Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 001/ХТ2021/01255

 

 

Ц.Норжинжав, Ч.Ганчимэг нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Б.Мөнхтуяа, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 132/ШШ2019/00613 дугаар шийдвэр,

 

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 2 дугаар магадлалтай,

 

Ч.Ганчимэг, Ц.Норжинжав нарын нэхэмжлэлтэй

О.Эрдэнэдалай, Ш.Бямбаням нарт холбогдох

 

Гэм хорын хохирол 8,229,720 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч Ш.Бямбанямын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Сэвлэгмаагийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн танхимын тэргүүн Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагч Ю.Бямбанямын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Сэвлэгмаа, нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

 

Нэхэмжлэгч Ч.Ганчимэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Алтан-Уяа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ч.Ганбаяр нь 2017.10.21-ний өдөр Land cruiser 120 prado маркийн 00-59 УНК улсын дугаартай авто машинаар Өвөрхангай аймгаас Улаанбаатар хот орохоор орой 1900 цагийн орчим Төв аймгийн Эрдэнэсант сумын нутагт явж байхад О.Эрдэнэдалай МТЗ-80 маркийн авто машинд өвс хаддаг тармуур зүүж замын хөдөлгөөнд оролцож замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргасан юм. О.Эрдэнэдалай нь 5 метр, 75 см-ийн урттай өвс хаддаг тармуур чирж явсан бөгөөд уг тармуур нь эсрэг урсгал руу орсон байсан боловч түүнд гэрэл, таних тэмдэг зүүгээгүй, мөн ослын зогсолтын тэмдэг тавиагүй байснаас болж тармуур дээгүүр гарч жолоодож явсан авто машинд нь маш их эвдрэл, гэмтэл учирсан. Энэ байдал нь осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг, дүгнэлт, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хялбаршуулсан журмаар шийтгэл ногдуулсан 2017.10.23-ны өдрийн шийтгэлийн хуудас зэргээр нотлогддог. Энэ байдлаас болж Land cruiser 120 prado маркийн 00-59 УНК улсын дугаартай авто машинд дараах хохирлууд учирсан. Авто машинд учирсан бодит хохирол нь Вендо ХХК-ийн үнэлснээр 4,108,200 төгрөг, үнэлгээ хийхэд гарсан зардал 118,000 төгрөг, авто машинд оношилгоо хийлгэхэд 35,000 төгрөг, хэрэг шийдвэрлэхэд ирсэн, явсан замын зардал 300,020 төгрөг, нотариатын зардал 18,500 төгрөг, нийт 4,579,720 төгрөгийн хохирол одоогоор учирсан байна. Иймд О.Эрдэнэдалай, Ш.Бямбаням нараас гэм хорын хохирол 4,579,720 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Ц.Норжинжав шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2017.10.21-ний өдөр Улаанбаатар хотоос Төв аймаг руу Prius 11 маркийн 97-95 УНЭ улсын дугаартай авто машинаар явж байхад О.Эрдэнэдалай нь МТЗ-80 маркийн тракторт өвс хаддаг тармуур зүүж замын хөдөлгөөнд оролцож замын хөдөлгөөний дүрэм зөрчиж ямар ч гэрэлгүй харанхуйд явж байснаас үзэгдэх орчин хязгаарлагдмал байсны улмаас зам тээврийн осол гаргасан юм. Урдаас ирж явсан жийпний гэрэл цохиод юу ч харагдахгүй болсон учраас би замын хажууд гарч зогссон. Гэтэл МТЗ-80 маркийн трактор ардаа чирч явсан хадуураараа миний машиныг мөргөж эвдсэн. Ш.Бямбанямын эхнэр нь хохиролд 1,000,000 төгрөг өгөөд өөр мөнгө өгөөгүй. Миний амьдралыг залгуулдаг машиныг эвдчихээд одоог хүртэл төлөхгүй гээд байгаа нь үндэслэлгүй. Бид нар хот ороод машиныг чинь засаад өгнө гэж худлаа яриад өдийг хүргэсэн. Би эмнэлгийн хяналтад байдаг. Нийт нэхэмжлэлийн шаардлагаас 1,000,000 төгрөг авсан учраас энэ мөнгийг хасаад 3,650,000 төгрөг нэхэмжилж байна. Үүнийг задалбал авто машинд хийгдэх засварт 2,157,500 төгрөг, баримт бүрдүүлэхэд гарсан зардал 33,000 төгрөг, баримтуудыг нотариатаар батлуулсан зардал 16,000 төгрөг, Булган аймагт ирсэн замын зардал 50,000 төгрөг, олох байсан орлого 1,800,000 төгрөг, нийт 3,056,500 төгрөгийг хариуцагч О.Эрдэнэдалай, Ш.Бямбаням нараар гаргуулна гэжээ.

 

Хариуцагч О.Эрдэнэдалай шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 2017.10.21-ний өдөр 1800 цагийн орчим зам дээр гараад буух гэж байтал Prius 11 маркийн 97-95 УНЭ улсын дугаартай авто машин хурдтай ирэхээр нь би зогсож өгсөн боловч чирч явсан тармуурын дугуйг мөргөсөн. Тэгэхээр нь шууд хөдлөөд зам чөлөөлж зогсоод авто машин дээр очоод эргээд явах хооронд эсрэг урсгалаар орж ирсэн Land cruiser 120 prado маркийн 00-59 УНК улсын дугаартай авто машин тармуур дээр мордоод зогссон. 97-42 ӨВ улсын дугаартай МТЗ-80 маркийн тээврийн хэрэгсэл нь миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл биш, Ш.Бямбанямын трактор. Ш.Бямбаням тариалангийн үйл ажиллагаа эрхлэн явуулдаг. Би намрын улиралд тухайн тракторыг барьж тариа хураах ажил хийж, Ш.Бямбанямаас цалин авдаг байсан. Ш.Бямбанямаас аваагүй байсан ажлын хөлс 1,000,000 төгрөгийг осол гарсны дараа Ц.Норжинжавт өгсөн. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Хариуцагч Ш.Бямбанямын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Сэвлэгмаа шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэгдүгээрт: Гэм хор яаж учирсан бэ гэхээр үнэлгээний байгууллагын гаргасан дүгнэлтэд үндэслэж нэхэмжлэгч нар нэхэмжлэлээ гаргасан. Гэтэл гэм хор нь тухайн машиныг засаж сэлбэхэд гарсан зардлаар илэрнэ. Гэм хорын хохирлоо зөв тодорхойлоогүй, үүнийгээ нотлоогүй байна. Хоёрдугаарт: Ш.Бямбанямыг хариуцагчаар татсаныг хүлээн зөвшөөрөхгүй. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл МТЗ-80 маркийн тракторын эзэмшигчээр Хөгжил нэгдэлд бүртгэлтэй ба хариуцагч жолооч нь Цавжинжарангаас Д.Адъяад 1980.02.23-ны өдөр хүлээлгэж өгсөн байдаг. Ш.Бямбанямын эзэмшилд трактор байдаг гэсэн нотлох баримт хэрэгт байхгүй. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-д Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй гэж заасан. Ийм учраас Ш.Бямбаням хариуцагч биш юм. Гуравдугаарт: Уг үйл явдлыг зөрчлийн хэргээр шалгаж, Замын хөдөлгөөний дүрмийн 2.1 а, 2.3 а-д заасныг зөрчсөн гэж үзэж Зөрчлийн тухай хуулиар 100,000 төгрөгөөр торгох арга хэмжээ авсан. Хохирол учруулсан талаар зөрчлийн материалд авагдаагүй. Хэргийн газарт дахин үзлэг хийж эсрэг урсгалд тармуур орсноор замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байна гэж үзсэн. Зөрчлийн хуулиар шийдсэн маргаанд нэхэмжлэгч гэж өөрсдийгөө үзээд байгаа нь үндэслэлгүй юм. Дөрөвдүгээрт: Норжинжавын машин ХААН банкны машин байсан ба машинаа зарсан гэдэг. Машинаа зарсан бол гэм хорын хохирол учирсан гэж үзэх үндэслэлгүй юм. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 132/ШШ2019/00613 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.4, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч Ш.Бямбанямаас нийт 5,670,700 /таван сая зургаан зуун далан мянга долоон зуу/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ч.Ганчимэгт 4,379,700 /дөрвөн сая гурван зуун далан есөн мянга долоон зуу/ төгрөгийг, нэхэмжлэгч Ц.Норжинжавт 1,291,500 /нэг сая хоёр зуун ерэн нэг мянга таван зуу/ төгрөгийг тус тус олгож, нэхэмжлэгч Ц.Норжинжавын нэхэмжлэлийн шаардлагаас 2,365,000 /хоёр сая гурван зуун жаран таван мянга/ төгрөг, Ч.Ганчимэгийн нэхэмжлэлийн шаардлагаас 200,020 /хоёр зуун мянга хорь/ төгрөг гаргуулах, хариуцагч О.Эрдэнэдалайд холбогдох нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.Ганчимэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 88,300 /наян найман мянга гурван зуу/ төгрөг, нэхэмжлэгч Ц.Норжинжавын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 68,450 /жаран найман мянга дөрвөн зуун тавь/ төгрөгийг Төрийн санд тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ц.Норжинжаваас 4,900 /дөрвөн мянга есөн зуу/ төгрөгийг гаргуулж Төрийн санд, хариуцагч Ш.Бямбанямаас 120,571 /нэг зуун хорин мянга таван зуун далан нэг/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ч.Ганчимэгт 85,025 /наян таван мянга хорин тав/ төгрөгийг, нэхэмжлэгч Ц.Норжинжавт 35,546 /гучин таван мянга таван зуун дөчин зургаа/ төгрөгийг тус тус олгож шийдвэрлэжээ.

 

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 2 дугаар магадлалаар Хариуцагч Ш.Бямбанямын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Сэвлэгмаагийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Булган аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 613 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, Хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 120,571 /нэг зуун хорин мянга таван зуун далан нэг/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагч Ш.Бямбанямын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Сэвлэгмаа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй хэт нэг талыг барьсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж харьяаллын бус хэргийг шийдвэрлэсэн.

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол нэхэмжлэлийг хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд гаргана гэсэн бөгөөд анхан болон давж заалдах шатны шүүх дүгнэхдээ хариуцагч О.Эрдэнэдалайг Булган аймгийн Рашаант суманд оршин суудаг гэж дүгнээд байгааг ойлгохгүй байна. Багийн засаг даргын тодорхойлолтоор О.Эрдэнэдалай нь 2009 оноос хойш Улаанбаатар хотод оршин сууж байгаа манай багт бүртгэлтэй боловч оршин суудаггүй нь үнэн гээд тодорхойлолт хийж өгөөд байхад түүнийг Булганд оршин суудаг гэж харьяалал зөрчин шийдэх ямар сонирхол байв. \ХХ-3\ ...О.Эрдэнэдалай нь тус багт бүртгэлтэй боловч 2009 оноос хойш Улаанбаатар хотод түр оршин суугчаар амьдарч байгаа нь үнэн болно гэсэн Булган аймгийн Рашаант сумын 2-р багийн засаг дарга Д.Алтанзулын 2019.03.07-ны өдрийн тоот тодорхойлолт.

2. Авто осол болсон юм уу аль эсвэл хохирогч нарын өөрсдийнх нь буруутайгаас болж гэм хорын хохирол учирсан байна уу гэдэгт дүгнэлт өгдөггүй. Жолооч хариуцагч О.Эрдэнэдалай тайлбартаа эхлээд Норжинжав нь хурдтай ирээд миний тармуурын дугуйг мөргөөд зогссон. Харин нөгөө жолооч нь намайг зогсож байхад араас хурдтай ирээд миний тармуур дээр мордчихсон юм гэж тайлбарладаг ярьдаг. Энэ нь зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авах үндэслэл байсан бөгөөд торгуулсан тухай баримт хавтаст хэрэгт байдаг. Харин ямар нэгэн осол хэрэг гарсан талаар ямар нэгэн хэрэг маргаан болсон буюу бүртгэгдсэн тухай баримт байхгүй бөгөөд Булганы шүүх нь ослын дүгнэлт гаргуулсан байх бөгөөд уг дүгнэлтээр Эрдэнэдалай жолоочийг зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авсан харин хэн нэгэнд түүний буруутай үйлдлээс хохирол учирсан талаар дүгнэлт гаргаагүй билээ.

3. Хариуцагчийг зөв тогтоогоогүй анхан болон завж заалдах шатны шүүх нь гэм хор учруулсан жолоочийг хариуцлагаас чөлөөлсөн атлаа тээврийн хэрэгслийн эзэмшигч биш хүнээр хохирол төлүүлсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм. Анхан болон давж заалдах шатны шүүх нь хэргийн харьяалал болон хариуцагчийг тогтоохдоо үндэслэл болгон шийдвэрлэсэн хуулийг тайлбарлахдаа буруу тайлбарлаж буруу хэрэглэсэн. Иймд дээрх нөхцөл байдлыг хянан үзэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д зааснаар шийдвэр, магадлалыг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр дахин шийдвэрлүүлж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Ч.Ганчимэг, Ц.Норжинжав нар О.Эрдэнэдалай, Ш.Бямбаням нараас эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд 8,229,720 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

Анхан шатны шүүх Ш.Бямбанямаас 5,670,700 төгрөг гаргуулж, 4,379,700 төгрөгийг Ч.Ганчимэгт, 1,291,500 төгрөгийг Ц.Норжинжавт тус тус олгохоор, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болон О.Эрдэнэдалайд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг хянаж шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

 

Анхан болон давж заалдах шатны шүүх дээрх шийдвэрийг гаргахдаа хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан журмын дагуу үнэлж, зохигчийн хооронд үүссэн эрх зүйн маргаанд хэрэглэвэл зохих Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д бусдын ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, мөн зүйлийн 497.2-т гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө гэж тус тус заасан байна.

 

Хариуцагч О.Эрдэнэдалай нь 2017.10.21-ний өдөр Төв аймгийн Эрдэнэсант сумын нутагт МТЗ-50 маркийн тракторыг жолоодон уг тракторт өвс хадагч тармуур чирч явахдаа тармуурт гэрэл, таних тэмдэг зүүгээгүй, ослын зогсолтын тэмдэг тавиагүйгээс гадна тармуур замын эсрэг урсгал руу орсон байхад холбогдох арга хэмжээ аваагүйгээс осол гарч Ч.Ганчимэгийн Land cruizer 120 prado маркийн автомашин болон Ц.Норжинжавын Prius 11 маркийн автомашинд гэм хор учруулсан гэм буруутай нь хэргийн баримтаар тогтоогджээ.

 

Иймээс хариуцагч О.Эрдэнэдалайгийн гэм буруутай хууль бус үйлдэл, уг үйлдлийн улмаас учирсан хохирол, эдгээрийн хоорондох шалтгаант холбоо тогтоогдсон тул нэхэмжлэгч нарт учирсан гэм хорыг буруутай этгээд хариуцан арилгах үүрэгтэй байна.

 

Харин хариуцагч О.Эрдэнэдалай нь тухайн үед хариуцагч Ш.Бямбанямын ногоон тэжээл хадах ажилд тусалж, түүний зөвшөөрлөөр эзэмшлийнх нь тракторыг жолоодон явсан байх тул шүүх гэм хорын хохирлыг бүхэлд нь Ш.Бямбанямаас гаргуулж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4-т тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг тээврийн хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч бюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй гэж заасныг зөрчөөгүй байна.

 

Тухайн трактор нь Хөгжил нэгдлийн нэр дээр бүртгэлтэй хэдий ч уг тээврийн хэрэгслийг Ш.Бямбанямын эцэг Шоовдор худалдан авсан, хариуцагч эзэмшдэг үйл баримт тогтоогдсон нь түүний тракторын эзэмшигч биш гэх татгалзлыг үгүйсгэжээ.

 

Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж заасан, шүүх автомашины эвдрэл гэмтлийг засахад шаардлагатай зардлын үнэлгээг тогтоосон Вендо ХХК-ийн үнэлгээний тайланг үндэслэн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдэх шаардлагыг нотлох баримтаар нотлогдоогүй гэж хэрэгсэхгүй болгосон нь хэргийн баримтад тулгуурласан байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол нэхэмжлэлийг хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд гаргана, 15 дугаар зүйлийн 15.3-т өөр өөр газар оршин суугаа /оршин байгаа/ хэд хэдэн хариуцагчид холбогдох нэхэмжлэлийг нэхэмжлэгч өөрийн үзэмжээр хариуцагчдын аль нэгний оршин суугаа газрын шүүхэд гаргана гэж заасан, хариуцагч О.Эрдэнэдалай Булган аймгийн Рашаант суманд оршин суудаг бүртгэлтэй, хариуцагч Ш.Бямбаням Төв аймгийн Өндөр ширээт суманд оршин суудаг байх бөгөөд шүүхэд иргэний хэрэг үүсгэснээс хойш хариуцагч нар шүүхийн харьяаллын талаар маргаагүй байх тул О.Эрдэнэдалай Улаанбаатар хотод амьдарч байгаа Булган аймаг дахь сум дундын шүүх харьяалал зөрчиж хэргийг шийдвэрлэсэн гэх гомдол үндэслэлгүй, энэ талаар давж заалдах шатны шүүх магадлалдаа тодорхой заасан байна.

 

Харин анхан шатны шүүх улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтыг зөв баримтлаагүйг давж заалдах шатны шүүх анхаарч засаагүй байх тул энэ үндэслэлээр шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 2 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 132/ШШ2019/00613 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад 57 дугаар зүйлийн 57.1 гэснийг 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 гэж өөрчлөн шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хариуцагч Ш.Бямбанямын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Сэвлэгмаа хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020.02.10-ны өдөр төлсөн 120,571 төгрөгийг улсын орлогод оруулсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЦОЛМОН

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ

 

ШҮҮГЧИД Б.МӨНХТУЯА

 

С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

Х.ЭРДЭНЭСУВД