Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 2016/ШТЦ/052

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дауренбек даргалж, 
нарийн бичгийн дарга: Т.М,
орчуулагч: А.Е,
улсын яллагч: М.О,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Т.К,
шүүгдэгчийн өмгөөлөгч: Я.С, 
шүүгдэгч К.Б нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн И овогт Кын Бд холбогдох 201504000143 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
    Шүүгдэгч К.Б: Монгол Улсын иргэн, эрэгтэй, яс үндэс казах, 1974 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Баян-Өлгий аймгийн Алтай суманд төрсөн, 41 настай, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, ам бүл 6, аав, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, Баян-Өлгий аймгийн Алтай сумын ** дүгээр багт оршин суудаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа, шагнал үгүй, хэрэг хариуцах чадвартай, 2011 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 156 дугаар зүйлийн 156.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдож, Баян-Өлгий аймгийн Сум дундын шүүхийн шийтгэх тогтоолоор 2 жил 6 сар хорих ялаар шийтгүүлж байсан, И овогт Кын Б, РД:****.
Шүүгдэгч К.Бы холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч К.Б нь 2016 оны 7 дугаар сарын 14-ний өдөр 10 цагийн үед Алтанцөгц сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр буюу “Ургамал” нэртэй газарт өөрийн эзэмшлийн Уаз-31512 маркийн **** БӨТ дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад зам тээврийн осол гаргасны улмаас зорчигч Шомагийн А нас барсан гэмт хэрэгт холбогджээ. 
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч К.Б шүүхийн хэлэлцүүлэгт: “... Гэнэт машины ар тал эргэх шиг болсон. Гэнэт тоормос дарах гэсэн боловч машин замаас гараад явахаар байсан тул тэр чигт нь бариад замаас гарахгүй гарчихъя гэж бодсон. Тэгж байтал машин онхолдох нь тодорхой болсон ба нэг харахад толь хагарсан. Тэгж байтал дотор байсан хүмүүс бензиний үнэр гараад байна гэж хэлсэн. Харсан чинь машин асаалттай байсан ба машин шатчихвий гээд машинаа унтраасан, араанаас салгах гэсэн боловч хаалга онгойхгүй байна гэсэн. Дотор байсан хүмүүст цонхыг хагалаад гадаа гарцгаа гэсэн. Би өөрөө хаагуур гарсныг сайн мэдээгүй. Осол гаргасан шалтгаан маань зам өөрөө ээдрээтэй байсан ба машины дугуй халтираад гаргаж чадаагүй. Тоормос гишгэж амжилгүй машин газарт унасан. Бүх зүйл хоромхон зуур болж өнгөрсөн. Өмнөх хоёр машиныг нэг машин ирж байсан ба тэрүүгээр дуудаж ирүүлсэн. Эгч маань нас барсан гэдгийг хүмүүс бүгд харсан. Анх байцаалт өгөхдөө бүгдийг хэлж өгсөн” гэв. 
- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт: “... Хадам ахын хүүхэд нь гэрлэх болоод талийгаач бэр авчрахаар явсан. Явахаас өмнө бэр эгч маань чи Бы машинаар суухаар боллоо гээд талийгаачид хэлж байсан ба бид зөвшөөрөөд явуулсан. Гэнэтийн ийм зүйл боллоо. Ямар нэгэн гомдол саналгүй” гэв.
- Улсын яллагч ялын шүүмжлэлдээ: “... Иймд шүүгдэгч К.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэж, Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 3 жил 3 сарын хорих ялаар шийтгэх, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэх саналтай байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ямар нэгэн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн бөгөөд  шүүгдэгчээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй. Шүүгдэгчид мөрдөн байцаалтын шатанд батлан даалтад өгсөн таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, урьдчилан цагдан хоригдож байгаагүй, түүнд авагдсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн машины хагарсан толь, урьд цонхны салхины хагарсан шил зэргийг хэрэг шийдвэрлэсний дараа устгах, иргэний нэхэмжлэл хангах зорилгоор шүүгдэгчийн өмчлөлийн гүүг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгох саналтай байна. Шүүгдэгчийг гэм буруугүй гэж үзэх үндэслэлгүй, зам тээврийн осол гаргах үедээ самбаачилж чадаагүй осол гаргасан тул гэм буруугүй гэж үзэх үндэслэлгүй байна” гэв. 
- Шүүгдэгчийн өмгөөлөгч өмгөөллийн үгэндээ: “... Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн. Гэхдээ хүний амь насыг төлж өгнө гэж байхгүй. Сэдэлт нь болгоомжгүйгээр үйлдэгдсэн гэмт хэрэг байгаа тул 5 жил хүртэл хугацаагаар тэнсэн харгалзах боломжтой гэж заасан тул тэнсэн харгалзах боломжтой гэж үзэж байна. Эрх хасах ялд хэлэх зүйл байхгүй. Иймд дээр дурдсан нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзаж, Монгол Улсын Үндсэн хуулийн энэрэнгүй ёсны зарчмын үүднээс шүүгдэгчид оногдуулах хорих ялыг тэнсэн харгалзаж өгөхийг хүсье” гэв.
Шүүх хуралдаанд: Эрүүгийн хэрэг үүсгэж байцаан шийтгэх ажиллагаа явуулах тогтоол, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, цогцосонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Т.Кыг хохирогчоор байцаасан тэмдэглэл, гэрч М.Е, Б.С, М.Е, Т.Ж, К.Б, К.М, Ш.С нарыг гэрчээр байцаасан тэмдэглэл, Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Е.Бы 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 6 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. 
Шүүгдэгч К.Бы гэм буруугийн талаар: 
Шүүгдэгч К.Б нь 2016 оны 7 дугаар сарын 14-ний өдөр 10 цагийн үед Алтанцөгц сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр буюу “Ургамал” нэртэй газарт өөрийн эзэмшлийн Уаз-31512 маркийн **** БӨТ дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад зам тээврийн осол гаргасны улмаас зорчигч Шомагийн А нас барсан гэмт хэрэг үйлдсэн болох нь дараах  нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд: 
    - Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/, 
    - Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 3-5 дугаар хуудас /, 
    - Зам тээврийн осол хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, зам тээврийн ослын акт, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүүдэвч зураг, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-11 дүгээр хуудас/, 
    - Цогцосонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 12-16 дугаар хуудас/, 
    - Тээврийн хэрэгсэлд үзлэг хийж хүлээлгэж өгсөн тухай тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 21-22 дугаар хуудас/,    
    - Хохирогч Т.Кын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Талийгаач Алтай сумын төвд очиж хоноод маргааш өглөө нь Баяннуур сум руу эрт гарна гэж хэлээд явсан юм. Тэгээд 2016 оны 7 дугаар сарын 02-ны өдөр үдийн цайны үеэр сумын төвөөс хамаатан садангууд манай гэрт ирж миний эхнэр Ш.Аийн сууж явсан К.Бы тээврийн хэрэгсэл онхолдож миний эхнэр нас барсан талаар надад хэлсэн...” 
    “... дээрх асуудал санамсаргүй болсон золгүй явдал болохоор миний болон ар гэрийн зүгээс жолооч К.Бд ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 дүгээр хуудас/, 
    - Гэрч М.Еийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  “... 2016 оны 7 дугаар сарын 02-ны өдөр өглөөний 4 цагийн үед Алтай сумаас Т.Ж, Б.С, М.Е, талийгаач Ш.А, жолооч К.Б, миний бие нийт зургаан хүн   миний хамаатан ах болох К.Бы Уаз-31512 маркийн **** БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгслээр, хамаатан ах К.М, хамаатан ах С.Б, хүргэн ах С.Н нар өөрсдийн машинаар нийт 4 тээврийн хэрэгсэл Алтай сумаас гарч, 07 цаг 30 минутын үед Өлгий суманд ирж нэг цаг гаруй байж байгаад Баяннуур сум руу гарсан. Тэгээд Хатуугийн голоор гарсны дараа К.М, хамаатан ах С.Б нар бид нарын сууж явсан тээврийн хэрэгслээс түрүүлж, урд явсан ба С.Нын машин голоор гарч чадахгүй болохоор гүүрээр гарахаар явсан. Голоос гарсны дараа бид нарын сууж явсан машины жолооч К.Б “... яарахгүй явъя” гэж хэлээд явж байсан. Би нойрмоглож унтсан байсан ба 2 удаа чанга чимээ гарч би сэрж харахад миний баруун талд Б.С ах сууж явсан ба тээврийн хэрэгслийн хойд талд сууж байсан хүмүүсийн доор орсон байсан. Тэгээд М.Е ах бензин асгарч байна хурдан хаалга өшиглөж онгойлго гэж хашгирч байсан. Т.Ж, Б.С, М.Е бид дөрөв машины хойд туслах талын хаалганы талд нэг нэгийнхээ дээр гарч чихэлдсэн байсан. Тэгж байхад би хэсэг хугацаа ухаан алдсан шиг болсон. Т.Ж, Б.С, М.Е гурав машинаас гадаа гарсан байсан. Дахиж ухаан ороход миний хамарнаас цус гарч байсан. Аль тал гэдгийг сайн санахгүй байна, машины хойд талын нэг хаалга онгорхой байсан ба би тэр хаалгаар гадаа гарч ирсэн. Гадаа гарч ирж би хамарныхаа цусыг гоожуулж байхад Т.Ж, Б.С, М.Е,   К.Б нар талийгаач Ш.А эгч дарагдсан байна гэж орилж байсан. Нөгөө дөрөв машиныг нэг тийш нь өнхрүүлж байсан ба би ч гэсэн гүйж очиж машиныг өргөлцөж тусалсан. Миний бие айж сандарсан байсан болохоор машин аль талаараа  унасан, аль тал руу нь эргүүлснийг сайн санахгүй байна. Машинаас талийгаачийг гаргаж ирж Б.С ах талийгаач Ш.А эгчийг хойд талаас нь түшиж тэвэрч, бид нарт машин тэрэг харагдвал дуудаарай, ууланд гарч сүлжээ баривал мэдэгдээрэй гэж хэлсэн. Би халаасаа тэмтэрч үзэхэд миний халаасанд  утас байх шиг байсан юм. Тэгээд Т.Ж, М.Е бид гурав уул руу гүйж гарч, би халааснаасаа утсаа авах гэхэд утас минь байхгүй байсан. Бид нар уулын орой хэсэгт гарч ойр орчим машин тэрэг ирж байгаа эсэхийг харахад Алтанцөгц сумын чиглэлээс машин ирж байхыг харж машин руу гүйхэд тэр машинтай явж байсан хүмүүс ч гэсэн бид нарыг харж ирсэн. Уг тээврийн хэрэгслийн маркийг мэдэхгүй байна. Жийп машин байсан ба машин дотор явж байсан өөрийгөө Баяннуур сумын харьяат эмч хүн гэж хэлж байсан настай эмэгтэй хүн, талийгаач Ш.Аийн гарын судсыг барьж үзэж амьтай байгаа юм шиг байна. Алтанцөгц сум хол, та нарын нэгэн манай машинд сууж аймгийн төв орж Цагдаа, эмнэлэгт мэдэгдээрэй гэж хэлсэн. Тэгээд М.Е ах тэр жийп машинд сууж аймгийн төв рүү явсан. Тэгээд нэг их удалгүй аймгийн түргэн тусламжийн машин ирж эмч нь талийгаач Ш.Аийг үзэж зүрх нь зогссон байна гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 дүгээр хуудас/, 
    - Гэрч Б.Сий мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... миний хамаатан дүү М.Е хуримаа хийхээр болж Баян-Өлгий аймгийн Баяннуур сумаас бэр авч ирэхээр 2016 оны 7 дугаар сарын 02-ны өдөр өглөөний 4 цагийн үед Алтай сумаас миний бие, Т.Ж, М.Е, М.Е, талийгаач Ш.А, жолооч К.Б бид зургаа манай хамаатан залуу К.Бы Уаз-31512 маркийн **** БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгслээр, хамаатан ах К.М, хамаатан ах С.Б, хүргэн ах С.Н нар өөрсдийн машинаар нийт 4 тээврийн хэрэгсэл Алтай сумаас гарч, 07 цаг 30 минутын үед Өлгий суманд ирж нэг цаг гаруй байж байгаад Баяннуур сум руу гарсан. Тэгээд Хатуугийн голоор гарсаны дараа К.М, хамаатан ах С.Б нар бид нарын сууж явсан тээврийн хэрэгслээс түрүүлж, урд явсан ба С.Нын машин голоор гарч чадахгүй болохоор гүүрээр гарахаар явсан. Голоос гарсны дараа бид нарын сууж явсан машины жолооч К.Б яарахгүй явъя гэж хэлээд нөгөө хэдийн араас явж байсан. Замд нэг даваа байсан ба уг даваагаар давж бага зэрэг уруудаж машин түс тас болж чимээ гарч жолооч тал буюу зүүн талаараа хажуулдаж унаж, дараа нь дахиж нэг өнхөрч онхолдож дээвэр хэсгээрээ газардаж зогссон. Би тээврийн хэрэгслийн туслах буюу баруун хойд талын хаалганы хажууд сууж байсан ба миний хажуу талд сууж байсан М.Е, Т.Ж нарын нэг нь машины урьд салхины шилийг өшиглөж хагалсан ба намайг гадаа чирж гадаа гаргаж авсан. Бид хэд гадаа гарсны дараа талийгаач Ш.А эгчийг гаргаж авах гэхэд талийгаач урьд салхины шилээр багтахгүй байхаар машиныг бүгдээрээ өргөж, нэг удаа өнхрүүлж нэг хаалгыг онгойлгож  талийгаач   эгч   Ш.А   эгчийг   гадаа   чирч   гаргаж   ирсэн. Талийгаач Ш.А эгчийг гадаа гаргаж ирэхэд талийгаачийн гар нь бүлээн байсан болохоор би нөгөө хэдийг сүлжээ барихаар газар гүйлгэж, өөрөө байдалд орж, сандарч талийгаачийг тэвэрч сууж байсан. Жолооч К.Б замд явж байсан нэг машиныг дуудаж ирсэн. Уг машин дотор сууж байсан нэг эмэгтэй хүн талийгаачийг үзэж хүнд гэмтэл авсан байна. Аймгийн төв орж эмнэлэгт мэдэгдээрэй гэж хэлсэн. Тэгээд М.Еыг тэр хүмүүсийн машинд суулгаж аймгийн төв рүү явуулсан. Нэг их удалгүй аймгийн түргэн тусламжийн машин ирж эмч нь талийгаач Ш.Аийг үзэж нас барсан байна гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 дугаар хуудас/, 
    - Гэрч М.Еын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  “... Миний хамаатан дүү М.Е хуримаа хийхээр болж Баян-Өлгий аймгийн Баяннуур сумаас бэр авч ирэхээр 2016 оны 7 дугаар сарын 02-ны өдөр өглөөний 4 цагийн үед Алтай сумаас хамаатан ах Х.Бы **** БӨТ улсын  дугаартай  Уаз-31512 маркийн  тээврийн хэрэгслээр талийгаач Ш.А, Б.С, Т.Ж, М.Е, миний бие нийт жолоочоос гадна 5 хүн гарсан. Хамаатан ах К.М, хамаатан дүү С.Б нар бусад хүмүүсийг суулгаж, өөр өөрсдийн тээврийн хэрэгслээр бид нартай хамт гарсан. Өглөөний 8 цагийн үед Өлгий суманд орж ирж нэг айлаас цай ууж аваад 09 цагийн үед Өлгий сумаас Баяннуур сум руу гарсан. Тэгээд замд хатуугийн голоор гарсны дараа К.М, С.Б нар түрүүлж яваад өгсөн ба бид нарын сууж явсан машин араас нь явсан юм. Замд нэг даваа давж саад тал нь бага зэрэг уруу замаар уруудаж явж байхад бид нарын сууж явсан машины жолооч талд буюу зүүн хойд талын дугуй замын захын бага зэрэг овоологдсон шороо буюу ирмэг хэсэгт гарч машины хойд тал зүүн тийшээ бага зэрэг шидэгдэх шиг болсон ба хоромхон зурын хугацаанд машины жолооч тал буюу зүүн талаараа хажуулдаж унаж, дараа нь дахиж нэг эргэж, онхолдож машины дөрвөн дугуй дээшээ тэнгэрлүү харж дээвэр хэсгээрээ газардаж зогссон. Би тээврийн хэрэгслийн жолоочийн хойд талын суудалд сууж байсан. Машин онхолдсоны дараа хаалгыг онгойлгох гэхэд хаалга онгойхгүй байсан учир би, жолооч К.Бд хаалга онгойхгүй байна гэдгийг хэлсэн. Б, С нар цонхоор гаръя гэж машины урьд салхины шилийг өшиглөж байсан. Би жолоочийн хойд тал буюу сууж байсан хаалганы түгжээг эргүүлж, бариулыг татахад хаалга онгойлогдсон. Би түрүүлж машинаас гадаа гарсан. К.Б, Б.С, Т.Ж, М.Е нар машины хаагуур нь гарч ирснийг анзаарсангүй. Тэд нар ч гэсэн миний араас гадаа гарч ирсэн байсан. Тэгээд Б, С, Ж, Е, бид тав гадаа гарч ирсний дараа би талийгаач Ш.А эгчийг хаана байна гэж хэлсэн. С ах машинд очиж талийгаачийг машин дотор байна гэж хэлсэн. Талийгаач машины урьд талд сууж явж байсан ба урьд талын голын хоёр суудлын голд хэвтэж байх шиг харагдсан. С ах талийгаачийг машинаас гадаа гаргаж авах гээд гаргаж чадахгүй байсан ба Б машиныг өргөж эргүүлье тэгвэл гарч ирэх юм байна гэж хэлсэн. Тэгээд би Б, Е, бид хэд машиныг өргөж, эргүүлж туслах тал буюу баруун талаараа газардуулсан. Машиныг эргүүлсний дараа С ах талийгаач Ш.Аийг урьд салхины шилээр гадаа гаргаж ирэх шиг болсон. Би талийгаачийн гарны судсыг барьж үзэхэд судас нь цохихгүй байсан ба би талийгаачийг нас барсан байна гэж хэлсэн. Б, С ах нар талийгаачийн зүрх нь тус газар барьж үзэж, Б амьд байгаа юм шиг байна, хурдан уул руу гарч сүлжээ барих газар хайж гарсан ба миний араас Е, Ж нар ч гэсэн ууланд гарч ирсэн. Ууланд гарч үзэхэд утасны сүлжээ барих боломжгүй байсан. Тэгээд бид нар уулнаас бууж ирж байхад Алтанцөгц сумын чиглэлээс нэг жийп машин ирж байсан. Б уг жийп машины замд гарч зогсоож дагуулж ирсэн. Би уулнаас бууж ирэхэд уг машинд сууж зорчиж явсан настай эмэгтэй хүн бууж талийгаачийг үзэж байсан ба цагдаа, шүүх, эмнэлэгт мэдэгдээрэй гэж хэлсэн. Би уг хүмүүсийн машинд сууж аймгийн төв орж түргэн тусламж болон цагдаад мэдэгдэхээр явсан. Аймгийн төв рүү орж ирэх замд сүлжээ барьсан ба би эгч Ермекгүлд болсон асуудлын талаар хэлж, эмнэлэг, цагдаад мэдэгдээрэй гэж хэлсэн. Тэгээд бид нар Бугат сум орж ирэхэд бид нарын урьдаас аймгийн түргэн тусламжийн машин гарч ирсэн ба би түргэний машинд сууж зам тээврийн осол гарсан газарт дагуулж очсон. Түргэний эмч талийгаач Ш.А эгчийг нас барсан гэж хэлсэн. 
    “ ... Миний бодлоор тээврийн хэрэгслийн жолооч тал буюу зүүн хойд талын дугуй замын захын бага зэрэг овоологдсон шороонд гарсан ба тээврийн хэрэгслийн хойд тал зүүн тийшээ бага зэрэг шидэгдсэн, тэгэхэд жолооч Б тээврийн хэрэгслийг замд оруулах гэж жолооны хүрдийг баруун гар талруугаа эргүүлэхэд тээврийн хэрэгсэл хажуулдаж онхолдсон шиг болсон” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35 дугаар хуудас/, 
    - Гэрч Т.Жын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... замд байдаг нэг даваанд гарч давааны цаад тал баг зэрэг уруу байсан замруу уруудаж явж байхад бид нарын сууж явсан машины жолоочийн тал буюу зүүн хойд талын дугуй замын захын бага зэрэг овоологдсон шорооны ирмэг хэсэгт гарч машины хойд талд зүүн тийшээ бага зэрэг халтирсан ба машины жолооч тал буюу зүүн хойд талаараа хажуулдаж унаж, дараа нь дахиж нэг эргэж онхолдож, машины дөрвөн дугуй дээшээ тэнгэрлүү харж дээвэр хэсгээрээ газардаж зогссон” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37 дугаар хуудас/, 
    - Гэрч К.Бий мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Тэр өдөр бид Алтай сумаас 3 машин хамт гараад Алтанцөгц, Баяннуурын чиглэлд явж байсан ба бидний бэр эгч болох А эгч бэр авахаар явж байсан юм. Өлгийгээс гараад хатуу орж, тэгээд цаашаа “ Хатуу хөтөл” рүү явж байсан ба хамгийн түрүүнд Аийн хүргэн гэдэг нэгэн залуу өөрийн машинтай явж байсан, түүний араас М, түүний араас буюу хамгийн сүүлд би явж байсан, миний араас нөгөө осол гаргасан машин буюу Б явж байсан юм. Бид Хатуу хөтөл давж түүний цаад талын хөтөл гарч арын машинаа хүлээж байтал араас Б өөр машинтай ирээд бидэнд ирж, машин онхолдов гэж сандарсан, айж байсан. Тэгээд бид хоёр машинтай буцаж нөгөө Бы машин онхолдсон гэх газар ирсэн чинь Бы машинд явж байсан А гэгч эмэгтэйг газарт хэвтүүлсэн байлаа. Тэр үед буюу биднийг ирэх үед тэр хүн бараг өнгөрсөн байлаа. Замын ховилд гарч машинаа унагааж авсан юм шиг байлаа, яаг яаж юунаас болж унасан талаар мэдэхгүй, замын хувьд гэвэл машин онхолдсон гэх газар нь бага зэргийн урвуу газар байсан ба шороон замтай, замын гол нь ховилтой, цаг агаарын хувьд тогтуун тайван, цэлмэг агаартай байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 38 дугаар хуудас/, 
    - Гэрч К.Мын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Тэр өдөр бид өөрийн хамаатан ахын хүү М.Е гэгч Алтанцөгц сумаас эхнэр авахаар гурван машинтай хүмүүс өглөө 5 цагаас Алтай сумаас Өлгий орж ирээд тэгээд аймгийн төвөөс 09 цагийн үед гарч Алтанцөгц сум руу явж байтал миний урьд нэг машин явж байсан ба миний ард ирж яваа Бы Уаз-469 маркийн машин миний араас ирж яваад Алтанцөгц орох замд над талын хатуу хөтөл гэх газар унасан байлаа. Би тэр хөтөл өнгөрч яваад цаад талын хөтөлд гарч замд ард байгаа машиныг хүлээж байтал Б өөр машинтай бидний араас ирээд машин онхолдов гэж хэлсэн ба кабинд явж байгаа эгч Аийн биеийн байдал хүнд байна гэж хэлсэн. Тэгээд би өөрийн машинтай нөгөө хамт явж байгаа машинтай хүмүүсийн хамт буцаж нөгөө машин унасан гэх газар ирсэн чинь эгч нас барсан байсан. Бусад хүмүүс гайгүй гэж хэлж байсан. Нэг хүнийг замын машинаас аймаг руу явуулсан гэж хэлсэн. 
    “ ... машин унасан гэх газар нь Хатуу хөтөлийн наана аймгаас гараад Алтанцөгц явах замд тал газар, бага зэргийн замын жалгатай газар машин унасан байлаа. Биднийг очих үед машин жолооч талаар хажуулдаж унасан байсан, Б хэлэхдээ анх машины дөрвөн дугуйн дээшээ харж унасан байсан. Бид дотор байгаа хүмүүсээ гаргаж авах гэж кабинд байгаа залуус бүгд нийлж байгаа машиныг хажуу тал руу өнхрүүлж тэгээд дотор нь байгаа нөгөө талийгаачийг гаргаж авсан гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 39 дүгээр хуудас/, 
    - Гэрч Ш.Сгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... хүйтэн хөндийгөөс гараад Ургамал гэх газар дөхөх үед холоос нэг юм тэрэг шиг бүдэг харагдсан.Тийшээ ойртох үед нэг залуу гүйж ирээд машинаа онхолдуулж авлаа гэхэд бид онхолдсон машины хажууд очсон. Онхолдсон машины хажууд дөрөв юмуу таван хүн байсан, сайн анзаараагүй. Тэгээд нэг хүргэн хүүгээ буулгахад хүргэн хүү очиж хараад буцаж хүрч ирээд нэг хүн ухаан алдсан юм шиг байна гэхэд буугаад очоод хартал нэг эмэгтэйг хүн тэврээд суугаад байсан. Ухаан алдсан хүн нь уруул нь хөхөрсөн, судас нь цохилохгүй байсан тэхээр нь би нас барсан гэдгийг мэдээд хажууд нь байсан хүмүүст цус харвасан байж магадгүй, хурдан түргэн дуудаж хамаатнуудад мэдэгдээрэй гэж хэлсэн. Тэгэхэд хажууд нь байсан хүмүүс энэ “хүнийг аваад явах уу” гэхээр нь нэгэнт амь хураасан хүн гэдгийг дотроо мэдсэн болохоор  “үгүй бид авч явах эрхгүй харин бидэнтэй хамт та нарын нэгэн хамт яв, эсвэл холбогдох хүний утасны дугаараа өг” гэж хэлэхэд тэд нарын нэгэн явахаар болсон. Тэндээс гарч Хатуугийн голыг гатлахаар явах замд сүлжээ барьж магадгүй нэг толгодод хүргэн хүүдээ хэлж машинтайгаа толгодод гарч зогсоод нөгөө залууд эндээс сүлжээ барьж магадгүй толгодын орой руу гар гэж хэлсэн. Тэгээд нөгөө залуу машинаас бууж толгодын орой руу гарсан. Тэнд очиж сүлжээ байгаа талаар хэлж, эмнэлгийн яаралтай түргэн тусламж дуудсан. Тэгээд тэр залууг суулгаж аваад аймаг руу хөдөлж, замдаа түргэн тусламжийн машинтай тааралдаж зогсооход машинд байсан залуу түргэний машинд суугаад яваад өгөхөөр нь хүргэн хүү бид хоёр Сагсай руу яваад өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 40-41 дүгээр хуудас/, 
    - Шүүгдэгч К.Бы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... хамаатан дүү М.Е хуримаа хийхээр болж Баян-Өлгий аймгийн Баяннуур сумаас бэр авч ирэхээр 2016 оны 7 дугаар сарын 02-ны өглөөний 4 цагийн үед Баян-Өлгий аймгийн Алтай сумаас Уаз-31512 маркийн ****БӨТ улсын дугаартай тээврийн  хэрэгслээр талийгаач Ш.А, М.Е.М.Е, Т.Ж, Б.С нарыг машиндаа суулгаж гарсан. К.М, С.Б нар өөрсдийн уаз-469 маркийн машинаар хамт гарсан. Өглөөний 7 цагийн үед Өлгий суманд ирж бензин тос авч, ажил төрлөө бүтээж аваад 8 цаг 30 минутын үед байсан байх аймгийн төвөөс Баяннуур сум руу гарсан. Баяннуур сум руу явж байх замд Хатуугийн голоор гаталж гарч нэг даваагаар давж бага зэрэг уруу байсан ба уруудаж тээврийн хэрэгслийн 3 дугаар араанд хийж явж байхад машины зүүн хойд тал буюу жолооч талын хойд талын дугуй ирж байсан шороон замын ховилд гарч машины хойд тал ховилын налуу хэсэг руу гарахаар нь би жолооны хүрдийг зүүн талруугаа дарвал замын ховилын өндөр налуу хэсэг руу орж машины доод талын бөгс ховилд цохигдож машиныг шидэх болов уу гэж бодоод жолооны хүрдийг баруун гар талруугаа дарахад машин баруун тийшээ эргэж машин жолооч тал буюу баруун талаараа хажуулдаж унаж, дахин нэг онхолдож машин дээвэр хэсгээрээ газардаж зогссон. Машин онхолдож байхад талийгаач “Аллах” гэж чанга дуугаар хашгирч миний дээр унасан. Тухайн үед машин асаалттай би машиныг унтрааж араанаас гаргасан. Е хаалга онгойхгүй гэхээр нь би цонхны шилнүүдийг хагалж, гараарай гэж хэлсэн. Е хаалга, урьд салхины шилийг өшиглөж байсан. Тэгээд би хаагуураа гарснаа санахгүй байна. Намайг гадаа гарахад С ах эгч хаана байна гэж орилж байсан ба гадаа гарч ирсэн. Би нөгөө хэдэд хурдан машиныг өргье гэж хэлээд С,  Е, Ж бид дөрөв  машиныг өргөж,  нэг өнхрүүлж, тээврийн  хэрэгслийн  баруун  тал   буюу  туслах тал   буюу  эргүүлж  газардуулсан. Талийгаач Ш.А тээврийн хэрэгслийн урьд талын суудлын голд байсан ба урьд салхины шилийн рамын голоор талийгаачийг татаж гаргаж ирсэн ба хоёр хөлөөс нь татаж гадаа гаргасан. Е талийгаачийн гарын судсыг барьж үзэж нас барсан байна гэж хэлсэн. Дараа нь С ах талийгаачийг тэвэрч сууж байгаад цээжнээс нь чагнаж үзэж нас барсан байна гэж хэлээд уйлсан. Би талийгаачийн хүзүүнийхэн артерийн судсыг дарж үзэхэд ямар нэгэн цохилт байгаагүй. Би нөгөө хүмүүсийг тайвшруулах гэж талийгаачийг амьд байна гэж хэлсэн. Би нөгөө хэдэд уул руу гарч сүлжээ баривал түргэнд мэдэгдэж, цагдаа дуудаарай гэж хэлээд С бид хоёр талийгаачийн хажууд байсан. Тэгээд би өөрөө уул руу гүйж гараад сүлжээ барихгүй байсан ба Баяннуур чиглэлээс Өлгий сум руу чиглэж явж байсан Жийп машиныг харж, уулнаас Жийп машин руу гүйж машиныг зогсоож, болсон асуудлын талаар хэлж машиныг дагуулж ирсэн. Уг машинд сувилагч хийж байсан гэж хэлж байсан настай эмэгтэй хүн байсан ба уг эмэгтэй талийгаачийг үзэж, чагнах аппарат байхгүй, мэдэхгүй байна гэхдээ цагдаа шүүх, эмнэлэгт мэдэгдээрэй гэж хэлсэн. Би уг машинд Еыг суулгаж, аймгийн төв орж түргэн дуудаж, цагдаад мэдэгдээрэй гэж явуулсан. Хэсэг хугацааны дараа аймгаас түргэн тусламжийн машин ирж, эмч нь талийгаачийг үзэж нас барсан гэж хэлсэн. ...Би машины хөдөлгүүрийг 3 дугаар араанд хийж явж байсан юм. Тухайн үед ойролцоогоор 40 км-ийн цагийн хурдтай явж байсан. ...Тээврийн хэрэгслийн зүүн хойд талын дугуй замын захын овоологдсон шороо буюу ховилд гарч, хойд талын дугуй зүүн гар тийшээ чиглэгдэж нэлээн шидэгдэхэд би бага зэрэг тоормос өгсөн ба зам руу оруулж авна гэж бодсон. Огцом тоормос өгөөгүй. Миний машинаас ямар нэгэн эвдрэл гэмтэл гараагүй. Согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 92-93 дугаар хуудас/, 
    - Аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн дэслэгч Е.Бы 06 дугаартай Ш.Аийн нас барсан шалтгааныг тогтоосон дүгнэлт: “1.Талийгаач Ш.Аийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр гадны хүчин зүйлийн нөлөөллөөр гэмтэл учирсан болно. 2. Талийгаач Ш.Аийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр толгой, цээж, гар, хөлний хэсгүүдэд олон тооны зулгарсан зулгаралт, хөрөлт, өвчүүү, баруун зүүн талын олон хавиргануудын хугарал, дотор цус алдалт зэрэг хавсарсан хүнд гэмтэл учирсан байна. Талийгаач Д.А нь дээрх амьдрах боломжгүй хавсарсан хүнд олон гэмтлүүдийн улмаас амин чухал эрхтний үйл ажиллагааны дутагдалд орж шууд нас баржээ. ... дээрх гэмтлийн авсан даруйдаа нас барсан болно” /хх-ийн 43-45 дугаар хуудас/, 
    - Шүүгдэгч М.Бы эзэмшлийн Уаз-31512 маркийн **** БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг тогтоосон шинжээчийн дүгнэлт
“ ... Зам тээврийн осол гарахад нөлөөлсөн гэмтэл байхгүй байна” /хх-ийн 48-49 дүгээр хуудас/, 
    - Зам тээврийн ослын шалтгаан, түүнд нөлөөлсөн нөхцөл байдал, хөдөлгөөний аюулгүй байдал болон техникийн ашиглалтын талаар гаргасан   шинжээч д/ч Б.Мэндбаярын 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 11 тоот дүгнэлт “ Жолооч К.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн доорх заалтуудыг тус тус зөрчсөн байна. Үүнд: Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт зааснаар “жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, Замын хөдөлгөөний  дүрмийн 21 дүгээр зүйлийн 21.8 “а” хэсэгт  зааснаар “Тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон тооноос олон хүн тээвэрлэхийг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчсөн байна /хх-ийн 53-54 дүгээр хуудас/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.
Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларч, бэхжүүлэгдсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна.
    Шүүгдэгч К.Бы гэмт үйлдэл нь гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулж байна гэж үзлээ. 
    Баян-Өлгий аймгийн Прокурорын газраас К.Бд холбогдох үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон бөгөөд түүний гэм бурууд нь тохирсон хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх талаар хуульд заасан журмыг баримтлаагүй буюу зөрчөөгүй, нотлох чадвараа алдах, шүүхийн шийдвэрийн үндэслэл болоогүй нотлох баримт байхгүйг дурдах нь зүйтэй байна. 
Иймд шүүгдэгч К.Быг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөний улмаас бусдын амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хорих ялаар шийтгэх нь зүйтэй гэж шийдвэрлэлээ. 
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч К.Бд оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч К.Б нь хохирогчид учирсан хохирлыг төлж барагдуулсан нь амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлгээр тогтоогдож байх тул шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдож байгаагүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан УАЗ-31512 маркийн **** бөт улсын дугаартай тээврийн хэрэгслийн урьд салхины шил, гадна талын болон дотор талын толь зэргийг устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгах нь зүйтэй байна. 
Шүүгдэгч К.Бд гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн /Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.3/, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн /Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.9/ зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгчид ял оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал байхгүйг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй тул түүний эзэмшлийн 11 настай, зүүн талын гуянд “К” тамгатай хээр зүсмийн гүүг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй байна. 
Шүүгдэгч К.Б нь 2011 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 156 дугаар зүйлийн 156.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдож, Баян-Өлгий аймгийн Сум дундын шүүхийн шийтгэх тогтоолоор 2 жил 6 сар хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг биечлэн эдэлсэн ба Улсын Их Хурлаас 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулиар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.3-т заасан ялгүйд тооцох хугацааг өршөөн хэлтрүүлсэн тул түүнийг анх удаа хүндэвтэр гэмт хэрэгт холбогдсон гэж үзлээ.
Шүүгдэгч К.Бд ял оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, хохирлыг нөхөн төлсөн байдал, анх удаа хүндэвтэр гэмт хэрэгт холбогдсон зэргийг харгалзан оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж, уг ялыг тэнсэж, хянан харгалзаж, түүнд хяналт тавьж ажиллахыг цагдаагийн байгууллагад даалгаж, тэнсэгдсэн ялтан К.Бд хянан харгалзсан хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн тохиолдолд цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх учиртайг танилцуулах нь зүйтэй байна.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Шүүгдэгч К.Б нь энэ хэргийн учир цагдан хоригдож байгаагүй болно. 
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286 дугаар зүйлийн 286.1.1-286.1.6, 286.1.8-286.1.9, 286.1.11, 290 дүгээр зүйлийн 290.3, 294 дүгээр зүйлийн 294.1-294.2, 295, 296 дугаар зүйлийн 296.1, 297 дугаар зүйлийн 297.1.1, 297.1.4, 298 дугаар зүйлийн 298.1.2, 298.1.4-т тус тус заасныг удирдлага болгон 
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч И овогт Кын Быг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөний улмаас бусдын амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч К.Бы тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурван/ жилийн хугацаагаар хасч, 3 /жил/ жил, 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. 
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч К.Бд оногдуулсан 3 /жил/ жил, 1 /нэг/ сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй. 
4. Шүүгдэгч К.Б нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай. 
5. Шүүгдэгч К.Б нь цагдан хоригдож байгаагүй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан УАЗ-31512 маркийн **** БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгслийн урьд салхины шил, гадна талын болон дотор талын толь зэргийг устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгасугай. 
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч К.Бы эзэмшлийн 11 настай, зүүн талын гуянд “К” тамгатай хээр зүсмийн гүүг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгосугай. 
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар К.Бд оногдуулсан 3 /гурван/ жил, 1/ нэг/ сарын хорих ялыг тэнсэж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хянан харгалзсугай.
9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4-т зааснаар К.Бд хяналт тавьж ажиллахыг Цагдаагийн байгууллагад даалгасугай.
10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.5-д зааснаар тэнсэгдсэн ялтан К.Б нь хянан харгалзсан хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн тохиолдолд Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх учиртайг танилцуулсугай.
11. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч К.Бд бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсныг хэвээр үргэлжлүүлсүгэй. 
12. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай. 
13. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан түүний өмгөөлөгч, хохирогч нар тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 
14. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл К.Бд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  А.ДАУРЕНБЕК