Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2018/01945

 

 

 

 

 

2018 оны 09 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2018/01945

 

 

 

 

Г.Оюунчимэгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Ш.Оюунханд, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 102/ШШ2018/01961 дүгээр шийдвэртэй, Г.Оюунчимэгийн нэхэмжлэлтэй Ш.Урангаравт холбогдох, хохиролд 14 969 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярмаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Галцацрах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

Нэхэмжлэгч Г.Оюунчимэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: Ш.Урангаравтай 2011 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс харилцан тохирч хөлсөөр ажиллах гэрээ байгуулан цалинжуулж, худалдагчаар ажиллуулсан. Талуудын хооронд байгуулагдсан хөлсөөр ажиллах гэрээний үүрэгт бараа хүлээж авах, хүлээлгэж өгөх, бүртгэл хөтлөх, тооцоо нийлэх зэргийг тусгасан байдаг. Г.Оюунчимэг Тумбааш барааны дэлгүүрт засвар хийхээр болж, Нарлаг их дэлгүүр рүү бараагаа зөөсөн. 2013 оны 7 дугаар сарын эхэн үеэс Ш.Урангаравыг ажилдаа ирэхгүй болохоор аргагүйн эрхэнд худалдагч н.Гэрэлмаа, н.Амаржаргал нарыг байлцуулж үлдэгдэл бараанд тооллого хийхэд 14 469 000 төгрөгийн бараа дутсан байсан. Түүнээс хойш Ш.Урангаравтай энэ асуудлаар олон удаа уулзаж, утсаар харилцаж байсан. 2013 оны 8 дугаар сарын 21-ны өдөр Ш.Урангарав, Г.Оюунчимэгт 2015 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр гэхэд 2 500 000 төлнө, үлдэгдэл төлбөрийг хугацаа зааж төлөхөөр тохирч, тодорхойлолт бичээд гарын үсэг зурсан. Г.Оюунчимэгийг бараа тоолох үед Ш.Урангарав дутсан барааг бусад худалдагч нараас авч, ижил төрлийн бараа тоолуулж төлбөргүй гарч байсан нь сүүлд тогтоогдсон.

Ш.Урангаравын 2015 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн дотор 2 500 000 төгрөг төлж барагдуулна гэж зурсан гарын үсэг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр Ш.Урангаравын гарын үсэг мөн болох нь тогтоогдсон. Хариуцагч гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйгээс 14 469 000 төгрөгийн бараа дутсан. Ш.Урангарав лангууны түрээсийн төлбөрийг орлогоороо төлдөг байсан учраас түрээсийн төлбөр 500 000 төгрөг төлөх үүрэгтэй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед нэхэмжлэгчийн төлсөн шинжээчийн төлбөр 1 600 000 төгрөг нийт 16 296 000 төгрөг хариуцагчаас нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагч Ш.Урангарав шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Хөлсөөр ажиллах гэрээний дагуу худалдагчаар ажиллаж Г.Оюунчимэгээс цалин авч байсан ба дутаасан, завшсан зүйл огт байхгүй. Өдөр бүрийн орлогоо Г.Оюунчимэгт тушааж, тооллого хийж, тулгадаг байсан. Г.Оюунчимэг өдөр бүрийн орлого хүлээж авлаа гэж гарын үсэг зурдаггүй, Ш.Урангарав орлого хүлээлгэж өглөө гэж гарын үсэг зурдаггүй байсан. Мөн өдөрт ямар бараа зарсан, бараа хүлээлгэж өгөх, хүлээж авахдаа нэхэмжлэгч, хариуцагч нар баримт үйлддэггүй байсан. Тумбааш дэлгүүрийн барааг Нарлаг дэлгүүр рүү зөөхөд талуудад бараа тоолох боломж байсан. Тухайн үед нэхэмжлэгч Г.Оюунчимэг 2-3 хоногийн дараа бараа тоолно гэж хэлээд явсан. Удалгүй Ш.Урангаравыг байлцуулахгүйгээр барааны тооллого хийсэн байсан. Г.Оюунчимэг намраас эхлэн Ш.Урангаравыг бараа дутаалаа гэж утсаар дарамталсан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн Ш.Урангаравыг тооллого хийхэд дутсан бараагаа бусад худалдагч нараас нөхөж авчирдаг байсан гэх тайлбар үндэслэлгүй байна. Г.Оюунчимэг, Ш.Урангаравыг сүрдүүлж, айлгаж хавтаст хэргийн 6 дугаар хуудсанд авагдсан тодорхойлолтод гарын үсэг зуруулсан байсан. Мөн хавтаст хэрэгт Ш.Урангаравын Г.Оюунчимэгтэй бараа хүлээлцсэн нэг ширхэг ч гарын үсэг байдаггүй. Нэхэмжлэгч Г.Оюунчимэг үндэслэлгүй мөнгө нэхэмжилж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх заалтыг баримтлан хариуцагч Ш.Урангараваас 13 866 100 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Г.Оюунчимэгт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1 102 900 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 273 300 төгрөгөөс 232 795 төгрөгийг улсын орлогод үлдээж, илүү төлсөн 40 505 төгрөгийг Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас буцаан гаргуулж, хариуцагч Ш.Урангараваас 227 280 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь заалтыг баримтлан шинжээчийн зардалд хариуцагчаас 1 440 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Г.Оюунчимэгт олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4.3-т Эдийн засгийн холбогдолтой шинжилгээний материалын хувьд эрх бүхий байгууллагын акт, дүгнэлт гарсан байх шаардлагыг шинжилгээний объектод тавьсан хуулийн зохицуулалт байсаар байхад, анхан шатны санхүүгийн баримтгүй гарын үсэг тамга тэмдэггүй, хэзээ хэн яаж бичсэн нь тодорхойгүй, бал бэх хольж бичсэн, гадаад үг үсэгтэй баримт падаан үндэслэн гаргасан шинжээчийн дүгнэлтийг үндэслэн шийдвэр гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр биш гэж үзэж гомдол гаргаж байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Г.Оюунчимэг нь хариуцагч Ш.Урангаравт холбогдуулан гэрээний үүрэг зөрчсөн, дутаасан барааны үнэ 14 969 000 төгрөг, шинжээчийн зардалд төлсөн 1 600 000 төгрөг, нийт 16 296 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянах учиртай.

Анхан шатны шүүх хэрэг хянаж шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байна.

Шүүх хөлсөөр ажиллах гэрээний улмаас нэхэмжлэгчид учирсан хохирлын хэмжээг шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуурх шинжээч буюу Есөнхангай аудит ХХК-ийн дүгнэлтэд үндэслэн тогтоосон.

Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт Шинжилгээг шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур хийлгэх бол эрх бүхий этгээд нь тусгай мэдлэг бүхий тухайн хэрэгт хувийн сонирхолгүй хүнийг урьж, хувийн бичиг баримт, мэргэжил, чадвар, шинжээчээр оролцуулж болохгүй үндэслэл, шинжээчээр ажиллахыг зөвшөөрч байгаа эсэхийг урьдчилан тодруулна гэжээ.

Хуулийн дээрх заалтыг хэрэгжүүлээгүйгээс шүүхийн шийдвэр хүчингүй болсон атал хэргийг дахин хянан шийдвэрлэхдээ ч хяналтын шатны шүүхийн тогтоолд заасан зөрчлийг гаргажээ. Өөрөөр хэлбэл, Анхан шатны шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх шинжээчид зөвхөн эрх, үүрэг тайлбарлаж хууль сануулсан ба Шүүхийн шинжилгээний тухай хуулийн дээрх зүйл заалтад заасан бусад ажиллагааг хийгээгүй орхигдуулжээ. /1хх-224/ Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч энэ талаар хүсэлт гаргаж байсан ч, шүүх нэмэлт шинжилгээ хийлгэхдээ ч хуулийн дээрх шаардлагыг хэрэгжүүлээгүй, энэ талаар баримт хэрэгт байхгүй байна. /2хх-ийн 80,164-177 дугаар тал/ Иймээс, Есөнхангай аудит ХХК-ийн /Т.Оюунчимэг/ шинжээчийн тайланг хуульд заасан журмын дагуу бүрдүүлж, цуглуулсан нотлох баримт гэж үзэх боломжгүй юм.

Түүнчлэн шүүх Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 19, 20 дугаар зүйлд заасан нэмэлт шинжилгээ, давтан шинжилгээний алийг хийлгэх нь зохистойг анхаараагүй нь учир дутагдалтай.

Талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ шинжээч Есөнхангай аудит ХХК-ийн/-ийн тайланд үндэслэсэн, уг дүгнэлтийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт Нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол тэдгээр нь нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй гэж заасныг зөрчсөн гэж үзнэ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны дээрх зөрчлийг давж заалдах шатны шүүхээс зөвтгөн засах, хэргийн үйл баримтад хууль хэрэглээний дүгнэлт хийх, гомдолд дурдснаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй болно.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1 Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 102/ШШ2018/01961 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн хариуцагчийн 235 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

Б.НАРМАНДАХ