| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогийн Оч |
| Хэргийн индекс | 186/2018/0815/Э |
| Дугаар | 111 |
| Огноо | 2020-01-23 |
| Зүйл хэсэг | 17.3.2.2., |
| Улсын яллагч | прокурор Г.Ууганбаатар |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 01 сарын 23 өдөр
Дугаар 111
О.Б нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Н.Батсайхан, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Г.Ууганбаатар,
хохирогч О.Нэргүй,
шүүгдэгч Б.Мын өмгөөлөгч Б.Ганболд,
шүүгдэгч Т.О, түүний өмгөөлөгч Б.Дамба, К.Бауиржан,
цагаатгагдсан этгээд Э.Б, түүний өмгөөлөгч Ц.Батзаяа,
цагаатгагдсан этгээд О.Бгийн өмгөөлөгч Э.Түвшинбаяр,
нарийн бичгийн дарга Д.Гантуяа нарыг оролцуулан,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 2019/ШЦТ/820 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Мын өмгөөлөгч Б.Ганболд, шүүгдэгч Т.О, түүний өмгөөлөгч Б.Дамба, К.Бауиржан нарын гаргасан давж заалдах гомдлуудад үндэслэн Б.М, Э.Б, Т.О, О.Б нарт холбогдох 1711007640241 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Е овгийн Бгийн М, 1984 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эмэгтэй, 35 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, хоёр хүүхдийн хамт ... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: .../,
2. У овгийн Эын Б, 1984 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Оросын Холбооны Улсад төрсөн, эмэгтэй, 35 настай, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 3, хоёр хүүхдийн хамт ... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: .../,
3. Б овгийн Тын О, 1978 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, эмэгтэй, 41 настай, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 2, хүүхдийн хамт ... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч ... тоотод оршин суудаг гэх, ял шийтгэлгүй, /РД: .../,
4. Б овгийн Оын Б, 1968 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эмэгтэй, 51 настай, бүрэн дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр, бэр, ач нарын хамт ... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: .../;
Б.М, Э.Б, Т.О, О.Б нар нь бүлэглэн 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “...”-ийн ... тоотод иргэн Ц.Бд “Банкны баталгаа байршуулаад өгье” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, хуурамч зээлийн гэрээ үзүүлэн түүнийг төөрөгдөлд оруулж 68.500.000 төгрөгийг залилан авч, бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Б.Мын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан, тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар,
Э.Б, О.Б нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан, тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар,
Т.Оийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан, тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Чингэлтэй дүүргийн прокуророос Б овогт Оын Б, У овогт Эын Б нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар бүлэглэн зохиомол байдлыг зориудаар бий болгож, хуурамч зээлийн гэрээ үзүүлэн бусдыг төөрөгдөлд оруулан 68.500.000 төгрөгийг залилан авч их хэмжээний хохирол тус тус учруулсан гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар тус тус хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Е овогт Бгийн М, Б овогт Тын О нарыг бүлэглэн зохиомол байдлыг зориудаар бий болгож, хуурамч зээлийн гэрээ үзүүлэн бусдыг төөрөгдөлд оруулан 68.500.000 төгрөгийг залилан авч их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Б.Мыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар 10.000 нэгж буюу 10.000.000 төгрөгөөр, шүүгдэгч Т.Оийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар 10.000 нэгж буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мын цагдан хоригдсон 111 хоногийн 1 хоногийг 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 төгрөгөөр тооцон хасч 8.335.000 төгрөгөөр, шүүгдэгч Т.Оийн цагдан хоригдсон 105 хоногийн 1 хоногийг 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 төгрөгөөр тооцон хасч 8.425.000 төгрөгөөр торгох ялыг тус тус биелүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М, Т.О нар нь торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тус тус сануулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хяналтын камерын бичлэг бүхий 2 ширхэг дискийг хэргийн хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Т.О давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан болон давж заалдах шатны шүүх, прокурорын байгууллага бусдын зохиож ярьсан зүйлийг үндэс болгож, огт баримтгүйгээр намайг яллаж, шоронд хорьсон. Миний бие 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн хэргийн талаар огт мэдээгүй, энэ тухай 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Цагдаагийн байгууллагад анх ирэхдээ сонсож байна гэдгээ хэлж, гэрчээр мэдүүлэг өгч байсан. Мөрдөн байцаагч надаас “2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр М бусдаас 69 сая төгрөг авсан хэргийн талаар мэдэх үү” гэж асуусан. “Би огт мэдэхгүй, одоо л сонсож байна” гэдгээ хэлж мэдүүлж байсан. Мөн надаас “2017 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Баас зээлсэн 50 сая төгрөгөө төлж барагдуулсан уу” гэж асуусан. Би “Төлөөгүй байгаа, Голомт банкны зээл судлуулж байгаа. Зээл гармагц авсан зээлээ төлнө” гэдгээ хэлж, “Дарханы Голомт банкинд зээл судлуулж байгаа нь үнэн гэх тодорхойлолт”-г гаргуулж 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр мөрдөн байцаагчид өгсөн. Үүнээс хойш нэг удаа мэдүүлэг өгсөн бөгөөд энэ үед 69 сая төгрөгөө алдсан хохирогч Б, Нэргүй гэдэг хүмүүсийн талаар анх сонсож, Цагдаагийн байгууллагын гадна энэ хүмүүсийг анх харж байсан. Гэтэл 2018 оны 1 дүгээр сард Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас намайг дуудаж, “Б, Нэргүй гэх хүмүүсээс 69 сая төгрөг залилсан үйлдлийг санаачилсан, зохион байгуулсан, эдгээр хүмүүсийг таньдаг, үгсэн тохирсон, хамт сургуульд сурч байсан, Хаан банкны 150 сая төгрөгийн зээлийн гэрээг хуурамчаар үйлдсэн, эдийн засагч байдлаар утсаар ярьсан” гэх зэрэг ор үндэслэлгүй худал үйл баримтуудыг дурдаж, яллагдагчаар татаж байгаа тухай мэдэгдлийг надад танилцуулсан. Би танилцсан, гэхдээ хүлээн зөвшөөрөөгүй. Ийнхүү яллах дүгнэлтэд дурдсанаар зөвхөн Мын зохиож ярьсан зохиомол худал мэдүүлгүүдэд үндэслэж намайг яллагдагчаар татсан байсан. Үүнээ хойш надаас хэд хэдэн мэдүүлэг авсан. Би тухайн хэргийг санаачлаагүй, огт мэдэхгүй, хохирогч нарыг огт танихгүй, М, Б нартай ярьж холбогдсон зүйл огт байхгүй гэдгээ удаа дараа үнэн зөвөөр мэдүүлсэн. Би өөрийн утасны биллийг Мобикомоос авч тухайн цаг хугацаанд М, Б, хохирогч нарын хэнтэй нь ч ярьж холбогдоогүй болохоо нотолсныг огт үнэлэлгүйгээр намайг хохирогч нар болон шүүгдэгч М нартай дээрх цаг хугацаанд холбогдсон, банкны эдийн засагч мэтээр ярьсан болгож буруутгаж байгаа нь огт үндэслэлгүй. Дарханы Голомт банкнаас 2017 оны 10 дугаар сарын сүүлээр миний судлуулж байсан зээлийг олгохоос татгалзсан хариу өгсөн тул би Баас зээлсэн 50 сая төгрөгийн зээлийн хугацаа сунгая, гэрээгээ шинэчилж хийе гэдэг саналыг удаа дараа тавьдаг байсан. Б нь “Чи мөнгөө төлчихсөн, Бд мөнгөө төл” гэдэг ойлгомжгүй байдлыг үүсгэдэг байсан. Гэтэл 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн үед М мэдүүлэхдээ “Явсаар байгаад 2017 оны 9 дүгээр сарын үед ах Сайханбаяр над руу ярьж энэ хүмүүсээс очоод авчих гэсний дагуу би очиж авсан” гэж мэдүүлж, мөрдөн шалгах ажиллагааны үед өгч байсан бусад мэдүүлгүүдээ өөрөө няцаасаар байхад анхан шатны шүүхээс намайг ор үндэслэлгүйгээр буюу яллах дүгнэлтэд бичигдсэн Мын зохиомол мэдүүлгүүдэд үндэслэн, миний болон гэрч, хохирогчийн мэдүүлгүүд, нотлох баримтаар өгсөн баримтуудыг огт үнэлж үзэлгүйгээр яллах дүгнэлтийг тэр чигт нь хуулбарлаж бичээд намайг гэм буруутайд тооцож яллаж хорьсон. Давж заалдах шатны шүүхээс үнэн бодит байдлыг гуйвуулж, 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Баас зээлсэн 50.4 сая төгрөгийг О, М нар хамтарч зээлээд, үүнийг эргэж төлөхийн тулд 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр бусдаас 69 төгрөг залилж төлсөн байдлаар, мөн намайг буруутгах үндэслэлээ мөн баримт мэдүүлгүүдэд үндэслэлгүйгээр, зөвхөн “М тодорхой мэдүүлсэн” байх тул гэдэг үндэслэлгүй дүгнэлтээр үнэн бодит байдлыг гуйвуулж шийдвэрлэсэн. Шүүхийн байгууллагад би нотлох баримтаа өгөөд, гэрч, хохирогч нар үнэн зөвөөр мэдүүлээд байхад нэг хүний зохиож ярьсан зүйлийг үндэс болгож бусдыг гэм буруутайд тооцож болно гэж үү. Хохирогч нар мөрдөн шалгах ажиллагааны үед Оийг танихгүй, энэ хүн хэрэг гарснаас хойш гарч ирсэн, хамт сурч байгаагүй гэж байнга хэлж мэдүүлсэн байдаг. Би 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Маар зуучлуулан Баас зээлсэн 50.4 сая төгрөгийг бусдыг залилж олсон мөнгөөр төлж барагдуулаагүй юм. Өөрийн өмчлөлийн барилгыг бусадтай хамтарч гүйцээн бариад олсон орлого, ашгаасаа төлж барагдуулсан. Эдгээр нь мөн баримтаар нотлогдох бөгөөд 250 сая төгрөгийн Хөрөнгө оруулалтын гэрээ, данс руу төлбөр орсон дансны хуулга, эргээд Бд төлсөн баримтуудыг анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн үед 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр нотлох баримт болгож өгсөн. Гэтэл намайг хохирогч нараас 69 сая төгрөг залилсан болгож буруутгаж, ялласанд туйлын гомдолтой байна. Сүүлд хэргийн материалтай танилцахад М хохирогч Нэргүй, Б гэх хүмүүстэй үнэгүй.мн зарын дагуу өөрөө холбогдож, тэднээс 68.5 сая төгрөг авч, миний Баас авсан зээлийг хохирогч Нэргүй, Б нарт шилжүүлээд орхих бодолтойгоор ийм үйлдэл хийсэн. Энэ нь буруудаад Цагдаагийн байгууллагад шалгагдаад ирэхээр мэдүүлгээ олон янзаар өөрчилж, надад зээлүүлсэн мөнгөө аваагүй байж төлөгдсөн болж өөрчлөгдсөн болохоор, надаас мөнгөө авах зорилгоор намайг хэргийн зохион байгуулагч болгон нотолгоогүйгээр зохион мэдүүлж, хилс хэрэгт оруулсан юм байна гэдгийг ойлгосон. Би тухайн хэрэгт оролцоогүй, мэдээгүй, зохион байгуулаагүй болох нь хохирогч Ц.Б, О.Нэргүй, шүүгдэгч Б.М, О.Б, гэрч О.Сайханбаяр, Баатар, мөн миний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүдээр нотлогддог бөгөөд О.Сайханбаяр нь 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Э.Баас 50.4 сая төгрөгийг миний нэр дээр зээлж аваад эргэж төлөлгүй намайг хохироож, 50.4 сая төгрөгийн зээлийг О би дангаараа төлж барагдуулсан. Мөн хийгээгүй хэрэгт гүжирдүүлж, удаан хугацаанд шүүх, цагдаагийн байгууллагаар шалгуулж, хоригдож, бие, эрүүл мэнд, сэтгэл санааны маш их хохирол үзсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын надад холбогдох хэсгийг хүчингүй болгож, цагаатгаж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Т.Оийн өмгөөлөгч Б.Дамба давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх Т.Оийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохдоо хохирогч Ц.Б, О.Нэргүй, гэрч Б.Баатар, Б.Отгонжаргал, О.Сайханбаяр, Ц.Сэмбээчамбуу, шүүгдэгч О.Б нарын мэдүүлгүүд, гэрэл зургийн үзүүлэлт, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, 150 сая төгрөгийн хуурамч зээлийн гэрээ, хохирогч Ц.Баас Б.Мд 68.500.000 төгрөг шилжүүлсэн төлбөрийн баримт зэргийг үндэслэсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, ...ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэж заасан. Гэмт хэрэгт хамтран оролцсон гэх Т.Оийн оролцоо, үйлдэл нь дээрх нотлох баримтуудаар тогтоогдсон гэж шүүхээс дүгнэсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй юм. Учир нь, тэдгээр нотлох баримт нь гэмт хэрэгт хамтран оролцсон гэх Т.Оийн оролцоо, үйлдлийг ямар нэгэн байдлаар нотлоогүй. Өөрөөр хэлбэл, тогтоолд тусгагдсан дээрх нотлох баримтууд нь Т.Оийн оролцоо, үйлдлийг хэрхэн, яаж, нотолж байгаа, мөн түүнийг буруутгахад ямар хамааралтай нотлох баримтууд болох нь тогтоолд тодорхой бус, энэ талаар шүүхээс ямар нэгэн дүгнэлт хийгээгүй нь шийтгэх тогтоолыг ойлгомжгүй, тодорхой бус, эргэлзээ бүхий гэж үзэх үндэслэлтэй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад “Шүүгдэгчийг ...гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, ...өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримтыг няцаан үгүйсгэсэн үндэслэл”-ээ шүүх шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт тусгана гэж заасан. Гэтэл анхан шатны шүүх Т.Оийг гэм буруугүйд тооцуулах тухай өмгөөлөгч миний саналын үндэслэл болгосон нотлох баримтыг няцаан үгүйсгэсэн үндэслэлээ шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт огт тусгаагүй орхисон нь хуулийн дээрх зүйл, хэсгийн заалт хийгээд өмнө нь уг хэргийг хянан хэлэлцсэн Улсын Дээд шүүхийн тогтоолын холбогдох заалтыг биелүүлээгүй, илт зөрчсөн гэж үзэхээр байна. Мөн Т.Оийг гэм буруутайд тооцох шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон бусад нотлох баримт нь шийтгэх тогтоолд тусгагдсанаар шүүгдэгч Б.М, Э.Б, О.Б нарын мэдүүлгүүд байна. Өөрөөр хэлбэл, шүүх Т.Оийг гэм буруутайд тооцохдоо эх сурвалжаа зааж чадаагүй шүүгдэгч Б.Мын олон удаагийн зөрүүтэй мэдүүлгүүдийг үндэслэсэн нь ойлгомжгүй ба энэ нь шийдвэрт гомдол гаргах үндэслэл болсон. Мөн Б.Мын Т.Отэй утсаар ярьсан гэх ярилцлагын эх сурвалж нь хэрэгт байхгүй, энэ нь баримтаар нотлогдоогүй, бичлэг нь хэрэгт байхгүй, тодорхой бус байгаа нь Э.Бын мэдүүлгийн үнэн эсэхэд мөн эргэлзэх үндэслэлтэй байна. Түүнчлэн Э.Б, Б.М, О.Б нар нь мөрдөн шалгах ажиллагааны явцад бие биетэйгээ ойр харилцаагүй гэж мэдүүлсэн байдаг боловч энэ нь хэргийн бусад баримтаар няцаагддаг. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын Т.От холбогдох хэсгийг хүчингүй болгож, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Т.Оийн өмгөөлөгч К.Бауиржан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх Т.Оийг бусадтай бүлэглэн, залилах гэмт хэргийг үйлдсэн хэмээн гэм буруутайд тооцохдоо хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг зөрчөөд зогсохгүй гаргасан шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг зөрчсөн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад ... гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг ... нотолно" гэж заасан. Тухайн хэрэг гарсан буюу 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах "Тайван"-ы төвийн ... тоотод Ц.Бтай уулзаж, Хаан банктай байгуулсан зээлийн гэрээ үзүүлж, Голомт банкны дансанд түр хугацаагаар байршуулна гэж 58.500.000 төгрөгийг тоолж хүлээн авсан хүн нь Б.М бөгөөд мөнгийг Голомт банкны дансанд хийж тэр дор нь гарган авч захиран зарцуулсан хүмүүс нь Б.М, Э.Б нар, мөн дансанд мөнгө байхгүй гэдгийг мэдсээр байж хонуулчих гэж байсан хүмүүс нь Б.М, Э.Б нар болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдсон байдаг. Тухайлбал, 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Б.М нь О.Нэргүй гэгч рүү өөрийн 99002092 дугаарын утаснаас ярьж, улмаар 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр О.Б гэгчийг дагуулан "Тайван"-ы төвийн ... тоотод очиж Ц.Бтай уулзаж дансанд түр байршуулах мөнгө хүсч 58.500.000 төгрөгийг тоолж хүлээн авсан болохыг О.Нэргүй, Б.Баатар, Ц.Б нар гэрчлэн мэдүүлснийг Б.М, О.Б нар үгүйсгээгүй болно. Улмаар энэ үйл явцын талаар хохирогчоос гаргаж өгч хэрэгт хавсаргасан фото зураг, мөнгө хүлээлцсэн баримт, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр нотолсон байдаг. Энэхүү уулзалт болох үед Б.М нар нь Ц.Бд зохиомол байдлыг зориуд бий болгож буюу Хаан банктай байгуулсан гэх 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 150 сая төгрөгийн барьцаат зээлийн гэрээ гэгч хуурамч баримтыг үзүүлсэн талаар Ц.Б мэдүүлж, холбогдох баримтыг зурган хэлбэрээр гаргаж өгсөн бол Б.Мын хувьд үүнийг хүлээн зөвшөөрч, хуурамчаар үйлдсэн болохоо хүлээн зөвшөөрч мэдүүлснээс гадна тухайн гэрээ огт хийгдээгүй талаар гэрч В.Отгонжаргал, Ц.Сэмбээчамбуу нар мэдүүлсэн нь хэрэгт баримтаар нотлох баримтаар авагдсан. Мөн дээрх байдлаар зохиомол байдлыг зориудаар бий болгож, хуурамч зээлийн гэрээ үзүүлэн 68.500.000 төгрөгийг хүлээн авч өөрийн дансандаа байршуулах замаар захиран зарцуулж энэ бүхнийг зохион байгуулсан хүмүүс бол Б.М, Э.Б нар болох нь хохирогч Ц.Б, гэрч О.Нэргүй, Б.Баатар, Э.Б нарын мэдүүлэг болон Б.М, Э.Б нарын хооронд хийгдсэн 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 70.0 сая төгрөгийг данснаас авахыг зөвшөөрсөн тухай итгэмжлэл, итгэмжлэлийн дагуу мөнгө шилжсэн даруйд Б.Мын данснаас 69.0 сая төгрөгийг шилжүүлэн авсан талаар банкны гүйлгээний баримт зэргээр нотлогддог. Энэ бүх үйлдлүүд нь Т.Отэй ямар ч хамааралгүй болох нь баримтаар нотлогдохын зэрэгцээ Т.Оийг буруутгасан Б.Мын хэд хэдэн удаагийн мэдүүлгээс өөр ямар ч баримт, нотолгоо хэргийн материалд авагдаагүй, мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдоогүй байдаг. Гэвч шүүх Б.Мын өгсөн мэдүүлгийг үндэслэж энэ хэрэгт Т.Оийг буруутай гэж үзсэн байдаг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг холбогдох заалтуудыг зөрчиж, бусдыг үндэслэлгүйгээр ялласан хэрэг болсон гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ", 2 дахь хэсэгт " баримтат мэдээлэл нь гэрч, хохирогч, ... сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлэг ... бусад баримтаар тогтоогдоно" гэж, мөн хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт "мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй", 8 дахь хэсэгт яллагдагч шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлэг дангаараа яллагдагч, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайг нотлох шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй" гэж тус тус заасан байдаг. Өөрөөр хэлбэл, мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Мын өгсөн мэдүүлэг нь дангаараа Т.Оийг буруутгах үндэслэл болохгүйн зэрэгцээ Т.Отэй бүлэглэж гэмт хэрэг үйлдсэн гэдгийг ч нотлох баримт болохгүй юм. Хэдийгээр Б.М нь удаа дараагийн өгсөн мэдүүлэгтээ Т.Оийн зээлийг төлөх үүднээс Ц.Б нарыг хуурч мөнгө авсан гэж мэдүүлж байсан бол 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр болсон анхан шатны шүүх хуралдаанд тэрээр “... явсаар байгаад 2017 оны 9 дүгээр сарын үед манай ах О.Сайханбаяр над руу залгасан. Чамайг тийм хүнд байдалд оруулаад байгаа бол энэ хүмүүс рүү залгаад мөнгөө авчих" гэж мэдүүлсэн байдаг. Эндээс Б.М нь анхнаасаа худал мэдүүлэг өгч байсан гэдгийг тодорхойлж болохын зэрэгцээ Б.М болон Э.Б нараас бусад бүх гэрч, хохирогч нар Т.Оийг танихгүй, мэдэхгүй гэдгээ ч мэдүүлсэн. Мөн 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт Э.Б нь энэ хэрэгт Т.О хамааралтай мэтээр мэдүүлсэн бол тэрээр хамгийн сүүлд 2019 оны 10 дугаар сарын 29-ны өдрийн шүүх хуралдаанд өөрөөр мэдүүлсэн. Гэвч энэ бүх нөхцөл байдал нь эрүүгийн хэрэгт гэрч, хохирогчоор оролцсон О.Нэргүйн "...зарын дагуу 99002092 дугаарын утаснаас эмэгтэй хүн ярьсан" гэх мэдүүлэг, мөн хэрэгт авагдсан Т.Оийн 99198119 дугаарын утасны хэрэглээний жагсаалт болох 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 9 дүгээр сарын 30-ны өдрийн хооронд гадагшаа дуудлага хийсэн болон гаднаас дуудлага хүлээн авсан тухай жагсаалтад тэрээр Б.Мын 99002092 дугаарын утастай зөвхөн 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдрөөс 08 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл хугацаанд холбогдож байсан гэсэн баримтаар тус тус үгүйсэгддэг. Энэ мэтчилэн Ц.Б, О.Нэргүй нарыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, хуурамч зээлийн гэрээ үзүүлэн 68.500.000 төгрөгийг авч, их хэмжээний хохирол учруулсан гэх үйлдэлд Т.О хамааралтай гэдгийг нотолж, шууд буруутгасан баримт байхгүй байхад шүүх гэм буруутай гэж үзэн ял шийтгэсэн. Мөн шүүх Т.Оийг энэ хэргийг зохион байгуулсан гэж үзэж буруутгасан. Т.Оийн хувьд Э.Баас 50.400.000 төгрөгийн зээлийг авсан нь үнэн боловч уг зээлийг төлөхтэй холбоотойгоор банк, эрх бүхий байгууллагад хандаж байснаас бус Б.М болон Э.Б нартай бүлэглэж Ц.Б, О.Нэргүй нарыг хууран мэхлэх үйлдэлд оролцоогүй юм. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ”, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "гэмт хэрэг үйлдэхийг санаачилсан, удирдсан, төлөвлөсөн, гэмт хэрэг хамтран үйлдэгчдийн үүрэг, оролцоог хуваарилсан, зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулсан хүнийг гэмт хэргийг зохион байгуулагч гэнэ" гэж заасан. Өөрөөр хэлбэл, Т.О нь уг гэмт хэрэг үйлдэхийг санаачилсан, удирдсан, зохион байгуулсан байх ёстой ба энэ нь эргэлзээгүй байдлаар нотлогдсон байгаа нөхцөлд түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэл бүрдэх ёстой юм. Гэвч энэ нөхцөл байдал нь Т.Оийн үйлдэлд тогтоогдоогүй, энэ талаар нэг ч баримт хэрэгт авагдаагүй болно. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй", 2 дахь хэсэгт "хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно" гэж заасан бол мөн зүйлийн 3 дахь хэсэгт "шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно" гэж тус тус заасан байхад шүүх хуулийн эдгээр заалтыг зөрчих замаар мөрдөгч, прокурорын хууль зөрчих байдлаар Т.Оийн гэм бурууг эргэлзээгүй байдлаар тогтоолгүйгээр ялласан үйл ажиллагааг зөвтгөхгүйгээр Т.Оийг гэм буруутайд тооцсон. Иймд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 854 тоот шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн Т.От холбогдох хэсгийг хүчингүй болгож, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Б.Мын өмгөөлөгч Б.Ганболд давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Улсын Дээд шүүхээс хэргийг “хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг” бүрэн тогтоож чадаагүй буюу гэм буруугийн хэлбэр, зорилго, оролцооны хэлбэрийг тодорхойгүй байна” хэмээн дүгнэж, дахин хэлэлцүүлэхээр буцаасан. Гэтэл анхан шатны шүүх энэ алдааг засалгүйгээр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хуулбарлах байдлаар хэргийг яаруу сандран шийдсэн. Энэ хэрэг дээр өмнө нь гарсан шүүгчийн захирамжийн биелэлт хангагдаагүй. Шүүх “яллагдагч О, М нар бие биеийнхээ эсрэг мэдүүлэг өгсөн байхад яллагдагч М өмгөөлөгчгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон нь хууль зөрчсөн” гэж дүгнээд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан. Гэтэл энэ хууль бус нотлох баримт болох Мын мэдүүлгүүд дахин нотлох баримтаар авагдаж яллах дүгнэлтэд бүрэн тусгагдан орж, улмаар шийтгэх тогтоолд ч мөн бичигдэн түүний эсрэг ашиглагдаж байна. Прокуророос зүйлчлэлийг бөөндөх аргаар Эрүүгийн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгийг журамласан ба тэр зүйлд гэмт хэрэгт хамтран оролцох тухай нийтлэг зохицуулалт тусгагджээ. Гэтэл Б.М нь зохион байгуулагч, хатгагч, хамжигч, гүйцэтгэгчийн яг аль нь болох, ямар үйлдлээр бусдыг залилсан гэдэг нь маш тодорхойгүй байгаа юм. Хэргийн гол нотлох баримт гэж яриад байгаа “Барьцаат зээлийн гэрээ” гэгч нь хууль бус юм. Учир нь энэ гэрээ эх хувь биш бөгөөд канондсон байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “бичмэл нотлох баримтыг эх хувиар нь эсхүл эхийг авах боломжгүй бол прокурор, мөрдөгч тэмдэглэл үйлдэн хуулбарлан авна” гэж заасан. Гэтэл хэрэгт эх хувь ч байхгүй, тэмдэглэл үйлдсэн тухай баримт сэлт ч байхгүй ба энэ талаар анхан шатны шүүх дүгнэлт хийгээгүй орхигдуулсан. Энэ хэргийг анхан шатны шүүхээр хянан хэлэлцэхэд шүүгчийн мэдлэг, чадвар, шүүх хуралдаан удирдан явуулах арга барил зэрэг олон зүйлс дутмаг байсан төдийгүй тэр ч бүү хэл оролцогчдын эрхийг нэлээдгүй хязгаарласан. Тухайлбал, хохирогч нарыг өмгөөлөгчөөр хангаагүй, хоёр хохирогч байхад нэгээс нь асуугаад нөгөөгөөс нь хариулт авдаггүй, үг хэлэх боломжийг нь дараа бол гэж шууд хориглох зэргээр ихэд хялбаршуулсан, буурь суурьтай асуудалд нягт нямбай хандаж чадаагүй болно. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж өгнө үү. ...” гэв.
Цагаатгагдсан этгээд Э.Бын өмгөөлөгч Ц.Батзаяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийж Э.Бд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгсэхгүй болгосон гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
Цагаатгагдсан этгээд О.Бгийн өмгөөлөгч Э.Түвшинбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтын хүрээнд шүүгдэгч нарт холбогдох эрүүгийн хэргийг хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж шийдвэрлэсэн. Тэр тусмаа миний үйлчлүүлэгч О.Бд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй юм. О.Б нь мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэг өгөхдөө цагаатгагдсан этгээд Э.Бтай тодорхой эдийн засгийн холбоотой болохоо мэдүүлсэн. Б.Дамба өмгөөлөгчийн иш татсан дансны хуулга дээр О.Б нь Э.Бд зээлсэн мөнгөө буцаан өгсөн болох нь харагддаг. Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөн үйл баримтыг шүүхээс тогтоохгүй гэж бодож байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
Цагаатгагдсан этгээд Э.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчийнхөө тайлбартай санал нийлж байна. Нэмж хэлэх зүйлгүй. ...” гэв.
Хохирогч О.Нэргүй тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нотлох баримттай, бичлэгтэй, дансны хуулгатай, өөрөө 7 сая төгрөг авсан гэж О.Б мэдүүлдэг. Дараа нь төлбөр төлөхөд “би 7 саяыг төлсөн” гэдэг. Өөрийн гарын үсэг нь байгаа. Гэтэл яагаад энэ хүнийг гэм буруугүй гэж үзээд ямар ч нотлох баримтгүй Т.Оийг буруутай гэж ялгавартай хандаж байгааг ойлгохгүй байна. Миний хувьд маш их гомдолтой байна. Хамгийн эхний өдөр цагдаа дээр очиход л Э.Быг “та энэ хүний мөнгийг өг. Тэгээд л энэ асуудал шийдэгдэх юм байна. Та тэр Т.Отэйгээ учраа ол” гэж хэлж л байсан. Тэгэхэд Э.Б өөрөө гүрийсээр байгаад л өнөөдөр энэ асуудал үүссэн. 69 сая төгрөгийг төлөхөд Э.Б нэг ч төгрөг төлөөгүй. Т.О, Б.М нар төлсөн. Гэтэл Э.Б 19 сая төгрөгийн хүү авчихсан. Анхан шатны шүүх “бүлэглэн залилсан” гэж тодорхойлсон атлаа яагаад оролцсон О.Б, Э.Б нар нь огт хамааралгүй болчихов. Тэдний оролцсон нь хяналтын камерын бичлэг, дансны хуулгаар харагдаж байна. Би Улсын Дээд шүүхэд гомдол гаргаж байсан. Харин энэ удаа гомдол гаргаагүй. Хамгийн анх Т.От мөнгө өгөхдөө О.Бгээс, Б.Маас мөнгө орж ирсэн. Амартуяагаас бас 20 сая төгрөг орж ирсэн. Нийтдээ 30 сая төгрөгийг өөр хүмүүсээс оруулж ирээд шилжүүлсэн байгаа юм. Гэтэл Т.От Б.М өөрөө мөнгө өгсөн. Амартуяа гээд Сайханбаярын эгч нь бас мөнгө өгсөн. Тэгээд 19 сая төгрөгийг хүү болгож авсан байгаа. Э.Б болохоор өөрийнхөө оногдох хувийг авчихаад байна. Иймд гомдолтой байна. ...” гэв.
Прокурор Г.Ууганбаатар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэж хэргийн үйл баримтыг тогтоож, хэргийн бодит байдалтай нийцсэн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Шүүгдэгч Б.М, Т.О нар нь гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон гэж үзэж байна. Тус хэргийг өмнө нь давж заалдах болон хяналтын шатны шүүх хянан хэлэлцэж тухай бүр шийдвэрлэж байсан. Шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон. Оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдохгүй байх тул давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. Эрүүгийн хуулийг буруу журамласан гэх асуудалд давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах замаар шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийн оролцогчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудалд хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзэхэд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна. Тодруулбал,
Шүүгдэгч Б.М, Э.Б, Т.О, О.Б нарт холбогдох эрүүгийн хэргийг 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцааж байжээ.
Ийнхүү буцаахдаа “...энэ хэрэгт шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэх болсон хүсэл, санаа зорилгын нэгдэл, үйлдэл оролцоо огт харагдахгүй, ямар нотлох баримтыг үндэслэн бүлэглэж үйлдсэн гэж үзэж буй үндэслэл тусгагдаагүй, зөвхөн прокурорын яллах дүгнэлтийн тодорхой хэсгийг хуулж бичих замаар гэм буруутайд тооцох болсон болон цагаатгах болсон нөхцөл байдлыг бичсэнээс бус шүүгч уг хэргийг хянан шийдвэрлэхдээ гэмт хэрэг гарсан нөхцөл байдлыг ямар хэмжээнд сэргээн тогтоосон, үүнийгээ ямар нотлох баримтаар нотолж байгаа, тогтоосон нөхцөл байдалд Эрүүгийн эрх зүйн онол, хуульд заасан хэм хэмжээ ямар шинжээрээ нийцэж байгаа талаар, шүүгдэгчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгахдаа прокурорын яллаж буй нотлох баримтуудыг няцаан үгүйсгэсэн талаар тус тус ямар нэг үндэслэл, дүгнэлт огт хийлгүй орхигдуулсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэг буюу шүүгчийн итгэл үнэмшил, түүний үндэслэл нотолгоог хэрхэн тусгах шаардлагуудын талаар тодорхой зохицуулсан бөгөөд анхан шатны шүүх “гэмт хэрэг үйлдэгдсэн газар, цаг хугацаа, арга, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шинжийг тогтоосон хэргийн талаарх нөхцөл байдал, хэд хэдэн шүүгдэгчид холбогдох хэргийг шийдвэрлэж байгаа бол шүүгдэгч тус бүрийн үйлдэл, оролцоо, гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэр, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримт, няцаан үгүйсгэсэн үндэслэл, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт, хэд хэдэн шүүгдэгчээс заримыг нь цагаатгасан бол яллах нотлох баримтыг үгүйсгэсэн үндэслэл, тэдгээрийг нотлох баримтын агуулга зэргийг шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгтээ огт тусгаагүй, дүгнээгүй” гэсэн үндэслэлүүдийг заажээ.
Монгол Улсын Үндсэн хуулийн тавьдугаар зүйлийн 2-т “Улсын Дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд түүнийг бүх шүүх, бусад этгээд заавал биелүүлнэ...” гэж заасан байна.
Гэтэл анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 5-21 дүгээр талд хэрэгт авагдсан нотлох баримтуудыг прокурорын яллах дүгнэлтээс хуулбарлах байдлаар жагсаан бичиж, тогтоолын 22 дугаар талд бусад эрх зүйн дүгнэлтийг хийсэн байдлаар бичсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн” байх шаардлагыг хангаж чадаагүй, шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт давж заалдах шатны шүүхийн магадлалын тодорхой хэсгийг хуулж бичих замаар хэргийн нөхцөл байдлыг дүгнэснээс бус мөн хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.2, 2.3, 2.4, 2.5 дахь хэсгүүдэд заасан шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт тусгавал зохих зүйлсийг тусгахгүйгээр хэргийн талаар тогтоосон нөхцөл байдал, тэдгээрийн хууль зүйн үндэслэгээ, дүгнэлтийг огт хийгээгүй, зарим шүүгдэгчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгахдаа прокурорын яллаж буй нотлох баримтыг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг бичээгүй байна.
Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний үндэслэлийг заагаагүй байх бөгөөд эдгээр зөрчил нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад зааснаар ноцтой зөрчилд тооцогдож байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаахаар шийдвэрлэсэн тул шүүгдэгч Т.Оийн гаргасан “...өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгож, цагаатгаж өгнө үү. ...” гэх, түүний өмгөөлөгч Б.Дамба, К.Бауиржан нарын гаргасан “...Т.От холбогдох хэсгийг хүчингүй болгож, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох...” гэх, шүүгдэгч Б.Мын өмгөөлөгч Б.Ганболдын гаргасан “...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж өгнө үү...” гэх гэм буруугийн асуудлаар маргаж байгаа давж заалдах гомдлуудыг хэлэлцэлгүй орхисон болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 2019/ШЦТ/820 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, Б.М, Э.Б, Т.О, О.Б нарт холбогдох 1711007640241 дугаартай эрүүгийн хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.
2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцтэл Б.М, Э.Б, Т.О, О.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН
ШҮҮГЧ Ц.ОЧ