Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 02010

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

  Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 21-556 тоотод оршин суух, эрэгтэй, 27 настай, МЙ91051319 регистртэй, Боржигон овогт Баттөрийн Дорждэрэмийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, Дилав хутагт Жавзандамбын гудамж, АОС-563 тоотод оршин суух, эрэгтэй, 50 настай, НЙ68061215 регистртэй, Бэйл овогт Бадамсүрэнгийн Пүрэвдоржид холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 47,250,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 14,500,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Нацагдорж, хариуцагч Б.Пүрэвдорж, хариуцагчийн өмгөөлөгч Б.Лхагвацэрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Булган нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Дорждэрэм шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Нацагдорж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2014 оны 12 дугаар сарын 28-нд иргэн Б.Пүрэвдоржтой Зээлийн гэрээ байгуулан, 3 сарын хугацаатай 31,500,000 төгрөгийг зээлдүүлсэн ба алдангийн талаар гэрээний 5-д ...хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөөгүй үлдсэн мөнгөний үнийн дүнгийн 0,5 хувиар хэмээн тохирсон. Хэдийгээр гэрээнд барьцаагүй хэмээн бичсэн ч Б.Пүрэвдорж нь зээлийн барьцаа болгож, өөрийн захиалан бариулсан Амины орон сууцны 11 тоотод амьдрахыг санал болгосны дагуу гэр бүлийн хамт 2015 оны эхээр нүүж очсон. Гэтэл уг орон сууцанд нь агааржуулалтын хоолой байхгүйгээс чийг ихтэй, дээрээс шохой нь хууларч унадаг, халуун ус огт байхгүй, хүйтэн усны даралт муу, автомашины зогсоолгүй, хүүхдийн тоглоомын талбайгүй зэргээс хэвийн амьдрах боломжгүй байсан. Бид гэрээний хугацаа дууссан тул мөнгөө нэхэхэд та нарын амьдарч байгаа 4 давхрын 2 өрөө орон сууцыг зарж байгаад мөнгийг өгнө гээд 5 давхрын 1 өрөө орон сууцанд оруулж амьдруулсан. Энэ орон сууцнуудын фото зургийг гаднаас нь болон дотроос нь авч хэрэгт хавсаргасан байгаа. Байрыг сольсон талаар талууд маргадаггүй. Пүрэвдорж нь 2 өрөө орон сууцыг зараагүй. Мөнгийг гаргаж өгөөгүй учраас энэ байрнаас гараад шүүхэд нэхэмжлэл гаргасан. Пүрэвдорж нь би мөнгө огт аваагүй гэж маргадаг. Гэвч өөрийнхөө өмчлөлийн орон сууцанд бусдыг 29 сар амьдруулна гэдэг нь бодит байдал дээр байж боломгүй үнэмшилгүй зүйл. Талуудаас гаргаж өгсөн зээлийн гэрээн дээр ямар ч зөрүү байхгүй. Талууд энэ гэрээн дээр адил гарын үсэг зурсан. Харин Б.Дорждэрэм нь мөнгө хүлээлгэж өгсөн гэдгээ нотолгоо болгож Б.Пүрэвдоржоор гарын үсэг зуруулсан. Б.Пүрэвдорж уг зээлийн гэрээний ард 31,500,000 төгрөг бэлнээр хүлээн авлаа гэж гарын үсэг зурсан. Тэрний өмнөх хэсэг дээр хүлээлгэн өгнө гэж гарын үсэг зурсан. Ар талд нь хүлээн авлаа гэж гарын үсэг зурсан. Нэгэнт Б.Дорждэрэмд өгсөн гэрээн дээрээ буюу үндсэн гэрээн дээр Б.Пүрэвдорж гарын үсэг зурсан. Ард нь мөнгө хүлээн авсан гэдэг дээрээ гарын үсэг зурсан. Энэ нь мөнгө хүлээн авсан гэдгийг нотлож байгаа үйлдэл болохоос гэрээнд гарын үсэг зурж байгаа үйлдэл биш. Иймд талуудын хооронд байгуулсан гэрээний 8-д маргааныг шүүхээр шийдвэрлүүлнэ хэмээн заасныг үндэслэн, тус шүүхэд хандан, үндсэн зээл 31,500,000 төгрөг, түүний алданги 15,750,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна. Нийт 47,250,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.Пүрэвдорж шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар болон, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өмгөөлөгчийн хамт гаргасан тайлбартаа: Би 2014 оны 12 сарын 21-ний өдөр гэртээ байж байхад Б.Дорждэрэм манай барилгын инженер н.Ариунболд, н.Төмөрөө нарын хамт орж ирсэн. Тэгээд тэр 2 энэ манай найз. Танай байрыг авах гэж байна. Та 4 давхрын 11 тоотыг манай найзад өгчхөөч гэсэн. Тэр өдөр бүтэн сайн өдөр байсан. Би худалдах худалдан авах гэрээ хийе гээд нотариат руу явсан. 1 дүгээр хороололд очиход нотариат байхгүй байсан. Хороолол руу очиход бас ажиллахгүй байсан. Ажиллаж байсан нотариат нь тээврийн товчооны ар талын байранд байсан. Нотариатч нь намайг байрны гэрчилгээ чинь хаана байна гэсэн. Манай байрны гэрчилгээ гараагүй байсан. Барилга барьж байгаа хүмүүс нь надад хүлээлгэж өгөөгүй байсан. Байрны гэрчилгээ гараагүй гэдгээ хэлэхэд нотариатч нь энэ байр таны өмчлөлийн зүйл мөн гэдгийг мэдэх боломжгүй учраас худалдах худалдан авах гэрээ хийх боломжгүй гэсэн. Ингээд бид хоорондоо ярилцаад зээлийн гэрээ хийе гэж тохиролцоод мөнгийг 2 хувааж өгөхөөр болсон. Эхлээд 31,500,000 төгрөгөө тэр өдрөө бэлнээр Хаан банкин дээр очиж өгнө гэсэн. Үнэхээр мөнгийг бэлнээр өгөх байсан бол нотариатчийн хажууд тоолоод өгөх байсан. Заавал Хаан банкин дээр очиж өгөх шаардлагагүй байсан. Би яагаад мөнгийг хүлээж авсан гэдэг дээр гарын үсэг зурсан гэхээр нотариатч нь мөнгийг өгсөн авсан талаар мэдэхгүй байж би гэрээг нотлохгүй гэсэн. Би Дорждэрэмд өгөх гэрээн дээр мөнгийг хүлээн авлаа гэж батлуулаад өөрийнх дээрээ батлуулаагүй. Яагаад гэхээр би чамаас мөнгөө авч байж батлуулна гэсэн. Нөгөө гэрээн дээр нь би гарын үсэг зураагүй. Тэрнээс гараад Пийс тауэрын банкин дээр очсон. Очоод мөнгө яасан бэ гэхэд надад мөнгө орох ёстой байсан ороогүй байна гэсэн. Хэзээ орох юм гэхэд жилийн эцэс болчихоод мөнгө хийгээгүй юм шиг байна. Он гаргаад мөнгө өгъе гэсэн. Би Дорждэрэмд итгэсэн. Миний байрыг үүрээд явчих биш гэж бодоод 1 сард байрандаа оруулсан. Аав, ээж нь ч ирсэн байсан. Өвөл хүйтэн байсан учраас байранд нь оруулаад дараа нь мөнгөө авъя гэж бодсон. Ингэхдээ би ямар ч мөнгө авалгүй байрандаа оруулсан. Эхлээд 31,500,000 төгрөгөө авчихаад үлдэгдэл 31,500,000 төгрөгөө байрны гэрчилгээ 3 сарын дараа гарна гэсэн учраас байрны гэрчилгээг гарсны дараа авъя гэж бодсон. Ингэж бодоод би гэрээ хийсэн. Гэтэл 31,500,000 төгрөгөө эхний өдрөө ч өгөөгүй. Яагаад мөнгөө авахгүй удаад байсан гэхээр миний байрны гэрчилгээ гараагүй учраас мөнгөө нэхээгүй байсан. Байрны гэрчилгээ 2016 оны 03 сарын эхээр гарсан. Ингээд байрны гэрчилгээ гарсан учраас мөнгөө нэхсэн боловч би алтны терм зарах гэж байгаа гээд надад компьютер дээр зураг үзүүлсэн. Тэрнээс хойш утсаа авахгүй байсан. Ингээд мөнгө өгөхгүй болохоор нь та нар 2 өрөө байр авч чадахгүй юм бол 5 давхрын 1 өрөө байранд ор гээд тийш нь оруулсан. Би мөнгө авсан бол буцаагаад өгчихнө. Би бол Б.Дорждэрэмээс нэг ч төгрөг аваагүй. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Хариуцагч Б.Пүрэвдорж шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Иргэний хуулийн 264.2 дахь хэсэгт зааснаар 14,500,000 төгрөг нэхэмжилсэн. Энэ нь ямар учиртай гэхээр зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулсан боловч гэрээний үүргээ биелүүлээгүй учраас Пүрэвдорж гэрээнээс татгалзаж, байрнаас явуулсан. 2015 оны 01 сараас хойш 2017 оны 02 сар хүртэл хугацаанд байранд ямар нэгэн үнэ хөлс төлөхгүй суусан. Худалдаж авна гэсэн боловч худалдаж авах үүргээ биелүүлээгүй. Хэрвээ энэ байрыг бусдад хөлслүүлсэн бол ийм орлого олох байсан гэдэг үүднээс сарын дундаж үнийг 500,000 төгрөгөөр бодоод 14,500,000 төгрөг болж байгаа. Энэ мөнгийг хангах үндэслэлтэй гэж үзэж байна. Энэ хүмүүс тухайн байранд 2 жил амьдарсан. 2 өрөө байрыг хөлслөх дундаж үнэ нь тухайн үед 500,000 төгрөгийн ханштай байсан. Нэгэнт байранд суусан нь үнэн. Гэрээнээс худалдагч тал татгалзаж байгаа учраас энэ үнийг төлөх ёстой. Үнэ төлбөргүй байранд сууна гэж байхгүй. Тийм учраас Иргэний хуулийн 264.2 дахь хэсэгт зааснаар 14,500,000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Нацагдорж сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлээс 2 үндэслэлээр татгалзаж байна. Нэгдүгээрт зээлээр худалдах худалдан авах гэрээг Иргэний хуулийн 263.1 дэх хэсэгт зааснаар бичгээр байгуулах ёстой. Талууд бичгээр гэрээ байгуулаагүй учраас энэ үйл явдал болоогүй. Хоёрдугаарт хэрвээ бичгээр байгуулсан бол хохирол болон зардлыг нэхэмжлэх эрхтэй байдаг. Гэхдээ ямар хэмжээний хохирол учирсан гэдэг талаар баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байна. Ийм хэмжээний зардал учирсан гэдэг баримт байхгүй байна. Тэгэхээр үндэслэлгүйгээр шаардаж байна. Мөн ашгийн тухай асуудал ярьж байна. Энэ хүмүүст түрээсийн орлого шаардах эрх хуулиар олгогдоогүй тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Дорждэрэм нь хариуцагч Б.Пүрэвдоржид холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 47,250,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг, хариуцагч Б.Пүрэвдорж нь нэхэмжлэгч Б.Дорждэрэмд холбогдуулан 14,500,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргажээ.

Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Хэрэгт талуудын хооронд 2014 оны 12 дугаар сарын 28-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээ авагдсан байх ба уг гэрээнд нэхэмжлэгч Б.Дорждэрэм нь хариуцагч Б.Пүрэвдоржид 31,500,000 төгрөгийг 3 сарын хугацаатайгаар, барьцаагүйгээр зээлүүлж, хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувийн алданги төлөхөөр тохиролцон, гарын үсэг зурж нотариатаар баталгаажуулсан байхаас гадна уг гэрээний ард 12 сарын 28-д 31,500,000 төгрөг бэлнээр хүлээн авлаа Б.Пүрэвдорж гэж бичээд гарын үсэг зуржээ. Уг зурагдсан гарын үсгийг хариуцагч Б.Пүрэвдорж нь өөрийн гарын үсэг мөн болохоо хүлээн зөвшөөрч маргахгүй байхаас гадна нэхэмжлэгч нь хариуцагчийн өмчлөлийн байранд 29 сар амьдарсан амьдарсан болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байна. Харин зохигч нь талуудын хооронд үүссэн эрхзүйн харилцаан дээр маргаж байхаас гадна мөнгө хүлээн авсан эсэх дээр маргаантай байна.

 

Нэхэмжлэгч нь талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж тайлбарлан, уг зээлийн гэрээний барьцаанд хариуцагчийн өмчлөлийн байранд 29 сар амьдарсан гэж тайлбарлаж байгаа бол, хариуцагч нь талуудын хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээ буюу орон сууц худалдахаар харилцан тохиролцож, уг орон сууцны гэрчилгээ гаргаагүй байсан учраас орон сууцны төлбөрт төлнө гэсэн 31,500,000 төгрөг дээр зээлийн гэрээ байгуулсан гэж тайлбарлаж байх ба 29 сар байранд амьдруулсны төлбөрт 14,500,000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гарган мэтгэлцэж байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар зохигч нь өөрийн шаардлага болон татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй. Хэдийгээр хариуцагч нь уг зээлийн гэрээний дагуу хариуцагчаас 31,500,000 төгрөгийг хүлээн аваагүй гэж маргаж байгаа боловч хэрэгт авагдсан зээлийн гэрээнд гарын үсэг зурж, уг зээлийн гэрээний дагуу мөнгийг хүлээн авлаа гэж гарын үсэг зурсан байдлаас үзэхэд хариуцагч уг зээлийн гэрээний дагуу 31,500,000 төгрөгийг хүлээн авснаа зөвшөөрсөн гэж үзэхээр байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Учир нь Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2 дахь хэсэгт гэрээ байгуулахаар талууд харилцан тохиролцож, баримт бичиг үйлдэн гарын үсэг зурснаар гэрээ байгуулагдсанд тооцдог. Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээнээс үзэхэд талууд гарын үсэг зурж, нотариатаар баталгаажуулсан байх ба уг зээлийн гэрээнд гарын үсэг зурсанаа хүлээн зөвшөөрч маргадаггүй бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч нараас хэрэгт өгсөн зээлийн гэрээ зөрүүтэй биш байна. Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.1 дэх хэсэгт нэгэнт үүссэн үүргийн харилцааг гэрчлэх гэрээг хүчин төгөлдөр гэж тооцоход үүрэг гүйцэтгэгч нь үүргийг хүлээн зөвшөөрсөн тухай бичгээр мэдэгдсэн байвал зохино гэв.

 

Хариуцагч нь хэрэгт нэхэмжлэгч талаас өгсөн зээлийн гэрээний ард 12 сарын 28-д 31,500,000 төгрөг бэлнээр хүлээн авлаа Б.Пүрэвдорж гэсэн бичвэр нь хариуцагч талд байгаа зээлийн гэрээний ард бичигдээгүй байгаа нь уг зээлийн гэрээг зөрүүтэй, зээлийн гэрээний харилцаа үүсээгүй болохыг нотолно гэж маргаж байна.

Нэхэмжлэгч талаас гаргаж ирүүлсэн зээлийн гэрээний ард бичигдсэн 12 сарын 28-д 31,500,000 төгрөг бэлнээр хүлээн авлаа Б.Пүрэвдорж гэж бичээд хариуцагч гарын үсэг зурсан байдал нь нэхэмжлэгчийг тухайн гэрээнд заасан үүргээ биелүүлсэн болохыг нотолсон баримт болох бөгөөд уг баримт хариуцагч талд байхгүй байгаа нь тухайн зээлийн гэрээг зөрүүтэй, талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдаагүй гэж үзэх үндэслэл болохгүй юм.

 

Өөрөөр хэлбэл хариуцагч нь зээлийн гэрээний харилцаа байгуулагдаагүй, уг зээлийн гэрээний дагуу мөнгө хүлээн аваагүй гэж тайлбарлаж байгаа боловч зээлийн гэрээнд гарын үсэг зурж, мөнгийг хүлээн авсанаа зөвшөөрч гарын үсэг зурсан нь зээлийн гэрээний харилцаа үүссэн болохыг нотолж байна гэж үзлээ.

 

Иймд нэхэмжлэгч Б.Дорждэрэм нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар 31,500,000 төгрөгийг, мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт зааснаар алдангийн хамт хариуцагч Б.Пүрэвдоржоос шаардах эрхтэй.

 

Түүнчлэн, хариуцагч нь талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй, зээлээр худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэдэг нь миний байранд 29 сар амьдарснаар нотлогдоно гэж тайлбарлаж байна.

 

Хэдийгээр нэхэмжлэгч нь хариуцагчийн гэх байранд 29 сар амьдарсан болохоо хүлээн зөвшөөрдөг боловч хэрэгт тухайн байр нь хариуцагч Б.Пүрэвдоржийн өмчлөлийн, уг байрыг Б.Пүрэвдорж нь бусдад худалдан борлуулах эрхтэй этгээд мөн гэх байдал хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байхаас гадна уг байранд нэхэмжлэгч 29 сар амьдарснаар түүнд олох ёстой байсан 14,500,000 төгрөгний хохирол учирсан гэх байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

 

Иймд дээрх үндэслэлээр хариуцагч Б.Пүрэвдоржоос зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 31,500,000 төгрөг, алдангид 15,750,000 төгрөг, нийт 47,250,000 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч Б.Дорждэрэмд олгож, хариуцагч Б.Пүрэвдоржийн нэхэмжлэгч Б.Дорждэрэмд холбогдуулан гаргасан 14,500,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4, 262 дугаар зүйлийн 262.1 дэх заасныг баримтлан хариуцагч Б.Пүрэвдоржоос 47,250,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Дорждэрэмд олгож, хариуцагч Б.Пүрэвдоржийн нэхэмжлэгч Б.Дорждэрэмд холбогдуулан гаргасан 14,500,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 394,200 төгрөг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 230,450 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Пүрэвдоржоос улсын тэмдэгтийн хураамжид 394,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Дорждэрэмд олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэр гардан авсан өдрөөс 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ЭНХЗАЯА