Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Гочоогийн Банзрагч |
Хэргийн индекс | 102/2020/02517/И |
Дугаар | 001/ХТ2022/00886 |
Огноо | 2022-09-30 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2022 оны 09 сарын 30 өдөр
Дугаар 001/ХТ2022/00886
Г.Б-Э-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 102/ШШ2022/00989 дүгээр шийдвэртэй,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 210/МА2022/00923 дугаар магадлалтай,
Г.Б-Э-ийн нэхэмжлэлтэй,
“Л-И” ХХК-д холбогдох
Орон сууц болон авто зогсоолын өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч Г.Б-Э-ийн гаргасан гомдлоор
Шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Б-Э, түүний өмгөөлөгч Ш.Оюумаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Одбаяр, гуравдагч этгээд Д.Б, түүний өмгөөлөгч Д.Батсүх, нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Г.Б-Э нь хариуцагч “Л-И” ХХК-д холбогдуулан орон сууцны болон авто зогсоолын өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
2. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 102/ШШ2022/00989 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1, 106 дугаар зүйлийн 106.1, 109 дүгээр зүйлийн 109.1-д зааснаар хариуцагч “Л-И” ХХК-д холбогдох, Дархан-Уул аймаг, Дархан сум, 11 дүгээр баг, 13-р хороолол, 10 а байр, ... тоот, 62,7 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхтэй болохыг тогтоолгох тухай нэхэмжлэгч Г.Б-Э-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т зааснаар Дархан-Уул аймаг, Дархан сум, 11 дүгээр баг , 13-р хороолол, Ласти таун 144 айлын орон сууцны байрны ... тоот, 20 м.кв талбайтай авто зогсоол хөрөнгийн өмчлөгчөөр нэхэмжлэгч Г.Б-Э-ийг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 709,400 төгрөгөөс 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 569,000 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 210/МА2022/00923 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 102/ШШ2022/00989 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “183 дугаар зүйлийн 183.1” гэснийг хасч, “109.1-д зааснаар” гэснийг “109.1 дэх хэсэгт тус тус заасан үндэслэлгүй тул” гэж, тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасны дагуу Дархан-Уул аймаг, Дархан сумын 11 дүгээр баг, 13 дугаар хорооллын Ласти таун хотхоны 144 айлын орон сууцны ... тоотод байрлах 20 м.кв талбай бүхий авто зогсоолын өмчлөх эрхийн гэрчилгээ авахад шаардлагатай бичиг баримтуудыг бүрдүүлж өгөхийг хариуцагч “Л-И” ” ХХК-д, хуульд заасан журмын дагуу 05 тоот авто зогсоолын өмчлөгчөөр нэхэмжлэгч Г.Б-Э-ийг бүртгэхийг Улсын бүртгэлийн газарт тус тус даалгасугай” гэж тус тус өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 286,000 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгч Г.Б-Э 022.06.09-ний өдөр хяналтын журмаар гомдол гаргасныг Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022.07.06-ны өдрийн 001/ШХТ2022/00819 дүгээр тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлийг хангасан гэж үзээд гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтсон.
5. Нэхэмжлэгч Г.Б-Э хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.03.21-ний өдрийн 989 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1, 106 дугаар зүйлийн 106.1, 109 дүгээр зүйлийн 109.1-д зааснаар хариуцагч “Л-И” ХХК-д холбогдох, Дархан-Уул аймаг, Дархан сум, 11 дүгээр баг, 13 дугаар хороолол, 10а байрны, ... тоот, 62,7 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхтэй болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээж шийдвэрлэсэн тул эс зөвшөөрч гомдол гаргаж байна.
5.1. Миний бие тухайн орон сууцыг 2014.07.07-ны өдрийн орон сууц захиалгаар барих гэрээний дагуу бариулж, мөн авто зогсоолын төлбөрийг өөрийн хөрөнгөөр бүрэн төлж барагдуулан гэрээний дагуу байранд орсон. Гэтэл байрыг гуравдагч этгээд Д.Б нь “Л-И” ХХК-тай хийсэн хөрөнгө оруулалтын гэрээгээр өөрийн өмчлөлд авсан. Хөрөнгө оруулалтын гэрээний 5.2.2-т “гүйцэтгэгч тал хамтын үйл ажиллагааны үр дүнд би болсон, үл хөдлөх хөрөнгө оруулагч талтай харилцан тохиролцсоны үндсэн дээр захиран зарцуулах үүрэгтэй”, мөн гэрээний 1.1-д “хөрөнгө оруулагч нь, тухайн хөрөнгө оруулсан орон сууцыг борлуулсны дараа ашиг хуваана” гэж тус тус заасан. Шүүх хуралд “Л-И” ХХК нь зарим үед оролцохгүй, мэтгэлцэхгүй байхад Д.Б-гийн “миний өмчлөлийн байр учир Г.Б-Э-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэдэг үгээр хурлын процесс явагдаж, шударгаар байр захиалж, одоо амьдарч байгаа иргэн намайг хохироосон. Би байраа захиалан ашиглалтад орсноос хойш амьдарч байгаа. Анхнаасаа Д.Б-д энэ байрны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргаж өгсөн талаар мэдээгүй, шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа мэдсэн бөгөөд байрны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргаж өгөхийг хариуцагчаас олон удаа шаардаж, үл хөдлөх хөрөнгийн газарт бүртгүүлж, гэрчилгээг гаргуулж авах гэсэн боловч, миний хүсэлт, бичиг баримтыг хүлээн аваагүй. “Л-И” ХХК бүх айлын үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг нэгтгэн гаргаж өгнө гэсээр удаасан. Гэтэл шүүх “үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газарт хандаагүй нь алдаатай байна” гэж дүгнэсэн.
5.2. Шүүх үнэн, худал хоёрыг дэнслэн дүгнэж бодит үнэн байдлаар хэн нэгнийг хохироохгүй шийдвэр гаргана гэдэгт итгэж байсан. Гэтэл шударга эзэмшигч нь хохирсон байхад хөрөнгө оруулалтын гэрээ хийсэн Д.Б-гийн өмчлөлд шилжсэн тул нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй гэж үзэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой. Миний бие гэрээний үүргээ бүрэн дүүрэн биелүүлж захиалсан байрандаа орсон байхад “Л-И” ХХК-ийн буруутай үйл ажиллагаанаас болж бусдад өр зээлтэй байснаас үүссэн хохирлыг миний захиалсан байрнаас гаргаж өгөх нь үндэслэлгүй. Шүүх нь бодит үнэнд тулгуурлан хэргийг шийдэхгүй, зөвхөн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ Д.Б-гийн нэр дээр гарсан учир шударга эзэмшигч гэж үзэж Г.Б-Э намайг хохироосон шийдвэр гаргасан. “Л-И” ХХК нь эвлэрлийн гэрээгээр байрыг Д.Б-д шилжүүлсэн байдаг бөгөөд миний эрх зөрчигдөж байхад шууд эвлэрлийн гэрээ хийж шилжүүлсэн нь хууль бус юм. Орон сууцтай болох гэж захиалга өгч шударгаар байрандаа орсон тул байрыг Д.Б-д шилжүүлж, шүүхийн шийдвэрийн дагуу өгөх үндэслэлгүй. Хавтаст хэрэгт нотлох баримт хангалттай хавсаргасан. Иргэн Г.Б-Э ямар гэрээ хийсэн, Д.Б ямар гэрээ хийсэн, энэ гэрээгээр хэн нь байрыг эзэмших ёстой байсан, яагаад Г.Б-Э миний захиалсан байрыг Д.Б руу зөвшөөрөлгүй шилжүүлсэн, шударга өмчлөгч буюу өмчлөх эрхтэй байсныг шүүх тогтоож чадаагүй. “Л-И” ХХК нь маш их өртэй байсан, Д.Б хөрөнгө оруулалтын гэрээгээр өгсөн хөрөнгөө олж авч чадахгүй болсон тул шүүхээр миний шударгаар захиалсан байрыг өөрийн эзэмшилд шилжүүлсэн байдал нь зөв болж шийдэгдэж байгаа нь хуульд нийцсэн зөв шийдвэр мөн үү. Миний хувьд байр ч үгүй, мөнгө ч үгүй болж хохирох шийдвэрийг шүүх гаргаж байгаад гомдолтой байна. Би орон сууц захиалгаар барих гэрээ хийхдээ миний захиалсан байрыг “миний зөвшөөрөлгүй бусдад шилжүүлж болно” гэсэн гэрээ хийгээгүй, үүнийг шүүх дүгнэх байсан боловч, миний эсрэг шийдсэн.
5.3. Би шүүхийн шатанд Д.Б-гийн нэр дээр үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гарсныг мэдсэн ба түүнээс хойш нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, захиалсан маргаан бүхий байрны өмчлөлийн гэрчилгээ Д.Б дээр байна, шударгаар байраа захиалаад өмчлөх эрхээ мэдэлгүй алдсан тул байрыг өмчлөх эрхтэй байсныг тогтоолгох гэтэл өмчлөх эрхгүй байна гэж шүүх үзэж байгаа нь шударга бус юм. Хохирч байгаа иргэн би шударга шүүхээр үнэн байдлаа тогтоолгох гэтэл шүүхээс намайг хохироосон шийдвэр гаргаж байгаад гомдолтой. Иймд иргэн Г.Б-Э миний бие “Л-И” ХХК-тай орон сууц захиалгаар бариулах гэрээ хийж, гэрээний дагуу үүргээ биелүүлж байрандаа амьдарч байгаа бөгөөд уг байрыг шударгаар өмчлөх эрхтэй гэж үзэж байгаа тул Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 109 дүгээр зүйлийн 109.1-д заасныг баримтлан Дархан-Уул аймгийн, Дархан сумын 11 дүгээр баг, 13 дугаар хороолол,10а байрны ... тоот орон сууц, ... тоот авто зогсоолыг (шударгаар өмчлөх эрхтэй тул) өмчлөх эрхтэй болохыг тогтоож өгнө үү гэжээ.
6. Хариуцагч тал нэхэмжлэгчийн гомдлыг дэмжсэн, гуравдагч этгээд зөвшөөрөхгүй гэсэн тайлбар гаргав.
ХЯНАВАЛ:
7. Шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
8. Нэхэмжлэгч Г.Б-Э-ээс хариуцагч “Л-И” ХХК-д холбогдуулан орон сууцны болон авто зогсоолын өмчлөгчөөр тогтоолгох шаардлага гаргасан бөгөөд нэхэмжлэлийн үндэслэлдээ “... Миний бие Г.Б-Э 2016.07.07-ны өдөр Дархан-Уул аймгийн 11 дүгээр баг, 9 давхрын, ... тоот, 62,7 м.кв, 2 өрөө байрны 62,700,000 төгрөгийн төлбөрийг бүрэн төлж, 20 м.кв авто зогсоолыг гэрээний дагуу бариулж байр, зогсоолоо хүлээж авсан. 2016.12.10-ны өдөр байрандаа орсон... Өнөөдрийг хүртэл орон сууц болон автомашины зогсоолыг ашиглаж байгаа учир хууль ёсны өмчлөгч болохыг тогтоож өгнө үү...” гэснийг,
хариуцагч эс зөвшөөрч, “...Орон сууц, авто зогсоолыг бариулах гэрээг нэхэмжлэгч өөрөө зөрчсөн, гэрээний дагуу тухайн худалдан авагч улсын бүртгэлд бүртгүүлэх ёстой байсан, манай компанийн удирдлагууд давхцалтай гэрээ хийсэн нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар нотлогддог. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар иргэн Д.Б-гийн нэр дээр байрыг 2019.02.21-ний өдөр шилжүүлсэн. Нэхэмжлэгч өөрөө гэрээг зөрчиж улсын бүртгэлд бүртгүүлээгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй...” гэж маргасан.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.Б “... 2016 онд анх байгуулсан гэрээний дагуу 7,800 м.кв талбайгаас 2,667 м.кв орон сууцыг өөрийн нэр дээр барьцаанд авсан. Барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгөө улсын бүртгэлийн газар бүртгүүлсэн. “Л-И” ХХК гэрээнд заасан үүргээ гүйцэтгээгүй тул 2017.08.22-ны өдөр эвлэрлийн гэрээг байгуулж, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар эвлэрлийн гэрээг баталгаажуулсан. Уг захирамжийн дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж 1 жил болсон. Энэ хугацаанд “Л-И” ХХК-ийн зүгээс Г.Б-Э гэх хүн гэрээтэй байна гэж надад мэдэгдээгүй. Би бол төлбөр авагч, тухайн үед маш их хэмжээний мөнгө хөрөнгө оруулчхаад өнөөдөр нэг ч төгрөг авч чадалгүй 7 жил шүүхээр явж байна, нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй...” гэсэн тайлбар гаргажээ.
9. Анхан шатын шүүх Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1, 106 дугаар зүйлийн 106.1, 109 дүгээр зүйлийн 109.1-д заасныг тус тус баримтлан маргаан бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т зааснаар авто зогсоолын өмчлөгчөөр тогтоох шаардлагыг хангаж шийдвэрлэсэн.
10. Ийнхүү шийдвэрлэхдээ “...Нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, нэхэмжлэгч захиалгын гэрээний дагуу төлбөрөө бүрэн төлж, 2016.12.10-ны өдөр орон сууцандаа нүүн орж эзэмшилдээ авсан, хариуцагч төлбөрөө төлсөн тохиолдолд үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ олгохыг Г.Б-Э-д 2017.12.28-ны өдөр мэдэгдсэн, нэхэмжлэгч нь маргаан бүхий орон сууцыг өмчлөх эрхээ бүртгүүлэх талаар бүртгэлийн байгууллагад хүсэлтээ гаргаж байгаагүй (2020 оны 02 сараас өмнө), харин гуравдагч этгээд Д.Б бүртгэгдсэн талаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас мэдсэн, бүртгэл хүчин төгөлдөр байгаа, энэ талаар ямар нэг маргаан гаргаагүй, иймд Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1, 121 дүгээр зүйлийн 121.1-д зааснаар бусад этгээдийн тухайн хөрөнгийн хувьд эдлэх аливаа эрх дуусгавар болсон тул орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй. Харин авто зогсоолын хувьд нэхэмжлэгч өөрийн эзэмшил ашиглалтад шилжүүлэн авсан боловч талуудын хооронд байгуулсан гэрээний дагуу хариуцагч нь өмчлөх эрхийн гэрчилгээ авахад шаардлагатай бичиг баримтыг саадгүй өгөх үүргээ биелүүлээгүй, хариуцагчийн өмчлөлд бүртгэлтэй байгаа бөгөөд хариуцагч энэхүү шаардлагыг эс зөвшөөрч ямар нэг тайлбар татгалзал гаргаж маргаагүй тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, 112 дугаар зүйлийн 112.1-д зааснаар нэхэмжлэгч шаардах эрхтэй...” гэсэн дүгнэлтийг хийсэн байна.
11. Харин давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулахдаа “... Талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн байхад анхан шатны шүүх ажил гүйцэтгэх гэрээ гэж тодорхойлсон нь буруу байна, гэрээ хүчин төгөлдөр учир талуудын хэн аль нь гэрээний үүргээ гүйцэтгэхийг нөгөө талаасаа шаардах эрхтэй. Хариуцагч компани нь гэрээний 2.3-т заасан орон сууцыг үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгүүлж өмчлөх эрхийг баталгаажуулахад шаардагдах бичиг баримтыг бүрдүүлж өгөх үүргээ гүйцэтгээгүй болох нь зохигчийн тайлбараар нотлогдсон. Гэвч маргааны зүйл болох орон сууц нь гуравдагч этгээд Д.Б-гийн өмчлөлд бүртгэгдсэн тул нэхэмжлэгч нь хариуцагчаас үүргээ бүрэн гүйцэтгэхийг шаардах боломжгүй. Зохигчийн хооронд худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн байхад нэхэмжлэгч нь өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасантай нийцэхгүй. Мөн авто зогсоолын хувьд хэргийн үйл баримтыг зөв тогтоосон боловч шаардах эрхийг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэг гэж буруу хэрэглэсэн...” гэсэн зөрүүтэй дүгнэлтийг хийжээ.
12. Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлд хамаарна гэж үзээд шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн. Хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хянахад хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн болох нь тогтоогдлоо.
13. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийн талаар анхан шатны шүүх хуралдаан дээр “...Хөрөнгө оруулалтын гэрээг Д.Б болон “Л-И” ХХК нарын хооронд байгуулсан. Энэ гэрээний зорилго нь 144 айлын орон сууц бариулаад, борлуулалтын ашгаас авахаар тохирсон хэлцэл хийсэн. Ингэж тохирчхоод мөнгөө өгөөд захиалаад орчихсон байгаа байрыг шууд өөрийн эзэмшилд авах нь хууль бус. Гэрээний дагуу “Л-И” ХХК нь захиалагч байрны мөнгийг бүрэн төлсний дараа бичиг баримтыг гаргаж өгөх үүрэгтэй байсан. Бид орон сууцыг бусдын өмчлөлд шилжсэн талаар ч мэдээгүй...” гэсэн тайлбар өгч мэтгэлцсэн байна.
14. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох шаардлагыг өмчлөгч биш этгээд буюу хариуцагчид холбогдуулан гаргаж байгаа үндэслэл, шалтгааныг тодруулах, нэхэмжлэгчийн хүсэл зоригийг бүрэн тогтоох, ингэснээр нэхэмжлэгчид нэхэмжлэлийн шаардлагаа болон хариуцагчаа зөв тодорхойлох боломжийг олгох байжээ. Ийнхүү тодруулаагүйгээс анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн харилцааг буруу тодорхойлсон, харин давж заалдах шатны шүүх “зохигчийн хооронд худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн байхад нэхэмжлэгч нь өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь хуульд нийцэхгүй” гэж дүгнэсэн нь учир дутагдалтай.
15. Түүнчлэн, гуравдагч этгээд Д.Б болон хариуцагч “Л-И” ХХК-ийн хооронд 2014.04.21-ний өдөр байгуулагдсан “Хөрөнгө оруулалтын гэрээ”-ний 5.2.2-т ““Гүйцэтгэгч тал” нь хамтын үйл ажиллагааны үр дүнд би болсон үл хөдлөх хөрөнгийг өмчлөх эрхтэй бөгөөд “Хөрөнгө оруулагч тал”-тай харилцан тохиролцсоны үндсэн дээр захиран зарцуулах үүрэгтэй”, 5.2.4-т ““Гүйцэтгэгч тал” нь ямар ч нөхцөлд уг барилгын үлдэгдэл санхүүжилт болон борлуулалтыг бүрэн хариуцна” гэж тус тус заасан байх бөгөөд энэ тохиолдолд хариуцагч нь маргаан бүхий орон сууцны өмчлөгч байх үедээ нэхэмжлэгчид худалдсан эсэх, ийнхүү худалдахдаа худалдагч буюу гүйцэтгэгч “Л-И” ХХК нь хөрөнгө оруулагч Д.Б-тай харилцан тохиролцсон буюу зөвшилцсөн эсэхийг нэхэмжлэгч мэдэх боломжтой байсан эсэх, мөн Д.Б нь хариуцагчийг борлуулалт хийж байгааг мэдэж байсан эсэхийг тодруулж тогтоох нь хэргийг эцэслэн шийдвэрлэхэд ач холбогдолтой, иймд энэ талаар талуудыг мэтгэлцүүлээгүй гэсэн агуулга бүхий нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдол (Тодорхойлох нь хэсгийн 5.2-т) үндэслэлтэй байна.
16. Нэгэнт нэхэмжлэгчийн хүсэл зориг болон хэргийн үйл баримт бүрэн тогтоогдоогүй тул хяналтын шатны шүүхээс маргааныг эцэслэн шийдвэрлэх боломжгүй, иймд шүүх бүрэлдэхүүн шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 102/ШШ2022/00989 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 210/МА2022/00923 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАЯРМАА
ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ
П.ЗОЛЗАЯА
Д.ЦОЛМОН
Х.ЭРДЭНЭСУВД