Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 001/ХТ2020/00754

 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 184/ШШ2019/01168 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 1230 дугаар магадлалтай,

*******ын нэхэмжлэлтэй

“Д А Ж”ХХК-д холбогдох

Гэм хорын хохиролд 4 303 806 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэнд-Очирын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Өлзийсайхан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэнд-Очир, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уранзаяа нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны 06 дугаар сарын 19-нд Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт зам тээврийн осол болсон. Би Делика маркийн 67-79 УБИ улсын дугаартай автомашиныг жолоодож явах үед “Д А Ж”ХХК-ийн Хово маркийн 35-03 УНХ улсын дугаартай автомашинтай мөргөлдөж осол гарсан. Хамт явсан Ч.Амгаланбаатарт учирсан хохирол 1 003 806 төгрөгийг би төлсөн. Делика маркийн автомашинд 3 000 000 төгрөгийн хохирол учирсан. 2016 оны 11 дүгээр сарын 22-нд гарсан 11/09 дугаартай техникийн шинжээчийн дүгнэлтээр миний буруутай үйлдэл тогтоогдоогүй. Иймд нэхэмжлэгчийн эд хөрөнгөд учирсан хохирол 3 000 000 төгрөг, шинжээчийн зардал төлсөн 300 000 төгрөг Ч.Амгаланбаатарт эмчилгээний зардал 1 003 806 төгрөг, нийт 4 303 806 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ осолд нэхэмжлэгч гэм буруутай. Учир нь 2016 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Хово маркийн 35-03 УНХ улсын дугаартай том оврын автомашиныг жолоодож явсан Л.Цнь Сонсголонгийн уулзвараар зүүн гар тийш 2 дугаар эгнээнээс эргэн эсрэг урсгалаас ирж буй автомашиныг өнгөрөхийг хүлээн зогсож байтал Дэлика маркийн 67-79 УБИ улсын дугаартай автомашин хурдаа хасалгүй орж ирэн нэгэнт эргэх хөдөлгөөнөө хийж дуусаад эсрэг урсгалын автомашиныг хүлээж зогссон том оврын автомашины арын хэсгийг мөргөж авто осол гаргасан. Тухайн үед машин жолоодож явсан Л.Цнь Өндөр буянт холдинг ХХК-тай хөдөлмөрийн гэрээний харилцаатай, Өндөр буянт холдинг ХХК нь “Д А Ж”ХХК-аас түрээслэн ашиглаж байсан учраас бид хариуцагч биш. Мөн мөрдөн байцаагчийн буруутай үйл ажиллагааны улмаас учирсан хохирол байгаа тул төр хариуцах ёстой. Тухайн үед замын цагдаагийн ажилтнууд осол гарсан газар дээр хэмжилт үзлэг хийн хоёр жолоочийг хэн аль нь буруутай гэж үзсэн. Сонгинохайрхан дүүргийн Замын цагдаагийн газраас томилсон мэргэжлийн баг шинжээчдийн дүгнэлтээр хоёр ч удаа энэ тухай албан ёсны дүгнэлт гаргасан ба Л.Цэенжаргал, ******* нар нь хохирогч Ч.Амгаланбаатарт эмчилгээний зардлыг хувааж төлсөн. Механик, тээврийн сургуулийн багш нарын гаргасан зөвхөн онолын төдий дүгнэлтийг үндэслэн хохирол нэхэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд ******* нь өөрийнхөө буруугаас болж энэ ослыг гаргасан учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 184/ШШ2019/01168 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан хариуцагч “Д А Ж”ХХК-аас 4 303 806 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар шүүхийн зардалд гарсан 110 000 төгрөгийг хариуцагч “Д А Ж”ХХК-аас гаргуулан Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 57, 60 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 147 292 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч “Д А Ж”ХХК-аас 147 292 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 1230 дугаар магадлалаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 184/ШШ2019/01168 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 86 000 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэнд-Очир хяналтын гомдолдоо: Шийдвэр болон магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй гэж үзэж байгаа тул хяналтын журмаар гомдол гаргаж байна. 2016 оны 06 сарын 19-ний өдөр Хово маркийн 35-03 УНХ улсын дугаартай том оврын автомашиныг жолоодож явсан “Ө Х”ХХК-ийн ажилтан Л.Цнь Сонсголонгийн уулзвараар зүүн гар тийш 2-р эгнээнээс эргэн /том оврын урт машин тул холуур даялж эргэдэг/, эсрэг урсгалаас ирж буй автомашиныг өнгөрөхийг хүлээн зогсч байтал Дэлика маркийн 67-79 УБИ улсын дугаартай машин хурдаа хасалгүй орж ирэн нэгэнт эргэх хөдөлгөөнөө хийж дуусаад эсрэг урсгалын машиныг хүлээж зогссон том оврын машины арын хэсгийг мөргөж авто осол гаргасан байдаг. Дээрх үйл баримтын талаар СХД-ийн замын цагдаагийн газраас үзлэг хийж, дүгнэлт гаргасан бөгөөд жолооч *******ыг Замын хөдөлгөөний дүрмийн 8.11-д заасан заалтыг зөрчиж, зорчигч Ч.Амгаланбаатарын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан гэж үзэн ЭХТА-н 215 дугаар зүйлийн 215.1-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан байдаг. Энэ хугацаанд Тээврийн прокурорын 2016 оны 08 сарын 10-ны 560 тоот тогтоолоор яллагдагч *******энбаяр нь хохирогч Ч.Амгаланбаатартай эвлэрч, түүнд 4300.000 төгрөг төлж бусдад учруулсан хохирлоо сайн дураараа барагдуулсан, гэм хорыг арилгасан гэж ЭБШХ-ийн 25 дугаар зүйлийн 25.1, 208 дугаар зүйлийн 208.1.3-т зааснаар эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон боловч прокурорын 2016 оны 09 дүгээр сарын 01-ний 09 тоот тогтоолоор *******т холбогдох хэргийн хэрэг бүртгэлийн ажиллагааг сэргээж, улмаар 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 11 тоот тогтоолоор *******т холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон байдаг. Хэдийгээр Хово маркийн тээврийн хэрэгсэл нь “Д А Ж”ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй боловч осол гарах үед тухайн тээврийн хэрэгслийг “Ө Х”; ХХК өөрийн эзэмшилдээ байлгаж, уг компанийн ажилтан нь жолоодож явсан байдаг. Өөрөөр хэлбэл “тээврийн хэрэгслийн эзэмшигч гэдэг нь тухайн тээврийн хэрэгслийн өмчлөгч, эсхүл өөр этгээдээс бүрэн эрх олгогдсны дагуу түр хугацаагаар өөрийн эзэмшилдээ байлгаж, замын хөдөлгөөнд оролцож байгаа этгээдийг ойлгоно” гэж бид үзэж байгаа бөгөөд бусдын буруутай үйлдлийн улмаас үүссэн хохирлыг тухайн үед уг тээврийн хэрэгслийг өөрийн шууд эзэмшилд байлгаагүй байхад зөвхөн тээврийн хэрэгслийн гэрчилгээн дээрх бүртгэлийн хаягаар шалтгаалан “Д А Ж”ХХК-ийг төлбөрт унагаж байгаад гомдолтой байна. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2-т “Өөр этгээдээс бүрэн эрх олгогдсоны дагуу түүний ашиг сонирхлын үүднээс эд хөрөнгийг тухайн үед өөрийн мэдэлд байлгаж байгаа этгээдийг эзэмшигч гэж үзэхгүй. Энэ тохиолдолд бүрэн эрх олгосон этгээд эзэмшигч байна” гэж заасныг үндэслзн маргааныг шийдвэрлэж, осолтой холбоотой хохирлыг “Д А Ж”ХХК барагдуул гэж шийдвэрлэсэн нь бодит байдалтай нийцэхгүй байна. Учир нь осол гарах үед Хово маркийн машиныг “Ө Х”ХХК-ийн ажилтан Л.Цжолоодож явсан бөгөөд тэрээр ““Ө Х” ХХК-ийн бетон зуурмагийн үйлдвэр”-ийн дарга Доржсүрэнгийн заавраар үйлдвэрийнхээ хогийг хаяад явж байсан тухай гэрчийн мэдүүлэг нь хэрэгт авагдсан байдаг. Гэтэл анхан шатны шүүх үзэхдээ Хово маркийн машиныг жолоодож явсан Л.Цнь “Д А Ж”ХХК-ийн ажлыг хийж явсан мэтээр дүгнэсэн нь 189.2-түүний ашиг сонирхлын үүднээс/ хэрэгт байгаа баримтыг дутуу үнэлсэнтэй холбоотой гэж бид үзэж байна. “Ө Х”ХХК нь уг Хово маркийн машиныг “Д А Ж”ХХК-иас гэнэт хулгайлж аваад, ашиглаагүй нь тодорхой бөгөөд хоёр компанийн захирлууд харилцан тохиролцож амаар хэлцэл хийсний дагуу уг машиныг түр хугацаанд “Ө Х”ХХК-ийн эзэмшилд шилжүүлсэн байдаг. “Ө Х”ХХК нь уг том оврын машиныг үйлдвэрийнхээ хог хаягдлыг зөөхөд хэрэглэсэн. Тиймээс “Ө Х”ХХК нь уг тээврийн хэрэгслийн хувьд Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.3-т “Өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлын дагуу хууль буюу хэлцлийн үндсэн дээр тодорхой хугацаагаар эд хөрөнгийг эзэмших эрх олж авсан буюу үүрэг хүлээсэн этгээд нь шууд эзэмшигч байна” гэж заасны дагуу тухайн эд хөрөнгийн эзэмшигч юм. Осол гарах үед уг тээврийн хэрэгслийг эзэмшиж байсан “Ө Х”ХХК нь ажилтныхаа буруутай үйлдлийн улмаас учирсан хохирлыг хариуцах нь үндэслэлтэй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр болон давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус өөрчилж, нэхэмжлэлийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч *******, хариуцагч “Д А Ж”ХХК-д холбогдуулж гэм хор 4 303 806 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, осол гарсанд нэхэмжлэгч буруутай байсан, хохирлыг хамтран хариуцах ёстой гэж маргажээ.

Анхан шатны шүүх хариуцагчаас 4 303 806 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээжээ.

Шүүх гэм хор учруулснаас үүсэх үүргийн харилцааг зохицуулсан Иргэний хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэж, зохигчийн хоорондох эрх зүйн маргааныг хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан хууль зүйн үндэслэлтэй хянан шийдвэрлэсэн боловч шийдвэрийн тогтоох хэсэгт хэрэглэвэл зохих хуулийг алдаатай тусгасан тул залруулах боломжтой гэж үзэв.

Бусдын эрүүл мэндэд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй. Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан эмчилгээний зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй болно.

Хоёр шатны шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, зохигчийн хоорондох эрх зүйн маргааны үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив

2016 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр, Сонсголонгийн замд Л.Цнь “Д А Ж”ХХК-ийн өмчлөлийн 35-03 УНХ улсын дугаартай Хово маркийн машиныг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 7.10-д заасныг зөрчиж, *******ын жолоодож явсан 67-79 УБИ улсын дугаартай Мицүбиши делика маркийн тээврийн хэрэгслийг мөргөж, эд хөрөнгийн хохирол учруулсан үйл баримт хэрэгт байгаа баримтын хүрээнд тогтоогджээ.

Хариуцагч нь нэхэмжлэгчийг осол гаргасанд буруутай гэж маргасан боловч Замын цагдаагийн газрын техникийн байцаагчийн 2016 оны 7 сарын 22-ны өдрийн дүгнэлт, Шинжлэх ухаан техникийн их сургуулийн Механик тээврийн сургуулийн багш нарын бүрэлдэхүүнтэй шинжээчийн 2016 оны 11 сарын 22-ны өдрийн дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн дүгнэлтээр үгүйсгэгдсэн, нэхэмжлэгчийг буруутай гэх үндэслэл тогтоогдоогүй байна.

Зам тээврийн ослын улмаас хохирсон этгээд өөрт учирсан гэм хорыг арилгуулах шаардлагыг Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-д заасан үндэслэлээр автомашиныг жолоодож явсан этгээдэд холбогдуулан гаргах, эсхүл мөн зүйлийн 499.3., 499.4.-т зааснаар тээврийн хэрэгслийн ашиглагч болон өмчлөгч, эзэмшигчээс шаардах боломжтой байдаг ба нэхэмжлэгч нь тээврийн хэрэгслийн эзэмшигч “Д А Ж”ХХК-д холбогдуулан хохирлыг шаардсан байна. “Д А Ж”ХХК өөрийн өмчлөлийн тээврийн хэрэгслийг “Ө Х” ХХК-д түрээслүүлсэн, тухайн компанийн ажилтан Л.Цтээврийн хэрэгслийг жолоодож явахдаа осол гаргасан байх боловч нэхэмжлэгч нь хариуцагчаар тээврийн хэрэгслийн өмчлөгчийг сонгож нэхэмжлэлээ гаргасан тул шүүх энэ хүрээнд маргааныг шийдвэрлэх үүрэгтэй юм. Иймд хариуцагчийн энэ талаарх гомдол үндэслэлгүй байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангасан нь үндэслэлтэй болсон хэдий ч осол гаргах үед тээврийн хэрэгслийг жолоодож яваагүй боловч  ашиглах боломж олгосон, эсхүл ашиглагчийг өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн өмчлөгч буюу эзэмшигч хариуцлага хүлээхийг Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4-т заасан байхад хэрэглэвэл зохих хэм хэмжээг сонгож хэрэглээгүй байх тул энэ үндэслэлээр шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 1230 дугаар магадлал, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 184/ШШ2019/01168 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...499.1 гэснийг 499.4” гэж өөрчилж, магадлал болон шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэнд-Очирын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 86 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                               ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                        Х.СОНИНБАЯР

                         ШҮҮГЧ                                                                  П.ЗОЛЗАЯА