Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 002

 

Д.Айболат, О.Еркебулан нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Б.Дамба, шүүгч Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй хийж,

 

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 40 дүгээр шүүгчийн захирамжтай Д.Айболат, О.Еркебулан нарт холбогдох эрүүгийн 201504000295 дугаартай хэргийг улсын яллагчийн эсэргүүцлийг үндэслэн, 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч шүүгч Д.Көбешийн илтгэснээр нээлттэй хэлэлцэв.

 

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга М.Айдынгүл, прокурор Т.Серикжан, өмгөөлөгч Я.Сьезд, Х.Зулхаш нар оролцов.

 

 

Монгол Улсын иргэн, яс үндэс казак, 1982 оны 12 дугаар сарын 14-ний өдөр төрсөн, 33 настай, дээд боловсролтой, хилийн алба, эрх зүйч мэргэжилтэй, Хилийн цэргийн 0285 дугаар ангид тавиулангийн дарга ажилтай, эрэгтэй, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй, Төлек овогт Даутын Айболат нь 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр болсон Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Цагааннуур тосгоны захирагчийн сонгуульд нэр дэвшигч өөрийн төрсөн дүү Д.Есболатын төлөө санал өгүүлэх зорилгоор иргэний сонгох, сонгогдох эрхээ хэрэгжүүлэхэд эд мөнгөөр татах аргаар 2015 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 03-ний өдрийн хооронд иргэн Т.Жанарбект 100000 төгрөг, Ч.Ганболдод 100000 төгрөг, О.Еркебулантай бүлэглэн М.Сейсебайд 100000 төгрөг, Г.Халид 300000 төгрөг тарааж санаатай саад хийсэн санал худалдаж авсан гэмт хэрэгт,

 

 

Монгол Улсын иргэн, яс үндэс казак, 1983 оны 02 дугаар сарын 02-ны өдөр төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хилийн албаны ажилтан, эрх зүйч мэргэжилтэй, Хилийн цэргийн 0285 дугаар ангид барилга орон сууцны албаны дарга ажилтай, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Шеруши төлек овогт Октябрийн Еркебулан нь Д.Айболаттай бүлэглэн нэр дэвшигч Д.Есболатын төлөө санал өгүүлэх буюу иргэний сонгох, сонгогдох эрхээ хэрэгжүүлэхэд эд мөнгөөр татах, орон байр, тээврийн хэрэгслээр хангаж хамжигчийн үүрэг гүйцэтгэж хамтран оролцсон ба Д.Айболаттай бүлэглэн иргэн Г.Халид 300000 төгрөг өгч санал худалдаж авсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 40 дүгээр шүүгчийн захирамжаар Д.Айболат, О.Еркебулан нарт холбогдох эрүүгийн 201504000295 дугаар хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр аймгийн прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.

 

 

Улсын яллагч давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ: “Шүүгчийн захирамж хууль бус болсон талаар:

 

1. Хэргийг Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 25 дугаар магадлалаар шүүгчийн 25 дугаар захирамжийг хүчингүй болгож, хэргийг тус шүүхээр дахин шийдвэрлүүлэхээр буцаасан байхад анхан шатны шүүхэд хэлэлцэхгүйгээр дахин мөрдөн байцаалтад буцааж байгаа нь давж заалдах шатны шүүхийн магадлалыг заалтыг хангаагүй гэж үзэхээр байна.

 

2. Хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн 40 дүгээр захирамжийн үндэслэх хэсэг нь өмнө хүчингүй болж байсан анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 25 дугаар захирамжийн үндэслэлийг тэр хэвээр нь хуулж бичсэн байна.

 

3. Тус аймгийн прокурорын газарт давж заалдах шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 25 дугаар магадлалыг ирүүлээгүй байхад 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 40 дүгээр шүүгчийн захирамжийг ирүүлсэн байна.

 

Хэргийг буцаасан үндэслэл хууль бус болсон талаар:

 

1. 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Цагааннуур тосгоны захирагчийн сонгууль хууль бус явагдсан гэж шүүхээс тогтоогоогүй байхад нэр дэвшигчийг эрүүгийн хэргийн хохирогчоор тогтоох хууль зүйн үндэслэлгүй байна.

 

2. Нэр дэвшигч А.Арыстан дахин сонгуульд иргэдийн олонхийн санал авч чадаагүй, ялагдал хүлээсэн бөгөөд түүнд сэтгэл санааны болон эд материалын хохирол учирсан гэдэг нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна. Учир нь дахин сонгууль явагдах 4 хоногийн хугацаанд сонгуулийн сурталчилгаатай холбоотой үйл ажиллагаа хийхийг хориглосон учраас эд материалын хохирол учрах үндэслэлгүй юм. 

 

3. Д.Айболат, О. Еркебулан нар иргэдэд мөнгө тарааснаар сонгуулийн дүнд шууд нөлөөлсөн эсэхийг хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч тогтоох үүрэг хүлээхгүй. Мөнгө тарааж иргэдийн сонгох, сонгогдох эрхэд саад учруулснаар тэр нь сонгуулийн дүнд шууд нөлөөлсөн эсэхийг захиргааны хэргийн шүүхэд хандаж шийдвэрлүүлэх боломжтой.

 

4. Д.Айболат, О.Еркебулан нарт холбогдох эрүүгийн хэргийг шалгах явцад учирсан хохирол хор уршигтай холбоотой асуудлыг огт шалгахгүй орхигдуулсан асуудал байхгүй бөгөөд гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг бий эсэхийг шалгасан нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байгаа.

 

5. Гомдол, мэдээлэл гаргагч А.Арыстан учирсан хохирлын талаар нотлох баримт гаргаж өгөөгүй бөгөөд түүнд сэтгэл санааны хохирол учирсан гэдгийг тогтоох боломжгүй юм. Шүүгч хэн нэгэн этгээдийг заавал хохирогчоор тогтоох шаардлагатай гэж үзвэл хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаахгүйгээр өөрөө захирамж гарган тогтоох бүрэн боломжтой.

 

6. А.Арыстаныг тухай хэрэгт хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоож өгөхийг хүссэн хүсэлтийг хангахаас татгалзах тухай хяналтын прокурорын тогтоол болон түүнийг эс зөвшөөрч гаргасан гомдлыг хянасан аймгийн прокурорын шийдвэр хүчин төгөлдөр байхад шүүх ямар учраас дээрх шийдвэрүүдийг үгүйсгэж байгаагаа захирамждаа тодорхой дурдаж өгөөгүй байна.

 

7. Иргэн А.Арыстан шүүхэд хохирогчоор тогтоож, иргэний нэхэмжлэл гаргах боломжоор хангаж өгөхийг хүссэн хүсэлт гаргасан ба шүүхээс хэргийн оролцогч биш этгээдийн хүсэлтийг хүлээн авч, энэ тухай захирамж гаргахдаа дурдаж байгаа нь үндэслэлгүй юм. Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 40 дүгээр шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар улсын яллагчийн эсэргүүцэл бичив.” гэжээ.

 

Өмгөөлөгч Я.Сьезд давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Айболат, О.Еркебулан нарт холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүхээс Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 230 дугаар зүйлийн 230.1, 230.1.2-т заасныг үндэслэн нэмэлт мөрдөн байцаалтад буцаасныг үндэслэлтэй гэж үзэж байна. Прокуророос энэ хэргийг нотлуулахын тулд Цагааннуур тосгоны захирагчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшүүлсэн А.Арыстаны сонгуулийн сурталчилгааны штабт ажилласан Сейсебай, Жанарбек, Ганболд, Хали болон тэдгэрийн гэр бүлийн гишүүд, хүүхдүүд болох Булсай, Ерлан, Данекер, Нурлан нарын мэдүүлгийг буюу энэ хэрэгт ашиг сонирхолтой этгээдүүдийн мэдүүлгийг нотлох баримт болгож байгаа нь учир дутагдалтай байна. Энэ нь Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.7-т заасан гэр бүлийн гишүүн, үр хүүхдүүдийн эсрэг мэдүүлэг өгөхөөс татгалзах эрхтэй гэж заасныг зөрчиж байна. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 79 дүгээр зүйлд заасан нөхцөлөөр цуглуулсан нотлох баримт биш учраас 79.4-т зааснаар хуульд заасан журмыг баримтлаагүй, хууль зөрчиж цуглуулсан учир нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй гэсэн заалтад нийцэж байна. Иймд уг хэрэгт хөндлөнгийн ашиг сонирхолгүй өөр гэрч нараас мэдүүлэг авах зорилгоор хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах нь зүйтэй.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүгчийн захирамж нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байна.

 

Яллагдагч Д.Айболат, О.Еркебулан нарт Баян-Өлгий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 130 дугаар зүйлийн 130.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдөр Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 40 дугаартай “Хэргийг нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаах” тухай шүүгчийн захирамжаар хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй, гэмт хэргийн улмаас хэнд хэр хэмжээний хохирол хор уршиг учраад байгаа нь тодорхойгүй, хохирогчоор хэн нэгнийг тогтоогоогүй нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1-д заасанчлан хэргийн талаар нотлогдвол зохих асуудлуудыг бүрэн хангаагүй гэж хэргийг нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан боловч Эрүүгийн хуулийн 130 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.

 

Шүүгчийн захирамжид Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1-д заасан хэргийн талаар нотлогдвол зохих асуудлуудыг бүрэн хангаагүй гэсэн ба Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-80.1.6-д заасан үндэслэл хангагдаагүй эсэх талаар шүүгч захирамж гаргахдаа мөрдөн байцаалтад буцаасан үндэслэлүүдээ тодорхой дурдаагүй, хэргийг буцаасан үндэслэл нь тодорхойгүй байх ба энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй байх тул шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, прокурорын эсэргүүцлийг бүхэлд нь хүлээн авч Д.Айболат, О.Еркебулан нарт холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2-т заасныг удирдлага болгож, ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар  сарын 31-ний өдрийн 40 дүгээр шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Д.Айболат, О.Еркебулан нарт  холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцаасугай.

 

2. Хэрэг шүүхэд очтол Д.Айболат, О.Еркебулан нарт гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

           3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 307 дугаар зүйлийн 307.1-д зааснаар энэ магадлалд хяналтын шатны журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                            С.ӨМИРБЕК

ШҮҮГЧИД                                             Б.ДАМБА

Д.КӨБЕШ