Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 053

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дауренбек даргалж, 

нарийн бичгийн дарга: Х.Оралсын,
орчуулагч: А.Еркегүл,
улсын яллагч: Б.Ботакөз, 
хохирогч: У.Бауыржан, 
хохирогчийн өмгөөлөгч: Х.Зулхаш
шүүгдэгч нарын өмгөөлөгч: С.Алтай, 
шүүгдэгч Ж.Аманбек, Т.Ауелбек нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бахат көбеген овгийн Жидайн Аманбек, мөн хуулийн тусгай ангийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хангелди овгийн Тилеухабылын Ауелбек нарт холбогдох 201504000137 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт: 
    Шүүгдэгч Ж.Аманбек: Монгол Улсын иргэн, 1982 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Баян-Өлгий аймгийн Улаанхус суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Улаанхус сумын 1 дүгээр багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Бахат көбеген овогт Жидайн Аманбек, регистрийн дугаар БК82082077. 
    Шүүгдэгч Т.Ауелбек: Монгол Улсын иргэн, 1982 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Баян-Өлгий аймгийн Улаанхус суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бага   боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Улаанхус сумын 1 дүгээр багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Хангелди овогт Тилеухабылын Ауелбек, регистрийн дугаар БК82011574. 
Шүүгдэгч Ж.Аманбек, Т.Ауелбек нарын холбогдсон хэргийн талаар:
    Шүүгдэгч Ж.Аманбек нь 2016 оны 6 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнийн 00 цаг 30 минутын үед зүүн урд тормоз ажиллагаагүй буюу техникийн хувьд бүрэн бус тээврийн хэрэгсэл болох “Мазда просийд пикап” маркийн 11-67 БӨТ улсын дугаартай автомашиныг согтуугаар, хурдтай жолоодож яваад Өлгий сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт 5 дугаар бүрэн дунд сургуулийн хажууд иргэн У.Бауыржаныг ямар нэгэн зогсоох арга хэмжээ авахгүйгээр мөргөж авто осол гаргасны улмаас У.Бауыржаны биед хүнд гэмтэл учирсан гэмт хэрэгт,
    “Мазда просийд пикап” маркийн 1167 БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэн шүүгдэгч Т.Ауелбек нь 2016 оны 6 дугаар сарын 02-03-нд шилжих шөнө согтуурсан этгээд болох Ж.Аманбект жолоогоо шилжүүлсний улмаас Ж.Аманбек авто осол гаргаж, хохирогч У.Бауыржаны биед хүнд гэмтэл учирсан гэмт хэрэгт тус тус гэмт хэрэгт холбогджээ. 
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч Ж.Аманбек шүүхийн хэлэлцүүлэгт: “... Би 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдөр Өлгийгээс хүүхдээ авах гэж ирсэн. Мереке гэдэг ах гэрт ирээд цай уугаарай гэхээр очиж тэдний гэрт 3-4 цаг сууж хэдэн ширхэг пиво уусан маань үнэн. Би гэртээ харих замдаа авто осол гарсан. Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Гарсан хохирлыг бүрэн төлж өгсөн байгаа. Надад хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү ” гэв. 
- Шүүгдэгч Т.Ауелбек шүүхийн хэлэлцүүлэгт: “... Ж.Аманбекийн хэлсэн нь үнэн. Бид Мереке гэх ахын гэрт очоод пиво уугаад 3-4 цаг суусан. Бид нар  гарч 00 ороод машинд суух гэхээр жолоо талдаа Ж.Аманбек суусан байсан тул болгоомжтой яваарай гэж би туслах талд суусан. Бензин авахаар шатахуун түгээх станц дээр ирээд тормоз ажиллахгүй осол гарсан” гэв. 
- Хохирогч шүүхийн хэлэлцүүлэгт: “... Миний бүх хохирлыг төлж өгсөн. Цаашдаа эрүүл мэндийн хувьд анхаарах болж тохирч эвлэрсэн тул уучилж байна. Миний хувьд нэхэмжлэх зүйлгүй” гэв.
- Улсын яллагч ялын шүүмжлэлдээ: “...Иймд Аманбекийг согтуугаар тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилээр хасч, 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэх саналтай байна. Шүүгдэгч Ж.Ауелбекийг согтуурсан этгээдэд жолоогоо шилжүүлсний улмаас хүний бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилээр хасч, 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэх  саналтай байна. Шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.2-т зааснаар жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэх саналтай байна. Таслан сэргийлэх арга хэмжээний хувьд Ж.Аманбек, Т.Ауелбек нар цагдан хоригдож байгаагүй, өнөөдрийн байдлаар гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан. Шүүхийн шийтгэх тогтоол гарвал энэхүү арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй байна.  Хохирол бүрэн төлөгдсөн учраас шүүгдэгч нарын малыг битүүмжилсэн тогтоолыг тус тус хүчингүй болгох саналтай байна. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “Lenovo-I5” маркийн зөөврийн компьютер 1 ширхгийг цүнхийн хамт устгах, харин тэжээлийн утас болон хулгана нь хэвийн ажиллагаатай тул хохирогч У.Бауыржанд хүлээлгэн өгөх нь зүйтэй байна. 1167 БӨТ улсын дугаартай “мазда просид пикад” маркийн машины тээврийн хэрэгслийн гэрчилгээг  шүүгдэгч Ауелбект хүлээлгэн өгөх нь зүйтэй. Шүүгдэгч нар нийт 10715555 төгрөгийн хохирлыг бүрэн төлсөн. Одоо бусдад төлөх төлбөргүй” гэв. 
- Шүүгдэгчийн өмгөөлөгч өмгөөллийн үгэндээ: “... Улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 222 дугаар зүйлийн 222.2-т заасан хорих ялын доод хэмжээг санал болгож байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлд хорих ялыг заавал биечлэн эдлүүлэхгүйгээр хянан харгалзах тухай заалт байдаг. Үүнд хүндэвтэр гэмт хэрэгт анх удаа хорих ял шийтгүүлсэн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан тохиолдолд түүнд оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзвэл уг ялыг тэнсэж, нэгээс таван жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоож болно гэж заасан. Тийм учраас энэ зүйл анги дээр заавал биечлэн эдлүүлэхгүйгээр Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийг хэрэглэн тэнсэн хянан харгалзаж өгнө үү гэсэн саналыг шүүгдэгчийн өмгөөлөгчийн хувьд тавьж байгаа юм” гэв.
- Хохирогчийн өмгөөлөгч өмгөөллийн үгэндээ: “...Миний бие энэ хэрэгт хохирогчийн өмгөөлөгчөөр оролцож байгаа бөгөөд шүүгдэгч нар хохирогчид эдийн хохирлыг шат дарааллаар бүрэн төлж өгсөн. Цаашид төлөх төлбөргүй тул шүүгдэгч нарт ял халдаахдаа хөнгөрүүлж үзэх нь зүйтэй гэж үзэж байна” гэв. 
Шүүх хуралдаанд: Зам тээврийн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, У. Бауыржаныг хохирогчоор байцаасан тэмдэглэл, гэрч Т.Еркеш, Ж.Еркебулан, М.Мереке, У.Мамыржан нарын мэдүүлэг, шинжээч Е.Бауыржаны 2016 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн 31 дугаартай шинжээчийн дүгнэлт, Е.Бауыржаны 2016 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 403 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. 
Шүүгдэгч Ж.Аманбек, Т.Ауелбек нарын гэм буруугийн талаар: 
    Шүүгдэгч Ж.Аманбек нь 2016 оны 6 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнийн 00 цаг 30 минутын үед зүүн урд тормоз ажиллагаагүй буюу техникийн хувьд бүрэн бус тээврийн хэрэгсэл болох “Мазда просийд пикап” маркийн 11-67 БӨТ улсын дугаартай автомашиныг согтуугаар, хурдтай жолоодож яваад Өлгий сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт 5 дугаар бүрэн дунд сургуулийн хажууд иргэн У.Бауыржаныг ямар нэгэн зогсоох арга хэмжээ авахгүйгээр мөргөж авто осол гаргасны улмаас У.Бауыржаны биед хүнд гэмтэл учирсан гэмт хэрэгт,
    “Мазда просийд пикап” маркийн 1167 БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэн шүүгдэгч Т.Ауелбек нь 2016 оны 6 дугаар сарын 02-03-нд шилжих шөнө согтуурсан этгээд болох Ж.Аманбект жолоогоо шилжүүлсний улмаас Ж.Аманбек авто осол гаргаж, хохирогч У.Бауыржаны биед хүнд гэмтэл учирсан гэмт хэрэг үйлдсэн болох нь дараах  нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд: 
    - Хохирогч У.Бауыржаны мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Миний бие 2016 оны 6 дугаар сарын 03-ны өдөр 17 цагт эхнэр Т.Еркешийн хамт ажлын газар очиж 9 дүгээр ангийн сурагчдын улсын шалгалтын дүнг Боловсролын яамны инженер сайтад тавьж шөнө дунд ажлаас гарч гэр рүү харихаар сургуулийн хашаанаас дөнгөж гарч явж байхад шөнийн 00 цаг 30 минутын үед нэг суудлын тээврийн хэрэгсэл ирж мөргөсөн. Тухайн үед би сандарсан байсан тул ямар тээврийн хэрэгсэл мөргөснийг анзаараагүй ба өөрөө газар унасан байсан. Намайг мөргөсөн тээврийн хэрэгсэл явсаар байгаад сургуулийн хашааг мөргөж дотогшоо орж нэлээд явж байгаад зогссон. Улаанбаатар хотод хэвтрийн байдалтай   онгоцоор очиж эмчлүүлсэн. Эмч нар надад нилээд хугацаа өнгөрсний дараа дахиж ирж үзүүлнэ гэсэн. Би одоо хөл дээрээ бүрэн явж чадахгүй байгаа. Миний аарцаг ясны хугарал цаашид бүрэн эдгэрэх, тахир дутуу болох эсэх нь тодорхой бус эргэлзээтэй байна. Нуруу аарцагны яс одоо хүртэл өвдөж байгаа, явах үед маш хүнд өвддөг. Би босоогоор удаан зогсож, удаан явж чадахгүй байна. Миний бие хүндээр бие засахад хүртэл хүндрэл гарч байгаа. Би хоёр таяг тулж арай гэж явж байгаа. Мөн зам тээврийн осолд орсноос хойш толгой байнга өвддөг болсон” гэх мэдүүлэг /хх-ийн 31-33 дугаар хуудас/, 
    - Гэрч Т.Еркешийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Би 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдөр нөхрийн 9 дүгээр ангийн сурагчдын улсын шалгалтын дүнг гаргаж интернетийн сүлжээгээр Боловсролын яамны сайтад байршуулах ажилд туслахаар нөхөр бид хоёр хамт ажилладаг 5 дугаар бүрэн дунд сургуульд хамт очиж ажлаа хийж дуусгаад 02-ноос 03-нд шилжих шөнө 00 цаг 30 минутын үед гэр рүү харихаар гарч сургуулийн хашаанаас дөнгөж гарч явж байхад “Домбортой” хөшөө байдаг чиглэлээс засмал замаар нэг суудлын улаан өнгийн тээврийн хэрэгсэл хоёр тал руу дайваж хурдтай ирээд замаас гарч манай нөхрийг хажуу талаараа мөргөж явж сургуулийн хашааг мөргөж явж байгаад зогссон. Тэр үед би хойшоо ухарч зугтаж тээврийн хэрэгсэлд мөргүүлээгүй. Би тухайн тээврийн хэрэгслийн дугаар 1167 БӨТ гэсэн дугаартай байсныг анзаарч харсан. Миний нөхөр тээврийн хэрэгсэлд мөргүүлсний улмаас аарцаг ясаа хугалуулж гэмтэл авч аймгийн мэс заслын тасагт хэвтэн эмчлүүлж байгаад 2 хоногийн дараа Улаанбаатар хот руу онгоцоор нисэж тэнд Гэмтэл согог судлалын үндэсний төвд эмчлүүлж, 2016 оны 7 дугаар сарын 02-ны өдөр буцаж ирсэн болно. ...Тээврийн хэрэгслийг Ж.Аманбек гэгч жолоодож явсан байна. Аманбек өөрөө тээврийн хэрэгслийг би жолоодож явсан гэж хэлсэн. Тээврийн хэрэгслээс буусан залуус хоёулаа согтуу байсан болох нь илт харагдаж байсан. Т.Ауелбек чи болгоомжтой жолоодохгүй юу гэж Ж.Аманбект хэлж байсан. Ж.Аманбекийг би манайд өмнө хөрш айлын хүн болох Жидайгийн хүүхэд болохыг гаднаас нь таньсан болно. Миний нөхөр осолд орох үед биний хажууд Еркебулан гэгч залуу хүрч ирсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 34 дүгээр хуудас/, 
    - Гэрч Ж.Еркебуланы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Миний бие 2016 оны 6 дугаар сарын 3-ны шөнө 00 цаг 30 минутын үед 5 дугаар бүрэн дунд сургуулийн дээд талд Казахстан улсаас ирсэн найзтай уулзчихаад харьж явж байхад миний хажуугаар улаан өнгийн хагас ачаатай “Мазда” маркийн тээврийн хэрэгсэл засмал замын дунд хэсэгт маш их хурдтай хоёр талд дайваж яваад өнгөрсөн ба нэг мэдэхэд тэр машин харанхуйд юманд мөргөлдсөн юм шиг чанга дуу гарсан. Би тэр чанга дуу гарсан газар руу гүйж очиход харанхуйд нэг эмэгтэй хүний дуу гарч аллаа гэж байсан ба нэг модны доор эрэгтэй хүн хажуу тал руугаа харж хэвтэж байсан. Би Цагдаагийн газрын 7042102 дугаарт залгаж дуудлага өгч энд осол гарсан гэж хэлсэн. Миний хажуугаар хурдтай, хоёр тал руугаа дайваж явсан улаан өнгийн хагас ачаатай “Мазда” маркийн тээврийн хэрэгсэл 5 дугаар бүрэн дунд сургуулийн гадна талын хашааг мөргөж нэвтэрч орж нэлээд явж байгаад зогссон байдалтай байсан. Машинаас хоёр согтуу залуу гарч ирсэн зогсож байсан. Би мөн түргэн тусламжийн 7042103 дугаарын утсанд дуудлага бичүүлж түргэн дуудсан байсан Цагаан саарал өнгийн, нимгэн, богино куртиктэй, цагаан саарал өнгийн саравчин малгайтай, туранхай өндөр залуу тээврийн хэрэгслийн жолооч талын суудлаас бууж ирж байсан. Тээврийн хэрэгслээс буусан хоёр залуу хоёулаа нилээд согтуу байсан болох нь тэдний үг яриа, үйлдэл хөдөлгөөнөөс илт харагдаж байсан ба тэдний амнаас согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан. Тээврийн хэрэгсэл нилээд хурдтай, тээврийн хэрэгслийн дуу чанга гарч, нилээд газ гишгэж миний хажуугаар өнгөрсөн ба би явж өнгөрсөн чиглэл рүү харах хооронд осол гарсан. Тэд “Домбортой” хөшөөний чиглэлээс засмал замаар уруудаж ирсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37 дугаар хуудас/, 
    - Гэрч М.Мерекегийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Ж.Аманбек миний ойрын төрөл дүү болох ба Т.Ауелбек миний эхнэрийн ойрын төрөл садан болно. Ж.Аманбек, Т.Ауелбек нар 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдөр аймгийн “Ах дам” зах дээр 18 цагийн үед эхнэр бид хоёрт ирж уулзсан ба би тэднийг манай гэрт очоорой гэж урьснаар бид бүгд хамт Т.Ауелбекийн улаан өнгийн тээврийн хэрэгслээр манай гэрт очсон. Манай гэрт байх хугацаанд эхнэр тэд нарт хоол хийж өгсөн ба би 3 ширхэг “Хүрхрээ” нэртэй 1 литрийн савтай пиво, Ж.Аманбек мөн “Хүрхрээ” нэртэй 3 ширхэг 1 литрийн савтай пиво худалдаж авч бид гурав манай гэрт уусан. Ж.Аманбек, Т.Ауелбек нар цай хоолоо идэж уугаад, пивог ууж дууссаны дараа би тэд нарт та нар манай гэрт хонож яваарай цаг орой болсон байна гэхэд Жайнагийн гэрт хононо гэж шөнийн 00 цаг 30 минутын үед гарч явсан ба явснаас хойш удаагүй над руу Т.Ауелбек утсаар залгаж бид хүн мөргөсөн гэж хэлээд утсаа тасалсан. ... Хүн мөргөх үед тээврийн хэрэгслийг Ж.Аманбек жолоодож явж байсан гэж тэд өөрсдөө хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 38 дугаар хуудас/, 
    - Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-8 дугаар хуудас/, 
    - Зам тээврийн осол, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, бүдүүвч схем зураг /хх-ийн 9-12 дугаар хуудас/, 
    - 3ам тээврийн ослын акт: “Жолооч Жидай овогтой Аманбек нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн дараах заалтуудыг зөрчсөн байна. Үүнд: а/ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-т зааснаар жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмээ авна. б/Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7.а-д зааснаар согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно. в/ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1-д зааснаар жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна. 2. Жолооч Тилеухабыл овогтой Ауелбек нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7.6-д зааснаар тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирол жолоодох эрхийн үнэмлэхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/ буюу түүнчлэн согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй, ядарсан хүнд жолоогоо шилжүүлэхийг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн байна” /хх-ийн 22 дугаар хуудас/, 
    - Техникийн шинжээч Е.Жанатханы 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдөр гаргасан 06 дугаартай дүгнэлт: “Мазда просийд пикап 5” маркийн 1167 БӨТ улсын дугаартай автомашиныг Цагдаагийн газрын хашаанд асааж шалгаж үзэхэд уг тээврийн хэрэгсэл нь 1998 онд ашиглалтанд орсон, арлын дугаар 11Р66М2018338 осолд орсны улмаас бага зэргийн гэмтэл үүссэн байна. Үүнд: Хашаа мөргөсний улмаас баруун урд буфер урагдаж, баруун хойд далавчны дээд хэсэг дотогш хонхойж орсон, хамгаалалт салж унасан /засах/. “Мазда просийд пикап 5” маркийн 1167 БӨТ улсын дугаартай суудлын автомашины жолооны механизм нь ажиллагаатай, зүүн урд тормоз ажиллагаагүй байна, уг автомашин техникийн хувьд бүрэн бүтэн байгаагүй, тормоз бүрэн бус ажиллагаатай байсан байна” /хх-ийн 66 дугаар хуудас/, 
    - Жолооч Ж.Аманбекийн согтуурлын байдлыг 2016 оны 6 сарын 03-ны өдрийн 01 цаг 52 минутанд “Мета” маркийн багажаар үлээлгэн шалгахад 1,17% промилль зааж, согтууруулах ундаа хэрэглэсэн нь тогтоогдсон тухай тэмдэглэл /хх-ийн 20 дугаар хуудас/,
    - 2016 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 02 цаг 10 минутанд машины эзэн Т.Ауелбект “Мета” маркийн багаж үлээлгэн согтуурлын байдлыг шалгахад 0,66% промилль зааж, согтууруулах ундаа хэрэглэсэн нь тогтоогдсон тухай тэмдэглэл /хх-ийн 19 дүгээр хуудас/,
    - Аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Е.Бауыржаны 2016 оны 6 дугаар сарын 4-ний өдөр гаргасан 31 тоот дүгнэлт “Иргэн Т.Ауелбекийн цусанд 2,3% промилль этилийн спирт илэрч байна. Иргэн Т.Ауелбек нь тухайн үед дунд зэргийн согтолттой байсан байна” /хх-ийн 42 дугаар хуудас/,
    - Аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Е.Бауыржаны 2016 оны 6 дугаар сарын 04-ний өдөр гаргасан 30 тоот дүгнэлт “Иргэн ЖАманбекийн цусанд 2,1% промилль этилийн спирт илэрч байна. Иргэн Ж.Аманбек нь тухайн үед дунд зэргийн согтолттой байсан байна” /хх-ийн 42 дугаар хуудас/,
    - “Мазда просийд пикап” маркийн 1167 БӨТ улсын дугаартай машин Тилеухабыл овогтой Ауелбекийн өмч болохыг тогтоосон тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 15 дугаар хуудас/,
    - Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 28 дугаар хуудас/, хураагдсан тээврийн хэрэгслийн гэрчилгээ,  
    - Аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Е.Бауыржаны 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдөр гаргасан 293 тоот дүгнэлт: “... хохирогч У.Бауыржаны биед гадны хүчин зүйлийн нөлөөллөөр зүүн талын сүүж /аарцаг/ ясны олон хэсэг болж бяцарсан хугарал, бүсэлхийн үений зөөлөн эдийн няцрал, доргилт шахалтын улмаас цээжний хөндийн эрхтнүүд битүү гэмтэж, цээжний хөндийд шингэн хуримтлагдсан гэмтэл учирсан ба эдгээр гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл бөгөөд шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12, 3.1.15-т зааснаар амь биед аюултай гэмтэл учраас гэмтлийн хүнд зэрэгт хамаардаг гэмтэл болох нь тогтоогджээ. У.Бауыржаны биед учирсан гэмтэл нь хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөх эсэх нь оношилгоо болон эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна”гэжээ /хх-ийн 47 дугаар хуудас/, 
    - Аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Е.Бауыржаны 2016 оны 8 дугаар сарын 18-ны өдөр гаргасан 403 тоот нэмэлт шинжилгээний дүгнэлт “Иргэн У.Бауыржаны тархи толгойд гэмтлийн дараах тархины сульдал, гавлын дотоод даралт ихсэх, тархи доргилт зэрэг гэмтэл учирсан байна. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл болно. 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 293 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд тусгасан гэмтлийн зэрэгт өөрчлөлт орохгүй”гэжээ /хх-ийн 54 дүгээр хуудас/, 
    - Хохирогч У.Бауыржаны зам тээврийн осолд орж эмчилгээ хийлгэснийг нотлох баримтууд болох аарцаг нурууны рентген зураг, цээжний компьютерийн томограф зураг, аарцаг нурууны компьютерын томограф зураг, аарцаг нурууны компьютерын томограф СD бичлэг тус бүр 1 ширхэгийг тус тус хураан авсан тухай тогтоол тэмдэглэл /хх-ийн 107-109 дүгээр хуудас/, 
    - Авто ослын үед эвдэрсэн хохирогч У.Бауыржаны барьж явсан албаны хэрэгцээний “Леново ай-5” маркийн зөөврийн компьютерт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 100-103 дугаар хуудас/, 
    - Уг компьютерыг цүнх, тэжээлийн утас, хулганы /мауз/ хамт хураан авах тогтоол, тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 104-106 дугаар хуудас/, 
    - Хохирогч У.Бауыржаны авто осолд орох үед өмсөж явсан урагдсан хувцсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 111-113 дугаар хуудас/, 
    - Хохирогч У.Бауыржаны авто осолд өртөх үед эвдэрсэн албаны “Леново-ай-5” маркийн зөөврийн компьютерын үнэлгээг тогтоосон шинжээч Х.Ыдырышын 2016 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн дүгнэлт: “Леново-ай-5” маркийн хуучивтар нөүтбүүкний үнэ 2016 оны 6 дугаар сарын байдлаар 1.500.000-1.600.000 төгрөгийн үнэтэй байна” /хх-ийн 58 дугаар хуудас/, 
    - Өлгий сумын 5-р бүрэн дунд сургуулийн тодорхойлолт “тус сургуулийн техник, технологийн багш Улыпхан овогтой Бауыржаны эзэмшилд байгаа зөөврийн компьютерын дансан дахь үнэ 1.553.773 төгрөгийн үнэтэй болохыг тодорхойлов” /хх-ийн 151 дүгээр хуудас/, 
    - Авто ослын үед хохирогч У.Бауыржаны өмсөж явсан урагдсан хувцасны үнэлгээг тогтоосон шинжээч Б.Серикболын гаргасан 2016 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн дүгнэлт: “2016 оны 6-р сарын байдлаар Хятад улсад үйлдвэрлэгдсэн эрэгтэй хүний дан костюм 70.000-80.000 төгрөг, жинсэн өмд 20.000-30.000 төгрөг, срочкон цамц 20.500-30.000 төгрөгийн үнэтэй байна” /хх-ийн 61 дүгээр хуудас/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.
    Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларч, бэхжүүлэгдсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна.
    Баян-Өлгий аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ж.Аманбект холбогдох үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар, шүүгдэгч Т.Ауелбект холбогдох үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчилж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон бөгөөд шүүгдэгч нарын гэм бурууд нь тохирсон хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Иймд шүүгдэгч Ж.Аманбекийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэргийг, шүүгдэгч Т.Ауелбекийг жолоогоо бусдад шилжүүлэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, хуульд заасан хорих ялаар шийтгэлээ. 
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Аманбек, Т.Ауелбек нарт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ж.Аманбек, Т.Ауелбек нар нь хохирогчид учирсан хохирлыг төлж барагдуулсан нь хохирогчийн мэдүүлэг болон шүүхэд гаргаж өгсөн хүсэлтээр тогтоогдож байх тул шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй, тэднээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдож байгаагүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “Мазда просийд пикап” маркийн 1167 БӨТ улсын дугаартай машины тээврийн хэрэгслийн гэрчилгээг шүүгдэгч Т.Ауелбект, “Леново-ай-5” маркийн зөөврийн компьютер 1 ширхгийг /цүнх, хулгана, тэжээлийн утасны хамт/ Ж.Аманбек, Т.Ауелбек нар нь мөнгөн дүнгээр хохирогчид бүрэн төлж барагдуулсан тул тухайн эд зүйлүүдийг шүүгдэгч нарт олгох нь зүйтэй байна. 
Шүүгдэгч Ж.Аманбек, Т.Ауелбек нарт гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн /Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.3/, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн /Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.9/ зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, согтуурсан үед гэмт хэрэг үйлдсэнийг /Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 55.1.10/ ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов. 
Шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй тул Ж.Аманбекийн өмч нас бие гүйцсэн нэг бүрийн 100.000 төгрөгийн үнэтэй 10 эм хонь, 1.000.000 төгрөгийн үнэтэй 1  морь, нэг бүрийн 700.000 төгрөгийн үнэтэй 2 эр үхэр, шүүгдэгч Т.Ауелбекийн өмч нас бие гүйцсэн нэг бүрийн 100.000  төгрөгийн  үнэтэй 10  эм  хонь, 1.000.000 төгрөгийн үнэтэй 1 морь, 700.000 төгрөгийн үнэтэй 1 эр үхэр зэргийг тус тус битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй байна. 
Хохирогч У.Бауыржан нь хохирлоо төлүүлж авсан, одоо ямар нэгэн гомдол саналгүй гэж мэдүүлж байгаа тул шүүгдэгч Ж.Аманбек, Т.Ауелбек нарт оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, хохирлыг нөхөн төлсөн байдал, анх удаа хүндэвтэр гэмт хэрэгт холбогдсон зэргийг харгалзан оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж, уг ялыг тэнсэж, хянан харгалзаж, түүнд хяналт тавьж ажиллахыг цагдаагийн байгууллагад даалгаж, тэнсэгдсэн ялтан Ж.Аманбек, Т.Ауелбек нарт хянан харгалзсан хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн тохиолдолд цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх учиртайг танилцуулах нь зүйтэй байна.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Аманбек, Т.Ауелбек нарт урьд авсан гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.Арман урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь “цагдаагийн ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй” тухай тэмдэглэл бүхий ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286 дугаар зүйлийн 286.1.1-286.1.6, 286.1.8-286.1.9, 286.1.11, 290 дүгээр зүйлийн 290.3, 294 дүгээр зүйлийн 294.1-294.2, 295, 296 дугаар зүйлийн 296.1, 297 дугаар зүйлийн 297.1.1, 297.1.4, 298 дугаар зүйлийн 298.1.2, 298.1.4-т тус тус заасныг удирдлага болгон 
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Бахат көбеген овогт Жидайн Аманбекийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулах гэмт хэргийг, 
- Шүүгдэгч Хангелди овогт Тилеухабылын Ауелбекийг жолоогоо бусдад шилжүүлэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Аманбекийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар,
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ауелбекийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй. 
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Аманбек, Т.Ауелбек нарт оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлсүгэй. 
4. Шүүгдэгч Ж.Аманбек, Т.Ауелбек нар нь бусдад төлөх төлбөргүй, тэднээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай. 
5. Шүүгдэгч Ж.Аманбек, Т.Ауелбек нар нь цагдан хоригдож байгаагүй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар Ж.Аманбек, Т.Ауелбек нарт оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг тэнсэж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хянан харгалзсугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4-т зааснаар Ж.Аманбек, Т.Ауелбек нарт хяналт тавьж ажиллахыг Цагдаагийн байгууллагад даалгасугай.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.5-д зааснаар тэнсэгдсэн ялтан Ж.Аманбек, Т.Ауелбек нар нь хянан харгалзсан хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн тохиолдолд Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх учиртайг танилцуулсугай.
9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “Мазда просийд пикап” маркийн 1167 БӨТ улсын дугаартай машины тээврийн хэрэгслийн гэрчилгээг шүүгдэгч Т.Ауелбект, “Леново-ай-5” маркийн зөөврийн компьютер 1 ширхгийг /цүнх, хулгана, тэжээлийн утасны хамт/ шүүгдэгч Ж.Аманбек, Т.Ауелбек нарт буцаан олгосугай. 
10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Аманбекийн өмч нас бие гүйцсэн нэг бүрийн 100.000 төгрөгийн үнэтэй 10 эм хонь, 1.000.000 төгрөгийн үнэтэй 1  морь, нэг бүрийн 700.000 төгрөгийн үнэтэй 2 эр үхэр, шүүгдэгч Т.Ауелбекийн өмч нас бие гүйцсэн нэг бүрийн 100.000  төгрөгийн  үнэтэй 10  эм  хонь, 1.000.000 төгрөгийн үнэтэй 1 морь, 700.000 төгрөгийн үнэтэй 1 эр үхэр зэргийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгосугай. 
11. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Аманбек, Т.Ауелбек нарт гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг хэвээр үргэлжлүүлсүгэй. 
12. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай. 
13. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан түүний өмгөөлөгч, хохирогч нар тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 
14. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Ж.Аманбек, Т.Ауелбек нарт авсан гадагш явж болохгүй тухай баталгаа таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  А.ДАУРЕНБЕК