Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2019/00037

 

 

 

А ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 181/ШШ2018/02267 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч А ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч А ХХК-д холбогдох,

149 500 000 төгрөгт НӨАТ-ын шивэлтийн баталгаажуулалтыг хийж баримтыг нэн даруй А ХХК-д хүргүүлэхийг даалгуулах, 70 000 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай, хэлцэл хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн гаргасан гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц, С.Б, хариуцагчийн төлөөлөгч Б, хариуцагчийн өмгөөлөгч Б.Баттөмөр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Туул нар оролцов.

 

Нэхэмжлэгч А ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Талууд харилцан тохиролцож тооцоо нийлж 2016 оны 6 сарын 22-ны өдөр гэрээ байгуулсан. Гэрээгээр А ХХК нь 149 500 000 төгрөгт НӨАТ-ын шивэлтийн баталгаажуулалтыг хийж баримтыг А ХХК-д өгөх, А ХХК-д төлөх төлбөр болох 140 000 000 төгрөгийг 2 хувааж, 50 хувийг нь 2016 оны 6 сарын 25-нд, үлдэгдэл хувийг 2016 оны 7 сарын 1-ний өдөр төлөх үүрэг хүлээсэн ба хэрэв үүргээ гүйцэтгээгүй бол гэрээний 3 дугаар зүйлд хариуцлагын талаар тохирсон. Гэтэл хариуцагч компани нь одоог хүртэл гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, 2016 оны 7, 8 сард төлбөрөөс 70 000 000 төгрөгийг л төлж бусад үүргээ одоог хүртэл биелүүлээгүй. Манай компанийн зүгээс хариуцагчид удаа дараа мэдэгдэл, шаардлага хүргүүлж хугацаа олгосон боловч өнөөдрийг хүртэл хүлээсэн үүргээ биелүүлээгүй бөгөөд үүнээс болж компанийн хэвийн үйл ажиллагаа доголдож, ажил тасалдаж асар их хохирол учирсан. Хариуцагч А ХХК нь иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлд дурдсан 2 өрөө 2 айлын орон сууцыг С, Г нарын нэр дээр шилжүүлж гэрчилгээ гаргуулсан байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан орон сууцнууд бусдын өмчлөлд шилжсэн, А ХХК-аас нэхэмжлэх боломжгүй болсон тул А ХХК-д шилжүүлсэн 149 500 000 төгрөгт НӨАТ-ын шивэлтийн баталгаажуулалтыг хийж баримтыг нэн даруй А ХХК-д хүргүүлэхийг даалгах шаардлагаа хэвээр үлдээж, гэрээний 3.2-т заасны дагуу үлдэгдэл 70 000 000 төгрөгийн төлбөрт хариуцагч компанийн барьж байгаа С... нутаг дэвсгэрт баригдаж буй орон сууцны барилгаас 1 давхрын 45.26 м.кв бүхий В, С байрлалын 2 өрөө 2 айлын орон сууцыг А ХХК-ийн өмчлөлд шилжүүлэх шаардлагыг талуудын хооронд байгуулагдсан гэрээний үүргийн гүйцэтгэлд 70 000 000 төгрөгийг гаргуулах гэж өөрчилсөн. Иймээс нэхэмжлэлийг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч А ХХК-ийн тайлбарт: А ХХК нь дээрх барилгад хөрөнгө оруулсан гэх 140 сая төгрөгийн баримт тооцоогоо А ХХК-д гаргаж өгөх ёстой. Гэтэл А ХХК нь өнөөдрийг хүртэл уг 140 сая төгрөгийн зарцуулалтын тайлан, санхүүгийн баримт материалыг гаргаж өгөөгүй, барилгад оруулсан Лексус 570 маркын машиныг 85 сая төгрөгөөр тооцож оруулсан боловч уг машиныг 50 сая төгрөгөөр банк бус санхүүгийн байгууллагад тавьж барилгад зарцуулсан. Иймд А ХХК-аас нэхэмжилж байгаа үнийн дүнг зөвшөөрөхгүй. 2015 оны 8 сарын 13-ны өдөр А ХХК-тай Барилгын ажил гүйцэтгэх 15/09 тоот гэрээ байгуулсан ба уг гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2-т зааснаар Барилгын ажлын санхүүжилтийг ажлын үе шаттай уялдуулан хавсралт 2-т заасан байдлаар хийнэ гэсэн үүрэг хүлээсэн байдаг. Гэтэл нэхэмжлэгч А ХХК нь дээр дурдсан гэрээний аль ч үүргээ биелүүлээгүй. А ХХК-ийн зүгээс барилгын ажлыг цаг хугацаандаа гүйцэтгэсэн хэдий ч А ХХК-ийн зүгээс ажлын үе шатны санхүүжилтийг хийгээгүйн улмаас авах байсан санхүүжилтийн оронд бусад гуравдагч этгээдээс мөнгө зээлж, зээлийн хүү төлөх болон бусад байдлаар хохирсон. Гэвч А ХХК нь гэрээний үүргээ биелүүлээгүйгээр үл барам ор сураггүй алга болсон. Улмаар ... зүгээс А ХХК-тай байгуулсан гэрээгээ цуцалсан тухайгаа мэдэгдэж, манай байгууллагатай гэрээ байгуулсан.

Гэрээний үүргээ зөрчсөн этгээдэд мөнгө нэхэмжлэх эрх байхгүй. Гэрээний 1.1-д А ХХК нь ... газартай байгуулсан тус дүүргийн 18 дугаар хороонд байрлах дүүргийн Засаг даргын тамгын газрын 20 айлын орон сууцны гүйцэтгэгчийн эрх, үүргийг, хариуцлагыг ... А ХХК-д шилжүүлнэ гэж заасан байдаг. Энэ нь үндэслэлгүй, биелэгдэх боломжгүй заалт байсан. ... зүгээс А ХХК-тай байгуулсан гэрээгээ цуцалж, А ХХК-тай 2015 оны 12 сарын 25-нд гэрээ байгуулсан байсан. ... Засаг дарга баталж, ... газрын эрх бүхий этгээд гэрээ байгуулан уг барилгыг барих эрхийг А ХХК-д олгосон ба харин А ХХК нь уг барилгын талаар эрх эдлэх, үүрэг хүлээх боломжгүй болсон байсан. А ХХК нь 2016 оны 6 сарын 22-нд барилга барих эрхгүй байсан гэдэг нь хэргийн материалд авагдсан нотлох баримтаар тогтоогдож байгаа. Гэтэл А ХХК нь анх нэхэмжлэл гаргахдаа л тооцоо нийлсэн байсан гэж худал зүйл бичиж, шүүхийг төөрөгдүүлэх гэж оролдсон. Нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй баримтууд хавсаргаж өгч байгаа нь үндэслэлгүй байна. Нийт 167 334 958 төгрөгийн зардал гараад түүнээс 149 183 378 төгрөгийг нь нэхэмжилж байгаа мэтээр харагдуулахаар тооцоо гаргасан байна. Мөн хавсаргасан нотлох баримтуудыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч А ХХК-ийн сөрөг нэхэмжлэл болон тайлбарт: Талуудын хооронд барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан. Уг гэрээний дагуу ... дүүргийн Засаг даргын тамгын газрын ажилчдын 20 айлын орон сууцны барилгын ажлыг гүйцэтгэгч А  ХХК нь тэнхлэгээр нь тооцож 1 м.кв-ыг 700,000 төгрөгөөр гүйцэтгэж, 2015 оны 11 сарын 15-ны өдөр захиалагч А ХХК-д хүлээлгэн өгөхөөр тохиролцсон. Гэрээний дагуу гүйцэтгэгч А  ХХК нь барилгын ажил гүйцэтгэж эхэлсэн бөгөөд ажил гүйцэтгэж эхлэхэд А ХХК нь барилгын ажлын зураг төслийг өгөөгүй, санхүүжилтийг тогтоосон хуваарийн дагуу хийгээгүй удаа, дараа шаардуулж ирсэн. ... Засаг даргын тамгын газрын ажилчдын 20 айлын орон сууцны барилгын ажлын эхний санхүүжилтэд зориулж 2009 онд үйлдвэрлэгдсэн ... улсын дугаартай, Тоёота Лексус-570 маркийн авто машиныг 85 000 000 төгрөгт тооцож авах санал тавьсан бөгөөд ажил хангалттай гүйцэтгэлтэй байсан тул арга буюу зөвшөөрч, уг машиныг 185 000 000 төгрөгт тооцож авсан. Уг машин мөргөлдөж байсан тул 35 000 000 төгрөгийн алдагдал хүлээсэн. Ингээд барилгын ажил гүйцэтгэж байх хугацаанд А  ХХК-ийн зүгээс санхүүжилтээ хийгээгүй, ажлыг хаяж явсан. Ингээд гүйцэтгэсэн ажлын хөлсийг шаардах захиалагчгүй болсон. Манайх ... газарт хандахад А ХХК-тай байгуулсан барилгын ажил гуйцэтгэх гэрээг цуцалж, ... газрын ажилчдын 20 айлын орон сууцны барилгын ажлыг А ХХК-аар гүйцэтгүүлэх саналыг тавьж, гэрээ байгуулж ажилласан. А ХХК нь сураггүй байж байгаад гэнэт барилга ашиглалтад орох үед буюу 2016 оны 6 сард гарч ирээд, сонгуульд нэр дэвшиж байгаа Засаг дарга Чыг Сонгуулийн ерөнхий хороо болон шүүхэд өгнө гэж сүрдүүлж, хохирол шаардах болсон. А ХХК-ийн захирал ...лексус-570 автомашины үнэ 85 000 000 төгрөгөөс өөр үндэслэлгүй мөнгө нэхэхгүй, дахин энэ гэрээнээс үүрэг үүсэхгүй, гэрээнд дурдсан мөнгийг баримтад үндэслэж авах боломжтой, бидэнд баримт байхгуй тул дахиж мөнгө нэхэхгүй, ямар ч үр дагавар үүсэхгүй гэж тайлбарласан. ... Засаг дарга ........ гэрээнд заавал гарын үсэг зур гэх шахалтаас үүдэж, арга буюу 2016 оны 6 сарын 22-ны өдрийн гэрээнд гарын үсэг зурж, тамга дарсан. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар захиапагч А ХХК нь мөнгө шаардах эрхгүй бөгөөд захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг хүлээх хуулийн зохицуулалттай. Захиалагч А ХХК нь А ХХК-д гүйцэтгэсэн ажлын хөлс төлөх үүрэгтэй бөгөөд мөнгө шаардах эрхгүй. А ХХК болон А ХХК нарын хооронд байгуулсан 2015 оны 8 сарын 13-ны өдрийн 15/09 дүгээр Барилгын ажил гүйцэтгэх гэрээнээс өөр эрх зүйн харилцаа үүсээгүй байхад гэрээний үр дагавар болгож дахин гэрээг байгуулах замаар бусдыг төөрөгдүүлэх нь хууль бус үйлдэл юм. Манай зүгээс барилгын санхүүжилтэд зориулж өгсөн лексус-570 авто машины үнэ 85 000 000 төгрөгөөс 70 000 000 төгрөгийг шилжүүлсэн. Бусад төлбөрийг шилжүүлэх үүрэггүй тул мөнгө шилжүүлээгүй. А ХХК-ийн хувьд тохиролцооны зүйл нь зөвхөн автомашин гэж бодож ноцтой төөрөгдөж гэрээнд гарын үсэг зурсан байх тул А ХХК болон А ХХК нарын хооронд байгуулсан 2016 оны сарын 22-ны өдрийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч А ХХК-ийн тайлбарт: Барилгын ажлыг цаг алдахгүй явуулах үүднээс ажлын зургийг хэсэгчлэн өгч байсан. Ажлын зураггүй барилгад юу ч хийх боломжгүй тул цэвэр гүтгэж байна. Авто машиныг анхны ажил гүйцэтгэх гэрээнд санхүүжилтэд өгөхөөр тохиролцож, өөрөө шаардаж авсан. Авсныхаа дараа 7 хоног унаж байгаад нэр шилжүүлж эзэмшилдээ авсан ба унаж байх хугацаандаа ямар нэг байдлаар машины талаар гомдол санал хэлээгүй. Шилжүүлэг хийгдсэн үеэс автомашины өмчлөх эрх өөр хүний өмч болсон учраас машинаа хэрхэх нь тэр хүний л асуудал. 2015 оны 12 сарыг дуустал хариуцагч талтай байнгийн холбоотой байсан. 2016 оны 6 сарын 22-ны гэрээг 2 талаас харилцан тохиролцож байгуулсан. Бид 3 сараас хойш дүүрэг болон А ХХК-ийн О.Б-той уулзах гэж их хөөцөлдсөн боловч зугтаад байсан. Харин 2015 оны 8 сарын 13-ны өдрийн барилгын ажил гүйцэтгэх /туслан гүйцэтгэх/ гэрээг н.Б хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээ байгуулсан гэж өөрөө төөрөгдөж байна. Хамтран ажиллахаар болсон бол 1 000 000 төгрөгийн дүрмийн сантай хөрөнгийн чадамжгүй компани сонгохгүй. Б барилгыг өөрийн эзэмшлийнх гэж үзэж байгаа бол үүнийгээ нотлох шаардлагатай. Манай байгууллага ерөнхий гүйцэтгэгчийн үүргээр захиалагчдаас захиалга болон санхүүжилт авч, туслан гүйцэтгэгч болох А ХХК-д санхүүжилтийг өгч, ажил гүйцэтгүүлэх болсон. Б нь хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээ хийсэн гэж төөрөгдөн одоог хүртэл залилан мэхлэх ажиллагаа тасралтгүй явуулж байна. 2015 оны 10 сарын 7-ны өдрийн 15/10-01 албан бичгээр барилгын ажлын гүйцэтгэлийг Б өөрөө зогсоосон шийдвэр гаргасан гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 58.2.2, 186 дугаар зүйлийн 186.1 дахь заалтыг баримтлан 149 500 000 төгрөгт НӨАТ-ын шивэлтийн баталгаажуулалтыг хийж баримтыг нэн даруй А ХХК-д хүргүүлэхийг даалгуулах, 70 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч А ХХК-ийн нэхэмжлэл, хэлцэл хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай хариуцагч А ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 11 сарын 28-ны өдөр урьдчилан төлсөн 15,000 төгрөг, 2016 оны 11 сарын 22-ны өдөр урьдчилан төлсөн 580,000 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 3 сарын 3-ны өдөр урьдчилан төлсөн 857 950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч А ХХК-ийн давж заалдах гомдолд: Тухайн үед хэд хэдэн төсөл дээр ажил хэрэгжүүлж байсан учир дээрх 20 айлын орон сууц барих ажилд туслан гүйцэтгэгч сонгож ажиллуулах шаардлага гарч, улмаар А ХХК-г туслан гүйцэтгэгчээр сонгон ажиллуулж, 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн гэрээ байгуулсан. Хэдийгээр хариуцагч талаас 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн гэрээг дарамталж байгуулсан үндэслэлээр хүчин төгөлдөр бусад тооцуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тухайн үед ... засаг даргаар ажиллаж байсан Ч, барилгын ажпын хэсгийн даргаар ажиллаж байсан Б нар гэрчээр мэдүүлэг өгсөн бөгөөд мэдүүлэгтээ А ХХК-ийн 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн гэрээг байгуул гэж дарамталж, шахаж шаардсан зүйл байхгүй, талууд өөрсдөө харилцан зөвшилцөж сайн дурын үндсэн дээр гэрээг байгуулсан болохыг нотолсон. Иймд А ХХК болон А ХХК-ний хооронд 140 000 000 төгрөгийн өглөг, авлага байгаа болохыг нотолсон хучин төгөлдөр гэрээ хавтаст хэрэгт авагдсан, мөн нэхэмжпэгчээс үндэслэлгүйгээр мөнгө шаардаагүй болохоо нотолж барилгад зарцуулсан хөрөнгө оруулалтын тооцоог санхүүгийн баримтуудаар нотолсон байтал анхан шатны шүүх орон сууцны барилгатай холбоотой зардал болох нь нотлогдохгүй байна гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хэргийн үйл баримт болон нотлох саримтыг зөв үнэлж дүгнээгүй илт үндэслэлгүй шийдвэр болсон. Талуудын хооронд байгуулсан 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн гэрээ нь тооцоо нийлсэн агуулагатай гэрээ бөгөөд уг гэрээ дап-зараа нэхэмжлэгчээс гарган өгч буй санхүүгийн баримтууд орон сууцны барилгад оруулсан болохоо хангалттай нотолж буй баримт бөгөөд үүнээс өөрөөр нотлох боломжгүй юм. Наад зах нь анхан шатны шүүх илэрхий нотлогдож байгаа хэмжээнд буюу 85 000 000 төгрөгний үнэ бүхий Лексус 570 маркийн тээврийн хэрэгслийг А ХХК-д шилжүүлсэн болон ... ХХК-ний захирал ................. гэрчээр өгсөн мэдүүлэгийн дагуу барилгын зургын ажлын хөлсөнд А ХХК-наас 15 500 000 төгрөг авсан зардлууд нийлээд А ХХК-наас 105 500 000 төгрөг гаргасан болох нь хангалттай хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд тогтоогдсон байхад үүнийг огт үнэлж дүгнээгүй шийдвэрлэсэн. Мөн нэхэмжлэгчийн 149 500 000 төгрөгт НӨАТ-ын шивэлтийн баталгаажуулалтыг хийж баримтыг нэн даруй А ХХК-д хүргүүлэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагын тухайд анхан шатны шүүх 149 500 000 төгрөгт ногдох НӨАТ-ыг төлөх үүрэг А ХХК-д үүссэн болохыг нэхэмжлэгч нотлоогүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Гэтэл ... газрын ажилчдын орон сууцны урьдчилгаа мөнгө болох 149 500 000 төгрөг ерөнхий захиалагч болох А ХХК-ний дансаар орж ирснийг туслан гүйцэтгэгч А ХХК-ийн дансанд шилжүүлсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан санхүүгийн барчмл р тогтоогдсон. Хариуцагч А ХХК-аас захиалагч нарын 149 500 000 төгрөгииг өөрийн компанид хүлээн авсан гэдгээ хүлээн зөвшөөрсөөр байтал шүүх маргаагүй үйл баримтыг нотлох шаардлагатай гэж дүгнэх нь буруу юм. Захиалагч нарын мөнгө нэгэнт А ХХК-ний дансаар орсон учраас Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн дагуу татварын байгууллагад НӨАТ-ыг тайлаглах ёстой болно. Гэтэл энэ мөнгө А ХХК-д зарцуулагдаагүй А ХХК-ний дансанд шилжиж барилга угсралтын ажилд зарцуулагдсан тул А ХХК заавал НӨАТ-ын шивэлтийн баталгаажуулалтыг хийж өгнө. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч А ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй тухайд: Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ..2016 оны 06 сарын 22 өдөр АХХК болон А ХХК нарын хооронд Гэрээ нэртэй хэлцэл хийгдэж.., талуудыг төлөөлж эрх бүхий этгээдүүд уг гэрээнд гарын үсэг зурж, хуулийн этгээдийн тамгыг дарж баталгаажуулснаар уг хэлцэл Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр болсон байна гэж дүгнэсэн. Талуудын хооронд байгуулсан гэрээний гол нөхцөл нь Дүүргийн тамгын газрын ажилчдын орон сууцны барилгын ажлыг А ХХК-аас А ХХК-д шилжүүлэх, А ХХК нь 140 000 000 төгрөгийг А ХХК-д шилжүүлэх тохиролцоо болно. Тодруулбал энэхүү тохиролцоо нь талуудын хооронд байгуулагдсан хүсэл зоригийн илэрхийлэл болох гэрээний үнэ болно. Гэтэл шүүх 140 000 000 төгрөгийг хөрөнгө оруулалт хэмээн үзэж баримтаар нотлогдохгүй хэмээн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь шүүх талуудыг хоорондын хүсэл зоргийн илэрхийлэл болон гэрээний агуулгыгбуруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ. Хуульд зааснаар талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тогтоох эрхтэй. Гэрээний үнэ 140 000 000 төгрөгийг хариуцагч А ХХК-ийн зүгээс хүлээн зөвшөөрч гэрээний 2.1 дүгээр зүйлийн 2.1.1-д заасан хугацаанд эхний төлбөр болох 70 000 000 төгрөгийг төлсөн нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж буйн хэлбэр төдийгүй хүсэл зоригийг илэрхийлэл болохыг харуулж байна. Түүнчлэн 2016 оны 08 сарын 29 өдрийн 16/5 дугаар албан бичгээр А ХХК-ийн захирал Б нь ...2016 оны 7 сард гэрээний дагуу өөрийн тань Хаан банкны дансанд 70 000 000 төгрөгийг шилжүүлсэн бөгөөд үлдэгдэл мөнгө болох 70 000 000 төгрөгийг уг барилга дуусгаад хүлээлгэн өгч эхний айлын орлогоос хамгийн эхэнд танайд өгнө гэсэн төлөвлөгөөтэй байна. Энэ нь 2016 оны 9 сард болно гэсэн үг.." гэж бичсэн байгаа нь гэрээний нөгөө тал хэлцлийн гол нөхцлийг зөвшөөрч байсан төдийгүй энэ гэрээгээр хүлээсэн үүрэг гэдгийг ойлгож байсан байна. Иймд талуудын хооронд байгуулсан дээрх гэрээ нь нэг талаас тодорхой ажил үүрэг хариуцлагыг нэгээс нөгөөд шилжүүлж байгаа төдийгүй тодорхой үнэ цэнэ шингэсэн /2015 оны 4 сард ажилчдын орон сууцны барилгын ажлыг гүйцэтгэх сонгон шалгаруулалтаар олж авсан эрх/ хөрөнгө болон эрхийг шилжүүлж байгаа тул хариу төлбөртэй гэрээний шинж хэлбэрийг өөртөө агуулсан өвөрмөц агуулга бүхий гэрээний хэлбэр болно. Энэ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5 дахь хэсэгт заасан нэрлэгдээгүй гэрээ гэж үзэж болно. Иймд шүүх дурдсан байдалд дүгнэлт хийгээгүй нь үндэслэлгүй төдийгүй түүний үр дагавар нь гэрээний талуудын чөлөөт байдлыг хязгаарлахад хүргэж буй нь хууль ёсны шийдвэр болж чадаагүйг харуулна.

Анхан шатны шүүх нотлох баримтыг дутуу үнэлсэн тухайд: 2016 оны 06 сарын 22 өдрийн гэрээний 1.5-д заасны дагуу А ХХК-д шилжүүлсэн 149 500 000 төгрөгт НӨАТ-ийн шивэлтийн баталгаажуулалтыг А ХХК-д хийж өгнө" хэмээн тохиролцсон байдаг. Иймд А " ХХК-ийн зүгээс 149 500 000 төгрөгийн НӨАТ-ийн шивэлтийн баталгаажуулалтыг хийлгэж баримтыг гаргуулах тухай шаардлага гаргасан бөгөөд үүнтэй холбоотойгоор хариуцагчид бэлнээр шилжүүлсэн 149 500 000 төгрөг нь барилгын ажпын захиалагч болох ... газрын 6 ажилтны орон сууцны төлбөрт шилжүүлсэн мөнгө буюу уг төлбөрт тооцон орон сууцыг хариуцагч нь тэдгээр иргэдэд хүлээлгэн өгсөн нь гэрчийн мэдүүлгээр тогтоогдсон бөгөөд үүнийг хариуцагчаас үгүйсгээгүй. Мөн Татварын ерөнхий газраас ..туслан гүйцэтгэгч компани нь ерөнхий гүйцэтгэгчээс орж ирсэн барилга барих урьдчилгаа төлбөрийн дүнг борлуулалтаар хүлээн зөвшөөрч ерөнхий гүйцэтгэгчид цахим төлбөрийн баримт үйлдэж өгөх нь зүйтэй гэсэн агуулга бүхий баримтыг өгсөнийг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн. Түүнчлэн нэмэгдсэн өртөгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т заасны дагуу Монгол улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараанаас татвар ногдуулахаар заасан байдаг. Иймд ... газрын 6 ажилтны орон сууцны төлбөрт шилжүүлсэн мөнгөнөөс төлөгдөх ёстой татварын өр А ХХК-ийн нэр дээр байгаа болно. Гэтэл анхан шатны шүүхээс А ХХК-д тухайн 6 ажилтны орон сууцны төлбөр төлөгдсөн гэдэгт эргэлзээгүй атлаа тухайн төлбөрөөс хуулийн дагуу татвар ногдуулах эсэхэд дүгнэлт хийгээгүй нь үндэслэлгүй гэж үзэж байна. Шүүх нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь дүгнэж чадаагүй гэж үзэж байх тул анхан шатны шүүхийн шийдвэрээс нэхэмжлэгч А ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч А ХХК нь хариуцагч А ХХК-д холбогдуулан 149 500 000 төгрөгт НӨАТ-ын шивэлтийн баталгаажуулалт хийж баримтыг нэн даруй хүргүүлэхийг даалгуулах, 70 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдөр байгуулагдсан гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахыг сөрөг нэхэмжлэлээр шаарджээ.

Зохигч 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдөр гэрээ байгуулж, нэхэмжлэгч нь ... газартай байгуулсан тус дүүргийн 18 дугаар хороонд байрлах дүүргийн засаг даргын тамгын газрын ажилтнуудын 20 айлын орон сууцны гүйцэтгэгчийн эрх, үүрэг, хариуцлагыг захиалагчдын урьчилгаа, баримт болон гэрээ дагалдах бичиг баримтын хамтаар А ХХК-д шилжүүлэх, хариуцагч А ХХК нь А ХХК-ийн тухайн барилгад оруулсан бүх хөрөнгө оруулалт болох 140 000 000 төгрөгийг гэрээгээр тохиролцсон хугацаа буюу 2016 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 70 000 000 төгрөг, 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн дотор 70 000 000 төгрөг тус тус төлөх, А ХХК-д шилжүүлсэн 149 500 000 төгрөгт НӨАТ-ын шивэлтийн баталгаажуулалтыг хийж А ХХК-д өгөх үүргийг хүлээсэн байна. /1хх12-13/

Нэхэмжлэгч нь дээрх гэрээний үүргийг шаардаж байгаа боловч үндэслэл нь тодорхой бус байна.

Нэхэмжлэгч нь эхний шаардлагын үндэслэлийг ... 18 дугаар хороонд байрлах Засаг даргын тамгын газрын ажилтнуудын 20 айлын орон сууцны барилгад 140 000 000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн, 140 000 000 төгрөг гэрээний үнэ байсан гэж 2 өөрөөр тайлбарлаж байх тул нэхэмжлэлийн үндэслэлийг тодорхойгүй гэж үзнэ. Хэрэв хөрөнгө оруулалт гэж үзэж байгаа бол хөрөнгө оруулалтыг ямар хэлбэрээр хэрхэн оруулсан, гэрээний үнэ гэж үзсэн бол хэрхэн тооцоолж 140 000 000 төгрөгөөр тогтоосныг тодруулах нь зүйтэй, талууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасны дагуу мэтгэлцсэн, мөн хуулийн 25 дугаар зүйлд заасан эрх эдэлж, үүрэг хүлээсэн гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

Нэхэмжлэгч НӨАТ-ын баталгаажуулалтыг хариуцагчаас авах ёстой байсан гэх шаардлагын үндэслэлээ нотлохоор Татварын ерөнхий газрын 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 06/2002 тоот албан бичгийг ирүүлсэн боловч уг баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангахгүй байна. /2хх45/

Түүнчлэн нэхэмжлэгч нь ... 18 дугаар хороонд баригдах засаг даргын тамгын газрын ажилчдын 20 айлын орон сууцны барилгад оруулсан мөнгөн хөрөнгө болох 70 000 000 төгрөгийг шаарддаг ба 2 дугаар хавтаст хэргийн 49, 50, 51, 52, 56, 57 дугаар талд авагдсан Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн, 58-75 дугаар талд нэмэгдсэн өртгийн албан татварын падаан зэрэг баримтууд авагдсан боловч агуулга нь харагдахгүй, бүдэг байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт заасны дагуу тухайн баримт нь нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй. /2хх49-87/

Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 01ий өдрийн 181/ШШ2018/02267 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 593 150 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

А.МӨНХЗУЛ