Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 073

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Дауренбек даргалж,
нарийн бичгийн дарга: Х.Еркежан,
орчуулагч: А.Еркегүл
улсын яллагч: Х.Өрен,
хохирогч: Е.Минар
шүүгдэгч Б.Аскербек нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 
Баян-Өлгий аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татах тогтоолыг баталж ирүүлсэн Харахас назар овогт Барысханы Аскербект холбогдох эрүүгийн 201604000261 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:   
Шүүгдэгч Б.Аскербек: Монгол Улсын иргэн, яс үндэс казах, Харахас назар овогт Барысханы Аскербек, БЖ84093014 регистрийн дугаартай, 1984 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр төрсөн, 32 настай, эрэгтэй, ам бүл-4, эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 03 дугаар багт оршин суудаг, урьд Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 41 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.2-т зааснаар 400 цагийн албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай. 
Шүүгдэгч Б.Аскербекийн холбогдсон гэмт хэргийн талаар: 
2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 20 цагийн үед Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр болох “Цамбагарав” супермаркетын хажууд Өлгий сумын 3 дугаар багийн иргэн Е.Минарыг нөхөр нь болох Б.Аскербек зодож биед нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ  нь :
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч Б.Аскербек шүүхийн хэлэлцүүлэгт: “... Мэдэхгүй, санамсаргүй байдлаар зодсон. Буруу юм хийсэн байна. Цаашид сайхан амьдрах бодолтой байна. Уучлалт гуйж очсон” гэв. 
- Хохирогч Е.Минар шүүхийн хэлэлцүүлэгт: “... Би ажил дээр байхад намайг дуудсан би муу юм бодолгүй уулзах гэж гадаа гарах үеэр намайг үснээс минь барьж аваад чирч дэлгүүрийн хойд талд аваачиж зодсон” гэв.
    - Улсын яллагч ялын шүүмжлэлдээ: “ ... Шүүгдэгч  Б.Аскербекийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнсэх хэмжээний буюу 960000 төгрөгөөр торгох  ялаар шийтгэх саналтай байна. Энэ хэргийн улмаас шүүгдэгч цагдан хоригдож байгаагүй. 2016 оны 11 дүгээр сарын 15-ний өдрөөс эхлэн түүнд гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан. Шүүхийн шийтгэх тогтоол гарвал энэхүү таслан сэргийлэх арга хэмжээг цаашид үргэлжлүүлэх саналтай байна. Эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн СД бичлэгийг хавтаст хэргийн хамт хадгалах нь зүйтэй. Аскербекийн хувийн өмч болох Өлгий сумын 4 дүгээр багт байршилтай блокоор барьсан  8*4 метрийн  байшинг битүүмжилсэн. Торгох ял санал болгож байгаа учраас энэ ялын биелэлт  хангагдах хүртэл битүүмжлэлийг хэвээр байлгах саналтай байна. Хохирогч Е.Минард учирсан 31250 төгрөгийг төлж өгсөн тухай шүүхийн шатанд мэдүүлсэн байгаа учир цаашид  бусдад төлөх төлбөргүй гэж үзэж байна” гэв. 
Мөн шүүх хуралдаанд: “... Эрүүгийн хэрэг үүсгэж, байцаан шийтгэх ажиллагаа явуулах тогтоол, теле камерт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Е.Минарыг хохирогчоор байцаасан тэмдэглэл, гэрч Ж.Айжибек, П.Анар, Ж.Сунхар, М.Күлашхан нарыг байцаасан тэмдэглэл, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 510 дугаартай дүгнэлт, шүүгдэгч Б.Аскербекийг яллагдагчаар байцаасан тэмдэглэл зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. 
1. Шүүгдэгч Б.Аскербекийн гэм буруугийн талаар:   
    2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 20 цагийн үед Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр болох “Цамбагарав” супермаркетын хажууд Өлгий сумын 3 дугаар багийн иргэн Е.Минарыг нөхөр нь болох Б.Аскербек зодож биед нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд: 
    - Хохирогч Е.Минарын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “... 2006 онд би нөхөр болох Б.Аскербектэй гэр бүл болсон. Гэр бүл болсноос хойш бид хоёр сайхан амьдарч байсан. Сүүлийн 3 жил орчим нөхөр Б.Аскербек архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд агсан тавьдаг болсон. 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдөр архидан согтуурч гэрт ирээд өөрийнх нь төрсөн дүү нь болох Б.Жанибекийн эрх чөлөөнд халдсан ба би чамд юу болсон вэ ? гэхэд миний эрх чөлөөнд халдсан. Тэр үед Б.Жанибек гомдол гаргаж цагдаагийн байгууллагад шалгуулсан. Би тухайн үед Б.Аскербект гомдоод тэр асуудлаас болоод тусдаа амьдарч байгаа. Хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахмад А.Сайпилмүлик уг асуудлыг шалгаж байхад А.Сайпилмүликийн эрх чөлөөнд халдаж хэрэгт шалгагдсан. Тэрнээс хойш би огт холбоо бариагүй. 6 дугаар сар хүртэл “Цамбагарав” супермаркетад ажиллаж байгаад хөдөө аавындаа амраад явсан. 9 дүгээр сард буцаж ирээд “Цамбагарав” супермаркетад үйлчлэгчээр орсон. 5 дугаар сараас хойш 2 удаа ирж надаас уучлалт гуйж зүгээр явж байсан. 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 20 цагийн үед “Цамбагарав” супермаркетад нөхөр болох Б.Аскербек орж ирээд гараад ир ярилцъя гэхээр нь би за одоохон гэж хэлээд удалгүй араас нь гарч ирсэн чинь шууд миний баруун гараас барьж чирээд уг супермаркетын хойд талруу эргүүлж ороод гудамжинд намайг надтай нийлсэнгүй хэмээн 2 удаа баруун талын нүд орчим гараараа цохисон. Би газар унах үед толгой, хөл, бөгсөн бие хэсэгт 2-3 удаа өшиглөж яваад өгсөн. Тэгээд би буцаж ажилдаа очиж Сунхар, Айжибек, Анар нарт манай нөхөр Б.Аскербек зодоод явлаа гэж хэлсэн. Тэд тэгвэл цагдаа дуудаж өгье гэж цагдаа дуудаж өгсөн. Тэгээд цагдаад ирээд гомдлоо гаргаж, дараа нь нэгдсэн эмнэлэгт очиж тухайн өдөр эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн ба нийт 5 хоног хэвтэж эмчлүүлж 31250 төгрөг гаргасан. Би одоо нөхөр болох Б.Аскербект ямар нэгэн гомдол санал байхгүй, хүүхдүүдийн минь эцэг нь юм чинь хэргийг нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх мэдүүлэг /хх-ийн 11-13 дугаар хуудас/, 
    - Гэрч П.Анарын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “... Тухайн өдөр 20 цагийн үед би кассчинаар ажиллаж байсан ба миний зогсож байгаа кассны өөдөөс дэлгүүрт орж ирдэг хаалга харагдаж байдаг ба тухайн үед Е.Минар гартаа гадуур хүрмээ барьсан уйлаад орж ирсэн. Би айгаад юу болсон бол гэж бодсон. Тухайн үед би дотроо Е.Минарыг үүдэнд унаж гэмтчихсэн байна гэж бодсон ба Е.Минар хүрч ирээд Айжибек, Сунхар нарын хамт ажилчдын өрөөнд орчихсон. Дараа нь Сунхар гарч ирээд цагдаа дуудаж байна. Е.Минарыг нөхөр нь зодсон байна гэж хэлсэн. Би Е.Минарыг очиж хараагүй. Чухам ямар гэмтэлтэй байсан эсэхийг хараагүй. Юу ч гэсэн хувцас нь шороо болчихсон байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 дугаар хуудас/, 
    - Гэрч Ж.Айжибекийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “... Тухайн өдөр би жимс ногоо худалдаж байсан ба 20 цаг өнгөрөөд Е.Минар дэлгүүрийн хаалгаар уйлаад гадуур хүрмээ гартаа барьж ороод ирсэн ба ямар учраас уйлсан бол гэж бодоод Сунхар бид хоёр араас нь очсон чинь миний нөхөр болох Б.Аскербек зодсон гэж уйлаад байсан ба тэгвэл цагдаа дуудах уу гэж Сунхар цагдаад залгаад өгсөн. Уйлаад орж ирэх үед бүх хувцас нь шороогоор бохирлогдсон, баруун талын нүд хэсгээрээ хавдсан, баруун гар талын булчин хэсэг нь хөхөрсөн байсан. Би хувцасныхаа шороог гөвж цэвэрлээд өгсөн. Тухайн үед Сунхар, Анар нар харсан” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 дугаар хуудас/, 
    - Гэрч Ж.Сунхарын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “... Тухайн өдөр 20 цагийн үед дээд давхраас бараа цэгцлээд явж байсан. Тэгээд доошоо буугаад ирсэн чинь үйлчлэгч Б.Минар ажилчдын өрөөнд үс нь сэгсийсэн хувцас нь шороо болсон байхаар нь танд юу болсон вэ ? гэж асуухад нөхөр болох Б.Аскербек сая ирээд зодлоо гэж хэлсэн. Тэгээд тэнд байсан манай ажилчдын утсанд нэгж байхгүй болохоор нь би өөрийн утсаар цагдаагийн газарт залгаж дуудлага өгсөн. Тэгээд цагдаагийн байгууллагаас холбогдох хүмүүс ирээд Е.Минарыг аваад явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 дүгээр хуудас/, 
    - Гэрч М.Күлашханы хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “... Е.Минар нь Нэгдсэн эмнэлгийн Мэс заслын тасагт нөхөртөө зодуулсны улмаас тархины доргилт гэх оношоор хэвтэн 5 хоног хэвтэн эмчлүүлсэн ба эмчилгээний зардал болон ор хоногийн мөнгө гэж 31.250 төгрөг төлсөн байгаа. Өөр ямар нэгэн зардал гараагүй. Миний бие тухайн үед кассчин байхгүй байсан тул эмчилгээний мөнгө болох 31250 төгрөгийг Е.Минараас авч гараасаа баримт бичиж өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 дүгээр хуудас/, 
    - Шүүгдэгч Б.Аскербекийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “... 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдөр миний бие архидан согтуурч гэрт очиж дүү болох Б.Жанибектэй маргалдаж улмаар гарыг нь мушгисан байсан. Тэр үед манай дүү Б.Жанибек цагдаад гомдол гаргасан ба тэр асуудлаас болоод манай эхнэр болох Е.Минар намайг чи дүүгээ зодлоо хэмээн бид хоёр маргалдсан. Эхнэртэйгээ маргалдаж байгаад Е.Минарыг нэг удаа алгадсан ба цагдаагийн байгууллагаас намайг тухайн өдөр саатуулсан. Уг асуудлыг хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахмад А.Сайпипмүлик шалгаж эхнэр болох Е.Минар намайг уучилж надад захиргааны хариуцлагын тухай хуулийн 21 дүгээр зүйлээр 10.000 төгрөгөөр торгож арга хэмжээ авсан. Тэр үед миний бие хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахмад А.Сайпилмүликийг эсэргүүцэж эрүүгийн хэрэгт шалгагдсан ба тухайн үед эхнэр болох Е.Минар чи архи уулаа хэмээн надаас 2 хүүхдийг аваад тусдаа явсан байсан. Бид хоёр 6 сар орчим хугацаанд тусдаа амьдарч байна. 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр эхнэр болох Е.Минарын ажилладаг “Цамбагарав” супермаркетад очиж хоёулаа эвлэрч, хамт амьдрах талаар ярилцах гэж очсон. Би 20 цагийн үед тус супермаркетад орж Е.Минард гараад ир ярилцъя хэмээн хэлээд гараад үүдэнд хүлээж зогсож байсан ба удалгүй Е.Минар гарч ирсэн. Би Е.Минард гараад ирэх үед нь одоо хамт амьдаръя гэж хэлэх үед Е.Минар үгүй, хамтран амьдрахгүй гэж бид хоёр хэрэлдсэн ба би Е.Минарын баруун талын гараас нь зүүн
гараараа барьж чирээд тус супермаркетыг эргүүлээд хойд талын гудамжинд оруулаад баруун талын нүд хэсэгт 2 удаа гараараа цохих үед Е.Минар газар унасан. Тэгээд би бөгсөн хэсэгт нь болон хөлний шилбэ хэсэгт нь 2 удаа өшиглөж яваад өгсөн. Би эхнэр болох Е.Минарыг өшиглөж, цохиж гэмтэл учруулсандаа гэмшиж байна. Эхнэр болох Е.Минар одоо хүртэл тусдаа амьдарч байгаа ба намайг уучилсан. Нэхэмжлэх зүйл байхгүй гэж хэлсэн” гэх мэдүүлэг /33-34 дүгээр хуудас/, 
     - “Цамбагарав” супермаркетын теле камерт хийсэн үзлэгийн тэмдэглэл /хх-ийн 4-5 дугаар хуудас/, 
     - Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 510 дугаартай дүгнэлт /хх-ийн 23 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 
Эдгээр нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларч, бэхжүүлэгдсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна.
Шүүгдэгч Б.Аскербекийн гэмт үйлдэл нь гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулж байна гэж үзлээ. 
    Баян-Өлгий аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Аскербект холбогдох үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон бөгөөд түүний гэм бурууд нь тохирсон хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Хэрэг бүртгэлтийн явцад шалгавал зохих нөхцөл байдлуудыг бүрэн шалгасан, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй, хуулийг буруу хэрэглээгүй байна.
Шүүгдэгч Б.Аскербект ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан /эрccгийн хуулийн 55 дугаар зcйлийн 55.1.3/, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэнийг /эрccгийн хуулийн 55 дугаар зcйлийн 55.1.9/ ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгч Б.Аскербек бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, урьдчилан цагдан хоригдож байгаагүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар тооцож хураан ирүүлсэн 1 ширхэг СД дискийг хэргийн хамт хадгалах нь зүйтэй байна. 
Шүүгдэгч Б.Аскербек бусдад төлөх төлбөргүй тул түүний өмч болох Өлгий сумын 4 дүгээр багт байршилтай улсын бүртгэлийн гэрчилгээгүй 8x4 м.кв талбайтай блокоор барьсан байшинг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй байна. 
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Аскербект гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
    Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286 дугаар зүйлийн 286.1.1-286.1.6, 286.1.9, 286.1.11, 290 дүгээр зүйлийн 290.3, 294 дүгээр зүйлийн 294.1, 295, 296 дугаар зүйлийн 296.1, 297 дугаар зүйлийн 297.1.1, 297.1.4, 298 дугаар зүйлийн 298.1.2, 298.1.4-т тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Харахас назар овогт Барысханы Аскербекийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар шүүгдэгч Б.Аскербекийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 960000 /есөн зуун жаран мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Б.Аскербек нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл хорих ялаар солихыг анхааруулсугай. 
    4. Шүүгдэгч Б.Аскербек бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, урьдчилан цагдан хоригдож байгаагүй болохыг тус тус дурдсугай. 
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар 88.1.7-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцож хураан ирүүлсэн 1 ширхэг СД дискийг хэргийн хамт хадгалсугай. 
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар шүүгдэгч Б.Аскербекийн өмч болох Өлгий сумын 4 дүгээр багт байршилтай улсын бүртгэлийн гэрчилгээгүй 8x4 мкв талбайтай блокоор барьсан байшинг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгосугай.
8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Аскербект гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дугаар зүйлийн 304.1 дэх хэсэгт заасан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Аскербект авсан гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            А.ДАУРЕНБЕК