Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 050

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Азжаргал даргалж
Нарийн бичгийн дарга Т.Маншүк
Улсын яллагч: Т.Серикжан
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Т.Костёр, Х.Зулхаш
Орчуулагч: А.Еркегүл
Шүүгдэгч Х.Нурболат, Х.Жанибек нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй
Баян-Өлгий аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ахтай овогт Хахылын Нурболат, Шыбарайгыр овогт Хауызын Жанибек нарт холбогдох эрүүгийн 201604000138 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, яс үндэс казак, 1974 оны 06 дугаар сарын 05-ны өдөр төрсөн, 42 настай, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, эрэгтэй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдүүдийн хамт Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 04 дүгээр багт оршин суудаг, хэрэг хариуцах чадвартай, ухаан санаа бүрэн, урьд ял шийтгэгдэж байгаагүй, Ахтай овогт Хахылын Нурболат РД:БК74060579.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, яс үндэс казак, 1981 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр төрсөн, 35 настай, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, эрэгтэй, ам бүл 3, ээж дүүгийн хамт Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 04 дүгээр багт оршин суудаг, хэрэг хариуцах чадвартай, ухаан санаа бүрэн, урьд 2006 онд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар ял шийтгэгдэж, Өршөөл үзүүлэх тухай хуулинд хамрагдаж Шыбарайгыр овогт Хауызын Жанибек. РД:БЮ81012219.
Шүүгдэгч Х.Нурболат, Х.Жанибек нар нь бүлэглэн согтуугаар 2016 оны 06 дугаар сарын 19-ний өдрөөс 20-ны шилжих шөнийн 00 цагаас 01 цаг 30 минутын хооронд Өлгий сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлалтай Цахилгаан шугам сүлжээний газрын эд зүйл хадгалах агуулах руу хууль бусаар нэвтэрч дотор нь байсан “Уаз” маркийн тээврийн хэрэгслийн 2 ширхэг /олгойтой/ цоо шинэ дугуйг хулгайлж, 290000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
                                                          ТОДОРХОЙЛОХ нь:
   Шүүгдэгч Х.Жанибекийн өмгөөлөгч Х.Зулхаш шүүх хуралдаан дээр
-  Шүүгдэгч Х.Жанибек мэдүүлгээсээ буцсан тул мэдүүлгийн зөрүүг арилгах
- Шүүгдэгч Х.Жанибек нь шүүгдэгч Х.Нурболаттай бүлэглэж хулгай хийсэн гэх нотлох баримт хэрэгт байхгүй.
- Шүүгдэгч Х.Жанибек нь монгол хэл мэдэхгүй тул эсрэг ашиг сонирхол бүхий 2 этгээдийг өмгөөлж байгаа шүүгдэгч Х.Нурболатын өмгөөлөгч Т.Костёрыг оролцуулж мэдүүлэг авсан.
- Мөрдөн байцаагч, улсын яллагч нар хэргийг хүчээр хүлээлгэж байна гэж Х.Жанибек мэдүүлж байгаа тул хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах хүсэлт гаргасан.
Шүүгдэгч Х.Жанибек нь мөрдөн байцаалт, прокурорын шатанд хэргийг хүчээр хүлээлгэсэн гэх боловч энэ талаар гомдол санал гаргаж байгаагүй, мөн өмгөөлөгч авч эрхээр хангагдаж байсан, шүүх хуралдаан дээр шүүх хуралдаан даргалагчаас эрх, үүргийг танилцуулсан, шүүх хуралдаанд оролцогчдоос татгалзах татгалзлыг асууж санал хүсэлтийг тодруулахад байхгүй байсан зэргээс үзэхэд уг ялыг хүчээр хүлээлгэсэн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч Х.Жанибек нь шүүх хуралдаан дээр мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлгээсээ буцаж, уг хэрэгт оролцоогүй, гэмт хэрэг үйлдээгүй гэж  мэдүүлж байгаа боловч
- Гэрч Х.Даулетбекийн мөрдөн байцаалтын шатанд "....Миний бие өглөө 07 цагийн үед босож цай ууж аваад 08 цагийн үед хашаанд блок хийж байхад төрсөн ах болох Жанибек нэг намхан гаднаас таньдаг "Цамоо" гэх хоч нэрээр нь мэддэг жинхэнэ нэрийг мэдэхгүй залуутай хамт 2 ширхэг цоо шинэ Уаз -469 маркийн дугуй өнхрүүлж авч ирж өөрийн амбаарт оруулаад амбаараа цоожлоод явчихсан. Жанибек надад ямар нэгэн зүйл хэлээгүй ба манай ээж болох Ерземханаас би дугуй худалдаж авсан гэж 40000 төрөг асуугаад авсан байна. Жанибек болон хамт ирсэн залуу хоёулаа дугуйг амбаарт оруулаад удаагүй 10 минутын дараа хамт явчихсан. Миний харсан, мэдсэн зүйл энэ болно. Жанибек нарын авч ирсэн дугуй хулгайн эд зүйл болохыг мэдээгүй. Миний ах надтай харьцаад, юм яриад байдаггүй юм. Өглөө 10 цагийн үед та бүхэн ирээд дугуйг үзээд, хурааж аваад явах үед би ах дугуй хулгайлж ирсэн байна гэж бодсон. Та нарыг ирсний дараа 12 цаг 30 минутын үед ах гэрт хүрээд ирэхээр нь би болсон асуудлыг хэлж цагдаа нар чамайг хайж байна, чиний авч ирсэн дугуй хулгайн дугуй юм байна гэхэд надад юу ч хэлэхгүй над руу муухай хараад яваад өгсөн. Ээж түүнийг загнаж байсан. Тэр гэрт ирээд удаагүй яваад өгсөн" гэх мэдүүлэг /хх-ийн 24-р хуудас/
- Гэрч Т.Шынгысханы мөрдөн байцаалтын шатанд "....Миний бие эхнэр хүүхдээс салаад ганц бие Өлгий сумын 4 дүгээр багт байдаг гэртээ амьдарч байгаа. 2016 оны 06 дугаар сарын 19-ний өдөр байх өдрийг нь санахгүй байна. Би шөнө 01 цагийн үед байх гадуур нэг айлд ажил хийж ирээд ядарснаас болж гэрт орж ирээд нам унтаж амарчихсан байсан. Өглөө 08 цаг 30 минутын үед сэрэхэд манай гэрт үл таних нэг залуу шал согтуу 2 ширхэг УАЗ- маркийн тээврийн хэрэгслийн цоо шинэ дугуй авч ирсэн дугуйг дэрлээд унтаж байсныг хараад чи хаанаас хүрээд ирсэн вэ наадах дугуйгаа аваад яв гэж загнасан. Тэр залуу босож аваад манай гэрт ойрхон байдаг Китапханы /Дади/ -ийн гэрээс Х.Жанибекийг /Бота/-г дагуулж ирээд хоёр дугуйг аваад Китапханы /Дади/ -ийн гэр лүү явчихсан. Би шөнө ядарч ирсэн болохоор гэрт хэдэн цагийн үед хэн, хэн дугуйг оруулж ирснийг огт мэдээгүй. Өглөө сэрэх үед хоёр дугуйг дэрлээд унтаж байсан нэг хүнийг харсан. Би гэрт ирэхдээ хаалганы дотор талын түгжээг түгжээд авчихдаг байсан ба тэр өдөр түгжиж авахаа мартсанаас болж гэрт хүн орж ирсэн байна. Хэрэв түгжээтэй байхад гаднаас ирээд орно гэсэн бол би оруулахгүй байх байсан. Миний мэдэх зүйл энэ болно. Би тэр  үл таних намхан залуугийн авч ирсэн   цоо шинэ дугуй хулгайн эд зүйл байж болзошгүй гэж бодсон. Гэхдээ би дугуйг хулгайлж авч ирсэн болохыг лавтай сайн мэдээгүй. Тэр залуу хулгайлж авч ирсэн гэж хэлээгүй. Тэр нэлээд согтуу байсан болохоор би түүнээс ямар нэгэн зүйл асуугаагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26-р хуудас/
- Гэрч Т.Серикийн мөрдөн байцаалтын шатанд “2016 оны 06 дугаар сарын 19-нээс 20-нд шилжих шөнө 02 цагийн үед би байгууллагад ээлжийн диспечер хийж сууж байхад манай өрөөний цонхыг Х.Нурболат цохихоор нь би цонхоо онгойлгоод үзэхэд Х.Нурболат нэлээд согтуу байсан ба би танай өрөөнд орж амаръя гэхээр нь би оруулахгүй гэхэд ус өгчих гэхээр нь би аяганд ус хийж өгсөн. Х.Нурболат нэлээд согтуу байсан ба ус ууж аваад явчихсан ба би тэр үед манаач руу залгаж хашаанд Х.Нурболат согтуу явж байна шүү гэж хэлэхэд манаач Маженхан би гаднаас харж байна, сая нохой хуцахаар нь гарч ирээд юу хийх бол гэж ажиглаад байна. Явж байна тэр чигээрээ яваг гэж хэлсэн. Тэгээд 02 цаг 55 минутын үед агуулах талд нүдэх шимээ гарахаар нь манай Дизель мотор байрлах заалны хаалгаар ороход гадна талын намхан тавцантай цонхоор нэг өндөр нэг намхан хоёр хүн дотогшоо хараад зогсож байсныг харсан ба тэр хоёр хүний нэгэн өндөр нэгэн намхан нуруутай хүн байсан. Би манаач руу дахиж утсаар залгаад цонхоор хоёр хүн хараад байна, чи ирэхгүй бол болохгүй гэж хэлэхэд чи гараад очоорой нөгөө талаас би очъё гэж хэлэхээр нь би хаалгаар гарах үед манаач хүрч ирсэн ба бид хоёр цонхны гадна талд хүн байсан гэх цонхны өмнө ирэхэд миний харсан хүмүүс явчихсан байсан. Тэр газрын хөрс өвстэй байсан болохоор ямар нэгэн хүний мөр үлдээгүй байсан. Манаач бид хоёр байгууллагын барилгыг тойрч эргэж явахад хэн ч харагдаагүй болохоор ирээд амарчихсан. Маргааш нь өглөө 09 цагийн үед намайг байгууллагаас дуудсан ба очиход агуулахад хулгай орсон байна гэсэн. Би шөнө болсон асуудлыг тэнд байсан байгууллагын ажилчдад хэлж өгсөн. Миний мэдэх зүйл энэ болно  ” мэдүүлэг /хх-ийн 20-р хуудас/
- Таньж олуулах ажиллагаа хийсэн “Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 151 дүгээр зүйлийн 151.3-д заасныг удирдлага болгон гэрч С.Серикт яллагдагч Х.Нурболат сэжигтэн Х.Жанибек нарыг Цахилгаан Шугам сүлжээний газрын дизель мотор байрлах байрны гадна талд намхан тавцантай цонхны дэргэд зогсож байгаад дотор талаас нь таниулахаар бэлтгэв. Гэрч Т.Серик нь Дизель мотор байрлах заал өрөөнд орох үед цонхоор харж байсан гэх намхан болон өндөр хоёр хүн одоо цонхоор харж байгаа өндөр болон намхан хоёр хүний нуруутай маш адилхан байна. Намхан нуруутай хүн зүүн талд байсан ба өндөр нь баруун талд нь байсан. Одоо цонхоор харж байгаа хүний биеийн хэлбэр, дүрс нь яг тарч байна. Тухайн үед тэр хоёр хүний нүүр царай нь тод харагдаагүй болохоор тухайн хүмүүсийг таньж чадаагүй боловч одоо зогсож байгаа хүмүүсийн нурууны өндөр, биеийн хэлбэр дүрс тухайн үед миний харсан өндөр нам хоёр биеийн өндөр дүрстэй яг тохирч байна” гэх тэмдэглэл /хх-ийн 76-р хуудас/
- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 11-р хуудас/
- Хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын мэдүүлэг, болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна.
Шүүгдэгч Х.Жанибек нь мөрдөн байцаалтын шатанд сэжигтнээр байцаагдах үедээ сэжигтнээр байцаагдсан Х.Нурболатын өмгөөлөгч Т.Костёрын хамт байцаалт өгч эсрэг ашиг сонирхолтой мэдүүлэг өгсөн боловч яллагдагчаар татагдан мэдүүлэг өгөх үедээ үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч мөн Т.Костёр өмгөөлөгчийн хамт байцаалт өгсөн, шүүхийн шатанд өмгөөлөгч Х.Зулхашаар өмгөөлүүлэн шинэчилсэн мэдүүлэг өгч байгаа зэргийг харгалзан үзэж өмгөөлөгч Х.Зулхашын мөрдөн байцаалтад буцааж өгөхийг хүссэн хүсэлтийг хангахаас татгалзаж, хэргийг тус шүүх хуралдаанаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Х.Нурболат нь гэмт хэрэг үйлдсэн болох нь
- Гэрч Х.Даулетбекийн “ Миний бие өглөө 07 цагийн үед босож цай ууж аваад 08 цагийн үед хашаанд блок хийж байхад төрсөн ах болох Жанибек намхан гаднаас нь таньдаг, Цамоо гэх хоч нэрээр нь мэддэг, жинхэнэ нэрийг нь мэдэхгүй залуутай хамт 2 ширхэг цоо шинэ УАЗ-469 маркийн дугуй өнхрүүлж авч ирж өөрийн амбаарт оруулаад амбаараа цоожлоод явчихсан. Жанибек надад ямар нэгэн зүйл хэлээгүй ба манай ээж  болох Ерземханаас би дугуй худалдаж авсан гэж 40000 төгрөг асуугаад авсан байна. Жанибек болон хамт ирсэн залуу хоёулаа дугуйг амбаарт оруулаад удаагүй 10 минутын дараа хамт явчихсан” гэх мэдүүлэг /хх-ийн 24-р хуудас/
- Гэрч Т.Шынгысханы “Миний бие эхнэр хүүхдээс салаад ганц бие Өлгий сумын 4 дүгээр багт байдаг гэртээ амьдарч байгаа. 2016 оны 06 дугаар сарын 19-ний өдөх байх өдрийг нь санахгүй байна. Би шөнө 01 цагийн үед байх гадуур нэг айлд ажил хийж ирээд ядарснаас болж гэрт орж ирээд нам унтаж амарчихсан байсан. Өглөө 08 цаг 30 минутын үед сэрэхэд манай гэрт үл таних нэг залуу шал согтуу 1 ширхэг УАЗ маркийн тээврийн хэрэгслийн цоо шинэ дугуйг авчирсан. Дугуйг дэрлээд унтаж байсныг хараад чи хаанаас хүрээд ирсэн бэ, наад дугуйг аваад гар, яв гэж загнасан. Тэр залуу босоод манай гэрт ойрхон байдаг Китапханы /Дади/ гэрээс Х.Жанибекийг дагуулж ирээд 2 дугуйг аваад Китапханы гэр лүү явчихсан. Би шөнө ядарч ирсэн болохоор гэрт хэдэн цагийн үед хэн, хэн дугуйг оруулж ирснийг огт мэдээгүй. Өглөө сэрэх үед 2 дугуйг дэрлээд унтаж байсан нэг хүнийг харсан. Би гэрт ирэхдээ хаалганы дотор талын түгжээг түгжээд авчихдаг байсан ба тэр өдөр түгжиж авахаа мартсанаас болж гэрт хүн орж ирсэн байна” гэх мэдүүлэг /хх-ийн 25-р хуудас/
- Гэрч З.Китапханы “.. 2016 оны 06 дугаар сарын 19-ний өдрөөс 20-нд шилжих шөнө Х.Жанибед манай гэрт шөнийн 02 цагийн үед хар хөх өнгийн Хятад улсад үйлдвэрлэгдсэн өөрийн унаж явдаг байсан мотоциклоо явган түлхэж ирсэн ба би мотоциклын түлхүүрээ гээчихсэн танайд хонох гэж ирсэн гэхээр нь би ор засаж өгч манайд хоносон. Өглөө 08 цаг 30 минутын үед би босож байхад Х.Жанибек босчихсон манай хашаанд нэг намхан бор царайтай залуутай ярилцаад зогсож байсныг цонхоор харсан ба тэд хэсэг хугацаанд хамт яваад 1 цагийн дараа тэр хоёр 2 ширхэг УАЗ маркийн тээврийн хэрэгслийн цоо шинэ дугуй өргөөд манайд ирсэн. Х.Жанибек надад энэ хоёр дугуйг манайд хүргээд өг гэхээр нь би та нар юу аваад ирсэн юм бэ хулгайн юм биш биз гэхэд намхан залуу энэ миний өөрийн зүйл гэж хэлсэн. Би юм бодолгүй таксины мөнгө аваад гэрт нь хүргээд өгсөн гэх мэдүүлэг /хх-ийн 27-р хуудас/
- Гэрч Т.Серикийн “2016 оны 06 дугаар сарын 19-нээс 20-нд шилжих шөнө 02 цагийн үед би байгууллагад ээлжийн диспетчер хийж сууж байхад манай өрөөний цонхыг Х.Нурболат цохихоор нь би цонх онгойлгоод үзэхэд Х.Нурболат нэлээд согтуу  байсан ба танай өрөөнд амаръя гэхээр нь би оруулахгүй гэхэд ус өгчих гээд би ус хийж өгсөн. Х.Нурболат нэлээд согтуу байсан ус ууж аваад явчихсан. Тэгээд би тэр үед манаач руу залгаж хашаанд Х.Нурболат согтуу явж байна гэхэд манаач  Маженхан би гаднаас харж байна сая нохой хуцахаар нь гарч ирээд юу хийх бол гээд ажиглаад байна. Явж байна тэр чигээрээ яваг гэж хэлсэн. Тэгээд 02 цаг 55 минутын үед агуулах талд нүдэх чимээ гарахаар нь манай дизель мотор байрлах заалны хаалгаар ороход гадна талын намхан тавцантай цонхоор нэг өндөр, нэг намхан хоёр хүн дотогшоо хараад зогсож байсныг харсан ба тэр хоёр хүний нэг нь өндөр нэг нь намхан хүн байсан. ... Тэр газрын хөрс өвстэй байсан болохоор ямар нэгэн хүний мөр үлдээгүй байсан. Манаач бид хоёр байгууллагын барилгыг тойрч эргэж явахад хэн ч харагдаагүй болохоор ирээд амарчихсан. Маргааш нь өглөө 09 цагийн үед намайг байгууллагаас дуудсан ба очиход агуулахад хулгай орсон байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-р хуудас/
- Гэрч Т.Серикийн “ миний бие дизель мотор байрлах  заал өрөөнд орох үед цонхоор харж байсан гэх намхан болон өндөр хоёр хүн одоо цонхоор харж байгаа өндөр болон намхан хоёр хүний нуруутай маш их адилхан байна. Намхан нуруутай хүн зүүн талд байсан ба өндөр нь баруун талд байсан. Одоо цонхоор харж байгаа хүний биеийн хэлбэр, дүрс яг таарч байна. Тухайн үед би тэр хоёр хүний нүүр царай тод харагдаагүй болохоор тухайн хүмүүсийг таньж чадаагүй боловч одоо зогсож байгаа хүмүүсийн нурууны өндөр, биеийн хэлбэр, дүрс тухайн үед миний харсан өндөр нам хоёр хүний биеийн өндөр хэлбэр, дүрстэй яг тохирч байна гэж би баталгаатай хэлж чадна. ....” гэх таньж олуулах ажиллагаа хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 76-р хуудас/
- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 11-р хуудас/
- Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 13-р хуудас/
- Иргэний нэхэмжлэгч Ф.Ерланы “ Миний бие өглөө 09 цагийн үед ажилд ирж өрөөнд сууж байхад Цахилгаан шугам сүлжээний газрын манаач Маженхан ирж эд зүйл хадгалдаг агуулахын гадна талын том тээврийн хэрэгсэл орох хаалгыг онгойлгосон байна гэж ирснээр миний бие газар дээр нь  очиж газрын удирдлага нарт болсон асуудлыг танилцуулж Цагдаагийн газарт дуудлага өгсөн. ... Цахилгааны тоног төхөөрөмж сэлбэг, тээврийн хэрэгслийн дугуй хадгалж байсан өрөөнөөс 2 ширхэг цоо шинэ УАЗ-469 маркийн тээврийн хэрэгслийн дугуй алга болсон байсан. ... Дугуйг хулгайлсан этгээдийг Цагдаагийн газраас тогтоож хулгайлагдсан 2 дугуйг хүлээлгэж өгсөн. Байгуулллагад өөр учирсан хохирол байхгүй. Энэ талаар ямар нэгэн нэхэмжлэл гаргахгүй” гэх  мэдүүлэг /хх-ийн 17-р хуудас/
- Иргэний нэхэмжлэгч Н.Ерземханы “2016 оны 06 дугаар сарын 28-ний өдөр төрсөн хүүхэд болох Х.Жанибек 10-11 цагийн үед байх цагийг нь сайн санахгүй байна гэрт намхан нуруутай бор царайтай нэг залуугийн хамт ирж ээж би хоёр дугуй худалдаж авлаа гээд надад 40000 төгрөг хэрэгтэй байна гэсээр миний бие 40000 төгрөг өгсөн. Би худалдаж тавьсан гэх дугуйг нь нүдээрээ хараагүй. Харин цагдаагийн газраас хүмүүс ирж Х.Жанибекийн амбаарт үзлэг хийх үед Х.Жанибекийн авч ирсэн дугуйг харсан. Би Даулетбекийн жижиг дугуйд таарах дугуй авсан байна шүү дээ гэж ойлгосон байсан ба уг дугуй жижиг машинд таарахгүй том дугуй байсан байна. Надад учирсан хохирлыг төлүүлж өгнө үү” гэх мэдүүлэг /хх-ийн 19-р хуудас/
- Мөрдөн байцаалт, шүүхийн шатанд гэм буруугаа хүлээн мэдүүлж байгаа мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн байх тул үнэн зөвд тооцон үнэлэх боломжтой гэж үзлээ.
Шүүгдэгч Х.Нурболат, Х.Жанибек нар нь амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор, шунахайн сэдэлттэй шууд санаатайгаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 06 дугаар сарын 19-ний өдрөөс 20-нд шилжих шөнийн 00 цагаас 01 цаг 30 минутын үед Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр багт байрлалтай Цахилгаан шугам сүлжээний газрын эд зүйл хадгалах агуулах руу хууль бусаар нэвтэрч, дотор нь байсан УАЗ-469 маркийн автомашины 2 ширхэг /олгойтой/ шинэ дугуйг хулгайлж, гэмт хэрэг үйлдсэн болох нь дээрх хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Х.Жанибек нь урьд өмнө хулгайн гэмт хэрэгт холбогдож 2006 оны 06 дугаар сарын 28-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хорих ялаар шийтгэгдэж, 2006 оны Өршөөлийн хуулиар хэрэгсэхгүй болж байсан байна. Иймд шүүгдэгчийг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэв. Шүүгдэгч Х.Жанибек бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлж шүүх хуралдаан дээр согтуу ирсний улмаас шүүх хуралдаан хойшлуулж таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж 2 хоног цагдан хоригдсоныг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Х.Жанибект ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1-д “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн, хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, мөн хуулийн 55.1.3-д “гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан” зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, согтуугаар гэх хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.
Шүүгдэгч Х.Жанибекийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хор уршиг, эрүүл мэнд, ажил хөдөлмөр эрхэлдэггүй, тогтсон орлогогүй, хувийн байдал, хохирол төлбөргүй болон дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж түүнд эд хөрөнгө хураахгүйгээр баривчлах ялыг сонгон оногдуулж, уг ялыг ганцаарчилсан дэглэм бүхий байранд эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч Х.Нурболатад ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1-д “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн, хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн”, мөн хуулийн 55.1.3-д “гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан”, 55.1.9-д “үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн” зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, согтуугаар гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.
Шүүгдэгч Х.Нурболат нь тус хэрэгт мөрдөн байцаалтын шатанд шалгагдаж байх хугацаандаа 2016 оны 07 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө Өлгий сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах иргэн Ф.Ерланы зууны байшингаас иргэн Х.Нурболат нь MGM маркийн 1 ширхэг компьютерын дэлгэц, цахилгаан тогоо, iphone 4 маркийн хуучин гар утас болон хөргөгчид байсан шинэ бялуу зэргийг хулгайлсан  боловч 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 5/348 дугаартай Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын тогтоолоор эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсаныг дурдах нь зүйтэй байна. /хх-ийн 61-р хуудас/
Шүүгдэгч Х.Нурболатын гэмт хэргийг үйлдсэн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал,  гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, ажил хөдөлмөр эрхэлдэггүй, тогтсон орлогогүй, 8 сартай жирэмсэн эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, хэргээ хүлээн мэдүүлж байгаа байдал, 48 хоног цагдан хоригдсон, хохирол төлбөргүй, анх удаа хүндэвтэр гэмт хэрэг согтуугаар бусадтай бүлэглэн үйлдсэн зэргийг харгалзан үзэж эд хөрөнгө хураах ял хэрэглэхгүйгээр гэм буруугаа ухамсарлан гэмших боломжоор хангаж баривчлах ялыг сонгон, ганцаарчилсан дэглэм бүхий байранд эдлүүлэх нь зүйл гэж үзлээ.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн саарал өнгийн малгайг шүүгдэгч Х.Нурболатад буцаан олгож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Нурболатын 150000 төгрөгийн үнэ бүхий зурагт, 150000 төгрөгийн үнэ бүхий хөлдөөгч, шүүгдэгч Х.Жанибекийн 450000 төгрөгийн үнэ бүхий 32 инчийн зурагт битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг тус тус хүчингүй болгох нь зүйтэй.
 Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 285, 286, 289, 294-299 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь
1. Шүүгдэгч Көбеген Ахтай овогт Хахылын Нурболат, Шыбарайгыр овогт Хауызын Жанибек нарыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг бүлэглэн, орон байр, агуулах саванд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Нурболат, Х.Жанибек нарыг эд хөрөнгө хураахгүйгээр 3 /гурван/ сар 10 /арван/ хоногийн хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгэсүгэй
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Нурбоат, Х.Жанибек нарт оногдуулсан 3 сар 10 хоногийн баривчлах ялыг тус тус нийгмээс тусгаарлан тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлсүгэй.
4. Энэ хэрэгт шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, тэднээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Нурболатын цагдан хоригдсон 48  хоног, шүүгдэгч Х.Жанибекийн цагдан хоригдсон 2 хоногийг тус тус ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн саарал өнгийн малгайг шүүгдэгч Х.Нурболатад буцаан олгосугай.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Нурболатын 150000 төгрөгийн үнэ бүхий зурагт, 150000 төгрөгийн үнэ бүхий хөлдөөгч, шүүгдэгч Х.Жанибекийн 450000 төгрөгийн үнэ бүхий 32 инчийн зурагт битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг тус тус хүчингүй болгосугай.
8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Жанибект авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шүүгдэгч Х.Нурболатад авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, тэдний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
9. Шийтгэх тогтоол уншин танилцуулснаар хүчинтэй болох бөгөөд тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч эс зөвшөөрвөл, гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
 
 
   
             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.АЗЖАРГАЛ