Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 183/ШШ2019/02654

 

2019 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 183/ШШ2019/02654

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

 Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Соёлын төв өргөө 205 тоот хаягт байрлах “А” ХХК /РД:2595192/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Амарын гудамж 25, Эийн захиргааны байр, “Э” ТӨҮГ-т холбогдох,

 

Э ХХК-ийг татан буулгах асуудлаар хувьцаа эзэмшигчдийн хуралдааныг хуралдуулахыг хариуцагчид даалгах, тос үйлдвэрлэх тоног төхөөрөмжийг буцаан нүүлгэн шилжүүлэх, угсрах зардалд 1,245,200,000 төгрөг, хохиролд 746,461,279.78 төгрөг, олох ёстой байсан нийт ашгийн 50 хувь буюу 1,730,950,000 төгрөг нийт  3,752,561,279.78 төгрөг  гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.      

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Б, Г.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г, Б.Л, нарийн бичгийн дарга Г.Г нар оролцов.

                                                                                                       ТОДОРХОЙЛОХ нь:  

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөсөн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэг. “А” ХХК болон “Э” ХХК /хуучин нэрээр/ нар нь 2008 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хамтран ашиг олох зорилгоор “Э” ХХК-ийг үүсгэн байгуулах талаар хэлэлцэж, “Э” ХХК-ийг 50:50 хувийн хувьцааг эзэмшиж, дүрмийн санг 100 000 ам.доллар байхаар тохиролцож байгуулсан бөгөөд талууд харилцан үүрэг хүлээсэн. Улмаар “А” ХХК нь “Э” ХХК-тай /хуучин нэрээр/ 2008 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хуралдаж тохиролцсоны дагуу хамтран байгуулсан “Э” ХХК-ийн үйл ажиллагааг явуулах үүднээс өөрийн өмнө эрхэлж байсан 3,518,100 ам.долларын үнэлгээ бүхий АНУ-ын “М”-той 50:50 хувийн хөрөнгө оруулалттай байгуулсан "М” ХХК үйл ажиллагаа явуулж байсныг “М”-той харилцан тохиролцож түүний хувьцааг худалдан авч тухайн компанийг татан буулгаж үйлдвэрийн тоног төхөөрөмжийг хамтран байгуулсан “Э” ХХК-ийн үйл ажиллагааг эрчимжүүлэх хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх үйл ажиллагаанд ашиглах зорилгоор өөрийн зардлаар буулган, нүүлгэж “Э” ХХК-ийн хашаанд угсарч суурьлуулсан бөгөөд улсын комисст хүлээлгэн өгч тос үйлдвэрлэлийн үйл ажиллагааг "А’ ХХК-иас эхний ээлжийн санхүүжилтээр эхлүүлж  үйлдвэрлэлийг явуулсан ба үйлдвэрлэл зогсох хүртэл нийт 776,461,279.78 төгрөгийн зардал гаргасан байна.

Анх “Э" ХХК-ийг байгуулсан зорилго нь Эийн худалдан авалтын зардлыг бууруулах, хамтарсан бизнесийн олон талт үйл ажиллагааг явуулах, харилцан ашиг олох, хувьцааг тэнцүү эзэмшихээр харилцан тохиролцож байгуулсан. Дээрхи үйлдэл нь Монгол улсын Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.1.7, 8.1.8-д заасны дагуу бидний хооронд иргэний эрх зүйн харилцаа үүссэн, хууль зүйн үйл явдал бий болсон гэж үзэж байна. Талуудын хооронд үйлдэгдсэн 2008 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн “Э” ХХК-ийг үүсгэн байгуулах тухай хурлын протоколоор “Э” ХХК нь “Э” ХХК-ийн үйл ажиллагаанд хувьцаа эзэмшигчийн хувьд асуудлыг зохих журмын дагуу хариуцах үүргээ биелүүлээгүйн улмаас “Э” ХХК-ийн үйл ажиллагаа бүрэн зогссон. Гэтэл “А” ХХК нь өөрийн хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж “Э” ХХК-ийн үйл ажиллагааг зохион байгуулан ажиллаж, хувьцаа эзэмшигчид ногдол ашиг хувиарлан ажиллаж байсан хэдий ч үйлдвэрийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, үйлдвэрлэсэн тосыг худалдан авахыг удаа дараа “Э” ХХК-иас /хуучин нэрээр/ шаардаж, хөрөнгө оруулалтыг хийх болон үйлдвэрлэлийн асуудлаар хувьцаа эзэмшигчдийн хуралдааныг хийх талаар санал гаргаж байсан боловч нэг ч хариу ирүүлээгүй ба “Э” ХХК-ийн хэвийн үйл ажиллагаа алдагдаж үйлдвэрлэл бүрэн зогссон. Энэ нь хувьцаа эзэмшигч “Э” ХХК-ийн шууд буруутай үйл ажиллагаанаас хамааралтай байсан гэж үзэж байна.

Мөн үйлдвэрлэлийн үйл ажиллагааг үргэлжлүүлэх талаар тухайн үеийн Төрийн өмчийн хороогоор дамжуулан Хувьцаа эзэмшигчдийн хуралдааныг хийх болон цаашид үйлдвэрлэлийн үйл ажиллагааг явуулах эсэх талаар мэдэгдэж байсан боловч тодорхой хариу ирүүлээгүй. “Э” ХХК нь 2012 оноос хойш өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа явуулаагүй, цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон болно. Компанийн тухай хуульд заасны дагуу хувьцаа эзэмшигч “Э” ХХК /хуучин нэрээр/ нь “Э” ХХК-ийг татан буулгах талаар шүүхэд нэхэмжлэл гаргасныг “А” ХХК нь хүлээн зөвшөөрөхгүй маргаж байсан бөгөөд шүүхээс урьдчилан шийдвэрлэх журмын дагуу хувьцаа эзэмшигч нар хэлэлцэж компанийг татан буулгах эсэх, эсвэл үйл ажиллагааг цааш үргэлжүүлэн явуулах талаар “Э” ХХК-ийн /хуучин нэрээр/ буруутай үйл ажиллагааны улмаас хэлэлцэж чадаагүй, хувьцаа эзэмшигчдийн хуралдааныг хуралдуулах талаар удаа дараа хариуцагчид мэдэгдэж, албан бичиг хүргүүлж байсан боловч хариуцагчаас хамаарч хурал хуралдаагүй. хуралдах боломжгуй нөхцөл байдалтай байна.

Мөн “Э” ХХК-ийг төлөөлөх эрх бүхий этгээд байхгүй,  тэдгээрийг томилох, чөлөөлөх талаар нэг ч арга хэмжээ аваагүй, авах боломжгүй болсон. Энэ талаар Монгол улсын дээд шүүхийн 001/ХТ2019/00039 дүгээр тогтоолд тодорхой дурдсан байдаг. “Э” ХХК /хуучин нэрээр / нь хувьцаа эзэмшигчийн үүргээ биелүүлээгүйн улмаас “Э ХХК-ийн үйл ажиллагааны зардал болон бусад зардлыг “А” ХХК нь дангаар гаргаж байсан ба энэ талаар хариуцагч маргадаггүй болно.  “Э" ХХК /хуучин нэрээр / дүр үзүүлж, үйлдвэрлэлийн хэвийн үйл ажиллагааг явуулах эсэхийг үл тоож, тосыг худалдан авахаас зайлсхийсэн, 2008 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 01/2008 дугаар протколоор шийдвэрлэсэн үүргээ биелүүлээгүй зэрэг нь үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд нөлөөлөөд зогсохгүй, компанийн үйл ажиллагааг явуулах хүсэл эрмэлзэл, зорилго байхгүй, зөвхөн гадаад хүчин зүйлд анхаарч, хамтын харилцан ашиг олох зорилгоос буцаж байгаа нь хамтын үйл ажиллагааны зорилгыг биелүүлэх боломжгүй болгож, цаашид нэмж хохирол хүлээх эрсдэлтэй байх тул “Э” ХХК-ийг татан буулгах зайлшгүй шаардлагатай гэж үзэж байна.

Иргэний эрх зүйн хамгаалалт нь зөрчигдсөн эрхийг сэргээх зорилготой байдаг бөгөөд Монгол улсын Иргэний хуулийн 9-р зүйлийн 9.2-д Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч эрхээ хамгаалуулах этгээдийг хуульд заасны дагуу сонгох эрхтэй, 9.3-д Иргэний эрх зүйн хамгаалалтыг шүүх, арбитр хуулиар тогтоосон журам, аргаар хэрэгжүүлнэ. 9.4-д Иргэний эрхийг дараах аргаар хамгаална, 9.4.8-д иргэний эрх зүйн харилцааг өөрчлөх, дуусгавар болгох гэж тус тус заасны дагуу дээрхи үүссэн иргэний эрх зүйн харилцааг дуусгавар болгох шаардлагатай байна.

Иргэний хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д зааснаар хуульд өөрөөр заагаагүй бол хуулийн этгээдийг дараах үндэслэлээр татан буулгана, 32.1.4-т зааснаар хуулийн этгээдийг үүсгэн байгуулсан эрх бүхий байгууллагын шийдвэр гарсан байх шаардлагатай гэж заасан байна.  Энэхүү хуулийн дагуу “Э ХХК-ийн хувьцаа эзэмшигч болох “А” ХХК-ийн зүгээс хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулахыг удаа дараа хувьцаа эзэмшигч “Э” ХХК-д шаардсан албан бичгийг хүргүүлсэн боловч “Э” ХХК нь 2008 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 01/2008 дугаар протоколоор шийдвэрлэсэн шийдвэр болон хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байх тул "Э” ХХК-ийг татан буулгах эсэх асуудлаар яаралтай хувьцаа эзэмшигчдийн хуралдааныг хуралдуулахыг хариуцагч “Э” ХХК-д даалгуулах тухай шаардлагыг гаргаж байна.

Хоёр. “А” ХХК АНУ-ын “М”-той 50:50 хувийн хөрөнгө оруулалттай байгуулсан 3,518,100 ам.долларын үнэлгээ бүхий “М ХХК-ийг “М”-той тохиролцож, түүний эзэмшиж байсан 50 хувийн хувьцааг худалдан авч, “А” ХХК нь “М” ХХК- ийн 100 хувь хувьцаа эзэмшигч болж, “М” ХХК-ийг татан буулгаж, улмаар “А” ХХК нь өөрийн үйлдвэрийн тоног төхөөрөмжийг хамтран байгуулсан “Э” ХХК-ийн үйл ажиллагааг явуулах үүднээс дээрх тоног төхөөрөмжийг буулган, нүүлгэж “Э" ХХК-ийн /хуучин нэрээр/ хашаанд угсарч, суурьлуулан үйлдвэрийн түүхий эдээр хангах зэрэгт нийт 7,852,938, 000 төгрөгийн зардал гаргасныг шүүхээс томилсон шинжээч хөрөнгийн үнэлгээний “В” ХХК-ийн үнэлгээний тайлангаар тогтоосон. Зөвхөн тосны үйлдвэрийн тоног төхөөрөмжийг шилжүүлэн суурьлуулахад нэг талдаа 622,600,000 төгрөгийн зардал үйл ажиллагааны зардалд 776,461,279.78 төгрөгийн зардлыг гаргаж хохирсон гэж үзэж байна.

Мөн “Э” ХХК /хуучин нэрээр/ нь үүргээ биелүүлж, “Э” ХХК нь бүрэн ажилласан бол “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн гаргасан бизнесийн үнэлгээний тайлангаар 2010-2014 онд цэвэр ашгийн хэмжээг нийт 3,461,900,000 төгрөг байхаар тодорхойлсон. Хэрэв “А" ХХК нь “М” ХХК-ийг татан буулгаагүй, эсвэл “Э” ХХК /хуучин нэрээр/ хөрөнгө оруулалт хийж, тос худалдан авах, компанийн тухай хуульд заасан хувьцаа эзэмшигчийн үүргээ бүрэн биелүүлж, “Э” ХХК-ийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байсан бол дээрх хөрөнгийн үнэлгээний тайланд тусгагдсан ашгийг олох бүрэн боломжтойн дээр “А” ХХК нь хохирол хүлээхгүй байхаар байсан.

Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, 9.3-т “Компани нь хувьцаа эзэмшигчийн хүлээх үүргийг хариуцахгүй, хувьцаа эзэмшигч нь компанийн хүлээх үүргийг хариуцахгүй бөгөөд гагцхүү өөрийн эзэмшлийн хувьцааныхаа хэмжээгээр хариуцлага хүлээнэ” гэж заасан байх тул “Э” ХХК /хуучин нэрээр/ нь өөрийн эзэмшиж буй хувьцааны хэмжээнд “Э” ХХК-ийн олох ёстой байсан ашиг болох “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан 3,461,900, 000 төгрөгийн 50 хувь 1,730,950,000 төгрөг,

“В” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтээр тосны үйлдвэрийн тоног төхөөрөмжийг шилжүүлэн угсарч суурьлуулахад нэг талд 622,600,000 төгрөгийн зардал гарсан гэж дүгнэсэн бөгөөд тухайн тоног төхөөрөмжийг буцаан шилжүүлж, барьж угсархад мөн адил зардал гарна гэж тооцон /622.600.000+622.600.000/ 1,245,200,000 төгрөг, “А” ХХК-ийн зүгээс “Э” ХХК-ийн 2013 оны 4 дүгээр улирлын тайлангаар үйл ажиллагааны зардалд гарсан 776,461, 279.78 төгрөгийг тус тус “Э” ХХК /хуучин нэрээр/ хариуцах үүрэгтэй гэж үзэж байна. Иймд хариуцагч “Э” ХХК /хуучин нэрээр/-иас нийт 3,752, 611,279.78 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “А” ХХК-д олгож, “Э” ХХК-ийг татан буулгах эсэх асуудлаар яаралтай хувьцаа эзэмшигчдийн хуралдааныг хуралдуулахыг хариуцагч “Э” ТӨҮГ-т даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

А ХХК-аас гаргасан нэхэмжлэлийн шаардлага бүхэлдээ үндэслэлгүй байна.

1.   Нэхэмжлэлийн 1 дэх шаардлагын тухайд Э ТӨҮГ нь Э ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хуралдааныг хуралдахад саад учруулсан зүйл байхгүй. Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлд зааснаар 59.4-т Төлөөлөн удирдах зөвлөл байхгүй бол гүйцэтгэх удирдлагын шийдвэрээр хувьцаа эзэзмшигчдийн хурлыг зарлан хуралдуулж болно. Өнөөдрийн байдлаар Э ХХК-ийн гүйцэтгэх захирлыг чөлөөлсөн, өөрчилсөн эрх зүйн акт гараагүй байна.

2.   Э ХХК-ийг үүсгэн байгуулах 2008 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн хурлын шийдвэрт Э ХХК нь Э ХХК-ийг үйл ажиллагаа явуулах, аливаа тендер шалгаруулалтанд оролцоход баталгаа гаргах асуудлыг зохих журмын дагуу хариуцах үүргийг хүлээсэн бөгөөд үүнээс өөр ямар нэгэн үүрэг хүлээсэн заалт байхгүй. Нөгөө талаар нэхэмжлэгч хохирлоо гэм буруутай этгээдээс шаардах эрхтэй бөгөөд гэм буруу хохирол хоёр шалтгаант холбоотой байх ёстой. Э ХХК-ийн зүгээс дээрх зардлыг хариуцах гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргаагүй тул энэхүү шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т зааснаар бодитоор гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл зэргийг хохиролд тооцохоор заасан. Хэрэгт цугларсан нотлох баримтаар А ХХК-д ямар хохирол учирсан нь тогтоогдоогүй.

Харин Э ХХК-ийг үүсгэн байгуулах 2008 оны 12 дугаар сарын 15- ны өдрийн 01/2008 дугаартай хурлаас гаргасан шийдвэрт А ХХК нь Э ХХК-д тосны үйлдвэр тоног төхөөрөмжийг нийлүүлэх, үйлдвэрийг мэргэжлийн удирдлага, түүхий эдээр хангах зэрэг үүргийг тус тус хариуцахаар тодорхой заасан. Энэхүү үүргийнхээ хүрээнд тоног төхөөрөмжийг буулган, нүүлгэн  угсарсан байна. Энэхүү ажиллагаанд Э ямар ч хамаагүй үүрэг хүлээгээгүй байна. Компанийн өөрийн хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлэх замаар хөрөнгө оруулалт хийх тохиолдолд 1999 онд батлагдсан Компанийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д заасны дагуу хувьцаа нэмж гаргах /2011 оны Компанийн  тухай хуулийн 31.2.2/, эсвэл мөн хуулийн 44 дүгээр зүйлд заасны дагуу хувьцааны үнийг шинэчлэн тогтоох замаар өсгөх /2011 оны Компанийн тухай хуулийн 31.2.1/ гэсэн 2 байдлаар хөрөнгө нэмэгдүүлэхээр хуульчилсан байна. Дээрх  2 нөхцлийн дагуу өөрийн хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлэх тохиолдолд Компанийн тухай хуулийн 43.1. 44.1. Э ХХК-ийн дүрмийн 8 дугаар зүйлийн 4, 5-д тус тус заасны дагуу ТУЗ /байхгүй бол ХЭХ/ -ийн тогтоол гарсан байхыг шаардана. Манай тохиолдолд ТУЗөвлөл, ХЭХурал аль аль хуралдаагүй, энэ талаар шийдвэр гараагүй. Хяналтын шатны шүүхийн 001/ХТ2019/00039 тоот тогтоолд А ХХК нь үйлдвэрийн тоног төхөөрөмжийг 3,975,000 ам.долларын үнэ цэнэтэй гэж үзэж, ийм хэмжээний хөрөнгө оруулсан гэсэн. Компанийн тухай хуульд зааснаар хувьцаа зэзмшигч нар энэ талаар шийдвэр гаргаагүй тохиолдолд шүүх компанийн дүрмийн санг өсгөх, хувьцааны хувийг нэмэх агуулгатай шийдвэрийг хөндлөнгөөс гаргах үндэслэлгүй гэж дүгнэсэн байна. Иймээс хувь нийлүүлсэн компанийн хөрөнгийг нэмэгдүүлэх талаар хувьцаа эзэмшигч нөгөө хувьцаа эзэмшигчээс шаардах эрхгүй юм.

Тосны тоног төхөөрөмжийг шилжүүлэн суурилуулах нэг талдаа 622,600,000 төгрөг, нийт 1,245,200,000 төгрөгийн зардлыг Э ХХК-иас гаргах хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь энэ талаар Э ХХК нь хууль болон дүрэм, үүсгэн байгуулсан хурлаар ямар нэгэн үүрэг хүлээгээгүй. Э ХХК-ийг үүсгэн байгуулагчдын 2008 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн хурлын шийдвэрт Э ХХК нь Э ХХК-ийг үйл ажиллагаа явуулах, аливаа тендер шалгаруулалтанд оролцоход баталгаа гаргах асуудлыг зохих журмын дагуу хариуцах үүргийг хүлээсэн бөгөөд үүнээс өөр ямар нэгэн үүрэг хүлээсэн заалт байхгүй. Нөгөө талаар нэхэмжлэгч хохирлоо гэм буруутай этгээдээс шаардах эрхтэй бөгөөд гэм буруу хохирол хоёр шалтгаант холбоотой байх ёстой. Э ХХК-ийн зүтээс дээрх зардлыг хариуцах гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргаагүй тул энэхүү шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.

Э ХХК нь бүрэн ажилласан бол Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн гаргасан бизнесийн үнэлгээний тайлангаар 2010-2014 онд цэвэр ашгийн хэмжээг нийт 3,461,900 төгрөг байхаар тодорхойлсон. Иймд хохиролд өөрийн эзэмшиж байсан хувьцаанд ногдох олох ёстой байсан орлого 1,730,950,000 төгрөгийг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Э ХХК нь 2013 оны байдлаар 766,6 сая төгрөгийн өглөгтэй,  13 сая төгрөгийн авлагатай, 132 сая төгрөгийн алдагдалтай гэсэн баримт хэрэгт байх ба компани 2009 оноос хойш ашигтай ажиллаагүй, нөгөө талаар компанийг татан буулгах тохиолдолд бусдад төлөх өр төлбөрийг хасч, авлагаа тооцоход эд хөрөнгө үлдэх эсэх, хөрөнгийг хуваарилах эсэх асуудал тодорхой бус байхад хувьцаа эзэмшигч нарын хооронд олох байсан ашгийг хуваарилж гаргуулсан нь Компанийн хуулийг зөрчсөн. 2002 оны Компаний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4 дэх хэсэгт дангаараа болон нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтарсан компанийн хувьцааны 10-аас дээш хувийг эзэмшигч болон бусад хэлбэрээр компанийн үйл ажиллагааг тодорхойлох эрх бүхий этгээдийн буруутай үйл ажиллагааны улмаас компанид учирсан эд хөрөнгийн хохирлыг уг этгээд өөрийн хөрөнгөөр хариуцах учиртай. Тухайн хэм хэмжээ нь хувьцаа эзэмшигч өөрийн буруугаас компанид хохирол учруулсан бол өөрийн хөрөнгөөр хохирлыг компанийн өмнө арилгахыг зохицуулсан байхад хувьцаа эзэмшигч нарын хооронд үүссэн маргаанд хэрэглэсэн нь үндэслэлгүй байна гэж хяналтын шатны шүүх дүгнэсэн байх тул Алхана грейд ХХК нь олох ёстой байсан орлого гэх 1,730,900,000 төгрөгийг Эээс нэхэмжлэх үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

           Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад           

                                                                                                                 ҮНДЭСЛЭХ нь:

 

            Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад нэхэмжлэгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбар болон хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

            Монгол Улсын дээд шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 39 дүгээр тогтоолоор тус шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 1132 дугаар шийдвэр, 2018 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 1568 дугаар магадлалыг тус тус хүчингүй болж дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хувиарлагдсан байна.

 

           Анхан шатны шүүх Улсын дээд шүүхийн 39 дүгээр тогтоолд дурдсан зөрчлийг арилгахаар нэхэмжлэгч А ХХК-ийг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ тодруулж шүүхэд ирүүлэхийг шаардсан бөгөөд нэхэмжлэгч анхан шатны шүүхийн шийдвэр хүчингүй босноос хойш зөрчлийг арилгахаар нэхэмжлэлийн шаардлагаа нийт 4 удаа өөрчилжээ.

 

           Нэхэмжлэгч А ХХК-ийн хамгийн сүүлд буюу 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагадаа дараах шаардлагуудыг хариуцагч Э ТӨҮГ-т холбогдуулан гаргажээ.

Үүнд:

           1. Э ХХК-ийг татан буулгах асуудлаар хувьцаа эзэмшигчдийн хуралдаан хуралдуулахыг хариуцагчид даалгах,

           2. Тос үйлдвэрлэх тоног төхөөрөмжийг буцаан нүүлгэн шилжүүлэх, угсрах зардалд 1 245 200 000 төгрөг гаргуулах,

           3. Э ХХК-ийн үйлдвэрийг мэргэжлийн удирдлага, түүхий эдээр хангах  үйл ажиллагааны зардалд гарсан 776 461 279.78 төгрөг гаргуулах,

           4. Э ХХК-ийн үйл ажиллагаанаас олох ёстой байсан нийт ашгийн 50 хувь буюу 1 730 950 000 төгрөг, нийт  3 752 561 279.78 төгрөг  гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

           Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ өөрөө тодорхойлж, түүнтэй холбоотой нотлох баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах үүрэгтэй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1-т “... хяналтын шатны шүүхээс хэргийг дахин хэлэлцүүлэхээр ирүүлсэн бол шүүгч хэргийг хүлээж авснаас хойш 30 хоногийн дотор тус тус шийдвэрлэнэ”, мөн хуулийн 71.2-т “... хугацааг ... нэг удаа 30 хүртэл хоногоор сунгаж болно” гэж заасан бөгөөд анхан шатны шүүхэд хэргийг хэлэлцүүлэхээр 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдөр ирүүлсэн, хуульд заасан хугацаа хэтэрсэн, нэхэмжлэгчид нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ тодруулах хангалттай хугацаа шүүх олгосон бөгөөд шүүхэд нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ тодруулах, өөрчлөх болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой хүсэлт гаргаагүй тул 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг хэлэлцүүлж, шийдвэрлэсэн болно.

         Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлд зааснаар 59.4-т “Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/-ийн шийдвэрээр санхүүгийн жил дууссанаас хойш дөрвөн сарын дотор зарлан хуралдуудна” мөн хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д “Төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/, эсхүл энэ хуулийн 61.7-д заасан этгээд хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулах тухай шийдвэрийг гаргана”, мөн хуулийн 61.7-д “Энэ хуулийн 61.4-т заасан хугацаанд төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/ шийдвэр гаргаагүй тохиолдолд энэ хуулийн 61.2-т заасны дагуу санал, шаардлага гаргасан хувьцаа эзэмшигч, эсхүл төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал хуралдуулах тухай шийдвэрийг гаргаж болно” гэж заасан байна.

 

           Э ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд буюу гүйцэтгэх захирал нь А.Г болох нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байна./3х.х-ийн 164-166/

 

          Хэрэгт авагдсан баримтаар 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Э ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигч А ХХК нөгөө хувьцаа эзэмшигч Э ТӨҮГ-т Э ХХК-ийг татан буулгах асуудлаар хувьцаа эзэмшигчдийн хуралдаан хуралдуулах 19/363 дугаар албан бичгийг явуулсан, шүүхэд 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр уг нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагыг гаргахаас өмнө компанийн тухай хуульд заасан эрхээ хэрэгжүүлсэн талаарх баримт хэрэгт авагдаагүй байх тул уг шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

 

          Нэхэмжлэгч А ХХК, хариуцагч Э ХХК нар нь 2008 оны 12 дугаар сарын 15-ны өдөр тос, тосолгооны материал үйлдвэрлэх үндсэн үйл ажиллагааны чиглэлтэй, гадаад худалдаа эрхлэх туслах үйл ажиллагааны чиглэлтэй  Э ХХК-ийг байгуулах, дүрмийн санг 100 000 ам доллараар бүрдүүлж, адил тэнцүү хэмжээгээр тус бүр 50 000 ам долларын хөрөнгө оруулж байгуулахаар харилцан тохиролцон 01/2008 дугаартай хурлын проткол үйлдэж, хоёр тал гарын үсэг зурж, Э ХХК-ийн дүрмийг баталж, 100,000 ам долларын дүрмийн сантай хамтарсан компани байгуулж, 2008.12.24-ний өдөр улсын бүртгэлд бүртгүүлэн гэрчилгээ авсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. /1х.х-ийн 7-16/

 

         Зохигчдын хооронд  2008 оны 12 дугар сарын 15-ны өдрийн Эрдэнэт - Ойл ХХК-ийг үүсгэн байгуулах хурлын 01/2008 дугаартай проткол гэх нэртэй хэлцлээр компанийг үүсгэн байгуулах, үйл ажиллагааны зорилго, хувьцаа эзэмшигчийн оруулах хөрөнгийн хэмжээ, үйл ажиллагаа явуулахад хувьцаа эзэмшигчдийн үүрэг, Төлөөлөн удирдах зөвлөл байгуулах агуулгатай хэлцлээс дүгнэвэл хамтран ажиллах гэрээ байгуулахгүйгээр ашиг олох зорилгоор Э ХХК-ийг байгуулан, хуулийн этгээдийн эрх олж, үүрэг болгосон уг хэлцлийн үндсэн дээр  талууд дүрмээ баталж, удирдлагаа сонгон, компанийг улсын бүртгэлд бүртгүүлсэн байна.

 

          01/2008 дугаартай хэлцэлд  “... талууд дүрмийн санд адил тэнцүү хэмжээгээр буюу тус бүр 50 000 ам доллар буюу түүнтэй тэнцэх хэмжээний мөнгөн хөрөнгө оруулахаар тохиролцов”,  хувь нийлүүлэгч Э ХХК нь “...Э ХХК-ийг үйл ажиллагаа явуулах, аливаа тендер шалгаруулалтад оролцоход аливаа баталгаа гаргах асуудлыг зохих журмын дагуу хариуцах”, хувь нийлүүлэгч А ХХК нь “...компанид тосны үйлдвэр тоног төхөөрөмжийг нийлүүлэх, үйлдвэрийг мэргэжлийн удирдлага, түүхий эдээр хангах” зэрэг үүргийг тус тус хариуцахаар мөн  А ХХК нь М ХХК-ийг 2008 оны 12 сард багтаан татан буулгаж, түүний хөрөнгө /тосны үйлдвэр/-ийг Э ХХК-нд шилжүүлэх үүрэг хүлээж харилцан тохиролцсоноос дүгнэвэл хэлцлийн оролцогч талууд буюу А ХХК нь Э ХХК-нд тосны үйлдвэрийн тоног төхөөрөмжийг нийлүүлэх үүргийг хүлээж, А ХХК-ийн өмчлөлийн эд хөрөнгө  болох тосны үйлдвэрийн тоног төхөөрөмжийн хөрөнгөд  хувь нийлүүлэгч нар тус тусдаа 50 000 ам долларын хөрөнгө оруулж, тухайн эд хөрөнгийг хамтран эзэмших, улмаар шинэ компани байгуулж ажиллахыг хуулиар хориглоогүй тул талуудын хооронд байгуулсан 01/2008 дугаар хэлцэл хүчин төгөлдөр хэлцэл байна./1х.х-ийн 12-16/

 

       Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д зааснаар хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээдэг.

 

       Компанийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.8-д /1999 оны/ Компанийг нэгээс илүү үүсгэн байгуулагч байгуулах нөхцөлд үүсгэн байгуулагчид нь компанийг үүсгэн байгуулах талаар хамтран ажиллах гэрээ байгуулж болох бөгөөд энэ гэрээнд үүсгэн байгуулагчдын хамтран ажиллах журам, үүсгэн байгуулагч тус бүрийн хүлээх үүрэг, тэдгээрийн худалдан авах хувьцаа болон бусад үнэт цаасны ангилал, төрөл тус бүрийн тоо, үнэ худалдан авах хугацаа зэрэг шаардлагатай гэж үзсэн бусад асуудлыг тусгана. Энэ гэрээ нь компанийг үүсгэн байгуулах баримт бичигт хамаарахгүй ... гэж заасан, 2001 оны Компанийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3, 13.4-т  заасан гэрээгээр талуудын хооронд үүссэн хэлцэл зохицуулагдаж, хуульд заасан тодорхой нөхцлүүдийг харилцан тохиролцож, ашиг олох зорилгоор хуулийн этгээд байгуулсан тул талуудын хооронд үүссэн харилцааг Компанийн тухай хуулиар шийдвэрлэх үндэслэлтэй юм.

 

       Нөгөөтэйгүүр Компанийг үүсгэн байгуулагчид нь компани үүсгэн байгуулах талаар хамтран ажиллах гэрээ байгуулж болох боловч уг гэрээнд үүсгэн байгуулагчдын хамтран ажиллах журам, үүсгэн байгуулагч тус бүрийн хүлээх үүрэг, тэдгээрийн худалдан авах хувьцаа болон бусад үнэт цаасны ангилал, төрөл тус бүрийн тоо, үнэ, худалдан авах хугацаа зэрэг шаардлагатай гэж үзсэн бусад асуудлыг тусгагдсан байхаас гадна компани үүсгэн байгуулах хурлын шийдвэр гарсан байх учиртай тул компани байгуулах гэрээний үндсэн нөхцөл тусгагдсан тул дээр дурдсан хуулийн зохицуулалтын хүрээнд маргааныг хянасан болно.   

 

       Э ХХК, А ХХК нь тус тус 50 000 ам долларын хөрөнгийг гаргаж, Э ХХК-ийн дүрмийн санг 100 000 ам доллар байхаар бүрдүүлж, эзэмшиж буй ногдол хувь хэмжээгээр ногдол ашиг авахаар дүрэмд зааснаас үзвэл хөрөнгийг адил хэмжээгээр гаргасан. А ХХК-ийн зүгээс тосны үйлдвэрийн тоног төхөөрөмжийг нийлүүлэх, үйлдвэрийг мэргэжлийн удирдлага, түүхий эдээр хангах үүргийг 01/2008 дугаартай хэлцлийн дагуу хүлээсэн, уг тосны үйлдвэрийн тоног төхөөрөмжийг Э ХХК-ийн хөрөнгөд бүртгээгүй бөгөөд уг эд хөрөнгийг хамтран өмчлөх, эзэмших эрхийн талаар хамтарсан компанийн дүрэмдээ тус тус заагаагүй байна.

 

         Компанийн тухай хуулийн 31 зүйлийн 31.1-т /1999 оны/ Компанийн балансад тусгагдсан биет болон биет бус хөрөнгийн нийт дүнгээс компанийн өр төлбөрийг хасаж, үлдсэн хэсгийг компанийн өөрийн хөрөнгө буюу хувь нийүүлэгчдийн хөрөнгө гэнэ, мөн хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-т /2011 оны/ Тухайн компаниас хувьцаа эзэмшигчдэд эзэмшүүлсэн буюу гаргасан нийт давуу эрхийн болон энгийн хувьцааны нэрлэсэн үнийн дүнг компанийн хувь нийлүүлсэн хөрөнгө гэх бөгөөд компанийн хувь нийлүүлсэн хөрөнгөд тухайн компанийн зарласан болон эргүүлэн худалдаж авсан халаасны хувьцаа хамаарахгүй гэж заасан тул компанийн өөрийн хөрөнгө нь хувь нийлүүлсэн хөрөнгөөс тусдаа ойлголт тул  А ХХК-ийн өмч болох тосны үйлдвэрийн тоног төхөөрөмжийг Э ХХК-нд ямар нэгэн хариу төлбөртэй шилжүүлж нийлүүлэх талаар 01/2008 дугаартай хэлцэл, дүрэмд заагаагүй хамтарсан компани  ашиглаж, эзэмшиж, мөн нэхэмжлэгч хариуцагч нар  Э ХХК-нд хөрөнгө оруулснаар уг тосны үйлдвэрийн тоног төхөөрөмжийн эзэмшигч, өмчлөгч болох эрхийг үүсгэхгүй, эд хөрөнгөтэй холбоотой зардлыг төлөх үүргийг шууд бий болгоно гэж үзэх үндэслэлгүй юм.

 

        А ХХК нь хамтарсан компанид  өөрийн өмч болох тос үйлдвэрлэх тоног төхөөрөмжийг нийлүүлэх буюу ашиглуулах, эзэмшүүлэх, үйлдвэрийг мэргэжлийн удирдлага, түүхий эдээр хангах  үүргийг 01/2008 дугаар хэлцлийн дагуу  хүлээсэн, Э ХХК-д ашиглаж, эзэмшүүлсэнтэй холбоотой зардал,  үйлдвэрийг мэргэжлийн удирдлага, түүхий эдээр хангахтай холбогдсон зардлын талаар 01/2008 дугаар хэлцэл, Э ХХК-ийн дүрэмд Э ТӨҮГ-т ямар нэгэн үүргийг тус тус хүлээлгээгүй тул тос үйлдвэрлэх тоног төхөөрөмжийг буцаан нүүлгэн шилжүүлэх, угсрах зардалд 1 245 200 000 төгрөг, үйлдвэрийг мэргэжлийн удирдлага, түүхий эдээр хангах зардалд 776 461 279.78 төгрөг гаргуулах,  шаардлагыг шүүх хангах үндэслэлгүй байна гэж дүгнэлээ.

 

        Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, 9.3-т зааснаар компани нь хувьцаа эзэмшигчийн хүлээх үүргийг хариуцахгүй, хувьцаа эзэмшигч нь компанийн хүлээх үүргийг хариуцахгүй бөгөөд гагцхүү өөрийн эзэмшлийн хувьцааныхаа хэмжээгээр хариуцлага хүлээнэ. Хувьцаа эзэмшигч өөрийн эзэмшлийн хувьцааныхаа хэмжээгээр хариуцлага хүлээснээр үүргээ биелүүлсэн бол уг асуудлаар хоорондоо шаардлага гаргах эрхгүй юм. Мөн Э ХХК-ийн дүрмийн 4.1-д Компани зөвхөн өөрийн хөрөнгөөр хариуцлага хүлээнэ гэж заасан байх тул хувьцаа эзэмшигч ийнхүү хариуцлага хүлээснээр компанийн алдагдлыг хариуцаж эрсдлээ хариуцана.

 

         Э ХХК нь 2013 оны байдлаар 766,6 сая төгрөгийн өглөгтэй, 13,0 сая төгрөгийн авлагатай, 132.0 сая төгрөгийн алдагдалтай гэсэн баримт хэрэгт авагдсан байх ба компани 2009 оноос хойш ашигтай ажиллаагүй, нөгөө талаар компанийг татан буулгах тохиолдолд бусдад төлөх өр төлбөрийг хасч, авлагаа тооцоход эд хөрөнгө үлдэх эсэх, хөрөнгийг хуваарилах эсэх асуудал тодорхой бус байхад хамтарсан компани болох Э ХХК-ийн хувьцаа эзэмшигч А ХХК нь нөгөө хувьцаа эзэмшигч Э ТӨҮГ-аас олох ёстой ашгийн 50 хувь буюу 1 730 950 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна.

 

           2002 оны Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4-д зааснаар дангаараа болон нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтарсан компанийн хувьцааны 10-аас дээш хувийг эзэмшигч болон бусад хэлбэрээр компанийн үйл ажиллагааг тодорхойлох эрх бүхий этгээдийн буруутай үйл ажиллагааны улмаас компанид учирсан эд хөрөнгийн хохирлыг уг этгээд өөрийн хөрөнгөөр хариуцахаар заасан хэм хэмжээ нь хувьцаа эзэмшигч өөрийн буруугаас компанид хохирол учруулсан бол өөрийн хөрөнгөөр хохирлыг компанийн өмнө арилгахыг зохицуулсан тул хувьцаа эзэмшигч нарын хооронд үүссэн маргаанд хамааралгүй болно.

            Э ХХК нь  2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн Засгийн газрын 102 дугаар тогтоолоор төрийн өмчит үйлдвэрийн газар болж, улсын бүртгэлийн гэрчилгээ олгогдсон байна. /4х.х-ийн 108/

 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.10-д зааснаар эрх залгамжлалын талаар маргаан гараагүй, хариуцагч  нь Э ХХК-ийн эрх залгамжлагч мөн, маргахгүй гэж шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарласан болохыг дурдах нь зүйтэй.

                   

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

                ТОГТООХ нь:

 

          1. Компаний тухай хуулийн 9.2, 9.3, 60.1-д заасныг тус тус баримтлан   хариуцагч Э ТӨҮГ-т холбогдох нийт 3 752 561 279.78 төгрөг  гаргуулах, Э ХХК-ийг татан буулгах асуудлаар хувьцаа эзэмшигчдийн хуралдаан хуралдуулахыг даалгах тухай нэхэмжлэгч А ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

          2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1, 54 дүгээр зүйлийн 54.1.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 16 251 000 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид нэмж 2 740 206 төгрөг гаргуулж улсын төсөвт оруулж, нэхэмжлэгчээс шинжээчийн зардалд 9 000 000 төгрөг /1х.х-ийн 154/-ийг гаргуулж В ХХК-нд олгож, шинжээчийн зардалд хариуцагчаас урьдчилан төлсөн 2 900 000 төгрөг /2х.х-ийн 110/-ийг нэхэмжлэгчээс гаргуулж хариуцагч Э ТӨҮГ-т  олгосугай.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах  эрхтэй бөгөөд 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                  Ц.ОЮУНБИЛЭГ