Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Акраны Дауренбек |
Хэргийн индекс | 130/2016/0000/Э |
Дугаар | 2016/ШЦТ/071 |
Огноо | 2016-12-16 |
Зүйл хэсэг | 215.2., |
Улсын яллагч | Б.Ботакөз |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2016 оны 12 сарын 16 өдөр
Дугаар 2016/ШЦТ/071
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дауренбек даргалж,
нарийн бичгийн дарга: Х.Е,
улсын яллагч: Б.Б,
орчуулагч: А.Е,
шүүгдэгчийн өмгөөлөгч: Т.К,
шүүгдэгч Е.Х нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогт Еы Хд холбогдох 201504000251 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч Е.Х: Монгол Улсын иргэн, яс үндэс казах, 1995 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Баян-Өлгий аймгийн Алтанцөгц суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, сантехник, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, ээж, дүү нарын хамт амьдардаг, Өлгий сумын **** дүгээр багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Т овогт Еы Х, регистрийн дугаар ******.
Шүүгдэгч Е.Хы холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Е.Х нь 2016 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 17 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “Мустанг-5” маркийн ************ улсын дугаартай мотоцикл жолоодож явж байгаад Улаанхус сумын төв 7 дугаар багийн нутаг дэвсгэрт орших “Н” нэртэй хүнсний дэлгүүрийн хажууд шороон зам дээр мотоциклтэйгээ унаж авто осол гаргасны улмаас сундалж явсан зорчигч Х.Дийн биед хүндэвтэр гэмтэл учирсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч Е.Х шүүхийн хэлэлцүүлэгт: “... Хийсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна. Намайг уучлаарай, дахиж ийм зүйл хийхгүй. Хуулийн хөнгөлөлт үзүүлэхийг хүсэж байна” гэв.
Мөн шүүх хуралдаанд: Е.Хы согтуурлын хэмжээг шалгасан тухай тэмдэглэл, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, зам тээврийн осол, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, Х.Дийг хохирогчоор байцаасан тэмдэглэл, гэрч А.А, У.Т, С.Т, К.Т нарыг гэрчээр байцаасан тэмдэглэл, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 503 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.
Шүүгдэгч Е.Хы гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Е.Х нь 2016 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 17 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “Мустанг-5” маркийн ************ улсын дугаартай мотоцикл жолоодож явж байгаад Улаанхус сумын төв 7 дугаар багийн нутаг дэвсгэрт орших “Н” нэртэй хүнсний дэлгүүрийн хажууд шороон зам дээр мотоциклтэйгээ унаж авто осол гаргасны улмаас сундалж явсан зорчигч Х.Дийн биед хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
- Хохирогч Х.Дийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Маргааш нь Өлгий буцахаар болж 2016 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 15 цагийн үед Цэнгэлээс гарсан. Миний хувцас нимгэн учраас даарсан тул Цэнгэлээс гарахдаа мотоциклыг Е.Х жолоодож гарсан. Түүний хувцас нь дулаахан хувцастай байсан. Тэгээд Цэнгэлээс гарахдаа би дэлгүүрээс 0,5 литрийн “Ерөөл” нэртэй архи нэг шил авсан. Тэгээд явж байгаад “Үш хара” гэх хөтөл дээр ирэхэд даараад жаахан халууцахаар болж тэнд зогсож нөгөө авч гарсан архийг задалж бид хоёр хувааж ууж авсан. Гэхдээ бид хоёр ямар ч согтоогүй юм. Тэгээд яваад Улаанхус суманд 16 цаг 30 минутын үед орж ирсэн ба хоол олж идэхээр болж сумын төвийн дэлгүүрүүдийн хажууд очиж зогссон ба тэнд явж байсан нэг танихгүй хүнээс гуанз асуугаад заалгаж авсан. Тэгээд тэр газраас дөнгөж хөдлөх үед Е.Х жаахан хүчтэй хааз өгч хөдөлсөн үү мотоцикл шарваж зүүн тал руугаа хажуулдаж унасан. Тийм хурд ч аваагүй 1-р араагаар дөнгөж хөдлөөд тэгээд шарваад унасан. Энэ үед мотоцикл миний зүүн хөлийг дарж унасан байсан ба Х ирж мотоциклыг босгосон. Тэгээд би босох гэхэд хөл маань эргэчихсэн босож болохгүй байсан. Надад нэхэмжлэх зүйл огт байхгүй. Х миний сайн найз болдог тул надад ямар ч гомдол байхгүй. Нэг ч төгрөг би түүнээс нэхэмжлэхгүй. ... Хд гомдол байхгүй тул түүний хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх мэдүүлэг /хх-ийн 27 дугаар хуудас/,
- Гэрч А.Аийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2016 оны 10 дугаар сарын 30-ны өдөр би сумын төвд Мешитийн хажууд явж байхад ХААН банкны урд талд машин замын хажууд байдаг дэлгүүрүүдийн хажууд нэг мотоцикл хажуулдаж унасан байхыг хараад ойртож очсон. Тэгэхэд танихгүй залуус байсан, аймгийн төвөөс ирсэн залуус гэсэн. Нэг залуугийн зүүн хөл нь байсан байх өвдөж байна гэж босож чадахгүй хэвтэж байсан. Мотоциклыг босгож зогсоосон байсан. Жолоодож явсан залуу зүв зүгээр, сандарсан, тусламж дуудах гээд байж байсан ба хүмүүстэй уулзаж эмч дуудаж байсан. Тэгээд удалгүй сумын эмнэлгийн машин хүрч ирсэн. Мөн тэдний өмнө сумын цагдаа Т ирсэн ба бид нарыг асуудал болсон газраас холдуулсан. Тэгээд эмч нар нөгөө хөл нь өвдөөд босож чадахгүй байсан залууг үзээд машиндаа суулгаж авч явахаар болсон ба би тэгэхэд өргөлцөж тусалж машинд нь оруулсан. Тэгээд эмнэлэг рүү аваад явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 дугаар хуудас/,
- Гэрч У.Тгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Миний бие сумын төвд Т нэртэй жижигхэн дэлгүүр ажиллуулдаг юм. 2016 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 17 цагийн үед байсан, би дэлгүүрийн гадаа зогсож байхад нэг мотоцикл замын гадна талаас хөдөлж хашлагатай зам руу орох гээд явж байсан ба гэнэт шарваж зүүн тал руу унасан юм. Тийм хурд аваагүй байсан, мотоцикл нь жаахан хүчтэй хаазлагдаад шарваж унасан юм. Тэгээд би юу болсныг мэдэх гээд хажууд нь ойртох үед жолоодож явсан залуу өөрөө зүв зүгээр байсан ба мотоциклыг босгож тавьсан. Сундалдаж явсан залуу хөл нь өвдсөн байдалтай босож чадахгүй хэвтэж байсан. Нөгөө залуу нь сандраад надад эгчээ түргэн дуудах хэрэгтэй байна, утас байна уу бид аймгаас яваа энэ сумыг мэдэхгүй гэхээр нь би зүгээр зогсолгүй өөрийн утсаар залгаж эмч дуудаж өгсөн. ... нөгөө гэмтсэн залуугийн хөлийг мотоцикл дарж унасан байсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32 дугаар хуудас/,
- Гэрч С.Тын /хэсгийн цагдаа/ мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2016 оны 10 дугаар сарын 30-ны өдөр амралтын өдөр байсан. Би өөрийн УАЗ-31514 маркийн тээврийн хэрэгслээ нэг хүнээр засуулахаар өгчихөөд нэг мотоциклээр хэсгийн кобоны байр руу явж байхад 17 цагийн үед сумын төвд Төкен гэдэг хүний “Н” нэртэй дэлгүүрийн урд нэг үл таних залуу мотоциклээс унасан байдалтай босож чадахгүй хөл нь өвдсөн хэвтэж байсан. Хажууд нь үл таних нэг залуу зогсож байсан. Энэ зогсож байгаа залуу Е.Х гэдэг залуу болохыг сүүлд мэдсэн ба энэ залуу мотоцикл жолоодож явж байгаад унасан байсан юм. Хажууд нь нэг улаан өнгийн хятад мотоциклыг босгож домкратыг нь тулгаж тавьсан байсан. Юу болсон талаар асуухад энэ хоёр залуу Цэнгэл сумаас Өлгий рүү явж байгаад замдаа Улаанхус сумын төв орж ирээд явж байгаад мотоцикл нь шарваж зүүн тал руу унасан ба ард нь сундалдаж явж байсан залуугийн хөл нь хугарсан юм шиг байна гэсэн. Мөн эмчийг утсаар нэг эмэгтэй хүнээр дуудуулсан, ирэхгүй байна эмч дуудаад өгөөч гэсэн. Тэгээд би гүйгээд эмнэлэгт очиж эмчийг дуудаж ирсэн. Энэ хооронд түргэний машин эмнэлэг рүү ирж байгаад замдаа бид нарыг хараад зогссон. Тэгээд нөгөө гэмтсэн залууг машинд суулгаж эмнэлэг рүү авч явсан. Харин мотоциклыг жолоодож явсан Е.Х гэдэг залууг дагуулж кобонд ирж согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгахад хэрэглэсэн болж гарсан” гэх мэдүүлэг /хх-ийн 33 дугаар хуудас/,
- Гэрч К.Тий мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... би очиход мотоциклд сундалдаж явсан гэх залуу хөл нь гэмтсэн газар хэвтэж байсан. Тэгээд түргэний машинд гэмтсэн залууг хийж аваад би хамт суугаад эмнэлэгт хүргэж өгсөн юм. Хамт явсан мотоциклыг жолоодож явсан гэх залуу зүв зүгээр байсан. Мотоцикл хөдлөөд явж байхад сул шороотой газар шарваж хажуулдаж унасан гэж байсан тэр залуу ч хамт суугаад эмнэлэгт очсон юм. Тэд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэх нь гаднаас нь бол анзаарагдахгүй байсан. Жолооч залуу нь үг цөөтэй нэг дуугардаггүй залуу байсан. Гэмтсэн залуугийн хөл нь өвдөөд орилж байсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35 дугаар хуудас/,
- Гэрч М.Унатханы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Мустанг-5 маркийн 2483 БӨЗ улсын дугаартай хятад мотоцикл миний өмч болдог юм. Уг мотоциклыг 2013 оны 7 дугаар сарын үед би цоо шинээр худалдаж авсан. 3 жил унаж хэрэглэж байгаа. Энэ мотоциклыг нэг нутгийн, мөн хөрш суудаг, сайн харилцаатай хүн болох Х.Д надаас гуйж аваад явсан. Х.Д Цэнгэл сум очиж ирэхээр болж 2016 оны 10 дугаар сарын 29-ний өдөр надаас асууж авсан. Би сайн дураар өгөөд явуулсан. Сайн таньдаг хүн болохоор өгөөд явуулсан юм. Тэгээд ийм асуудал болж миний мотоциклыг цагдаагийн газрын журмын хашаанд оруулсан гэсэн. Х.Дийн хөл нь хугарсан байна. Мотоциклээ үзлээ ямар нэгэн эвдэрсэн гэмтсэн зүйл байхгүй байна, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 36 дугаар хуудас/,
- Аймгийн Шүүхийн Шинжилгээний Албаны шинжээч эмч К.Хын 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр гаргасан 503 дугаартай дүгнэлт: “... Иргэн Дийн биед зүүн дунд чөмөгний хугаралттай гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, шинэ гэмтэл болно. Дээрх гэмтэл эрүүл мэндийг удаан сарниулах, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3 дахь заалтыг агуулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах гэмтэл болно. Дээрх гэмтэл үүсээд 1-10 хоног болсон байна. Ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэхийг хор уршиг үлдэц зэргээс шалтгаалж тогтоох болно” /хх-ийн 38 дугаар хуудас/,
- Зам тээврийн ослын шалтгааныг тогтоосон шинжээч А.Мийг 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 21 дугаартай дүгнэлт: “... Жолооч Е.Х нь “Мустанг-5” маркийн ************ улсын дугаартай мотоцикл жолоодож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн доорх заалтуудыг тус тус зөрчсөн байна. Үүнд:
- Замын хөдөлгөөний дүрмийн 9.1-д заасан жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна.
- Замын хөдөлгөөний дүрмийн 2.7/а/ хэсэгт заасан жолооч согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх гэсэн заалтыг зөрчиж согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон.
- “Мустанг-5” маркийн ************ улсын дугаартай мотоцикл осолд орох үедээ ямар хэмжээний хурдтай явсныг тогтоох боломжгүй байна.
- Зам тээврийн осол гарахад хүргэсэн шууд шалтгаан нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг тохируулж яваагүйгээс үүдэлтэй” /хх-ийн 42 дугаар хуудас/,
- “Мета” маркийн багажаар Е.Хы архи согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг 2016 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 17 цаг 35 минутанд шалгасан тухай тэмдэглэл “Е овогтой Хаар “Мета” маркийн багаж үлээлгэн согтуурлын хэмжээг шалгахад аппаратын тоо 1,45 промилль зааж согтууруулах ундаа хэрэглэсэн нь тогтоогджээ” /хх-ийн 7 дугаар хуудас/,
- Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, зам тээврийн ослын акт, бүдүүвч зураг /хх-ийн 8-14 дүгээр хуудас/,
- “Мустанг”-5 маркийн ************ улсын дугаартай мотоциклд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 15-16 дугаар хуудас/,
- Шүүгдэгч Е.Х өөрийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд /хх-ийн 52, 54 дүгээр хуудас/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.
Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларч, бэхжүүлэгдсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна.
Баян-Өлгий аймгийн Прокурорын газраас Е.Хд холбогдох үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон бөгөөд түүний гэм бурууд нь тохирсон хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Иймд шүүгдэгч Е.Хыг согтуугаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан баривчлах ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Е.Х нь хохирогчид учирсан хохирлыг төлж барагдуулсан нь хохирогчийн мэдүүлгээр тогтоогдож байгаа тул шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй ба түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Е.Х нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн / Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1/, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн /Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.3/, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн /Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.9/ зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, согтуурсан үед гэмт хэрэг үйлдсэнийг / мөн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.10/ ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгч Е.Х нь согтуурсан үед гэмт хэрэг үйлдсэн тул түүнд баривчлах ял оногдуулж, биечлэн эдлүүлэх нь зүйтэй гэж шийдвэрлэлээ.
Учир нь шүүгдэгч Е.Хы хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан үзлээ.
Мөн нөгөө талаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 23 дугаар зүйлийн 23.1-д “Согтуурал буюу мансуурлын байдалд байхдаа гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхгүй” гэж заасныг ял оногдуулахад анхаарч үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар шүүгдэгч Е.Хд оногдуулсан баривчлах ялыг нийгмээс тусгаарлан тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан байлгаж эдлүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй тул түүний өмч 15000 төгрөгийн үнэтэй, “Нокиа 1661-2” маркийн хуучин гар утас 1 ширхэг, 90000 төгрөгийн үнэтэй, үстэй захтай, үстэй дотортой шинэвтэр савхин хүрэм 1 ширхэгийг тус тус битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгов.
Шүүгдэгч Е.Х нь энэ хэргийн учир цагдан хоригдож байгаагүй ба түүнд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, өнөөдрөөс эхлэн цагдан хорив.
Шүүгдэгч Е.Х нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь “ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар тогтоогдож байна.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286 дугаар зүйлийн 286.1.1-286.1.6, 286.1.11, 290 дүгээр зүйлийн 290.3, 294 дүгээр зүйлийн 294.1, 295, 296 дугаар зүйлийн 296.1, 297 дугаар зүйлийн 297.1.1, 297.1.4, 298 дугаар зүйлийн 298.1.4-т тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т овогт Еы Хыг согтуугаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Е.Хы тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, 3 /гурав/ сар 1 /нэг/ хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Е.Хд оногдуулсан баривчлах ялыг нийгмээс тусгаарлан тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан байлгаж эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгч Е.Х нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шүүгдэгч Е.Х нь цагдан хоригдож байгаагүй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Е.Хы өмч 15000 төгрөгийн үнэтэй, “Нокиа 1661-2” маркийн хуучин гар утас 1 ширхэг, 90000 төгрөгийн үнэтэй, үстэй захтай, үстэй дотортой шинэвтэр савхин хүрэм 1 ширхэгийг тус тус битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгосугай.
7. Шүүгдэгч Е.Хд бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсныг өөрчилж, цагдан хорьсугай.
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан түүний өмгөөлөгч, хохирогч нар тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Е.Хд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ДАУРЕНБЕК