| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Чагдаагийн Хосбаяр |
| Хэргийн индекс | 166/2017/0260/Э |
| Дугаар | 142 |
| Огноо | 2019-03-27 |
| Зүйл хэсэг | 096.1., 11.6.2., 17.2.1., 17.2.2., |
| Улсын яллагч | Ц.Насанбат |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2019 оны 03 сарын 27 өдөр
Дугаар 142
С.С, Т.Б, М.Н
нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай
Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Насанбат, нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 412 дугаар шийтгэх тогтоол, Дархан-Уул аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 08 дугаар магадлалтай, С.С, Т.Б, М.Н нарт холбогдох 201709000303 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч С.С-ын өмгөөлөгч Н.Баярмаагийн гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.
1.Монгол Улсын иргэн, 1979 онд төрсөн, 40 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, цэцэрлэгийн багш мэргэжилтэй,
Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 2001 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 103 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.1-д зааснаар 25,000 төгрөгөөр торгох ял,
Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 2002 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 356 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар 251 цаг албадан ажил хийлгэх ял,
Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 2006 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 74 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар 350 цаг албадан ажил хийлгэх ял,
Сум дундын 7 дугаар шүүхийн 2014 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 128 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2, 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар 5 жил 4 сар 10 хоног хорих ялаар тус тус шийтгүүлж, 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдөр эдлээгүй үлдсэн 08 сар 04 хоногийн хорих ялаас тэнсэж суллагдсан, Б овогт С-ын С нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан “Бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах”, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-д заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авах”, 17.2 дугаар зүйлийн 2-т заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн дээрэмдэж авахаар довтлох” гэмт хэрэгт,
2.Монгол Улсын иргэн, 1978 онд төрсөн, 41 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 190 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар 1 жил 6 сар хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан Б овогт Т-ын Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн дээрэмдэж авахаар довтлох”, 11.6 дугаар зүйлийн 2-т заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт,
3.Монгол Улсын иргэн, 1987 онд төрсөн, 32 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, ял шийтгэлгүй, А овогт М-ны Н нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-д заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авах” гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч С.С-д 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар зүйлчилж, С.С-ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авсан, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн дээрэмдэж авахаар довтолсон, Т.Б-ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн дээрэмдэж авахаар довтолсон, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, М.Н-ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2-т зааснаар Т.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, С.С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 2 жил 6 сар хорих ял, 17.2 дугаар зүйлийн 1-д зааснаар 6 сар хорих ял, 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар 2 жил хорих ял, Т.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар 2 жил хорих ял, М.Н-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-д зааснаар 6 сар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар хорих ялыг нэмж нэгтгэн С.С-ын биечлэн эдлэх ялыг 5 жил хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-д зааснаар Т.Б-өд энэ тогтоолоор оногдуулсан 2 жил хорих ял дээр Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 190 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар оногдуулсан 1 жил 6 сар хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 3 жил 6 сар хорих ялаар тогтоож, шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Дархан-Уул аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу тайлбарласан гэсэн үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэжээ.
Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч С.С-ын өмгөөлөгч Н.Баярмаа гаргасан гомдолдоо “Анхан шатны шүүх С.С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-т заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцон хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хувийн байдлыг харгалзан үзэж 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан. С.С нь 1 нас 5 сараас 24 насны 4 хүүхэдтэй бөгөөд бага хүү С.Х нь зүрхний төрөлхийн хүнд хэлбэрийн гажиг-Фаллогийн дөрвөл оноштойгоор мэс засал хийлгэж, мэс заслын дараах хүндрэлээс шалтгаалан 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр нас барсан. Гэмт хэрэг үйлдэхэд хүрсэн нь хохирогчийн хууль бус, зүй бус үйлдэл нөлөөлсөн гэж үздэг. Анхан шатны шүүх 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1-т “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасныг үндэслэн буцаан хэрэглэгдэх шинжийг агуулж байгаа илүү хөнгөн хууль гэдэг ойлголтод гэмт хэргийн шинж чанарыг тодорхойлж буй диспозицийн багтаамж, ял шийтгэлийн төрөл агуулгад орсон өөрчлөлт, хүний эрх зүйн байдлыг ямар нэг хэлбэрээр дээрдүүлж байгаа эрүүгийн хуулийн бусад зохицуулалтууд мөн адил багтдаг, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дугаар зүйлийн 1-т “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээгээр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан нь ялын доод хэмжээ багасаж, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн байх тул 2015 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх нь зүйтэй гэж үзсэн. Анхан шатны шүүхийн шийдвэр нь С.С-ын эрх зүйн байдлыг дээрдүүлсэн байгаа тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
Хяналтын шатны шүүх хуралдаанд хяналтын прокурор Ц.Насанбат гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн хүндрүүлэх нөхцөл байдалд “зэвсэг хэрэглэх, зэвсгийн чанартай зүйл хэрэглэх” гэсэн шинж байхгүй. Харин 2015 онд батлагдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн хүндрүүлэх нөхцөл байдалд “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэх” гэсэн шинжийг тодорхойлсон байна. Дээрх утгаар авч үзвэл анхан шатны шүүхээс С.С-ын Х.С-ийг хутгалж, биед нь хүнд хохирол учруулсан үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь зөв. Хууль зүйн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тодорхойлсон нөхцөл байдлыг анхан шатны шүүх агуулгаар нь зөв хэрэглэсэн харагдаж байгаа боловч шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг зөвтгөж, хяналтын шатны шүүхээс энэ заалтыг журамлахаар өөрчлөлт оруулбал хууль хэрэглээний алдаа гарахгүй. Иймд магадлалыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө үйлдэгдсэн “С.С-, М.Н- нар нь бүлэглэн 2018 оны 3 дугаар сарын 23-ны орой Дархан-Уул аймгийн 11 дүгээр багт байрлах “Роял” зочид буудлын орчим иргэн Л.О-ны 454,500 төгрөгийн үнэ бүхий гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан” үйлдлээс бусад үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйлчлэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлах, мөн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан” гэж тус тус өөрчлөлт оруулах саналтай байна” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баярмаагийн гаргасан гомдлыг үндэслэн С.С, Т.Б, М.Н нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.
Прокуророос шүүгдэгч С.С-ыг 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 9 дүгээр баг, “Оюуны-Ирээдүй” цогцолбор сургуулийн хажуу талын “Кузов” засварын манаачийн байранд иргэн Х.С-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, түүний цээжин тус газар нь хутгалж бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан хэмээн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэсэн гэсэн үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.
Учир нь 2002 оны Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлд зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйлийг хүндрүүлэн үзэх шинж болгон заагаагүй бол 2015 оны Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлд уг шинжийг гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүн болгож хуульчилж 5-12 жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар хуульчилсан байна.
Шүүгдэгч С.С-ын дээрх үйлдэл нь 2002 оны Эрүүгийн хууль хүчин төгөлдөр үйлчилж байх үед үйлдэгдсэн бөгөөд уг хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт 5-7 жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар зааснаас үзэхэд хорих ялын дээд хэмжээ нэмэгдэж, шүүгдэгчийн эрх зүйн байдал дордох нөхцөл байдал тогтоогдсон байтал анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хуулийг буцаан хэрэглэжээ.
Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг дээрх үндэслэлээр хүчингүй болгон хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан тул шүүгдэгч Т.Б, М.Н нарын үйлдэлд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.
Иймд шүүгдэгч С.С-ын өмгөөлөгч Н.Баярмаагийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1. Дархан-Уул аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 08 дугаар магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.С-ын өмгөөлөгч Н.Баярмаагийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
ДАРГАЛАГЧ Б.ЦОГТ
ШҮҮГЧ Б.БАТЦЭРЭН
Д.ГАНЗОРИГ
Ч.ХОСБАЯР
Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН