Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 1132

 

2018 оны 5 сарын 08 өдөр                   Дугаар 183/ШШ2018/01132                               Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: А ХХК

Хариуцагч:, “Э” ХХК-д / холбогдох,

Гэрээнээс татгалзаж, гэрээнээс учирсан хохиролд 3.204.109.000 /гурван тэрбум хоёр зуун дөрвөн сая нэг зуун есөн мянга/ төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ганболд, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Баасанцогт, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Чинбат, нарийн бичгийн дарга Б.Баярцэнгэл нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “А” ХХК болон “Э” ХХК харилцан тохиролцож, 2008 оны 12 сарын 15-ны өдөр хамтран байгуулсан “Эрдэнэт Ойл” ХХК-ийн хөрөнгө, цаашдын хувь заяаны талаар нэхэмжлэгчээс хариуцагчид тодорхой санал хүргүүлж, асуудлыг шуурхай шийдвэрлэх талаар удаа дараа хандаж ирсэн боловч “Э” ХХК-ийн удирдлагын зүгээс хамтарсан компанийн байгуулагдаж байсан үе болон өнөөгийн нөхцөл байдалд ямар нэгэн үнэлэлт, дүгнэлт егч, компанийн цаашдын үнэ цэнэ, үйл ажиллагааны цар хүрээ, хөрөнгө оруулагчдын нэр хүндийг харгалзан үзэлгүйгээр тодорхой хариу өгөхгүй чирэгдүүлж байна. Манай компани “Эрдэнэт Ойл” ХХК-ийг анх үүсгэн байгуулсан хурлаар /протокол 01/2008/ шийдвэрлэн заасан “А” ХХК-ийн зүгээс “Компанид тосны үйлдвэрийн тоног төхөөрөмж нийлүүлэх, үйлдвэрийг мэргэжлийн удирдлага, түүхий эдээр хангах, “Мон-Аме-Квалитет” ХХК-ийг 2008 оны 12 сард багтаан татан буулгаж, түүний хөрөнгө тосны үйлдвэрийг “Эрдэнэт Ойл” ХХК-д шилжүүлнэ” гэсэн үүргээ бүрэн биелүүлж, тухайн үед хамтран зорьж байсан зорилгодоо хүрэхийн төлөө ажиллаж, 3518.1 мянган ам доллараар үнэлэгдэх үйлдвэр хөрөнгийг “Эрдэнэт Ойл” ХХК-д шилжүүлсэн байгаа бөгөөд ийм хэмжээний хөрөнгө ашиглаж, үйл ажиллагаа явуулж, олсон ашгаасаа компанийн дүрэмд заасан хувь хэмжээгээр ногдол ашиг хувиарлан хариуцагчид өгч байсан. Бид “Э” ХХК-д хандан “А” ХХК-ийн нэмж оруулсан дээрх хөрөнгөтэй тэнцэх буюу компанийн дүрэмд заасан эзэмшлийн хувьд дүйцэх эргэлтийн болон бусад хөрөнгө буюу 3518.1 мянган ам долларыг “Эрдэнэт Ойл” ХХК-д шилжүүлж, компанийн хөрөнгийг нэмэгдүүлэхийг хүссэн. Биднийг хамтарч компани байгуулж байх үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Компанийн тухай хууль /1999 он/-ийн 31.1 дэх заалт, одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль /2011 он/-ийн зүйлийн 30.2-т тус тус заасан компанийн өөрийн хөрөнгийн тухай заалт, 30.3-т заасан компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээний тухай заалт, 30.5-д заасан хөрөнгийн хэмжээг компанийн дүрэмд заавал тусгах тухай заалтуудын дагуу талууд өөрсдийн нэмж оруулсан хөрөнгөө компанийн өөрийн хөрөнгөөр бүртгүүлж, хувьцаагаар үнэлэх, энэ хэмжээгээрээ хувьцаа нэмж гаргах, компанийн өөрийн хөрөнгөөс хувь нийлүүлэгчдийн өмчлөх өмчлөлийн хувийг тоггоохоор хувь нийлүүлэгчдийн хурлаа зарлан хуралдуулж, компанийн хэвийн, жигд үйл ажиллагааг сэргээхийг шаардсан ч одоог хүртэл Эийн зүгээс ямар нэг алхам хийхгүй байгаа нь “Эрдэнэт Ойл” ХХК-ийн цаашдын үйл ажиллагааг тодорхойгүй болгоод байна. Хэрэв дээрх саналыг хүлээн авах боломжгүй гэж үзэж байгаа бол үйл ажиллагаа нь тогтмолжиж, бодитоор явуулж байсан компанийн хувьцааны 50 хувийг эзэмших эрхтэйн хувьд “Э” нь “А” ХХК-ийн нэмж зруулсан 3518.1 мянган ам доллараар үнэлэгдэх хөрөнгийн 50 хувийн төлбөрийг “А” ХХК-д төлж, компанийхаа хөрөнгийг нэмэгдүүлэн хувьцаагаар үнэлэх, энэ хувьцаагаа дүрэмд заасны дагуу 50:50 хувийн харьцаагаар эзэмших, мөн хэмжээгээр хувьцаа нэмж гаргахыг ч санал болгож байсан. Гэтэл хариуцагч хэт нэг талын давуу хүсэл сонирхолд автан, гэрээний нөгөө талын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг үл хүндэтгэн, хамтын үйл ажиллагааны хэтийн ирээдүй, бодит байдалд тус болохуйц шийдвэр гаргахгүй байгаа нь бидэнд их хэмжээний хохирол учруулж, эрхийг маань зөрчсөөр байна. “Э” ХХК нь компанийг анх байгуулахад оруулсан 50.000 ам доллараас өөр хөрөнгө оруулалт огт хийгээгүй ба компанийн хувь нийлүүлэгчдийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэсэн эргэлтийн хөрөнгийг оруулаагүйгээс үйлдвэрлэлийн хэвийн үйл ажиллагаа тасалдаж, улмаар бүрмөсөн зогссон. Энэ талаар бид Зөвлөлийн гишүүнд өөрийн төлөөллөө оруулсан байдгийнх нь хувьд ТӨХ-д хандаж, асуудлыг шийдвэрлэхэд туслахыг хүсэж байсан ч тодорхой үр дүнд хүрээгүй. Манай компани нь АНУ-ын “Маjоr Согрогаtiоn”-тай 50:50 хувиар хамтран байгуулсан “Мон-Аме-Квалитет” ХХК-ийн 50 хувийн хөрөнгийг нөгөө талаасаа худалдан авч, “Э” ХХК-тай хамтран “Эрдэнэт Ойл” ХХК-ийг байгуулахаар харилцан тохиролцсоны дагуу “Мон-Аме-Квалитет” ХХК-аа 2008 оны 2 сард багтаан татан буулган тосны үйлдвэр, технологи, тоног төхөөрөмжөө нийлүүлж, түүхий эдээр хангах үүргээ биелүүлж, “Эрдэнэт Ойл” ХХК-д хөрөнгө оруулахад нийт 7.852.938 мянган төгрөгний зардал гаргасан бөгөөд ийнхүү их эмжээний зардал гаргасан гэдэг нь ч “Мон-Аме-Квалитет” ХХК-ийг Эрдэнэт-Ойл” ХХК-д нийлүүлэх үеийн буюу 2009 оны 7 сарын 08-ны байдлаар хийлгэсэн Хөрөнгийн үнэлгээний тайлангаар “Мон-Аме-Квалитет” ХХК-ийн бизнесийн нийт үнэ цэнэ 3518.1 мянган ам доллар буюу 5.109.371.8 мянган төгрөгөөр тогтоогдсоноор батлагдаж байгаа юм. Манай компани ийм хэмжээний өндөр үнэ цэнэтэй компаниа татан буулгаж,  үйлдвэрлэлийн технологи, тоног төхөөрөмж, түүхий эд, бусдаас авах авлага зэргээ бүхэлд нь “Эрдэнэт-Ойл” компанид шилжүүлсэн боловч хувь нийлүүлэгч “Э” ХХК-ийн буруугаас манай компанийн хөрөнгө одоо ямар ч үр ашиггүй, үхмэл хөрөнгө болчихоод байна. Иймд дараахь шаардлагуудыг шүүхэд гаргаж байна. Үүнд: “Э” ХХК-ийг “Эрдэнэт Ойл” ХХК-ийн хувьцааны 50 хувийн эзэмшигчээс хасуулах, Тосны үилдвэрийн тоног төхөөрөмжөө нүүлгэн шилжүүлж авахад саад учруулахгүй байхыг даалгуулах, “Эрдэнэт Ойл” ХХК-ийг анх үүсгэн байгуулсан тухай 2008 оны 12 сарын 15-ны өдрийн 01/2008 дугаар Хувь нийлүүлэгчдийн хурлын протокол, “Эрдэнэт Ойл” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүдийн хурлын 02/2008 дугаар протокол шийдвэрүүдийг тус тус биелүүлээгүйгээс манайд учруулаад буй хохиролд хөрөнгийн үнэлгээний тайланд тодорхойлсон хамтарсан компанийн олох байсан цэвэр ашиг 3461,9 сая төгрөгийн 50% буюу 1.730.9 сая төгрөг, уг үйлдвэрээ буцаан буулгаж, Эрдэнэтээс Улаанбаатар руу татан авч, буцаан барьж угсран хэвийн ажиллуулахад гарах зардалд 687.190.000 төгрөг, “Эрдэнэт Ойл” ХХК-ийн бизнесийн үнэлгээний тайланд тусгагдсан “Эрдэнэт Ойл” ХХК-иас “А” ХХК-д өгөх ёстой байсан өр төлбөр 697.300.000 төгрөг, 2009 онд хуваарилсан ногдол ашиг 102.000.000 төгрөг, нийт 3.204.190.000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагчаас шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Эрдэнэт ойл ХХК-ийн хувьцааны 50 хувийн эзэмшигчээс хасуулах шаардлага нь Иргэний хуулийн 100.1, 101.1, 103.1, Компанийн тухай хуулийн 3.2-т заасныг зөрчиж “Э” ХХК-ийг Эрдэнэт-Ойл ХХК-ийн хувь нийлүүлсэн хөрөнгийн өмчлөгчийн эрхэнд халдахыг завдсан, хувь нийлүүлсэн хөрөнгийг өмчлөх эрхийг шүүхээр дамжуулан хязгаарлахыг оролдсон хууль бус үйлдэл байх тул нэхэмжлэл үндэслэлгүй. “Э” ХХК-ийн Зөвлөлийн 2007 оны 12 сарын 15-ны өдрийн 38-р хуралдааны шийдвэрийн 7.5-д “Э” ХХК-ийг “Мон-Аме-Квалитет” ХХК-ийн хувь нийлүүлэгч болохыг дэмжиж,  дүрмийн сангийн өөрт оногдох хувийн нэмэгдэл төлбөрийг "Э” ХХК-д мөрдөгдөж буй стандартын шаардлага хангасан тос, тосолгооны материал худалдан авах баталгаа гаргах мөнгөн бус хэлбэрээр оруулах, хувь оролцооны үнэлгээг техникийн болон санхүүгийн аудитын дараа тодорхойлох,  "Э” ХХК-иас “Мон-Аме-Квалитет” ХХК-ийн хувь хөрөнгөд хувь хөрөнгийн хэмжээг 50%-иар тогтоож,  тос, тосолгоо материал нийлүүлэх гэрээ байгуулахдаа нийлүүлэх бүтээгдэхүүний чанарын баталгаа, хөнгөлөлтийн нөхцлийг харгалзан үзэх. “Э” ХХК-ийн Зөвлөлийн 2008 оны 40-р хуралдааны шийдвэрээр “Э” ХХК-ийн Зөвлөлийн 38-р хуралдааны шийдвэрийн 7.5-д заасны дагуу “Мон-Аме-Квалитет” компанид техник, санхүүгийн аудитыг “Нимм” компаниар хийлгэж материалыг хувьцаа эзэмшигчдэд хүргүүлсэн. “Мон-Аме-Квалитет” ХХК-тай байгуулсан гэрээнд чанарын баталгаа болон шатах тослох материалын хөнгөлөлтийг тусгасан. 2008.07.01. хүртэл хугацаанд “Э” ХХК-ийн хувь оролцоонд үнэлгээ хийх арга хэмжээг авахыг Компанийн удирдлагад үүрэг болгосон. “Э” ХХК-ийн Зөвлөлийн 2009.05.01-ний өдрийн 42 хуралдааны шийдвэрээр “Э” ХХК-ийн Зөвлөлийн өмнөх шийдвэрийг хэрэгжүүлэх зорилгоор “Э” ХХК-иас 100 мянган ам доллар гаргаж, “Эрдэнэт-Ойл” ХХК-ийн хувь хөрөнгийн 50 хувийг өмчилж оролцохыг дэмжиж,  "Эрдэнэт-ойл” ХХК-ийн эд хөрөнгийн техник, санхүүгийн үнэлгээг “Эрдэнэт-ойл” ХХК-ийн техник-эдийн засгийн шинжээчдийн оролцоотойгоор хийж гүйцэтгэх үүрэг өгөгдсөн. “Э” ХХК-ийн Зөвлөлийн 2010.05.07-ний өдрийн 43 хуралдааны шийдвэрээр “Э” ХХК-ийн удирдлагад “Эрдэнэт-ойл” ХХК-тай хараат бус үнэлгээний байгууллагын оролцоотой “Эрдэнэт-ойл” ХХК-ийн үнэлгээг хийлгэж Зөвлөлийн хэсгийн Удирдлагаас шийдвэр гаргуулахаар даалгасан. Эрдэнэт-Ойл” ХХК нь 2008.12.24- ны өдөр байгуулагдаж 2009 онд ашигтай ажиллаж хувьцаа эзэмшигчдэд 100 гаруй сая төгрөгийн ногдол ашиг хувиарласан ч 2009 онд зөвхөн 1 жил үйлдвэрлэл явуулж, улирлын санхүүгийн тайландаа 903,3 сая төгрөгийн богино хугацаат өр, төлбөрийг тусгасан. 2010-2011 онд алдагдалтай ажиллаж, 2012 оны 1 сараас үйл ажиллагаагаа бүрэн зогсоосон. 2013 оны байдлаар 766,6 сая төгрөгийн өглөгтэй, 13,0 сая төгрөгийн авлагатай, нийт 132,0 сая төгрөгийн алдагдалтай, хөрөнгөөр үйл ажиллагаагаа санхүүжүүлэх чадваргүй болж Компанийн дүрэмд заасан зорилгоо биелүүлэх боломжгүй болсон.  “Э” ХХК-иас байгуулсан ажлын хэсгийн 2009.12.27-ний нэгдсэн дүгнэлтэд “Эрдэнэт-Ойл” ХХК-ийн үйлдвэрлэлийн зориулалттай барилгын зах зээлийн үнэлгээг 7,689,500 төгрөг, үйлдвэрлэлийн тоног 23,500,000 төгрөг буюу эд хөрөнгийн зах зээлийн нийт үнэлгээг 31,189,500 төгрөг байна гэж гаргажээ. “А” ХХК-ийн зүгээс санаачилж 2010 оны 1 сард хийлгэсэн үнэлгээний 3,975,000 ам долларын 50%-ийг “Э” ХХК-д 1.988.000 ам доллараар /бэлэн мөнгөөр/ худалдаж “Эрдэнэт-Ойл” ХХК-д “Э” ХХК-ийн хувийг нэмэгдүүлэх санал нь “Э” ХХК-ийн Зөвлөлийн 2007 оны 12 сарын 15-ны өдрийн 38-р хуралдааны шийдвэртэй зөрчилдөж байгаа үндэслэлээр үнэлгээний тайланг хүлээн авахаас татгалзаж байсан. А ХХК-ийн санаачилгаар хөлсийг нь төлж хийлгүүлсэн хөрөнгийн үнэлгээ, бизнесийн үнэлгээ нь бодит байдлаас тасарсан, хийсвэр, үндэслэлгүй үнэлгээ байна. “Эрдэнэт-ойл” ХХК-ийн хувь нийлүүлэгчдийн санаачилга, оролцоотойгоор хийж гүйцэтгэсэн эд хөрөнгийн үнэлгээ болон бизнесийн үнэлгээ нь үлэмж ихээр зөрүүтэй байгаа болон дээр дурдсан нөхцөл байдал нь “Эрдэнэт-Ойл” ХХК-ийн үйл ажиллагааг цаашид үргэлжлүүлэх боломжгүй болохыг тодорхойлж байна. А ХХК нь бие даасан Эрдэнэт -Ойл ХХК-ийн өмнөөс, түүний итгэмжлэлгүйгээр өр, авлагыг бусдаас нэхэмжилж буй нь үндэслэлгүй. “Эрдэнэт-Ойл” ХХК нь 2009 оны 12 сарын 1-ний байдлаар 356595 кг тос маслыг нийлүүлснээс 54,3%-ийг импортоор оруулж ирж нийлүүлсэн. “Эрдэнэт-Ойл” ХХК-ийн дүрмийн 5-д зааснаар үйлдвэрлэж буй тос, тосолгооны бүтээгдэхүүндээ байгууллагын стандарт боловсруулж мөрддөггүй нь чанарын баталгаатай гэж үзэхэд учир дутагдалтай, лабораторийн шинжилгээгээр чанарын шаардлага хангахгүй, үйлдвэрийн технологид нийцэхгүй байсан учраас Э ХХК нь “Эрдэнэт-Ойл” ХХК-ийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг худалдан авахыг зогсоосон. Тоснуудын үнэ нь импортоор худалдан авах тосны үнээс хямд биш, европын тоног төхөөрөмжид хэрэглэх чанарын шаарлага хангахгүй, зөвхөн Оросын тоног төхөөрөмжид ашиглагдах боломжтой байгаа нь “Э” ХХК-ийн хэрэгцээнд тохирохгүй байсан. “Э” ХХК-ийн Зөвлөлийн 42 хуралдааны протоколын 6.5-д заасныг хэрэгжүүлэх зорилгоор байгуулагдсан ажлын хэсгийн 2009.10.17-28-ны өдрийн нэгдсэн тайлан, дүгнэлтээр тосны үйлдвэрийн бүтээгдэхүүний чанар, техник, технологи, үйлдвэрлэл санхүүгийн үйл ажиллагаа, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, галын аюулгүй байдлын талаар “Хангалтгүй” гэж дүгнэсэн. Тос, тосолгооны үйлдвэрлэл нь “Э” ХХК-ийн МТХБ-ийн нефть баазын дотор байрлаж байгаа нь галын аюулгүй байдлыг ноцтой зөрчиж, аюул учруулж болзошгүй байгаа, Орхон аймгийн Онцгой байдлын газрын Гамшгаас хамгаалах улсын байцаагчдын “Заавал биелүүлэх албан шаардлага”-д дурдсан тосны үйлдвэрийн барилга, тоног төхөөрөмжийн байршил, үйлдвэрийг хараа хяналтгүй эзэнгүй орхигдуулсан зэрэг нь галын аюулгүй байдлын холбогдох дүрмийг зөрчиж байгаа талаар ирүүлсэн албан шаардлагыг “Э” ХХК, “Эрдэнэт Ойл” ХХК-д ирүүлсэн гэжээ.

 

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлага болон төлөөлөгч өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зохигч нь 2008 оны 12 сарын 15-ны өдөр хамтран ажиллах гэрээг байгуулж “Эрдэнэт ойл” ХХК-ийг байгуулж, “А” ХХК нь өөрийн өмнө эрхэлж байсан 3518,1 мянган ам долларын үнэлгээ бүхий “Мон-Аме-Квалитет” ХХК байгуулж үйл ажиллагаа явуулж байсныг нөгөө хөрөнгө оруулагчийн эзэмшиж байсан 50 хувийн хувьцааг худалдан авч, компанийг татан буулгаж, түүний хөрөнгийг шинээр хамтран байгуулсан “Эрдэнэт ойл” ХХК-д хөрөнгө оруулалт хийх, тосны үйлдвэрийн тоног төхөөрөмж нийлүүлэх, үйлдвэрийг мэргэжлийн удирдлага, түүхий эдээр хангах үүргийг тус тус хүлээж, "Э" ХХК нь дээрхи компанид эзэмших хувийн дагуу тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийж, үйлдвэрээс гаргасан бүтээгдэхүүнийг худалдан авах үүргийг тус тус хүлээж, 50:50 хувийн хувьцааг эзэмшиж, дүрмийн санг 100.000 ам доллар байхаар тохиролцож байгуулсан. Тосны үйлдвэрийг 2009 оны 6 сарын 24-нд улсын комисс хүлээн авсан. “А” ХХК өөрийн үүргийг бүрэн биелүүлж 3518,1 мянган долларын үнэлгээ бүхий тосны үйлдвэрийн хөрөнгөөр нэмж хөрөнгө оруулалт хийсэн. “А” ХХК нь хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж "Эрдэнэт ойл” ХХК-ийн үйл ажиллагааг зохион байгуулж ажиллаж, хувьцаа эзэмшигчид ногдол ашиг хувиарлан ажиллаж байсан. “Эрдэнэт ойл” ХХК-ийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж үйл ажиллагааг сайжруулах болон эрчимжүүлэх үүднээс "А" ХХК нь өөрийн нэмж оруулсан хөрөнгөтэй дүйцэх хэмжээний хөрөнг оруулалтыг бодитойгоор хийхийг удаа дараа “Э” ХХК-иас хүсэж байсан. “А” ХХК нь Мон-Аме-Квалитет" ХХК-ийг татан буулгаж, компанийн хөрөнгийг шинээр байгуулсан “Эрдэнэт ойл” ХХК-ийн үйл ажиллагаа явуулах газар нүүлгэх, шилжүүлэх болон суурилуулсан, үйлдвэрийн түүхий эдээр хангах зэрэгт нийт 7.852.938,0 мянган төгрөгийн зардлыг гаргасан. “Э” ХХК-д гэрээний үүргээ биелүүлэхгүй бол харилцан тохиролцоо буцах талаар урьдчилан мэдэгдэж байсан. Хувьцаа эзэмшигчдийн протокол нь хэлцлийн шинжийг агуулсан, 50:50 хувийн хөрөнгө оруулалт хийж компани байгуулж, КтХ-иар үүсгэн байгуулахтай холбоотой харилцаа үүсгэж, эрх үүргийг тодорхойлсон, Иргэний хуулийн 476.1-д заасан хамтарч ажиллах гэрээний хэлбэр, шинжийг агуулсан, ямар ямар үүрэг хүлээхийг шийдвэрлэсэн. Манайх хүлээсэн үүргээ биелүүлж, “Эрдэнэт ойл” ХХК-ийг байгуулаад хамтран ажиллах гэрээний дагуу 204 сая төгрөгийн ашиг олж, ашгаа хуваарилсан. Шүүхэд анх нэхэмжилсэн 3.204.190.000 төгрөгийн шаардлагаа багасгаж байна. Иймд Иргэний хуулийн 204, 205 дугаар зүйлд зааснаар гэрээнээс татгалзаж, хариуцагч нь үүргээ биелүүлээгүйн улмаас гаргасан зардал буюу тайланд тусгасан үнэлгээ 3.461.900.000 төгрөгийн 50 хувь 1.730.900.000 төгрөг, тосны үйлдвэрийг нүүлгэж суурилуулах зардлыг дүгнэлтээр тодорхойлсон үнээр нүүлгэсэн буцаан ачих зардалд /622.600.000х2/ 1.245.200.000 төгрөг, 2009 онд олсон ашиг 204 сая төгрөгийг тоног төхөөрөмж ашиглаж олсон ашгаас хариуцагчид хуваарилсан 102.000.000 төгрөг, нийт 3.076.900.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 1. Нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэлийн 2 дахь мөрний 4 дэх догол мөрөнд “хариуцагчийн зүгээс хэт нэг талыг барьсан давуу хүсэл сонирхолд автан гэрээ нөгөө талынхаа эрх, хууль ёсны ашиг сонирхлыг үл хүндэтгэн” гэж оруулснаас дүгнэхэд үүсгэн байгуулагчдын 2008 оны 12 сарын 15-ны өдөр хуралдсан хурлын тэмдэглэлийг “Гэрээ” гэж үзсэн нь харагдаж байна. /1999 он/ КтХ-ийн 13.8-д “Компанийг нэгээс илүү үүсгэн байгуулагч байгуулах нөхцөлд үүсгэн байгуулагчид нь компанийг үүсгэн байгуулах талаар хамтран ажиллах гэрээ байгуулж болох бөгөөд энэ гэрээнд үүсгэн байгуулагчдын хамтран ажиллах журам, үүсгэн байгуулагч тус бүрийн хүлээх үүрэг, тэдгээрийн худалдан авах хувьцаа бусад үнэт цаасны ангилал, төрөл тус бүрийн тоо, үнэ, худалдан авах хугацаа зэрэг шаардлагатай гэж үзсэн бусад асуудлыг тусгана. Энэ гэрээ нь компанийг үүсгэн байгуулах баримт бичигт хамаарахгүй” гэж зааснаас харахад дээрх үүсгэн байгуулагчдын хуралдаан нь гэрээ байгуулсан явдал биш бөгөөд компанийг үүсгэн байгуулахтай холбоотой тус хуулийн 14.1-д заасан үйл явц болох нь нотлогдоно. Хурлаас гарсан шийдвэр нь Компани үүсгэн байгуулах баримт бичигт хамаарна.

 

2. Иргэний хуулийн 476.1-д “Хамтран ажиллах гэрээгээ буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээнэ” гэж заасан байна. Энэ нь хамтран ажиллах гэрээний талууд хуулийн этгээд байгуулахгүйгээр ашиг олох тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах гэрээг байгуулж харилцан үүрэг хүлээдэг болох нь харагдаж байна. Харин “А” ХХК болон “Э” ХХК-иуд нь “Эрдэнэт ойл ХХК-ийг хувь нийлүүлэгчдийн хурлын 2008 оны 12 сарын 15-ны өдрийн 01/2008 дугаар протокол, Эрдэнэт ойл ХХК-ийн ТУЗ-ийн гишүүдийн хурлын 02/2008 дугаар протокол шийдвэрүүдээр үүсгэн байгуулсан нь дээрх хуулийн заалтын “Хуулийн этгээд байгуулахгүйгээр” гэсэн шаардлагыг хангахгүй байх тул хамтран ажиллах гэрээний дагуу үүргийг шаардах боломжгүй юм.  

 

3. “Э” ХХК нь 2008 оны 12 сарын 15-ны өдрийн үүсгэн байгуулагчдын хурлын шийдвэрт “Эрдэнэт ойл ХХК-ийг үйл ажиллагаа явуулах аливаа тендер шалгаруулалтад оролцоход аливаа баталгаа гаргах асуудлыг зохих журмын дагуу хариуцах үүргийг хүлээснээс өөр үүрэг хүлээх талаар туссан зүйл заалтгүй ба үүргийг өнөөдрийг хүртэл зөрчөөгүй. Компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийг өсгөхтэй холбоотой үүрэг хүлээгээгүй, өсгөх тохиолдолд Компанийн тухай хууль, “Эрдэнэт ойл” ХХК-ийн дүрэмд заасны дагуу өсгөх боломжтой юм. Хувьцаа эзэмшигч компанид хөрөнгө оруулалт хийх замаар өөрийн хөрөнгийг хэмжээг өсгөх тохиолдолд бусад хувьцаа эзэмшигчдээс зөвшөөрөл авах үүрэгтэй. /1999 оны Компанийн тухай хуулийн 43.1, 44.1-д 2011 оны 31.2, Эрдэнэт ойл ХХК-ийн дүрмийн 8-ын 4,5/ Дангаар өсгөх, өсгөхийг тулган шаардах эрхгүй тул Эрдэнэт ойл” ХХК-ийг анх үүсгэн байгуулсан тухай хувь нийлүүлэгчдийн хурлын протокол, шийдвэрийг биелүүлээгүй гэж үзэхгүй.

 

4. Нэхэмжлэгч хохирлоо гэм буруутай этгээдээс гаргуулан авах бөгөөд гэм буруу хохирол 2 шалтгаант холбоотой байх ёстой. “Э” ХХК-ийн зүгээс дээрх хохиролтой холбоотой ямар нэг гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргаагүй тул Хөрөнгийн үнэлгээний тайланд тодорхойлсноор олох байсан цэвэр ашиг 3461,9 сая төгрөгийн 50 хувь 1730,9 сая төгрөг, тосны үйлдвэрээ буцаан буулгах, угсрах зардал 687.190.000 төгрөгийг гаргуулах шаардлагуудыг хүлээн зөвшөөрөх боломжгүй болно.

 

5. Компанийн тухай хуулийн 6.5-д “Хараат болон охин компани нь толгой компанийнхаа өрийг хариуцахгүй бөгөөд хууль болон тэдгээрийн хооронд байгуулсан гэрээнд өөрөөр заагаагүй бол толгой компани нь хараат болон охин компанийнхаа өрийг хариуцахгүй” гэж заасны дагуу өнөөдрийн байдлаар татан буугдаагүй “Эрдэнэт ойл” ХХК-ийн өрийг “Э” ХХК нь Эрдэнэт ойл” ХХК-ийн бизнесийн үнэлгээний тайланд тусгагдсан 697.300.000 төгрөгийг хариуцах эрх зүйн үндэслэлгүй.

 

6. “Эрдэнэт ойл” ХХК нь 2009 онд үйл ажиллагаагаа ашигтай явуулсан гэдгийг хувьцаа эзэмшигчдийн хурлаас дүгнээд ногдол ашиг хуваарилсан. Хэрэв ашиггүй ажилласан гэж үзвэл “Эрдэнэт ойл” ХХК нь нэхэмжлэл гаргаж төрийн эрх бүхий байгууллагаар тогтоолгох бөгөөд түүнд хувьцаа эзэмшигч 1 этгээд бусад хувьцаа эзэмшигчдээс нэхэмжлэх эрхгүй тул хуваарилсан ногдол ашиг 102.000.000 төгрөг гаргуулахыг хүлээн зөвшөөрөхгүй. Үүсгэн байгуулагчид нь хамтран ажиллах журам батлаагүй, Үйлдвэрийг комисс хүлээн авсан эсэхийг мэдэхгүй. “Эрдэнэт Ойл” ХХК нь одоо үйл ажиллагаа явуулдаггүй, түүнийг татан буулгахаар гаргасан манай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Хөрөнгө хэнийх гэдэг нь тодорхойгүй, орлого хэнийх гэдэг нь мөн тодорхойгүй, хөрөнгөд бүртгэгдээгүй байна гэв. 

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, хариу тайлбар, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

                                                                                   

Нэхэмжлэгч “А” ХХК нь хариуцагч “Э” ХХК-д холбогдуулан “Эрдэнэт Ойл” ХХК-ийн хувьцааны 50 хувийн эзэмшигчээс хасуулах, тосны үйлдвэриин тоног төхөөрөмжөө нүүлгэн шилжүүлж авахад саад учруулахгүй байхыг даалгуулах, “Эрдэнэт Ойл” ХХК-ийг анх үүсгэн байгуулсан тухай 2008 оны 12 сарын 15-ны өдрийн 01/2008 дугаар Хувь нийлүүлэгчдийн хурлын протокол, “Эрдэнэт Ойл” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүдийн хурлын 02/2008 дугаар протокол шийдвэрийг биелүүлээгүйгээс учруулсан хохиролд 3.204.190.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэл гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч тал нь гэрээнээс татгалзаж, учирсан хохиролд 3.204.109.000 төгрөг гаргуулах гэж шаардлагын үндэслэлээ өөрчлөн тодорхойлжээ.

 

Хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч нь 2008 оны 12 сарын 15-ны өдрийн “Эрдэнэт Ойл” ХХК-ийг үүсгэн байгуулах хурлын 01/2008 дугаар протокол, шийдвэр нь 2 хэлцлийн шинжийг агуулсан, 50:50 хувийн хөрөнгө оруулалт хийж Компанийн тухай хуулиар компани үүсгэн байгуулахтай холбоотой харилцаа үүсгэж, эрх үүргийг тодорхойлсон, Иргэний хуулийн 476.1-д заасан хамтран ажиллах гэрээний хэлбэр, шинжийг агуулсан, ямар ямар үүрэг хүлээхийг шийдвэрлэсэн, үүргээ зөрчсөн үндэслэлээр хамтран ажиллах гэрээнээс татгалзаж, хохирол шаардах эрхтэй гэж тайлбарлаж байна.  

 

Хариуцагч нь Иргэний хуулийн 476.1-д заасан хуулийн этгээд байгуулахгүйгээр хамтран ажиллах гэрээг байгуулж харилцан үүрэг хүлээдэг ба 01/2008 дугаар протокол нь гэрээ байгуулсан явдал биш, харин Компанийн тухай хуулийн 13.8, 14.1-д заасан үйл явц, хурлаас гарсан шийдвэр нь компани үүсгэн байгуулах баримт бичигт хамаарах тул хамтран ажиллах гэрээний дагуу гэрээний үүргийг биелүүлэхийг шаардах боломжгүй, протоколоор хүлээсэн “Эрдэнэт ойл ХХК-ийг үйл ажиллагаа явуулах аливаа тендер шалгаруулалтад оролцоход аливаа баталгаа гаргах асуудлыг зохих журмын дагуу хариуцах үүргийг зөрчөөгүй, компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийг өсгөхтэй холбоотой ямар нэг үүрэг хүлээгээгүй, өсгөхийг тулган шаардах эрхгүй, хохиролтой холбоотой ямар нэгэн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргаагүй, татан буугдаагүй “Эрдэнэт ойл” ХХК-ийн өрийг “Э” ХХК нь хариуцах эрх зүйн үндэслэлгүй, хувьцаа эзэмшигч нэг этгээд бусад хувьцаа эзэмшигчдээс нэхэмжлэх эрхгүй тул шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргалаа.

 

Нэхэмжлэгч, хариуцагч нар нь “А” ХХК болон “Э” ХХК нар нь 2008 оны 12 дугаар сарын 15-ны өдөр “Эрдэнэт Ойл” ХХК-ийг үүсгэн байгуулахаар хуралдаж, протокол үйлдэн, хурлаас шийдвэр гаргасан, энэ талаар талууд маргахгүй байна.

 

Дээрх хурлаар “Мон-Аме-Квалитет” ХХК-ийн тодорхой хувийг “Э” ХХК худалдан авч, хамтарсан компани болгон өөрчлөн зохион байгуулах, “Мон-Аме-Квалитет” ХХК-ийг өөрчлөн, “Эрдэнэт Ойл” ХХК-ийг байгуулах, компанийн пүрмийн санг тогтоох, дүрмийн төслийг батлах, ТУЗ-ийн дарга, гишүүд, Хяналтын зөвлөлийн гишүүдийг сонгох, Гүйцэтгэх захирал, Ерөнхий нябог томилох, цалингийн хэмжээг тогтоох, хурлаас гарсан шийдвэрийг нэгтгэн дүгнэх асуудлыг хэлэлцэж шийдвэрлэжээ.

 

Компанийн тухай хуулийн /1999 он/ 13.8, /2011 он/ 13 дугаар зүйлийн 13.3-т компанийг нэгээс дээш этгээд шинээр үүсгэн байгуулах тохиолдолд үүсгэн байгуулагчид нь компани үүсгэн байгуулах талаар хамтран ажиллах гэрээ байгуулж болох бөгөөд уг гэрээнд үүсгэн байгуулагчдын хамтран ажиллах журам, үүсгэн байгуулагч тус бүрийн хүлээх үүрэг, тэдгээрийн худалдан авах хувьцаа болон бусад үнэт цаасны ангилал, төрөл тус бүрийн тоо, үнэ, худалдан авах хугацаа зэрэг шаардлагатай гэж үзсэн бусад асуудлыг тусгана гэж, 13.4-т энэ гэрээ нь компанийг үүсгэн байгуулах баримт бичигт хамаарахгүй гэжээ.

 

Дээрх хуулийн зохицуулалтаар заавал гэрээ байгуулахыг шаардахгүй боловч протоколоор шийдвэрлэсэн асуудлын 3 дахь заалтаас бусад нь хуулийн этгээдийг үүсгэн байгуулах талаар байгуулсан гэрээ гэж үзэх боломжтой юм.

 

Учир нь дээрх 3 дахь заалтаар Нэхэмжлэгч нь АНУ-ын “Маjоr Согрогаtiоn”-тай 50:50 хувиар хамтран байгуулсан “Мон-Аме-Квалитет” ХХК-ийн 50 хувийн хөрөнгийг нөгөө талаасаа худалдан авч, “Э” ХХК-тай хамтран “Эрдэнэт Ойл” ХХК-ийг байгуулахаар харилцан тохиролцсоны дагуу “Мон-Аме-Квалитет” ХХК-ийг 2008 оны 2 сард татан буулгаж, тосны үйлдвэр, технологи, тоног төхөөрөмжөө “Э” ХХК-д нийлүүлснээр үйл ажиллагааг явуулж, үйлдвэрийг мэргэжлийн удирдлага, түүхий эдээр хангах үүргээ биелүүлсэн гэж үзэхээр байна.

 

Ийнхүү нэхэмжлэгч үүргээ биелүүлсэн болох нь зохигчийн тайлбар, ашиг хуваарилсан баримт,  “Э” ХХК нь “Эрдэнэт Ойл” ХХК-ийн үйлдвэрлэсэн тосыг худалдан авч байсан зэргээр талуудын хооронд гэрээний эрх зүйн харилцаа үүссэн болохыг нотолж байна.

 

Иргэний хуулийн 187 дугаар зүйлийн 187.1-д үүрэг нь хэлцлийн үндсэн дээр үүссэн эрх зүйн харилцаанаас үүснэ гэж, 39 дүгээр зүйлд иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/-г хэлцэл гэнэ гэж, 40 дүгээр зүйлийн 40.1-д хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал хүлээн авснаар хүчин төгөлдөр болно гэж, 41 дүгээр зүйлийн 41.1-д хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна гэж заажээ.

 

Тухайн тохиолдолд 2008 оны 12 сарын 15-ны өдрийн “Эрдэнэт Ойл” ХХК-ийг үүсгэн байгуулах хурлын 01/2008 дугаар протоколын шийдвэрлэсэн хэсгийн 3 дахь заалтаар “Э” ХХК нь “Эрдэнэт Ойл” ХХК-ийг үйл ажиллагаа явуулах, аливаа тендер шалгаруулалтад оролцоход аливаа баталгаа гаргах асуудлыг зохих журмын дагуу хариуцах  үүргийг хүлээсэн байна.

 

Зохигчийн хооронд байгуулагдсан гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д “гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэж заасан зарчимд нийцсэн, талууд гэрээнд гарын үсэг зурсан, хүсэл зоригоо илэрхийлж гэрээ хүчин төгөлдөр болжээ.

 

Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт “хамтран ажиллах гэрээгээр 2 буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүргийг хүлээх”-ээр зохицуулсан ба талуудын хооронд хамтран ажиллах эрх зүйн харилцаа үүссэн байна.

 

Дээрх зохицуулалтаар талууд 2, түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр хамтран ажиллах үүрэгтэйгээр ашиг олох зорилгыг хэрэгжүүлэх шинжийг агуулах юм.

 

Хариуцагч тал хуулийн этгээд байгуулахгүйгээр, бичгээр гэрээ байгуулаагүй тул хамтран ажиллах гэрээ байгуулагдсан гэж үзэхгүй гэж маргах ч хамтран ажиллах үйл ажиллагааг хуулийн этгээд байгуулахгүйгээр хэрэгжүүлдэг гэж үзэж болохгүй юм.

 

Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д “эд хөрөнгө шилжсэнээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулагдсанд тооцно” гэсэн ба “Эрдэнэт Ойл” ХХК-ийн үйлдвэрлэсэн тос, тосолгооны материалыг “Э” ХХК нь худалдан авч байснаас дүгнэхэд дээрх үүргээс гадна үйлдвэрлэсэн тос, тосолгооны материалыг хариуцагчид нийлүүлж байсан үйл баримт тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь энэхүү үүргээ биелүүлээгүйгээс тосны үйлдвэрийн үйл ажиллагаа зогссон гэж, хариуцагчийн төлөөлөгч нь “Эрдэнэт-Ойл” ХХК-ийн үйлдвэрлэж буй тос, тосолгооны бүтээгдэхүүндээ байгууллагын стандарт боловсруулж мөрддөггүй нь чанарын баталгаатай гэж үзэхэд учир дутагдалтай, лабораторийн удаа дараагийн шинжилгээгээр бүтээгдэхүүн нь чанарын шаардлага хангахгүй, Эийн технологид нийцэхгүй байснаас “Эрдэнэт-Ойл” ХХК-ийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг нийлүүлэхийг зогсоосон гэж тайлбарласан.

 

Үүнээс дүгнэхэд Иргэний хуулийн 479 дүгээр зүйлийн 479.1-д хариуцагчийг хамтран ажиллах гэрээнээс гарсан гэж үзэхээр бөгөөд 478 дугаар зүйлийн 478.11-д зааснаар хамтын үйл ажиллагааны улмаас бий болсон алдагдлыг гэрээний талууд хамтран хариуцна гэж зааснаар ийнхүү гарсан тохиолдолд нэхэмжлэгч нь өөрийн 50 хувьд ногдох алдагдлыг хохирлоор шаардах эрхтэй байна.

 

“Э” ХХК нь “Эрдэнэт Ойл” ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигч атлаа өөрийн хувь эзэмшдэг компанийн үйлдвэрлэсэн тосыг эрх бүхий этгээдийн  дүгнэлтгүйгээр чанарын асуудлаар нийлүүлэлтийг зогсоосон буруутай байна.

 

Хэрэгт авагдсан “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХк-ийн 2010 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 22 дугаар “Эрдэнэт ойл” ХХК-ийн бизнесийн үнэлгээний тайлангаар цэвэр ашгийн хэмжээг 3.461.900.000 төгрөг гэж тодорхойлсон байх бөгөөд нэхэмжлэгч нь үүний тал буюу 50 хувийн 1.730.900.000 төгрөгийг, Хөрөнгө үнэлгээний “Вендо” ХХК-ийн тодорхойлсноор үйлдвэрийг буцаан ачих зардлыг 622.600.000 төгрөг гэж тодорхойлсныг үндэслэн шаардаж байгааг буруутгах боломжгүй байна.

 

Харин нэхэмжлэгчийн Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар тосны үйлдвэрийг нүүлгэж, суурилуулсан зардал 622.600.000 төгрөг, олсон ашиг 204 сая төгрөгөөс хариуцагчид хуваарилсан 102.000.000 төгрөгийг буцаан гаргуулахаар нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна.

 

Иймд дээрх үндэслэлүүдээр Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.11-д зааснаар хариуцагчаас нийт 2.353.500.000 төгрөгийг гаргуулж, шаардлагаас үлдэх /3.076.900.000-2.353.500.000/ 723.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 3.657.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 1.887.950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115.2, 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 478 дугаар зүйлийн 478.11, 227 дугаар зүйлийн 227., 227.3-т заасныг баримтлан хариуцагч “Э” ХХК-иас  / гэрээнээс учирсан хохиролд 2.353.500.000 /хоёр тэрбум гурван зуун тавин гурван сая таван зуун мянга/ төгрөг гаргуулан, нэхэмжлэгч “А” ХХК-д / олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 723.400.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн тухай 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 16.251.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 11.925.450 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.  

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор шийдвэр гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Ж.ЭРДЭНЭЧИМЭГ