Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Жалцаны Цэнгэл |
Хэргийн индекс | 142/2017/00790/И |
Дугаар | 182/ШШ2020/00113 |
Огноо | 2020-01-14 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 01 сарын 14 өдөр
Дугаар 182/ШШ2020/00113
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Цэнгэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: О аймаг, Б сум, Б баг, 1 тоотод оршин суух, эмэгтэй, Ш овгийн П.О,
Нэхэмжлэгч: О аймаг, Б сум, О баг, 0 тоотод оршин суух, эмэгтэй, Б овгийн С.Г нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, .. хороо, .... гудамж, .... байрны ... тоотод оршин суух, эрэгтэй, Ц овгийн Б.Б-д холбогдох
198.500.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч П.О, нэхэмжлэгч С.Г гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.З нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч П.О, нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь С.Г гийн хамт анх 2004 онд “А-Э” ХХК-ийг байгуулсан. Тухай үед О аймгийн Ж суманд ... га газрыг 15 жилийн хугацаатай эзэмших эрхийн гэрчилгээ авч тус сумын У багт тоосго шатах, үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулахаар болсон. 2004-2008 оны хооронд тоосгоны үйлдвэрийн тоног төхөөрөмжийг БНХАУ-аас оруулж, тоосго үйлдвэрлэх ажлаа эхлүүлсэн. Тухайн үед жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд банк зээл олгодоггүй, үндсэн хөрөнгө барьцаалдаг байсан ба банкнаас зээл авах боломжгүй учраас өөрсдийн амьдарч байсан байшингаа зарж, эхний ээлжийн хөрөнгө оруулалтыг босгож үйл ажиллагаа явуулсан. 2004 оноос 2007 онд бэлтгэл ажил хийгдэж, 2008 онд эхний борлуулалт хийгдсэн. Бид тоосгоны үйлдвэр байгуулахдаа “Г” Хадгаламж зээлийн хоршооноос болон хувь хүмүүсээс зээл авсан байсан. Манай компани 2008 оны 10 сар хүртэл тоосго үйлдвэрлэсэн. Манай үйлдвэрлэл улирлын чанартай ажил учир ажил зогссон байсан.
Б.Б нь манай компанийг худалдан авах санал тавьсан ба тэрээр ойрын хамаатны эгч гэх Ц.С-ийн хамт компанийг худалдан авъя гэхлээр нь зөвшөөрсөн. Ингээд Б.Б-тай 2009 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, мөн компанийн хувь эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулж компанийн бичиг, баримт, тамга тэмдэг, тайлан баланс, ажилчидтай холбоотой бүх бичиг баримтыг Б.Б, Ж.С нар хүлээн авсан. Ингэж худалдахдаа компанийн балансад тусгагдсан бүх өр, дээр нь хувьцааны үнэ 110.000.000 төгрөг төлөхөөр тохиролцсон юм. Эдгээр баримтууд бүгд хэрэгт байгаа. Үүнээс хойш Б.Б-тай байнга холбоотой байсан.
“Г” Хадгаламж зээлийн хоршоонд төлөх 220.000.000 төгрөгийн өрийг төлөх байсан. Шүүхийн шийдвэрээр С.Г бид хоёроос 309.353.333 төгрөг гаргуулж “Г” Хадгаламж зээлийн хоршоонд олгохоор шийдвэрлэсэн байсан ба шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдэж байснаа нуугаагүй. Дээрх өр төлбөрөөс 21.500.000 төгрөг төлж, үлдэх мөнгийг төлөөгүй ба “Өр төлбөр төлнө” гэх амлалтууд өгч байсан.
Иймд Б.Б-аас 198.500.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Нэхэмжлэгч С.Г-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Г гийн нэхэмжлэлийн шаардлага нь П.О-ийн нэхэмжлэлийн шаардлагатай адилхан учраас нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Зарим зүйлийг тодруулъя. Бид Б.Б-аас 198.500.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Б.Б нь 2009 оны 03 дугаар сарын 30-ны өдөр “А-Э” ХХК, тоосгоны үйлдвэрийг балансад тусгагдсан өр дээр 110.000.000 төгрөг өгөхөөр тохиролцож, худалдах худалдан авах гэрээ, компанийн хувь эзэмших эрхийн гэрээ гэх 2 гэрээг байгуулсан. Компанийн бүх бичиг баримт, тамга тэмдэг, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, газар, ашигт малтмалын хайгуулын лицензийн хугацаа дууссан байсан бичиг баримтыг бүгдийг гэрээний үндсэн дээр Б.Б-д шилжүүлж, тоосгоны үйлдвэрээ хүлээлгэн өгсөн. Үүнээс хойш компанийн баланс дээр тусгагдсан өрийг барагдуулсан байсан ба “Г” Хадгаламж зээлийн хоршооны төлбөрийг барагдуулаагүй. 2009 оноос хойш Б.Б-аас энэ өрийг төлөхийг байнга шаардаж байсан. Бид тоосгоны үйлдвэр байгуулж байхдаа “Г” Хадгаламж зээлийн хоршооноос зээлсэн өр байгаа юм. Энэ асуудлыг шийдвэрлүүлэх гээд 2015 оноос хойш шүүхээр явж байна. Энэ хэрэг маргаан бол 3 шатны шүүхээр хэлэлцэгдсэн.
Улсын дээд шүүхээр хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй гэсэн дүгнэлт хийсэн байсан. 2009 оны 03 дугаар сарын 30-ны өдөр “А-Э” ХХК-ийн хувь эрх шилжүүлэх гэрээ, хувьцаа худалдах худалдан авах гэрээг С.Г , П.О, нар нь Б.Б-тай байгуулсан. Компанийн хувь эзэмших эрх шилжүүлэх гэрээний 2.1-д “компанийн үүсгэн байгуулагч компанийн эрхийг шилжүүлэхдээ эрх шилжүүлэн авагч талын зөвшөөрсөн үндэслэлээр 2008 оны жилийн эцсийн тайланд тусгагдсан өглөг, мөн “Г” Хадгаламж зээлийн хоршоонд төлөх 220.000.000 төгрөгийн зээлийн өрийг эрх шилжүүлэн авагч талд баримтын хамт хүлээлгэн өгнө” гэсэн заалт байгаа.
“Г” Хадгаламж зээлийн хоршооны өр 220.000.000 төгрөг төлөхийг Б.Б хүлээн зөвшөөрч байсан нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдоно. Үүнд: Хоёрдугаар хавтас хэргийн 216-231 талд нотлох баримтаар авагдсан “А-Э” ХХК-ийн 2008 оны 4 улирлын санхүүгийн тайлангаар нотлогдоно. Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан. Гэрээний зүйл нь компанийн хувь эзэмших эрх шилжүүлэх гэрээний үндсэн дээр 220.000.000 төгрөгийн өрийг төлөх, хувьцааг 110.000.000 төгрөгөөр худалдан авах гэсэн нөхцөл байжээ. Хувьцааны үнэ 110.000.000 төгрөгийг хэн төлөх вэ? гэх зүйл байдаг ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энхболд 150.000.000 төгрөгийг С.Г-д төлсөн гэдэг. Гэтэл хавтаст хэрэгт 150.000.000 төгрөг, 110.000.000 төгрөг төлсөн баримт байдаггүй. Өмнөх шатны шүүх хуралдаанд хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэх тайлбар хэлдэг. Энэ тухай тайлбарлаж байсан. Б.Б нь 2009 оны 03 дугаар сарын 30-ны өдөр гэрээ байгуулагдсан тухайд маргадаггүй. Үүнээс хойш шаардаж байсан нь хэргийн баримтаар нотлогддог. Тухайлбал шийдвэр гүйцэтгэлийн албанаас авсан баримтууд байна. Өр шилжсэн юм уу гэдэг нь “А-Э” ХХК-ийн 2008 оны 4 дүгээр улирлын санхүүгийн тайланд балансад тусгагдсанаар нотлогддог. “А-Э” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Б.Б, Ж.С нар 2009 оны 04 сард компанийн нэрийг “Г-Б” ХХК гэж өөрчилсөн. Тус компанийн 50 хувийн хувьцаа эзэмшигч Б.Б, 50 хувийн эзэмшигч нь Ж.С нар болсон. Бид “Г” Хадгаламж зээлийн хоршоонд төлөх 220.000.000 төгрөгийн өрийг Б.Б-д компанийн хувь эзэмших эрхийн гэрээгээр шилжүүлсэн ба үүнээс 21.500.000 төгрөгийг төлсөн тул үлдэх 198.500.000 төгрөгийг нэхэмжилж байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.
Хариуцагч Б.Б-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Талуудын хооронд 2009 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Компанийн хувьцаа худалдан авах гэрээ байгуулагдсан байдаг. Уг гэрээгээр С.Г , П.О, нар нь “А-Э” ХХК-ийн 50 хувийн 265.000 ширхэг хувьцааг /1 ширхэг хувьцааг 1000 төгрөгөөр үнэлж/ 110.000.000 төгрөгөөр худалдсан байна. Энэ гэрээний хамт, мөн өдөр компанийн хувь эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулагдсан. Эдгээр гэрээний дагуу Б.Б-ын хүлээсэн үүрэг нь компанийн 50 хувийн хувьцааг өөртөө шилжүүлэн авч, хариу төлбөрт 110.000.000 төгрөг шилжүүлэх байсан. Хэрэгт 110.000.000 төгрөг төлсөн гэх баримт байдаггүй боловч шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад, нэхэмжлэгч талаас 110.000.000 төгрөг хүлээн авсан гэх тайлбарыг өгдөг. Энэ нь анхан шатны болон давж заалдах, хяналтын шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэлээс тодорхой харагдана. “Хувьцаа худалдах худалдан авах гэрээ”-ний зүйл нь “220.000.000 төгрөгийн өр шилжүүлэн авах байсан” гэж нэхэмжлэгч тал ярьж байна. Компанийн хувь эзэмших эрх шилжүүлэх гэрээний 2.1-д “компанийн үүсгэн байгуулагч компанийн эрхийг шилжүүлэхдээ эрх шилжүүлэн авагч талын зөвшөөрсөн үндэслэлээр 2008 оны жилийн эцсийн тайланд тусгагдсан өглөг, мөн “Г” Хадгаламж зээлийн хоршоонд төлөх 220.000.000 төгрөгийн зээлийн өрийг ... нийт 46.781.657,5 төгрөгийн балансын өр өглөгийг мөн А банкны 104.972.000 төгрөгийн болон “Г” Хадгаламж зээлийн хоршооны 220.000.000 төгрөгийн өр, “Н-К” ХХК-ийн өр, өглөгийг компанийн балансад тусгагдсанаар эрх шилжүүлэн авагчийн талд баримтын хамт хүлээлгэн өгнө” гэсэн заалт байгаа.
Энэ гэрээгээр Б.Б 220 000 000 төгрөг төлөх үүрэг хүлээгээгүй. Харин С.Г , П.О, нар нь 220 000 000 төгрөгийг “Г” Хадгаламж зээлийн хоршоонд төлөхөөр байгаа. Хэрэгт баримтаар О аймаг дахь сум дундын шүүхийн 108 дугаар шийдвэр байгаа. Компанийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т “Хувьцаа нь тухайн компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн өмчлөлд оролцох эрхийг нотлох бөгөөд харин компанийн эд хөрөнгийг тусгайлан өмчлөх эрхийг нотлохгүй” гэж заасан. Мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т “Компани нь хувьцаа эзэмшигчийн хүлээх үүргийг хариуцахгүй”, 9.3-т “хувьцаа эзэмшигч нь компанийн хүлээх үүргийг хариуцахгүй бөгөөд гагцхүү өөрийн эзэмшлийн хувьцааныхаа хэмжээгээр хариуцлага хүлээнэ” гэж тус тус заасан.
Иймд Б.Б нь 2009 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн “компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ” болон компанийн хувь эзэмших эрх шилжүүлэх шилжүүлэх гэрээ”-гээр зөвхөн “А-Э” ХХК-ийн 265.000.000 төгрөгийн бүхий 50 хувийн хувьцааг 110.000.000 төгрөгөөр худалдан авах үүрэг хүлээсэн ба харин компанийн өрийг хувиараа төлөх үүрэг хүлээгээгүй. Шүүхийн шийдвэрээр С.Г , П.О, нар нь “Г” Хадгаламж зээлийн хоршоонд төлбөр төлөх үүрэгтэй гэх агуулгаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад “Г-Б“ ХХК албан тоот өгч байсан болохоос биш Б.Б өөрөө энэ өр төлбөрийг төлнө гэж хэлж байгаагүй. Талуудын гэрээ байгуулах үед тохиролцож байсан зүйл нь 371.753.658 төгрөгийн өртэй “А-Э” ХХК-ийн хувьцааг худалдах, худалдан авах талаар харилцан тохиролцсон. Б.Б нь С.Г , П.О, нарын бусдад төлөх ёстой өр төлбөрийг өөртөө шилжүүлэн аваагүй, төлбөр төлөх үүрэг хүлээгээгүй. Нэхэмжлэгч талын ярьж байгаа зүйл үндэслэлгүй байна.
Б.Б нь 21.500.000 төгрөгийн төлбөрийг төлсөн гэж ярьж байна. Б.Б төлөөгүй, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас “Г-Б” ХХК-ийн үйлдвэрээс 21.500.000 төгрөгийн үнэ бүхий тоосгыг албадан авсан гэх үйл баримт хэрэгт байгаа баримтаас тодорхой харагдаж байгаа.
Хувьцаа худалдах худалдан авах гэрээ болон компанийн хувь эзэмших эрх шилжүүлэх гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байх хуулийн заалттай бөгөөд энэ хугацаа өнгөрсөн, компанийн хувь эзэмших эрх шилжүүлэх гэрээний 2.1-д “компанийн үүсгэн байгуулагч компанийн эрхийг шилжүүлэхдээ эрх шилжүүлэн авагч талын зөвшөөрсөн үндэслэлээр 2008 оны жилийн эцсийн тайланд тусгагдсан өглөг, мөн “Г” Хадгаламж зээлийн хоршоонд төлөх 220.000.000 төгрөг өрийг шилжүүлэн аваагүй .
Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.8-д “Хууль буюу гэрээнд заасан хэлбэрээр хийх хэлцлийн хувьд шаардах эрхийг шилжүүлэхдээ уг хэлцлийг хийсэн хэлбэрээр шилжүүлнэ”, мөн 124 дүгээр зүйлийн 124.1-д “Эзэмшигчтэй нь тохиролцсоноор үүрэг гүйцэтгэгчийн өрийг гуравдагч этгээд шаардах эрхийг өөртөө шилжүүлэн авч үүрэг гүйцэтгэж болох бөгөөд энэ тохиолдолд энэ хуулийн 123 дугаар зүйлийн 123.8-д заасан журам нэгэн адил үйлчилнэ“ гэж тус тус заасан хуулийн зохицуулалттай. Гэтэл “ Г” хадгаламж зээлийн хоршоотой тохиролцсон бичгээр хийсэн гэрээ байхгүй байгаа. Хэрэгт нотлох баримтаар О аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 08 дугаар сарын18-ны өдрийн 838 дугаар шийдвэр, Улсын дээд шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 00193 дугаар тогтоол байгаа. Энэ хэрэгт нэхэмжлэгч нар бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцож байсан байдаг. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна“ гэж заасан тул шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэг авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч П.О, С.Г нар нь хариуцагч “Г-Б” ХХК, Б.Б, Ч.А, М.Э, Ж.С нарт холбогдуулан 198.500.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нар хариуцагч “Г-Б” ХХК, Ч.А, М.Э, Ж.С нарт холбогдох нэхэмжлэлээсээ татгалзсан байна.
О аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 03352 дугаар захирамжаар хариуцагч Б.Б-ын оршин суугаа газрын шүүх буюу тус дүүргийн шүүхэд шилжүүлжээ.
Хариуцагч Б.Б нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэх тайлбар гарган маргаж байгаа болно.
Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүх хуралдаанд зохигчийн өгсөн тайлбар хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч П.О, С.Г нар нь 2002 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 368.108,2 төгрөгийн дүрмийн сантай “А-Э” ХХК-ийг үүсгэн байгуулсан байх бөгөөд компани тоосго үйлдвэрлэх, гадаад дотоод худалдаа, зуулчлал эрхлэх зорилгоор тус компанийг 2002 оны 08 дугаар сарын 14-ний өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн болох нь тогтоогдож байна.
Тус компанийн үүсгэн байгуулагч П.О, С.Г нар “Г“ хадгаламж зээлийн хоршооноос 2006 онд зээл авч, “А-Э” ХХК-ийн үйл ажиллагаанд зарцуулсан гэх тайлбарыг гаргаж байх ба Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2007 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 108 дугаар захирамжаар “Г” хадгаламж зээлийн хоршооны нэхэмжлэлийн шаардлага болох 309.353.333 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн, П.О, С.Г нарын зөвшөөрлийг баталжээ.
Ж.С нь “А-Э” ХХК-ийн хувь нийлүүлэгчдийн хуралд 2008 оны 05 дугаар сарын 21-ний өдөр өргөдөл гаргаж, тус компанид 161.800.000 төгрөгийн хөрөнгө оруулж, 50 хувийн хөрөнгө оруулагч гишүүн болохыг хүссэний дагуу тус компанийн хувь нийлүүлэгчид 2008 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хуралдаж, Ж.С-ийг хувь нийлүүлэгч гишүүнээр бүртгэн авч, С.Г 40 хувийн 212.000.000 төгрөг, П.О, 10 хувийн 53.000.000 төгрөг, Ж.С 50 хувийн 265.000.000 төгрөгийн хувь нийлүүлэгч болсон байна.
Түүнчлэн “А-Э” ХХК хувь нийлүүлэгчдийн 2009 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн тогтоолоор тус компанийн хувь нийлүүлэгч С.Г, П.О нарын эзэмшлийн 50 хувь буюу 265.000.000 төгрөгийн хувь эзэмших эрхийг Б.Б худалдан авахаар тохиролцсоны дагуу Б.Б-ыг хувь нийлүүлэгч гишүүнээр бүртгэн авч, С.Г, П.О, нарыг компанийн гишүүнээс хасч, “А-Э” ХХК-ийн хувь нийлүүлэгч гишүүнээр Ж.С, Б.Б нар болж, улмаар компанийн нэрийг “Г-Б” ХХК гэж өөрчилжээ.
Зохигчид дээрх үйл баримтын тухайд маргахгүй байгаа болно.
Хариуцагч Б.Б нь “А-Э” ХХК-ийн хувь нийлүүлэгч С.Г, П.О нарын компанийн хувь эзэмших эрхийг худалдан авахдаа дараах нөхцөлийг харилцан тохиролцож, хувьцаа худалдах худалдан авах гэрээ, компанийн хувь эзэмших гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 260 дугаар зүйлийн 260.1, 189 дүгээр зүйлийн 189.1-дэх заалттай нийцсэн гэж үзэхээр байна.
Тодруулбал зохигчдын хооронд 2009 оны 03 дугаар сарын 30-ны өдөр компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ болон компанийн хувь эзэмших эрх шилжүүлэх гэрээ тус тус байгуулагдсан байх бөгөөд С.Г , П.О, нар нь өөрсдийн эзэмшлийн 50 хувийн 265.000.000 төгрөгийн 265.000 ширхэг хувьцааг 110.000.000 төгрөгөөр, компанийн хувь эзэмших эрх шилжүүлэх гэрээгээр эрх хүлээн авагч Б.Б-ын зөвшөөрсөн гэх “А-Э“ ХХК-ийн 2008 оны жилийн эцсийн тайланд тусгагдсан 15.682.444 төгрөг, 6.067.400 төгрөг, 474.223 төгрөг, 10.639.000 төгрөг, 4.864.660 төгрөг, 6.370.264 төгрөг, 2.683.666 төгрөг нийт 46.781.657 төгрөгийн балансын өр, өглөгийг, мөн А банкны 104.972.000 төгрөг, ”Г” “хадгаламж зээлийн хоршооны 220.000.000 төгрөгийн зээлийн өр, “Н-К” ХХК-ийн өр, өглөг нийт 371.753.657 төгрөгийн хамт шилжүүлсэн гэж үзэхээр байна.
Зохигчид хувьцааны үнэ 110.000.000 төгрөг, “А-Э” ХХК-ийн 2008 оны жилийн эцсийн тайланд тусгагдсан “Г” хадгаламж зээлийн хоршоонд төлөхөөс бусад өр төлбөр төлөгдсөн гэх тайлбар гаргаж байгаа боловч, энэ талаарх баримтыг гаргаж өгөөгүй, төлбөр төлөгдсөн асуудлаар маргаагүй, харин зөвхөн “Г” хадгаламж зээлийн хоршоонд төлөх 220.000.000 төгрөгийг хариуцагч төлөхөөр тохиролцсон эсэх нь маргааны зүйл болжээ.
Талуудын хооронд байгуулагдсан компанийн хувь эзэмших эрх шилжүүлэх гэрээний 2.1-д ”Компанийн үүсгэн байгуулагч компанийн эрхийг шилжүүлэхдээ эрх шилжүүлэн авагч талын зөвшөөрсөн үндэслэлээр 2008 оны жилийн эцсийн тайланд тусгагдсан өглөг. Үүнд: ...46.781.657 төгрөгийн балансын өр, өглөгийг, А банкны 104.972.000 төгрөг болон “Г” хадгаламж зээлийн хоршооны 220.000.000 төгрөгийн зээлийн өр, “Н-К” ХХК-ийн өр өглөгийг компанийн балансад тусгагдсанаар эрх шилжүүлэн авагчийн талд баримтын хамт хүлээлгэнэ өгнө”, мөн 3.1-д “Эрх шилжүүлэн авагч нь “А-Э” ХХК-ийн хувь эзэмших эрх хүлээн авах гэрээнд гарын үсэг зурж, нотариатаар гэрчлүүлэн, улсын бүртгэлийн газарт албан ёсоор бүртгүүлж,эрх шилжүүлэн авсан өдрөөс эхлэн компанитай холбоотой, тус гэрээний 2.1-д заасан компанийн баланс дээр өр, өглөгийг хуулийн өмнө бүрэн хариуцах үүрэг хүлээнэ” гэжээ.
Дээрх заалт, үйл баримтуудаас үзвэл талууд Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-д зааснаар компанийн 50%-ийн хувьцаа эзэмших эрхийг шилжүүлэхээс гадна өр төлбөрийг шилжүүлэхээр тохиролцсон гэж үзэхээр байна.
Өөрөөр хэлбэл хариуцагч Б.Б нь С.Г, П.О нараас нэгэнт 371.753.657 төгрөгийн өрийг шилжүүлж авсан байх бөгөөд дурдсан өр төлбөрт нь “А-Э” ХХК-ийн 2008 оны жилийн эцсийн санхүүгийн тайланд тусгагдсан “Г” хадгаламж зээлийн хоршоонд төлөх 220.000.000 төгрөгийн өр төлбөр багтсан, тэрээр уг төлбөрөөс 2012 онд 21.500.000 төгрөгийг төлсөн болох нь зохигчдын тайлбар, хэргийн үйл баримтуудаар тогтоогдож байна.
Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т “Компани нь хувьцаа эзэмшигчийн хүлээх үүргийг хариуцахгүй”, 9.3-т “хувьцаа эзэмшигч нь компанийн хүлээх үүргийг хариуцахгүй бөгөөд гагцхүү өөрийн эзэмшлийн хувьцааныхаа хэмжээгээр хариуцлага хүлээнэ” гэж тус тус заасан.
Иймд хариуцагч Б.Б нь нэхэмжлэлийн шаардлага болох 220.000.000 төгрөгийн 50% буюу 99.250.000 /220.000.000-21.500.000=198.500.000:2/ төгрөгийг хариуцах хууль зүйн үндэслэлтэй байх тул түүний төлбөр төлөхгүй гэх тайлбар няцаагдаж байна.
Хариуцагчийн төлөөлөгч нь гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан, тасалдсан гэх тайлбарыг гаргаж байх ба харин нэхэмжлэгч нар “хариуцагч Б.Б-аас байнга шаардаж байсан, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны гүйцэтгэх баримт бичгээр нотлогдоно“ гэх тайлбарыг гарган мэтгэлцэж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д “зохигчийн шүүхэд гаргасан тайлбар бодит үнэнд нийцсэн байна“ гэж заасан.
Иймд зохигчийн тайлбар, хэргийн үйл баримтаас дүгнэхэд Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1, 76.2, 79.2-т заасан журмын дагуу хөөн хэлэлцэх хугацаа дууссан, тасалдсан гэж үзэх боломжгүй байх тул хариуцагч Б.Б-аас 99.250.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч П.О, С.Г нарт олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч Б.Б-аас 99.250.000 /ерэн есөн сая хоёр зуун тавин мянган/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч П.О, С.Г нарт олгож, нэхэмжлэлээс 99.250.000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.150.450 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагчаас 654.200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч нарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ж.ЦЭНГЭЛ