Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 2016/ДШМ/007

 

Г.А нарт холбогдох 
эрүүгийн хэргийн тухай


Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Н.Мөнхжаргал, шүүгч Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй хийж,улсын яллагч Б.Б, шүүгдэгч Г.А, Ж.Б, Ц.Д, шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Ж, С.Г, шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Т.М нар оролцов.
 Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 28 дугаар шийтгэх тогтоолтой,Г.А, Ж.Б, Ч.Д, Ц.Г  нарт холбогдох эрүүгийн 201620000021 дугаартай хэргийг шүүгдэгч Г.А, түүний өмгөөлөгч Ө.Н, шүүгдэгч Ж.Б, Ч.Д, тэдгээрийн өмгөөлөгч Б.Л нарын давж заалдах гомдлыг  үндэслэн, 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр нээлттэй хэлэлцэв.

Монгол Улсын иргэн,1962 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн, 54 настай, Увс аймгийн Давст сумын 2 дугаар багт оршин суух, ****** регистрийн дугаартай, хэрэг хариуцах чадвартай, урьд 1981 онд Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, 1985 онд Эрүүгийн хуулийн 169 дүгээр зүйлийн 169.в.-д зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял,  1992 онд Эрүүгийн хуулийн 125 дугаар зүйлийн 125.2, 79 дүгээр зүйлийн 79.1, 239 дүгээр зүйлийн 239.3.-т зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял, 2005 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 239 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3.-т зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлэхээр шийтгүүлж, 2009 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Сэлэнгэ аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн шүүгчийн 112 дугаартай захирамжаар эдлээгүй үлдсэн 1 сар 17 хоногийн хорих ялыг хугацаанаас нь өмнө тэнсэн сулласан, Увс аймаг дахь сум дундын 2010 оны 9 дүгээр сарын 3-ны өдрийн 95 тоот шүүхийн тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1-т зааснаар 1 жил 5 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийтгүүлж, 2011 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Ховд аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн шүүгчийн 42 дугаар захирамжаар эдлээгүй үлдсэн 7 сар, 4 хоногийн хорих ялыг хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан М овогт Гын А, 

Монгол Улсын иргэн,1969 оны 10 дугаар сарын 7-ны өдөр төрсөн, 47 настай, Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг, 55 айлын орон сууцны 2-37 тоотод оршин суух, ОВ69100711 регистрийн дугаартай, хэрэг хариуцах чадвартай, урьд “2009 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр бусдын олон тооны адуу хулгайлсан” гэх  гэмт хэргийг Увс аймаг дахь сум дундын шүүхийн 2009 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 134 дүгээр шийтгэх тогтоолоор 2009 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар хэрэгсэхгүй болгон шийдвэрлэгдэж байсан, Б овогт Жын Б,

Монгол Улсын иргэн,1973 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн, 42 настай, Увс аймгийн Давст сумын 3 дугаар багт оршин суух, ****** регистрийн дугаартай, хэрэг хариуцах чадвартай, урьд Увс аймаг дахь сум дундын шүүхийн 2012 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 23 дугаартай шийтгэх тогтоолоор 2009 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар хэрэгсэхгүй болгон шийдвэрлэгдэж байсан, Б овогт Чы Д, 

Монгол Улсын иргэн,1980 оны 6 дугаар сарын 22-ны өдөр төрсөн, 35 настай, Увс аймгийн Давст сумын Тохирлог  багт оршин суух, *********регистрийн дугаартай, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэгдэж байгаагүй, И овогт  Цийн Г,
Шүүгдэгч Ж.Б, Ц.Г, Ч.Д, Г.А нар нь урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж, мотоцикль ашиглан 2015 оны 8 дугаар сарын 01-ний орой Улаангом сумын  8 дугаар багийн нутаг “Бураатын эхэн” гэх газраас хохирогч Ч.Иын олон тооны буюу 24 тооны адууг хулгайлж, нийт 20350000 төгрөгийн хохирол учруулсан, 
Шүүгдэгч Ж.Б, Ч.Д, Г.А нар нь урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж, 2015 оны 8 дугаар сарын 01-ний шөнө хилийн 124/8 дугаар тэмдэгтийн чиглэлээр хууль бусаар Монгол Улсын хилийг нэвтэрч, хохирогч Ч.Иын 24 тооны адууг Оросын холбооны Улсын тал руу хууль бусаар нэвтрүүлсэн, 
Шүүгдэгч Г.А нь согтуугаар 2015 оны 11 дүгээр сарын 9-ний орой Улаангом сумын 3 дугаар багийн нутаг “Итгэлт” захын хашаан дотор байрлах иргэн М.Батсүхийн  “Алт, мөнгөний дарханы газар”-т хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогч Д.Гыг зодож, биемахбодид нь хөнгөн гэмтэл учруулсан, 
Шүүгдэгч Г.А нь согтуугаар 2016 оны 01 дүгээр сарын 27-ны орой Улаангом сумын 10 дугаар багийн нутаг 6-08 тоотод бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, ялимгүй зүйлээр шалтаглан зэвсэгийн чанартай бусад зүйл буюу архины шилээр хохирогч С.Бын толгой тус газар нь цохиж, биемахбодид нь хөнгөн гэмтэл учруулан танхайрсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх “1. Шүүгдэгч М овогт Гын Ад холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2-т зааснаар хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй. 2. Шүүгдэгч  М овогт Гын А,  Б овогт Жын Б, Б овогт Чы Д, И овогт Цийн Г нарыг урьдчилан үгсэн тохиролцож, олон тооны мал хулгайлах гэмт хэргийг,  шүүгдэгч  М овогт Гын А,  Б овогт Жын Б, Б овогт Чы Д нар урьдчилан үгсэн тохиролцож, хууль бусаар Монгол Улсын хилийг нэвтэрсэн, мөн бүлэглэж, эд хөрөнгийг хууль бусаар хил нэвтрүүлэх гэмт хэргийг, шүүгдэгч  М овогт Гын А бусдын биемахбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах, мөн зэвсэг, зэвсгийн чанартай зүйл хэрэглэж танхайрах гэмт хэргийг үйлдсэн гэм  буруутайд тооцсугай. 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5-д заасныг журамлан  мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгийг хураахгүйгээр И овогт Цийн Гийг 6 /зургаа/ сарын хугацаагаар баривчлах ялаар,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.4, 35.5-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар Б овогт Жын Бийн 100000 төгрөгийн эд хөрөнгийг хурааж, 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялаар,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5- д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар Б овогт Чы Ды 100000 төгрөгийн эд хөрөнийг хурааж, 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар М овогт Гын Агийн 100000 төгрөгийн эд хөрөнгийг хурааж, 4 /дөрөв/  жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 89 дүгээр зүйийн 89.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М овогт Гын Аг 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Б овогт Жын Бийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Б овогт Чы Дг 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар,  мөн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М овогт Гын Агийн эд хөрөнгөөс  100000 төгрөгийн эд хөрөнгийг хурааж, 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Б овогт Жын Бийн эд хөрөнгөөс 100000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар,  шүүгдэгч Б овогт Чы Ды эд хөрөнгөөс 100000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч М овогт Гын Аг Эрүүгийн хуулийн тусгай нагийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 6 /зургаа/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй. 4.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүгдэгч Ж.Б, Ч.Д нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 89 дүгээр зүйлийн 89.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 /гурав/ жилийн хорих ял, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 /гурав/ жилийн хөнгөн хорих ялыг мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 4 /дөрөв/ жилийн хүнд хорих ялд багтааж, шүүгдэгч Ж.Бийн нийт эдлэх ялыг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар, шүүгдэгч Ч.Ды нийт эдлэх хорих ялыг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар, шүүгдэгч Г.Ад Эрүүгийн хуулийн тусгай  ангийн 89 дүгээр зүйлийн 89.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 /гурав/ жилийн хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 /гурав/ жилийн хөнгөн хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 4 /дөрөв/ жилийн тус тус хөнгөн хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 6 /зургаа/ жилийн хүнд хорих ялд багтааж, шүүгдэгч Г.Агийн нийт эдлэх ялыг 6 /зургаа/ жилийн хугацаагаар тус тус тогтоосугай.“ гэж  шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Г.Агийн өмгөөлөгч Ө.Н шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:  “Г.Аг хөнгөн, хүндэвтэр, хүнд ангилалын гэмт хэрэг үйлдэн гэм буруутайд тус тус тооцож, хөнгөн ялыг хүнд ялд багтаагаад нийт эдлэх ялыг 6  жилийн хугацаагаар тогтоосныг хүлээн зөвшөөрөхгүй байна. 
Хулгайн гэмт хэрэгт нь гэрч Ц.Гийн эрс зөрүүтэй мэдүүлгийг үндэслэл болгож, яллаж байгаа нь үндэслэлгүй байна. Учир нь: Ц.Г гэрчээр мэдүүлэг өгөхдөө “..барьж авсан зээрд зүсмийн моринд эмээл тохож байтал манай сумын Алтай /хөл муутай/ гэдэг залуу мотоцикльтой ирсэн....” гэдэг. 
Ц.Г сэжигтнээр мэдүүлэг өгөхдөө: “...барьж авсан зээрд зүсмийн моринд эмээл тохож байтал манай сумын хөл муутай А гэдэг настай ах ногоон өнгийн хятад мотоцикльтой ирсэн...” гэж мэдүүлэг өгсөн байдаг. 
Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Гээс тодруулж мотоциклийн дугаарыг асуухад “...А ногоон өнгийн улсын дугаартай, мотоцикльтой ирсэн...” гэж мэдүүлсэн нь хурлын тэмдэглэлд тусгагдсан байгаа. 
Мөн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ Ц.Г нь “Одоо миний ярьж байгаа бүгд үнэн. Би Г.Аг танихгүй. Надад эрүүгийн төлөөлөгч У.Б хэлэх үгийг зааж өгсөн учраас би түүний зааж өгснөөр нэрийг нь Г.А гэж хэлсэн. Г.А энэ хэрэгт хамааралгүй болно...” гэж мэдүүлсэн. 
Мөрдөн байцаагч байцаан шийтгэх ажиллагааг дутуу хийж, эрс зөрүүтэй гэрч, сэжигтэний мэдүүлгийн зөрүүг арилгаагүй байж түүнийг нь  прокурор нотлох баримтаа болгож яллаж байгаа нь хүний эрхийг дордуулсан, илт гүтгэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийг зөрчсөн гэж үзэж, гомдолтой байна. 
Иймд Г.Ад холбогдох эрүүгийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү.” гэжээ. 

Шүүгдэгч Г.А шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “Одоо Увс аймгийн Шийдвэр гүйцэтгэх албаны хорих байранд хоригдож байна. Г.А намайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 89 дүгээр зүйлийн 89.2, 99 дүгээр зүйлийн 99.1, 145 дугаар зүйлийн 145.2, 175 дугаар зүйлийн 175.2, 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 6 жилийн хорих ял оноосныг би дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй. Үүнд: 
1.Ч.И гэх хүний адууны хулгайн хэрэгт огтхон ч холбогдолгүй гэдгээ тангараглая. Гэрч хэмээх “Ц.Гийн ташаа мэдээллийг үндэс болгосонд  гомдолтой байна. Шүүх хурал дээр хохирогч гэх Ч.И, гэрч Ц.Г нар надад холбогдолгүй гэдгийг илэрхийлсээр байтал шууд тулган ял оноосон. 
2. Намайг согтуугаар Д.Гыг зодсон гэх хэрэг мөн л гүтгэлэг. Би машин барьж осол гаргахаас сэргийлж, түлхүүрийг нь авсан нь үнэн. Дашрамд хэлэхэд Д.Г нь өөрийн эхнэрээ хөнөөсөн хэргээр шийтгэгдэж байсан, хүнийг гүтгэж, ашиг хонжоо олох, өөрийн нүглийг зөвтгөх талаар дадлагажсан хүн. Энэ хэрэгт н.Батсүх яагаад зуучлагч байдлаар оролцсоныг би ойлгохгүй байна. Үгсэн тохиролцсон болов уу гэж харагдаж байна. Эмнэлгийн дүгнэлт нь хэзээ, хэрхэн, хэнээр гаргуулсан дүгнэлт гэдэгт эргэлзэж байна. 
3. Би өөрийн баз болох н.Оынд байтал С.Б архи авч ирж уусны улмаас халамцуу байсан бид талийгаач болсон аав, дүү нарын асуудлаас болж, үг яриа сөргөлдсөн нь үнэн бөгөөд С.Б гашуудлын сэтгэлээ илэрхийлж, архины шилүүд хооронд нь цохиж хагалаад надруу далайхад н.Н намайг хамгаалахаар тэврэн авч, би нуруу руу архины шилээр цохьсон нь үнэн. Ямар гэмтэл учирсныг мэдээгүй. Ер нь үүнийг би ахын гэрт болсон ахуйн хүрээний жижиг маргаан гэж би ойлгодог. 
Би хөгжлийн бэрхшээлтэй, /тулгуур эрхтэний хүнд гэмтэлтэй/ энэ өвчнөөсөө болж сэтгэл санааны  хямардагын улмаас архи уудаг. Би 2014 оноос хойш тахир дутуугийн групп 2 удаа тогтоолгосон. 
Би өмнө нь зодолдсон хэргээр ял шийтгүүлсэн “зальтай, галтай гэх муу нэртэй явсан минь овжин, зальжин хүмүүст зууш болж яваа гэж ойлгож байна. Үүнд миний өөрийгөө засах, захирах чадвар сул ч гэсэн ингэж гүжир гүтгэлэгийн тоглоом тохуу болоход хүрч байгааг илрэхийлье. Энэ бүхнийг харгалзан миний хэргийг дахин хянан үзэж, ял шийтгэлээс хөнгөлөх, чөлөөлөх шийдвэр гаргаж өгнө үү.” гэжээ. 

Шүүгдэгч Ж.Б шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “Увс аймгийн Цагдаагийн газрын эрүүгийн төлөөлөгч У.Б нь Ч.Иын адууг бусадтай бүлэглэн хулгайлсан мэтээр Ц.Г гэгчид зохиомол, худал мэдүүлэг зааж өгч, эцэст нь хилс хэрэгт тулган 4 жилийн ял өгч шоронд орууллаа. 
Цагдаагийн эрүүгийн төлөөлөгч Ц.Б, мөрдөн байцаагч Б.Н нар нь хэн нэгний захиалгаар тухайн хэргийг хийсэн болгох материалыг бүрдүүлэхэд ихээхэн хүчин зүтгэсэн. Увс аймгийн Давст сумын өндөр Пүрвээгийн хүү Түжээ гэгчийн малын малладаг Ц.Гийг зодож, сунайлгаж, ухаан санаа алдуулж,  айлган сүрдүүлж, хээр авч очиж, “яг энэ газар Ж.Б, Ч.Д 2 мотоцикльтой ирж өг гэсэн, тийм хувцастай байсан, нарийн тамхи нэрсэн, тэгж хэлсэн гэж хэл” гээд үг зааж өгч улмаар чамайг энэ үгээ хэлээд байвал цагдаагаас шагнаж, мотоциклийн “А” үнэмлэх өгнө гэсэн тухай Ц.Г нь нагац эгч Бүрэндээ хэлснийг CD-нд буулган хавсаргалаа. Ц.Г нь нагац эгчдээ үнэнээ хэлчихээд мөрдөн байцаагч Б.Нгийн өрөөнд ороход эрүүгийн төлөөлөгч У.Б хамт байж “би чамайг цохиогүй биз дээ” гэхэд Ц.Г айсандаа “цохиогүй” гэж хэлэхэд нь эгч Бүрэн нь “та нар тэгэхгүй шүү, бүх үнэн үүн дээр байгаа” гэж утасныхаа бичлэгийг сонсгоод гарсан байдаг. 
Ж.Б миний бие 2015 оны 8 дугаар сарын 01-нээс 02-д шилжих шөнө  Ч.Иын адуу алга болох үед гэртээ хоносныг н.О, н.Д, Х нар нотолсон. Миний бие 7 дугаар 31-ний өдрөөс 2015 оны 8 дугаар сарын 02-ны өдрүүдэд хаана, юу хийж байсан талаар манай  эхнэр, эгч, зах дээр тааралдсан хүмүүс, хоолны газрын ажилчид, дэлгүүрийн худалдагч, шатахуун түгээх газрын түгээгч гэх зэрэг зөндөө хүмүүс мэдэх бөгөөд тэр хүмүүсийг гэрчээр асуулгах гэсэн боловч мөрдөн байцаагч “хангалттай баримт бүрдсэн, одоо хүн байцаах шаардлагагүй” гэж хэлсэн. 
2015 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Улаангомд өдөржин гуанз, зах дээр явж байсан хүн хэзээ очиж мал хулгайлж, хил давуулаад гэртээ ирэх билээ. Мөн 20 гаруй тооны малыг хилийн тэр тэмдэгтээр туугаад үзвэл мөр гарах эсэх нь тогтоогдох л байсан. Үнэхээр үнэнийг олъё гэвэл туршиж үзэж болох байсан. Иргэн Ч.И 20 цагийн үед адуу байсан 21 цагийн үед нар орж байхад адуугаа авахаар очиход байгаагүй гэдэг. Гэтэл зуны 21 цагт гэгээтэй байдаг бөгөөд ойр хавийн айлууд 3 мотоцикльтой хүмүүс явж байхад нэг нь ч  хараагүй байна гэж байхгүй. 
2015 оын 8 дугаар сарын 3-ны өглөө Дашнямын хашаанд ноос ачиж байсныг машины жолооч Ч.Иын төрсөн дүү А нотолдог. 
Гэртээ сууж байгаад хилс хэрэгт холбогдсондоо сэтгэл санаа, нэр төр, эд материалын хохирол авч доромжлуулж байгаадаа Увс аймгийн Цагдаагийн газар, Увс аймгийн Прокурорын газарт гомдолтой байна. Цагдаа, прокурорт гомдол гаргасан боловч  цагдаа нэгнээ шалгана гэж юу байхав зодоогүй болох нь тогтоогдсон гэсэн хариу өгсөн. Хүний эрхийн байгууллагад хандсан боловч шийдэгдээгүй хэрэгт бид хөндлөнгөөс оролцох эрх байхгүй гэсэн хариу өгсөн. 
Ц.Г нь  шүүх хурал дээр миний өмнө өгсөн мэдүүлэг биш, цагдаагаар зодуулж, дарамтлуулж байж, заалгаж хэлсэн. Шүүх хурал дээр гэрч үнэнээ өчиж байхад яагаад ач холбогдол өгөхгүй байгааг гайхаж байна. Мэдүүлгээ сольж хэлсэн ганц гэрчтэй хэрэг бүрдүүлт дутуу байхад хэргийг дахин шалгуулахаар буцаахгүйгээр шийдвэрлэснийг үндэслэлгүй гэж үзэж байна. Ц.Г нь мөнгөний тоо мэдэхгүй, мөнгийг өнгөөр нь ялгадаг, шүүх хуралдаан дуусаад “За залуу хэдэн ижлийн ял авав”  гэхэд  “9 жил, 9 сарын  ял авсан” гэж  хариулж байсан. 
Одоо ч мөрдөнд өмгөөлөгч нь орж ирж уулзахад 8 жилийн ял авсан гэж байсан. Хэрэв ухаан санаа эрүүл, саруул хүн байсан бол ядаж өөрийн яллагдаж байгаа жилээ тогтоож авах байсан байх. Түүний ийм байдлыг нь ашиглаж, энэ хүнийг хүчний байгууллагынхан зохиомлоор гэрч хийж авсанд гомдолтой байна. 
Шүүх хүний адууг хулгайлж аваад хүргэж өгсөн гэж байгаа Ц.Гд огт төлбөр гаргаагүй, 6 сарын баривчилгаа нэрээр хамгаалалтдаа авлаа. Бусад гуравт 20350000 төгрөгийг тэнцүү хувааж, 4 жилийн хорих ял тулган өгсөн. Эрүүгийн төлөөлөгч Ц.Б нь Ц.Гд энэ үгээ хэлээд байвад чамд ял өгөхгүй, цагдаагаас шагнана гэж хэлсэн гэсэн нь Ц.Гд оногдуулсан ял шийтгэлээс харагдаж байна. 
Миний бие 2013 оны 3 дугаар сарын 19-нд Очирваань эмнэлэгт 4000000 төгрөгийн үнэтэй нурууны компьютерийн хагалгаанд орсны улмаас даарахгүй, хүнд юм өргөхгүй байх эмчийн заалттай. Даралт ихсэж, 180-200 хүрдэг хууч өвчтэй. Дээрх гүтгэлэгээс болж миний амь насанд аюул учрах бий гэхээс би маш их айж байна. 
Ийм учраас энэ хэргийг үнэн зөв талаас нь шийдэж өгөхийг хүсэж байна. Давж заалдах шатны шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцох хүсэлтэй байх тул Увс аймагт шүүх хуралдааныг хийлгүүлэхийг хүсэж байна. Улаанбаатар хотоос өмгөөлөгч авсан  бөгөөд түүнийг шүүх хуралдаанд оролцуулах хүсэлтэй байна.” гэжээ.  

Шүүгдэгч Ч.Д шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “Хийгээгүй хэргийнхээ төлөө 4 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэндээ миний бие болон миний 6 хүүхэд сэтгэл санааны хямралд ороод байна. Иргэн Ч.И “20 цагийн үед адуу байсан 21 цагийн үед нар орж байхад адуугаа авахаар очиход байгаагүй тул хайгаад олоогүй“ гэдэг. Гэтэл зуны 21 цагт гэгээтэй байдаг бөгөөд ойр хавийн айлууд 3 мотоцикльтой хүмүүс явж байхад нэг нь ч яагаад хараагүй байх вэ, Ч.Иых ч ядаж мотоциклийн дууг сонсох ёстой. Маргааш нь буюу 2015 оны 8 дугаар сарын 05-ны өдөр малын эзэн 2-3 мотоцикль юм чирч, адуу хөөсөн мөр байсан. Тэгээд нэг мотоциклийн мөр шууд Ц.Гийн гадаа очсон гэсэн байсан. Хохирогч тухайн үед нь яагаад цагдаагийн байгуулагад мэдэгдэж, ул мөрийг баталгаажуулж, Ц.Гийг цаг алдалгүй барьж, бүх зүйлийг тодруулаагүй юм бэ. Хуулийн дагуу асуудал тавиагүй тул Ц.Гийн өгсөн мэдүүлэг хуурамч, зохиомол гэдэг нь мэдэгдэж байна.  
 Миний бие 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдрөөс 2015 оны 8 дугаар сарын 3-ны өдрүүдэд хаана, юу хийж, хэнтэй байсан талаар тэр өдрүүдэд надтай хамт байсан, тааралдсан бүх хүмүүс буюу саахалтын н.Д, н.Ж, дүү н.Мягмаржав, Давст сумын Юнгэрдорж, Улаангомын Гантулга, Баяа /инээдэг хочтой/, Давстын уугуул Ондоо, зохиолч Батжавхлан нар бүгд мэднэ. 
Гэрч хилийн тагнуул Ц.Бгийн мэдүүлэгт 24 тооны адууг 2 морьтой хүн туусан бололтой мөр байсан. Мотоциклийн мөр үзээгүй гэсэн байдаг. Гэрч н.О бас 26 тооны мөр байна гэсэн. Эдгээр хүмүүс мотоциклийн мөр үзээгүй байхад адууг мотоцикльтой хүмүүс авсан байж болзошгүй гэж үзэж байгаа нь бодит байдлаас зөрүүтэй байна. Миний бие иргэн Ч.Иын адууг хулгайлж хилээр гаргаагүй. 
1. 2015 оны 7 дугаар сарын 30-нд би Давст сумын зуслан дээр болсон Торхилог багийн хуралд суусан.  Уг хурлаар зуслангаас нүүж, суух, хаана буух талаар хурал хийсэн. 
    2. 2015 оны 7 дугаар сарын 31-нд зуслангаас нүүж, Жирээгийн адаг гэх газарт гэрээ барьсан. Тэр өдөр хүүхдийн хамт малаа тууж, шинэ буйран дээр гэрээ барьж байтал орой болсон. Би ямар нэгэн хулгай хийгээгүй гэртээ байсан. 
3. 2015 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хүргэн ах Төмөрбаатар, хадам эгч Д, дүү Энхболд нар Бор толгойн овоо болон хадам аав ээжийн амьдарч байсан Өлөнт гэх газруудаар явж сан тавьж, идээ дээж өргөнө гэсэн учир ах Цэрэв, миний бие зам зааж өгч хамт яваад орой гэртээ ирэхэд хажуугийн айл Бийн малтай манай мал нийлсэн байсан. Иймд орой болтол малаа ялгаад хагасыг нь аваад гэртээ харьсан. 
4. 2015 оны 8 дугаар сарын 2-ны өдрийн өглөө эрт босч, Бийн хониноос үлдсэн малаа ялгаж авсан. Хотоос ирсэн хүмүүс аав, ээжийн газар дээр очихоор явахад хадам эгч Д намайг явах хэрэггүй гэсэн тул хүмүүс буцахад өгөх хонь төхөөрч очихоор үлдсэн. 
5. 2015 оны 8 дугаар сарын 3-ны өдөр хотоос ирсэн ах, эгч, дүү нар буцах болсон учир эхнэртэйгээ сумын төврүү мотоциклоор хамт орж, үдэж өгөөд буцаж гэртээ ирсэн. Сумын төвд Сумъяангийнд очиж цай, унд уусан. 
6. 2015 оны 8 дугаар сарын 4-ний өдөр бид 2 хүүхэдтэйгээ хамт гэртээ байсан. 
7. Ч.И хулгайд алдагдсан адуундаа Ц.Г, П.Ч нарыг хардсан байдаг. 
    Намайг ямар нэгэн гэмт хэрэг үйлдээгүй байхад, бусадтай бүлэглэн мал хулгайлж, улсын хилээр нэвтрүүлсэн гэж Ц.Гийн дарамтад орж, худал мэдүүлсэн мэдүүлгээр яллаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Ч.Иын малыг улсын хилээр гаргасан гэх ул мөр байхгүй, хилийн нотолгоогүй байхад ганц Ц.Гийн мэдүүлгийг “туйлын үнэн” гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь хуульд нийцээгүй, миний эрх ашгийг хэтэрхий дордуулж,  хэт нэг талыг барьсан гэж үзэж байна. 
Иймд энэ хэргийг үнэн зөв шийдэж өгөхийг хүсэж байна. Шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцох хүсэлтэй байх бөгөөд Баян-Өлгий аймаг явах боломжгүй байх тул шүүх хуралдааныг Увс аймагт хийж өгнө үү.” гэжээ. 

Шүүгдэгч Ч.Д, Ж.Б нарын өмгөөлөгч Б.Л шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “Анхан шатны шүүх Ч.Д, Ж.Б нарыг хууль бусаар Монгол Улсын хил нэвтэрсэн, бусдын эд хөрөнгийг хулгайлах, эд зүйлийг хууль бусаар хил нэвтрүүлэх гэмт хэргүүдийг үйлдсэн эсэх, оролцсон эсэх талаар нотолсон баримт хэрэгт авагдаагүй байхад Эрүүгийн хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1, 145 дугаар зүйлийн 145.2, Эрүүгийн хуулийн 175 дугаар зүйлийн 175.2 дахь хэсэгт зааснаар тус тус гэм буруутайд тооцож, ял оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Ж.Б, Ч.Д, Ц.Г, Г.А нарыг урьдчилан үгсэн тохиролцож, мотоцикль ашиглан 2015 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн орой Улаангом сумын 8 дугаар багийн нутаг “Бураатын эхэн” гэх газраас иргэн Ч.Иын 24 тооны адууг хулгайлж, хилийн 124/8 дугаар тэмдэгтийн  чиглэлээр хууль бусаар Монгол Улсын хилийг нэвтэрч, уг адууг Оросын Холбооны Улсын талруу хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэргийг үйлдсэн гэх үйлдэл нь цаг хугацааны хувьд тохирдоггүй. Хохирогч Ч.Иын адуу 2015 оын 8 дугаар сарын 01-ний өдөр алга болох үед Ж.Б Улаангомд гэртээ байсан, 2015 оны 8 дугаар сарын 2-ны өдөр эхнэр Ог Улаанбаатар хот явах машинд суулгаж явуулаад, Давст сумруу н.Батсүх гэх жолоочийн машинаар явсныг гэрч Ш.Б, Р.С, Т.Ц, Х нарын мэдүүлгээр, мөн Ч.Дгийн гэр зусланд  нүүж ирээд саахалт айлын малтай мал нь нийлснийг 2015 оны 8 дугаар сарын 1-нээс 2-ны хооронд Ч.Д ялгаж авсан талаар Ч.Б, Н.Д, О.Ж нарын мэдүүлгээр нотлогддог. 
Ж.Б, Ч.Д, Г.А нар нь мөрдөн байцаалтын шатнаас гэмт хэрэг үйлдээгүй гэдгээ тогтвортой мэдүүлдэг. Гэтэл Ц.Г нь хулгай хийхдээ Ж.Бийн дарамтад орж айснаас хийсэн, эрүүгийн төлөөлөгч У.Б үг зааж өгсөн,  мотоциклийн А үнэмлэх өгнө гэсэн, Ж.Б нартай хулгай хийгээгүй гэх мэтээр зөрүүтэй байдлаар олон янзаар мэдүүлэг өгсөн байдаг. 
Анхан шатны шүүх дан ганц Ц.Гийн мэдүүлэгт  үндэслэн Ж.Б, Ч.Д нарыг хулгайн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Ц.Гийн мэдүүлэг бусад нотлох баримтаар давхар нотлогдон тогтоогдоогүй, тэрээр мөрдөн байцаалтын шатанд хулгайн гэмт хэргийг Ж.Б, Ч.Д нарын дарамт, шахалтад орж хийсэн гэж мэдүүлсэн / 1 дүгээр ХХ-ийн 34-35 хуудас/, мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар дахин өгсөн мэдүүлэг өгөхдөө “....Би урьд өгөхдөө худлаа мэдүүлэг өгсөн. Би 2015 оын 8 дугаар сарын 01-ний шөнө Ч.Иын адууг Ж.Б, Ч.Д нарт аваачиж өгөөгүй. Иймд энэ зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй гэж мэдүүлсэн. /4 дүгээр ХХ-ийн 116 хуудас/. Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд мэдүүлэг өгөхдөө “гэмт хэрэг үйлдээгүй, цагдаагийн байгууллагын хүмүүс үг зааж өгсөн, шагнана гэсэн гэж хэлсэн учир худал мэдүүлэг өгсөн” гэж мэдүүлэг өгсөн байдаг. Гэтэл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 84 дүгээр үшйлийн 84.2-д зааснаар гэрч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тэр нь нотлох баримт болохгүй гэснийг шүүх анхаарч үзээгүй байна. 
Шүүх нь Г.А, Ж.Б, Ч.Д, Ц.Г нарыг бүлэглэн Ч.Иын адууг шууд санаатай шунахайн сэдэлтээр хулгайлсан тэдгээрийн үйлдлийг гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан гэсэн үнэлэлт дүгнэлт өгсөн атлаа шүүгдэгч Ц.Гийг гэмт хэрэг илрүүлэхэд туслалцаа үзүүлсэн, мэдүүлгээ тогтвортой өгсөн гэж хохирогчийн хохирлыг түүнээс гаргуулахгүй зөвхөн Ч.Д, Ж.Б, Г.А нараас гаргуулахаар шийдвэрлэсэн нь хэт нэг талын барьсан шударга бус хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гэж үзэж байна. 
Тухайн хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахдаа хэтэрхий нэг талыг барьсан, гэрч нараас хөтөлсөн байцаалтыг авч, Г.А, Ж.Б, Ч.Д нарыг бусдын адууг хулгайлж, Улсын хилээр хууль бусаар нэвтэрч, уг адууг хууль бусаар нэвтрүүлсэн гэсэн урьдчилсан дүгнэлтэд хүрч, Эрүүгийн байцаан шийтгэх хуулинд заасан зайлшгүй хийх ажиллагаануудыг орхигдуулснаас тухайн гэмт хэргийг үйлдсэн этгээдийн ул мөрийн бүдгэрүүлж, Ж.Б, Ч.Д нарыг гэмт хэрэг үйлдсэн хэмээн өрөөсгөл дүгнэлт хийсэн нь хуульд нийцээгүй байна. 
Мөрдөн байцаатын шатанд хохирогч, гэрч нарын мэдүүлгийг газар дээр нь шалган тогтоох зорилгоор Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 153.2-д зааснаар хэргийн газарт ул мөр явсан замыг тогтоох, гэрч, хохирогчийн өгсөн мэдүүлгийн үнэн зөвийг харьцуулан тогтоохын тулд мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааг хийх зайлшгүй шаардлагатай байсныг мөрдөн байцаалтын шатанд хийхгүйгээр орхигдуулсан гэж үзэж байна. 
2015 оны 8 дугаар сарын 04-нд Оросын Холбооны Улс, Монгол Улсын хилийн бүрэн эрхт төлөөлөгч нарын хамтарсан уулзалтаар хилийн 127/7-124/8 тэмдэгтийн хооронд болон улсын хилийн ойр орчимд хамтран үзлэг, шалгалт хийхэд хилийн зөрчил гарсан шинж тэмдэг илрээгүй байдаг. Энэ талаар ХХ-ийн 197 дугаар хуудсанд албан тоот авагдсан байхад мөрдөн байцаалтын шатанд хэт нэг талыг барьж авсан хохирогч, гэрч нарын мэдүүлгийг анхан шатны шүүх үндэслэл болгож авсан нь хуульд нийцээгүй байна. 
Ж.Б, Ч.Д нар хулгай гарах үед гэртээ байсан нь гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсон, улсын хилээр мал гарсан гэж тогтоогдоогүй, Ц.Г олон удаа эрс зөрүүтэй мэдүүлэг өгсөөр байхад Г.А, Ж.Б, Ч.Д нарыг Ц.Гтэй хамт явж хулгай хийсэн, хууль бусаар хилээр мал нэвтрүүлсэн гэх нотлох баримт хэрэгт авагдаагүй, тогтоогдоогүй, тодорхой бус эргэлзээ бүхий байх тул “Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэнэ” гэсний дагуу Ж.Б, Ч.Д нарт холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ. 
Улсын яллагч Б.Б шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:  “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэв. 

Шүүгдэгч Г.Агийн өмгөөлөгч С.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  “Гэрчийн мэдүүлгийн зөрүүг арилгаагүй, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсгийн зүйлчлэлтэй санал нийлэхгүй байх тул уг хэргийг мөрдөн байцаалтад буцааж, шүүгдэгч нарт авагдсан таслах сэргийлэх арга хэмжээг өөрчилж өгнө үү.” гэв. 

Шүүгдэгч Ч.Д, Ж.Б нарын өмгөөлөгч Л.Ж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчсөн яллах дүгнэлтийг хүлээн авч хэргийг шийдвэрлэсэн шийтгэх тогтоол нь шүүгдэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй тул эргэлзээтэй нөхцөл байдлуудыг тогтоолгохоор хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах саналтай байна гэв.

Хохирогчийн өмгөөлөгч Д.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй байх тул хэвээр үлдээж өгнө үү гэв.  

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч  Ж.Б, Ц.Г, Ч.Д, Г.А нар нь 2015 оны 8 дугаар сарын 01-ний орой  Увс аймгийн Улаангом сумын  8 дугаар багийн нутаг “Бураатын эхэн” гэх газраас урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж, машин механизм хэрэглэн хохирогч Ч.Иын олон тооны буюу 24 тооны адууг хулгайлж, нийт 20350000 төгрөгийн хохирол учруулсан,

Г.А нь согтуугаар 2015 оны 11 дүгээр сарын 9-ний орой Улаангом сумын 3 дугаар багийн нутаг “Итгэлт” захын хашаан дотор байрлах иргэн М.Батсүхийн  “Алт, мөнгөний дарханы газар”-т хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогч Д.Гыг зодож, биемахбодид нь хөнгөн гэмтэл учруулсан, 

          Мөн  согтуугаар 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Улаангом сумын 10 дугаар багийн нутаг 6-08 тоотод бусдыг илтэд үл хүндэтгэн,  нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, ялимгүй зүйлээр шалтаглан зэвсгийн чанартай зүйл буюу архины шилээр хохирогч С.Бын толгой тус газар нь цохиж, биемахбодид нь хөнгөн гэмтэл учруулан танхайрсан гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон, энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн, үндэслэл бүхий болсон байна.
           
Харин Ж.Б, Ч.Д, Г.А нар нь  урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж, 2015 оны 8 дугаар сарын 01-ний шөнө хилийн 124/8 дугаар тэмдэгтийн чиглэлээр хууль бусаар Монгол Улсын хилийг нэвтэрч, хохирогч Ч.Иын 24 тооны адууг Оросын холбооны Улсын тал руу хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй, дээрхи гэмт хэргүүдийг үйлдсэн гэж яллах боломжгүй байна. Учир нь:
  Хохирогч Ч.И, гэрч Ц.Г нар нь хулгайн гэмт хэрэг гарсан болохыг нотлосон болохоос хохирогч Ч.Иын алдсан адууг ОХУлсын тал руу нэвтрүүлсэн талаар нотлоогүй, гэрч Г.Л, С.А, Н.ХЫ, Г.Г, С.О, Б.Т, Ц.М, Ч.Ч, Б.У, Ц.Л, Э.Ш, Б.Б нарын  мэдүүлгүүд нь хилийн 124/8 тэмдэгтийн чиглэлд адууны ул мөр байсан талаар мэдүүлсэн боловч уг ул мөр нь хохирогч Ч.Иванновын адууны ул мөр болохыг нотлоогүй байна.
Түүнчлэн прокуророос  “шүүгдэгч нар хохирогч Ч.Иын 24 тооны адууг хилийн 124/8 тэмдэгтээр хил давуулсан нь нотлогдож байна” гэж яллаж байгаа боловч хилийн 124/8 тэмдэгтээр улсын хилийн шугам дээр ямар нэгэн шинж тэмдэг байхгүй гэх  хилийн зөрчил шалгасан тухай нотломж хэрэгт авагдсан байна.
   Ж.Б нар нь улсын хилийг хууль бусаар зөрчсөн, эд зүйлийг хууль бусаар хил нэвтрүүлсэн гэмт хэргүүдийг үйлдсэн болох нь хангалттай нотлох баримтуудаар нотлогдоогүй байх тул Увс аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ч.Д, Ж.Б, Г.А нарт  Эрүүгийн хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2, 175 дугаар зүйлийн 175.2.-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч болон тэдгээрийн өмгөөлөгч нарын “гэмт хэрэг үйлдээгүй тул цагаатгаж өгнө үү“ гэх давж заалдсан гомдлуудын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан дүгнэвэл:
Ж.Б, Ц.Г, Ч.Д, Г.А нар нь хохирогч Ч.Иын 24 тооны адуу хулгайлсан болох нь :
Мөрдөн байцаалтын явцад өгч байсан Ц.Гийн  “...адуу харагдахгүй болохоор адуугаа авч ирэхээр мотоцикльтэй явахад манай адуу “Оргилдог“ гэдэг газар усан дээр байхыг харчихаад хажууд нь нэг айл байхаар нь тэднийд ороход Хандгайт багийн малчин Бгийнх байсан. Бгийнд нэг  аяга цай уугаад гарахад манай адуу доошоо чиглээд явж байхаар нь хариу авч ирээд усан дээр нэг адуу байсныг нийлүүлж аваад гэр рүү мотоцикльтэйгээ туугаад явж байхад миний араас мотоцикльтэй Жын Б, Цэвээн самганы Б хоёр ирээд миний хажууд зогссон. Би Б, Б хоёроос мэндийг нь асуугаад зогсож байхад Б надад нарийн цагаан эссэ гэдэг нэртэй тамхи хайрцагтайг нь гаргаж ирээд нэрсэн. Би тамхи татдаг тул нэг ширхэг тамхи аваад татсан.  Энэ үед Б “танай гэрийн урд талд Иын адуу байна. Чи очоод аваад ир. Авч ирэхгүй бол чамайг ална шүү. Хувхайлна шүү” гэхээр нь би айсандаа адуугаа гэрийн хажууд ойролцоо орхичихоод Ч.Иын адууг  “модтой бураа” гэх газраас Увс нуурын хөвөөнд авч очиход Ж.Б, Б хоёр намайг хүлээсэн суусан. Надад “Иын адууг хөөж ирэхдээ мотоциклийн Г асааж болохгүй, хурдан авч ирж өг, цааш явж болохгүй шүү. Увс нуурын хөвөөнд  авч ирж өг” гэж хэлэхээр нь хүргэж өгсөн. Бид гурав нуур руу шахаж байгаад зээрд зүсний морь барьсан. Б, Б хоёр ирэхдээ мотоциклийн ард цагаан шуудайд эмээл, хазаар, бугуйл хийсэн байсан. Тэгээд Б, Б хоёр зэрэг бугуйлаа шидэхэд Б тэр зээрд зүсний морийг барьсан. Би адууг нуурт шахаж өгч байсан.Тэр зээрд зүсний моринд эмээл тохож байхад манай сумын Алтай / хөл муутай/ гэдэг залуу мотоцикльтэй ирсэн юм. Б надыг чи цаанаа хол очоод зогсож бай гээд надаас холхон Б, Б, А гурав хоорондоо юм ярилцаж байгаад Б над руу ирээд “чи энэ хэргийн талаар цагдаа болон хүнд хэлж болохгүй. Хэлэх юм бол таарсан газарт чинь олж хувхайлж хаяна шүү” гээд чи одоо яв гээд намайг явуулсан. Би явж байгаад эргэж харахад хоёр мотоцикль түрүүлээд явахад араас нь Б моринд мордоод адууг туугаад хойшоо чиглээд явсан. Тэгээд би шууд гэрт очоод унтсан. Би Ч.Иын адууг таньдаг. Тэдний хөх азрагатай адууг хүргэж өгсөн” гэх мэдүүлэг, 
 Хохирогч  Ч.Иванновын  “2015 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хөх азаргатай 24 тооны адуугаа Улаангом сумын 8 дугаар багийн нутаг “Бураатын эхэн” гэх  газраас алдсан талаар мэдүүлсэн мэдүүлэг,
Гэрч  М.Бийн “..би тугал барьж уячихаад Ц.Гийг адуунаас ирсэн үү гэж Цгээс асуухад Г ирээгүй байна гэсэн. Манай адуу “Оргилдог“ гэх газар руу гүйгээд явчихсан байсан. Намайг унтахад Г адуунаас ирээгүй байсан. Тэгээд унтаж байхад мотоцикльтой Г ирж байхыг сонсож сэрсэн” гэх мэдүүлэг,
Гэрч О.Бгийн “...2015 оны 8 дугаар сарын 01-ний өдөр байх, Ц.Г манайд адуугаа авч явна гэсэн ирсэн” гэх мэдүүлэг зэргээр нотлогдсон байна.
            
Мөрдөн байцаалтын явцад Ц.Гийн гэмт хэргийг хэзээ, хэрхэн үйлдсэн өөрөөр хэлбэл Ж.Бийн  “танай гэрийн урд талд Иын адуу байна. Чи очоод аваад ир. Авч ирэхгүй бол чамайг ална шүү. Хувхайлна шүү” гэсэн үгнээс айж Ч.Иын хөх азаргатай 24 тооны адууг хүргэж өгсөн, уг адууг Ж.Б, Ч.Д, Г.А нар  тууж явсан талаар өгч байсан мэдүүлэг нь хохирогчийн хөх азаргатай 24 тооны адуугаа  хэзээ, хаанаас хэрхэн алдсан талаар өгсөн  мэдүүлэг  болон гэрч нарын Ц.Г тухайн үед адуунд яваад Бгийнд  ирсэн талаар мэдүүлсэн мэдүүлэгтэй тохирч байна.
           
 Яллагдагч Ц.Гийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлж байсан мэдүүлгүүд нь бусад нотлох баримтуудаар давхар нотлогдож байх тул уг мэдүүлгийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон анхан шатны шүүхийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

             Түүнчлэн Г.А нь бусдын биед хөнгөн гэмтэл учруулсан, ялимгүй зүйлээр шалтаглан зэвсгийн чанартай зүйл хэрэглэн танхайрсан гэмт хэргүүдийг үйлдсэн болох нь тогтоогдсон байна. 
            
 Г.Агийн бусдын биед хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг нь хөнгөн ангиллын гэмт хэрэг бөгөөд  хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш 6 сарын хугацаа өнгөрсөн тул түүнд холбогдох Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1-т заасан  хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2-т зааснаар  хэрэгсэхгүй болгож, түүнийг  эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн нь зөв ба шүүх хуулийг буруу хэрэглээгүй байна.

            Иймд шүүгдэгч болон тэдгээрийн өмгөөлөгч нарын  “хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү“  гэх гомдлуудыг хүлээн авах боломжгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

         Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 315 дугаар зүйлийн 315.1.4.-т заасныг удирдлага болгож, ТОГТООХ нь: 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 28 дугаар шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг: 

“Шүүгдэгч И овогт Цийн Гийг Ч.Д, Ж.Б, Г.А нартай бүлэглэж, машин механизм ашиглан бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, 
шүүгдэгч Б овогт Чы Дг Ц.Г, Ж.Б, Г.А нартай бүлэглэж, машин механизм ашиглан бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, 
шүүгдэгч Б овогт Жын Бийг Ц.Г, Ч.Д, Г.А нартай бүлэглэж, машин механизм ашиглан бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, 
шүүгдэгч М овогт Гын Аг Ч.Д,Ц.Г, Ж.Б нартай бүлэглэж, машин механизм ашиглан бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, 
шүүгдэгч М овогт Гын Аг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах, мөн бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, зэвсгийн чанартай зүйл хэрэглэж танхайрах гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэж,

2 дахь заалтыг: 
“Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2.-т заасныг баримтлан Увс аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ч.Д, Ж.Б, Г.А нарт тус тус Эрүүгийн хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2, 175 дугаар зүйлийн 175.2.-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг тус тус хэрэгсэхгүй болгож, 
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2.-т заасныг баримтлан шүүгдэгч Г.Ад холбогдох Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1.-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.1.-т зааснаар түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.” гэж, 

3 дахь заалтыг:
“Эрүүгийн хуулийн 35 дугаар зүйлийн 35.5.-д заасныг журамлаж, мөн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2.-т зааснаар Ц.Гийн эд хөрөнгийг хураахгүйгээр, түүнийг 6 сарын хугацаагаар баривчлах ялаар,
Эрүүгийн хуулийн 35 дугаар зүйлийн 35.4, 35.5.-д заасныг журамлаж, мөн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2.-т зааснаар Ж.Бийн 100000 төгрөгийн эд хөрөнгийг хурааж, түүнийг 4 жилийн хугацаагаар хорих ялаар, 
Эрүүгийн хуулийн 35 дугаар зүйлийн 35.5.-д заасныг журамлаж, мөн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2.-т зааснаар Ч.Ды 100000 төгрөгийн эд хөрөнгийг хурааж, түүнийг 4 жилийн хугацаагаар хорих ялаар, 
Эрүүгийн хуулийн 35 дугаар зүйлийн 35.5.-д заасныг журамлаж, мөн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2.-т зааснаар Г.Агийн 100000 төгрөгийн эд хөрөнгийг хурааж, түүнийг 4 жилийн хугацаагаар хорих ялаар, 
Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3.-т зааснаар Г.Аг 6 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.” гэж, 

4 дэх заалтыг: 
“Эрүүгийн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.-д зааснаар шүүгдэгч Г.Ад Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2.-т зааснаар оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ялыг мөн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3.-т зааснаар оногдуулсан 6 жилийн хугацаагаар хорих ялд багтааж, Г.Агийн нийт эдлэх хорих ялыг 6 жилийн хугацаагаар тогтоосугай.” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ч.Д, Ж.Б, Г.А нарын болон өмгөөлөгч Ө.Н, Б.Л нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Давж заалдах шатны шүүх ял оногдуулсан, эсхүл цагаатгагдсан этгээдийн гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүгдэгч, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                С.ӨМИРБЕК


ШҮҮГЧИД                Н.МӨНХЖАРГАЛ


Д.КӨБЕШ