Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 2016/ШЦТ/049

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Азжаргал даргалж,
Улсын яллагч: Т.С
Шүүгдэгч: М.Б
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Х.З
Орчуулагч: А.Е
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.М нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 
Баян-Өлгий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н овогт Мын Бт холбогдох эрүүгийн 201604000152  дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1985 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн, 30 настай, эрэгтэй, ам бүл-5, ээж дүү нарын хамт Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ** дугаар оршин суудаг, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, Н овогт Мын Б, регистрийн дугаар РД: ****. 
Шүүгдэгч М.Б нь согтуугаар “Ниссан тина” маркийн **** улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож яваад 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн өглөө 06 цагийн үед Өлгий сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт буюу Цахилгаан шугам сүлжээний газрын урт байрлах дулаан шугамын бетон суурийг мөргөж, хохирогч Е.Нийн биед хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 14, 15-16-р хуудас/, Зам тээврийн осол, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл болон хэмжилт хийсэн бүдүүвч зураг, дүгнэлт /хх-ийн 17-20-р хуудас/, шүүгдэгч М.Бийн согтуурлын хэмжээг шалгасан тухай тэмдэглэл /хх-ийн 06-р хуудас/, шинжээч А.Мийн 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн дүгнэлт. /хх-ийн 40-р хуудас/, Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Е.Бы гаргасан 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 312 дугаартай дүгнэлт /хх-ийн 35-р хуудас/, Баян-Өлгий аймгийн Авто тээврийн төвийн техникийн хяналтын үзлэгийн инженер, шинжээч Т.Ш, тээвэр зохицуулагч, шинжээч Б.Ж нарын гаргасан 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн дүгнэлт /хх-ийн 48-р хуудас/   
 -Хохирогч Е.Нийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: " 2016 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн орой 22 цагийн үед байх гэрт сууж байхад манай гэрт хадам ах болох М.Б өөрийн найз болох Ж гэдэг залуугийн хамт ирсэн байсан. Мөн миний найз болох С манай гэрт ирнэ гэж утастсан байсан. С ирж байх замдаа хүргэн ах болох Бтэй тааралдсан юм уу аль эсвэл өөрөө ганцаараа явган ирсэн юм уу тэрийг мэдэхгүй, би гэрээс гарахдаа гадаа хадам ах болох Б түүний найз болох Ж мөн миний найз болох С нар хамт байсан. Намайг хүргэн ах машинд суу гэж суулгаж аваад нэг дэлгүүрт очсон. Уг дэлгүүрээс бүгд мөнгө нийлүүлж 2 ширхэг 2,5 литрийн шар айраг, 1 шил сүүн чингис нэртэй архи авсан. Авсан архи, шар айргийг Бугат суманд очиж бүгдээрээ хувааж ууцгаасан. Сүүл рүүгээ би жоохон согтсон болохоор унтчихсан байсан. Тэрнээс хойш юу болсныг мэдэхгүй, би унтаж байхад миний хажууд сууж байсан найз болох С сэрээрэй, машин мөргөлдлөө гэж хэлсэн. Би нүдээ нээгээд харахад бид мөргүүлсэн төмөр шонд тулж ирсэн байсан ба машин баруун хөмсгөөр мөргөхөд би хойд талын суудлаас урд талын суудал руу шидэгдэж, урд талын салхины шилийг толгойгоороо мөргөсөн. Тэгээд юу болсныг мэдэхгүй, нэг ухаан ороход эмнэлэгт хэвтэж байгаагаа мэдсэн. ....Осолд орохоос өмнө тээврийн хэрэгслийг хадам ах болох Б жолоодож байсан. Архи, пивог бүгд хувааж уусан Б ч уусан согтуу байсан. Надад ямар нэгэн санал, гомдол, нэхэмжпэх зүйл байхгүй болно. Мөн нэмж шалгуулах зүйл байхгүй. Санамсаргүй асуудал боллоо хүргэн ахтай холбоотой хэргийг хааж өгөхийг хүсье"  гэх мэдүүлэг /хх-ийн 23-25-р хуудас/
- Иргэний нэхэмжлэгч М.Агийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "....Миний ах болох М.Б 2016 оны 06 дугаар сарын 29-ний орой 21 цагийн үед миний эзэмшилд байгаа ниссан тино маркийн, ****** улсын дугаартай тээврийн хэрэгслийг гуйж авч яваад 2016 оны 06 дугаар сарын 30-ны өглөө Өлгий сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр Цахилгаан шугам сүлжээний газрын урд байдаг дулааны шугамын бетон суурьтай төмрийг мөргөсөн байсан. Осол гаргах уед миний ахын хажууд Ж, хүргэн болох Н түүний найз С нар хамт байсан байна. Тэд нийлж согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан ба осол гаргах үедээ согтуу байсан. Миний машинаар шон мөргөсөн байсан тул би уурлаад анх цагдаад мэдүүлэг өгөхдөө машинаа төлүүлж авна гэж хэлсэн. Харин одоо машинаа төлүүлж авахгүй, нэг гэр бул учраас ахыгаа уучилж байна. Миний зүгээс ямар нэгэн гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй болно. Эвдэрсэн машиныг бид нар өөрсдөө хоорондоо тохирч янзалж авах болно. Надад ямар нэгэн санал гомдол болон нэмж шалгуулах зүйл байхгүй. Эвдэрсэн машинаа ахаас нэхэмжлэхгүй болно. Миний  ах хааяа нэг согтууруулах ундааны зүйлийг бага  хэрэглэдэг, хэрэглэсэн үед ямар нэгэн муу зан байхгүй, шууд ирээд гэрт унтаж амардаг, тамхи татдаггүй, маш даруухан, хүнд тусархаг, ажилсаг, цайлган сэтгэлтэй, гэр бүл болоогүй, ажил хийж олсон мөнгөө гэрт авч ирдэг. Анх удаа энэ ийм хэрэгт холбогдож байгаа, урьд өмнө ямар нэгэн хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй" гэсэн мэдүүлэг /хх-ийн 27-р хуудас/
-Гэрч С.Досболын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "....2016 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 08 цагаас 30-ны өдрийн 08 цаг хүртэл би 24 цагийн ээлжинд гарсан. 2016 оны 06 дугаар сарын 30-ны өглөө 06-07 цагийн үед байх /цагийг сайн санахгүй байна/ 103-т ЦШСГ-ын урд талд зам тээврийн осол гарсан, нэг хүн ухаангүй байна гэсэн дуудлага ирсэн. Дуудлагын дагуу очиж үзэхэд машин дотор 4 залуу байсан ба нэг нь ухаангүй, бусад 3 хүний биеийн байдал сайн байсан. Ухаангүй байсан залуу хэсэг хугацааны дараа ухаан орсон байсан ба биеийн гадна талд ил харагдах, шарх сорви гэмтэлгүй байсан. Миний дараа гэмтлийн эмч нар үргэлжлүүлэн үзэж арга хэмжээ авсан. Мөн машин дотор байсан 3 залууг дагуулж ирээд эмчийн үзлэг хийхэд өвчний ямар нэгэн зовуургүй, биедээ авсан гэмтэлгүй, биеийн байдал нь маш сайн байсан' гэсэн мэдүүлэг /хх-ийн 28-р хуудас/
Шүүгдэгч М.Бийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед өсгөн "....2016 оны 06 дугаар сарын 29-ний өдөр орой 21 цагийн үед төрсөн дүу болох Агийн ****** улсын дугаартай ниссан тыно маркийн тээврийн хэрэгслийг гуйж аваад хөрш найз болох Ш.Жийнд очсон. Жыг машинд суулгаж аваад явж байхад хүргэн Е.Нтэй тааралдаж Нийг машинд суулгаж авсан. Хүргэн болох Нийн хажууд найз болох С гэдэг залуу хамт явж байсан ба Сг бас машинд суулгаж авсан. Тэгээд дөрвүүлээ нэг дэлгүүрт орж 0,75 литрийн сүүн чингис нэртэй архи нэг ширхэг, 2 ширхэг 2,5 литрийн шар айраг аваад Бугат сумын чиглэлд очиж уусан. Дээрх хэлсэн 1 шил архи, 2 ширхэг шар айргыг юм ярилцаад хувааж ууж дуусах үед бүгд машин дотор унтчихсан байсан. Өглөө 06 цагийн үед би сэрээд гэр лүүгээ ирж байх замдаа Цахилгаан шугам сүлжээний газрын урьд талд байсан бетон суурьтай дулааны шугамын төмөр шонг мөргөж зогссон. Бугат сумаас аймгийн төв рүү ирж байх замдаа яг хэдэн км хурдтай явж байсныг хэлж мэдэхгүй байна, ямар ч байсан хурдтай ирж байсан. Урьдаас нэг машин гарч ирсэн юм шиг харагдахад шууд замын зүүн тал руу дараад зогсоож чадалгүй төмөр шонг мөргөж зогссон. Осол гарах үед согтуу байсан гэхдээ өөрийгөө удирдан жолоодох чадвартай байсан юм. Шонг мөргөж зогссоны дараа машинаас бууж ирээд хойд талд сууж байгаа хүргэн Н, түүний найз С хоёрыг буулгаж аваад эмнэлгийн түргэн дуудсан. Түргэний эмч нар ирээд хүргэн Нийг аваад явсан. Тухайн үед Н толгой өвдөж байна гэж хэлсэн. Машины хойд талд Н болон түүний найз С хоёр сууж явсан, урд суудалд миний найз болох Ж сууж явсан, тээврийн хэрэгслийг би өөрөө жолоодож байсан юм. Түргэний машин явсаны дараа цагдаагийн хүмүүс ирж үзлэг шалгалт хийсэн. Би цагдаа нарт тээврийн хэрэгслийг эрхийн үнэмлэхгүй, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодож явсанаа хүлээн эөвшөөрч хэлж өгсөн. Дүүгийн машиныг өөрөө төлж өгөхөөр болж, дүү А бид хоёр ярилцаж тохиролцсон болно. Мөн гэмтэл авсан хүргэн Нт эмчилгээ хийлгэж, эмчилгээтэй холбоотой хохирлыг өөрөө барагдуулсан болно. .... Авч явсан 2 ширхэг пиво, 1 шил архийг миний бие болон миний найз Ж, хүргэн Н, түүний найз С бид дөрөв хувааж уусан болно. Миний биед учирсан гэмтэл байхгүй, шүүх эмнэлэгт үзүүлэхгүй, мөн миний машин сууж явсан хүргэн Нийн толгой өвдөж, хүнд зэргийн гэмт гарсан байсан ба миний найз Ж, хүргэн Нийн найз С нарын биед учирсан ямар нэгэн гэмтэл байхгүй байсан бөгөөд тухайн үед би Ж, С хоёроос шүүх эмнэлэгт үзүүлэх үү гэж асуухад үзүүлэхгүй бид хоёрын биед ямар нэгэн гэмтэл учраагүй гэж хэлсэн. Энэ талаар Ж, С хоёроос тодруулж асууж болно. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үед тээврийн хэрэгсэл жолоодож яваад осол гаргаснаа хүлээн зөвшөөрч байгаа. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон миний буруу" гэх мэдүүлэг /хх-ийн 65-67, 69-70 хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл/ " зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн байх тул үнэн зөвд тооцон үнэлэх боломжтой гэж үзлээ.
Шүүгдэгч М.Б нь согтуугаар “Ниссан тина” маркийн **** улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож яваад 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн өглөө 06 цагийн үед Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.2.-ийн а хэсэгт заасан  “ жолооч замын хөдөлгөөний тухай хуулийн .....”, мөн дүрмийн 2.7-ий а хэсэгт заасан “ жолооч согтууруулах ундаа.......”,  мөн дүрмийн 9.2-д заасан “ жолооч хөдөлгөөнд аюул.....”, гэсэн заалтуудыг зөчсөний улмаас  Өлгий сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт буюу Цахилгаан шугам сүлжээний газрын урт байрлах дулаан шугамын бетон суурийг мөргөсний улмаас машинд хамт явсан хохирогч Е.Нийн биед хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн  болох нь хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургууд, хохирогч, гэрч нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд болон зам тээврийн осол гарсан шалтгаан нөхцөлийг тогтоосон шинжээчийн дүгнэлт шүүгдэгч М.Бийн өөрийн үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар бүрэн нотлогдож байгаа бөгөөд мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан шаардлага хангагдсан, хэргийн зүйлчлэл тохирсон, шүүгдэгчийг гэм буруугүй гэж үзэх үндэслэлгүй байна.
Иймд шүүгдэгч М.Б нь согтуугаар Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөний улмаас бусдын биед хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хорих ялаар шийтгэж, түүнд оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, энэ хэрэгт хураагдаж ирсэн 00991815 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг эзэмшигчид нь буцаан олгож, шүүгдэгч М.Бийн 450000 төгрөгийн үнэтэй 10 ямааг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч М.Бт ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн”, мөн хуулийн 55.1.3 “ гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан”, мөн хуулийн 55.1.9-д заасан “үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн” зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.  
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, хохирлыг нөхөн төлсөн байдал, анх удаа хүндэвтэр гэмт хэрэгт холбогдсон зэргийг харгалзан М.Бт оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж, уг ялыг тэнсэж, хянан харгалзаж, түүнд хяналт тавьж ажиллахыг цагдаагийн байгууллагад даалгаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 291, 292, 294, 295, 296, 297, 298, 299 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Н овогт Мын Бийг “Согтуугаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын хууль тогтоомж  зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай
    2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар шүүгдэгч М.Бердимуратад оногдуулсан 2 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй. 
    4. Энэ хэрэгт шүүгдэгч М.Б цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар  хураан ирүүлсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
    5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар шүүгдэгч М.Бийн 450000 төгрөгийн үнэ бүхий 10 ямааг  битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож, 00991815  дугаартай  тээврийн хэрэгслийн гэрчилгээг эзэмшигчдэд нь буцаан олгосугай.
    6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61  дүгээр зүйлийн 61.1, 61.1.4-т зааснаар шүүгдэгч М.Бт оногдуулсан 2 жилийн хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Цагдаагийн байгууллагад даалгасугай. 
    7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Бт урьд авагдсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
    8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсогосноор хүчинтэй болох ба ялтан хохирогч, тэдний өмгөөлөгч, төлөөлөгч эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 


  
               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Д.АЗЖАРГАЛ