Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 2020/ДШМ/1461

 

105/2018/1239/Э

 

 

 

  2020            12            10                                         2020/ДШМ/1461    

 

Б.Н-, Б.Х-, Ц.Н-,

У.Ж-, Ц.Д- нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Ц.Оч, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Б.Бүжинлхам,

нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 2020/ШЗ/3266 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Б.Бүжинлхамын бичсэн 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 58 дугаартай эсэргүүцлээр Б.Н-, Б.Х-, Ц.Н-, У.Ж-, Ц.Д- нарт холбогдох эрүүгийн 201601000278 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Н-,

 

2. Х-,

 

3.  Н-,

 

4.  Д-,

 

5. Ж-,

 

1. Б.Н- нь “Өсвөр үе хүнс” ОНӨААТҮГ-ын захирлаар ажиллаж байхдаа хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.5-д “албан үүргээ гүйцэтгэх, эсхүл гүйцэтгэхгүй байхтай холбогдуулан бусдаас шан харамж шаардахыг хориглоно” гэж заасныг зөрчиж, тендер сонгон шалгаруулалтад хууль бусаар шалгарч гэрээ байгуулсан “Мосз” ХХК-ийн захирал Х.Цэндсүрэнг өөрт нь мөнгө өгөх талаар ерөнхий нягтлан бодогч Н.Ариунболдоор дамжуулан хахууль өгөхийг шаардаж Х.Цэндсүрэнгээс өөрийн ХААН банкны 5084195596 тоот дугаарын дансаар 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 738.000 төгрөг, 2015 оны 3 дугаар сарын 2-ны өдөр 1.100.000 төгрөг, 2015 оны 5 дугаар сарын 1-ний өдөр 739.000 төгрөг, 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдөр 402.000 төгрөг, нийт 2.979.000 төгрөгийг хахуульд авсан,

мөн Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны акт гаргах, удирдах, хяналт шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэж заасныг зөрчиж, тус газарт мах махан бүтээгдэхүүн нийлүүлж ашиг хонжоо олох зорилгоор “Биофүүдс” ХХК-ийг Б.Буянжаргалын нэр дээр үүсгэн байгуулж, улмаар А.Хонгорзул, өөрийн найз Т.Гантулга нарын нэр дээр дамжуулан шилжүүлж, 2014 онд “Өсвөр үе хүнс” ОНӨААТҮГ-аас зарласан тендер сонгон шалгаруулалтад “Биофүүдс” ХХК-ийг үндэслэлгүйгээр шалгаруулж, 2014 оны 9 дүгээр сарын 2-ны өдрөөс 2015 оны 8 дугаар сарын 25-ны өдөр хүртэл хугацаанд бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ байгуулж, хууль тогтоомж, дүрмээр олгогдсон эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, 1.772.100.700 төгрөгийн мах, махан бүтээгдэхүүнийг нийлүүлж улсад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт,

2. Б.Х- нь Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороонд байрлах “Өсвөр үе хүнс” ОНӨААТҮГ-ын менежерээр ажиллаж байхдаа Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйл 7.1.5-д “албан үүргээ гүйцэтгэх, эсхүл, гүйцэтгэхгүй байхтай холбогдуулан бусдаас шан харамж шаардахыг хориглоно” гэж заасныг зөрчин хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс тус газраас 2014, 2015 онуудад зарласан хүнсний ногоо зарж борлуулдаг “Эрдэнэ Энх трейд “ХХК-ийг хууль бусаар шалгаруулан гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж, албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд тус компанийн борлуулагч Ц.Н-т хахууль өгөхийг шаардан өөрийн эзэмшдэг ХААН банкны 5103029085 тоот дансаар 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 300.000 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 1.720.000 төгрөг, 2015 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр 150.000 төгрөг, 2015 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 1.320.000 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 1.529.000 төгрөг буюу нийт 5 удаагийн үйлдлээр 5.019.000 төгрөгийн,

2016 онд “Өсвөр үе хүнс” ОНӨААТҮГ-аас зарласан “Төмс хүнсний ногоо” нийлүүлэх багцад тендер сонгон шалгаруулалтаар шалгарсан “Эрдэнэ Энх трейд “ХХК-ийн борлуулагч Ц.Н-ээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль өгөхийг шаардаж 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр 800.000 төгрөг, 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдөр 1.563.000 төгрөг буюу 2 удаагийн үйлдлээр 2.363.000 төгрөг, нийт 7.382.000 төгрөгийн хахууль авсан,

мөн Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны акт гаргах, удирдах, хяналт шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, тэдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэж заасныг зөрчиж, 2015, 2016 оны хичээлийн жилүүдэд “Өсвөр үе хүнс” ОНӨААТҮГ-т хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэх аж ахуйн нэгж байгууллагыг сонгон шалгаруулах тендерийн үнэлгээний хорооны гишүүнээр ажиллахдаа “Жахо ба Тэмүүлэн” ХХК-ийн захирал У.Ж-, хүнсний бүтээгдэхүүн худалдаалдаг Ц.Д- нартай урьдчилан үгсэн тохиролцож, У.Ж-ы гарын үсгийг тендерийн баримтад өөрөө зурж, тамга тэмдэг, бусад баримт бичгүүдийг ашиглан тендерт оролцох баримт материалуудыг хуурамчаар бүрдүүлэн тус компанийг тендерт шалгаруулж, 2015 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 2015/05, 2016 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр 2016/03 дугаартай гэрээ байгуулах эрх олгож, албан үүрэг, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж гэрээнд заагдсан болон огт тусгагдаагүй нийт 67 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг тус газарт 343.396.210 төгрөгөөр,

2014 оны хичээлийн жилд “Би Зэт И И И” ХХК-ийн нэрээр “Өсвөр үе хүнс” ОНӨААТҮГ-т хүнсний бүтээгдэхүүн нийлүүлж ашиг хонжоо олох зорилгоор Ц.Д-тай урьдчилан үгсэн тохиролцож, тус компанийн тамга, тэмдэг болон бусад баримт бичгүүдийг ашиглан тендер шалгаруулалтад оролцох баримт материалыг хуурамчаар бүрдүүлэн өгч, тус компанийг хууль бусаар тендерт шалгаруулж, 2014 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр 2014/19 дугаартай гэрээ байгуулах эрх олгож, албан үүрэг, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, гэрээнд заагдсан болон огт тусгагдаагүй нийт 153 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг тус газарт 219.174.650 төгрөгөөр тус тус нийлүүлж албан тушаалаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт,

3. Ц.Н- нь “Эрдэнэ Энх трейд” ХХК-ийн борлуулагчаар ажиллаж байхдаа өөртөө болон ажилладаг байгууллагадаа давуу байдал бий болгох зорилгоор “их хэмжээний худалдан авалт хийж, төлбөрийн асуудал гаргадаггүй харилцагч байгууллагаа алдахгүй байх, цаашдын бизнесийн хамтын үйл ажиллагааны тогтвортой байдал, ашиг орлого олох” ашиг сонирхлын үүднээс “Өсвөр үе хүнс” ОНӨААТҮГ-ын менежер Б.Х-д албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан түүний Хаан банкны 5103029085 дугаартай данс руу нь үргэлжилсэн үйлдлээр 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 300.000 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 1.720.000 төгрөг, 2015 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр 150.000 төгрөг, 2015 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 1.320.000 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 1.529.000 төгрөг, 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр 800.000 төгрөг, 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдөр 1.563.000 төгрөг, нийт 7.382.000 төгрөгийг өөрийн эзэмшдэг Хаан банкны 5022555984 дугаарын дансаас шилжүүлж, хахууль өгсөн гэмт хэрэгт,

4. Ц.Д- нь Б.Х-, У.Ж- нартай урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн нийтийн албан тушаалтан Б.Х-гийн Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д заасныг зөрчиж, 2015, 2016 оны хичээлийн жилүүдэд “Өсвөр үе хүнс” ОНӨААТҮГ-т хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэх аж ахуйн нэгж байгууллагыг сонгон шалгаруулах тендерийн үнэлгээний хорооны гишүүнээр ажиллахдаа “Жахо ба Тэмүүлэн” ХХК-ийн захирал У.Ж-ы гарын үсгийг тендерийн баримтад өөрөө зурж, тамга тэмдэг, бусад баримт бичгүүдийг ашиглан тендерт оролцох баримт материалуудыг хуурамчаар бүрдүүлэн тус компанийг тендерт шалгаруулж, 2015 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 2015/5, 2016 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр 2016/03 дугаартай гэрээ байгуулах эрх олгож, албан үүрэг, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж нийт 67 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг тус газарт 343.396.210 төгрөгөөр нийлүүлж их хэмжээний хохирол учруулсан,

 2014 оны хичээлийн жилд “Би Зэт И И И” ХХК-ийн нэрээр “Өсвөр үе хүнс” ОНӨААТҮГ-т хүнсний бүтээгдэхүүн нийлүүлж ашиг хонжоо олох зорилгоор тус компанийн тамга, тэмдэг болон бусад баримт бичгүүдийг ашиглан тендер шалгаруулалтад оролцох баримт материалуудыг хуурамчаар бүрдүүлэн өгч, тус компанийг хууль бусаар тендерт шалгаруулж, 2014 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр 2014/19 дугаартай гэрээ байгуулах эрх олгож, албан үүрэг, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, 153 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг тус газарт 219.174.650 төгрөгөөр нийлүүлж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдэхэд "Би Зэт И И И" “ХХК, Жахо ба Тэмүүлэн” ХХК-иудын тамга тэмдэг, бичиг баримтуудыг өгч ашиглуулахаар урьдчилан амлаж, бичиг баримт тамга тэмдгийг олж өгч бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж, бүлэглэн хамтран оролцсон гэмт хэрэгт,

5. У.Ж- нь Нийтийн албан тушаалтан Б.Х-, хувиараа хүнсний ногоо борлуулдаг Ц.Д- нартай бүлэглэн Б.Х-гийн Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д заасныг зөрчиж, албан үүрэг, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж “Жахо ба Тэмүүлэл” ХХК-ийг хууль бусаар тендерт шалгаруулан, “Өсвөр үе хүнс” ОНӨААТҮГ-тай 2015/05, 2016/03 дугаартай гэрээ байгуулан, нийт 67 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг тус газарт 343.396.210 төгрөгөөр нийлүүлж, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдэхэд “Жахо ба Тэмүүлэл” ХХК-ийн тамга тэмдэг, бичиг баримтуудыг өгч ашиглуулах замаар урьдчилан амлаж бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж, бүлэглэн хамтран оролцсон хэрэгт тус тус холбогджээ.

 

Нийслэлийн прокурорын газраас: Б.Н-ы үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4, мөн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар,

Б.Х-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4, мөн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар,

Ц.Н-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Ц.Д-, У.Ж- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг мөрдөн байцаалтын явцад нотолбол зохих байдлаар тогтоогоогүй, яллагдагч нарын үйлдлийн улмаас хэр хэмжээний хохирол улсад учирсан болохыг баримтаар бүрэн тогтоох боломжтой байна. Өөрөөр хэлбэл, Өсвөр үе хүнс ОНӨААТҮГ-т 2014 оны 9 дүгээр сараас 2015 оны 8 дугаар сарыг дуустал нийлүүлж байсан махны үнэ 1.772.100.700 төгрөг юм бол тухайн хугацаан дахь зах зээлийн үнийг нэгж тутмаар нь тооцох бодит эх сурвалж тухайн төрлийн бараа материалыг худалдаалагчдад болон бусад эх сурвалжид хадгалагдаж байдаг болно. Дээрхтэй ижил байдлаар 2015, 2016 онуудад Өсвөр үе хүнс ОНӨААТҮГ-т нэр бүхий аж ахуйн нэгжээс нийлүүлсэн хүнсний бүтээгдэхүүний үнийг тооцох, мөн 2015/5, 2016/03 дугаартай гэрээнд тусгагдаагүй барааны үнэ хэдэн төгрөг болохыг тогтоох боломжтой байна.

Яллагдагч Б.Н-ыг 1.772.100.700 төгрөгийн, яллагдагч Б.Х-г бусадтай бүлэглэн нийт 562.570.860 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэж яллах дүгнэлт үйлдсэн байх хэдий ч тухайн үнийн дүнгийн хэд нь Өсвөр үе хүнс ОНӨААТҮГ-т нийлүүлэгдсэн барааны тухайн цаг хугацааны зах зээлийн бодит үнэ эсэх, хэд нь бодит үнээс илүү үнэ эсэх, хэд нь гэрээнд заагдаагүй барааны үнэ эсэхийг ялгаж хөрөнгийн үнэлгээ гаргах, эрх бүхий байгууллагуудаар үнэлгээ хийлгэж хохирлыг тогтоох нь зүйтэй байна.

Энэ нөхцөл байдлыг тусгай эрх бүхий хөндлөнгийн зохих байгууллага, түүний мэргэжилтэн тусгай мэдлэгийн хүрээнд судалгаа, мэдээлэл цуглуулж тодорхой цаг хугацаанд хийж гүйцэтгэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцнэ. Нийслэлийн прокурорын газрын 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 240 дугаартай яллах дүгнэлтийн хавсралтын 4 дэх хэсэгт яллагдагч Б.Н- нь 1.772.100.700 төгрөгийн, яллагдагч Б.Х- нь Ц.Д-, У.Ж- нартай бүлэглэн 343.396.210 төгрөгийн, яллагдагч Б.Х- нь Ц.Д-тай бүлэглэн 219.174.650 төгрөгийн буюу нийт 562.570.860 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.3 дахь заалтад заасан хохирол, хор уршгийн талаарх мэдээллийг үндэслэлтэйгээр тогтоогоогүй гэж үзэхээр байна. Дээрхээс үзэхэд яллагдагч нар нь улсад учруулсан хохирлыг төлж барагдуулсан эсэх, төлж барагдуулаагүй байгаа бол хэдий хэмжээний хохирлыг хэнээс гаргуулах нь тодорхой бус байна гэх үндэслэлээр мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэхээр хэргийг прокурорт буцааж, яллагдагч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Прокурор Б.Бүжинлхам бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...шүүхийн шийдвэр хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлага хангаагүй, хэргийг прокурорт буцаах тухай хууль зүйн дүгнэлт нь хэргийн бодит байдалд нийцээгүй гэж үзэж байна.

Учир нь, анхан шатны шүүх урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд хэргийн оролцогч нараас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дугаар зүйлийн 6.15-т заасан “мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэх хүсэлт хүсэлт” гаргаагүй, урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцэх асуудалд хамааралгүй, гэм буруугийн шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтыг шинжлэн судлаж, талуудын тэгш мэтгэлцээний үндсэн дээр шийдвэрлэх асуудал байтал урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд яллагдагчийн гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд анхаарах хүчин зүйл болох нөхцөл байдал нотлох баримтын талаар урьдчилан дүгнэлт хийснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны “хууль ёсны” байх зарчмыг ноцтой зөрчсөн гэж үзнэ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 11 дэх хэсэгт “шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллагдагчийн гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотой асуудлыг хэлэлцэхгүй” гэж тодорхой заасан байхад анхан шатны шүүхээс оролцогч нарын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг үндэслэн хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийж үндэслэлгүйгээр хэргийг прокурорт буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж байх тул шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. Хохирол хор уршгийн асуудлыг гэрээний үнийн дүнгээр тооцож хичнээн төгрөгийг гаргуулах асуудлыг урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд хэлэлцэх асуудал биш гэж үзэж байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3-т заасан шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр бичсэн эсэргүүцлээ дэмжиж байна. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Б.Н-, Б.Х-, Ц.Н-, У.Ж-, Ц.Д- нарт холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид заасан үндэслэлээр мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэхээр хэргийг прокурорт буцаах шаардлагагүй гэж үзэв.

 

Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудын талаар шалгасан байх бөгөөд уг байдлуудыг шүүх хуралдааны явцад нотлох талаар мөн зүйлд заажээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан, яллагдагч нарын гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэх боломжтой байх тул нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийх шаардлагагүй гэж үзлээ.

Тодруулбал, хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн гэрч, шинжээч, яллагдагч нарын мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтуудын эх сурвалжийг магадлах аргаар шалган үнэлэлт өгч, тэдгээрийг агуулгын хувьд хооронд нь харьцуулан дүгнэлт хийж, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасан нөхцөл байдлыг тогтоож, хууль зүйн дүгнэлт хийн хэргийг шийдвэрлэх боломжтой байх тул прокурорын эсэргүүцлийг хүлээн авч шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Б.Н-, Б.Х-, Ц.Н-, У.Ж-, Ц.Д- нарт холбогдох хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатнаас дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Шүүх шаардлагатай гэж үзвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шинжилгээ хийлгэх шийдвэр гаргах эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн 605 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Б.Н-, Б.Х-, Ц.Н-, У.Ж-, Ц.Д- нарт холбогдох хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатнаас дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2. Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх хүртэл Б.Н-, Б.Х-, Ц.Н-, У.Ж-, Ц.Д- нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 М.АЛДАР

 

ШҮҮГЧ                                                        Ц.ОЧ

 

                                    ШҮҮГЧ                                                        Л.ДАРЬСҮРЭН