Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 182/ШШ2020/01801

 

         Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Цэнгэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

          Нэхэмжлэгч: Орхон аймаг,  ... оршин суух, П.О,

          Нэхэмжлэгч: Орхон аймаг, ..оршин суух, С.Г нар,

          Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, ...оршин суух, Б.Б,

          Гэрээний үүрэгт 198.500.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

     Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч П.О, нэхэмжлэгч С.Г-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Х нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ Нь:

          Нэхэмжлэгч П.О нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж байгаа.

        Миний бие нь С.Г-ийн хамт анх 2004 онд “А-Э” ХХК-ийг тоосгоны үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулахаар байгуулсан. Тухай үед бид дээрх үйл ажиллагааг явуулахаар хувь хүмүүс болон “Г“ хадгаламж зээлийн хоршооноос зээлж авч, уг мөнгөөрөө тоног төхөөрөмж БНХАУ-аас оруулж, тоосго үйлдвэрлэх ажлаа эхлүүлсэн. Манай компани 2008 оны 10 сар хүртэл тоосго үйлдвэрлэж улирлын чанартай ажил учир ажил зогссон байсан...   

          Б.Б нь манай компанийг худалдан авах санал тавьсан ба тэрээр ойрын хамаатаны эгч гэх Ц.С-ийн хамт компанийг худалдан авъя гэхлээр нь зөвшөөрсөн. Ингээд Б.Б-тай 2009 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, мөн компанийн хувь эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулж, компанийн бичиг, баримт, тамга тэмдэг, тайлан баланс, ажилчидтай холбоотой бүх бичиг баримтыг Б.Б, Ж.С нар хүлээн авсан. Ингэж худалдахдаа компанийн балансад тусгагдсан бүх өр, дээр нь хувьцааны үнэ 110.000.000 төгрөг төлөхөөр тохиролцсон юм. Эдгээр баримтууд бүгд хэрэгт байгаа. Үүнээс хойш Б.Б-тай байнга холбоотой байсан.

            Орхон аймгийн сум дундын шүүхийн шүүгчийн 2007 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 1..8 дугаар захирамжаар С.Г, П.О нараас 309.535.333 төгрөг гаргуулж, “Г “хадгаламж зээлийн хоршоонд олгохоор шийдвэрлэсэн байсан бөгөөд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдэж байснаа нуугаагүй. Б.Б нь бидний “А-Э” ХХК-ийг худалдан авахдаа компанийн балансад тусгагдсан өр төлбөрөөс “Г“ хадгаламж зээлийн хоршоонд төлөх 220.000.000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон юм. Үүнээс шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар 21.500.000 төгрөгийг төлсөн. Өр төлбөр төлнө гэх амлалтууд өгч байсан. Иймд Б.Б-аас 198.500.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

           Нэхэмжлэгч С.Г-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Г-ийн нэхэмжлэлийн шаардлага нь П.О-ийн нэхэмжлэлийн шаардлагын нэгэн адил байгаа. Нэхэмжлэлийн шаардлагаа тайлбараар тодруулсан. Нэхэмжлэлийн шаардлага тодорхой гэж үзэж байна. Б.Б нь “А-Э” ХХК-ийн тоосгоны үйлдвэрийн балансад тусгагдсан өр дээр 110.000.000 төгрөг өгөхөөр харилцан тохиролцсоны дагуу 2009 оны 03 дугаар сарын 30-ны өдөр худалдах худалдан авах гэрээ, компанийн хувь эзэмших эрх шилжүүлэх гэрээ гэх 2 гэрээг нэг өдөр байгуулсан. Б.Б-д компанийн бичиг, баримт, тамга тэмдэг, тайлан баланс, ажилчидтай холбоотой бүх бичиг баримтыг хүлээлгэн өгсөн ба тэрээр компанийн хувь эзэмших эрх шилжүүлэх гэрээнд тусгагдсан өр төлбөрөөс бидний “Г” ХЗХ-нд төлөх өр 220.000.000 төгрөг, хувьцааны үнэ 110.000.000 төгрөг, нийт 330.000.000 төгрөгийг бүрэн хариуцан төлөхөөр болсон. 

        2009 оноос хойш Б.Б-аас дээрх өрийг төлөхийг байнга шаардаж байсан. Бид тоосгоны үйлдвэр байгуулахдаа анх “Г” ХЗХ-оос зээлсэн өр байгаа юм. Энэ асуудлыг шийдвэрлүүлэх гээд 2015 оноос хойш шүүхээр явж байна.

        Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 563 дугаар магадлалд нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэл тодорхой бус буюу иргэний эрх зүйн ямар харилцаанаас үүссэн үүрэг болохыг тодруулах шаардлагатай.

         Өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхой бус гэх үндэслэлээр Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 113 дугаартай шийдвэрийг хүчингүй болгосон тул нэхэмжлэгч нараас доорх тодруулгыг хийж байна. Үүнд:

        - С.Г, П.О нар нь "Г" ХЗХ-ны гишүүний хувьд уг хоршооноос 2006 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 220.000.000 төгрөг сарын 3.8% хүүтэй, 2 жилийн хугацаатай зээлж, "Г" ХЗХ-ны нэхэмжлэлээр зээлийн үүрэгт 309.353.333 төгрөг төлөхөөр Орхон аймгийн Сум дундын шүүхийн шүүгчийн 2007 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 1..8 тоот захирамж гарсан. Энэ шийдвэр хэрэгт авагдсан.

         П.О, С.Г нар нь "Г" ХЗХ-оос зээл авахдаа уг зээлийг "А-Э" ХХК-ийн тоосгоны үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд зориулахаар авсан. Хоршоо нь гишүүддээ зээл олгодог, компанид зээл олгодоггүй дүрэмтэй учир "Үйлдвэрийн техник тоног төхөөрөмж" авах зориулалтаар гэж тоосго үйлдвэрлэхэд зориулж өөрсдийн нэр дээр зээл авсан. Зээлийн гэрээ, "Г" ХЗХ-ны 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн албан тоот зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн.

         П.О, С.Г нарын "Г" ХЗХ-ноос авсан 220.000.000 төгрөгийн зээл нь "А-Э" ХХК-д шилжсэн нь хэрэгт авагдсан байгаа нь "А-Э" ХХК-ийн 2008 оны жилийн эцсийн тайланд 220.000.000 төгрөгөөр тусгагдсан. Энэ талаарх баримтыг эх хувиараа нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э шүүхэд өгсөн нь хэрэгт авагдсан. Энэхүү тайлангийн “банкны урт хугацааны зээл“ гэдэг баганад "Г" гэж тодотгон 220.000.000 төгрөг гэж бичиж, ня-бо П.О гарын үсэг зурсан нь С.Г, П.О нарын "Г" ХЗХ-оос авсан 220.000.000 төгрөг болох нь тогтоогдоно.

          Хэрэгт авагдсан Орхон аймгийн татварын хэлтэс, Статистикийн хэлтэс, Санхүү төрийн сангийн хэлтсээр баталгаажуулсан тайланд 220.000.000 төгрөгийн зээл, зээлийн хүүгийн хамтаар 251.778.982 төгрөгөөр тусгагдсан нь хэргийн баримтаар нотлогдоно.

         Компанийн эрх шилжүүлэх гэрээний 2.1 дэх заалт хэрхэн хэрэгжсэн нь “А-Э” ХХК-ийн 2008 оны  жилийн эцсийн тайланд “Г” ХЗХ-оос 220.000.000 төгрөгийн өр тусгагдсанаар нотлогдоно.

         Орхон аймаг дахь Сум дундын шүүхийн 2004 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 1..8 дугаар шийдвэрээр П.О, С.Г нараас 220.000.000 төгрөгийг гаргуулж “Г” ХЗХ-д төлүүлэхээр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдэж байсан баримтууд хэрэгт байгаа ба “Г” ХЗХ-нд төлөх өр төлбөр нь нэхэмжлэгч нарт хамааралтай тул Б.Баас зээлийн өрийг нэхэмжлэн авч, “Г” ХЗХ-д төлөх зорилгоор нэхэмжлэл гаргасан. Анх нэхэмжлэгч нарын авсан зээлийн өр, хүүгийн хамт “А-Э” ХХК, “Г-Б” ХХК-ийн жил бүрийн тайлан балансад үргэлж тусгагдсаар байсан нь хэрэгт авагдсан он, оны тайлангаар нотлогдоно.

         С.Г, П.О нар нь “А-Э” ХХК-ийн хувь эзэмших эрхийг Б.Б-д худалдсан, худалдахдаа хувьцааны үнийг бэлэн мөнгөөр буюу 110.000.000 төгрөгөөр, бусдад төлөх 220.000.000 төгрөгийн өр төлбөрийг хариуцан төлөхөөр тохиролцсон.

          Иймд нэхэмжлэгч нар нь Б.Б-аас “А-Э” ХХК-ийн 50 хувийн хувьцааны үнэд өөрсдийн “Г” ХЗХ-нд төлөх өр төлбөрийн үлдэгдэл 198.500.000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа 2009 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн “А-Э” ХХК-ийн хувь эзэмших эрх шилжүүлэх гэрээ, Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.8, 9 дүгээр зүйлийн 9.4.3, 243 дугаар зүйлийн 243.1 дэх заалтыг тус тус үндэслэж байна. 

        Мөн худалдах худалдан авах гэрээний зүйл “А-Э” ХХК-ийн 265000 ширхэг хувьцаа, гэрээний үнэ 110.000.000 төгрөг бөгөөд хариуцагч Б.Б, түүний төлөөлөгч нар ...”...С.Г-д 150.000.000 төгрөг тухайн үедээ өгсөн, гэрээний үүргээ биелүүлсэн ...” гэж тайлбарладаг боловч энэ талаар баримтгүй. Бид худалдах худалдан авах гэрээний үнэ 110.000.000 төгрөг гаргуулах шаардлагыг гаргаагүй учраас нэхэмжлэгчийн зүгээс нотлох шаардлагагүй гэж үзсэн.

       - Эрх шилжүүлэх гэрээний 2.1-д “Г” ХЗХ-нд “А-Э” ХХК-ийн төлөх зээлийн 220.000.000 төгрөгийн өрийг компанийн 2008 оны жилийн эцсийн тайланд тусгагдсанаар эрх шилжүүлэн авагч талын зөвшөөрснөөр эрх шилжүүлэн авагчдын талд баримтын хамт хүлээлгэн өгнө, 3.1-д эрх шилжүүлэн авагч нь “А-Э” ХХК-ийн хувь эзэмших эрх хүлээн авч гэрээнд гарын үсэг зурж, нотариатаар гэрчлүүлэн Улсын бүртгэлийн газарт бүртгүүлж, эрх шилжүүлэн авсан өдрөөс эхлэн шилжүүлэн авагч Б.Б бүрэн хариуцах үүрэг хүлээсэн.

       “А-Э” ХХК-ийн хувь нийлүүлэгчдийн 2009 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн тогтоолоор компанийн хувь нийлүүлэгч С.Г, П.О нарын эзэмшлийн 50 хувь буюу 265.000.000 төгрөгийн хувьцааг дээрх эзэмшигчдийн саналаар Б.Б-д шилжиж байгааг бүртгэн авч С.Г, П.О нарыг компанийн гишүүнээс хасаж, хувь нийлүүлэгч гишүүнээр Ж.С 50 хувь буюу 265.000.000 төгрөг, Б.Б 50 хувь буюу 265.000.000 төгрөгийн эзэмшигч болж компанийн нэрийг “Г-Б” ХХК болгож өөрчилсөн  талаархи баримт нь хэрэгт байгаа.

      С.Г, П.О нар нь Б.Б-д “А-Э” ХХК-ийн хувь эзэмших эрхийг худалдсан, худалдахдаа Б.Б нь хувьцааны үнийг бэлэн мөнгөөр буюу 110.000.000 төгрөгөөр, мөн бусдад төлөх өр төлбөрийг хариуцан төлөхөөр тохиролцсон гэж үзэж байна. Энэ нь Иргэний хуулийн 243.1-д заасан шаардлагад нийцэх ба Б.Б нь үнийг төлөхөө зөвшөөрдөг, хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй болно.

     Тоосгоны үйлдвэр доголдолтой байсан, хөөн хэлэлцэх хугацаа дууссан, лиценз хүчингүй байсан зэрэг тайлбарыг хариуцагч урьд нь гаргаж байсныг үгүйсгэсэн тайлбар, нотлох баримт хэрэгт байгаа ба хариуцагч тал гомдлын шаардлага болон сөрөг нэхэмжлэл гаргаагүй.

        - Орхон аймгийн Сум дундын Иргэний шүүхийн шүүгчийн 2007 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 1..8 дугаар захирамжаар “Г” ХЗХ-нд төлөх 220.000.000 төгрөгийг “А-Э” ХХК-ийн тайланд тусгагдсан байсан ба үүнийг Б.Б мэдэж байсан

           Иймд бидний гаргасан нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.

   Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч П.О, С.Г нар нь хариуцагч Б.Б-аас Компанийн хувь эзэмших эрх шилжүүлэх гэрээний дагуу “Г” ХЗХ-нд төлөх өр болох 198.500.000 төгрөгийг шаардаж байгаа нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь нэхэмжлэгч нар анх шүүхэд нэхэмжлэл гаргасан цагаасаа хойш 2 гэрээний талаар ярьдаг .Эдгээр гэрээ нь 2009 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн компанийн хувьцаа худалдах худалдан авах гэрээ, компанийн хувь эзэмших эрх шилжүүлэх гэрээ юм.

         2009 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн “компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээгээр П.О, С.Г нар нь Б.Б-д “А-Э” ХХК-ийн нэг бүр нь 1.000 төгрөгийн үнэ бүхий 265.000 ширхэг хувьцааг 110.000.000 төгрөгөөр худалдахаар харилцан тохиролцсон байдаг.

         Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талаас 110.000.000 төгрөг авснаа хүлээн зөвшөөрдөг. Нөгөө талаас Б.Б нь энэ гэрээний дагуу төлөх ёстой байсан өр төлбөрөө бүрэн төлж дуусгасан гэдэг. Тэгэхээр компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээний дагуу талуудын хооронд үүссэн маргаан нь дуусгавар болсон гэдэг нь нотлогдож байна.

     Хоёр дахь гэрээ нь 2009 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн Компанийн хувь эзэмших эрх шилжүүлэх гэрээ байх бөгөөд уг гэрээгээр ”А-Э” ХХК-ийн 50 хувийг шилжүүлэн өгсөнтэй холбоотойгоор компанийн хувьцаа эзэмшигч болохын хувьд эдлэх эрх, хүлээх үүргийг шилжүүлэн өгсөн.

     Хуулийн этгээдийн бүртгэлд хувьцаа эзэмшигч өөрчлөгдсөнийг бүртгүүлэхэд компанийн хувьцааг шилжүүлэх талаар байгуулсан хэлцэл болон компанийн хувьцаа эзэмшигчийн хувьд эдлэх эрх, хүлээх үүргийг шилжүүлэн өгөх хэлцлийг давхар шаарддаг. Энэ шаардлагын хүрээнд байгуулсан.

      Гэрээний 1.3-т үүсгэн байгуулагчийн компанийн хувь эзэмшүүлэх эрхийг шилжүүлэх 2 тоот шийдвэр, мөн хувь эзэмших эрх шилжүүлэн авагчаас тус компанийг хүлээн авахыг зөвшөөрсөн хүсэлтийг үндэслэн компанийн эрх үүргийг эрх хүлээн авагчид шилжүүлнэ гэж зааснаар уг гэрээгээр компанийн хувьцаа эзэмшигчийн хувьд эдлэх эрх, хүлээх үүргийг шилжүүлэн өгсөн гэж үзэх үндэслэлтэй.

     “А-Э” ХХК-ийн өр 370.000.000 төгрөг давсан байхад уг компанийг худалдаж авах саналыг Б.Бад тавьж байсан. Тус компанийн 2008 оны 04 дүгээр улирлын тайланд тусгагдсанаар нийт 371.000.000 гаруй төгрөгийн өртэй.

        Нэхэмжлэгч нар ...“...Б.Б дээрх өр бүхий компанийн хувьцааг шилжүүлэн авахаа хүлээн зөвшөөрч гэрээ байгуулсан. Б.Б компанийн үйл ажиллагааны олсон орлогоос төлөгдөх боломжтой гэж үзэн худалдан авсан“ гэж тайлбарладаг.

        Компанийн хувьцааг шилжүүлэн авах үед “А-Э “ХХК нь “Г” ХЗХ-д өртэй, энэ нь санхүүгийн баримтад 220.000.000 төгрөгийн банкны урт хугацааны зээл хэсэгт тусгагдсан байдаг. 

          Иймд Б.Б нь П.О, С.Г нарын “Г“ ХЗХ-д төлөх өрийг хариуцан төлнө гэх үүрэг хүлээгээгүй.

         Хэрвээ П.О, С.Г нар нь “Г” ХЗХ-д төлөх өрийг шилжүүлсэн гэж үзэж байгаа бол Иргэний хуулийн 124.1-д “Эзэмшигчтэй нь тохиролцсоноор үүрэг гүйцэтгэгчийн өрийг гуравдагч этгээд шаардах эрхийг өөртөө шилжүүлэн авч үүрэг гүйцэтгэж болох бөгөөд энэ тохиолдолд энэ хуулийн 123.8-д заасан журам нэгэн адил үйлчилнэ” гэж, мөн 123.8-д ”хууль буюу гэрээнд заасан хэлбэрээр хийх хэлцлийн хувьд шаардах эрхийг шилжүүлэхдээ уг хэлцлийг хийсэн хэлбэрээр шилжүүлнэ“ гэж тус тус заасны дагуу Б.Б-тай өр шилжүүлэх хэлцлийг бичгээр хийх, мөн “Г” ХЗХ-той тохиролцох ёстой байсан.

       “Г” хадгаламж зээлийн хоршоо нь Ж.С, Ч.А, Б.Б, Б.Б нарт холбогдуулан 198.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 838 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч “Г” ХЗХ-ны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

        Шүүх “Г” ХЗХ болон Ж.С, Б.Б, Ч.А нарын хооронд өр шилжих гэрээ байгуулагдаагүй тул “Г” ХЗХ-нд шаардах эрх үүсээгүй гэж үзэн, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

      Улсын дээд шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 00193 дугаар тогтоолын Үндэслэх хэсэгт...”...С.Г, П.О төлбөр төлөөгүй явдал нь уг мөнгийг шүүгчийн захирамжид заагаагүй этгээдээс шаардах нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2 дахь заалтыг зөрчинө.

        С.Г, П.О нар нь “Г“ ХЗХ-нд төлөх төлбөрийг “А-Э” ХХК-ийн санхүүгийн баримтад тусгаж, төлбөрийг “А-Э“ ХХК төлөх болсон гэх боловч энэ нь Орхон аймгийн сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2007 оны 1..8 дугаар захирамжид заасан төлбөр төлөгчийг шүүхийн шийдвэр биелүүлэх үүргээс чөлөөлөхгүй.

       Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараас үзвэл “А-Э” ХХК-ийг шилжүүлэн өгсөн талаар тодруулбал, ”Г“ ХЗХ-нд төлөх мөнгийг П.О,С.Г нар “А-Э” ХХК-д шилжүүлсэн үйл баримт болон компанийг Б.Б, Ж.С нарт шилжүүлэхдээ хийсэн тохиролцоо нь маргаантай нь тогтоогдсон тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй байна” гэх үндэслэлээр “Г“ ХЗХ-ны нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

    Иймд “Г” ХЗХ, П.О, С.Г, Б.Б нарын хооронд өр шилжүүлэх талаар хүчин төгөлдөр гэрээ байгуулагдаагүй болох нь хэрэгт байгаа шүүхийн шийдвэрээр тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нар хариуцагч Б.Б-аас ”Г“ ХЗХ-нд төлөх төлбөрийг шаардах эрхгүй байна.

         Мөн нэхэмжлэгч нар нь урьд шүүхээр хянан шийдвэрлэгдсэн асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргасан гэж үзэхээр байна.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д “Нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана” гэж заасан бөгөөд мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д “...энэ хуулийн 65.1.6-д заасан үндэслэл шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасан байна.

       Иймд С.Г, П.О нарын нэхэмжлэлтэй Б.Б-д холбогдох 198.500.000 төгрөг гаргуулах тухай хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

     Шүүх хуралдаанаар хэргийн оролцогчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ НЬ:

       Нэхэмжлэгч П.О, С.Г нар нь хариуцагч “Г-Б” ХХК, Б.Б, Ч.А, М.Э, Ж.С нарт холбогдуулан 198.500.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

        Шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нар хариуцагч “Г-Б” ХХК, Ч.А, М.Э, Ж.С нарт холбогдох нэхэмжлэлээсээ татгалзсан байна.

        Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 03352 дугаар захирамжаар хариуцагч Б.Б-ын оршин суугаа газрын шүүх буюу тус дүүргийн шүүхэд шилжүүлжээ.

         Нэхэмжлэгч П.О, С.Г нар нь нэхэмжлэлийн үндэслэлээ ...”А-Э” ХХК-ийг 2004 онд байгуулж улмаар 2007 онд “Г” ХЗХ-оос зээлсэн 220.000.000 төгрөгөөр компанидаа тоног төхөөрөмж авсан ба уг зээлийг 309.353.333 төгрөг болгож хоршоонд төлөхөөр мөн онд шүүхийн шийдвэр гарснаар шийдвэр гүйцэтгэлийн явцад 21.500.000 төгрөгийг төлсөн.

          Нэхэмжлэгч нар өөрсдийн “А-Э“ ХХК-ийн 50 хувийн хувьцааг 2009 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Б.Б-д худалдах, худалдан авах гэрээ болон эрх шилжүүлэх гэрээгээр шилжүүлэхдээ тус компанийн 2008 оны жилийн эцсийн тайланд тусгагдсан өглөг болох “Г” ХЗХ-ны 220.000.000 төгрөг, 265.000 ширхэг хувьцааны үнэ 110.000.000 төгрөг, нийт 330.000.000 төгрөгөөр худалдсан ба үүнээс  Б.Б нь хувьцааны үнэ 110.000.000 төгрөг, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар төлсөн 21.500.000 төгрөг тус тус төлсөн тул үлдэгдэл 198.500.000 төгрөгийг нэхэмжилж байна” гэж тайлбарлаж байна.

        Харин хариуцагч Б.Б “нэхэмжлэгч нартай байгуулсан 2009 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн “Хувьцаа худалдах худалдан авах гэрээ”-ээр “А-Э” ХХК-ийн 50 хувийн хувьцааг 110.000.000 төгрөгөөр худалдан авах, мөн өдөр байгуулсан эрх шилжүүлэх гэрээгээр “А-Э” ХХК-ийн эрх үүргийг шилжүүлэн авснаас биш, “Г” ХЗХ-нд П.О, С.Г нарын төлөх 220.000.000 төгрөгийн өрийг шилжүүлж аваагүй учир 198.500.000 төгрөгийг төлөх үндэслэлгүй.

          Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 838 дугаар шийдвэр, Улсын дээд шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 00193 дугаар тогтоол хүчин төгөлдөр байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1, 65.1.6-д заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох...” гэх тайлбар гарган мэтгэлцэж байна.

          Шүүх хэрэгт байгаа баримтын хэмжээгээр хэргийг хянан шийдвэрлэнэ.

       Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлага дараах үндэслэлээр бүхэлд нь  хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

        Нэхэмжлэгч П.О, С.Г нар нь 2002 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 368.1..8.200 төгрөгийн дүрмийн сантай “А-Э” ХХК-ийг үүсгэн байгуулсан байх бөгөөд компани тоосго үйлдвэрлэх, гадаад дотоод худалдаа, зуулчлал эрхлэх зорилгоор тус компанийг 2002 оны 11 дугаар сарын 12-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн байна.

        Орхон аймаг дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2007 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 1..8 дугаар захирамжаар “Г” ХЗХ-ны нэхэмжлэлийн шаардлага болох 309.353.333 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн С.Г, П.О нарын зөвшөөрлийг баталжээ.

        Ж.С нь “А-Э” ХХК-ийн хувь нийлүүлэгчдийн хуралд 2008 оны 05 дугаар сарын 21-ний өдөр өргөдөл гаргаж, тус компанид 161.800.000  төгрөгийн хөрөнгө оруулж, 50 хувийн хөрөнгө оруулагч гишүүн болохыг хүссэний дагуу тус компанийн хувь нийлүүлэгчид 2008 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хуралдаж, Ж.С-ийг хувь нийлүүлэгч гишүүнээр бүртгэн авч, С.Г 40 хувийн 212.000.000 төгрөг, П.О 10 хувийн 530.000.000 төгрөг, Ж.С 50 хувийн 265.000.000 төгрөгийн хувь нийлүүлэгч болсон байна. /х.х-ийн 8-9 тал /

         Түүнчлэн “А-Э” ХХК хувь нийлүүлэгчдийн 2009 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн тогтоолоор тус компанийн хувь нийлүүлэгч С.Г, П.О нарын эзэмшлийн 50 хувь буюу 265.000.000 төгрөгийн хувь эзэмших эрхийг Б.Б худалдан авахаар тохиролцсоны дагуу Б.Б-ыг хувь нийлүүлэгч гишүүнээр бүртгэн авч, С.Г, П.О нарыг компанийн гишүүнээс хасаж, “А-Э” ХХК-ийн хувь нийлүүлэгч гишүүнээр Ж.С, Б.Б нар болж улмаар компанийн нэрийг “Г-Б” ХХК гэж өөрчилжээ. 

         Зохигчид дээрх үйл баримтын тухайд маргахгүй байгаа болно. 

         Шүүх хуралдаанд зохигчдын өгсөн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудаар үзвэл, С.Г, П.О нар нь Б.Б-тай 2009 оны 03 дугаар сарын 30-ны өдөр “хувьцаа худалдах худалдан авах гэрээ”, “эрх шилжүүлэх” гэрээг тус тус байгуулж, уг гэрээгээр Б.Б нь “А-Э” ХХК-ийн 50 хувь буюу 265.000 ширхэг хувьцааны үнэд 110.000.000 төгрөг төлөх, С.Г, П.О нар нь тус компанийн 50 хувийн хувьцааг шилжүүлэх үүргийг харилцан хүлээжээ.

       Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан байх бөгөөд гэрээний хүчин төгөлдөр байдлын тухайд болон гэрээний зүйл болох хувьцааны үнэ 110.000.000 төгрөг төлөгдсөн тухайд талууд маргаагүй.

        Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцсэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заажээ.

        Нэхэмжлэгч нь тодорхой эд хөрөнгийг хариуцагчийн өмчлөлд шилжүүлж мөнгө авахаар тохирсноос үзвэл талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

       Гэрээний гол нөхцөл болон гэрээний үнийг өөрчилсөн талаар талууд тохиролцсон байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй байх ба хувьцаа худалдах худалдан авах  гэрээний үнийн дүн 110.000.000 төгрөг болохыг талуудын хэн алин нь хүлээн зөвшөөрч байгаа болно.

     Харин компанийн хувь эзэмших эрх шилжүүлэх гэрээнд “компанийн үүсгэн байгуулагч компанийн эрхийг шилжүүлэхдээ эрх шилжүүлэн авагч талын зөвшөөрсөн үндэслэлээр “2008 оны жилийн эцсийн тайланд тусгагдсан өглөг”-т “Г“ ХЗХ-нд 220.000.000 төгрөгийн өртэй байсан, энэ өр нэхэмжлэгч нарынх байсан ба үүнийг хариуцагч Б.Б нь хариуцан төлөхөөр тохиролцсон эсэх нь маргааны зүйл болжээ.

     Талуудын хооронд байгуулагдсан компанийн хувь эзэмших эрх шилжүүлэх гэрээний 2.1-д ”Компанийн үүсгэн байгуулагч компанийн эрхийг шилжүүлэхдээ эрх шилжүүлэн авагч талын зөвшөөрсөн үндэслэлээр 2008 оны жилийн эцсийн тайланд тусгагдсан өглөг. Үүнд: ...46.781.657 төгрөгийн балансын өр, Анод банкинд төлөх 104.972.000 төгрөгийн өр, “Г” ХЗХ-нд төлөх 220.000.000 төгрөгийн зээлийн өр, “Номин констракшн” ХХК-нд төлөх өр зэргийг компанийн балансад тусгагдсанаар эрх шилжүүлэн авагчийн талд баримтын хамт хүлээлгэнэ өгнө”, мөн 3.1-д Эрх шилжүүлэн авагч нь “А-Э” ХХК-ийн хувь эзэмших эрх хүлээн авах гэрээнд гарын үсэг зурж, нотариатаар гэрчлүүлэн, улсын бүртгэлийн газарт албан ёсоор бүртгүүлж, эрх шилжүүлэн авсан өдрөөс эхлэн компанитай холбоотой, тус гэрээний 2.1-д заасан компанийн баланс дээр өр, өглөгийг хуулийн өмнө бүрэн хариуцах үүрэг хүлээнэ” гэжээ.

         Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т “Компани нь хувьцаа эзэмшигчийн хүлээх үүргийг хариуцахгүй” гэж, 9.3-т “хувьцаа эзэмшигч нь компанийн хүлээх үүргийг хариуцахгүй бөгөөд гагцхүү өөрийн эзэмшлийн хувьцааныхаа хэмжээгээр хариуцлага хүлээнэ” гэж тус тус заасан.

      “А-Э” ХХК нь “Г” ХЗХ-нд өртэй байсан, тус компанийн хуучин гишүүд болох С.Г, П.О нарын өр нь компанийн 2008 оны санхүүгийн жилийн эцсийн тайланд тусгагдсан байгаа хэдий ч компанид хэрхэн шилжсэн талаар өөр баримтгүй. Түүнчлэн С.Г, П.О нарын “Г” ХЗХ-нд төлөх 220.000.000 төгрөгийн өрийг Б.Б хариуцахаар тохиролцсон эсэх нь зохигчийн тайлбар болон хэргийн нөхцөл байдлаар бүрэн нотлогдохгүй байна. 

       Мөн Иргэний хуулийн 260 дугаар зүйлийн 260.3-т “Эд хөрөнгө эзэмших боломж олгож байгаа эрхийг худалдсан тохиолдолд худалдагч тухайн эд хөрөнгийг худалдан авагчид биет байдлын болон эрхийн доголдолгүй шилжүүлэх үүрэгтэй“ гэж заасан бөгөөд нэхэмжлэгчийг эрхийн доголдолтой эд хөрөнгө шилжүүлсэн гэж үзэх үндэслэл талуудын тайлбар, хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.

       Хэрэгт баримтаар авагдсан Орхон аймаг дахь сум дундын шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 838 дугаар шийдвэрээр Ж.С, Б.Б, Ч.А нарт холбогдох 198.500.000 төгрөг гаргуулах тухай “Г” ХЗХ-ны нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Улсын дээд шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 00193 дугаар тогтоолоор Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй байна гэсэн үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулсан байна.

        Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-д “Эзэмшигчтэй нь тохиролцсоноор үүрэг гүйцэтгэгчийн өрийг гуравдагч этгээд шаардах эрхийг өөртөө шилжүүлэн авч, үүрэг гүйцэтгэж болох бөгөөд энэ тохиолдолд энэ хуулийн 123.8-д заасан журам нэгэн адил үйлчилнэ” гэж, мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.8-д “Хууль буюу гэрээнд заасан хэлбэрээр хийх хэлцлийн хувьд шаардах эрхийг шилжүүлэхдээ уг хэлцлийг хийсэн хэлбэрээр шилжүүлнэ“ гэж тус тус заажээ.

       Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн үндэслэлээ, “2007 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 1..8 дугаар шүүгчийн захирамжаар “Г” ХЗХ-д төлөх төлбөрөө “А-Э” ХХК-ийн 2008 оны жилийн эцсийн тайланд тусгаж, уг өрийг компанийн эрх шилжүүлэн авагч Б.Б-д шилжүүлэн өгч, тэрээр бүрэн хариуцахаар тохиролцсон тул Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-т зааснаар хариуцагчаас хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэхээр мөн хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар шаардаж байна” гэж, тодруулан тайлбарлаж байна.  

       Харин Б.Б-тай байгуулсан хувьцааны эрх шилжүүлэх гэрээгээр С.Г, П.О нар нь хувьцааны үнэд тооцуулахаар “Г” ХЗХ-нд төлөх 220.000.000 төгрөгийн өрийг шилжүүлсэн гэх үндэслэл зохигчийн тайлбараар тогтоогдохгүй байхын зэрэгцээ Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 124 дүгээр зүйлийн 124.1-дэх заалтад нийцээгүй гэж үзэхээр байна.

     Өөрөөр хэлбэл 2009 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн “А-Э” ХХК-ийн хувь эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-ээр Б.Б-д “Г” ХЗХ-нд  нэхэмжлэгч нарын төлөх өр 220.000.000 төгрөгийг шилжүүлэхээр тусгагдсан байгаа хэдий ч Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1, 123.8-д заасан хуулийн шаардлага хангасан хэлбэрээр хэлцэл хийгдээгүй, “Г” ХЗХ болон шинэ үүрэг гүйцэтгэгч Б.Б нарын хооронд өр шилжих тохиролцоо хийгдээгүй, тус хоршооноос зөвшөөрөл аваагүй болох нь зохигчийн тайлбар, Орхон аймаг дахь сум дундын шүүхийн 2015 оны 08 сарын 18-ны өдрийн 838 дугаар шийдвэр зэргээр тогтоогдож байгаа нь талуудын хооронд компанийн хувьцааг худалдах худалдан авах гэрээ /ИХ-ийн 243/ байгуулагдсан, харин “Г” ХЗХ-д төлөх өрийг шилжүүлэх талаар талууд /ИХ-ийн 123, 124/ тохиролцож гэрээ байгуулаагүй гэж үзэхээр байна.  

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116,118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

     1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Б.Б-д холбогдох 198.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч П.О, С.Г нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

      2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 д зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.150.450 төгрөгийг улсын төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.

    3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан, хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ                                 Ж.ЦЭНГЭЛ