Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 072

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Азжаргал даргалж
 Нарийн бичгийн дарга: К.Еркежан
 Улсын яллагч: Т.Серикжан
 Хохирогч: Т.Бахыт
 Шүүгдэгчийн өмгөөлөгч: Х.Зулхаш
 Орчуулагч: А.Еркегүл
 Шүүгдэгч: Т.Сынатбек нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 
Баян-Өлгий аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Жадик хыдыр есенбек овогт Тилеуханы Сынатбект холбогдох эрүүгийн 201604000246 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
  Шүүгдэгч: Монгол улсын иргэн, яс үндэс казак, 1981 оны 07 дугаар сарын 22-ны өдөр төрсөн, 35 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилтэй, тодорхой эрхэлсэн ажилгүй, эрэгтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр багт оршин суудаг, хэрэг хариуцах чадвартай, ухаан санаа бүрэн, урьд Баян-Өлгий аймаг дахь сум дундын шүүхийн 2006 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 80 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол улсын Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар хэргийг хэрэгсэхгүй болж байсан, мөн шүүхийн 2009 оны 09 дүгээр сарын 28-ний өдрийн 76 дугаартай шийтгэх тогтоолоор 2 жилийн хорих ялаар шийтгэгдэж байсан,  Жадик хыдыр есенбек овогт Тилеуханы Сынатбек РД:БЮ81072212  
Шүүгдэгч Т.Сынатбек нь 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 19 цагийн үед Т.Хабдештэй хамт архидан согтуурч ахуйн хүрээнд хоорондоо маргалдаж улмаар Т.Хавдешийг зодож биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч Т.Сынатбекийн шүүхийн хэлэлцүүлэгт болон хэрэг бүртгэлтэнд өгсөн мэдүүлэг  /хх-ийн 24–25 хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/
- Хохирогч У.Хавдешийн хэрэг бүртгэлийн шатанд өгсөн: “2016 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 16:00 цагийн үед би Өлгий сумын 4-р багт байдаг манай гэрт очсон юм. Тэгээд гэртээ хүн байхгүй байсан бид хоёр гэрийн шүгээнд байсан 0.5 литрийн нэг шил архийг хувааж уусан. Бид хоёр архийг ууж дуусгахад Т.Сынатбек ”одоо чи архи хий, би хийсэн” гэж хоорондоо маргаан үүсгэсэн. Тэр үед Т.Сынатбек гараараа миний аманд нэг удаа цохиж авахад миний үүдэн нэг шүд хугарсан юм. Т.Сынатбек бид хоёр хохирлын талаар маргаангүй сайн дураар элвэрч, ямар нэгэн нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 дугаар хуудас/
- Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 487 дугаартай шинжээчийн дүгнэлт “1. Иргэн У.Хавдешийн биед доод эрүүний язарсан шархтай, дээд эрүүний баруун талын үүдэн 1 шүд ёозоор хэсгээрээ хугарч унасан зэрэг гэмтэл учирсан байна. 2. Дээрх  гэмтэл нь хатуу мохоо зүйлийн 1-2 удаагийн  үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх унасан шүд нь хөдөлмөрийн ерөнхий чадварын 5 хувь алдагдуулна 4. Дээрх гэмтэл нь хөдөлмөрийн ерөнхий чадварын 5 хувь алдагдуулдаг тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 16-р хуудас/ 
- Сэжигтэн, яллагдагчаар татах тогтоол /хх-ийн 22-23-р хуудас/
- Багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 29-р хуудас/
 - Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 32-р хуудас/
- Баян-Өлгий аймаг дахь Сум дундын шүүхийн 2009 оны 09 дүгээр сарын 28-ний өдрийн 76 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 35-39-р хуудас/
- Баян-Өлгий аймаг дахь Сум дундын шүүхийн 2006 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 80 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 40-р хуудас/
- Согтуурлын хэмжээг шалгах тухай тэмдэглэл /хх-ийн 6-7-р хуудас/
- Зөрчлийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3-р хуудас/ болон шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримт зэргийг шинжлэн судлав. 
Шүүгдэгч Т.Сынатбек нь 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр сарын иргэн Т.Хавдешийн гэрт түүнтэй хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ маргалдаж таарамжгүй харьцаа үүсгэн улмаар түүний үүдэн 1 шүдийг нь унагааж биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь дээрх хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна. 
Шүүгдэгч Т.Сынатбект холбогдох хэргийн зүйлчлэл нь зөв, шүүхээс түүнийг бусдын биед хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ. 
Тухайн гэмт хэрэгт хууль сануулж авсан хохирогчийн мэдүүлэг нь шүүгдэгчийн хэрэг бүртгэлтэнд өгсөн мэдүүлгээр, хохирогч Т.Хавдешийн биед хөнгөн гэмтэл учруулсан болох нь шинжээч эмчийн дүгнэлтээр тус тус батлагдан тогтоогдож байх тул шүүх үнэн зөв нотлох баримт гэж үнэлэв. 
Шүүгдэгч Т.Сынатбек нь Баян-Өлгий аймаг дахь Сум дундын шүүхийн 2006 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 80 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож өөршөөлийн хуулиар хэрэгсэхгүй болсон, мөн шүүхийн 2009 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 76 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145.2-д зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгэгдэж байсан ба тухайн гэмт хэргийг ялтай байдалд нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн хуулийн 6.1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгосон байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ. 
Хохирогч Т. Хавдешийн мэдүүлгээр “...Т.Сынатбек бэлнээр 50000 төгрөг өгсөн, Одоо надад ямар нэгэн гомдол санал байхгүй” гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 
Шүүгдэгч Т.Сынатбект ял оногдуулахдаа үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцон тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, урьд ял шийтгэгдсэн байдал, эрхэлсэн тодорхой ажилгүй, тодорхой орлогогүй, учруулсан хохирол зэргийг харгалзан үзэж түүний өөрийн гэм бурууг ухамсарлан гэмших боломжоор хангаж, нийгмээс тусгаарлан баривчлах ялыг оногдуулах нь зүйтэй гэж дүгнэллээ. 
Шүүгдэгч нь хэдийгээр анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирогчтой эвлэрч хохирлыг барагдуулсан боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар “согтуурсан буюу сансуурсан байдалд байхдаа гэмт хэрэг үйлдсэн эмгээдийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхгүй” гэсэн үндэслэлээр түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлгүй юм. 
Энэ хэрэгт шүүгдэгч С.Сынатбек нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдаж, түүнд оногдуулсан баривчлах ялыг нийгмээс тусгаарлан тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчилсан байлгаж эдлүүлэх нь зүйтэй.
Иргэний нэхэмжлэл болон торгох ялын биелэлтийг хангах зорилгоор шүүгдэгч Т.Сынатбекийн Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 3-р багийн нутаг дэвсгэрт байрлах 0.7 м,кв газрыг битүүмжилсэн хэрэг бүртгэгчийн тогтоолыг хүчингүй болгож, эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн 000633395 дугаартай газар эзэмших гэрчилгээг шүүгдэгчид буцаан олгох нь зүйтэй байна. 
Шүүгдэгчид урьд авсан гадагш явж болохгүй тухай таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 295, 296, 297, 298, 299  дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

   
ТОГТООХ нь:
  1. Шүүгдэгч Жадик хыдыр есенбек овогт Тилеуханы Сынатбекийг “Бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
   2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх  хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Сынатбекийг 1 /нэг/ сарын хугацаагаар баривчлах  ялаар шийтгэсүгэй.
   3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар шүүгдэгч Т.Сынатбект оногдуулсан 1 сарын баривчлах ялыг нийгмээс тусгаарлан тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлсүгэй.
   4. Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллгааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.
  5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар шүүгдэгч Т.Сынатбекийн өмч болох Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 3-р багийн нутаг дэвсгэрт байрлах 0.7 м,кв газрыг битүүмжилсэн хэрэг бүртгэгчийн тогтоолыг хүчингүй болгосугай. 
  6.  Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д  зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн 000633395 дугаартай газар эзэмших гэрчилгээг шүүгдэгч Т.Сынатбект буцаан олгосугай. 
  7.  Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Сынатбект урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
   8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсогосноор хүчинтэй болох бөгөөд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.АЗЖАРГАЛ