Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 005

 

Д.Алмаатад холбогдох эрүүгийн хэргийн тухай


Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Өмирбек даргалж, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч Б.Дамба, Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заладах шатны шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч Н.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, прокурор Т.Серикжан, ялтны өмгөөлөгч Т.Бахыт, нарийн бичгийн дарга М.Айдынгүл нарыг оролцуулан
Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 26 дугаар шийтгэх тогтоолтой Д.Алмаатад холбогдох эрүүгийн 201604000037 дугаартай хэргийг ялтны давж заалдах гомдлыг үндэслэн, 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч шүүгч Н.Мөнхжаргалын илтгэснээр нээлттэй хэлэлцэв.

Монгол улсын иргэн, яс үндэс казак, 1982 оны 04 дүгээр сарын 01-ний төрсөн, 34 настай, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын Засаг даргын Тамгын газарт төрийн сангийн төлөөлөгч ажилтай,  эрэгтэй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Улаанхус сумын 7 дугаар багт оршин суудаг, хэрэг хариуцах чадвартай, урьд 2009 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 05 дугаар шийтгэх тогтоолоор 2 жилийн хорих ялаар шийтгэж, уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан, Хурман овогт Дүйсэнбекийн Алмаата нь Улаанхус сумын төрийн сангийн төлөөлөгчөөр ажиллаж байхдаа 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн төрийн сангийн төлбөрийн хүсэлтийг засварлаж, иргэн О.Серёжа гэгчийн төрийн банкин дахь данс руу 2000000 төгрөг шилжүүлж хувьдаа завшсан гэмт хэрэгт холбогджээ. 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Д.Алмаатаг “бусдын эд хөрөнгийг завшиж, үрэгдүүлэн бага бус хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.1 дэх хэсэгт зааснаар Д.Алмаатаг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 1920000 /нэг сая есөн зуун хорин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар Д.Алмаатагийн цагдан хоригдсон 6 хоногийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 6 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээ болох 1152000 /нэг сая нэг зуун тавин хоёр мянган төгрөгөөр тооцож түүнд оногдуулсан торгох ялаас хасаж шийдвэрлэжээ.

Ялтан Д.Алмаата давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “Би Улаанхус сумын төрийн сангийн төлөөлөгчөөр ажиллаж байхдаа 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр төрийн сангийн төлбөрийн хүсэлтийг засварлаж бусдын данс руу 2000000 төгрөг шилжүүлэн өөрөө ашигласан гэмт хэрэгт яллагдагчаар татагдан, шүүхээр ял шийтгүүлсэн. Би өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, улмаар учруулсан хохирлоо бүрэн барагдуулсан. Миний эхнэр бөөрний хорт хавдар гэсэн оноштой, байнгын асаргаа сувилгаанд байж хөдөлмөр эрхлэх чадвараа алдсан. Эхнэр, 2 хүүхдээ тэжээн тэтгэх, асран хамгаалах үүрэг надад ногдож байна. Анхан шатны шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх үед Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл бий болоогүй байсан. Шийтгэх тогтоол гардаж авсны дараа дээрх нөхцөл байдал тогтоогдсон болно. Иймд миний дээрх байдлуудыг харгалзан үзэж, мөн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2-т заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан болохыг харгалзан үзэж, надад холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийг хариуцлагаас чөлөөлж өгнө үү.” гэжээ. 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгчдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг эсэргүүцэх үндэслэл байхгүй байна гэв. 

Шүүгчдэгчийн өмгөөлөгч Т.Бахыт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа шүүгдэгчийн давж заалдах гомдлыг дэмжиж байна гэв. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан байна. 

       Д.Алмаата нь Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын Төрийн сангийн төлөөлөгчөөр ажиллаж байхдаа 2015 оны 12 дугаар сарын 01-ны өдөр төрийн сангийн 200000 төгрөгийн төлбөрийн хүсэлтийг хуурамчаар засварлан 2000000 төгрөгийг иргэн О.Серёжагийн данс руу шилжүүлэн завшиж, бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан  гэмт хэрэг үйлдсэн болох нь ирэгний нэхэмжлэгч А.Хонырат, гэрч А.Нурболат, О.Серёжа , Х.Талгат, С.Ерлан нарын мэдүүлэг , 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 1018 дугаартай шинээчийн дүгнэлт болон шүүгдэгч Д.Алмаатагийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг  тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон, энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн, үндэслэл бүхий болсон байна.

Шүүгдэгч Д.Алмаатад  холбогдох хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлууд тухайлбал, гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн, сэдэлт, гэм буруугийн хэлбэр шүүгдэгчийн хувийн байдал, учруулсан хохирлын шинж чанар, хэр хэмжээг шалгаж тогтоосон, шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байна.
Шүүгэдэгч Д.Алматагийн “.. Миний бие үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байгаа ба үйлдсэн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хуагцаа дууссаж Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2-т зааснаар хэргийг хэрэгсэхгүй нөхцөл бий болсон тул надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх гомдлын дагуу хэргийн нөхцөл байдлыг судалвал:

Д.Алмаатагийн үйлдсэн Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.1 дэх хэсэгт заасан аж ахуйн, нэгж, байгууллага, иргэдийн өмчийг итгэмжлэгдэн хариуцсан этгээд завшсаны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн крөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх бөгөөд гэмт хэрэг үйлдэгдсэн өдрөөс хойш Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх заалтад заасан хөөн хэлэлцэх 6 сарын хугацаа өнгөрсөн байх тул Д.Алмаатад холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь заалтад зааснаар хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлтэй байна.
Энэ талаар давж заалдсан Д.Алмаатагийн давж заалдсан гомдлыг хүлээн авах боломжтой байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

      1.Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 26 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь заалтад зааснаар Д.Алмаатад холбогдох Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.1 дэх хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй” гэсэн заалтыг нэмж шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Давж заалдах шатны шүүх ял оногдуулсан, эсхүл цагаатгагдсан этгээдийн гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 


ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                С.ӨМИРБЕК


ШҮҮГЧИД                    Б.ДАМБА


                                Н.МӨНХЖАРГАЛ