгийг гаргавал зохино.

 

   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

   1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 102/ШШ2019/00488 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 676 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

   2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг хариуцагчид захирамжаар буцааж олгосугай.

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ