| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Батаагийн Батцэрэн |
| Хэргийн индекс | 2218 |
| Дугаар | 09 |
| Огноо | 2021-12-22 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Ц.Батцэнгэл |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2021 оны 12 сарын 22 өдөр
Дугаар 09
Ш.Х-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч С.Батдэлгэр даргалж, шүүгч Б.Батцэрэн, Б.Цогт, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын цагаатгал хариуцсан хяналтын прокурор Ц.Батцэнгэл, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Завхан аймгийн Шүүх таслах газрын 1939 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 94 дүгээр тогтоолтой, Ш.Хд холбогдох хэргийг Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Батцэнгэлийн бичсэн дүгнэлтийг үндэслэн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.
Шагдар овогтой Х, Завхан аймгийн Тайшир сумын 4 дүгээр багийн харьяат, эрэгтэй, 1936 онд цэрэгт татагдан Завхан аймгийн 32 дугаар морьт хороонд тасгийн даргын жолоочоор ажиллаж байсан;
Ш.Х нь “... ардын дайсан Г, Д нарын эсэргүү байгууллагын идэвхтэй нэгэн гишүүн болох жолоочийн сургуулийн багш, эсэргүү Бт 1938 онд элсэгдэн орж, хорлон сүйтгэх ажиллагаа явуулан тус улсын тусгаар тогтносон засаг төрийг устган, гадаадын эзэрхэг түрэмгий улсын тусламжаар хуучны хаант засгийг байгуулахыг оролдож байсан” гэх гэмт хэрэгт холбогджээ.
Завхан аймгийн Шүүх таслах газрын 1939 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 94 дүгээр тогтоолоор Ш.Хг 1934 оны Шүүх цаазын бичгийн 43 дугаар зүйлд зааснаар 5 жил хорих, мөн бичгийн 45 дугаар зүйлд зааснаар 3 жил хорих ялаар тус тус шийтгэж, хөнгөн ялыг хүндэд нь багтаан, нийт 5 жил хорих ялыг эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Хяналтын шатны шүүхэд Улсын ерөнхий прокурорын газрын цагаатгал хариуцсан хяналтын прокурор Ц.Батцэнгэлийн гаргасан дүгнэлтдээ: “...Дотоод явдлын яамны Завхан аймаг дахь хэлтсийн төлөөлөгч Гомбо, 1939 оны 05 дугаар сарын 12-ны өдөр төлөвлөж, хэлтсийн дарга Бямбын баталсан ялын төлөвлөгөөнд: “Дотоод явдлын яамнаас өнгөрсөн 1937 оны 09 дүгээр сард Г, Д нараар удирдуулсан тус улсын хувьсгалт нам ба засгийг өөрчлөн Япон улсын тусламжтайгаар хөрөнгөт ёсны хаант засгийг байгуулах зорилготой хувьсгалын эсэргүү байгууллагыг илрүүлэн устгасан болно. Түүний нэгэн идэвхтэй үлдэгдэл болох тус аймгийн цэргийн 32 дугаар хорооны цэрэг, жолооч Хгийн бие нь япон тагнуулын байгууллагад одоо Улаанбаатар хотод сууж буй жолооч Бт элсэгдэн орж, түүний даалгавар ёсоор хань хүчийг олж элсүүлэх ба машин техникийг эвдэх, ард, амьтан, айл гэрийг дайрах, дүрэм зааваргүйгээр өөрийн дураар суудлын тэрэгний жанамны амперийг ачааны тэргэнд тавих зэргээр хорлон сүйтгэх ажиллагаа явуулж байснаа бүрнээ хүлээсэн болно.
Ш.Х нь 1938 онд японы эсэргүү байгууллагад Бт элсэгдэн цэргийн ангийн машин техникийг хорлон сүйтгэх даалгавар авч биелүүлэн ажилласан ба өөрийн эсэргүү бүлгэмдээ жолоочийн сургуулийн бөгөөд урьд таних Б, З нарыг Бын хамтаар түүний хүргэн ах Төмөрийн гэрт элсүүлэн авсан. Мөн хорооны цэрэг, түгээгч Хыг элсүүлсэн. Аймгийн төвийн Нын хашаа ба “Цагаан-Олом” гэх газар нэгэн эмэгтэйг зориуд дайрсан. Цэргийн хорооны орлого болох 62 төгрөг, 50 мөнгийг хувьдаа завшсан. Ачааны ба суудлын машины жанамыг хорлох зорилготойгоор зориуд сул тавьж тус улсын Шүүх цаазын бичгийн 43, 45 дугаар зүйлд заасан гэмт хэргийг өдүүлсэн байх тул Завхан аймгийн Шүүх таслах газарт шилжүүлэх” гэсэн саналыг төлөвлөжээ.
Завхан аймгийн Шүүх таслах газрын 1939 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн таслан шийтгэсэн эрүүгийн хэргийн 94 дүгээр тогтоолоор Ш.Хгийн хэргийг хянан хэлэлцээд: Энэ хэргийн Х бол урьд илэрч устгагдсан Г, Д нарын эсэргүү байгууллагын идэвхтэй нэгэн гишүүн болох жолоочийн сургуулийн багш, эсэргүү Бт 1938 оны 06 дугаар сарын 12-ны өдөр элсэгдэн орж, ардын хувьсгалт цэргийн дотор зүйл бүрийн эсэргүү ажил биелүүлэх даалгавар авч улмаар тус аймгийн цэргийн 32 дугаар хороонд жолоочоор орж, “Цагаан-Олом”-ын төвд уурын тэргээр нэгэн эмэгтэй хүнийг ба эмэгтэй Нын хашааг дайран гэмтээсэн ба цэргийн ангийн суудлын машины жанамыг ачааны тэргэнд тавьж ажилгүй болгон хорлон сүйтгэсэн байна. Мөн машин тэргээр хүн тээвэрлэсний зардал 62 төгрөг 50 мөнгийг хувьдаа ашигласан, өөрийн эсэргүү ажлыг хүчтэйгээр явуулахын тулд эсэргүү байгууллагадаа гишүүн элсүүлэн авсан, тус улсын тусгаар тогтносон засаг төрийг устган гадаадын эзэрхэг түрэмгий улсын тусламжаар хуучны хаант засгийг байгуулахыг оролдож байсан, цэргийн 32 дугаар хорооны жолооч байсан Шагдар овогтой, 24 настай Хгийн биеийг Шүүх цаазын бичгийн 43 дугаар зүйлээр 5 жил, мөн бичгийн 45 дугаар зүйлээр 3 жил шийтгэх ба хууль ёсоор хөнгөн ялыг хүндэд нь багтаан 43 дугаар зүйлийг баримтлан 5 жил хорих ялаар шийтгэсэн байна.
ХЯНАВАЛ: Завхан аймгийн Шүүх таслах газрын 1939 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн таслан шийтгэсэн эрүүгийн хэргийн 94 дүгээр тогтоолоор Ш.Хд 1934 оны Шүүх цаазын бичгийн 43, 45 дугаар зүйлүүдээр 5 жил хорих ял хилсээр шийтгэсэн нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
1.Ш.Хг япон тагнуулын байгууллагад элсүүлсэн гэх жолооны сургуулийн багш Б нь Хтой Туул голын усанд орж байхдаа “би бол Г, Д нарын эсэргүү байгууллагын гишүүн бөгөөд анх энэ ажлыг Уурын тэрэгний хэлтсийн дарга байсан Найданжаваас хүлээн авч ажиллаж байсан ...” гэж хэлсний дагуу шалгахад, баригдахын өмнө Уурын тэрэгний хэлтсийн дарга байсан, 29 настай, Дашдаваа овогтой Найданжавт холбогдох цагаатгалын 1282 дугаартай хэрэг илэрсэн. Д.Найданжав нь Г, Д нарын эсэргүү байгууллагад элссэн хэрэгт 1938 оны 06 дугаар сарын 03-ны өдөр баригдаж, Дотоод явдлын яамны дэргэдэх ОБЭК-ын 1938 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн хурлаар Шүүх цаазын бичгийн 43, 44, 45 дугаар зүйлүүдээр буудан алах ялаар шийтгүүлснийг БНМАУ-ын Дээд Шүүхийн Цэргийн коллегийн 1989 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 4 дүгээр магадлалаар хэргийг нь хэрэгсэхгүй болгон цагаатгасан байна.
2.Ш.Хгийн “... өөрийн эсэргүү бүлгэмдээ жолоочийн сургуулийн, урьд таних Б, З, 32 дугаар хорооны түгээгч цэрэг Х нарыг элсүүлж авсан ...” гэсэн мэдүүлгийн дагуу шалгахад дээрх нэр бүхий 3 хүнд холбогдох мөрдөн байцаалт, цагаатгалын хэрэг Тагнуулын ерөнхий газрын Тусгай архиваас олдоогүй тул шалгах боломжгүй байна.
3.Ш.Хг “... айл, ардыг уурын тэргээр дайруулах ба цэргийн машин техникийг хорлон сүйтгэх ажлыг хийж байсан ...” хэмээн ялласан байх бөгөөд хэрэгт хорлон сүйтгэсэн гэх энэ үйлдлүүдийг шалгаж тогтоосон баримтууд байхгүй байна.
4.Ш.Хг “П.Г, Г.Д нарын эсэргүү бүлгийн идэвхтэй гишүүн” гэх улс төрийн хэрэгт шийтгэсэн байх бөгөөд БНМАУ-ын Ардын Их Хурлын дэргэдэх Цагаатгах ажлыг эрхлэх комиссын 1962 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 80 дугаар хурлын тогтоолоор “П.Г, Г.Д нарын хувьсгалын эсэргүү байгууллага гэж байгаагүй” болохыг тогтоосон байна.
Ш.Хгийн үйлдсэн гэх гэмт хэргийн санаа зорилго, хэргийн улмаас ард иргэд, тухайн нийгэмд учирсан хор хохирлыг тогтоолгүйгээр зориудаар улс төрийн хэрэгт буруутгаж, хилсээр шийтгэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэг/... гэм буруугүй хүнд ял оногдуулахад хүргэсэн .../-т заасан шинээр илэрсэн нөхцөл болж байна.
Иймд Завхан аймгийн Шүүх таслах газрын 1939 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн таслан шийтгэсэн эрүүгийн хэргийн 94 дүгээр тогтоолыг хүчингүй болгож, Завхан аймгийн Тайшир сумын харьяат, Шагдарын Хг улс төрийн хэрэгт хилсээр хэлмэгдсэнд тооцож, цагаатгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйл, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 4 дүгээр зүйл /4.1.Энэ хууль 1922 оноос эхлэн “БНМАУ-ын шүүх, прокурор, мөрдөн байцаах, хэрэг бүртгэх байгууллагын хууль зөрчсөн үйл ажиллагааны улмаас иргэнд учирсан хохирлыг арилгах журмын тухай хууль” хүчин төгөлдөр болсон өдөр хүртэлх хугацаанд Монгол Улсын нутаг дэвсгэрт улс төрийн хэрэгт хэлмэгдсэн Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүнд хамаарна/, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 болон 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсгийн заалтуудыг баримтлан прокурорын дүгнэлт бичсэн” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Батцэнгэлийн бичсэн дүгнэлтийг үндэслэн Ш.Хд холбогдох эрүүгийн хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, тухайн хэргийн нотлогдсон байдал, шүүхийн шийдвэрийн хууль зүйн үндэслэлийг хянаж үзэв.
Шагдарын Хд холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн Завхан аймгийн Шүүх таслах газрын 1939 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 94 дугаартай тогтоол болон хэрэгт цугларсан бичгийн баримтуудыг харьцуулан судалж үзэхэд тэрээр 1938 онд японы тагнуулын байгууллагад элсэгдэн орж, хорлон сүйтгэх ажиллагааг идэвхтэйгээр явуулж байсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг үнэн зөв болохыг хөдөлбөргүй тогтоосон нотлох баримт байхгүй тул Ш.Хг улс төрийн хэрэгт хилс хэрэгт холбогдон Шүүх цаазын бичгийн 43, 45 дугаар зүйлд зааснаар хилсээр ял шийтгүүлсэн гэж үзэх үндэслэлтэй юм.
БНМАУ-ын Ардын Их Хурлын дэргэдэх Цагаатгах ажлыг эрхлэх комиссын 1962 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 80 дугаар хурлын тогтоолоор “П.Г, Г.Д нарын хувьсгалын эсэргүү байгууллага гэж байгаагүй” болохыг тогтоосноос гадна тухайн эсэргүү байгууллагад бусдыг /Б, Х нар/ элсүүлсэн гэх гэмт хэрэгт холбогдож Дотоод явдлын яамны дэргэдэх Онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн хурлаар Шүүх цаазын бичгийн 43, 44, 45 дугаар зүйлүүдэд зааснаар буудан алах ялаар шийтгүүлсэн Д.Найданжавт холбогдох 1282 дугаартай хэргийг БНМАУ-ын Дээд Шүүхийн Цэргийн коллегийн 1989 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 4 дүгээр магадлалаар хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй.
Ш.Хгийн гэм буруутайд тооцогдож, ял шийтгүүлсэн 1934 оны Шүүх цаазын бичгийн 43, 45 дугаар зүйл нь Монгол Улсын Их Хурлаас батлан гаргасан “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай” хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн б-д заасан /Шүүх, шүүхийг орлон ажилласан тусгай комисс, онцгой бүрэн эрхт комиссын шийдвэрээр 1934 оны Шүүх цаазын бичгийн тусгай ангийн 1 дүгээр бүлгийн 42-50 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт хилсээр ял шийтгүүлсэн/ үндэслэлд хамаарч байна.
Иймд Завхан аймгийн Тайшир сумын харьяат, Шагдарын Хг улс төрийн хэрэгт хилсээр шийтгүүлж, хэлмэгдсэнд тооцож, цагаатгуулахаар прокурорын бичсэн дүгнэлтийг хангаж, Ш.Хг 1934 оны Шүүх цаазын бичгийн 43 дугаар зүйлд зааснаар 5 жил хорих, мөн бичгийн 45 дугаар зүйлд зааснаар 3 жил хорих ялаар тус тус шийтгэж, хөнгөн ялыг хүндэд нь багтаан, нийт 5 жил хорих ялыг эдлүүлэхээр шийдвэрлэсэн Завхан аймгийн Шүүх таслах газрын 1939 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 94 дугаартай тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1.3-т заасан “Гэм буруугүй хүнд ... ял оногдуулахад хүргэсэн ... нөхцөл байдал илэрсэн” үндэслэлээр хүчингүй болгож, Ш.Хд холбогдох хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгах хууль зүйн үндэслэлтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Шын Хг 1934 оны Шүүх цаазын бичгийн 43 дугаар зүйлд зааснаар 5 жил хорих, мөн бичгийн 45 дугаар зүйлд зааснаар 3 жил хорих ялаар тус тус шийтгэж, хөнгөн ялыг хүндэд нь багтаан, нийт 5 жил хорих ялыг эдлүүлэхээр шийдвэрлэсэн Завхан аймгийн Шүүх таслах газрын 1939 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 94 дүгээр тогтоолыг хүчингүй болгож, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д заасан “Гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Ш.Хг цагаатгасугай.
ДАРГАЛАГЧ С.БАТДЭЛГЭР
ШҮҮГЧ Б.БАТЦЭРЭН
Б.ЦОГТ
Ч.ХОСБАЯР
Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН