Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 2016/ШЦТ/063

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дауренбек даргалж, 
нарийн бичгийн дарга: Т.М,
орчуулагч: А.Е,
улсын яллагч: Х.Ө,
шүүгдэгчийн өмгөөлөгч: Х.З, 
шүүгдэгч А.Н нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн И овогт Аын Нд холбогдох 201504000212 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. 
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
    Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1977 оны 10 дугаар сарын 25-ны өдөр төрсөн, 39 настай, эрэгтэй, яс үндэс казах, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3 эхнэр, хүүхдийн хамт Ногооннуур сумын *** дүгээр багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, И овогт Аын Н, регистрийн дугаар ******.
Шүүгдэгч А.Нын холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч А.Н нь 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэр “Б” гэх газарт тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүйгээр өөрийн УАЗ-3303 маркийн****** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад өгсүүр газраас тээврийн хэрэгсэл нь хүч алдаж хойшоо ухарч ар талд нь явган явж байсан С овогтой Хыг мөргөж онхолдон түүний амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ. 
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч А.Нын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... Би Ногооннуур сумын “Мойын” гэх газарт амьдардаг. Ганц айл сууж мал малладаг. Тухайн өдөр талийгаач ирээд машинаараа нүүлгээд өгөөч гэхээр би завгүй гэхэд талийгаачийн хүргэн ах А хүүхэддээ чөлөө аваад дагуулж ирээд гуйгаад байхаар нь зөвшөөрсөн. Тэр өдөр нэлээд орой гарсан. Шөнө харанхуйд явж байхад машин гэнэт хүч алдсан. Тоормос дарж, кардан татсан боловч зогсоож чадсангүй. Яагаад тоормос барихгүй, зогсож чадахгүй байсныг ойлгосонгүй. Бартаат газар яваад байсан тул машины тэвшинд сууж явсан талийгаачийг 2 удаа машинаас буулгаж алхуулсан. Машин тоормос барихгүй хүч алдаад хойшоо ухраад явж байхад бас буулгасан байсан. Уг нь хүндрүүлэгч моосттой машин байсан бөгөөд аяархан явж байсан. Тухайн осол болсон газар сүлжээгүй газар байсан тул сүлжээ барих газарт очиж Цагдаагийн газарт мэдэгдэж, эмч дуудсан. Үүрийн 04 цагийн үед цагдаагийн ажилтан нар ирсэн” гэх мэдүүлэг, 
- Улсын яллагч ялын шүүмжлэлдээ: “... шүүгдэгч А.Н нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т заасан гэмт хэрэг бүхий Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж зам тээврийн осол гаргасны улмаас нэг хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэх нь зүйтэй байна. Уг ялыг Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар эрэгтэйчүүдийн жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэх саналтай байна. Хэрэгт холбогдуулан хэрэглэх нэмэгдэл ял байхгүй. Шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар тооцож хураан ирүүлсэн зүйлгүй болно. Шүүгдэгч энэ хэргийн улмаас цагдан хоригдож байгаагүй, бусдын батлан даалтад өгөх таслах сэргийлэх арга хэмжээ авагдсан. Шүүхийн шийтгэх тогтоол гарснаар энэ таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслах сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй. Энэ хэрэгт холбогдуулж шүүгдэгчийн 4 адуу, болон түүний эзэмшлийн 3303 маркийн 65-03 БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэсэн саналтай байна” гэв. 
- Шүүгдэгчийн өмгөөлөгч өмгөөллийн үгэндээ: “... Түүнд ял халдаахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нэг ч нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Харин хөнгөрүүлэх нөхцөл байдал байгаа гэдгийг хэлмээр байна. 1. Тохиолдлын шинжтэй, анх удаа хүндэвтэр гэмт хэрэгт холбогдсон, 2. Үйлдсэн гэмт хэрэг нь болгоомжгүй гэмт хэргийн ангилалд хамаарч байгаа, 3. Гэмт хэргийн улмаас учирсан эдийн хохирлыг арилгасан, учирсан сэтгэл зүйн хохирлыг арилгасан. Эдийн хохирлыг байгаа боломжийн хүрээнд арилгасан, цаашид тусалж байгаарай гэсэн хохирогч Ш.Аийн хүсэлтийг хүлээн зөвшөөрч ар гэрт нь тусалж байхаар болсон. Хохирогчийн болгоомжгүй үйлдэл Хын нас барах шалтгаан болсон гэдгийг ойлгох хэрэгтэй. Яагаад гэвэл өөрийнхөө амь насаа аргалаад явж байгаарай гээд буулгаад явсан хүн машин 50-60 зам явсан байхад машины доор орсон нь хайхрамжгүй байдал гэж үзэж байна. Үүнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох үндэслэлтэй гэж үзэж байна. А.Н нь хэргээ сайн дураар илчилж, үйлдсэн гэмт хэрэгтээ чинь санаанаасаа гэмшиж байгаа. Тухайн газар хэдий сүлжээгүй газар ч гэсэн цагдаагийн байгууллага болон эмнэлгийн байгууллагад тэр даруй мэдэгдсэн. Цагдаагийн байгууллагад мэдэгдэж хэргийг илчилхэд тус дэм болсон тул үүнийг  гэмт хэргийг илчлэхээс илүү гэмт хэрэг үйлдсэндээ чин санаанаасаа харамссан гэж ойлгох нь зүйтэй. Улсын яллагчийн санал болгож байгаа хорих ялыг оногдуулах боломж байгаа боловч энэхүү ялыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлыг анхаарч Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлд зааснаар хүндэвтэр гэмт хэрэгт анх удаа ял шийтгүүлж байгаа, хэргийн нийгмийн аюулын шинж байдал, өөрөөр хэлбэл болгоомжгүйгээр үйлдсэн байдал хэргийн улмаас учирсан эдийн хохирлыг арилгасан, хохирогч гомдол саналгүй гэдгийг анхаарч ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэн хянан харгалзаж өгөхийг хүсэж байна. Хэрэв түүнд оногдуулах хорих ялыг тэнсэн харгалзсан тохиолдолд А.Н өөрийнхөө гэр бүлээс илүүтэйгээр талийгаач С.Хын гэр бүлд тусалж 2 өрхийг хэвийн байдалд авч, хамгаалж явах болно гэдгийг хэлмээр байна. Иймд шүүгдэгч А.Нд оногдуулах хорих ялыг тэнсэн хянан харгалзаж өгөхийг дахин дахин хүсье” гэв.
Шүүх хуралдаанд: хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, цогцосонд үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, Ш.Аийг хохирогчоор байцаасан тэмдэглэл, гэрч К.А, Т.А, Х.Е, А.Н нарыг байцаасан тэмдэглэл, шинжээч А.ийг байцаасан тэмдэглэл, Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 19 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. 
Шүүгдэгч А.Нын гэм буруугийн талаар: 
А.Н нь 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэр “Б” гэх газарт тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүйгээр өөрийн УАЗ-3303 маркийн****** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад өгсүүр газраас тээврийн хэрэгсэл нь хүч алдаж хойшоо ухарч ар талд нь явган явж байсан С овогтой Хыг мөргөж онхолдон түүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь дараах  нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд: 
    - Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн  үзүүлэлт /хх-ийн 3-6, 7-9 дүгээр хуудас/,
    - УАЗ-3303 маркийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-6, 10-13 дугаар хуудас/,
    - Цогцосонд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 14-16, 17 дугаар хуудас/,
    - Цуснаас дээж авсан тухай тэмдэглэл /хх-ийн 22 дугаар хуудас/,
    - Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /хх-ийн 24-27 дугаар хуудас/,
    - Эд зүйлд үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт /хх-ийн 68-77 дугаар хуудас/,
     - Техникийн   байдалд шинжилгээ хийлгэх шинжээч томилох тогтоол, дүгнэлт /хх-ийн 78-82 дугаар хуудас/,
    - Шүүгдэгч А.Наас авсан цусны дээжинд шинжилгээ хийлгэх   шинжээч томилох тогтоол, дүгнэлт /хх-ийн 58-60 дугаар хуудас/,
    - Талийгаач С.Хын цогцост задлан шинжилгээ хийлгэх шинжээч томилох тогтоол, дүгнэлт /хх-ийн 52-55 дугаар хуудас/,
    - Зам тээврийн осол хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл /хх-ийн 18-21 дүгээр хуудас/,
    - Зам тээврийн ослын акт үндэслэлтэй эсэхийг тогтоох зорилгоор шинжилгээ хийлгэх шинжээч томилох тогтоолыг үндэслэн гаргасан Шинжээчийн ?16 тоот   дүгнэлт: “... Үүнд: Жолооч А.Н нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1-ийн “а”-д заасан тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох  Монгол  Улсын  үндэсний буюу олон улсын жолооны үнэмлэх, 2.2.а-д зааснаар Монгол Улсын нутаг дэвсгэр дээр олон улсын хөдөлгөөнд оролцож байгаа механикжсэн тээврийн хэрэгслийн жолооч замын хөдөлгөөний тухай олон улсын конвенцид нийцэх жолоодох эрхийн үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээтэй байх, 9.1-д зааснаар жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна, 9.2-д заасан жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг зөрчсөн байна” /хх-ийн 63-65 дугаар хуудас/,
    - Хохирогч Ш.Аийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Манайх Ногооннуур сумын “Мойын” гэх газарт намаржиж байсан. Намаржаанаас 2016 оны 9 дүгээр сарын 21-ний А.Нын машинаар нүүж сумын төвд ирсэн. А.Ныг миний нөхөр Х дуудсан байсан. Манайх малаа өвөлдөө   нөхрийн хүргэн ах болох Аын малтай нийлүүлдэг байсан. Намар ганц, хоёр сар оторт гарч А ахад тус болж хонь хариулж өгдөг байсан. Нөхөр бид хоёр өвөлдөө хүүхдүүдийн хамт сумын төвд өвөлждөг. Нөхөр бид хоёр намаржаанд байсан эсгий гэрийг сумын төвд хурааж тавьсны дараа 1 сар оторт очиж хонь хариулж өгье гэж ярилцаж, А ахтай тохирсон байсан. Тэгээд эсгий гэрийг өвлийн байшин оруулаад, оторт авч явах зүйлсийг бэлдэж, бэлэн болгосон үед нөхөр маань надад “А ах бид хоёр Нтай тохирсон бид нарыг одоо оторт хүргэж өгөхөөр болсон” гэж хэлсэн. А ах тухайн үед мотоциклтэй явж байсан бөгөөд бид нараас түрүүлээд хөдөө яваад өгсөн. Аын араас Н,  нөхөр болох Х бид гурав сумын төвөөс гараад намаржиж байсан А ахын гэрт очиж, оторт хэрэгтэй зарим нэг зүйлсийг аваад оторт гарах “Б” гэдэг газарт очихоор Ногооннуур сумын намаржиж байсан “Мойын” гэх газраас “Б” гэдэг газар луу нар жаргаж байх үед хөдөлсөн. Машины кабинд жолооч А.Н, А ах бид гурав суусан, нөхөр маань машины тэвшинд суусан байсан. Тэгээд “Б” гэх нэртэй уулын хавцлаар дээшээ өгсөж явж байхад хэцүү замтай бартаатай өгсүүр газарт ирэхэд Н зогсож машины тэвшинд явж байсан миний нөхрийг та буугаад явган явж бай, хэцүү газраас гарсны дараа суугаарай, өгсүүр зам аюултай гэж хэлээд буулгаж, яваад зам сайтай газраас дахин суулгаж авсан, дараа нь дахин хэцүү, өгсүүр замтай газарт ирэхэд машины тэвшин сууж явж байсан миний нөхрийг та буугаад явган явж бай гэж буулгаад явсан, миний нөхрийг буулгасан газраас 50-60 метр зайтай газар яваад машин шууд ухарч яваад онхолдсон. Машин яг юунаас болж ухарсан болохыг би анзаараагүй, машин унтарч ухарсан эсэхийг би мэдэхгүй, ямар ч байсан дээшээ өгсөж явж байгаад шууд хойшоо ухарч яваад онхолдсоныг мэдэж байна. Түүнээс хойш юу болсныг би сайн мэдэхгүй маш их айсан болохоор ухаан алдсан байна, нэг мэдэхэд миний нөхөр машины доор дарагдсан байдалтай, амьсгал байхгүй, амь хураасан байдалтай хэвтэж байсан. Би нөхрөө хараад уйлсан үед намайг А ах тайвшруулж суулгасан. Н сүлжээнд гарч сумын төвд мэдэгдэж, эмч цагдаа дуудсан байна. Хэсэг хугацааны дараа сумын эмнэлгийн машин ирсэн ба би уг машинд суугаад сумын төвд ирсэн. А.Н болон миний нөхөр эрүүл байсан, ямар нэгэн согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй юм. Би тээврийн хэрэгслийн унтарсан, унтраагүй эсэхийг сайн анзаараагүй, явж байхад юу ч гэсэн тээврийн хэрэгслийн дуу нь намжиж байхгүй болсон юм шиг болоод шууд ухраад онхолдсон. Би нөхрийн хажууд хамт яваад осолд орж, нөхөр маань миний нүдэн дээр нас барсан тул надад ямар нэгэн санал, гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй. Мөн нэмж шалгуулах зүйл байхгүй. Санаатайгаар хийсэн зүйл биш учраас Нд өгөх ялыг хөнгөрүүлж шийдэж өгөхийг хүсэж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 34-38 дугаар хуудас/,
    - Гэрч К.Аын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Би 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өглөө сумын төвд ирсэн. Суманд ирээд оторт гарах бэлтгэлээ хангаж хоносон байсан. Талийгаач Х бид хоёр хамт Мойын гэх газар намаржиж байгаа. 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Х гэрээ Нын машинаар нүүлгэж сумын төвд 17 цагийн үед ирсэн. Тэгээд Х гэр орны ачааг сумын төвд байдаг байшиндаа оруулж хурааж тавьсан. Би Хыг нүүлгэж ирсэн Нтай уулзаж талийгаач Х бид хоёрыг отрын жижиг гэртэй “Б”-т хүргэж өгөөрэй гэж хэлсэн. Тэр үед Н надад ганцаараа байгаа, хонь мал хариулах хүнгүй, таныг хүргэж өгч чадахгүй гэж татгалзахад нь би ойрхон газар учраас оройдоо хүргэж өгчихөөд эргээд ирэхгүй юу даа гэж хэлээд бензин хийж өгөөд би өөрөө мотоциклээр түрүүлж Мойын гэх газарт байгаа гэртээ харьсан. Миний араас Н, Х эхнэрийнхээ хамт манай гэрт ирсэн. Манай гэрээс оторлох газарт барих жижиг эсгий гэр болон бусад эд зүйлсийг ачиж орой 19 цагийн үед “Б” руу хөдөлсөн. Тэгээд хавцалаас дээшээ өгсөж явж байхдаа хэцүү бартаатай зам дээр ирэхэд талийгаачийг тэвшнээс нэг удаа буулгаж, зам сайтай газраас дахин тээврийн хэрэгслийн тэвшинд суулгаж явсан. Машины кабин дотор талийгаачийн эхнэр, би, жолооч Н бид гурав сууж явсан. Талийгаач тээврийн хэрэгслийн тэвшинд сууж явсан юм. Дахин өгсөж явж байхад өгсүүр газарт ирсэн үед жолооч Н машинаа зогсоож талийгаачийг дахин буулгаж, энэ өгсүүр газраас гараад машинд суугаарай гэж буулгасан. Талийгаачийг буулгаад 50-60 метр хүрэхээргүй газар явж байхад машин шууд ухарч эхэлсэнийг санаж байна. Тэгээд тас түс болоод машин онхолдож зогссоныг мэдсэн. Машин юунаас болоод яагаад ухарч, хэдэн удаа эргэж онхолдсон болохыг би анзаараагүй. Нэг мэдэхэд машин хажуу талаараа унасан байдалтай машинаас гарч чадахгүй байхад үхэр тууж явж байсан миний хүү болох Х бид нарыг гаргаж авсан. Машины кабинаас гараад харахад буулгаж явсан байсан Х машины доод хажуу талд хэвтэж байсан ба очиж үзэхэд нас барсан байсан. Тэгээд миний хүүхдийн унаж явсан мориор Н  сүлжээнд гарч сумын төвд байдаг хамаатанууддаа мэдэгдэхээр явсан. Би талийгаачийн эхнэрийн хажууд тайвшруулж суусан юм. Тэгээд хэсэг хугацааны дараа Н ирсэн ба сумын төвд байдаг хамаатануудад мэдэгдсэн, эмнэлэг, цагдаагийн байгууллагад мэдэгдэж дуудаарай гэж хэллээ гэсэн. Шөнийн 02, 03 цагийн үед байх цагийн яг мэдэхгүй байна, цагдаа, эмч нар ирсэн. Юу болсоныг би үнэхээр анзаараагүй, машин маш удаан өгсөж явж байгаад гэнэт ухраад түс тас болж онхолдож зогссон байсан. Жолооч тээврийн хэрэгслийг зогсоох ямар ямар арга хэмжээ авсныг ч би анзаараагүй, машин унтарчихсан гэж дараа нь сонссон ба анх унтарсан болохыг би анзаараагүй. Машиныг зогсоох арга хэмжээ авсан эсэхийг мэдэхгүй, надад машин техникийн талаар мэдлэг байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 39-42, 43-44 дүгээр хуудас/,
    - Гэрч Т.Агийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдрөөс 22-нд шилжих шөнө хэдэн цагийн үе болохыг мэдэхгүй байна шөнө дунд миний өөрийн ******* дугаартай утас руу А.Н залгаж би машин жолоодож яваад авто осол гаргасан, цагдаа болоод эмч дуудаж өгөөрэй гэж хэлсэн юм. Бид сүлжээ барихгүй хэд хэдэн удаа ярьж байж осол болсон гэх газрын хаягийг аваад сумын эмнэлгийн эрхлэгч А.Мт утсаар болсон зүйлийг хэлсэн ба өөрсдийн төрөл садангуудад мэдэгдсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 45 дугаар хуудас/,
    - Гэрч Х.Еын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдрөөс 22-ны шилжих шөнө 03 цаг 30 минутын үед миний гар утас руу эмнэлгийн жолооч С залгаж “Жарых” гэх газар авто осол гарсан байна, дуудлаганд та явахаар болсон гэсэн тул би эмнэлгийн анхны тусламжийн хэрэгслийг авч цагдаа нарын хамт 04 цагийн үед сумаас гарсан юм. Тэгээд бид 1 цагийн орчим яваад очиж тэнд байсан хүмүүсийн биеийн байдлыг үзэхэд 3 хүн ямар нэгэн ил гэмтэлгүй, эрүүл байсан ба нэг хүн амь насаа алдсан байсан. Тухайн нас барсан хүн ямар нэгэн эмчилгээ хийх боломжгүй амьсгал хураасан, бие нь хөөрсөн байдалтай байсан. Тэгээд тухайн байдлыг харсаны дараа бидэнтэй хамт очсон хэсгийн төлөөлөгчид аймгийн төвийн цагдаагийн газраас бүрэлдэхүүн дуудаж, бид нас барсан хүний эхнэр нь гэх Ш.Аийг авч явж гэрт нь хүргэж өгсөн юм” гэх мэдүүлэг /хх-ийн 46 дугаар хуудас/,
    - Гэрч А.Нын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Манай авга А.Н нь цэргийн алба хааж байгаагүй, төлөв даруу, томоотой, хүнд тусархаг, цайлган цагаан сэтгэлтэй, аливаа юманд нямбай, насаараа мал маллаж өссөн, бага боловсролтой, их дээд сургуульд суралцаж байгаагүй, урьд өмнө хэрэг зөрчилд холбогдож байгаагүй, эхнэр, бага насны нэг хүүхэдтэй, гэр бүл, хүүхдүүддээ халамжтай. Одоо Ногооннуур сумын 4-р багт “Хүзүү” гэх газарт мал аж ахуй эрхлэн амьдарч байгаа амьжиргааны хувьд тааруухан, 100 толгой гаран малтай, аливаа тэтгэвэр тэтгэмж авдаггүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, сумын ард иргэдэд нэр хүндтэй хүн юм” гэх  мэдүүлэг /хх-ийн 48 дугаар хуудас/,
    - Гэрч А.Хийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн үдээс хойш Ногооннуур сумын “Мойын” гэх газраас би оторт гарах “Б” гэх газар руу үхэр тууж гарсан байсан. Миний араас машинаар миний аав А, хөрш суудаг талийгаач болсон Х ах нар ирнэ гэж хэлсэн.  Чухам хэний, ямар маркийн машинаар ирэхийг надад тодорхой хэлээгүй, би ч тодруулж асуугаагүй юм. Би үхрийг “Б” гэх газрын хавцлаар дээшээ тууж явж байхад оройн хэдэн цаг болсныг мэдэхгүй, тухайн үед надад цаг байгаагүй, миний араас гэрэл асаасан нэг машин ирж байсан. Тэгээд би манай хүмүүс юм байна гэж бодоод цаашаа үхрээ тууж явж байхад тас түс гэсэн дуу гараад, хүмүүс орилсон дуу чимээ гарсан үед би эргэж хойшоо харахад юу ч хараагдаагүй, тэгээд тууж явж байсан үхрээ үлдээгээд мориор доошоогоо давхиж 200-250 гаруй метр газар яваад ирэхэд бор ногоон өнгийн тээврийн хэрэгсэл онхолдсон байдалтай, кабин дотор байгаа хүмүүс гарч чадахгүй байсныг би жолооч талын хаалгаар дээшээ татаж гаргаж авсан. Кабин дотроос эцэг болох А, машины жолооч Н, талийгаачийн эхнэр болох А нар гарч ирсэн. Тэгээд бүгд Х хаана байна гэж хайсан үед Х ах машины хойд талын дугуйн хажууд хэвтэж байсныг хараад очиж үзэхэд Х ах нас барсан байсан. Тэгээд намайг эцэг маань гэрт хүн байхгүй гэж гэр лүүгээ явуулсан юм. Түүнээс хойш юу болсныг би мэдэхгүй байна. Би тээврийн хэрэгслийн онхолдож байсныг хараагүй. Барагцаагаар тээврийн хэрэгсэл миний хойноос 200-250 метрийн зайтай ирж байсан байх гэж бодож байна. Тухайн үед нилээн харанхуй байсан тул зөвхөн машины гэрэл нь харагдаж байсан ба хэр зайтай явж байсныг тодорхой хэлж мэдэхгүй байна. Миний араас дээшээ өгсөж ирж байсан тээврийн хэрэгслийн зөвхөн гэрэл нь надад харагдсан, зогсож байсныг би хараагүй. Ямар нэгэн хүн буулгасан эсэхийг харах боломжгүй харанхуй байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 49-50 дугаар хуудас/,
    - Шинжээч А.ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр гаргасан дүгнэлтэнд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1-д заасан заалтыг дурдсан байгаа. Энэ заалтын тайлбарт хурд гэдгийг жолооч нь хурдыг сонгохдоо харгалзах хэд хэдэн үзүүлэлтүүдийг хамааруулж ойлгодог байгаа. Үүнд тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээврийн хэрэгслийн төрөл хөдөлгүүрийн хүчин чадал, тоормосны систем, дугуй болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөний хурдыг сонгох гол үзүүлэлтийн нэг нь тээж яваа ачааны төрөл /аюултай, хүнд овор ихтэй, хүн тээвэр, шингэн ачаа гэх мэт/. Мөн замын нөхцөл байдлын онцлогт зам, түүний зохион байгуулалт, тэмдэг тэмдэглэл, гэрлэн дохио, зорчих хэсгийн өргөний хэмжээ, хашлага, гадаргуугийн байдал /хуурай, нойтон, мөстсөн/, замын үзэгдэлт /огцом эргэлт, өгсүүрийн төгсгөл/ үзэгдэх орчин зэрэг ойлголтууд хамаардаг байгаа. Иргэн Н нь хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, түүнээс гарах хохирлыг багасгахад тээврийн хэрэгслийн хурдыг зөв сонгож яваагүй байгаа нь Замын хөдөлгөөний дүрмийн 9.1 дэх хэсэгт заасан заалтанд шууд хамаардаг байгаа. Жишээ нь: Өгсүүр газар тээврийн хэрэгслийн хурдыг тохируулж дайрч гарах /хурдыг нэмж давах, аль эсхүл хурдыг багасгах/ зэргийг замын нөхцөл байдалд тааруулж сонгож явах хэрэгтэй. Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.2-т заасан заалтын хувьд зам дээрх аюул, саад нь янз бүрийн шинж чанартай байж болох учраас түүнд тохирсон арга хэмжээг жолооч өөрөө зөв сонгох ёстой байдаг. Аюул саад тулгарч болзошгүй үед хөдөлгөөний хурдыг хасах, зогсоох арга хэмжээ авах нь зам тээврийн ослоос сэргийлэх, ослоос гарч болох хохирлыг багасгах хамгийн оновчтой арга гэж үздэг” гэх мэдүүлэг /хх-ийн 51 дүгээр хуудас/,
     - Шүүгдэгч А.Нын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Миний гэр Ногооннуур сумын төвөөс 30 гаруй км зайтай Мойын гэх газарт оршин суудаг. Талийгаач С.Х ах мөн Мойынд оршин суудаг. 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр өглөө талийгаач сумын төвд нүүх гэж байна, чи манай гэрийг сумын төвд хүргэж өгөөрэй гэж хэлсэн ба би за тэгье гэж гэрийн ачиж аваад сумын төвд 17 цагийн үед ирсэн. Сумын төвд ирсэний дараа талийгаачтай хамт оршин суудаг А ахтай тааралдсан юм. А ахад би өвөл малаа нийлүүлдэг байсан юм. А надад тааралдсан үедээ оторт гарах гэж байгаа чи Х бид хоёрыг оторт гарах “Б” гэдэг газарт хүргэж өгөөрэй гэсэн үед би таныг “Б”-т хүргэж өгч чадахгүй, би ганцаараа, байдлыг та өөрөө мэдэж байгаа биздээ, мал хариулах хүнгүй та өөр машинаар хүргүүлчих гэсэн боловч А ах маань гуйгаад байсан, дээр нь би өөрөө өвөл малаа нийлүүлдэг болохоор сэтгэлийн бодоод зөвшөөрсөн. Тэгээд А ах машинд бензин хийж өгөөд өөрөө мотоцикльтэй Мойын гэх газар луу яваад өгсөн. Сумын төвөөс талийгаач болон түүний эхнэрийг суулгаж аваад Мойын гэх газар сууж байгаа Аын гэрт ирж отрынхоо ачааг нь машиндаа ачиж “Б” хэмээх газар хүргэж өгөхөөр нар жаргаж байх үед хүргэн ах болох А, талийгаач, түүний эхнэр бид 4 гарсан. Талийгаачийн эхнэр, хүргэн ах болох А бид гурав машины кабинд суусан. Талийгаач ачааны дээр суусан байсан. “Б”-ын хавцлыг өгсөж дээшээ нилээд явж байгаад бартаатай, хэцүү өгсүүр газар ирэхээр ачаанд сууж явсан Хыг буулгаж нэг удаа явган явуулаад зам сайтай газраас суулгаж авсан. Дахин бартаатай, хэцүү замтай газар ирэхэд талийгаачийг дахин буулгаж 50-60 метрийн зайтай явж байхад машин гэнэт хүч алдаж унтарч, хойшоогоо ухарч, хүч алдаж эхэлсэн үедээ тоормос дарж, гар тоормосыг татсан боловч машин зогсолгүй шууд жолооч тал руугаа бүтэн нэг эргэж, 2 дахь эргэлтээрээ туслах тал руугаа хажуулдаж зогссон. Тэгээд машины бүхээг дотроос гарч чадахгүй уйлж, хашгирч байхад үхэр тууж явсан Аын хүү Х сонсож гүйж ирээд бид нарыг нэг нэгээр гаргаж авсан. Машинаас бүгд гарсаны дараа машины доод хажууд талийгаач хэвтэж байсныг хараад очиж үзэхэд нас барсан байсан. Тэгээд Аын хүү унаж явсан мориор сүлжээнд гарч сумын төвд байдаг эхнэрийн маань эгч болох С.Ад утсаар холбогдож болсон явдлыг хэлээд та ар гэрт болон эмнэлэг, цагдаагийн байгууллагад мэдэгдээрэй гэж хэлсэн. Би тээврийн хэрэгсэл жолоодоод гурван жил гаруй болж байгаа ба надад тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 88-90 дүгээр хуудас/, 
    … Би 2 дахь удаа зогсоход талийгаачид та машинаас буугаарай гэж буулгасан. Гэхдээ ямар нэгэн байдлаар машин хүч алдвал чулуу тавиарай гэж буулгаагүй юм. Урьд нь өгсөж ирж байхад хэцүү замтай газарт ирэхэд нэг удаа буулгаж, зам зайтай газраас дахин суулгаж авсан байсан. Талийгаач өөрөө санаачилж чулуу тавьж байсныг би хараагүй машин ухарч эхэлсэн үед толь руу харсан юу ч харагдаагүй, харанхуй байсан. Машин онхолдож зогссоны дараа машинаас гарч ирэхэд талийгаач, тээврийн хэрэгслийн арын дугуйн хажууд хэвтэж байсан болохоор талийгаач машин ухарсан үед өөрөө санаачилж чулуу тавих гэж байсан болов уу гэж бодсон юм. Хүндрүүлэгч, моосттой, 1 дүгээр араагаар маш удаан явж байсан. Яг хэдэн км хурдтай явж байсныг анзаараагүй. Өгсүүр газар учраас 5-10 км хурдтай л явж байсан байх гэж бодож байна. Машин унтарсан үед би шууд тоормос дарж, гар карданыг татсан боловч зогсолгүй, 10-15 метр ухарч яваад онхолдсон юм. Машин яагаад зогсоогүй байсныг би мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 94-95 дугаар хуудас/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.
Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларч, бэхжүүлэгдсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна.
    Шүүгдэгч А.Нын гэмт үйлдэл нь гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулж байна гэж үзлээ. 
    Баян-Өлгий аймгийн Прокурорын газраас А.Нд холбогдох үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон бөгөөд түүний гэм бурууд нь тохирсон хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх талаар хуульд заасан журмыг баримтлаагүй буюу зөрчөөгүй, нотлох чадвараа алдах, шүүхийн шийдвэрийн үндэслэл болоогүй нотлох баримт байхгүйг дурдах нь зүйтэй байна. 
Иймд шүүгдэгч А.Ныг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөний улмаас бусдын амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хорих ялаар шийтгэх нь зүйтэй гэж шийдвэрлэлээ. 
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Нд оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч А.Н нь хохирогчид учирсан хохирлыг төлж барагдуулсан нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлэг болон шүүхэд гаргасан хүсэлтээр тогтоогдож байх тул шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, цагдан хоригдож байгаагүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч А.Нд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн /Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1/, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн /Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.9/ зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, гэмт хэргийн улмаас хүнд хор уршиг учирсаныг / Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 55.1.4/ хүндрүүлэх нөхцөл байдал тооцох нь зүйтэй байна.
Шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй тул түүний эзэмшлийн 4 адуу,****** улсын дугаартай УАЗ-3303 маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй байна. 
Шүүгдэгч А.Нд оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эдийн хохирлыг нөхөн төлсөн байдал, анх удаа хүндэвтэр гэмт хэрэгт холбогдсон зэргийг харгалзан оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж, уг ялыг тэнсэж, хянан харгалзаж, түүнд хяналт тавьж ажиллахыг цагдаагийн байгууллагад даалгаж, тэнсэгдсэн ялтан А.Нд хянан харгалзсан хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн тохиолдолд цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх учиртайг танилцуулах нь зүйтэй байна.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Шүүгдэгч А.Н нь энэ хэргийн учир цагдан хоригдож байгаагүй болно. 
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286 дугаар зүйлийн 286.1.1-286.1.6, 286.1.8, 286.1.11, 290 дүгээр зүйлийн 290.3, 294 дүгээр зүйлийн 294.1-294.2, 295, 296 дугаар зүйлийн 296.1, 297 дугаар зүйлийн 297.1.1, 297.1.4, 298 дугаар зүйлийн 298.1.4-т тус тус заасныг удирдлага болгон 
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч И овогт Аын Ныг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөний улмаас бусдын амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Нын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, 3 /гурав/ жил, 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. 
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Нд оногдуулсан 3 /гурав/ жил, 1 /нэг/ сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй. 
4. Шүүгдэгч А.Н нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай. 
5. Шүүгдэгч А.Н нь цагдан хоригдож байгаагүй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Нын эзэмшлийн 4 адуу,****** улсын дугаартай УАЗ-3303 маркийн тээврийн хэрэгслийг тус тус битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгосугай. 
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар А.Нд оногдуулсан 3 /гурван/ жил, 1/ нэг/ сарын хорих ялыг тэнсэж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хянан харгалзсугай.
9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4-т зааснаар А.Нд хяналт тавьж ажиллахыг Цагдаагийн байгууллагад даалгасугай.
10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.5-д зааснаар тэнсэгдсэн ялтан А.Н нь хянан харгалзсан хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн тохиолдолд Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх учиртайг танилцуулсугай.
11. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Нд бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсныг хэвээр үргэлжлүүлсүгэй. 
12. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай. 
13. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан түүний өмгөөлөгч, хохирогч нар тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 
14. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл А.Нд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  А.ДАУРЕНБЕК