Улсын дээд шүүхийн Тогтоол

2024 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 2024/ХШТ/87     

 

                                            Д.С-д холбогдох эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч С.Батдэлгэр, М.Пүрэвсүрэн, Ч.Хосбаяр, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, прокурор Ц.Батцэнгэл, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Дотоод явдлын яамны Тусгай комиссын 1942 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 2 дугаар хурлын тогтоолтой, Д.С-д холбогдох **** дугаартай хэргийг прокурорын дүгнэлтийг үндэслэн 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Батдэлгэрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Өвөрмонголын Цахар чуулганы Мянган хошууны Тэргүүн сумын харьяат, 1917 онд төрсөн, ард цахар, 24 настай, ам бүл 5, 13 настайдаа хошууны бага сургуульд орж 3 жил суралцан төгсөөд 18 нас хүртлээ өөрийн гэртээ мал маллаж байгаад 19 насандаа хошууны Амрыг хамгаалах цэрэгт 1 жил алба хаасан, 21 наснаасаа Жанчхүү хотноо Монголын хязгаарын сурлагын хүрээлэнд 3 жил суралцсан, энэ сургуульд тоо, монгол бичиг, биеийн тамир, япон хэл заалгасан, монгол, хятад, япон хэл мэднэ гэх Д-ийн С нь

Улсын нууц болох аливаа мэдээ зүйлүүдийг гадаад улсууд ба хувьсгалын эсэргүү байгууллагуудад буюу бусад хүмүүст хулгайлан авч шилжүүлэн өгөх, эсвэл шилжүүлэн мэдээлэхийн тулд цуглуулж тагнуул үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Дотоод явдлын яамны Тусгай комиссын 1942 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 2 дугаар хурлын тогтоолоор Д.С-ийг Шүүх цаазны бичгийн 44 дүгээр зүйлээр 10 жил хорих ял шийтгэсэн байна.

Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Батцэнгэл хяналтын шатны шүүхэд гаргасан дүгнэлт болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: Дотоод явдлын яамны Тусгай комиссын 1942 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 2 дугаар хурлын тогтоолоор Д овогтой С-д Шүүх цаазны бичгийн тусгай ангийн 44 дүгээр зүйл /Улсын нууц болох аливаа мэдээ зүйлүүдийг гадаад улсууд ба хувьсгалын эсэргүү байгууллагуудад буюу бусад хүмүүст хуулан авч шилжүүлэн өгөх, эсвэл шилжүүлэн мэдээлэхийн тулд цуглуулж, тагнуул үйлдсэн аваас Шүүх цаазны бичгийн 42 дугаар зүйлд заасан ялаар шийтгэвэл зохино/-д заасныг баримтлан 10 жил хорих ялаар хилсээр шийтгэсэн нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

1.Хэрэгт цугларсан баримтуудаас дүгнэхэд Д.С нь улсын нууц болон алив нэгэн мэдээ зүйлүүдийг гадаадын улсууд ба хувьсгалын эсэргүү байгууллага бусад хүмүүст хуулан авч шилжүүлэн өгөх, шилжүүлэхийн тулд тагнуул үйлдсэн гэх ямар ч баримт байхгүй, өөрөө ч энэ талаар мэдүүлсэн зүйл байхгүй байхад түүнийг Шүүх цаазны бичгийн 44 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэсэн нь үндэслэлгүй байна.

2.Гэрч Т.Г-ын мэдүүлэгт: "... миний бие Цахар хошууны цахар Д /С/-той 1936-1938 он хүртэл залуусын сургуульд хамт япон хэл бичиг суралцаж төгссөн. Тэгээд Баруун сөнөд хошууны япон тагнуулын газар очсон бөгөөд чухам юу хийж байсныг мэдэхгүй ...” гэж,

Гэрч Э.М-ийн мэдүүлэгт: “Дөрвөд хошууны Айраг сүмийн япон тагнуулын газарт намайг ирэхэд, хэлмэрчээр Д, дараа нь хамар Б, Г нар ажиллаж байсан. Д нь Айраг сүм дээр байхдаа япончуудтай хязгаараар явдаг байсан бөгөөд ямар хэргээр тийнхүү явдаг, ямар ажил хийдэг байсныг мэдэхгүй...” гэж мэдүүлэхдээ Д.С-ийг япон тагнуулын газарт хэлмэрч, орчуулагч хийж байсныг гэрчилж мэдүүлснээс өөр тагнуул үйлдэж байсныг нь нотлоогүй байна.

Энэ нь Т.Г-д холбогдох мөрдөн байцаалтын хэрэгт хийсэн үзлэгээр давхар нотлогдсон ба Э.М гэх хүнд холбогдох мөрдөн байцаалт, цагаатгалын хэрэг Тагнуулын ерөнхий газрын тусгай архивт байхгүй.

3.Д.С нь Өвөрмонгол дахь япон тагнуулын байгууллагад хэлмэрчээр ажиллаж байсан нь өөрийн болон гэрч нарын мэдүүлгээр нотлогдсон боловч хэрэгт Монгол Улсын эсрэг тагнуул үйлдсэн гэх баримт байхгүй байхад улс төрийн хэрэгт хилсээр хорьж шийтгэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэг/... гэм буруугүй хүнд ял оногдуулахад хүргэсэн, шүүх шийдвэр гаргахад мэдэгдээгүй байсан нөхцөл байдал илэрсэн .../-т заасан шинээр илэрсэн нөхцөл болж байна.

4.Дотоод явдлын яамны Тусгай комиссын 1942 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 2 дугаар хурлын тогтоолоор Д овогтой С-д Шүүх цаазны бичгийн тусгай ангийн 44 дүгээр зүйлд заасныг баримтлан 10 жил хорих ял хилсээр шийтгэсэн нь Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн в/1934 оны Шүүх цаазны бичгийн тусгай ангийн 1 дүгээр бүлгийн 42-50 дугаар зүйл, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын СнЗ-ийн 1938 онд 1 дүгээр бүлэгт оруулсан нэмэлт өөрчлөлт/-д заасан үндэслэлд хамаарч байна.

Харин С-д ял төлөвлөсөн Шүүх цаазны бичгийн тусгай ангийн 78 дугаар зүйл /Тогтоосон паспорт буюу зөвшөөрөлгүйгээр гадаадаас нэвтрэн ирэх аваас 6 сар хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх буюу 300 төгрөгөөр торгох ялаар шийтгэх/ нь хэрэгт байгаа нотлох баримтуудаар нотлогдоогүй бөгөөд Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн үйлчлэлд хамаарахгүй байна.

1934 оны Шүүх цаазны бичгийн тусгай ангийн 44 дүгээр зүйлд зааснаар Д.С-д хорих ял шийтгэсэн Дотоод явдлын Тусгай комиссын 1942 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 2 дугаар тогтоолыг хүчингүй болгож, Д овогтой С-ийг улс төрийн хэрэгт хилсээр хэлмэгдсэнд тооцож, цагаатгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйл, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 4 дүгээр зүйл /4.1.Энэ хууль 1922 оноос эхлэн “БНМАУ-ын шүүх, прокурор, мөрдөн байцаах, хэрэг бүртгэх байгууллагын хууль зөрчсөн үйл ажиллагааны улмаас иргэнд учирсан хохирлыг арилгах журмын тухай хууль” хүчин төгөлдөр болсон өдөр хүртэлх хугацаанд Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүнд хамаарна/, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 болон 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсгийн заалтуудыг баримтлан прокурорын дүгнэлт бичив гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1934 оны Шүүх цаазны бичгийн 4 дүгээр зүйлд “Эдүгээ оршин буй төрийн байгууллагын үндсийг тэрсэлсэн буюу эсвэл ардын хувьсгалт засгаас тогтоосон эрх хэмжээг зөрчин үйлдсэн буюу эс үйлдсэнээр олон нийтэд аюултай явдал үүссэнийг гэмт хэрэг гэнэ” гэж тодорхойлжээ.

Мөн Шүүх цаазны бичгийн 44 дүгээр зүйлд “Улсын нууц болох аливаа мэдээ, зүйлүүдийг гадаад улсууд ба хувьсгалын эсэргүү байгууллагад буюу бусад хүмүүст хулгайлан авч шилжүүлэн өгөх, эсвэл шилжүүлэн мэдээллэхийн тулд цуглуулж тагнуул үйлдсэн бол энэхүү Шүүх цаазны бичгийн 42 дугаар зүйлд заасан ялнуудаар шийтгэвэл зохино” хэмээн заасан байна.

Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Дотоод явдлын яамны дэргэдэх Тусгай комиссын 1942 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 2 дугаар тогтоолоор Д.С-ийг 1934 оны Шүүх цаазны бичгийн 44 дүгээр зүйлд зааснаар 10 жил хорих ялаар шийтгэжээ.

1939 оны 05 дугаар сараас эхлэн Япон улсын Квантуны арми Монгол Улсын хилийг агаарын болон хуурай замаар удаа дараа зөрчин манай улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлын эсрэг зэвсэгт довтолгоон үйлдэж, улмаар мөн оны 08 дугаар сард Халх гол орчимд болсон тулалдаанд Монгол, Зөвлөлтийн хамтарсан зэвсэгт хүчинд ялагдаж, 1939 оны 09 дүгээр сарын 15-нд Москва хотноо Зөвлөлт холбоот улстай гэрээ байгуулснаар Монгол Улсын эсрэг хийж байсан дайны ажиллагаагаа зогсоосон болно.

Гэхдээ Япон улсын эрх баригчид 1945 оны 08 дугаар сарын 14-нд албан ёсоор бууж өгөх хүртлээ Герман, Итали улстай байгуулсан гэрээндээ үнэнч байж, Номхон далай болон Хятад улсын нутаг дэвсгэрт дайны ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байснаас гадна Монгол, Зөвлөлтийн батлан хамгаалах чадавхийг тагнан судалж Манжуур дахь Квантуны армийг бэхжүүлж, Монгол Улсын хилийн ойролцоо цэргийн их хүчийг хуримтлуулан Хаалган, Рашаан, Жанчхүүгийн даваанд том бэхлэлт байгуулж, цэрэг дайны хэрэгцээний төмөр зам, засмал зам, нисэх онгоцны буудал барьж, улмаар Бүгд Найрамдах Монгол Ард Улсыг өдөөн хатгаж, урьдын адил хил хязгаарыг зөрчин, Монгол Улсын тухай элдэв гүтгэлэг тарааж, Хятад, Өвөрмонголын ард түмнийг Монголын эсрэг хандуулах гэж оролдож байсан нь нийтэд илэрхий болсон үйл баримт билээ.

Дэлхийн 2 дугаар дайн өрнөж байхад Д.С нь Шилийн гол чуулганы баруун сөнөд хошууны Айраг сүм дэх Япон улсын тагнуулын байгууллагад орчуулга хийхийн зэрэгцээ мэдээлэл цуглуулж, тухайн үеийн дайсагнагч улсын талд ажиллаж байсан талаар өөрөө мэдүүлснээс гадна түүнийг дээрх газарт ажиллаж байсан нь гэрч Т.Г, Э.М нарын сүүлд өгсөн мэдүүлгүүдээр нотлогдсон, түүнчлэн тэрбээр 1941 оны 09 дүгээр сарын 06-нд дээрх тагнуулын байгууллагын ажилтнуудтай Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэх үедээ баригдсан (бусад нь, тэр дунд япон хүмүүс зугтаасан) зэргээс дүгнэхэд түүнийг 1934 оны Шүүх цаазны бичгийн 44 дүгээр зүйлээр 10 жил хорих ялаар шийтгэснийг буруутгах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт “...Гэм буруугүй хүнд ял оногдуулахад хүргэсэн, шүүх шийдвэр гаргах үед мэдэгдээгүй байсан нөхцөл байдал илэрсэн...” гэх үндэслэлээр Д.С-ийг улс төрийн хилсээр хэлмэгдсэнд тооцож, цагаатгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйл, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 болон 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсгийн заалтыг баримтлан бичсэн прокурорын дүгнэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Дотоод явдлын яамны дэргэдэх Тусгай комиссын 1942 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 2 дугаар хурлын тогтоолыг хүчингүй болгож, Д.С-ийг цагаатгуулахаар бичсэн Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Батцэнгэлийн дүгнэлтийг хүлээн авахаас татгалзсугай.

 

 

                   ДАРГАЛАГЧ                                          С.СОЁМБО-ЭРДЭНЭ

    ШҮҮГЧИД                                                С.БАТДЭЛГЭР

                                                                         М.ПҮРЭВСҮРЭН

                                                                         Ч.ХОСБАЯР

                                                                         Д.ЦОЛМОН