Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дашдоржийн Азжаргал |
Хэргийн индекс | 130/2016/0000/Э |
Дугаар | 2016/ШЦТ/065 |
Огноо | 2016-12-07 |
Зүйл хэсэг | 145.2., |
Улсын яллагч | Б.Ботакөз |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2016 оны 12 сарын 07 өдөр
Дугаар 2016/ШЦТ/065
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Азжаргал даргалж
Нарийн бичгийн дарга К.Е
Улсын яллагч: Б.Б
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.А, Т.К
Шүүгдэгч С.Б, Б.Э нарыг оролцуулан тус шүүхийн танхимд
Баян-Өлгий аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн И овогт Сын Б, О овогт Бн Э нарт холбогдох эрүүгийн 201504000248 дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, яс үндэс урианхай, 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн, 24 настай, тусгай дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, эрэгтэй, ам бүл 2, эхнэрийн хамт хамт Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 03 дугаар багт оршин суудаг, хэрэг хариуцах чадвартай, ухаан санаа бүрэн, урьд ял шийтгэгдэж байгаагүй, И овогт Сын Б РД:********.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, яс үндэс урианхай, 1991 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр төрсөн, 25 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, эрэгтэй, ам бүл 7, эцэг, эх, ах, дүү нарын хамт Баян-Өлгий аймгийн Алтай сумын ***дүгээр багт оршин суудаг, хэрэг хариуцах чадвартай, ухаан санаа бүрэн, урьд ял шийтгүүлж байгаагүй, О овогт Бн Э. РД:****.
Шүүгдэгч С.Б, Б.Э нар нь 2015 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 19-20 цагийн орчимд Баян-Өлгий аймгийн Алтай сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт орших иргэн Х.Б, Б.Д нарын хашааны гадна түр тавьсан Б.Дийн “Мустанг-5” маркийн ********** улсын дугаартай, хөх өнгийн мотоциклыг бүлэглэн, шунахайн сэдэлтээр хулгайлан бага бус хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
- Хохирогч Б.Дийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн"...2015 оны 10 дугаар сарын 17-ны өдөр оройн 18 цаг өнгөрөх үед К.Бын гэрт өөрийн "Мустанг-5" маркийн мотоциклоор очоод насос өгөөд гэртээ ирж мотоциклоо хашааны гадна тавьж гэртээ орсон юм. 21 цаг енгөрөх үед мотоциклоо оруулах гээд гадаа гарахад мотоцикль байхгүй байсан. Тухайн өдөр аймгаас аавын ачаа ирсэн ба тус ачааг дэлгүүрт аав болон дүү Т нар буулгахаар явсан учраас мотоциклийг Т барьж явсан байх гэж бодоод амарчихсан юм. Маргааш өдөр нь нэг тийшээ явах гээд мотоциклоо хайх үед мотоцикль хашаанд байхгүй байсан. Тэр өдөржингөө хайгаад олоогүй болно. ********** улсын дугаартай, хөх өнгийн, хөдөлгүүрийн багтаамж нь 200-гийн мотоцикль байсан. Нэг хашаанд аав, ах, бид гурвын байшин байдаг. 2016 оны 09 дугээр сарын 02-ны өдөр минмй бие Өлгийд ирээд Тирлик зах дээр явж байгаад захын гадна машины зогсоол дээр миний жилийн өмнө хулгайд алдсан мотоцикль байж байхыг гаднаас нь хараад таньж олж авсан. Энэ мотоциклийг би өөрөө 2 жил хагас унаж хэрэглэсэн болохоор мотоцикль маань нудэнд дассан байсан юм. Мөн миний мотоциклийн хойд ачаа уядаг никель төмөр нь жаахан доошоо болж суусан байсан юм. Сая олж авахдаа энэ шинж тэмдэгээр би таньж олж авсан. Тэгээд цагдаад мэдэгдээд мотоциклийн арлын болон хөдөлгүүрийн дугаарыг тулгахад миний жилийн өмнө Алтай сумаас хулгайд алдсан мотоцикль мөн болж гарч ирсэн юм. Одоо ямар ч нэхэмжлэх зүйл байхгүй, нэхэмжлэлийн талаар Э болон түүний аав Б гуайтай харилцан тохиролцож төлүүлсэн байгаа, гомдол саналгүй болсон байгаа" гэх мэдүүлэг /хх-ийн 81-р хуудас/
- Шүүгдэгч С.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг: “... Эрдэншагайгаас Өлгий явах унаа сураглан /бичих/ бензин байсан.” /Хх-98-99/
- Шүүгдэгч Б.Эн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг : “...Тэгээд тэр өдөр /бичих/ яваад өгсөн.” Хх-101-109, 103/
- Гэрч С.Хын мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...2015 оны 10 дугаар сарын 17-ны өдөр орой хадам аав Жанайханы гэрт очоод тус гэрээс 19 цагийн орчимд гараад өөрийн мотоциклээр гэртээ буцаж явж байтал А.Бын байшингийн хашааны урд талаас үл таних 2 хүн мотоцикль хөтлөөд явж байсан. Миний мотоциклийн гэрэл хальт туссан ба тус 2 хун бензин нэхэх байх гэж бодоод тоохгүй зөрөөд явчихсан юм. Мотоциклийн толгой хэсгийг барьж явж байгаа хүн намхан, туранхайдуу, улаан өнгийн малгай, бараан куртк өмссөн байсан. Мотоциклийн хойд талаас түлхээд явж байгаа хүн болохоор өндөр, туранхайдуу хүн байсан ба ямар хувцас өмссөн байсныг анзаараагүй. Тухайн уед харанхуй байсан болохоор ямар дүр төрхтэй хүмүүс байсныг мэдээгүй. Уг 2 хүн хөтөлж явж байсан мотоцикль нь хөх өнгийн "Мустанг" маркийн мотоцикль байсан. Ерөнхийдөө 6-7 метрийн зайнаас зөрөөд хальт хараад явсан ба ямар дүр төрхтэй хүмүүс байсныг мэдэхгүй" гэх мэдүүлэг /хх-ийн 17-р хуудас/
- Гэрч А.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...тэр өдрийн 19 цагийн үед дүү Мгийн гэрт цайллаганд очоод оройн 21 цаг өнгөрөх үед Мгийн гэрээс гараад Хийн мотоцикльд сундалж ирээд Хийг гэрийн гадаа буугаад гарт ирж байтал манай хашааны урд талаас хойшоо 2 хүн мотоцикль хөтлөөд явж байсан. Тухайн үед харанхуй шөнө байсан болохоор ямар хүмүүс байсныг мэдээгүй.Мотоцикль хөтлөөд явж байсан 2 хүнийг мотоциклийн бензин дуусч хөтлөөд явж байгаа байх гэж бодоод гэртээ орчихсон юм. ..Үл таних 2 хүн яаравчлан явжбайсан. 10 гаруй метрийн зайнаас харсан" гэх мэдүүлэг /хх-ийн 19-р хуудас/
- Иргэний нэхэмжлэгч А.Хн мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...Миний бие 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдөр байсан байх Сагсай сумаас аймгийн төвд мотоцикль худалдаж авах ажлаар ирсэн. Шинэ биш, хуучин, хэрэглэж байсан хямдхан мотоцикль авахаар төлөвлөж мөнгөө бэлдэж ирсэн. Банкнаас зээл гаргуулан аваад бэлэн мөнгөтэй ирсэн. Тэгээд "А" захад очиж мотоцикль засварлаж зардаг хүмүүстэй уулзаж мотоцикль асууж явж байхад нэг үл таних монгол залуу таарсан. Нэр нь Б гэдгийг дараа нь танилцахад мэдсэн, гэхдээ би өмнө нь Б гэж буруу тогтоогоод явж байгаад сая харин Б болохыг санасан. Тэр залуу санамсаргүй тааралдаж зарах мотоцикль байгаа талаар хэлсэн. Тэгээд тэр залууг дагаж Өлгий сумын 13 дугаар багт хар замын дагуу байрлах гэрт нь дагуулаад очсон. Хажууд нь найз нь гэсэн нэг залуу хамт явж байсан. Тэгээд мотоциклийг үзүүлсэн, тэр мотоцикль нь сайн мотоцикль байсан учир тохироод 500.000 төгрөгөөр худалдаж авсан. Улсын дугааргүй мотоцикль байсан. Аккумулятор нь нурсан, ажиллахгуй болсон гэсэн. Тэгээд худалдаж аваад явсан юм. Би энэ Өлгийд байдаг хүү Нд мотоцикль авч өгөх гээд ирсэн байсан. Надад өөрийн нэг хуучин мотоцикль байдаг юм. Тэр мотоциклийн улсын дугаар нь ****** байсан. Хуү маань дараа нь энэ дугаарыг нөгөө худалдаж авсан мотоцикльд зүүсэн хэрэглэж байсан байна лээ. ...Миний 500.000 төгрөгөөр худалдаж авсан мотоциклийг цагдаагийн байгууллага хүү Наас хурааж аваад эзэнд нь буцаагаад өглөө шүү дээ. Иймд би 500.000 төгрөгөө Бөөс нэхэмжлэх болно. С.Б миний нэхэмжлэлийг барагдуулж өгсөн. Би түүний аав Стай тохирч түүний өмч болох эвдэрсэн "Мазда Фамили" маркийн машиныг нь үнэ тохирч худалдаж авч байна. Миний нэхэмжилж буй 500.000 төгрөг уг машины үнэнд орж байгаа гэсэн үг. Иймд миний хувьд С.Бөд ямар ч гомдол, санал байхгүй" гэх мэдүүлэг /хх-ийн 83-р хуудас/
- Гэрч Х.Ны мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...Манай гэр Сагсай суманд байдаг юм. Би ганцаараа Өлгийд ирээд ажил хийгээд эгчийн гэрт түр амьдардаг байсан. 2015 оны 03 дугаар сарын эхээр аав надад унаж хэрэглэж байсан гайгүй мотоцикль авч өгнө гээд Сагсай сумаас ирсэн. Тэгээд аав бид хоёр А захад очиж мотоцикль засаж зардаг хүмүүүсээс мотоцикль сураглаж явж байхад нэг үл таних монгол залуутай санамсаргүй зах дээр таараад тэр залуу зарах мотоицкль байгаа талаар хэлсэн. Тэр залуу өөрийгөө Б гэж танилцуулан ба мотоцикль засаж байсан. Тэгээд тэр залуугийн мотоциклийг нь Өлгий сумын Бөн уул тийшээ байдаг гэрээс нь очиж үзсэн. Түүнтэй хамт нэг Алтай сумын залуу гээд найз нь явж байсан. Тэр залуу шар өнгийн мотоциклийг засаж зах дээр байж байгаад бид нартай тааралдсан байсан. Тэгээд гэрт нь очиход хашаанд нь толгойг боож барьсан эсгий гэр дотор хадгалагдаж байсан хар хөх өнгийн "Мустанг-5" маркийн мотоциклийг үзүүлсэн. Энэ мотоцикль тоос, шороонд дарагдсан нэлээн хугацаа хөдлөөгүй шинжтэй байсан. Улсын дугаар нь бас байхгуй байсан. Б гэдэг запуу тайлбарлахдаа дүүгийн мотоцикль, дүү маань цэрэгт явсан, тэгээд унах хүнгүй байж байхаар мөнгөний хэрэгцээ гараад зарах гэж байгаа гэж хэлсэн. Мөн олсын дугаар нь алга болсон байна, дараа нь бичиг баримттай нь өгнө гэж байсан. Тэгээд бид үнэ тохирч авахаар болсон. 500.000 төгрөгөөр авахаар болж мөнгийг нь бэлэн өгөөд аваад явсан. Бид худалдаж авах үед аккумулятор нь алга байсан. Тэгээд тэр залуу нэг утасны дугаар өгсөн. Дараа нь улсын дугаарыг нь авах гээд залгахад худал дугаар өгсөн байсан. Тэгээд би удалгүй гэрлэсэн ба эхнэр бид хоёр Өлгийд оршин сууж амьдарч байсан. Энэ мотоциклийг өдөр тутам ажил руугаа унаж хэрэглэж явж байсан. Улсын дугааргүй болохоор аавын хуучин мотоциклийн ******** гэсэн дугаарыг зүүж хэрэглэж байсан.Тэгээд 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр зах дээр байхад нэг цагдаа ирээд намайг мотоциклийн хамт цагдаагийн газарт дагуулж ирээд мотоциклийг үзэж шалгаад хаанаас авсан талаар асуухад би дээрх үнэнийг хэлж өгсөн. Тэгэхэд л энэ мотоцикль хулгайн мотоцикль байсныг мэдсэн юм. Худалдаж авах үед ёстой хулгайн мотоцикль гэж бодоогүй. Тэр залуу ч үнэмшилтэй хэлж ярьж байсан юм. Нэр нь Б гэдэг залуу болохыг одоо л мэдлээ. Өөрийгөө Б гэж танилцуулсан залуу энэ /С.Бийн зургийг үзүүлэхэд/ зураг дээр байгаа залуу мөн" гэх мэдүүлэг /хх-ийн 86-87-р хуудас/
- Гэрч Б.Аын мөрдөн байцаалтын шатанд өгсөн "... 2015 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Алтай сумаас С.Бийн мотоцикльд сундалдаж ирсэн байсан. Тэр өдөр би Өлгийд ирэх ажилтай болоод, таксинаас хоцорсон байсан, Тэгээд унаа хайж явж байхад сумын төвд С.Бтэй таарсан ба тэр ч Өлгий явах унаа хайж явж байсан. Тэгэзд хоёулаа унаа олдвол нэг нэгэндээ хэлэх болоод дугаар солилцсон. Тэгээд орой харанхуй болсон байхад С.Б миний утас руу утастаж би Б.Э гэдэг найзын мотоциклийг гуйж аваад явахаар боллоо. Та явах уу гэхээр нь би тэгье гээд тэгээд түүний мотоцикльд сундалдаж Өлгийд шөнө 03 цагийн үед орж ирсэн шиг санагдаж байна. Би Назар орон сууцны гадна буугаад үлдсэн ба С.Б намайг буулгачихаад яваад өгсөн. Тэрнээс хойш С.Бтэй уулзаж ярьж байгаагүй, гудамжинд хаяа нэг тааралдаж мэндлээд өнгөрдөг байсан/ гэх мэдүүлэг /хх-ийн 89-р хуудас/
- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 10-11-р хуудас/
- Эд зүйлд шинжилгээ хийсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 8-р хуудас/
- Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 72-р хуудас/
- Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 74-р хуудас/
- Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 110-111, 116-117-р хуудас/ болон хэрэгт авагдсан бусад баримтыг шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн байцаан шийгэх хуульд үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хийгдвэл зохих ажиллагааг бүрэн хийсэн, үнэлэх боломжтой гэж үзлээ.
Шүүгдэгч С.Б, Б.Э нар бүлэглэн 2015 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 19-20 цагийн орчим Баян-Өлгий аймгийн Алтай сумын 4-р багийн нутаг дэвсгэрт оршин суух иргэн Х.Б, Б.Д нарын хашааны гадна байсан хохирогч Б.Дийн “Мустанг-5” маркийн ********** улсын дугаартай хөх өнгийн мотоциклийг шунахайн сэдэлтээр хулгайлж бага бус хэмжээний буюу 800000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь дээрх шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Шүүгдэгч С.Б мотоциклийг хулгайлах үед шүүгдэгч Б.Э нь үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ нэгдэн орсон байх тул тэднийг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэж үзнээ.
Учир нь шүүгдэгч Б.Э сэжигтнээр өгсөн мэдүүлгийг үнэн зөв гэж үзлээ. Шүүгдэгч С.Б сэжигтнээр өгсөн мэдүүлэгт “...Э Х.Бы хашааны гадна зогсож байсан Мустанг-5 маркийн мотоциклийг түрж....аваад ирсэн....бензин хийгээгүй, хангалттай бензин байсан...” гэж мэдүүлж байгаа боловч хохирогч Б.Дийн “...алдагдсан өдөр бараг бензин дууссан байсан, 1 литр бензин хийж нилээн явсан байсан” гэх мэдүүлэг,
шүүгдэгч Б.Э “...тэгээд тэндээс бид хоёр манайд очиж миний мотоциклийг асааж шатаахун түгээх станцад ирж миний мотоцикльд 5 литр бензин авч хийгээд буцаж....ирээд....хулгайлсан мотоцикльд хийж...” гэсэн мэдүүлгүүдээр үгүйсгэгдэж байна.
Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй, хэргийн бүрдэл хангагдса, зүйлчлэл тохирсон байна.
Шүүгдэгч С.Б, Б.Э нар анх удаа хүндэвтэр ангилалын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаар ухамсарлаж ойлгон гэмшиж хохирогч, иргэний нэхэмжлэгчийн хохирлыг барагдуулж уучлалт гуйж эвлэрсэн зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл байгаа, ял хүндрүүлэх нөхцөл байдалгүй, тэдний хувийн байдал зэргийг харгалзан үзэж тэдэнд эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүй, хорих ялыг ялгамжтэй оногдуулах, мөн уг ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж дүгнэлээ.
Хэрэгт иргэний нэхэмжлэл болон эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэх хуулийн шаардлагыг хангах зорилгоор шүүгдэгч нарын эд хөрөнгө битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолуудыг хүчингүй болгох нь зүйтэй байна.
Энэ хэргийн улмаас шүүгдэгч нар цагдан хоригдож байгаагүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй.
Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 285, 286, 289, 294-299 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч И овогт Сын Б, Орцог овогт Бгийн Э нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бийг эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 2 сарын хугацаагаар, шүүгдэгч Б.Эг эд хөрөнгө хураахгүйгээр 2/хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б, Б.Э нарт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлсүгэй.
4. Энэ хэрэгт шүүгдэгч нар нь цагдан хоригдож байгаагүй, бусдад төлөх төлбөргүй, тэднээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хуурагдсан ирүүлсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эн гэр бүлийн дундын өмч болох 24-59 БӨЗ улсын дугаартай мотоцикль, шүүгдэгч С.Бийн гэр бүлийн дундын өмч болох 6 хантай гэрийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолуудыг тус тус хүчингүй болгосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.1.4-т зааснаар шүүгдэгч С.Б, Б.Э оногдуулсан хорих ялыг тус тус 1 жилийн хугацаагаар тэнсэн, хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Цагдаагийн байгууллагад даалгасугай.
7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Б, Б.Э нарт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр нь үргэлжлүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоол уншин танилцуулснаар хүчинтэй болох бөгөөд тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч эс зөвшөөрвөл, гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АЗЖАРГАЛ