Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 2012/ШЦТ/068

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Д даргалж,
нарийн бичгийн дарга К.Е,
улсын яллагч: Б.Б,
хохирогч: Д.Д,
иргэний нэхэмжлэгч: Ш.С,
шүүгдэгч М.Х нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 
Баян-Өлгий аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Ж овогт Мын Хад холбогдох эрүүгийн 201604000240 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: 
Шүүгдэгч М.Х: Монгол Улсын иргэн, яс үндэс казах, Ж овогт Мын Х, *****регистрийн дугаартай, 1979 оны 7 дугаар сарын 16-ны өдөр төрсөн, 37 настай, эрэгтэй, ам бүл-5, эхнэр, гурван хүүхдийн хамт амьдардаг, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын *** дугаар багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай. 
Шүүгдэгч М.Хын холбогдсон гэмт хэргийн талаар:
2016 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 09 цагийн үед Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 13 дугаар багийн иргэн М.Х нь аймгийн Музейд харуулын ажил гүйцэтгэж байх хугацаанд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ найз болох Д.Дийг маргааны улмаас толгой тус газар цохиж хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ  нь :
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч М.Х шүүхийн хэлэлцүүлэгт: “... Д.Д бид хоёр архи авч ирэх замд Д.Д надад “би 2 шил архи авлаа, чи яагаад архи авч өгөхгүй байгаа юм бэ” гэж жаахан муудалцсан. Тэгээд уур хүрээд би түүнийг цохисон байх. ... Надад торгох ял оногдуулж өгнө үү” гэв. 
- Хохирогч Д.Д шүүхийн хэлэлцүүлэгт: “... Ямар нэгэн гомдол саналгүй. ... М.Хын хэргийг хөнгөн байдлаар шийдэж, торгуулийн шийтгэл оногдуулж өгөхийг хүсэж байна” гэв. 
- Иргэний нэхэмжлэгч Ш.С шүүхийн хэлэлцүүлэгт: “... Манай байгууллага мөрдөн байцаалтын шатанд нэхэмжлэх зүйл байхгүй тухай мэдүүлж байсан. М.Х захирлын хаалгыг янзалж хэвийн байдалд оруулсан. Одоо ямар нэгэн гомдол саналгүй” гэв. 
    - Улсын яллагч ялын шүүмжлэлдээ: “ ... шүүгдэгч М.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хөдөлмөрийн хөлсийг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнсэх  960000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх саналтай байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.10 дахь хэсэгт зааснаар согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдлаар тооцно. Мөн энэ гэмт хэрэг үйлдэх үед нийтэд аюултай буюу бусдыг айдаст автуулсан галт зэвсэг ашигласан. Галт зэвсэг ашигласныг заавал буудсан гэж ойлгохгүй. А, Д нарыг айдаст автуулсан, галт зэвсэг нэг удаа буудсан нийгэмд хор аюул их. Эрүүгийн хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар согтуурсан үед гэмт хэрэг үйлдэхэд эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхгүй гэсэн заалтаар ял шийтгүүлэх нь зүйтэй байна. Хохирогч Д.Д шүүгдэгч М.Хын сайн найз учир нэхэмжлэх зүйл байхгүй гэж байна. Эд мөрийн баримтаар хураагдсан архины шил 1 ширхэг, аяга 1ширхэг, хэргийн газраас хурааж авсан эд зүйлийг шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа устгах саналтай байна. Музейн камерын СД дүрс  бичлэгийг хавтаст хэргийн хамт хадгалах зүйтэй гэж бодож байна. М.Х урьдчилан цагдан хоригдож байгаагүй, гадагш явж болохгүй тухай баталгаа авах  таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан ба уг таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр нь үргэлжлүүлэх саналтай байна. М.Хын “Нокиа РМ-1012” маркийн гар утсыг битүүмжилсэн. Шүүгдэгчид торгох ял оногдуулах саналтай байгаа учир эд хөрөнгө битүүмжилсэн тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв. 
Мөн шүүх хуралдаанд: “... хэрэг учралын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, Д.Дийг хохирогчоор байцаасан тэмдэглэл, Ш.Сийг иргэний нэхэмжлэгчээр байцаасан тэмдэглэл, Шүүхийн Шинжилгээний албаны шинжээчийн 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 472 дугаар дүгнэлт, шүүгдэгч М.Хыг яллагдагчаар байцаасан тэмдэглэл зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. 
1. Шүүгдэгч М.Хын гэм буруугийн талаар:   
    - 2016 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 09 цагийн үед Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 13 дугаар багийн иргэн М.Х нь аймгийн Музейд харуулын ажил гүйцэтгэж байх хугацаанд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ найз болох Д.Дийг маргааны улмаас толгой тус газар нь цохиж хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд: 
    - Хохирогч Д.Дийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “... 2016 оны 10 дугаар сарын 08-ны өдөр миний баз болох Жийн хүүхдийн төрсөн өдөр болсон ба миний хүүхдүүд тэдний гэрлүү явсан байсан. Би эхнэр Аг Улаанбаатар хот руу явах автобусанд суулгаж өгөөд гэрт очиж гал түлчхээд баз Жийн гэрээс хүүхдүүдээ авахаар очсон. Жийн гэрт нь хоол унд идсэний дараа Ж бид нарыг машинтайгаа гэрт хүргэж өгөхөөр болсон. Манай гэрлүү ирэх замд Ж надад пиво уух юм уу ? гэхээр нь би ганц пиво аваад өгчих гэсэн. Тэгээд манай гэрийн гудамжны доод талд зам дагуу байдаг “А” нэртэй дэлгүүрээс Ж надад нэрийг нь сайн мэдэхгүй байна 1 ширхэг лаазтай 0.5 литрийн пиво авч өгсөн. Тэгээд манай гэрийн хажууд ирээд хүүхдүүдийг гэрт оруулж өгчхөөд баз Жийн машин дотор сууж байгаад авч өгсөн пивог уусан. Пиво дууссаны дараа би дахиж нэг пиво аваад өгөөч гэж хэлсэн ба Ж нөгөө дэлгүүрт очиж дахиж 1 ширхэг 0.5 литрийн лаазтай пиво авч өгсөн. Манай гэрийн хажууд буцаж ирж Жийн машин дотор сууж байгаад авч өгсөн пивог уусан. Пиво ууж дууссаны дараа би буугаад үлдсэн ба Ж гэрлүүгээ яваад өгсөн. Би гэрт ороход 23 цагийн үе болж байсан. Тэгээд би гэрт орсон дараа дахиж архи уумаар санагдаад найз Хын ************ дугаарын утсанд өөрийн ****** дугаарын утсаар залгаж “чи хаана байгаа юм, уулзаад ганц юм уух уу” гэж хэлсэн. Х ажил дээрээ байна ирвэл хүрээд ирэхгүй юу гэж хэлсэн. Би гэрээс гараад 1 дүгээр бага сургуулийн хажуунаас такси аваад ирж явах замд Х залгасан. Би Хад “Ц” ресторан, паб дээр хүрээд ир тэнд уулзъя гэж хэлсэн. Тэгээд би таксинаас буугаад Хын утас руу залгаж хаана байна гэж асуухад “Ц”-ын дотор байна гэж хэлсэн. Би “Ц” руу яваад ороход Х үүдэнд нь зогсож байсан. Тэгээд бид хоёр “Ц”-ын баар руу нь ороход шөнийн 00 цаг болж байна манайх хаах гэж байна гэж хэлээд бид нарыг оруулаагүй. Бид хоёр “Ц”-аас гараад “**********” захын урд зогсоолоос таксинд сууж Өлгий сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлалтай бид нарын хэлдгээр “Х” гэж нэрлэдэг дэлгүүрт очиж тэр дэлгүүрээс би 0.5 литрийн “Ерөөл” нэртэй архи 1 ширхэг, мөн нэг ширхэг ундаа аваад Хын ажилд буюу аймгийн Музейд ирсэн. Бид нарыг ирэхэд музейн жижүүрийн өрөөний оронд архивт ажилладаг Х гэдэг залуу унтаж байсан. Х бид хоёр авч ирсэн архийг музейд Хын өрөөнд очиж задалж уусан ба сүүлд нь Хын жижүүрийн өрөөнд авч ирж уусан. Бид хоёр ууж байхад Х босож ирээд бид гурав үлдсэн архийг хувааж уусан. Архи дууссаны дараа Х гэрлүүгээ яваад өгсөн. Хыг явсны дараа Х бид хоёр музейгээс гараад явган алхаж манай гэрт очиж гэрээс мөнгө аваад алхаж аймгийн нэгдсэн эмнэлгийн доод талд байдаг 2 давхар улаан тоосгоор барьсан дэлгүүрээс очиж би 0.5 литрийн Ерөөл нэртэй архи авч музейд буцаж ирээд жижүүрийн өрөөнд сууж байгаад хувааж уусан. Бид хоёр гэрээс мөнгө авч ирж байх үед би Хад “чи нэг шил архины мөнгө гаргаж чадалгүй өнөөдрийн 2 шил архийг надаар авахууллаа, ийм эр хүн байдаг юм уу ? ажилтай, төрөлтэй халаасандаа нэг шил архины мөнгөтэй явж байгаач” гэж би хэлсэн. Х тухайн үед надад байнга мөнгөтэй байна гэж ямар юм байсан, тэгвэл архийг чинь уухгүй гэж бид хоёр маргаад Музейд ирсэн. Архи ууж сууж байхад Х чи намайг үгээр идээд гэж уурлаад сууж байсан. Х бид хоёр архиа ууж дуусаж байхад өглөө болж гэгээ орж ээлжинд гарах А гэдэг залуу хаалга тогшоод Х очиж хаалга тайлаад Хтай хамт жижүүрийн өрөөнд орж ирээд А Хад та чинь гялгар харагдаж байна шүү гэж хэлсэн. Миний гялгар харагдах чамд ямар хамаатай юм вэ ? гэж гомдоод байсан ба А түлхүүр аваад гараад явсан ба араас нь Х Аийн араас нэг хүн орчих шиг боллоо гэж гараад яваад буцаад орж ирээд орны доод талаас Тоз-8 маркийн буу гаргаж ирсэн. Би буугаар яах гээд байгаа юм вэ ? гэж гарнаас нь бууг булааж аваад суу гэхэд харчаад ирье гэж гараад явсан. Удалгүй дахиж орж ирээд өөр хүн явж байх шиг байна гэж надаас бууг булааж аваад гараад явсан ба би араас нь очих гээд жижүүрийн өрөөнөөс гараад явж байхад А гүйж гадаа гараад явсан. Би урт коридор луу ороход Х гартаа буу барчихсан зогсож байсан. Би Хад “чамд юу болсон солиорсон юм уу? яагаад буу барьчихаад яваад байгаа юм” гэж хэлээд Хын барьж явсан буунаас барьж аваад гараас нь булааж авах гэхэд Х чи надад хийсэн 2 шил архиа буцааж нэхлээ, чи архины мөнгийг буцааж авах юм уу ?, музей дотор гадны хүн явж байхад бууг булааж авлаа гэж уурлаад зогсож байхад би бууг булаацалдаж бууг мушгиж эргүүлэхэд бууны хойд талаар миний толгойн тус газар цохисон. Миний толгой хагарч маш ихээр цус гарсан. Би гүйж гараад үүдний амбаарын өрөөний хаалганы хойд талд суугаад толгойныхоо цусыг гоожуулсан. Мөн цагдаа руу залгаад энд хүн буу буудаж байна гэж хэлсэн. Тэгээд босоод Х руу дахиж очиход Х урт коридорт байдаг өрөөний хаалганы доод хэсгийг хагалж өөрөө хана түшиж доошоо тонгойж сууж байсан ба буу Хын хажуу талд газар хэвтэж байсан. Би буу сумтай байгаа болов уу? гэж бодоод бууны гохыг дарж үзэхэд буу сумгүй юм шиг хоосон дуугарсан миний бодлоор сум байгаагүй байсан. Тэгээд би гараад 00-ын үүдэнд очиж газар хэвтсэн. Надад ямар нэгэн гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй. М.Х миний найз надаас уучлалт гуйгаад ирсэн ба бид хоёр эвлэрсэн байгаа. Ямар ч гомдол санал байхгүй. Надад ямар нэгэн дарамт шахалт үзүүлээгүй. Бид хоёр сайн дураараа эвлэрсэн. Би ямар нэгэн эмчилгээ хийлгээгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй. Найз болох Хад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй. Бид хоёр ажлын байранд архи ууснаас болоод ийм асуудал боллоо” гэх мэдүүлэг /хх-ийн 20-24 дүгээр хуудас/, 
    - Шүүгдэгч М.Хын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “... 2016 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 20-21 цагийн үед аймгийн Музейд ажил дээрээ сууж байхад манай байгууллага дотор байдаг архивын тасагт архивч ажилтай Х гэдэг залуу миний ************ тоот дугаарын утсанд өөрийн ******* тоот дугаарын утаснаас залгаж “ажил дээр байна уу өрөөнөөс нэг зүйл авах гэсэн юм” гэж хэлсэн. Х над руу ярихад архи уусан байсан шиг байхаар нь би “ажил дээр байхгүй байна” гэж хэлэхэд Х “хаана байгаа юм” гэхээр нь би “гэртээ хоол цайгаа ууж байна” гэж хэлсэн. Хэсэг хугацааны дараа Х над руу дахин залгаж ирсэн уу очиж өрөөнөөс юм авах хэрэгтэй байна гэсэн. Би ирсэн байна гэж хэлсэн. Тэгээд удалгүй Х ирж хаалга тогшсон ба би гараад хаалга онгойлгоход Х хажуудаа нэг залуутай хамт орж ирээд өрөөлүүгээ яваад орсон. Би Хыг оруулсаны дараа жижүүрийн өрөөнд ороод хэсэг сууж байгаад Х юу хийж байгаа бол гэж бодоод өрөөнд нь яваад очсон. Х хамт ирсэн залуутай хамт “Охь” нэртэй архи задалж уугаад сууж байсан. Х надад ууж сууж байсан архинаасаа хундаглаж өгсөн. Би Х ажилтай байна ууж болохгүй байх гэж хэлэхэд Х зүгээрээ уучихгүй юу гэхээр нь хийж өгсөн архийг нь уучхаад буцаж өрөөндөө очиж суусан. Өрөөнд сууж байхад гадаа байдаг 3 хяналтын камер харагдахгүй байхаар нь гадаа гарч камеруудыг харсан чинь улаан гэрэл асахгүй байсан. Тэгээд спорт цогцолборын манаач Баяш гэдэг хүн гадаа зогсож байхаар нь хажууд нь очиж тамхи авч тамхилчаад буцаад ажил руугаа очсон. Тэгээд Х өрөөнд дахиж очсон чинь ууж байсан архи нь талдаа орсон байсан ба Хтай хамт явж байсан залуу одоо би болсон явлаа гэж сууж байсан. Тэгээд уг залууг хаалгаар гаргаж өгч буцаж Хын өрөөнд орж ирж үлдсэн тал шил архийг Х бид хоёр хувааж уусан. Х бид хоёр архи ууж дууссаны дараа Х жижүүрийн өрөөнд орж ирж би хэсэг хэвтэж амраад авъя гэж хэлээд жижүүрийн өрөөний орон дээр хэвтэж унтсан. Х унтаж байхаар нь гадаа гарч хаалганы урд хэсэг зогсож байгаад буцаж орж ирээд сууж байхад миний ************ тоот дугаарын утсанд  өөрийн ****** тоот дугаарын утаснаас найз Д залгаж “чи хаана байна надад нэг шил архи байна уух уу” гэж хэлсэн. Би урьд нь архи уусан байсан болохоор татгалзаагүй тэгье би ажил дээр байна хүрээд ир ууя гэж хэлсэн. Тэгээд би Дийг хүлээгээд гадаа гарч зогсож байхад Д дахиж залгаж “Ц” баарын урд хүрээд ир гэж хэлсэн. Би “Ц” бааран дээр очсон чинь Д ирээгүй байсан би дотогшоо ороод гараад ирж байхад Д ороод ирсэн. Тэгээд бид хоёр –“Ц” бааранд орсон. Д энд архи үнэтэй юм байна дэлгүүрээс авъя гэж хэлсэн ба бид хоёр буцаж гадаа гарч “**********” захын хажуу талын зогсоолоос такси аваад Өлгий сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байдаг Х гэж нэрлэдэг дэлгүүрт очиж Д 0.5 литрийн “Ерөөл” нэртэй 1 ширхэг архи авсан. Д бид хоёр архи авчихаад манай ажлын газар ирсэн. Бид хоёр манай ажил дээр ирээд жижүүрийн өрөөнд орсон Х унтаж байсан  ба өрөөний түлхүүр нь ширээн дээр байхаар нь түлхүүрийг нь аваад Хын өрөөнд орж Д бид хоёр авч ирсэн архиа задалж уусан. Тэрний дараа Хыг гаргаж өгөөд өрөөнд орж ирээд суусан. Тэгээд Д дахиж нэг шил архи авна гэж мөнгө авахаар бид хоёр алхсаар байгаад Дийн гэрт очоод мөнгө аваад буцаж нэгдсэн эмнэлгийн доод талын дэлгүүрээс нэг шил архи авсан. Архи аваад ирж байхад Д надад чи нэг шил архины мөнгөгүй явж байдаг. Өнөөдрийн архийг надаар авахууллаа гэж намайг үгээр идээд байсан ба би Дт болохгүй бол мөнгийг нь ав гэж бид хоёр маргасан. Тэр архийг мөн Музейд авч ирээд уусан ба ууж байхад мөн энэ үгнээс болоод маргаан гарч байсан. Архи уугаад дууссаны дараа нэг харахад гэгээ орж байсан ба гадна талын  хаалгыг тогшихоор нь би очиж хаалга онгойлгосон. Тэр хаалга тогшсон хүн нь миний дараагийн ээлж болох А байсан. Хаалга онгойлгоод өрөөндөө орж ирээд сууж байхад А ирээд надад та чинь гялгар харагдаад байна шүү гэж шоолоод байсан. Тэгээд А түлхүүр аваад жижүүрийн өрөөнөөс гараад явсан ба хальт харахад Аийн араас хаалгаар бас нэг хүн орж ирсэн юм шиг харагдсан. Тэгээд би гараад үзээд дээшээ гараад явчихсан юм шиг санагдахаар нь ямар хүн юм бол гэж харуулын буу санаанд ороод тэр бууг аваад хөөгөөд гаргая гэж бодоод ирээд жижүүрийн өрөөний доод талд байдаг бууг гаргаж ирэх үед Д наад буугаар яах гээд байгаа юм вэ ? гэж миний гараас булааж авсан. Тэгээд би дахиж гараад хүний явж байгаа дуу сонсогдсон мэт болохоор нь буцаж ирээд Дийн гарт байсан Тоз-8 маркийн бууг булааж аваад хүн явж байх шиг байна гэж хэлээд гараад явсан. Тэгээд коридорт зогсож байхад нэг хүн ирээд миний бууг булаацалдсан. Тэгээд намайг түлхэж зугтаад явсан. Тэр үед Д хүрч ирсэн ба миний барьж байсан бууг булааж авах гэхээр нь булаацалдаж байгаад чамаас болоод орж ирсэн хүн намайг түлхээд зугтаад явчихлаа, чи муу архи хийчхэд, архины мөнгийг надаас асууж намайг үгээр идлээ гэж маргалдаж байгаад бууны хойд талаар толгойн хэсэгт нь цохичихсон. Тэр үед Д бас зугтаад явчихсан. Нэг харахад би гартаа харуулын бууг барчихсан захирлын өрөөний хаалганы хажууд коридорт явж байсан ба захирлын өрөөний хаалгыг хөлөөрөө өшиглөхөд хагарсан ба захирлын өрөөнд орж гарсан шиг хальт санаж байна. Тухайн үед нэлээн согтчихсон байна. Би өөрөө албан үүргээ гүйцэтгэж байх хугацаандаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд, найз болох Д.Дтэй маргаж улмаар биед нь хөнгөн гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Д.Дээс уучлалт гуйсан. Бид хоёр сайн дураараа эвлэрсэн тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Миний бие энэ зөрчлөөсөө болоод ажлаасаа халагдсан. Цаашид хэрэгт холбогдохгүй явах болно. Бид хоёр сайн дураараа эвлэрсэн. Ямар нэгэн дарамт шахалт байгаагүй. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч уучлалт гуйсан” гэх мэдүүлэг /хх-ийн 74-78 дугаар хуудас/, 
    - Гэрч Х.Аийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “... 2016 оны 10 дугаар сарын 09-ний өдөр буюу өнөөдөр өглөө 09 цагийн үед ажилд гарахаар ажил дээр ирсэн. Би Музейн гадна талын хаалгыг тогших үед Х ирээд дотор талаасаа онгойлгосон. Харуулын өрөөнд очиход урьд өдөр жижүүрт гарсан харуул Х хажууд нь нэрийг нь мэдэхгүй, царайг нь харж байсан нэг залуутай хамт согтуу сууж байсан. Би орж ирээд 2, 3 давхрын өрөөнүүдийн түлхүүрийг аваад өрөөнүүдийн лац, ломбыг шалгахаар гараад явсан. Тэр хоёр согтуу байхаар нь түлхүүр хайгаад түлхүүр авчхаад харуулын өрөөнөөс гараад 2, 3 давхрын лац ломбыг шалгаад 1 давхарт бууж ирээд хаалгыг нь цоожилж байхад Х албаны ТОЗ-8 маркийн бууг барчихсан, зүүн гар талдаа сум атгачихсан хүрээд ирсэн. Би Хын барьж авсан, тэгэхэд Х миний толгойнд гараараа 2 удаа цохисон. Тэгж байхад Д ирж байхаар нь би хоёулаа нийлж намайг зодох юм болов уу? гэж бодоод Хыг түлхээд гүйж гараад зугтсан. Гадаа гүйж гарсны дараа надад утас байхгүй байсан учир аймгийн нэгдсэн эмнэлэгт ажил дээрээ байсан эхнэрлүүгээ гүйж очоод утсаар нь цагдаад мэдэгдчихээд буцаж ирээд хашааны гадна зогсож байхад музейн дотор талаас бууны дуу гарсан юм шиг болсон.Тэгээд цагдаа нар ирсэн ба эхлээд цагдаа нар орсон. Би дараа нь ороход үүдний амбаарын өрөө болон коридоруудад олон тооны цус дуссан  байсан  ба Д толгойн цус болчихсон жижүүрийн өрөөний үүдэнд газар хэвтэж байсан. Манай байгууллагын харуулуудын албаны галт зэвсэг жижүүрийн өрөөнд байдаг бид нарын унтдаг орны доор жижиг хаалга хийж гаргасан газар байдаг ба галт зэвсэг тэнд хадгалагддаг юм. Галт зэвсгийн сум болохоор өрөөний хананд байдаг эмийн сан дотор 3 ширхэг сум байдаг юм. Өөр хүн ороогүй. Би орох үед гадна талын хаалга онгорхой үлдсэн. Надад Хаас бууг булааж авах боломж байсан. Би гадаа зогсож байхад нэг л удаа буудсан юм шиг болсон. Чухам хаана, яаж буудсан эсэхийг хараагүй. Бид хоёрын дунд ямар нэгэн таарамжгүй харьцаа байхгүй. Бид хоёр найзууд шиг л явдаг. Би анх орох үед Д.Дийн биед ямар ч гэмтэл байгаагүй. Музейн дотор тал нь цэвэрхэн байсан. Харин зугтаж гараад сүүлд орох үед шаланд цус дуссан, Дийн толгой хагарсан цус гарч байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 40-43 дугаар хуудас/, 
    - Шинжээч эмч Е.Бы 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 472 дугаартай дүгнэлт / хх-ийн 55 дугаар хуудас/, 
    - Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 6-13 дугаар хуудас/, 
    - Музейн теле камерын 11, 22 дугаар камерын бичлэгт хийсэн үзлэг хийсэн тэмдэглэл болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.
Эдгээр нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларч, бэхжүүлэгдсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна.
    Баян-Өлгий аймгийн Прокурорын газраас шүүгдэгч М.Хад холбогдох үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон бөгөөд түүний гэм бурууд нь тохирсон хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Хэрэг бүртгэлтийн явцад шалгавал зохих нөхцөл байдлуудыг бүрэн шалгасан, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй, хуулийг буруу хэрэглээгүй байх тул М.Хыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
 Шүүгдэгч М.Хад ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг cйлдсэн /эрccгийн хуулийн 55 дугаар зcйлийн 55.1.1/, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан /мAн хуулийн 55 дугаар зcйлийн 55.1.3/ зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг /мөн хуулийн 56 дугаар зcйлийн 56.1.10/ ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.
Шүүх хуралдаанд улсын яллагчийн гаргасан санал, хохирогчийн мэдүүлгийг харгалзан үзэж шүүгдэгч М.Хыг торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж дүгнэлээ. 
Шүүгдэгч М.Х нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, урьдчилан цагдан хоригдож байгаагүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “Ерөөл” нэртэй 0,5 граммын архины шил 1 ширхэг, аяга 1 ширхэг, хэргийн газрын үзлэгийн үеэр бэхжүүлж авсан улаан хүрэн өнгийн цус мэт зүйл дугтуйласан 5 ширхэг, харуулын өрөөнөөс бэхжүүлж авсан үс мэт хялгас 1 ширхэг дугтуйтай, бууны гол төмрөөс гарсан нэг ширхэг хонгио, 6 дугтуйтай арчдас, 1 дугтуйн хийсэн М.Хын зүүн гарны хумс зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, музейн телекамерт үзлэг хийж хурааж авсан бичлэг бүхий хуурцаг 1 ширхэгийг хэргийн хамт хадгалах нь зүйтэй байна. 
Шүүгдэгч М.Хын өмч болох “Нокиа РМ-1012” маркийн, 90.000 /ерөн мянга/ төгрөгийн үнэтэй 1 ширхэг гар утсыг битүүмжилсэн тогтоолыг хэвээр байлгах нь зүйтэй гэж үзлээ. 
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Хад гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна. 
Шүүгдэгч М.Х нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь “ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар тогтоогдож байна.
    Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286 дугаар зүйлийн 286.1.1-286.1.6, 286.1.9, 286.1.11, 290 дүгээр зүйлийн 290.3, 294 дүгээр зүйлийн 294.1, 295, 296 дугаар зүйлийн 296.1, 297 дугаар зүйлийн 297.1.1, 297.1.4, 298 дугаар зүйлийн 298.1.2, 298.1.4-т тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ж овогт Мын Хыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар шүүгдэгч М.Хыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 960000 /есөн зуун жаран мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч М.Х нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл хорих ялаар солихыг анхааруулсугай. 
4. Шүүгдэгч М.Х нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай. 
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3, 88.1.7-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “Ерөөл” нэртэй 0,5 граммын архины шил 1 ширхэг, аяга 1 ширхэг, хэргийн газрын үзлэгийн үеэр бэхжүүлж авсан улаан хүрэн өнгийн цус мэт зүйл дугтуйласан 5 ширхэг, харуулын өрөөнөөс бэхжүүлж авсан үс мэт хялгас 1 ширхэг дугтуйтай, бууны гол төмрөөс гарсан нэг ширхэг хонгио, 6 дугтуйтай арчдас, 1 дугтуйн хийсэн М.Хын зүүн гарны хумс зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, музейн телекамерт үзлэг хийж хурааж авсан бичлэг бүхий хуурцаг 1 ширхэгийг хэргийн хамт хадгалсугай.
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1-д зааснаар шүүгдэгчийн өмч болох “Нокиа РМ-1012” маркийн, 90.000 /ерөн мянга/ төгрөгийн үнэтэй 1 ширхэг гар утсыг битүүмжилсэн тогтоолыг хэвээр байлгасугай. 
6. Шүүгдэгч М.Х нь цагдан хоригдож байгаагүй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Хад гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дугаар зүйлийн 304.1 дэх хэсэгт заасан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч М.Хад авсан гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              А.Д