Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 001/ХТ2021/01010

 
 

Бизнес-Инвест девелопмент ББСБ ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж,шүүгч Х.Сонинбаяр, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 102/ШШ2020/02976 дугаар шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 2328 дугаар магадлалтай,

 

Нэхэмжлэгч: Бизнес-Инвест девелопмент ББСБ ХХК

Хариуцагч: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Л.Мандах

 

нэхэмжлэл: үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгохыг даалгах тухай иргэний хэргийг

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Л.Мандахын хяналтын журмаар 2021.01.06-ны өдөр гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Жамъяндорж, гуравдагч этгээд Л.Мандах, нарийн бичгийн даргад Х.Амарбаясгалан нар оролцов.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: Баянгол дүүргийн иргэний хэргийн шүүхийн 2016.10.10-ны өдрийн 102/ШШ2016/05356 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016.11.30-ны өдрийн 1952 дугаар магадлал, хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2017.02.07-ны өдрийн 001/ХТ2017/00144 дугаар тогтоолоор Л.Мандахаас нийт 36,185,880 төгрөг гаргуулж Бизнес-Инвест девелопмент ББСБ ХХК-д олгох, төлбөр төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгийг худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Гүйцэтгэх ажиллагаа явагдаж, Л.Мандах нь өөрийн өмчлөлийн барьцаа хөрөнгө болох БГД-н 4-р хороо, 2-р хороолол, Төмөр замын 52 дугаар байрны 55 тоот дахь 29 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 160,000,000 төгрөгөөр дуудлага худалдаагаар худалдан борлуулах үнийн санал өгсөн. Энэ үед Л.Мандах нь 3 сарын дотор уг үл хөдлөх хөрөнгөө зараад, төлбөрөө төлж барагдуулъя. Тиймээс миний барьцаа хөрөнгөнд шинжээч тогтоолгохгүйгээр санал болгосон үнэлгээгээр тогтооч гэсэн хүсэлтийг гаргасны дагуу түүний хэлсэн 160,000,000 төгрөгийн үнэлгээн дээр маргахгүй явахаар болсон. 3 сар хүлээсэн ч төлбөр төлөгдөөгүй. 160,000,000 төгрөгөөс нь албадан дуудлага худалдаа зарлаж, анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдаагаар зарагдаагүй. 2017.12.06-ны өдөр санал болгох хуралдаан хийж үл хөдлөх хөрөнгийг төлбөрт авч, санал болгосон 160,000,000 төгрөгөөс өөрийн төлбөрийг тооцож суутгаад, зөрүү төлбөрийг Л.Мандахад өгөхөөр шийдвэрлэсэн. Бид энэ үнийн саналыг анх дэмжсэн. Гэвч тэр хугацаанаас хойш 6 сарын хугацаа өнгөрсөн байсан учир бид барьцаа хөрөнгөнд шинжээч томилж өгөхийг хүссэн боловч хүлээж аваагүй, ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргахад хүсэлтийг хүлээж аваагүй. Иймд барьцаа хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгохыг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч тайлбартаа: Баянгол дүүргийн шүүхийн 2016.10.10-ны өдрийн 102/ШШ2016/05356 тоот шийдвэрээр Л.Мандахаас 46,838,200 төгрөгийг гаргуулж Бизнес-Инвест девелопмент ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, төлбөр төлөгч Л.Мандахын өмчлөлийн БГД-н 4-р хороо, 2-р хороолол, Төмөр замын 52 дугаар байрны 55 тоот 29 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг битүүмжлэн, хураасан. Үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгчийн харилцан тохиролцсон 160,000,000 төгрөгийн 70 хувь буюу 112,000,000 төгрөгөөр 2017.05.25-ны өдөр анхны албадан дуудлага худалдаанд оруулахад худалдан борлогдоогүй тул харилцан тохиролцсон үнийн 50 хувь буюу 80,000,000 төгрөгөөр 2017.06.21-ний өдөр 2 дахь албадан дуудлага худалдаанд оруулсан боловч мөн худалдан борлогдоогүй. ШШГТХ-н 73.5-т заасны дагуу албадан дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй уг үл хөдлөх хөрөнгийг төлбөр төлөгч 10 хоногийн хугацаанд төлбөрөө бүрэн төлж барагдуулаагүй тохиолдолд төлбөр авагч харилцан тохиролцсон үнэ 160,000,000 төгрөгөөр дээрх орон сууцыг санал болгож, зөрүү 123,814,120 төгрөгийг төлбөр авагч Бизнес-Инвест девелопмент ББСБ ХХК-иас гаргуулан төлбөр төлөгч Л.Мандахад олгохоор шийдвэрлэсэн. Барьцаа хөрөнгийг шинжээчээр үнэлүүлэх нь зүйтэй гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Л.Мандах: Төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр авагчийн хүсэлтээр 2017.05.25-ны өдөр анхны албадан дуудлага худалдаанд оруулсан боловч үнийн санал ирээгүй тул талуудын харилцан тохиролцсон үнэ болох 160,000,000 төгрөгийн 50 хувиар тооцон 80,000,000 төгрөгөөр 2 дахь албадан дуудлага худалдаанд оруулсан. Энэ 80,000,000 төгрөг бол 2 өрөө байрны зах зээлийн дундаж үнэ юм. Нэхэмжлэгч тухайн үед үнийн саналыг харилцан тохиролцсон учраас дээрх шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдсан. Гэтэл одоо харилцан тохиролцсон үнийн саналаа үгүйсгэн, албадан дуудлага худалдааг хүчингүй болгох, барьцаа хөрөнгийг шинжээчээр тогтоолгох нэхэмжлэл гаргасныг нь эсэргүүцэн тайлбар гаргаж байна. Үл хөдлөх эд хөрөнгийн үнийн талаар талууд харилцан тохиролцсон гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 102/ШШ2020/02976 дугаар шийдвэр гаргаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 55.2.2-т заасныг баримтлан хариуцагч Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Төмөр замын 52 дугаар байрны 55 тоот дахь 29 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны үнэлгээг шинжээч томилон тогтоолгохыг хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 280,800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 2328 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 102/ШШ2020/02976 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, улсын тэмдэгтийн хураамжид гуравдагч этгээдийн төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсэн байна.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Л.Мандах хяналтын журмаар гаргасан гомдолдоо: БГД-н ИХАШШ-н 2016.10.10-ны өдрийн 05356 дугаар шийдвэрээр Л.Мандахаас 35,848,687 төгрөгийг гаргуулж Бизнес-Инвест девелопмент ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэгдсэн бөгөөд миний өмчлөлийн орон сууцыг нэхэмжлэгч талын хүсэлтээр 2017.05.25-ны өдөр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраас анхны албадан дуудлага худалдаанд оруулсан боловч үнийн санал ирээгүй тул талуудын харилцан тохиролцсон үнэ болох 160,000,000 төгрөгийн 50 хувиар тооцон 80,000,000 төгрөгөөр 2 дахь албадан дуудлага худалдаанд оруулсан. Нэхэмжлэгч Бизнес-Инвест девелопмент ББСБ нь тухайн үед үнийн талаар харилцан тохиролцсон учраас дээрх шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан. Гэтэл анхан шатны шүүх хэтэрхий нэг талыг баримтлан гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг харгалзан үзэлгүй барьцаа хөрөнгийг шинжээчээр үнэлүүлэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Түүнчлэн нэхэмжлэгч нь 160,000,000 төгрөгөөр үнэлэгдсэн орон сууцны үнэ нь зах зээлийн ханшнаас хэтэрхий өндөр гэх тайлбараа баримтаар нотлоогүйгээс гадна нэхэмжлэгч нь өөрөө үнийн саналыг хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдал байсаар атал анхан шатны шүүх ШШГТХ-н 55.2.2-д үнэлгээг талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй хөрөнгө гэж зааснаар барьцаа хөрөнгийг шинжээч томилон үнэлүүлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу хийж гүйцэтгэх нь зүйтэй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Бизнес-Инвест девелопмент ББСБ ХХК 2018.01.17-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан нэхэмжлэл гаргаж, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгохыг даалгахаар шаардсан байна.

 

Шийдвэр, магадлалыг тус тус хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

1. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016.10.10-ны өдрийн 102/ШШ2016/05356 дугаар шийдвэр, давж заалдах шатны шүүхийн 2016.11.30-ны өдрийн 1952 дугаар магадлал, хяналтын шатны шүүхийн 2017.02.07-ны өдрийн 001/ХТ2017/00174 дүгээр тогтоолоор Л.Мандахаас 35,848,687 төгрөг гаргуулж Бизнес-Инвест девелопмент ББСБ ХХК-д олгож, төлбөр төлөгдөөгүй тохиолдолд Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 52 дугаар байрны 55 тоот 2 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар заажээ.

 

Төлбөр төлөгдөөгүй тул дээрх шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа эхэлсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

 

2. Төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийн үнийг 160,000,000 төгрөгөөр харилцан тохиролцсон гэж үзэхдээ хариуцагч хууль зөрчсөн ажиллагаа явуулсан талаарх шүүхийн дүгнэлт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 55.2.2, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт нийцжээ.

 

3. Нэхэмжлэлийн шаардлага, татгалзлыг нотлох баримт гаргаж өгөх үүргийг зохигч хүлээнэ. Шүүх талуудын гаргасан баримтын хэмжээнд дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэнэ.

 

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, нотлох баримтыг харьцуулан үнэлж нэхэмжлэлийг хангасан үндэслэлээ тодорхой заасан байх тул гомдлыг хангахгүй орхив.

 

4. Хариуцагч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахад талууд хөрөнгийн үнэлгээний талаар санал гаргах, харилцан тохиролцож үнэ тогтоох, шинжээч томилж үнэлгээ тогтоолгох, хөрөнгийн үнэлгээний талаар гомдол гаргаагүй бол төлбөр төлөгч бие даан худалдан борлуулах тухай санал гаргах зэрэг ажиллагаа хийхэд энэ тогтоол саад болохгүйг дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 102/ШШ2020/02976 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 2328 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, гуравдагч этгээд Л.Мандахын гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан гуравдагч этгээд Л.Мандахаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ С.СОЁМБО-ЭРДЭНЭ

ШҮҮГЧИД Х.СОНИНБАЯР

Б.УНДРАХ

Д.ЦОЛМОН

Х.ЭРДЭНЭСУВД