Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 241

 

 

 

 

 

 

 

 

 

Б.М, Э.Б, Т.О,

О.Б нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Д.Очмандах, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Агар,

шүүгдэгч Б.М /цахим сүлжээгээр/, түүний өмгөөлөгч А.Нацагдорж, Ц.Бат-Эрдэнэ,

шүүгдэгч Э.Б /цахим сүлжээгээр/, түүний өмгөөлөгч Г.Баттогтох, Ц.Батзаяа, Б.Отгонжаргал,

шүүгдэгч Т.О /цахим сүлжээгээр/, түүний өмгөөлөгч Б.Дамба, К.Бауиржан,

цагаатгагдсан этгээд О.Б,  түүний өмгөөлөгч Э.Түвшинбаяр,

хохирогч Ц.Б, түүний өмгөөлөгч Б.Цэцэнбилэг,

хохирогч О.Н, түүний өмгөөлөгч Б.Гэрэл-Очир,

нарийн бичгийн дарга Г.Алтанзул нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ё.Цогтзандан даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн 854 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч А.Нацагдорж, Ц.Бат-Эрдэнэ, шүүгдэгч Э.Б, түүний өмгөөлөгч Г.Баттогтох, Ц.Батзаяа, Б.Отгонжаргал, шүүгдэгч Т.О, түүний өмгөөлөгч Д.Тамир, Б.Дамба, К.Бауиржан, хохирогч Ц.Б, О.Н нарын гаргасан давж заалдах гомдлуудад үндэслэн Б.М, Э.Б, Т.О, О.Б нарт холбогдох 1711007640241 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 2 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Очийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Есөн өөлд овгийн Б-н М, 1984 оны 7 дугаар сарын 20-
ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эмэгтэй, 34 настай, бүрэн дунд боловсролтой,
мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, хоёр хүүхдийн хамт Баянгол
дүүргийн ................. тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: .............../,

2. Урианхай овгийн Э-н Б, 1984 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Оросын Холбооны Улсад төрсөн, эмэгтэй, 34 настай, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 3, хоёр хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн ........... тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: .........../,

3. Бавуу овгийн Т-н О, 1978 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, эмэгтэй, 40 настай, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 2, хүүхдийн хамт /Хан-Уул дүүргийн ............... тоотод оршин суух хаягтай/, одоо Дархан-Уул аймаг ................ тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: ................/,

4. Боржигон овгийн О-н Б, 1968 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эмэгтэй, 51 настай, бүрэн дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр, бэр, ач нарын хамт Хан-Уул дүүргийн ................... тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: ............/,

Б.М, Э.Б, Т.О, О.Б нар нь бүлэглэн 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тайванийн төв”-ийн 501 тоотод иргэн Ц.Бд “Банкны баталгаа байршуулаад өгье” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож хуурамч зээлийн гэрээ үзүүлэн түүнийг төөрөгдөлд оруулж 68.500.000 төгрөгийг залилан авсан гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Б.Мын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар,

Э.Б, О.Б нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар,

Т.Оийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс:

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас О.Бд холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан бүлэглэн зохиомол байдлыг зориудаар бий болгож хуурамч зээлийн гэрээ үзүүлэн бусдыг төөрөгдөлд оруулан 68.500.000 төгрөгийг залилан авч их хэмжээний хохирол учруулсан гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож,

Б.Мыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан бүлэглэн зохиомол байдлыг зориудаар бий болгож хуурамч зээлийн гэрээ үзүүлэн бусдыг төөрөгдөлд оруулан 68.500.000 төгрөгийг залилан авч их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг,

Э.Быг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан бүлэглэн зохиомол байдлыг зориудаар бий болгож хуурамч зээлийн гэрээ үзүүлэн бусдыг төөрөгдөлд оруулан 68.500.000 төгрөгийг залилан авч их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг,

Т.Оийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан бүлэглэн зохиомол байдлыг зориудаар бий болгож хуурамч зээлийн гэрээ үзүүлэн бусдыг төөрөгдөлд оруулан 68.500.000 төгрөгийг залилан авч их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Б.Мыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар 1 жилийн хорих ялаар,

Э.Быг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 2 жилийн хорих ялаар,

Т.Оийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 2 жилийн хорих ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мд оногдуулсан 1 жилийн хорих ял, шүүгдэгч Э.Б, Т.О нарт тус бүр оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мын цагдан хоригдсон 6 хоногийг, шүүгдэгч Э.Бын цагдан хоригдсон 6 хоногийг тус бүр биечлэн эдлэх ялын хугацаанд оруулан тооцож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М, Э.Бь, О.Б нарт авсан барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож, тэдгээрийн Төрийн банкин дахь 100900005406 дугаарын дансанд тус бүр байршуулсан 50.000 төгрөгийг буцаан олгож,

Шүүгдэгч Б.М, Э.Б, Т.О нарыг цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж,

Хохирогч нар хохирлын хор уршгаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хяналтын камерын бичлэг бүхий 2 ширхэг CD-г хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Т.Оийн өмгөөлөгч Д.Тамир давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүх Т.Оцбилэгийг гэм буруутайд тооцохдоо Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлд заасан “...нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн гүйцэт, бодит байдлаар нь хянаж үзэх...” гэснийг зөрчсөн гэж үзэж байна. Хэргийн бодит байдал мөрдөн байцаалтаар тогтоогдохдоо хохирогч нартай уулзсан, мөнгө авсан хүмүүс нь Б.М, Э.Б, О.Б нар болох нь тогтоогдсон, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар болон хохирогч, шүүгдэгч Б.М, Э.Б, О.Б нарын шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгээр Т.О нь энэ хэрэгт ямар ч оролцоо хамааралгүй болох нь тогтоогдсон. Гэтэл шүүх Б.Мын урьд өмнө өгч байсан мэдүүлгийн эх сурвалжийг зааж чадаагүй зөрүүтэй, тогтворгүй мэдүүлгийг үндэслэж буюу мөрдөн шалгах ажиллагаагаар шалгахад тогтоогдоогүй асуудлаар Т.Оийг ял шийтгэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Иймд хэргийг хянан үзэж Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн 854 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн Т.От холбогдох хэсгийг хүчингүй болгож, түүнд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

Шүүгдэгч Б.М давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Надад холбогдох гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаанд хохирогч Ц.Б, О.Н, гэрч Б.Баатар нар намайг автомашинд суулгаж, хээр авч очно гэж хоорондоо ярилцаж, чирснээр миний биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан. Мөн мөрдөн байцаалтын шатанд Э.Бын эсрэг мэдүүлэг өг гэж байнга дарамталж, гэрт минь удаа дараа ирж бага насны хүүхдүүд, өндөр настай ээжийг минь айлгаж байснаас ажлын хаягийг мэдэж, ажил дээр ирж албаны нэр хүндэд халдана гэсэн айдсаас болж би төрийн ажил албаны талаар худал мэдүүлж ирсэн ...Надад энэ гэмт хэргийг үйлдэж ашиг хонжоо олох зорилго, шунал байгаагүй. Учир нь, Дорноговь аймгийн Даланжаргалан сум Алаг толгойн нүүрсний уурхайг эзэмших “Штайнколь” ХХК-д удирдлагын багт ажиллаж байсан. “Штайнколь” ХХК нь тухайн онд УБТЗ уул уурхайн бүтээгдэхүүн экспортолсон экспортын хэмжээгээр “Болд Төмөр Ерөө гол” ХХК, “Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр” ХХК-ны дараа гуравт орсон амжилттай ажилласан. Компанийн удирдлагын багт ажилладаг учраас Э.Б, Ц.Б, О.Н нарыг ажил дээр ирж асуудал үүсгэхээс айдаг байсан. 2018 оны 5 дугаар сард цагдан хоригдох үед гэмт хэрэгт холбогдсон талаар хамт олон мэдсэн. Миний захирал хохирогч нартай холбогдож, хохирлыг барагдуулах талаар илэрхийлсэн боловч ирж уулзаагүй ...Миний нөхцөл байдлыг ойлгож ажлын газраас 23 сая төгрөгийг хохирол төлбөрт шилжүүлсэн. Өөрийн ах, эгч нартаа туслахаар хөнгөмсөг хандаж бусдыг хохироосондоо гэмшиж, хохирол төлбөрийг барагдуулж, үүнээс үүссэн бодит хор уршигыг барагдуулахаа илэрхийлсээр ирсэн. Хохирогч нарын хохирлыг барагдуулсан. Надад боломж олгож, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмшиж байгаа зэрэг болон хувийн байдлыг минь харгалзаж торгох ял оногдуулж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Э.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...болгоомжгүй байдлаасаа болж гэмт хэрэгт холбогдсондоо маш их гэмшиж байна ... хорих ял эдлэх болсноор өөрийн гурван хүүхдийг, тэтгэвэрт байдаг өндөр настай ээжийн хамт түрээсийн байранд үлдээсэн. Миний бие ажил хийж түрээсийн төлбөр болон ар гэрээ тэжээдэг байсан. Би нийгэмд болон бусдад учруулсан гэм хорын төлбөр, хохирол байхгүй. Анх удаа гэмт хэрэгт холбогдсон нөхцөл байдлыг харгалзаж надад оногдуулсан хорих ялыг өөрчлөн хөнгөрүүлж, хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Т.О давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Э.Биас өдрийн 1 хувийн хүүтэй зээлийг, 1 сарын хугацаатай итгэмжлэлийг Б.Мд олгож 50.400.000 төгрөг зээлж авсан нь үнэн. Үндсэн зээлийн 40.400.000 төгрөгийг Э.Бын хүссэнээр Э.Б болон түүний ээж З.Хадбаатарын дансанд шилжүүлж, баримтыг 2018 оны 12 дугаар сарын 3-нд шүүхийн хэлэлцүүлгийн үед хавтаст хэрэгт хавсаргасан. Үлдэгдэл 10.000.000 төгрөгийг ойрын хугацаанд төлөхөөр Э.Бтай тохирсон. Гэтэл 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Б.М бусдаас 68.500.000 төгрөгийг авч Э.Бд итгэмжлэл олгон шилжүүлсэн гэх үйлдэлд би огт оролцоогүй, мэдээгүй, санаачлаагүй, зохион байгуулаагүй байхад уг хэргийг намайг зохион байгуулсан гэж үндэслэлгүйгээр буруутган, хэрэг хүлээсэнгүй гэж 2 жилийн хорих ял оногдуулсан. Би хуучин нөхөртөө туслах гэж Э.Биас 50.400.000 төгрөг зээлж авсан. Э.Биас зээлж авсан мөнгөө салсан нөхөр О.Сайханбаярт өгсөн. Миний хөөцөлдөж байсан 250.000.000 төгрөгийн зээл бүтмэгц Э.Биас зээлсэн мөнгөө буцаан өгөх бодолтой байсан. 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр цагдаагийн газраас намайг дуудах үед Б.Мөнзул, Э.Б нар бусдаас мөнгө авсан гэдгийг мэдсэн. Голомт банкнаас барилгын зээл олгох боломжгүй гэх хариуг надад өгсөн бөгөөд Э.Бд зээлийг хүү, хугацааг тохирч гэрээгээ шинэчлэх санал тавьж байсан. Э.Б надад “Би мөнгөө авсан, Баярсайханд мөнгөө төл” гэж ойлгомжгүй байдал үүсгэдэг байсан. Э.Бд 40.400.000 төгрөг төлсөн ба энэ нь Э.Б, Б.М нарын бусдаас 68.500.000 төгрөгийг залилан авсан гэх үйлдлээс тусдаа харилцаа байхад шүүхээс намайг 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 68.500.000 төгрөгийг залилсан гэж ор үндэслэлгүй зүйлд буруутган ял оногдуулсан.

Би 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр бусдаас 68.500.000 төгрөгийг залилсан гэж үйлдлийг мэдээгүй, санаачлаагүй, удирдаагүй, төлөвлөөгүй, зохион байгуулаагүй тухай мөрдөн байцаалтын шатанд эхнээс нь үнэн зөвөөр мэдүүлж байсан. Миний мэдүүлгүүд хохирогч Баярсайхан, Нэргүй, гэрч Баатар, О.Сайханбаяр нарын мэдүүлэгтэй тохирдог. Хавтаст хэрэгт миний зураг, дүрс, бичлэг байхгүй. Намайг Баярсайхан, Нэргүй нараас 68.500.000 төгрөг залилан авсан гэж Б.М, Э.Б нар гүтгэсэн. Б.Мын мэдүүлгүүд нь зөрүүтэй, тогтворгүй, нэг нь нөгөөгөө үгүйсгэсэн байдалтай байгаа. Б.М, Э.Б нарын мэдүүлгүүд хоорондоо зөрүүтэй.

 Миний Э.Биас зээлсэн 50.400.000 төгрөгийн зээл нь Б.М, Э.Бь нарын бусдаас 68.500.000 төгрөг авсан гэх үйлдлээс тусдаа харилцаа болохыг шийтгэх тогтоолын баримтын хэсэгт тусад нь авч үзсэн атлаа миний 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн зээлийн төлбөрт Э.Б болон түүний ээж З.Хадбаатарын дансанд шилжүүлсэн 40.400.000 төгрөгийн баримтыг шүүх үнэлж үзээгүй. Тус баримтыг би 2018 оны 12 дугаар сарын 3-ны өдөр шүүхийн хэлэлцүүлгийн шатанд нотлох баримтаар өгсөн. 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Баярсайхан, Нэргүй нараас авсан гэх 68.500.000 төгрөгөөс төлөх үүрэг надад байхгүй бөгөөд шүүхийн хэлэлцүүлгийн үед Э.Б, Б.М нар “Онцбилэг нь Баярсайхан, Нэргүй нарт төлсөн 68.500.000 төгрөгийн хохирол төлбөрөөс 20 сая төгрөг төлсөн” гэж худал мэдүүлснийг шүүх нотлох баримтгүйгээр үнэлж үзсэн.

Би 2017 оны 9 дүгээр сарын 19, 20-ны өдрүүдэд Мөнхзул, Байгал, Баярсайхан, Нэргүй нарын дугаар руу огт залгаагүй болох нь миний утасны дэлгэрэнгүй хуулгаас харагдаж байна. Гэтэл энэ бодит байдлыг шүүх үнэлж, нотлох баримтаар огт үнэлж үзсэнгүй. 2017 оны 9 дүгээр сарын 19, 20-ны өдрийн утасны хуулгийг авч хавтаст хэрэгт хавсаргаагүй мөрдөн байцаагчийн буруутай үйлдлээс болж Мөнхзул, Байгал нарын худал мэдүүлгийг нотлох боломжгүй болсон.

Банкнаас зээл хөөцөлдөж байгаа талаар болон банкны зээл гарах боломжгүй болсон тухай баримтыг хавтаст хэрэгт хавсаргасан байхад шүүхээс үнэлж үзээгүй.

Байгалтай байгуулсан гэрээгээ сунгах талаар түүнд санал тавьж байсан талаар баримтыг хавтаст хэрэгт хавсаргасан боловч үнэлээгүй.

Байгал, Мөнхзул, Баярхүү нарын дансны хуулгаас харахад эдгээр хүмүүс хамтран ажилладаг, хамтарч зээл гаргадаг, ашигаа хуваадаг, цалин хөлс авдаг хамаарал бүхий хүмүүс болох нь харагдах бөгөөд тэд мэдүүлгээрээ нэгдэж хэргийн бодит байдлыг гуйвуулах боломжтой байдлыг шүүхээс үзээгүй.

Байгал, Мөнхзул нар 2018 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн Шүүхийн хэлэлцүүлгийн үед хавтаст хэрэгт авагдсан мэдүүлгүүдэд нийцүүлэх гэж оролдон, нотлох боломжгүй хэрэг рүү өөрчилсөн, хоорондоо үгсэж тохирсон байдлаар мэдүүлэг өгснийг шүүх үнэлээд, мэдүүлгүүдийн зөрүүтэй, нэг нь нөгөөгөө үгүйсгэсэн, баримтаар огт нотлогдоогүй байдлыг үнэлж үзээгүй юм.

О.Сайханбаяр гэрчээр өгсөн мэдүүлэгтээ “...Байгал гэх хүн мөнгө зээлсэн цагаас хойш манай эхнэр Онцбилэг болон Мөнхзул нарыг удаа дараа дарамталж байнга мөнгө нэхдэг байсан шалтгаанаас болж Б.М зээлийг төлсөн байх ... зээл гарвал зохих хэмжээний төлбөрийг төлж барагдуулна.” гэх мэдүүлэг нь миний болон хохирогч нарын мэдүүлэгтэй тохирч байгааг шүүх үнэлээгүй.

Онцбилэг энэ хэргийг хийгээгүй, санаачлаагүй, төлөвлөөгүй, зохион байгуулаагүй болохыг Б.М хэлж, илэрхийлээд байхад шүүх үнэлээгүй.

Хоёр шүүгдэгчийн зохиомол, гүжир, нотолгоогүй, тогтворгүй, зөрүүтэй, зөрчилтэй мэдүүлгүүдээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт, мэдүүлгүүдийг тал бүрээс нь бодитойгоор шалгаж хяналгүй, нөхцөл байдлыг эргэлзээгүй нотлохгүйгээр намайг уг хэргийг удирдан зохион байгуулсан гэж үзэж миний эрх зүйн байдлыг дордуулж, гэм буруутайд тооцсонд гомдолтой байна.

Иймд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн 854 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн надад холбогдох хэсгийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

Хохирогч О.Н давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Иргэн Б.М, Э.Б, О.Б нар нь шийтгэлээ торгуулийн ялаар солих хүсэлт өгсөн нь миний бодит хохирол болох 15 сая төгрөгийн хүүг төлөлгүй өөрсдөө 1 сарын хугацааны хүү гэж 50 сая төгрөгөөс 19 сая төгрөгийн хүү авсан нь шударга бус тул гомдолтой. Б.М, Э.Б, О.Б нар бүлэглэн зохион байгуулалттай онц хэмжээний хохирол учруулсан байхад улсын яллагчийн 4-4.5 жилийн ялыг шүүхээс хамгийн бага буюу 2 жил, 1 жилийн ялаар шийтгэсэнд гомдолтой байна. О.Бг цагаатгасан нь үндэслэлгүй гэж үзэж дээрх үндэслэлийг харгалзан үзнэ үү. Хэрэг үйлдэх үйл явцад шууд оролцсон, гарын үсэг зурсан бичлэг байдаг. Өөрөө 7 төгрөг авсан, тэрийгээ мөн төлснөө хүлээн зөвшөөрдөг. Хуурамч зээлийн гэрээ гаргаж ирж залилах хэргийн үндэслэлийн тавьсан нотлох баримтыг устгасан. О.Б нь Мөнхзултай уулзахаар 3 давхарт гарсан гэж шүүх хуралд ярьсан. Гэтэл бичлэг дээр их дэлгүүр талаар тэр 2 цуг орж ирж байгаа бичлэг байсан. Шууд худал ярьж байгааг нотолж байна. Ямар ч нотлох баримтгүй Онцбилэгт 2 жилийн ялыг Мөнхзулын мэдүүлгээр өгсөн атлаа Баярхүүг нотлох баримттай байхад цагаатгасан нь шүүхэд нөлөөлсөн байх үндэслэлтэй гэж үзэж байна.” гэв.

Хохирогч Ц.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх О.Бд холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгосныг эс зөвшөөрч байна. О.Б анх надаас мөнгө авахад Б.Мтай хамт ирсэн бөгөөд хуурамч зээлийн гэрээг О.Б цүнхнээсээ гаргаж ирж үзүүлсэн. Ийнхүү хуурамч нөхцөл байдал бий болгоход дэмжлэг үзүүлсэн, мөнгө өгөх болсон талаар Э.Бд мэдээлэл өгсөн, энэхүү мэдээллийн дагуу Э.Б итгэмжлэлийг ашиглан мөнгө авсан талаарх нөхцөл байдлууд хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогддог билээ. Эдгээр үйлдэл нь уг хэрэгт хамжигчаар оролцсон гэж үзэх хангалттай үндэслэл болж байхад анхан шатны шүүх уг гэмт хэрэгт оролцоогүй Т.От ял оногдуулж, харин О.Бгийн хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Иймээс анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн 854 тоот тогтоолд өөрчлөлт оруулж, О.Бг гэмт хэрэгт гэм буруутай гэж үзэн хуульд заасан журмын дагуу хариуцлага хүлээлгэхийг хүсэж байна.” гэв.

Шүүгдэгч Б.Мын өмгөөлөгч А.Нацагдорж давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.М нь өөрийн авга ах О.Сайханбаяр түүний эхнэр бэр эгч Онцбилэг нарт 50.400.000 төгрөгийн шаардлага байна. Барьцаанд нь үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, газрын гэрчилгээ байна гэсний дагуу Байгал гэх танил эмэгтэйгээсээ 50.4 сая төгрөгийг 2 хоногийн хугацаатай 1%-ийн хүүтэй зээлж авч өгсөн. Зээлийн хугацаа дууссан боловч зээл авсан Онцбилэг нь төлбөрөө төлөөгүй Байгал өдөр, шөнөгүй зээлээ нэхэж шаардаж байсан тул хохирогч Нэргүй, Баярсайхан нараас 68.500.000 төгрөгийг зээл гэж аван Байгалаас авсан зээлийн төлбөрийг хаасан. Б.М нь энэ авсан зээлнээс өөрт авч хэрэглэж, ашиглаагүй. Анх удаа гэмт хэрэгт холбогдсон, хийсэн хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгч байсан. Учирсан хохирлоос өөрт оногдох хохирлыг төлсөн. Хэрэг үйлдэх болсон нөхцөл байдал өөрт ашиг бий болгох гэсэн санаа сэдэл агуулаагүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа. Бага насны хоёр хүүхдүүд ээжийн  хамтаар амьдардаг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан 854 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3-т заасан “1 жилийн хорих ял” гэснийг торгох ял болгон өөрчилж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Б.Мын өмгөөлөгч Ц.Бат-Эрдэнэ давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Бидний зүгээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэл бүхий болсон эсэх тал дээр маргаан үгүй. Харин миний үйлчлүүлэгч Б.М нь: үйлдсэн гэмт хэргээ бүрэн хүлээж байгаа, гэм буруутайгаа хүлээн зөвшөөрсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлсөн, бага насны 2 хүүхэдтэй, өрх толгойлсон ганц бие эх мөн учир энэхүү ял хөнгөрүүлэх нөхцөл байдлууд байгаа болохыг, үүний зэрэгцээ: түүний үйлдсэн гэмт хэрэгт торгох ял шүүх шийтгэж болохоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг заасныг давж заалдах шатны шүүх онцгойлон анхааран үзэж түүний эрх зүйн байдлыг дээрдүүлэх замаар ялыг сонгох /хорих бус торгох/ хэлбэрийг хэрэглэж “10 сая төгрөгөөр торгох ялаар шийтгэх гэсэн байдлаар Шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү” гэсэн давж заалдах гомдлыг гаргаж байгааг минь хүлээн авна уу. Эрүүгийн хуулийн 1.1 дүгээр зүйлд зааснаар ... Эрүүгийн хууль нь гэмт халдлагаас хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилготой, Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд хуульчилсан ёсоор ял нь дан ганц цээрлүүлэх бус гэмт хэргийн улмаас хөндөгдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг дахин нийгэмшүүлэх явдлыг хангахад орших учир түүний хувьд ялын зорилго хангагдсан гэж үзэх боломжтой гэдгийг үүнээс тодорхой харж болохыг дурдаж байна. Жич: Торгуулийн ял биелэгдэх боломжийг хангах зорилгоор бид түүний дансанд 10 сая төгрөгийг байршуулсан болно.” гэв.

Шүүгдэгч Э.Бын өмгөөлөгч Г.Баттогтох давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн 854 дугаар шийтгэх тогтоолоор Э.Быг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан бүлэглэн зохиомол байдлыг зориудаар бий болгож хуурамч зээлийн гэрээ үзүүлэн бусдыг төөрөгдөлд оруулан 68.500.000 төгрөгийг залилан авч их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож хорих ял оногдуулсныг Э.Бын өмгөөлөгч Б.Отгонжаргал, Г.Баттогтох, Ц.Батзаяа бид эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Эрүүгийн хуулийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Урьдчилан амлаж бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн хүнийг гэмт хэргийн хамжигч гэнэ.” гэж, мөн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ.”, 2 дахь хэсэгт “Бүлэглэн гүйцэтгэсэн гэмт хэргийг гүйцэтгэгчдийн үйлдлийг нэгтгэн зүйлчилж гүйцэтгэгч тус бүрийн гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоог харгалзан ялыг ялгамжтай оногдуулна.” гэж тус тус хуульчилсан. Гэтэл анхан шатны шүүхээс дээрх хуулийн заалтыг журамлан Э.Бд ял оногдуулахдаа Э.Бийн гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоог огтхон ч ялгаж дүгнэлгүй, холбогдогч нарыг нийтэд нь “...зохиомол байдлыг зориудаар бий болгож хуурамч зээлийн гэрээ үзүүлэн бусдыг төөрөгдөлд оруулан...” гэж дүгнэж гэмт хэрэгт ямар ч холбоогүй Э.Бд ял оногдуулсан. Түүнчлэн Э.Быг гэмт хэрэгт хамжигчийн үүрэг гүйцэтгэсэн гэх боловч Э.Б нь хэнд, юуг урьдчилан амлаж, яаж дэмжлэг үзүүлсэн талаар шүүхээс огтхон ч дүгнэлт хийлгүй шүүгдэгч нарын үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж ерөнхий байдлаар шийдвэрт дүгнэж ял халдаасан. Улсын Дээд шүүхийн 2003 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн хууль тайлбарласан тогтоолд “...хамжигч...” гэдэгт бусдыг гэмт хэрэг үйлдэхэд зааж зөвлөх, зэвсэг хэрэгсэл өгөх, учрах саадыг арилгах, унаа орон байраар хангах. мэдээлэл өгөх зэргээр гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж, гэмт хэрэг үйлдсэний дараа гэмт этгээд болон гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн зэвсэг хэрэгсэл, гэмт эргийн улмаас олсон эд зүйлийг нуун далдлах, зарж борлуулах, гэмт хэргийн ул мөрийг баллахаар урьдчилан амласан байхыг ойлгоно. Энэ нь гэмт хэрэг үйлдэх нөхцөл байдлыг урьдаас мэдэж амласан байдгаараа гэмт хэрэгт хамаарагсад гэсэн ойлголтоос ялгагдана гэж тайлбарласан бөгөөд Э.Б нь энэхүү тайлбарт дурдсанаар хэрхэн хамжигчийн үүргийг гүйцэтгэсэн нь тодорхойгүй байна. Өөрөөр хэлбэл шүүхийн шийдвэрт заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, шүүх хуулийг буруу хэрэглэж гэм буруугүй хүнд ял оноосон гэж үзэж байна. Иймд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн 854 дугаар шийтгэх тогтоолын Э.Бд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Э.Бын өмгөөлөгч Ц.Батзаяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өмгөөлөгч Г.Баттогтох, Б.Отгонжаргал нартай хамтран гаргасан давж заалдах гомдлоо дэмжиж байна. Нэмж хэлэх зүйл байхгүй.” гэв.

Шүүгдэгч Э.Бын өмгөөлөгч Б.Отгонжаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өмгөөлөгч Г.Баттогтох, Ц.Батзаяа нартай хамтран гаргасан давж заалдах гомдлоо дэмжиж байна. Нэмж хэлэх зүйл байхгүй.” гэв.

Шүүгдэгч Т.Оийн өмгөөлөгч К.Бауиржан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Т.Оийг уг хэргийг зохион байгуулсан, бүлэглэн гүйцэтгэсэн гэж үзэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар гэм буруутайд тооцож 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр тогтоосон байна. Шүүх ийнхүү Т.Оийг бусадтай бүлэглэн залилах гэмт хэргийг үйлдсэн хэмээн гэм буруутайд тооцохдоо хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг зөрчөөд зогсохгүй гаргасан шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг зөрчсөн гэж үзэхээр байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад .... -гэмт хэрэг гарсан байдал, -гэмт хэргийг хэн үйлдсэн, -гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, - гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, - гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг ... нотолно” гэж заасан. Тухайн хэрэг гарсан буюу 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Тайван”-ы төвийн 501 тоотод Ц.Бтай уулзаж, “Хаан” банктай байгуулсан зээлийн гэрээ үзүүлж, “Голомт” банкны дансанд түр хугацаагаар байршуулна гэж 58.500.000 төгрөгийг тоолж хүлээн авсан хүн нь Б.М бөгөөд мөнгийг “Голомт” банкны дансанд хийж тэр дор нь гарган авч захиран зарцуулсан хүмүүс нь Б.М, Э.Б нар, мөн дансанд мөнгө байхгүй гэдгийг мэдсээр байж хонуулчих гэж байсан хүмүүс нь Б.М, Э.Б нар болох нь хэрэгт авагдсан баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон байдаг. Тухайлбал, 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Б.М нь О.Н гэгч рүү өөрийн 99002092 дугаарын утаснаас ярьж, улмаар 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр О.Б гэгчийг дагуулан “Тайван”-ы төвийн 501 тоотод очиж Ц.Бтай уулзаж дансанд түр байрлуулах мөнгө хүсч 58.500.000 төгрөгийг тоолж хүлээн авсан болохыг О.Н, Б.Баатар, Ц.Б нар гэрчилж, Б.М, О.Б, Э.Б нар үгүйсгээгүй ба энэ талаар хохирогчоос гаргаж өгч хэрэгт хавсаргасан фото зураг, мөнгө хүлээлцсэн баримт, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр нотолдог. Мөн ийнхүү уулзах үедээ Б.М нар нь Ц.Бд зохиомол байдлыг зориуд бий болгож буюу “Хаан” банктай байгуулсан гэх 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 150 сая төгрөгийн барьцаат зээлийн гэрээ гэгч хуурамч баримтыг үзүүлсэн талаар Ц.Б мэдүүлж, холбогдох баримтыг зурган хэлбэрээр гаргаж өгсөн бол Б.Мын хувьд үүнийг хүлээн зөвшөөрч, хуурамчаар үйлдсэн болохоо хүлээн зөвшөөрч мэдүүлснээс гадна тухайн гэрээ огт хийгдээгүй талаар гэрч В.Отгонжаргал, Ц.Сэмбээчамбуу нар мэдүүлсэн. Мөн дээрх байдлаар зохиомол байдлыг зориудаар бий болгож, хуурамч зээлийн гэрээ үзүүлэн 68.500.000 төгрөгийг хүлээн авч өөрийн дансандаа байршуулах замаар захиран зарцуүлж энэ бүхнийг зохион байгуулсан хүмүүс бол Б.М, Э.Б нар болох нь хохирогч Ц.Б, гэрч О.Н, Б.Баатар нарын “...Мөнхзул, Байгал нар нэг хонуулчих гэж гуйгаад байсан” тухай мэдүүлэг, Э.Бийн “...өөрийн хамаатаны хүн болох Баярхүүг Мөнхзулын хамт явуулсан” гэх мэдүүлэг болон Б.М, Э.Б нарын хооронд хийгдсэн 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 70 сая төгрөгийг данснаас авахыг зөвшөөрсөн тухай итгэмжлэл, итгэмжлэлийн дагуу мөнгө шилжсэн даруйд Мөнхзулын данснаас 69 сая төгрөгийг шилжүүлэн авсан талаар банкны гүйлгээний баримт зэргээр нотлогддог. Энэ бүх үйлдлүүд нь Т.Отэй ямар ч хамааралгүй болох нь баримтаар нотлогдохын зэрэгцээ Т.Оийг буруутгасан Б.Мын хэд хэдэн удаагийн мэдүүлгээс өөр ямар ч баримт, нотлогоо хэргийн материалд авагдаагүй, мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдоогүй байна. Гэвч анхан шатны шүүх Б.Мын өгсөн мэдүүлгийг үндэслэн энэ хэрэгт Т.Оийг буруутай гэж үзсэн байдаг нь ЭХХШтухай хуулийг холбогдох заалтуүдыг зөрчиж, бусдыг үндэслэлгүйгээр ялласан хэрэг болсон гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ”, 2 дахь хэсэгт “...баримтат мэдээлэл нь гэрч, хохирогч, ... сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлэг ... бусад баримтаар тогтоогдоно” гэж заасан, мөн хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй”, 8 дахь хэсэгт яллагдагч шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлэг дангаараа яллагдагч, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайг нотлох шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй” гэж тус тус заасан байдаг. Өөрөөр хэлбэл, мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Мын өгсөн “Т.О энэ хэргийг зохион байгуулсан, зээлийн гэрээг хуурамчаар үйлдэхийг зааж өгсөн” гэх мэдүүлэг нь дангаараа Т.Оийг буруутгах үндэслэл болохгүйн зэрэгцээ Т.Отэй бүлэглэж гэмт хэрэг үйлдсэн гэдгийг ч нотлох баримт болохгүй юм. Хэдийгээр Б.М нь удаа дараагийн өгсөн мэдүүлэгтээ Т.Оийн зээлийг төлөх үүднээс түүний зааж өгснөөр, зохион байгуулснаар Ц.Б нарыг хуурч мөнгө авсан гэж мэдүүлж байсан бол анхан шатны шүүх хуралдаанд тэрээр “...явсаар байгаад 2017 оны 9 дүгээр сарын үед манай ах О.Сайханбаяр над руу залгасан. Чамайг тийм хүнд байдалд оруулаад байгаа бол энэ хүмүүс рүү залгаад мөнгөө авчих” гэж мэдүүлсэн байдаг. Эндээс Б.М нь анхнаасаа худал мэдүүлэг өгч байсан гэдгийг ойлгож болохын зэрэгцээ Б.М болон Э.Б нараас бусад бүх гэрч, хохирогч нар Т.Оийгтанихгүй, мэдэхгүй гэдгээ ч мэдүүлсэн байдаг. Мөн шүүхийн хэлэлцүүлэгт Э.Б нь энэ хэрэгт Т.О хамааралтай мэтээр “...одоо миний хажууд ярь миний мөнгийг буцааж өгч байж гэрчилгээнүүдийг чинь буцааж өгнө гэж Т.От хэл гэхэд Б.М миний хажууд ярихад цаана нь миний яриад тохирсон газар очоод зээлээ авчих, тэгээд өрөө төлчих гэсэн яриа надад сонсогдсон” гэж мэдүүлсэн байдаг боловч түүний энэхүү мэдүүлэг нь шүүгдэгч Б.Мын шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг болон эрүүгийн хэрэгт гэрч, хохирогчоор оролцож байгаа О.Нн “...зарын дагуу 99002092 дугаарын утаснаас эмэгтэй хүн ярьсан” гэх мэдүүлэг, мөн хэрэгт авагдсан Т.Оийн 99198119 дугаарын утасны хэрэглээний жагсаалт болох 2017 оны 8 дугаар сарын 1-ний өдрөөс 9 дүгээр сарын 30-ны өдрийн хооронд гадагшаа дуудлага хийсэн болон гаднаас дуудлага хүлээн авсан тухай жагсаалтад тэрээр Б.Мын 99002092 дугаарын утастай зөвхөн 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдрөөс 8 дугаар сарын 29-ны өдрийг хүртэл хугацаанд холбогдож байсан гэсэн баримтаар тус тус үгүйсэгддэг. Энэ мэтчилэн Ц.Б, О.Н нарыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, хуурамч зээлийн гэрээ үзүүлэн 68.500.000 төгрөгийг авч, их хэмжээний хохирол учруулсан гэх үйлдэлд Т.О хамааралтай гэдгийг нотолж, шууд буруутгасан баримт байхгүй байхад шүүх гэм буруутай гэж үзэн ял шийтгэсэн. Ингээд зогсохгүй шүүх Т.Оийг энэ хэргийг зохион байгуулсан гэж үзэж буруутгасан байдаг. Т.Оийн хувьд Э.Баас 50.400.000 төгрөгийн зээлийг авсан нь үнэн боловч уг зээлийг төлөхтэй холбоотойгоор банк эрх бүхий байгууллагад хандаж байснаас бус Б.М болон Э.Б нартай бүлэглэж Ц.Б, О.Н нарыг хууран мэхлэх үйлдэлд оролцоогүй юм. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ”, 3.3 дугаар зүйлийн 1-т “гэмт хэрэг үйлдэхийг санаачилсан, удирдсан, төлөвлөсөн, гэмт хэрэг хамтран үйлдэгчдийн үүрэг, оролцоог хуваарилсан, зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулсан хүнийг гэмт хэргийг зохион байгуулагч гэнэ” гэж заасан. Өөрөөр хэлбэл, Т.О нь уг гэмт хэрэг үйлдэхийг санаачилсан, удирдсан, зохион байгуулсан байх ёстой ба энэ нь эргэлзээгүй байдлаар нотлогдсон байгаа нөхцөлд түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэл бүрдэх ёстой юм. Гэвч энэ нөхцөл байдал нь Т.Оийн үйлдэлд тогтоогдоогүй болно. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй”, 2 дахь хэсэгт “хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заасан бол мөн зүйлийн 3 дахь хэсэгт “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж тус тус заасан байхад шүүх хуулийн эдгээр заалтыг зөрчих замаар мөрдөгч, прокурорын хууль зөрчих байдлаар Т.Оийн гэм бурууг эргэлзээгүй байдлаар тогтоолгүйгээр ялласан үйл ажиллагааг зөвтгөхгүйгээр Т.Оийг гэм буруутайд тооцсон байна. Иймд дээрх нөхцөл байдал болон хэрэгт авагдсан нотлох баримтыг харгалзан үзэж Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн 854 тоот шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн Т.От холбогдох хэсгийг хүчингүй болгох замаар Т.От холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Т.Оийн өмгөөлөгч Б.Дамба давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шинжлэн судалсан нотлох баримтуудад шүүгдэгч Б.М, Э.Б, О.Б, Т.О, хохирогч Ц.Б, О.Н, гэрч О.Сайханбаяр, Б.Баатар, Б.Отгонжаргал, Ц.Сэмбээчамбуу нарын мэдүүлгүүд, мөн шүүгдэгч Э.Б, О.Б, Б.М нарын хоорондын хамаарлын талаарх гэрэл зургийн үзүүлэлт, дансны хуулгууд, Б.Маас Э.Бд данс захиран зарцуулах эрх олгосон итгэмжлэл, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, мөнгө шилжүүлсэн баримт, Э.Биас Т.От 50.4 сая төгрөг зээлсэн зээлийн баримтууд, шүүгдэгч нарын иргэний үнэмлэх, урьд ял шийтгэгдсэн эсэх хуудсууд зэрэг нотлох баримтууд хамаарах юм. Гэмт хэрэгт хамтран оролцсон гэх Т.Оийн оролцоо, үйлдэл нь шинжлэн судалсан дээрхи нотлох баримтуудаар нотлогдооггүй, үгүйсгэгддэг. Өмгөөлөгч би өөрийн саналдаа шинжлэн судалсан дээрхи нотлох баримтуудыг нэг бүрчлэн иш татаж, Т.От хамааралгүй болохыг шүүхэд танилцуулсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт “Шүүгдэгчийг ... гэм буруутайд тооцсон шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, ... өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримтыг няцаан үгүйсгэсэн үндэслэл”-ээ шүүх шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт тусгана гэж заасан. Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулгыг тогтоолд тусгасан байдлаас үзэхэд тэдгээрээс аль баримт нь гэмт хэрэгт хамтран оролцсон гэх Т.Оийн оролцоо, үйлдлийг хэрхэн, яаж нотолж байгаа нь тодорхой бус, нотлоогүй, үгүйсгэгдэж байна. Нөгөө талаар шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг өмгөөлөгч би өөрийн саналдаа иш татаж, гэмт хэрэгт хамтран оролцсон гэх Т.Оийн оролцоо, үйлдэл нь тэдгээр баримтуудаар нотлогдоогүй байна гэсэн өмгөөлөгч миний саналын үндэслэл болгосон баримтыг шүүх няцаан үгүйсгэсэн үндэслэлээ тогтоолдоо тусгаагүй нь шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.3 дахь хэсгийн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй бөгөөд үүнийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй юм. Т.Оийн гэм буруу хэргийн баримтаар нотлогдоогүй. Харин уг хэрэгт түүнийг хамтран оролцсон, зохион байгуулсан мэтээр Б.М мэдүүлдэг. Гэтэл удаа дараагийн өгсөн түүний мэдүүлгүүд хоорондоо ноцтой зөрүүтэй байхад шүүх тэдгээрт огт дүгнэлт хийлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн. Тухайлбал: Гэрч Б.Мын “...Би өчигдөр үнэгүй.мн сайтаас банкны зээл чөлөөлж, барьцаагүй зээл олгоно гэсэн зарын дагуу холбоо барьж, ... 69 сая төгрөг зээлэхээр тохирсон. ... Онцбилэг эгч надад үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ авчирч өгөх байтал ирээгүй.” гэх мэдүүлэг, яллагдагч Б.Мын “...150 сая төгрөгийн хуурамч гэрээг Онцбилэг эгч хэрхэн, яаж хийх аргыг надад зааж өгсөн. ... Онцбилэг нь Нэргүй, Баярсайхан хоёртой утсаар яриад зээл авахаар тохирсон гэсэн. Түүний дагуу маргааш нь би очсон. ... Онцбилэг СЭЗДС-д Баярсайхантай хамт сурч байсан гэж надад ойлгуулсан.” гэх мэдүүлэг, шүүгдэгч Б.М шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...манай ах О.Сайханбаяр над руу залгасан. Чамайг хүнд байдалд оруулаад байгаа юм бол энэ хүмүүс рүү залгаад мөнгө авчих. Байгалд тавьсан гэрчилгээнүүдээ харуулаад мөнгө ав гэсэн. ... 150 сая төгрөгийн зээлийн гэрээ гэж байхгүй. Ийм гэрээг Баярсайханд үзүүлээгүй.” гэх мэдүүлгүүд зөрүүтэй байхад шүүх тэдгээрт дүгнэлт хийгээгүй. Нөгөө талаар шүүгдэгч Байгал, Онцбилэг, хохирогч О.Н, Ц.Б, гэрч Б.Баатар, О.Сайханбаяр нарын мэдүүлгүүд, мөн Т.Оийн гар утасны билл зэрэг нотлох баримтуудаар Б.Мын өгсөн дээрхи мэдүүлгүүдийн худал болох нь нотлогддог. Өөрөөр хэлбэл гэмт хэрэг үйлдсэн гэх гэм буруу Т.Оийн хувьд хэргийн бусад баримтуудаар үгүйсгэгддэг. Шүүх үүнд дүгнэлт хийлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн. Тухайлбал: Гэрч Э.Бийн “...Мөнхзул надад би өдрийн хүүтэй мөнгө зээлдэг хүмүүсээс мөнгө зээлж, чиний төлбөрийг барагдуулна гэсэн. Гэтэл удалгүй Мөнхзул миний данснаас 69 сая төгрөг аваарай, барьцааны гэрчилгээнүүдийг өгөөрэй гэсэн. ... Би Мөнхзулд гэрчилгээнүүдийг өгөхөөр Хүүхдийн 100-гийн Голомт банк руу очиж, ... Мөнхзулд гэрчилгээнүүдийг гардуулж өгсөн.” гэх мэдүүлэг, гэрч Э.Бийн “...2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Мөнхзул надад мөнгөө авчихаад дуудсан цагт гэрчилгээнүүд авчирж өгөөрэй гэсэн.” гэх мэдүүлэг, хохирогч Ц.Бы “...2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Мөнхзул гэх хүн утсаар холбогдож, мөнгө байршуулаад орой нь буцааж өгье гэсэн.” гэх мэдүүлэг, хохирогч Ц.Бы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Би Онцбилэгтэй хамт сурч байгаагүй.” гэх мэдүүлэг, хохирогч О.Нн “...Мөнхзул гээд байгаа эмэгтэй зээл хөөцөлдөж байгаа гэсэн. Зээл батлагдсан, батлагдаагүй 2 цагийн дараа мөнгийг чинь буцааж өгнө гэсэн.” гэх мэдүүлэг, гэрч О.Сайханбаярын “...Би Мөнхзулд Байгалийн өр зээлийг яаж төлөхөв. Гайгүй хүн байвал мөнгө зээлээд төлчих юмсан.” гэх мэдүүлгүүдээр Б.Мын дээрхи мэдүүлгийн худал болох нь нотлогддог. Дээрхи баримтуудаар хохирогч Ц.Б, О.Н нартай Т.О биш, харин шүүгдэгч Б.М өөрөө харилцаж, мөнгө   авсан болох нь мөн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээнүүдийг Б.Мд Т.О биш, Э.Б авчирж өгсөн болох нь нотлогддог. Шүүгдэгч Э.Б шүүхийн хэлэлцүүлэгт “... Мөнхзулд яагаад Онцбилэг чинь ирэхгүй, ганцаараа ирж байгаа юм. Одоо ярь.” гэхэд Мөнхзул миний хажууд ярихад цаана нь “...Миний яриад тохирсон газар очоод зээлээ авчих. Тэгээд өрөө төлчих гэсэн яриа сонсогдсон.” гэж мэдүүлсэн. Э.Б нь мөрдөн байцаалтад олон удаа мэдүүлэг өгөхдөө дээрхи мэдүүлгийг өгөөгүй. Шүүхийн хэлэлцүүлэгт тэрээр анх ингэж мэдүүлсэн нь түүний мэдүүлгийн үнэн эсэхэд эргэлзэх үндэслэлтэй юм. Түүнчлэн Э.Бийн дээрхи мэдүүлэг нь хэргийн бусад баримтаар нотлогдоогүй. Тухайлбал утсаар ярьсан гэх Б.Мын ярилцлагын бичлэг зэрэг нь хэрэгт байхгүй, эх сурвалж нь тодорхой бус байгаа тул шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн түүний мэдүүлэг нь нотлох баримт болохгүй гэж үзэж байна. Т.О нь гэмт хэрэг үйлдээгүй, гэмт хэрэгт хамтран оролцсон гэх түүний оролцоо хэргийн баримтаар нотлогдоогүй, үгүйсгэгддэг. Шүүх Т.Оийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцохдоо шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдож байгаа мэтээр дүгнэсэн. Гэтэл тэдгээр нотлох баримтуудаас аль баримт нь түүний гэм бурууг хэрхэн нотолж байгааг тогтоолд тусгаагүй, мөн Б.Мын өгсөн мэдүүлгүүд хоорондоо зөрүүтэй байхад тэдгээрт дүгнэлт хийгээгүй, түүний мэдүүлгүүдийн худал болох нь бусад баримтуудаар үгүйсгэгдэж байхад тэдгээрт шүүх мөн дүгнэлт өгөөгүй, энэ үндэслэлээ тогтоолдоо зааж дүгнээгүй байгаагаас үзэхэд тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалд нийцээгүй гэж үзэх үндэслэлтэй юм. Иймд Т.Оийн гэмт хэрэг үйлдсэн гэх гэм буруу хэргийн баримтаар нотлогдохгүй байгаа тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт заасны дагуу анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн 854 дугаар шийтгэх тогтоолын шүүгдэгч Т.От холбогдох хэсгийг хүчингүй болгож, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэв.

Цагаатгагдсан этгээд О.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “О.Н, Ц.Б нар нь хэрэг гарснаас 2 хоногийн дараа над руу утастаж, айлган сүрдүүлж байсан.” гэв.

Хохирогч Ц.Бы өмгөөлөгч Б.Цэцэнбилэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “О.Бг цагаатгасан анхан шатны шүүхийн шийдвэр ямар баримтыг үндэслэн гэм буруугүй гэж дүгнэсэн нь тодорхойгүй байх тул анхан шатны шүүхэд буцааж өгнө үү.” гэв.

Хохирогч О.Нгийн өмгөөлөгч Б.Гэрэл-Очир тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...О.Б цагаатгасанд гомдолтой байна. Шүүгдэгч Б.М, Э.Б нарын удаа дараагийн мэдүүлгийг үндэслэн анхан шатны шүүх цагаатгасан. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан Ц.Бы мэдүүлэгээр “О.Б эрүүл байсан. Голомт банкинд манай хамаатны хүн ажилладаг” гэж мэдүүлсэн нь зээл олгосон үйл явдалд оролцсон байна. Шүүгдэгч Б.Мын мэдүүлэгт зээлээс ашигаа хуваасан нь харагддаг. Анхан шатны шүүхэд хэргийг буцааж, О.Бд холбогдох шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.” гэв.

Цагаатгагдсан этгээд О.Бгийн өмгөөлөгч Э.Түвшинбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өнөөдрийн шүүх хуралдаанд оролцож байгаа оролцогчдоос өмгөөлөгч Б.Гэрэл-Очир анхан шатны шүүх хуралдаанд оролцоогүй. Хохирогч болон хохирогч нарын өмгөөлөгч нар анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт О.Бгийн гэм буруугийн талаар дээрх үндэслэлүүдийг дурдаагүй. Мөн хавтас хэргээс О.Бгийн гэм буруутай үйлдэл нь нотлох баримтаар тогтоогдоогүй. Өмгөөлөгч нар хууль зүйн дүгнэлт өгч гэм буруутай гэдгийг нотолж чадахгүй байна. Шүүгдэгч нарын мэдүүлэг болон бусад баримтаар О.Бг энэ гэмт хэрэгт гэм буруугүй болох нь анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр тогтоогдсон. Мөн камерын бичлэгт хийгдсэн үзлэгийн тэмдэглэлд Голомт банкны салбар дээр мөнгийг дансанд байршуулахад шүүгдэгч Б.М, хохирогч  Ц.Б, гэрч Баатар нар хамт байсан бөгөөд энэ үед О.Б нь хамт байгаагүй. Шүүгдэгч Э.Б О.Бгийн дүү бөгөөд Э.Бийн гуйлтаар Б.Мыг зээл авч байгаа нь үнэн эсэхийг мэдэх зорилгоор хохирогчийн ажлын байранд хамт очсон. О.Бгийн мэдүүлэг анхнаасаа тогтвортой байсан. О.Бгийн хамт очсон үйлдлийн улмаас хохирогч нарт ямар хохирол учирсан нь тодорхойгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нөхцөл байдал бүрэн тогтоогдоогүй. Мөрдөн байцаалтын шатанд прокурорын зүгээс О.Бд холбогдох хэсгийн хэргийг хэрэгсэхгүй болгож байсан гэв. О.Б болон Э.Б нарын дансны хуулгаар олон удаагийн мөнгө авч байсан, буцааж шилжүүлж байсан харагддаг. Хоорондын зээлийн асуудал байсан. О.Нг энэ хэрэгт ямар оролцоотой эсэх, хохирогч мөн эсэхийг тодруулах ажиллагаа өмнө нь хийгдсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын О.Бд холбогдох хэсгийг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

Прокурор Д.Агар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анх Т.Оийн гуйлтаар Б.М Э.Байглаас мөнгө зээлэх болсноос үүссэн. Хүчингүй болсон гэрчилгээг барьцаанд тавиад мөнгө зээлсэн. Тухайн мөнгөө Б.М нь Т.Оийн зааж өгснөөр хуурамч зээлийн гэрээг хохирогч нарт үзүүлээд 68.500.000 төгрөгийг зээлсэн. Тухайн зээлийг авах болсон шалтгаан нь банкинд барьцаа болгон харагдах зорилготойгоор зохиомол байдлыг зориудаар бий болгосон. Тухайн мөнгийг байршуулаад оройдоо буцааж гаргаж өгөхдөө ямар нэгэн барьцаа шаардаагүй. Б.Мын мэдүүлэгт зээлийн гэрээг “Т.О зааж өгсөн” гэж мэдүүлсэн. Эдгээрийг үндэслэн Т.Оийг энэ гэмт хэргийг зохион байгуулсан гэж үзэж яллагдагчаар татсан. Шүүгдэгч Б.Мын мэдүүлгүүд тогтворгүй байдаг. Анхан шатны шүүх хуралдааны үеэр “Т.О чамд зээлийн гэрээтэй холбоотой асуудлыг зааж өгсөн юм уу” гэж асуухад шүүгдэгч Б.М асуултад хариулахаас татгалздаг. Цагаатгагдсан этгээд О.Б нь тухайн гэмт хэрэгт оролцоотой нь тогтоогдоогүй гэдэг үндэслэлээр хэрэгсэхгүй болж байсан. Мөн шүүгдэгч Б.М болон хохирогч нарын гомдлоор Улсын Ерөнхий прокуророос хэргийг татаж хянан гэм буруутай асуудлыг шүүхээр шийдвэрлүүл гэдэг асуудлаар прокурорын шийдвэрийг хүчингүй болгож, О.Бгийн асуудлыг хамтад нь шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудад үндэслэн хэргийн үйл баримтыг дүгнэн үзэхэд:

Шүүгдэгч Т.О нь хамтран амьдрагч О.Сайханбаярын бусдад төлөх төлбөрийг барагдуулах зорилгоор шүүгдэгч Б.Мтай хамтран 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Э.Баас 50.400.000 төгрөгийг 2 хоногийг хугацаатай зээлж, зээлийн барьцаанд Т.О нь өөрийн хоёр ширхэг үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, нэг ширхэг газар эзэмших гэрчилгээг барьцаалж өдрийн 1 хувийн хүүтэй зээлийн гэрээ байгуулжээ.

Э.Баас зээлсэн 50.400.000 төгрөгөөс Т.О 40.000.000 төгрөг, Б.М 10.400.000 төгрөгийг авч захиран зарцуулсан болох нь тэдний тайлбар мэдүүлэг, хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон болно. Т.Оийн барьцааны журмаар эд хөрөнгийг захиран зарцуулах эрх олгосон 1 сарын хугацаатай итгэмжлэл дуусах үед Э.Б нь Т.О, Б.М нараас зээлсэн мөнгөө өгөхийг удаа дараа шаардаж байжээ.

Улмаар шүүгдэгч Б.М нь 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр өөрийн санаачлагаар “Барьцаагүй зээл чөлөөлнө, банкны баталгаа гаргана” гэсэн зарын дагуу хохирогч Ц.Бтай холбогдож “Банкнаас зээлсэн 150.000.000 төгрөгийн зээлийн үлдэгдлийг төлж байгаа мэт дансанд мөнгө байршуулах” талаар худал хэлж итгүүлэн Ц.Бы ажлын байр болох “Тайванийн төв”-ийн 501 тоотод очиж “Хаан” банкнаас 150.000.000 төгрөг зээлсэн хуурамч зээлийн гэрээ үзүүлж, “68.500.000 төгрөгийг өөрийн “3155103344” дугаартай Голомт банкны дансанд байршуулах шаардлагатай байна” гэж итгүүлэн хохирогч Ц.Баас 68.500.000 төгрөгийг өөрийн дансаар шилжүүлэн авсан байна.

Ийнхүү өөрийн дансанд мөнгө байршуулахын өмнө мөн өдөртөө шүүгдэгч Б.М нь Сүхбаатар дүүргийн нотариатад хандан “Данс захиран зарцуулах” итгэмжлэлийг Э.Бд олгон батлуулсан бөгөөд уг итгэмжлэлд “Миний өмнөөс Голомт банкин дахь 3155103344 тоот данснаас 70,000,000 төгрөгийн зарлагын гүйлгээ хийж мөнгө тоолж авах, орлого хийх” бүрэн эрхийг олгосон байх бөгөөд, хохирогч Ц.Быг уг дансанд 68,500,000 төгрөгийг байршуулсны дараа Э.Б нь уг мөнгийг Б.Маас авах зээлийн төлбөрт тооцон дансанд шилжүүлэн авчээ.

Өөрөөр хэлбэл Б.М, Т.О нар нь “О.Сайханбаяр гэгчийн бусдад төлөх хохирлын мөнгийг олж өгч байгаа” нэрийдлээр 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Э.Баас 50,400,000 төгрөгийг 2 хоногийн хугацаатай зээлж, уг зээлийн төлбөрт барьцаалах хэлбэрээр Э.Бд өгсөн 3 ширхэг үл хөдлөх эд хөрөнгийн болон газар эзэмших гэрчилгээ, итгэмжлэл зэрэг нь хуурамч, итгэмжлэлээр олгосон 1 сарын хугацаа дуусч байгааг мэдсээр байж ямар нэгэн аргаар Э.Бын өрийг төлөх зорилгоор дээрх үйлдлийг хийсэн болох нь тогтоогджээ.

Харин Э.Б нь тухайн нөхцөлд өөрийн зээлийн төлбөрийг авах зорилгоор шүүгдэгч Б.Мын уг итгэмжлэлийн үндсэн дээр данснаас нь 68,500,000 төгрөгийг шилжүүлэн авсан бөгөөд 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр өөрийн хамаатан О.Бг “Б.М бусдаас мөнгө авч байгаа нь үнэн эсэхийг тодруулж өгөөч” гэж гуйсны дагуу О.Б нь “Тайванийн төв”-ийн 501 тоотод Б.Мын хамт очиж хохирогч Ц.Бтай уулзахад нь байлцсан байна.

Шүүгдэгч Б.М, Т.О нарын дансандаа байршуулан залилж авсан 68,500,000 төгрөгийн эх үүсвэр нь 17,000,000 төгрөгийг О.Н, 51,500,000 төгрөгийг Ц.Байрсайхан нь гарган дундын дансанд байршуулан уг зээл чөлөөлөх, бусдын дансанд түр байршуулах үйл ажиллагааг явуулж байсан нь тогтоогдсон бөгөөд О.Н, Ц.Б нарыг хэн алиныг хохирогчоор тогтоож хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан нь үндэслэлтэй болжээ.

 Шүүгдэгч Б.М, Т.О нарын залилах гэмт хэрэг үйлдсэн талаар дээрх үйл баримт нь хавтаст хэрэгт авагдсан:

шүүгдэгч Б.Мын “...Т.О нь миний найз Э.Баас 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдөр банкнаас зээл бүтэхээр өнгө гэж 50.400.000 төгрөгийг хоногийн 1 хувийн хүүтэй зээл авсан. Т.О эгчийн банкны зээл нь бүтээгүй учир Э.Баас авсан мөнгөө төлж чадаагүй, хүүгээ ч өгөөгүй ... Үнэгүй.мн сайтаас “банкны зээл чөлөөлж барьцаагүй зээл олгоно” гэсэн зарын дагуу холбогдож 69.000.000 төгрөг авна гэж хэлээд хоногийн 1 хувийн хүүтэй зээлэхээр тохирсон ...Голомт банкин дээр очиж өөрийн 3155103344 дугаарын дансанд 68.500.000 төгрөгийг хийсэн ...Э.Бд итгэмжлэл хийж өгөөд миний данснаас 68.500.000 төгрөгийг авч зээлийн үлдэгдэлгүй болж улмаар Э.Баас Т.Оийн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнүүдийг чөлөөлж авсан юм. ...би Хаан банкинд зээлгүй. Уг гэрээг компьютерээр засаж байгаад хийсэн ... дээрх 150.000.000 төгрөгийн хуурамч гэрээг Т.О хэрхэн яаж компьютер дээр хийх аргыг зааж өгсөн. Урьд нь тэрээр энэ аргаар өөрийн банкин дахь дансны хуулгийг засварлаж зээл авч байсан гэж хэлж байсан. Т.Оийн зааж өгсний дагуу хуурамч гэрээг өөрийн гараар хийсэн. Хохирогч Ц.Бы мэдүүлгээр би түүний хажууд байхад над руу банкны эдийн засагч мэтээр ярьсан хүн бол Т.О байсан юм ... анх санаачилсан хүн бол Т.О байгаа юм. Ц.Бтай уулзахаас өмнөх өдөр нь Т.О нь О.Н, Ц.Б нартай утсаар яриад тохирчихсон байсан.” гэх мэдүүлэг /хх1, х31-34, х60-61, хх2, х76-77/,

шүүгдэгч Э.Бийн “...Т.Оийн нэр дээр бүртгэлтэй эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг Б.М итгэмжлэлээр авч өр төлбөр барагдахгүй болсон тохиолдолд дээрхи хөрөнгийг шилжүүлэхээр тохиролцож надад үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнүүдийг эх хувиар нь хадгалуулж нийт 50.400.000 төгрөгийг Т.От зээлүүлсэн. Б.М нь 70.000.000 хүртэл төгрөгийг өөрийн Голомт банкны данснаас авах итгэмжлэлийг надад хийж өгсөн ... мөнгөө аваарай гэхээр нь ... Голомт банкин дээр очиж 69.000.000 төгрөгийг итгэмжлэлээр авч өөрийн дансанд шилжүүлж, улмаар хохиролгүй болсон ... Б.М, Т.О нар надаас мөнгө авахдаа Т.О 40.000.000 төгрөг, Б.М 10.400.000 төгрөг тус тус авсан.” гэх мэдүүлэг /хх1, х38-39, х63-64/,

шүүгдэгч Т.Оийн “...мөнгөний хэрэг гарсан тул Б.Мын хамтаар Э.Б гэх хүнээс нийт 50.400.000 төгрөгийг өдрийн хүүтэй зээлж авсан юм ... хамтран амьдрагч О.Сайханбаяр нь хүнд их хэмжээний өртэй болсон юм. Тэгээд уг өрийг дарахын тулд Э.Баас мөнгө зээлсэн.” гэх мэдүүлэг /хх1, х44-45/,

хохирогч О.Нгийн “...Б.М гээд байгаа эмэгтэй нь би Голомт банкнаас зээл хөөцөлдөж байгаа юм. Зээл батлагдсан, батлагдаагүй хамаагүй 2 цагийн дараа гаргаж өгнө. Голомт банкинд таньдаг хүн байгаа гэж хэлж байсан.” гэх мэдүүлэг /хх1, х50-51/,

хохирогч Ц.Бы “...Б.Мын бичиг баримтыг нь шалгаж үзэхэд “Хаан” банкнаас 150.000.000 төгрөгийн зээл авсан, зээлийн үлдэгдэлтэй гэрээ харуулсан. ...Б.Мөнзул, О.Б нарт 68.500.000 төгрөг өгсөн. Голомт банкны салбар дээр очиж Б.Мын дансанд бэлнээр 68.500.000 төгрөг байршуулсан ... Б.М үлдэхээр нь Голомт банк руу дагуулж ороод Б.Мын дансанд байршуулсан 68.500.000 төгрөгийг авах гэтэл банкны теллэр “мөнгө чинь байхгүй байна.” гэсэн. Яагаад мөнгө байхгүй байна гээд Б.М асуусан. Гэтэл банкны ажилтан “та өөр хүнд итгэмжлэл хийж өгсөн байна, уг итгэмжлэлийн дагуу мөнгө гарсан байна.” гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хх1, х26-27/,

шүүгдэгч Б.Мын үзүүлсэн гэх “Хаан” банкны зээлийн хуурамч гэрээ /хх1, х178-188/, Голомт банк дахь 3155103344 дугаартай дансанд хохирогч Ц.Баас авсан мөнгө болох 68.500.000 төгрөгийг шилжүүлсэн баримт /хх1, х35/, Сүхбаатар дүүргийн тойргийн нотариатч Д.Энхжаргалын баталсан “данс захиран зарцуулах” итгэмжлэл /хх1, х233/, Э.Б нь “данс захиран зарцуулах” итгэмжлэлээр шүүгдэгч Б.Мын данснаас 69.000.000 төгрөгийг шилжүүлэн авсан Голомт банкны дансны хуулга /хх1, х37/,

шүүгдэгч Ц.Онцбилэг нь Э.Баас 50.400.000 төгрөг зээлсэнтэй холбоотой материалууд /хх1, х146-152/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан хуульд зааснаар тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Б.М, Т.О нарыг бүлэглэн зохиомол байдлыг зориудаар бий болгож хуурамч зээлийн гэрээ үзүүлэн бусдыг төөрөгдөлд оруулан 68.500.000 төгрөгийг залилан авч их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Шүүгдэгч Т.О, түүний өмгөөлөгч К.Бауиржан, Б.Дамба, Д.Тамир нарын гаргасан “...хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэх давж заалдах гомдлуудыг хангах хууль зүйн үндэслэлгүй гэж үзэв.

Учир нь, “шүүгдэгч Т.О нь хохирогч Ц.Б, О.Н нарыг залилж байгаа талаар мэдэж байсан бөгөөд “Хаан” банкны зээлийн гэрээг хуурамчаар үйлдсэн, хохирогч нартай мөнгө шилжүүлэхийн урд өдөр очиж уулзсан, утсаар ярьж тохирсон, хохирогч нартай банкны эдийн засагч болж ярьсан, хамтран амьдрагч О.Сайханбаярын холбогдсон эрүүгийн хэргийн хохирол төлбөрийг төлсөн” талаар шүүгдэгч Б.М тодорхой мэдүүлсэн байх тул шүүгдэгч Т.О идэвхитэй үйлдлээр залилах гэмт хэрэгт хамтран оролцож бусдад их хэмжээний хохирол учруулсан гэж дүгнэлээ.

Харин шүүгдэгч Э.Бын өмгөөлөгч Г.Баттогтох, Ц.Батзаяа, Б.Отгонжаргал нарын гаргасан “...Э.Бд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж өгнө үү” гэх давж заалдах гомдлуудыг хангах хууль зүйн үндэслэлтэй байна.

Учир нь, шүүгдэгч Э.Б нь Ц.Б, О.Н нарын 68.500.000 төгрөгийг залилан авсан гэмт хэрэгт оролцсон гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй. Тэрээр шүүгдэгч Б.Мын олгосон “данс захиран зарцуулах” итгэмжлэлийн дагуу Б.М, Т.О нарт зээлүүлсэн мөнгөө олж авах зорилгоор Б.Мын эзэмшлийн Голомт банк дахь данснаас 69.000.000 төгрөгийг өөрийн данс руу шилжүүлэн авсан байна.

Түүнчлэн хохирогч нартай банкны эдийн засагч мэтээр утсаар ярьсан үйл баримт тогтоогтохгүй байх бөгөөд шүүгдэгч Т.О нь банкны эдийн засагч болж хохирогч нартай утсаар ярьсан тухай шүүгдэгч Б.М тодорхой мэдүүлсэн байна.

Иймд Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ гэсэн гэм буруугүйд тооцох зарчмын дагуу Э.Бд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгах нь зүйтэй байна.

Хохирогч О.Н, Ц.Б нарын гаргасан “...О.Бг гэм буруутайд тооцож өгнө үү.” гэх давж заалдах гомдлуудыг хангах хууль зүйн үндэслэлгүй гэж үзэв.

Учир нь, О.Б нь хохирогч Ц.Б, О.Н нарыг залилан 68.500.000 төгрөгийн хохирол учруулсан Б.М, Т.О нарын үйлдэлд оролцоогүй болох нь тогтоогдсон бөгөөд анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан үндэслэлээр түүнд холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй гэж үзэн хэрэгсэхгүй болгосон нь үндэслэл бүхий болжээ.

Анхан шатны шүүх шийтгэх тогтоол гаргахдаа хэргийн үйл баримтыг хэрэгт авагдсан ямар нотлох баримтуудаар хэрхэн тогтоогдож байгаа болон ямар нотлох баримтаар үгүйсгэгдэн няцаагдаж байгаа талаар тодорхой үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй, шүүгдэгч нарын харилцан зөрүүтэй мэдүүлэг, бусад нотлох баримтуудыг алийг нь авч, алийг нь үгүйсгэж байгаа талаар дүгнэлтээ бүрэн гүйцэт хийж чадаагүй бөгөөд, шийтгэх тогтоолыг хэт ерөнхий байдлаар, тодорхой хууль зүйн дүгнэлтгүйгээр бичсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд заасан шаардлагад нийцээгүй талаар хэргийн оролцогчдоос гаргасан давж заалдах гомдол үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн боловч давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах замаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлд заасан дээрх зөрчлийг зөвтгөн хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна.

 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т залилах гэмт хэргийг бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчилжээ.

Шүүгдэгч Б.М, Т.О нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, насанд хүрээгүй хүүхдүүдтэй өрх толгойлсон эмэгтэйчүүд зэрэг хувийн байдлыг харгалзан үзэж анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг 15.000 нэгж буюу 15.000.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Т.От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг 15.000 нэгж буюу 15.000.000 төгрөгөөр торгох ял болгон тус тус өөрчилж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Түүнчлэн Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3 дугаар зүйлийн 15.3.1-т банк бус санхүүгийн үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэйгээр эрхлэхээр хуульчилсан байна. Гэтэл хохирогч Ц.Б, О.Н нар нь банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлгүй атлаа “хувь хүн”, “хувь зээл” гэх нэрээр халхавчилж байнгын шинжтэй үйл ажиллагаа явуулж, тогтмол зар сурталчилгаа тавьж, өдрийн 1 хувийн хүүтэйгээр бусдад мөнгө зээлүүлэн хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулж байжээ. 

Иймд хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан аливаа этгээд нь хууль бус үйл ажиллагааныхаа төлөө бусдаас хүү, анз, алданги зэргийг шаардах үндэслэлгүй болохыг дурдаж “Гэмт хэргийн улмаас хүү, алдангиар хохирлоо” гэх гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

Дээрх үндэслэлүүдээр шүүгдэгч Э.Бын өмгөөлөгч Г.Баттогтох, Ц.Батзаяа, Б.Отгонжаргал, шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч А.Нацагдорж, Ц.Бат-Эрдэнэ нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хангаж, шүүгдэгч Т.О, түүний өмгөөлөгч К.Бауиржан, Б.Дамба, Д.Тамир, хохирогч О.Н, Ц.Б нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, магадлалд заасан үндэслэлээр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн 854 дугаартай шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн 854 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:

“Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Урианхай овгийн Э-н Быг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай.” гэсэн,

“Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн Э.Бд холбогдох заалтуудыг бүгдийг хүчингүй болгосугай.” гэсэн нэмэлт заалтууд оруулж,

тогтоох хэсгийн 3 дахь заалтын “Шүүгдэгч Есөн Өөлд овогт Б-н Мыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар 1 жилийн хорих ялаар, Шүүгдэгч Бавуу овогт Т-н Оийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 2 жилийн хорих ялаар тус тус шийтгэсүгэй.” гэснийг “Шүүгдэгч Б-н Мыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 15.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000.000 төгрөгөөр торгох ялаар, Шүүгдэгч Т-н Оийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 15.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.” гэж өөрчилж,

шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мын цагдан хоригдсон 111 хоногийг 1.665 нэгжтэй тэнцэх 1.665.000 төгрөгөөр, шүүгдэгч Т.Оийн цагдан хоригдсон 105 хоногийг 1.575 нэгжтэй тэнцэх 1.575.000 төгрөгөөр тооцож тус тусын эдлэх торгох ялаас хассугай.” гэсэн нэмэлт заалт оруулж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4, 5 дахь заалтуудыг хүчингүй болгож, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгч Э.Бын өмгөөлөгч Г.Баттогтох, Ц.Батзаяа, Б.Отгонжаргал, шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч А.Нацагдорж, Ц.Бат-Эрдэнэ нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хангаж, шүүгдэгч Т.О, түүний өмгөөлөгч К.Бауиржан, Б.Дамба, Д.Тамир, хохирогч О.Н, Ц.Б нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Шүүгдэгч Б.М, Э.Б, Т.О нарыг нэн даруй суллаж, тогтоол хүчин төгөлдөр болтол хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      М.ПҮРЭВСҮРЭН

ШҮҮГЧ                                                            Д.ОЧМАНДАХ

                        ШҮҮГЧ                                                            Ц. ОЧ