Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дашдоржийн Азжаргал |
Хэргийн индекс | 130/2016/0000/Э |
Дугаар | 2016/ШЦТ/069 |
Огноо | 2016-12-14 |
Зүйл хэсэг | 145.2., |
Улсын яллагч | Т.Серикжан |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2016 оны 12 сарын 14 өдөр
Дугаар 2016/ШЦТ/069
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Азжаргал даргалж
Нарийн бичгийн дарга К.Е
Улсын яллагч: Т.С
Шүүгдэгч Т.Г нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй Баян-Өлгий аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж овогт Тын Гад холбогдох эрүүгийн 201604000112 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, яс үндэс казак, 1995 оны 12 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, 20 настай, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, эрэгтэй, ам бүл 3, эцэг, дүүгийн хамт Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 07 дугаар багт оршин суудаг, хэрэг хариуцах чадвартай, ухаан санаа бүрэн, урьд Нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхийн 2013 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 234 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1, 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар 05 жил 01 сарын хорих ял оногдуулж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан, Баян-Өлгий аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2014 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 39 дугаартай шийтгэх тогтоолоор мөн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 03 жил 06 сарын хорих ялаар тус тус шийтгүүлсэн, Ж овогт Тын Г. РД:*******.
Шүүгдэгч Т.Г нь 2015 оны 04 дүгээр сарын 18-ний өдөр Өлгий сумын 13 дугаар багт оршин суух Ц.Бгийн гэрт хоноод өглөө нь гэрийн эзэд байхгүй хойгуур түүнээс авах ёстой 500000 төгрөгийн оронд хананд өлгөөстэй байсан “Монел” маркийн 42 инчийн хавтгай дэгэцтэй зурагтыг зөвшөөрөлгүй авч явж бусдад худалдаж дураараа аашилсан хэргийг,
Хохирогч Ц.Бгийн гэрт байсан зурагтыг дураараа аашилж авч явсан үйлдэлд 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр эрүүгийн 201604000085 дугаартай хэрэг үүсгэж, 2016 оны 04 дүгээр сарын 28-ний өдөр гадагш явж болохгүй баталгаа авсан таслан сэргийлэх арга хэмжээ авч хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулах явцад буюу 2016 оны 05 дугаар сарын 03-аас 04-ний өдрийн хооронд оргон зайлсан хэргийг,
Мөн 2016 оны 05 дугаар сарын 02-оос 03-д шилжих шөнө 00 цагаас 01 цаг 10 минутад хооронд Өлгий сумын 01 дүгээр багийн иргэн Х.Жгийн тус сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах вальют арилжааны 01 дугаартай өрөөнд хууль бус аргаар нэвтэрч дотор нь байсан Төрийн банкны картыг хулгайлж, улмаар Цахилгааны холбооны урьд талд байрлах АТМ-ээс 4 удаа дараалан гүйлгээ хийлж 2300000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
- Шүүгдэгч Т.Гын мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн "....Би энэ хэрэг хийхээс өмнөх өдер зах дотор билльярдны газар очиж хөзөр тоглосон. Уг газарт миний таньдаг Ц баайсан ба өөр таньдаг хүмүүс байхгүй байсан. Хөзөр тоглосон хүмүүстэй нийлээд 1 шил архи хувааж уусан. Орой болсон үед М хамт Залуучуудын ордон ороод би 2,3 шил шар айраг уусан. Тухайн үед М нилээд согтсон байсан ба гэр лүугээ явья гээд гэрт ирсэн Бид хоёрыг гэрт ирэхэд шөнийн 23:00 цаг болж байсан байх /зарим юмыг сайн санахгүй байна, мартсан байна гэв/. М гэрт ороод шууд унтчихсан байсан. Тэгээд би аймгаас явмаар санагдаад мөнгө олох гэж гэрээс гараад Т зах дээр таксинуудын буудал дээр очоод буцаад дээшээ явж байгаа спорт цогцолборын гудам руу ороод валют арилжаануудын хажууд ирээд энэ дотор мөнгө байж магадгүй гэж бодоод цонхыг түлхсэн боловч онгойгоогүй, тэгэхэд газар цохиж хагалаад салхивчийг онгойлгож, салхивчаар дотогш нэвтэрч лангууны хойд талд нэвтэрч лангууны хойд талд очиж үзээд гараа шургуулахад миний гарт нэг цаас баригдсан тэрийг аваад гадаа гэрэлтэй газарт очиж үзэхэд задлаагүй виза карт, нууц дугаартайгаа байсан. Тэгээд төрийн банкны карт болохоор холбооны гадна талд байдаг бэлэн мөнгөний машинд уншуулж үлдэгдлийг шалгаж үзэхэд 2.300.000 төгрөг байсан. 2.300.000 төгрөгийг 3 удаа хувааж авсан байх. Мөнгийг авсны дараа гэрт очиж амарсан. Өглөө 10, 11 цагийн үед хэрэг бүртгэгч, цагдаагийн дэслэгч Ч.Ганцэцэгтэй ирж уулзахад тэр намайг шөнө хулгай хийсэн байна гэж загнаж үдээс хойш хүрээд ир гэж хэлээд явуулсан. Би цагдаагаас гараад зах дээр очиж Улаанбаатар нэртэй 0.5 литрийн архи авч задалж уугаад, захаас танихгүй нэг таксины жолочтой уулзаад та намайг Толбо сум руу хүргээд өгөөч гэж хэлээд уг таксинд суугаад засмал зам дууссан газраас бууж үлдэж, замын машин хүлээж байгаад Истана маркын машинд суугаад Ховд аймагт ирсэн. Ховд аймгийн төвд нэг буудалд хоноод маргааш нь хот хоорондын автобусаар Улаанбааатар хотод очсон. Улаанбааатарт ажил хийж байгаад баригдсан. Мөнгө олдвол шууд хот руу явах зорилготой байсан, Мөнгөтэй болонгуутаа шууд яваад өгсөн. Дээр нь дахин гэмт хэрэг үйлдсэн байсныг цагдаа нэр мэдсэн байсан тул шууд явья гэж бодсон. Баригдвал шууд ял авна, баригдахгүй бол тэр чиг тээ явна гэж бодоод яваад өгсөн. Хэрэг бүртгэлийн шатанд шалгагдаж байхад дахин гэмт хэрэг үйлдэж оргон зайлсан миний буруу, би буруугаа зуун хувь хүлээж байна. Одоо хийсэн хэргийнхээ хариуцлагыг хүлээхэд бэлэн байна" гэх мэдүүлэг /хх-ийн 36-37, 171-172-р хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл /
- Хохирогч Х.Жгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн "....2016 оны 05 дугаар сарын 02-ны орой 18 цаг 40 минутад валют зардаг газрыг хааж гэрт хүүхдийн хамт очсон. Валют зардаг газрыг хааж хүү болох Тийн хамт буусан 2016 оны 05 дугаар сарын 03-ны өглөө 09 цагийн үед очиж валют зардаг газрын хаалгыг онгойлгох гэж байхад цонхны шил хагарсан байсныг хараад хүү болох Т рүү залгаж манай өрөөний цонхыг хагалсан байна, хүрээд ир хулгай орсон юм шиг байна гэж дуудсан. Хүү ирээд цагдаад дуудлага өгсөн. 2016 оны 05 дугаар сарын 02-ны орой ажлаас буухдаа Т өрөөний хяналтын камерыг асаагаад явсан байна. Хяналтын камерын бичлэгийг шүүж үзэхэд хулгайч ороод гарсныг харсан ба хэн болохыг таниагүй. Бид нар валют зардаг газарт ямар нэгэн мөнгө төгрөг үлдээлгүй бүх мөнгө гэр лүүгээ авч явдаг. Харин Төрийн банкны виза карт алга болсон байна. Төрийн банкны виза картнаас 2,300,000 төгрөг гаргаж авсан байна. Өөр ямар нэгэн эд зүйл алга болоогүй" гэх мэдүүлэг /хх-ийн 88-89-р хуудас/
- Хохирогч Ц.Бгийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн "….Тийн Г нь миний хамаатан бөгөөд манай гэрээр байнга хоноод явж байдаг байсан. 2016 оны 04 сарын 17-ны өдөр Г манайд ирээд хоносон. Би 2016 оны 1 сард мөнгөний хэрэг гарч Гаас 500,000 төгрөг зээлж авсан байсан. 4 сарын 17-ны өдөр Г надад мөнгөний хэрэг гарч байна, би машин бариад явж байгаад цагдаад баригдаад торгуулийн мөнгө хэрэг болоод байна. Тиймээс та надаас зээлсэн мөнгөө өгөх хэрэгтэй байна гэж хэлсэн. Тухайн үед би мөнгөний боломжгүй байсан тул мөнгийг чинь олж өгнө гэж хэлсэн. Би 2016 оны 4 сарын 18-ны өдөр гэрээсээ эхнэрийн хамт өглөөний 09 цагийн үед гарч явахад Т.Г манай гэрт унтаад хоцорсон юм. 18 цагийн үед эхнэр Н гэртээ очиход хананд өлгөөтэй байсан зурагт байхгүй байхаар нь над руу залгаад чи гэрт хүрээд ирээч, гэрийн зурагт байхгүй байна гэж хэлэхээр нь би ажилтай байсан тул 22 цагийн үед очсон юм. Намайг гэртээ очиход хананд зурагт байхгүй байхаар нь Г надаас авах ёстой мөнгөнийхөө оронд аваад явчихлаа гэж бодоод түүний утасруу залгасан боловч холбогдохгүй байхаар нь Цэнгэл сум руу явчихсан юм болов уу гэж бодоод Цэнгэлд байгаа хамаатнуудаасаа асуутал Цэнгэлд очоогүй талаар хэлсэн. Би Гыг зурагт аваад явсан бол надруу өөрөө залгах байх гэж бодоод 23 цаг хүртэл хүлээсэн боловч ирээгүй тул Г зурагт аваагүй юм байна, өөр хүн авчихсан байх гэж бодоод цагдаад дуудлага өгсөн юм" гэх мэдүүлэг /хх-ийн 151-152-р хуудас/
- Иргэний нэхэмжлэгч Д.М мөрдөн байцаалтын шатанд өгсөн "…Би Өлгийд очсон үедээ Т.Гын гэрт очдог бөгөөд 2015 оны 12 сард Т.Гынд очиход хавтгай дэлгэцтэй том зурагт, угаалгын машин, хөлдөөгч, ор гээд тавилганууд байсан юм. 2016 оны 3 сард намайг тэднийд очиход гэрт нь байсан бүх тавилганууд байхгүй байсан ба надад Т.Г хэлэхдээ байраа зарах гээд Ц. Б ахын амбаарт гэрийн бүх тавилгануудыг аваачсан гэж хэлсэн. Би 2016 оны 4 сарын 14-ны өдөр Өлгийд очсон бөгөөд 2016 оны 4 сарын 18-ны өдөр Г надтай уулзаад би зурагтаа зармаар байна, таньд мөнгө байвал надад зээлж байгаач, оронд нь миний зурагтыг авч байгаарай, би мөнгөтэй болохоороо дахиад таниас зурагтаа авна гэж хэлэхэд надад бэлэн мөнгө байсан тул тэгье гэж хэлсэн. Маргааш өглөө нь би Гын гэрт байж байтал 10 цагийн үед ирээд та гараад ирээч, би байрны гадаа байна гэж хэлсэн. Намайг очиход цагаан өнгийн таксинд суучихсан, хойд талын суудал дээрээ хавтгай дэлгэцтэй 42 инчийн зурагт тавьчихсан сууж байсан. Гын сууж явсан таксинд би суугаад бид нар Т захад байдаг Цэнгэл сумын чиглэлийн такси зогсдог газар очоод А гэдэг хүний машинд зурагтыг тавиад Цэнгэл суманд байдаг манай гэрт аваачиж өгөх талаар хэлсэн. Би Ад зурагтыг авч явсаны хөлс гэж мөнгө төгрөг өгөөгүй. Зурагтыг Аын машинд тавьсаны дараа би Гад бэлнээр 250.000 төгрөг өгсөн. Г надад зурагтыг 250,000 төгрөгөөр зарна гэж хэлсэн. Зурагтыг авсаны дараа 2 билүү 3 хоногийн дараа мөрдөн байцаагч Е.Б над руу яриад та Гаас зурагт худалдаж авсан байна, уг зурагт хаана байгаа талаар асуухад би гэрт байгаа гэж хэлээд зурагтыг хураалгасан юм. Би хэсэг найзуудын хамт залуучуудын ордонд бааранд сууж байтал Т.Г 22 цагийн үед бааранд орж ирсэн. Гыг орж ирсэний дараа баар хаахаас өмнө Г бид 2 баарнаас гарсан. Баарнаас гарахдаа би ууж амжаагүй байсан 2 шил пивийг авч гарсан ба Гыг уух уу гэхэд пиво уухгүй гэж хэлсэн.
Бид хоёр явсаар байгаад Т.Гын гэрт очсон. Т.Гын гэрт очоод нэг шил пивог би өөрөө уугаад унтаад өгсөн байсан. Шөнийн хоёр цагийн үед сэрээд үлдсэн нэг шил пивийг уугаад сууж байтал Г та дахин пиво уух уу гэж асуухад тэгье гээд найз Е /хоч нэр нь Д/-г гэрээс нь очиж дагуулж аваад түүний хамт явсаар байгаад Т захын ард талын шөнийн дэлгүүрт ирэхэд Т.Г 1 шил "Екс" нэртэй 0,75 гр-ын архи, 4-5 шилтэй эссе нэртэй пиво аваад дахин Гын гэрт ирсэн. Г бид хоёр гарахдаа цуг гарсан бөгөед Цамбагарав үйлчилгээний төвийн урд талын таксины зогсоолоос такси авсан байсан юм. Бидний суусан такси ямар өнгөтэй, ямар такси байсан талаар би санахгүй байна. Бид нар Гын гэрт ирээд гурвуулаа архийг уусан. Пивийг Г болон Д нар уусан байж магадгүй, өглөө босоод ирэхэд бүх архи, пиво дууссан байсан. Өглөө сэрээд ирэхэд Д миний хажууд хэвтэж байсан, Г өөр өрөөнд унтаж байсан. Би Гын унтаж байсан өрөөнд ороход ширээн дээр Гын түрийвч байсан бөгөөд түрийвч нь мөнгөөр дүүрэн байсан. Түрийвч нь бор енгийн хавчиж хаадаг түрийвч байсан бөгөөд би Гыг сэрээхэд Г сэрсэн бөгөөд шал согтуу босч ирсэн. Би түрийвчийг нь аваад чамайг эрүүл болсоны дараа би мөнгийг чинь өгнө гээд би Дгийн хамт гараад явсан. Бид нарыг гарч явж байхад цаг өглөөний 10 цаг өнгөрч байсан юм. Би тухайн үед Гаас уг мөнгө ямар учиртай мөнгө болох талаар асуугаагүй бөгөөд асуугаагүй учир нь Г шал согтуу байсан юм. Би Гын гэрээс гараад Дөл дэлгүүрийн хажуугийн нэрийг нь үл мэдэх гуанзанд орсон ба гуанзанд орчихоод мөнгийг тоолж үзэхэд 102 ширхэг 20,000-тын дэвсгэрт байсан. Гуанзанд сууж байхдаа Аянбердийг дуудсан. Учир нь Сагсай суманд байдаг найз Шохан залгаад Сагсайд ирээд яваачээ гэж хэлсэн тул машин хэрэгтэй болсон юм. Аянбердийг Сагсай сум руу яваад ирье гэж хэлэхэд би ажилтай байна, үдээс хойш ажил тарсаны дараа явъя гэж хэлсэн, тэр хооронд би хувийн ажлаа амжуулаад 13 цагийн үед Гын гэрт очсон. Намайг гэрт очиход Г унтаж байсан бөгөөд сэрээхэд архи нь бага зэрэг гарсан байсан. Би Гыг сэрээгээд энэ ямар учиртай мөнгө вэ, чи миний 250.000 төгрөгийг өгөхгүй юм уу, чи мөнгөтэй байгаа юм байн ш дээ гэж хэлэхэд би таньд 100,000-ийг нь одоо өгнө, учир нь энэ мөнгө хүний мөнгө. би тэр хүнд мөнгийг нь эргүүлэн өгөхдөө 100,000 төгрөгийг нь үрчихсэн гэж хэлээд өгч чадна гэж хэлсэн тул би уг мөнгөнөөс нь 100,000-ийг нь аваад үлдсэн 97 ширхэг 20.000-тын дэвсгэрт буюу 1.900.040 төгрөгийг өөрт нь өгсөн. Би Гын гэрт очихдоо Дгийн хамт очсон бөгөөд мөнгийг нь өгчихөөд гараад явсан. Түүнээс хойш би Гыг хараагүй. Би Гаас авсан 100.000 төгрөгөө үрчихсэн байгаа" гэх мэдүүлэг /хх-ийн 14-16-р хуудас/,
“...би 250000 төгрөгөө Гаас нэхэмжлэхгүй, нэг нутгийн залуу учраас нэхэмжлэхгүй, мөн ямар нэгэн санал гомдол байхгүй...” /хх-155-р хуудас/
- Гэрч Б.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн ".... 2016 оны 04 дүгээр сарын 09-ны өдөр Ц.Б над руу залгаад танай суманд Т.Г явж байна уу, манай гэрт хоноод зурагтыг аваад явсан байна гэхэд би гудамжинд гарч Т.Гыг хайсан боловч олдоогүй тул Цэнгэл суманд ирээгүй байна гэж Ц.Бд залгаж хэлсэн. Удалгүй цагдаагийн газрын ****** дугаарын утаснаас мөрдөн байцаагч Е.Б над руу залгаад Т.Г Ц.Бгийн гэрийн зурагтыг авч яваад Мд зарсан байна. М зурагтыг Цэнгэл сум руу гэрлүүгээ явуулсан байна, Цэнгэлд тэдний гэрт зурагт байгаа эсэхийг мэдэх шаардлагатай байна гэж хэлсэн тул Цэнгэл сумын 9 дүгээр багт байрлах М аав болох Ганболдын гэрт очиход Монел брэндийн 42 инчийн хавтгай дэлгэцтэй зурагт байсан. Уг зурагтыг ямар учиртай болохыг Мны дүү Ооос асуухад манай ах худалдаж аваад гэр рүү зурагт явуулсан байгаа юм гэж хэлээд би дэслэгч Бы хэлсний дагуу зураггыг хурааж аваад Өлгий сум руу явах гэж байсан мөрдөн байцаагч ахмад Ат өгөөд явуулсан" гэх мэдүүлэг /хх-ийн 19-20-р хуудас/
- Гэрч С.Нгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...Нөхөр бид хоёр хүүхдээ аваад өглөөний 08 цагийн үед гараад явсан. Гэрт Г үлдсэн байсан. Г хэзээ, хэдэн цагт гэрээс гарч явсныг бид нар мэдээгүй. Би ажлаас орой 18 цагийн үед гэртээ нөхрөөсөө түрүүлээд ирсэн. Тэгэхэд гэрт байгаа зурагт алга болчихсон байсан. Зурагт алдагдсан талаар нөхөртөө хэлээд дараа нь цагдаад дуудлага өгсөн болно" гэх мэдүүлэг /хх-ийн 160-р хуудас/
- Гэрч Г.Оын мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...2016 оны 04 дүгээр сарын дундуур аймгийн төвд ирсэн. Яг хэдний өдөр ирснийг тодорхой сайн санахгүй байна. Намайг аймагт явж байхад миний ах М ч бас аймагт явж байсан. М надтай хамт Цэнгэл сум руу явна гэж хэлж байснаа үдээс хойш явхааргүй боллоо гэж надад хавтгай дэлгэцтэй хар зурагт өгсөн. Тухайн үед уг зурагтыг /хоч нэр нь Амингээс/ Т.Гаас худалдаж авсан гэж хэлж байсан. Хэзээ хэдэн төгрөгөөр худалдаж авсныг тодорхой хэлээгүй, би ч тодруулж асуугаагуй юм. Цэнгэлд байдаг гэртээ аваачиж тавьсны маргааш нь Цэнгэл сумын цагдаа Б намайг дуудаж зурагтыг хурааж авсан болно. Миний мэдэх зүйл энэ. өөр надад мэдэх зүйл байхгүй болно" гэх мэдүүлэг /хх-ийн 161-162-р хуудас/
- Гэрч Ы.Камыстыкөлийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...Тухайн үед аймгийн төвд ирсэн. Буцаж явахдаа 5,6 хүнтэй Цэнгэл сум руу явсан. Тэр өдөр хүнгүй байсан ба хамт таксинд явдаг А.А надад хоёр хүн өгсөн. А.А өөрөө миний машин дүүрээгүй, 2 хүн байна та аваад яваарай гэж утсаар хэлсэн. Тэгээд үдээс хойш манай сумын нэг Тува залуу том хар өнгийн зурагт барьж ирээд суусан ба уг залуу надад хамт явах гэж байсан хүн явахааргүй боллоо гэж хэлж байсан. Надад зурагт барьж ирээд суусан залуугийн нэрийг мэдэхгүй, манай сумын Ганболд гэгч хүний хүүхэд байсан. Зурагттай хамт өөрийнхөө гэрт буусан юм" гэх мэдүүлэг /хх-ийн 158-159-р хуудас/
- Гэрч С.Еын мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...Тухайн өдөр шөнийн 03 цагийн үед гэртээ унтаж байтал хаалга тогшихоор нь очоод үзтэл Амин /Г/, М хоёр зогсож байсан бөгөөд М надад архи ууя, явъя гэж хэлэхэд би тэдний сууж явсан таксинд суугаад манай гэрийн гаднаас хөдлөөд шууд явсаар байгаад "Х"-т ирсэн. "Х" ирээд Архи нэртэй 0,75 гр-ын 1 шил архи, 3 шил есса нэртэй пиво, 3 ширхэг сайра нэртэй загасны нухаш аваад таксиндаа суугаад Гын гэрт ирсэн. Таксинд нийтдээ 11000 төгрөг гарсан бөгөөд таксины мөнгийг Т.Г төлсөн. Авсан архи, пивоны мөнгийг мөн адил Амин төлсөн бөгөөд хэдэн төгрөг төлсөн талаар би мэдэхгүй байна, учир нь би таксинд сууж явсан юм. Г гэрт ороод архийг би ганцаараа уусан ба, Амин 1 шил есса нэртэй пиво уусан. М гэрт оронгуутаа бидний хажууд сууж байгаад унтсан. Би архийг нилээд ууж байгаад М хажууд хэвтээд унтаад өгсөн юм. Г бид хоёр архи, пиво уугаад сууж байхдаа би өөр газар руу явахгүй бол ядарч явна, аав минь асрамжийн газарт байгаа, нэг дүү минь нас барсан, эхэлж Ховд руу яваад Ховдоос цаашаа өөр газар руу явна гэж хэлсэн. Өөр газар гэдгийг яг хаашаа явах талаар би асуугаагүй ба тэдний гэрийн тог нь тасарчихсан байсан тул бид хоёр лааны гэрэлд ярилцаж суусан юм. Ярилцаад сууж байгаад би 00-ийн өрөө рүү ороод гараад иртэл Г өөр өрөөнд ороод өрөөнд арц уугиулж, томдсон дээл өмсөөд, гартаа мод барьчихсан, хашгираад миний мэдэхгүй хэлээр яриад байхаар нь би айсандаа очиж М хажууд очиж хэвтээд унтсан. Өглөө унтаж байтал М намайг сэрээхээр нь би босоод шууд Гын гэрээс гараад манай гэр рүү очоод эхнэр, хүүхдээ аваад хүүгээ аав Составын гэрт аваачиж өгөөд, эхнэрийгээ ажилд нь аваачиж өгөөд М бид хоёр зах руу орж Мд нэг малгай, нэг өмд худалдаж аваад халуун усанд орж үсээ засуулсан. Халуун уснаас гарч байхад үдийн цайны цаг болсон байсан тул манай эхнэрийг ажлаас нь очиж дагуулж аваад памукаллед ирж хоол идсэн.Памуккалегээс хоол идэж аваад эхнэрээ ажилд нь хүргэж өгөөд дахин Гын гэрт ирсэн. Гын гэрт очиход цаг 13 цаг өнгөрч байсан. Гын гэрт ороод М Гад чингис хааны зурагтай шар өнгийн түрийвч өгөөд би 100.000 төгрөг авлаа, нөгөө зурагтны мөнгө гэж хэлсэн. Тэгээд бид хоёр гараад явсан бөгөөд М гарахдаа чи дахин над руу эалгаарай гэж байсан. Гын гэрээс гараад би ажил руугаа явсан ба ажилдаа очоод цаг гаруй хугацаа өнгөрсний дараа би М руу залгаад хаана байгаа талаар асуухад захын биллиярданд байна гэхээр нь би байсан газар нь хүрч очсон. Мтой дагалдаж аваад Сагсай руу явсан бөгөөд түүнээс хойш Гтай тааралдаагүй" гэх мэдүүлэг /хх-ийн 17-18-р хуудас/
- Гэрч М.Тийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн "…Би Т зах дээр наймаа хийдэг ба 2016 оны 05 дугаар сарын 02-ны орой 18 цаг 40 минутанд валют зардаг хадам ээж болох Жг гэрт нь хүргэж өгөхөөр валют зардаг газар очсон. Хадам ээжийн хамт валют зардаг газрыг хааж. Ээжийг гэрт нь хүргэж өгсөн юм. Валют зардаг газрын хяналтын камерыг асаалттай үлдээгээд, гадна талын хаалгыг хааж, цоожлоод явсан. 2016 оны 05 дугаар сарын 03-ны өглөө 08 цагийн үед хадам ээж над руу утасдаж валют зардаг газрын өрөөний цонхыг хагалж хулгай орсон юм шиг байна хүрээд ир гэж намайг дуудсан. Би очоод цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Миний мэдэх зүйл гэвэл энэ" гэх мэдүүлэг /хх-ийн 92-93-р хуудас/
- Гэрч С.Сы мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...Хулгайлагдсан картыг би яг хэзээ авсныг мэдэхгүй байна. Би ВИЗА картаар гүйлгээ хийдэггүй юм. Дандаа банканд биеээрээ очиж гүйлгээ хийдэг. Төрийн банкнаас карт өгсөн ч огт ашиглаагүй, валют зардаг үйлчилгээний байранд байдаг байсан юм, Уг алдагдсан карт, мөнгийг миний эхнэр хуулийн дагуу нэхэмжлэхэд миний зүгээс ямар нэгэн татгалзах зүйл байхгүй. Учир нь эхнэр бид хоёрын дундын хөрөнгө учраас миний эхнэрийг хохирогчоор тогтооход болохгүй зүйл байхгүй байх гэж бодож байна" гэх мэдүүлэг /хх-ийн 156-157-р хуудас/
- Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл ,гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-6, 76-79-р хуудас/
- Шүүхийн шинжилгээний албны 36 дугаартай шинилгээний дүгнэлт/хх-ийн 23-27-р хуудас /
- Эд зүйлд үнэлгээ хийсэн шинжилгээний дүгнэлт /хх-ийн 31, 165-р хуудас /
- Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 40-41-р хуудас /
- Ховд аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 36 дугаартай захирамжын хуулбар /хх-ийн 42-44-р хуудас /
- Сум дундын 2-р шүүхийн 2014 оны 06-р сарын 12-ны 39-дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 45-52-р хуудас /
- Нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхийн 2013 оны 05-р сарын 15-ны 234 дугаартай шүүхийн шийтэх тогтоолын хуулбар /хх-ийн 75-81-р хуудас /
- Хураан авсан тогтоол, тэмдэглэл /хх-ийн 54-55-р хуудас/
- Эд зүйл хүлээлгэж өгсөн тэмдэглэл /хх-ийн 56-р хуудас/
- Баян-Өлгий аймгийн Цагдаагиийн газрын албан бичиг /хх-ийн 58-59-р хуудас/
- Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоол /хх-ийн 60-р хуудас/
- Хэрэг бүртэлтийн даалгавар /хх-ийн 63-р хуудас/
- Гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авсан тогтоол /хх-ийн 64-р хуудас/
- Т.Гын баталгаа /хх-ийн 65-р хуудас/
- Эрүүгийн хэргийн байцаан шийтгэх ажиллагааг түтгэлзүүлэх санал /хх-ийн 66-р хуудас /
- Яллагдагчийг эрэн сурвалжлах ажлыг гүйцэтгүүлэх тухай прокурорын тогтоол /хх-ийн 67-68-р хуудас/
-Эд мөрийн баримтаар тооцох тогтоол /хх-81/
- Хяналтын камерын бичлэгт үзлээг хийсэн тэмдэглэл /хх-ийн 82-р хуудас/
- Төрийн банкны албан бичиг, гэрэл зураг /хх-ийн103-104-р хуудас/
- Сэжигтэнийг баривчлах тогтоол /хх-ийн 173-р хуудас/
- Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /хх-ийн 179-р хуудас/
- Яллагдагч Т.Гыг эрэн сурвалжлсан тухай тэмдэглэл /хх-ийн 193-р хуудас/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтууд болно.
Шүүгдэгч Т.Г нь 2015 оны 04-р сарын 18-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 13-р багийн нутаг дэвсгэрт байрлах иргэн Ц.Бгийн гэрт хоноод өглөө нь гэрийн эзэд байхгүй байх үед Ц.Бгээс авах ёстой 500000 төрөгний оронд гэрийн ханад нь байсан Монел маркийн 42 инчийн өнгөт зурагтыг зөвшөөрөлгүй авч явж, бусдад худалдан 400000 төгрөгний хохирол учруулан дураараа аашлах гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Т.Гын шүүхийн хэлэлцүүлэгт болон хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн мэдүүлэг, хохирогч Ц.Б, иргэний нэхэмжлэгч Д.М гэрч Б.Б, М.Т, Ы.К, С.Н Г.О нарын мэдүүлэг болон хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл /хх-ийн 3-6-р хуудас/ хураан авах тогтоол /хх-ийн 51-р хуудас/, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 56-р хуудас/ хэрэгт авагдаж шинжлэн судлагдсан бичгийн бусад баримтуудаар,
Мөн Ц.Бгийн гэрт байсан зурагтыг дураараа аашлан авч явсан үйлдэлд 2016 оны 04-р сарын 28-ны өдөрөөс гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байхдаа Т.Г нь 2016 оны 05-р сарын 03-ны өдрөөс 2016 оны 10-р сарын 10-ны өдрийг хүртэл хэрэг бүртгэлтээс 161 хоногийн хугацаагаар зориуд зайлсхийсэн нь шүүгдэгч Т.Гын шүүх хуралдаанд болон мөрдөн байцаалтын үед гэм буруугаа хүлээсэн мэдүүлэг, гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авсан тогтоол /хх-ийн 64-р хуудас/ Баталгаа /хх-ийн 65-р хуудас/ Баян-Өлгий аймгийн цагдаагийн газрын албан бичиг /хх-ийн 58-р хуудас/, Хэрэг бүртгэлтийн даалгавар /хх-ийн 63-р хуудас/, Эрүүгийн хэрэгт байцаан шийтгэх ажиллагааг түтгэлзүүлэх санал /хх-ийн 66-р хуудас/, Яллагдагчийг эрэн сурвалжлах ажлыг гүйцэтгүүлэх тухай прокурорын тогтоол /хх-ийн 67-68-р хуудас/, Т.Гыг эрэн сурвалжилсан тухай мэдээлэл /хх-ийн 193-р хуудас/, сэжигтнийг баривчлах тогтоол /хх-ийн 173-р хуудас/ болон бусад бичгийн нотлох баримтуудаар,
Мөн 2016 оны 05-р сарын 02-ноос 2016 оны 05-р сарын 03-нд шилжэх шөнө Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5-р багийн нутаг дэвсгэрт байрлах иргэн Х.Жгийн валют арилжааны 01 дугаартай өрөөнд хууль бусаар нэвтэр ч дотор нь байсан төрийн банкны 2915000048122 дансад холбогдсон виза картыг хулгайлж, улмаар цахилгаан холбооны газрын урд байрлах АТМ-ээс 4 дараалан гүйлгээ хийж 2300000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч Т.Гын шүүх хурал, мөрдөн байцаалтын шатанд гэм буруугаа хүлээж мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Х.Жгийн мөрдөн байцаалт, шүүх хуралд өгсөн мэдүүлэг, Д.М гэрчээр өгсөн мэдүүлэг, С.Еын гэрчээр өгсөн мэдүүлэг, гэрч С.Сы мэдүүлэг, хэргийн газрын тэмдэглэл /хх-ийн 76-79-р хуудас/, эд мөрийн баримтаар тооцох тогтоол /хх-ийн 81-р хуудас/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 82-р хуудас/, СД бичлэг, Төрийн банкны албан бичиг, гэрэл зураг /хх-ийн 103-104-р хуудас/ болон бусад бичгийн баримтаар тус тус нотлогдон тогтоогдож байна.
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмаар цуглуулан бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзэж үнэлэв.
Иймд шүүгдэгч Т.Гыг орон байр агуулах саванд нэвтэрч бусдын эд хөрөнгө хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145-р зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэг, дураараа аашлах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 236-р зүйлийн 236.1-д заасан гэмт хэрэг, мөн таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан яллагдагч хэрэг бүртгэлтээс зориуд зайлсхийсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261-р зүйлийн 261.1-д заасан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Т.Гад ял оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршигийн шинж чанар, хохирлын хэмжээ, ял оногдуулах болон хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.
Шүүгдэгч Т.Г урьд нь Нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхийн 2013 оны 05-р сарын 15-ны өдрийн 284 дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн тусгай ангийн 96.1, 261.1-д зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2 жилийн хугацаагаар хойшлуулсан байна. Уг хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145-р зүйлийн 145.2 заасан гэмт хэргийг үйлдсэн. Сум дундын 2-р шүүхийн 2014 оны 06-р сарын 12-ны өдрийн 39 дугаартай шийтгэх тогтоолоор эд хөрнөгө хураахгүйгээр 6 сарын баривчлах ялаар шийтгэж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялын зармыг нэгтгэж нийт эдлэх ялыг 3 жил 6 сарын хугацаагаар тогтоон жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн 2015 оны 09-р сарын 02-ны өдөр хугацааны өмнө тэнсэн суллагдсан болох нь хавтаст хэрэгт авагдсан урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 40-41-р хуудас/ шийтгэх тогтоол, шүүгчийн захирамжын хуулбар /хх-ийн 42-44, 45-52, 75-81-р хуудас/ зэргээр тогтоогдож байх болов ч Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6-р зүйлийн 6.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Гын хорих ялаас хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан буюу тэнсэн, хянан харгалзсан хугацаан нь хэрэгсэхгүй болсон байх тул шүүгдэгч Т.Гыг шүүхээс тэнсэн хянан харгалзсан хугацаанд дахин гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй юм. Өөрөөр хэлбэл анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ. Согтуугаар зарж гэмт хэрэг үйлдсэн нь хүндрүүлэх нөхцөлд тооцов.
Шүүгдэгч Т.Г нь урьд ял эдлэж байсан эрэгтэй ялтан байх тул түүнд оногдуулсан хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд түүнд оногдуулсан хорих ялын дэглэмийг хөнгөрүүлэн өөрчилж шийдвэрлэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна гэж дүгнэв.
Шүүгдэгч Т.Г нь 2016 оны 10-р сарын 10 өдрөөс 2016 оны 12-р сарын 14 өдрийг хүртэл 65 хоног цагдан хоригдсон байх тул шүүгдэгчийн цагдан хоригдсон хоногийг түүний хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцохоор шийдвэрлэсэн болно.
Хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийн хөрөнгө, орлогыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн түүнд эд хөрөнгө хураах нэмэгдэл ялыг хэрэглэхгүй байх нь зүйтэй гэж үзэв.
Гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Бд 400000 төгрөгний хохирол учирсан бөгөөд тэрээр гомдол саналгүй гэж /хх-ийн 151-152-р хуудас/, иргэний нэхэмжлэгч Д.М гомдол саналгүй гэж /хх-ийн 155-р хуудас/ тус тус мэдүүлсэн байх бөгөөд хохирогчид зурагтыг хүлээлгэн өгсөн болох нь /хх-ийн 65-р хуудас/ эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэлээр тогтоогдож байна. Харин хохирогч Х.Жд учруулсан 2300000 төгрөгийг төлж барагдуулахгүй болох нь хохирогч мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлгээр тогтоогдож байх тул хохирогчийн 2300000 төрөгийг нэхэмжлсэнийг хангах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Т.Гын мөрдөн байцаалтын шатанд битүүмжилсэн мөрдөн байцаалтын тогтоолыг хэвээр үлдээж, иргэний нэхэмжлэлийн тодорхой хэсгийг хангах зорилгоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэх нь зүйтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн СД 1 ширхэгийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88-р зүйлд зааснаар хэргийн хамт хадгалахаар шийдвэрлэв.
Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 291, 295, 296, 297, 298, 299 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Жоод иргид овогт Тын Гыг бусдын орон байр, агуулах саванд хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан яллагдагч хэрэг бүртгэлтийн ажиллагаанаас зориуд зайлс хийсэн хэрэг үйлдсэн гэм буруутайд,
дураараа аашлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Т.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261-р зүйлийн 261.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 236-р зүйлийн 236.1-д заааснаар 1 /нэг/ сарын хугацаагаар баривчилах ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-т заасныг журамлан, шүүгдэгч Т.Гад Эрүүгийн хуулийн 145-р зүйлийн 145.2-т зааснаар оногдуулсан эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 236-р зүйлийн 236.1-т заасан оногдуулсан 1 сарын баривчилах ялыг багтааж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261-р зүйлийн 261.1-т зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялын зарим болох 6 сарын ялыг нэмж нэгэтгэн биечлэн эдлэх хорих ялыг 3 жилийн хугацаагаар тогтоосугай
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6-д зааснаар шүүгдэгч Т.Гын эдлэх ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59-р зүйлийн 59.1, 59.2-д заасныг тус тус удирдлага болгон шүүгдэгч Т.Гын цагдан хоригдсон 65 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134-р зүйлийн 134.1-д зааснаар шүүгдэгч Т.Гын өмч болох 20000 төгрөгний үнэлгээтэй Нокиа 2100 маркын гар утас, бэлэн 24450 төгрөгийг битүүмжилсэн мөрдөн байцаагчын тогтоолыг хэвээр үлдээж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлсүгэй.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88-р зүйлийн 88.1, 88.1.7-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан камерын бичлэг бүхий 1 ширхэг СД-ийг хэргийн хамт хадгалсугай.
8. Иргэний хуулийн 497-р зүйлийн 497.1, 510-р зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Т.Гаас 2300000 /хоёр сая гурван зуун мянган/ төгрөг гаргуулан хохирогч Х.Жд олгосугай.
9. Шүүгдэгч Т.Гад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэн, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тооцсугай.
10. Шийтгэх тогтоол уншин танилцуулснаар хүчинтэй болох бөгөөд тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч эс зөвшөөрвөл, гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АЗЖАРГАЛ