| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Чагдаагийн Хосбаяр |
| Хэргийн индекс | 108/2016/0010/Э |
| Дугаар | 82 |
| Огноо | 2018-02-28 |
| Зүйл хэсэг | 10.1.1, |
| Улсын яллагч | А.Оюунгэрэл |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2018 оны 02 сарын 28 өдөр
Дугаар 82
Б.Ө-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Д, түүний өмгөөлөгч П.Өлзийбаяр, А.Содхүү, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батбаяр, Э.Ганбат, Д.Цэвээнцэрэн, нарийн бичгийн дарга Б.Бадмарага нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 420 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 893 дугаар магадлалтай, 201501080463 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Б.Ө, түүний өмгөөлөгч Б.Батбаяр, Д.Цэвээнцэрэн нарын гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1987 онд төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Э овогт Б-ын Ө нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1-д заасан “Хүнийг санаатай алах” гэмт хэрэгт холбогджээ.
Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх прокуророос Б.Ө-д 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хэргийн зүйлчлэлийг өөрчилж, Б.Ө-г хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 13 жил хорих ял шийтгэж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.
Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Ө, түүний өмгөөлөгч Д.Цэвээнцэрэн, Э.Ганбат, Б.Батбаяр нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Б.Ө гаргасан гомдолдоо “Анхан болон давж заалдах шатны шүүх хохирогчийн зулайн оройн шархыг хэн, хэзээ учруулсан, тархинд цус харвахад хүргэсэн толгойн оройн зулайн хэсэг, толгойн ар дагз хэсэгт учирсан хоёр гэмтлийн шарх учирсан дарааллыг тогтоогоогүй байхад хэргийг шийдвэрлэсэн. Тодруулбал хэргийн байдлыг эргэлзээгүй нэг мөр тогтоогоогүй байхад намайг шууд хамаатуулан гэрч нарын мэдүүлэгт засвар оруулж, хэрэгт ач холбогдол бүхий цагаатгах мэдүүлгийг хурлын тэмдэглэлээс хасч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг 3 удаа ноцтой зөрчин байж хэлмэгдүүлэн олон жилийн хорих ял оноож, гэм буруутай этгээдэд ял завшуулсан шийдвэр гаргасанд гомдолтой байна. Давж заалдах шатны шүүх Б.Ө нь тухайн газар болж байсан маргааны талаар удирдлагадаа мэдэгдэж энэ байдалд нь хохирогч дургүйцэж хоорондоо маргасан гэж буруу дүгнэжээ. Хохирогч бид хоёр тухайн өдөр хоорондоо маргасан асуудал огт байхгүй. Үдээс хойш хоорондоо тааралдаж юм ярилцсан тохиолдол ч байхгүй. Бид хоёрын хооронд маргаан болоогүй гэдгийг Б.Г, Р.Б, Г.Э, М.Э, О.Ц болон бусад гэрч нар тодорхой мэдүүлсэн байдаг. Хэрэг гарах үед хоорондоо маргахаар цаг хугацаа, боломж байгаагүй. Хохирогчийг гадаа зогсож байхад нь яваад очтол шууд цохиж, зодоод хөөсөн. Энэ нь 2 дугаар камерийн тухайн цаг үеийн бичлэгээс тодорхой харагддаг. Тухайн өдөр офицер, ахлагч нарын хооронд маргаан болсныг хохирогч өөрөө эхлээд П.О-тай утсаар ярихдаа хэлсэн. Утасны ярианы лавлагаанаас үзэхэд П.О надтай холбогдсоноос хойш хохирогч болон П.О нар хоорондоо холбогдоогүй байдаг. Үүнээс үзэхэд маргаан болоогүй, маргах шалтаг байхгүй, ховлосон гэх ойлголт ч байхгүй. Ховлосон, маргасан гэж гүтгэж мэдүүлж буй хүмүүс нь хохирогч зулайн оройдоо шарх авч нас барахад хажууд нь байсан сэжиг бүхий этгээдүүд, хэргийг надад тохох, шалгалтын ажиллагааг зөвхөн над руу чиглүүлж өөрсдийгөө аврах гэсэн оролдлого гэж үзэж байна.
Хохирогчийн нас барсан шалтгаан тархины хүнд хэлбэрийн цус харвалт бөгөөд цус харвахад хүргэсэн байж болох хоёр боломж байдаг. Үүнд: Толгойн орой зулайн хэсгийн хуйхны гадаргуу буюу ил хэсэгт язарсан шарх үүсэж цус гарсан. Уг шархыг тойроод овойж хавдсан, далд буюу хуйхан дор хаван цэгчилсэн цусан хураа гэсэн шархыг үүсгэсэн хүчний үйлчлэл, доргилтын нөлөөгөөр үүссэн байх боломжтой. Нөгөө нь толгойн ар дагз хэсгийн хуйхан дор буюу далд хэсэгт цусан хураа гэх шархыг үүсгэсэн хүчний үйлчлэл, доргилтын нөлөөгөөр юм. Дээрх 2 шарх нь хоёулаа амьд ахуйд нь үүсгэгдсэн, гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах шарх бөгөөд аль аль нь тархинд цус харвахад хүргэсэн байж болно гэдэг нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Мөн дээрх 2 шарх нь нэгэн зэрэг нэг цаг хугацаанд үүсгэгдээгүй нь нотлогдсон. Шарх учирсан байдлаас харахад зулайн оройд учирсан шарх нь ил, далд шархтай овойж хавдсан, язарч цус гарсан зэргээр илүү ноцтой, илүү хүчтэй цохилт, доргилтоор үүссэн нь харагддаг. Шүүх эмнэлгийн дүгнэлтээс харахад хохирогчийн толгойд учирсан хоёр шархны сүүлд авсан шархнаас тархинд цус харвасан гэж үзэхээр байна. Учир нь дээрх 2 шарх амьд ахуйд нь үүсгэгдсэн байдаг. Эхний шархнаас цус харвасан бол дээрх 2 шархны аль нэг нь нас барсны дараа буюу цусны эргэлт зогссон үед үүсгэгдсэн гэж шүүх эмнэлгийн дүгнэлтээр тогтоогдох ёстой бөгөөд шарх учирсан дараалал дээр прокурор, шүүхийн байгууллагаас анхаарч үзээгүй, ямар ч хууль зүйн дүгнэлт өгөөгүй. Гэрч, шинжээч нарын мэдүүлэг, камерийн бичлэг болон бусад нотлох баримтаас үзэхэд хохирогчид эхлээд толгойн ар дагзны шарх учирсан болох нь харагддаг. Гэрч Л.Э, Б.М нарын мэдүүлснээр хохирогч миний нэг удаагийн үйлдлээс арагш унасан гэж үзвэл толгойн ар дагзны хуйхан дор цусан хураа гэх үхэлд нөлөөгүй гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах шарх үүссэн байж болох юм. Хэргийн газарт байсан бүх гэрч нарын “хохирогч тухайн өдөр хэн нэгэнтэй ноцолдож, зодолдож байхыг хараагүй”, “гэрийн гадаа байхдаа толгой нь зүгээр байсан” гэх мэдүүлгүүд, камерийн бичлэг, ........ дугаартай утасны лавлагаа зэргээр хохирогч над руу дайрах үедээ толгойн орой зулай хэсэгтээ шарх авч цус гараагүй байсан нь тогтоогддог. Гэрч Л.Э, Д.М нарын мэдүүлгүүд болон бусад баримтаар хохирогч над руу гэнэт дайрч зодох үед миний нэг удаагийн үйлдэл хийгээд салах хүртэлх цаг хугацаанд хохирогчид толгойн оройд шарх учраагүй, шарх учрах үйлдэл хийгээгүй нь мөн тогтоогддог.
Шинжээч эмч С.О, Н.Э, С.З, Г.Э нарын мэдүүлгээр миний үйлдлээс зулайн оройн шарх үүсээгүй болох нь давхар нотлогддог. Хэргийн газрын үзлэгээр хохирогчийн сүүлд унасан байсан газрыг зөв тогтоож үзлэг хийгээгүй байсан. Хохирогчийг зөөж гэрт оруулах, зам дагуу гэрийн гадна үүдний шал, гэр доторх шалаар толгойн оройноос нь цус гоожиж дуслаад явсан, гэрт оруулж орон дээр хэвтүүлэхэд орны бүтээлэг толгойн оройноос гарсан цусаар бохирлогдсон байдлыг бэхжүүлсэн хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зураг, эд мөрийн баримтаар хураагдсан орны бүтээлэг, хохирогчийг зөөхөд толгойн талаас нь өргөж явсан Х.Г-ын цамц, өмдний урд тал нь нилэнхүйдээ цус болсон байсан. Улсын дээд шүүхийн 2016 оны 244 дүгээр тогтоолд заасан ажиллагаа хийгдээгүй, тогтоол огт биелэгдээгүй. Хохирогч толгойн орой зулайн хэсгээсээ хүчтэй доргилт авч цус харвахад хүрсэн. Энэ шархыг авах үеийн газар, цаг хугацаа, цуг байсан сэжиг бүхий этгээдүүд нь тодорхой байгаа бөгөөд тэдгээрийг сэжигтнээр татаж огт шалгаагүй. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэх явцдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь хэлмэгдүүлэх, шийтгэх тогтоол гаргахад шууд нөлөөлсөн. Шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй. Анхан шатны шүүх хуралд иргэдийн төлөөлөгч Б.А-ийн хэргийг мөрдөн байцаалтад буцаах тухай дүгнэлтийг харгалзан үзээгүй, хэргийн газрын камерийн бичлэг алга болсон нь тодорхой болсон.
Давж заалдах шатны шүүхийн магадлалын 32 дугаар талд “хяналтын камерийн бичлэг, хүлээн авагчаас хуулбарлан авсан дискний бичлэг зэрэг хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогджээ” гэж хавтаст хэрэгт байхгүй шүүх хурлаар хянан хэлэлцэх гээд олдоогүй бичлэгийг анхан шатны шүүх үзэж, хянан хэлэлцсэн мэтээр дүгнэсэн нь байж болзошгүй алдаа юм. Мөн анхан шатны шүүхийн тогтоолтой танилцахад шүүх хурлын тэмдэглэл буруу бичигдэж тогтоолд тусгагдсан байсан тул хурлын тэмдэглэлтэй танилцах хүсэлт гаргасан боловч хуулийн хугацаанд шийдвэрлэж хариу өгөөгүй. Давж заалдах шатны шүүхэд дээрх асуудлаар болон онлайнаар шүүх хуралд оролцох хүсэлтийг шүүх хурал болохоос 9 хоногийн өмнө гаргасан боловч хүсэлтийг хүлээн авч асуудлыг хэлэлцээгүй, онлайнаар шүүх хуралд оролцуулаагүй. Анхан шатны шүүх хохирогчийн толгойн оройн шарх нь үхэлд хүргэсэн гэж үзсэн нь үндэслэлтэй байх ба энэ шархыг хэн хэзээ учруулсныг одоог хүртэл байцаалтаар тогтоож чадаагүй. Хохирогч миний нэг удаагийн үйлдлээс арагш буюу ертөнцийн зүгээр хойд зүгт харж унасан гэх ба сүүлд урд зүгт харж байрлал нь өөрчлөгдсөн байсан. Хэрхэн байрлал нь өөрчлөгдсөнийг тогтоогоогүй байгаа. Миний нэг удаагийн үйлдэл нь хохирогчийг үхэлд хүргэсэн шалтгаантай ямар ч шалтгаант холбоо байхгүй боловч өөрийн амь насанд аюултай тулгарсан довтолгооны үед хийсэн үйлдэл. Тухайн орой 19 цагийн үед 8 ханатай монгол гэрийн гадаа Г, Б, хохирогч нар юм яриад зогсож байхад нь би гэрээс гараад очтол хохирогч үгийн зөрөөгүй шууд миний зүүн шанаа чихний урд хэсэгт маш хүчтэй цохисон. Цохилтод ороод ухраад зугттал хөөж баруун зүүн гараараа ээлжлэн нүүр толгой хэсэг рүү цохиод дайрсан. Тухайн үед ухарч зугтаагаагүй бол хэд хэдэн удаа нам цохиулаад унах нөхцөл байдал үүссэн. Энэ нөхцөл байдлыг Л.Э ч мөн тодорхой гэрчлэн мэдүүлсэн. Зугтаагаад цохилтоос нь бултаад цохилтын хүчийг нь хэд дахин бага болгож байхад миний биед олон тооны ноцтой гэмтэл шарх үүсгэсэн байсан. Би аргагүйн эрхэнд орж өөрийн амь насыг хамгаалж баруун гараараа зүүн эгэмд нь нэг удаа нударсан үйлдэл хийсэн. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, намайг цагаатгаж өгнө үү” гэжээ.
Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батбаяр, Д.Цэвээнцэрэн нар хамтран гаргасан гомдолдоо “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1, 36.7 дугаар зүйлийн 2.3 дахь хэсгийг тус тус зөрчиж, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг тогтоолд дурдалгүй шүүгдэгчийн эрхийг ноцтой зөрчсөн. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт “дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй бол” шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзнэ гэж заажээ. Анхан болон давж заалдах шатны шүүх гэрч нарын зөрүүтэй мэдүүлгүүдээс тогтоолдоо бичилгүй үнэлэлгүй орхигдуулсан. Гэрч Л.Э, Д.М, Б.Г, П.Т нарын сэжиг бүхий мэдүүлгүүдээр хэргийг шийдвэрлэх боломжгүй. Тухайлбал Гэрч П.Т, Р.Б, Б.Г нар эхний 4 мэдүүлэгтээ юу ч санахгүй байна, тасарсан байсан, нэг мэдсэн ийм зүйл болсон, гэр дотор байсан гэх мэдүүлгүүд өгсөн атлаа 2015 оны 12 дугаар сарын 18, 19-ний өдөр өгсөн мэдүүлгээсээ эхлэн Б.Ө-г буруутгах гэсэн шинжтэй нэг хүн мэт адилхан зүйлс ярьж эхэлдэг бөгөөд зарим хэсэг нь цэг, таслал, үг үсгийн зөрүүгүй адилхан байдаг. Үүнээс үзэхэд гэрч Д.М-ийн шүүх хуралдаан дээр “мөрдөн байцаагч бүгдийг нь хамт байлгаж байгаад мэдүүлгийн зөрүүг арилгасан” гэдэг нь үнэн байна. Мөн анхан шатны шүүх хэрэгт чухал ач холбогдолтой хэргийн бодит үйл явдлыг харуулсан бусад гэрч нарын ноцтой мэдүүлгүүдэд дүгнэлт хийлгүй орхигдуулсан. Шүүх дээрх гэрчүүдэд хариуцлага тооцож худал мэдүүлсэн шалтгааныг олж тогтоох ёстой атал эсрэгээрээ гэрчүүдийн мэдүүлгүүдээс түүвэрлэн авч шийтгэх тогтоол, магадлалынхаа үндэслэл болголоо. Анхан болон давж заалдах шатны шүүхийн тогтоол, магадлалын үндэслэх хэсгээс үзэхэд цаг хугацааны хувьд хол зөрүүтэй мэдүүлгүүдийг хольж хутган, яллах хандлагатай хэсгүүдийг нь түүж бичжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1, 16.1 дүгээр зүйлийн 1, 25.1 дүгээр зүйлийн 4, 13 дахь хэсгүүдэд гэрчүүдээс мэдүүлэг авах журмыг заажээ. Гэвч хавтаст хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлгээс үзэхэд дээрх хуулийн заалтыг зөрчиж гэрчүүдийг олон удаа сануулж, хөтөлж, тулгаж байцаахаас гадна шүүгдэгчийг буруутгасан мэдүүлэг өгсөн гэрчүүдийн мэдүүлгийг батлуулах гэж хэргийн талаар уншиж зөвшөөрүүлэх замаар байцаажээ. Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд аливаа хүн гэмт хэрэг үйлдсэн эсэх нь эргэлзээтэй тохиолдолд шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх нэг үндсэн зарчимтай. Дээрх хууль, журам зөрчиж авсан гэрчүүдийн мэдүүлгээс үзэхэд удаа дараа зөрүүтэй гэхээсээ илүү эрс тэс өөр мэдүүлэг өгдөг сэжиг бүхий этгээдүүдийн анхны болон сүүлийн мэдүүлгүүдийн алийг нь үнэлэх эсэх нь эргэлзээтэй байхад шүүх яллах талын таамаглалаар хэргийг шийдвэрлэсэн.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар прокурор хэрэг шүүхээр эцэслэн шийдвэрлэгдэх хүртэлх хугацаанд хэрэгт авагдсан эд мөрийн баримтыг хадгалах, хамгаалах, хяналт тавих, бүрэн бүтэн байдлыг хариуцан ажиллах үүрэгтэй. Гэтэл анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн үед хэрэгт маш чухал ач холбогдолтой эд мөрийн баримт болох камерийн бичлэг учир битүүлгээр алга болсон байсан. Шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, прокурор, өмгөөлөгч бид нар бүхэл бүтэн 2 цаг орчим тухайн СД-ээс камерийн бичлэгийг хайгаад хэргээс олоогүй. Дээрх алга болсон СД-ний бичлэгт гэрчүүдийн мэдүүлгийг үгүйсгэж няцаах дүрс бичлэг хадгалагдсан бөгөөд улмаар шүүгдэгчийн гэм бурууг үгүйсгэхэд чухал ач холбогдолтой юм. Хэрэгт авагдсан тухайн СД-ээс гэрч нарын худал мэдүүлэг өгсөн болохыг тогтоох боломжтой дүрс бичлэгийг агуулсан бичлэг л зөвхөн алга болсон, мөн шүүхийн хэлэлцүүлэгт прокурор “өмнө бичлэгийг шүүгдэгчийн өмгөөлөгч нарыг байлцуулан үзсэн тул одоо үзэх шаардлагагүй тэмдэглэлээс уншаад танилцуулъя ” гэж СД-г үзэхийг илт эсэргүүцэж байсан нь ихээхэн сэжиг төрүүлсэн. Бусад бичлэг нь байгаа атлаа тухайн бичлэг нь алга болсныг харахад бичлэгийг устгасан байх магадлалтай юм. Энэ талаар анхан болон давж заалдах шатны шүүх огт дүгнэлт хийсэнгүй. Ийнхүү хэргийн эд мөрийн баримт алга болсон нь өмгөөлөгч миний шүүхийн хэлэлцүүлэгт нотлох баримт, эд мөрийн баримтыг шинжлэн судлахад хэрэгт авагдсан эд мөрийн баримт, бичмэл нотлох баримтыг шүүх бүрэлдэхүүнд, шүүгдэгч, гэрч, шинжээчид танилцуулан цагаатгах байр сууринаас өмгөөлөл хийх эрх болон шүүгдэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчиж хэргийн бодит байдлыг тогтоох үйл ажиллагаанд саад учруулсан гэж үзэж байна. Түүнээс гадна Улсын дээд шүүхийн тогтоолд заасан ажиллагааг биелүүлээгүй. Анхан шатны шүүхээс талийгч болон шүүгдэгч нарыг хоорондоо маргалдсан, чулуурхаг хатуу хөрстэй газар толгойгоороо унасан гэх зүйл зохиож бичсэн байдаг бол давж заалдах шатны шүүхээс талийгаач, шүүгдэгч нар маргалдсан үйл баримтыг зохион дүрсэлж бичсэн байна.
Эмнэлгийн задлан шинжилгээгээр хохирогчийн “биед тогтоогдсон дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ” гэж дүгнэсэн. Мөн 2016 оны 32 дугаартай шинжээчийн дүгнэлтээр өмнөх шинжээчийн 1796 тоот дүгнэлтийг үндэслэлтэй гэж дүгнэсэн бөгөөд тархины зөөлөн бүрхүүлийн доор тархмал цус харвасан үед ямар нэгэн үйлдэл хийх боломжгүй гэсэн дүгнэлт хийсэн. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч эмч М.Э “үхэлд хүргээгүй ч хүзүү хоолой, улаан хоолойд цус хурсан гэмтлүүд, амьсгал бүтэлтийн нийтлэг, шинж тэмдгүүд байгаа" гэсэн мэдүүлэг зэргээр анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй, учир дутагдалтай болох нь тогтоогддог. Шүүх эмнэлгийн задлан шинжилгээ болон 2 удаагийн шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн биед учирсан шархууд нэгээс дээш удаагийн үйлдэл, хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, амьсгал бүтэлтийн шинж байгаа гэсэн дүгнэлтээс гадна шинжээч эмч О-гийн шүүхийн хэлэлцүүлэгт “шарх толгойн орой хэсэгтээ байгаа учраас савж унахдаа авсан гэж хэлж болохгүй гэсэн мэдүүлэг байхад шүүх шинжээчийн дүгнэлт болон шинжээч эмч нарын мэдүүлгээс зөрүүтэй хавтаст хэрэгт авагдсан ямар ч баримтаар тогтоогдоогүй үндэслэлгүй дүгнэлт хийжээ.
Харин давж заалдах шатны шүүхээс Х.Х-ын толгойн оройд учирсан гэмтэл нь хөнгөн зэргийн гэмтэл ба түүнийг Б.Ө учруулаагүй, тэр шархыг хэн учруулсныг тогтоогоогүй, тогтоох боломжгүй гэж дүгнэжээ. Шинжээч эмч М.Э “талийгаачийн үхлийн шалтгаан нь тархины гэмтэл, тэр мохоо зүйлийн хүчтэй доргилт, цохилтоос шалтгаална, зулайн оройн язарсан шархыг доргилтгүйгээр учруулах боломжгүй, шархтай тархины гэмтэл давхар нэг мөчид үүсгэгдсэн байх боломжтой" гэж шүүх хуралдаанд мэдүүлсэн. Өөрөөр хэлбэл зулайн оройн шархыг учруулсан цохилт, доргилтоос тархины гэмтэл үүссэн байх бүрэн боломжтой байна. Гэтэл тэрхүү гэмтлийг хэн учруулсныг тогтоосонгүй. Талийгчийн цус харвалт нь шинжээчийн дүгнэлтэд дурдагдсан их хэмжээний согтолт болон доргилтоос үүсэх боломжтой гэжээ. Мөн шинжээчийн дүгнэлтээр тухайн цус харвасан үед хохирогч нэг ч үйлдэл хийх боломжгүй болохыг дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлдэг. Тэгвэл анхан шатны шүүхийн дүгнэсэн биеийн жингээрээ савж унасан доргилтын улмаас тархинд цус харвасан гэж үзвэл хохирогч ямар нэгэн үйлдэл хийх боломжгүй анх унасан гэх газраа байх ёстой. Хохирогч унаад босч ирээгүй гэсэн гэрч Л.Э-ийн мэдүүлгээс хохирогчийн толгой хэсэг хойд зүг рүү харсан байдалтай унасан гэдэг бол, гэрч Х.Г-ын “намайг очиход толгой нь баруун урд зүг рүү харсан байдалтай байсан" гэсэн мэдүүлгээр хохирогч унаснаасаа хойш үйлдэл хийсэн болохыг нотолдог. Л.Э “сайн хараагүй болохоор тодорхой хэлж болохгүй байна, би толгойгоороо унасан гэж бодож байна” гэж эргэлзээтэй хариултуудыг өгсөн. Гэрч Л.Э-ийн “унаад дахиж босч ирээгүй” гэх мэдүүлэг хэрэгт авагдсан боловч анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн эд мөрийн баримт шинжлэн судлах шатанд учир битүүлгээр алга болсон амралтын газрын камерийн бичлэгээр няцаагддаг. Уг бичлэгээр гэрч Л.Э 2 минутын турш хэргийн газарт байгаагүй болох нь тогтоогддог. Дээрх хугацаанд хохирогчийг хэн цохиж зодсон, өөр хүн хохирогчид хүрсэн болохыг огт харах боломжгүй өөр газар байсан атлаа өөр хүн талийгаачид хүрээгүй, өөр үйлдэл хийгээгүй гэж гүрийсэн бөгөөд түүний зөрүүтэй, бодит байдалд нийцсэн эсэх нь эргэлзээтэй мэдүүлгийг гол нотлох баримт болгон улмаар хохирогчийн биед учирсан олон тооны шархыг шүүгдэгчийн ганц удаагийн үйлдлээр учирсан мэтээр дүгнэсэн нь бодит байдалтай огт нийцэхгүй байна.
Анхан шатны шүүх шийтгэх тогтоолын дүгнэвэл хэсэгт “шүүгдэгч Б.Ө нь амь хохирогч Х.Х-той маргалдан, түүний зүүн эгэм орчим нэг удаа нэг цохьсон, хохирогч тэр даруйдаа нас барсан үйл баримтууд тогтоогдож байна. Б.Ө-гийн хүний хүзүү, толгой орчим цохиж буй үйлдэл нь шүүгдэгчийн үйлдэлдээ болгоомжгүй, хайхрамжгүй, аргагүй хамгаалалт хэрэглэсэн шинжгүй байсныг тодорхой харуулж байна” гэсэн нь огт ойлгомжгүй, үндэслэлгүй дүгнэлт хийгээд “шүүгдэгч Б.Ө-д ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно” гэжээ. Анхан шатны шүүхээс хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг буруу үнэлээд зогсохгүй, огт байхгүй зүйлд дүгнэлт хийж таамгаар хүнийг ялласан гэж үзэхээр байна. Тухайлбал Б.Ө нь амь хохирогч Х.Х-той маргалдсан гэж байгаа боловч гэрчүүдийн мэдүүлэг зөрүүтэй, олон удаа өөрчлөгддөг хэдий ч Ө, талийгаач хоёрыг маргалдсан, муудалцсан асуудлыг бүгд үгүйсгэдэг бөгөөд шүүгдэгчийн мэдүүлгээр ч тогтоогддог. Мөн олон удаагийн шинжээчийн дүгнэлтээр эгэм орчим цохиход үхэлд хүргэсэн толгойн зулайн орчмын шарх үүсэхгүй, малгайлсан цус харвалтад нөлөөлөхгүй болохыг тогтоосон. Хохирогч унаад босч ирсэн эсэх, өөр ямар нэгэн үйлдэл хийсэн эсэх нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй, хохирогчийн биед учирсан олон тооны шархыг хэн учруулсан болох нь нотлогдоогүй байхад ямар үйл баримтаар тэр даруй нас барсан гэж үзэв. Давж заалдах шатны шүүхээс Х.Х-ын буруутай үйлдлийг аюултай довтолгоо гэж үзэхээргүй байна гэсэн бодит байдалтай нийцэхгүй дүгнэлт хийсэн. Талийгаач Б.Ө-гийн толгой, нүүр орчимд нь олон удаа савчаад цохиод байсан ба шүүгдэгч нэг удаа зүүн эгэмэн тус газарт нь цохисон гэж гэрч мэдүүлдэг. Шүүгдэгчийн биед учирсан гэмтэл, талийгаачийн сарвууны ар хэсэгт учирсан гэмтэл үүнийг нотолно.
Аргагүй хамгаалалтын хувьд Эрүүгийн хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Өөрийн, ойр дотны хүний амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй”, 2 дахь хэсэгт “Аливаа хүн мэргэжил, тусгай бэлтгэл, албан ажлын байдал, аюултай довтолгооноос зайлсхийх, бусдаас тусламж авахаар хандах боломжтой байсан эсэхээс үл хамааран аргагүй хамгаалалт хийх эрхтэй”, 3 дахь хэсэгт “Аргагүй хамгаалалтыг бусдын хууль бус халдлага эхэлсэн, эхлэх гэж байгаа нь тодорхой болсон үед хийнэ. Довтолгоо төгссөн хойно хийсэн үйлдлийг аргагүй хамгаалалтад тооцохгүй" гэж заажээ. Хэрэв шүүгдэгч хохирогчийн эгэмэнд нэг цохисон үйлдлээс хохирогч нас барсан гэж үзвэл энэ нь Эрүүгийн хуульд заасан аргагүй хамгаалалтын бүх шинжийг агуулж байна. Шүүхээс “Х.Х нууцын бичээч Б.Ө-г хэд хэдэн удаа зодож цохих үед шүүгдэгч Б.Ө нь зөрүүлээд Х.Х-ын хүзүү, толгой орчимд эсхүл зүүн эгэмэнд нэг удаа цохисны улмаас амь нас хохирсон гэсэн дүгнэлт хийсэн атлаа үүнийг аргагүй хамгаалалт биш гэсэн үндэслэлээ тайлбарлаагүй нь шүүхийн шийдвэр хуулийн болон бодит үндэслэлгүй гарахад нөлөөлсөн. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т зааснаар Б.Ө-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож түүнийг цагаатгаж өгнө үү” гэжээ.
Мөн хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батбаяр хэлсэн саналдаа “Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Гэрчүүдийн өөрийнх нь мэдүүлэгт байхгүй зүйлийг бусад гэрчүүдийн мэдүүлгээс уншин өгч, үүнийхээ дараа “ийм зүйл болсон уу?” хэмээн баталгаажуулж асуусан байдаг. Энэ нь процессын ноцтой алдаа юм. Шүүх хуралдааны явцад гэрч процессын зөрчлийн талаар тодорхой хэлсэн байдаг. Гэрч нарын худал мэдүүлгийг үгүйсгэх цорын ганц нотлох баримт камерийн бичлэг байсан. 4 орчим минут камернаас далд болсон үйлдлийг тогтоох нь асуудал юм. Гэрч Л.Э нь шүүгдэгч Б.Ө талийгаачийн зүүн эгэм рүү нэг удаа цохисон, өөр үйлдэл хийгээгүй гэж мэдүүлдэг. Өөрөө саравчны араар орсон, үлдсэн хүмүүс хохирогч Х.Х-т хүрээгүй гэдэг боловч гэрч Л.Э камерийн бичлэгт харагдахгүй 2 минут болсон бөгөөд түүний мэдүүлэг эргэлзээтэй байна. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн явцад СД дотор байсан бичлэгийг хоёр цаг гаран хайгаад олоогүй бөгөөд энэ талаар хуралдааны тэмдэглэлд дэлгэрэнгүй тусгагдсан. Мөрдөн байцаагч, прокурор нар хэргийн нотлох баримтын бүрэн, бүтэн байдлыг хариуцна гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасныг зөрчиж, хэрэгт хамгийн ач холбогдолтой нотлох баримтыг алга болгосон. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн талаар зөрүүтэй дүгнэлт хийсэн. Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Ө- нь хохирогч Х.Х-ын зүүн эгэмд цохин унагаж, биед үүссэн бүх гэмтлүүд цохилтоос үүдэлтэй гэж дүгнэсэн бол давж заалдах шатны шүүх язарсан шархыг шүүгдэгч Б.Ө учруулаагүй нь тогтоогдсон боловч хэн учруулсан нь тогтоогдоогүй гэж дүгнэсэн. Мөн аргагүй хамгаалалтын талаар анхан болон давж заалдах шатны шүүх илэрхий буруу дүгнэлт хийсэн. Анхан шатны шүүхээс хохирогч тэр даруй нас барсан, болгоомжгүй хайхрамжгүйгээр аргагүй хамгаалалт хэрэглэсэн шинжгүй байсан гэж дүгнэсэн. Аргагүй хамгаалалт хийхэд болгоомжгүй, хайхрамжгүй гэсэн ойлголт байхгүй. Аргагүй хамгаалалт нь өөрт аюул учирсан тохиолдолд өөрийгөө хамгаалах эрх юм. Давж заалдах шатны шүүхээс хохирогч Х.Х шүүгдэгч Б.Ө-ы биед довтолсон нь аюултай довтолгоо биш гэж үзсэн. Гэвч шүүгдэгчийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан бөгөөд тухайн гэмтлийг авснаас хойш хоригдох явцад 2-3 удаа татаж унасан байдаг. Хохирогч Х.Хашболорын гарын /алганы/ ард учирсан гэмтэл болон шүүгдэгч Б.Ө-ы нүүрэнд учирсан гэмтлүүдээс удаа дараа цохисон үйлдэл харагддаг. Уг үйлдлийг гэрч Л.Э харсан байдаг. Аргагүй хамгаалалтын шинж байсан боловч өмгөөлөгч нарын зүгээс хэргийг аргагүй хамгаалалтаар шийдвэрлүүлэх талаар ярихгүй байгаа шалтгаан нь эгэм рүү цохисны улмаас нас барсан гэж үзэхгүй байна. Хохирогчийн зулайд учирсан шархыг өөр хүн учруулсан бөгөөд үүнийг хэн учруулсныг тогтоогоогүй байхад аргагүй хамгаалалтаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх нь өрөөсгөл юм. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, шүүгдэгч Б.Ө-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож түүнийг цагаатгаж өгнө үү” гэв.
Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Цэвээнцэрэн хэлсэн саналдаа “Хяналтын шатны шүүхийн тогтоолын 4 дэх заалтад мөрдөн байцаалтаар хэргийн талаар нотолбол зохих байдал, гэмт хэрэг гарсан байдал, хэргийг яаж үйлдсэн болон гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг хөдөлбөргүй тогтоох шаардлагатай гэжээ. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх тус заалтыг биелүүлээгүй. Миний зүгээс шүүгдэгч Б.Ө аргагүй хамгаалалт хийсэн гэж үздэг. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Ө нь хохирогч Х.Х-ын хүзүү, толгойд цохисон үйлдэл аргагүй хамгаалалтын шинжгүй байна гэж дүгнэсэн. Хаана нь, яаж цохихоор аргагүй хамгаалалт болдог юм. Давж заалдах шатны шүүх хохирогч Х.Х-ын буруутай үйлдлийг аюултай довтолгоо гэж үзэхгүй гэжээ. Хүнд зэргийн согтолттой хүн үгийн зөрүүгүй нүүр, нүд рүү хоёр гараараа савчин цохих нь аюултай довтолгоо биш гэж үү. Анхан болон давж заалдах шатны шүүх тус бүр хоёр удаа шүүгдэгч Б.Ө нь хохирогч Х.Х-ыг санаатай алсан гэж үзэн, ял шийтгэсэн. Аргагүй хамгаалалт хийх явцдаа хохирогч Х.Х-ыг алсан байхыг үгүйсгэхгүй. Хэрэв санаатай алсан гэж үзвэл шүүгдэгч Б.Ө-д холбогдох хэргийг аргагүй хамгаалалтаар шийдвэрлэж өгнө үү” гэв.
Мөн хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Ганбат хэлсэн саналдаа “Анхан болон давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Б.Ө-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэсэн боловч нотлох баримтын хувьд зөрүүтэй дүгнэлт хийсэн. Анхан шатны шүүхээр хэрэг 2 дахь удаа шийдвэрлэгдэхэд өмнө нь хэрэг шийдвэрлэх явцад байгаагүй шүүгч нар оролцсон. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу эд мөрийн баримтыг судалж үзэхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь процессын ноцтой зөрчил юм. Хуульд зааснаар нотлох баримтыг заавал судлах ёстой байтал үүнийг зөрчсөн. Камерийн бичлэг нь гэрчүүдийн мэдүүлгийг үнэлэхэд чухал ач холбогдолтой байсан. Камерийн бичлэгийг үзэхгүйгээр гэрчийн мэдүүлгийг үнэлсэн нь буруу. Хяналтын шатны шүүхээс амьсгал бүтэлтийн шинж байна уу, байгаа тохиолдолд хэн учруулсан болох талаар тогтоохыг заасан. Шинжээчээс хохирогчийн биед амьсгал бүтэлтийн шинж байна уу гэхэд амьсгал бүтэлтийн улмаас нас бараагүй гэж хариулдаг. Гэтэл шүүх хуралдаанд амьсгал бүтэлтийн шинж байна гэж бусад нотлох баримттай холбогдуулан хэлсэн байдаг. Бусад нотлох баримтыг шалгах шаардлагагүй, шүүгдэгч Б.Ө-гийн буруутай үйлдлээс болж хохирогч Х.Х нас барсан гэж үзэх тохиолдолд Эрүүгийн хуулийн 10.2 дугаар зүйлд зааснаар санаа сэтгэл хүчтэй цочрон давчидсан үед хүн алсан гэж үзэн шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү” гэв.
Мөн хуралдаанд хохирогчийн өмгөөлөгч П.Өлзийбаяр хэлсэн саналдаа “Шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гомдолд дурдагдсан үндэслэлүүд мөрдөн байцаалтын шатанд шалгагдсан. Диск алга болсон, устсан зүйл байхгүй. Налайх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх тус камерийн бичлэгийг үзсэн байдаг. Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааны явцад мөн 1 цаг гаруй шүүж үзсэн. СД нь шаардлага хангахгүй байсан учир бичлэг бүдэг, харанхуй гарсан асуудал байсан. Гэрч нарын бүгдийг нь байлгаж байгаад байцаасан эсэх талаар шалгасан. Анхан шатны шүүх хуралдаанд гэрчүүд өөрсдийн биеэр оролцож, тайлбар өгсөн байдаг. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Ө-д 15 жилийн ял оноосон боловч давж заалдах шатны шүүхээс 13 жил болгон бууруулахад шүүхийн шийдвэрийг хүндэтгэж, хохирогч талаас гомдол гаргаагүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.
Мөн хуралдаанд хохирогчийн өмгөөлөгч А.Содхүү хэлсэн саналдаа “Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7, 39.8 дугаар зүйлд заасан Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналтай байна. Камерийн бичлэгт хэрэгт ач холбогдолтой зүйлүүд харагддаггүй. Хяналтын шатны шүүхээс хэргийг мөрдөн байцаалтад буцаахдаа гэрчүүдийн мэдүүлгийг шалгаж, зөрүүтэй байдлыг тогтоохоор заасныг биелүүлсэн. Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батбаярын ярьсан шиг гэрчүүдийг хамтад нь байлгаж, мэдүүлгийг үг, үсгийн зөрүүгүй болгосон асуудал байхгүй. Зулайн оройн шархыг тогтоогоогүй байсныг мөн шалгаж, шүүгдэгч Б.Ө-гийн барьж явсан утсаар шархыг учруулсан байх боломжтой гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан. Ямар учраас аргагүй хамгаалалт биш гэж үзсэн, гэрчийн мэдүүлгийг үнэлэх боломжтой байсан талаар шийтгэх тогтоол, магадлалд тусгасан учир шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Мөн хуралдаанд прокурор А.Оюунгэрэл гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч Б.Ө-гийн үйлдсэн гэмт хэрэг хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон. Энэ гэмт хэргийн хувьд Б.Ө нь амь хохирогчийг цохиж унагахыг харсан гол гэрч нь Э бөгөөд түүний мэдүүлгийг шүүх гол нотлох баримт болгосон нь үндэслэлтэй байна. Бусад гэрч нараас хууль сануулж, зохих журмын дагуу мэдүүлэг авсан нь хууль зөрчсөн гэх үндэслэл болохгүй. Хэрэгт 7 ширхэг СД эд мөрийн баримтаар ирсэн бөгөөд тухайн өдрийн нэг үйл явдлын талаар гэрийн зүүн талаас 2 дугаар камерийн бичлэгт, 3 дугаар камерийн бичлэгт гэрийн зүүн урд талаас нь бичигдсэн байдаг. Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр амь хохирогчийн биед олон тооны зулгаралт, шарх тогтоогдсон боловч амьсгал бүтэлтээр нас бараагүй тархины тархсан цус харвалтын улмаас нас барсан талаар шинжээч эмч О-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгт шүүх зөв үндэслэлтэй дүгнэлт хийсэн. Учир нь хохирогч, шүүгдэгч хоёрын дунд маргаан болж харилцан зодолдох явцдаа амь хохирогчийг цохиж унагасан үйлдэл, учирсан гэмтэл нь шалтгаант холбоотой гэж үзэж байна. Хэрэгт шалгавал зохих асуудлыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн зүйлчлэл тохирсон, шүүх шүүгдэгчийн гэм бурууд тохирсон ял шийтгэлийг оногдуулахдаа шүүх хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд 13 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн боловч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 199 дүгээр зүйлд санаатай гэмт хэрэг анх удаа үйлдэж 4-6 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгүүлсэн хоригдлыг ‘‘хаалттай хорих ангид ял эдлүүлнэ” гэсэн заалттай Эрүүгийн хууль зөрчилдөж байгааг шүүх бүрэлдэхүүн анхаарах нь зүйтэй гэж үзэж байна. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Ө, түүний өмгөөлөгч Б.Батбаяр, Д.Цэвээнцэрэн нарын гаргасан гомдлыг үндэслэн Б.Ө-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.
2015 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 19 цагийн үед Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Горхи мэлхий хад” амралтын газарт шүүгдэгч Б.Ө нь толгой руу цохилоо гэж амь хохирогч Х.Х-ын зүүн эгэм рүү гараараа нэг удаа цохиж унагахдаа амь насанд нь аюултай хүнд гэмтэл учруулж санаатай алсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.Ө-гийн гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн түүнийг хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн талаар хууль зүйн дүгнэлт хийхдээ 2015 оны Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.
2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасны дагуу Б.Ө-д холбогдох хэргийг түүний эрх зүйн байдлыг дээрдүүлсэн 2015 оны Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж шийдвэрлэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал үндэслэлтэй болжээ.
Харин анхан шатны шүүх шүүгдэгч Б.Ө-д 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 13 жил хорих ял оногдуулсан нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон шударга ёсны зарчимд нийцээгүй байна гэж шүүх үзэв.
Учир нь анхан шатны шүүх оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн гэсэн үндэслэлээр 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэсэн атлаа 2002 оны Эрүүгийн хуульд заасантай дүйцэхүйц хэмжээний ялыг оногдуулсан нь хууль буцаан хэрэглэх журмыг зөрчжээ.
Мөн эрүүгийн хариуцлага хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм буруугийн хэр хэмжээнд тохирсон байх хуулийн шаардлагыг хангаагүйн дээр ял оногдуулахдаа эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.4-д заасан хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдэгдсэн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4-д заасны дагуу Б.Ө-т холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр түүнд анхан шатны шүүхээс оногдуулсан 13 жил хорих ялыг 9 жил болгон хөнгөрүүлэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.
Харин шүүгдэгч Б.Ө, түүний өмгөөлөгч Б.Батбаяр, Д.Цэвээнцэрэн нарын гаргасан “Б.Ө-г цагаатгах тухай” гомдол хууль зүйн үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Анхан шатны шүүхийн шийдвэрээр шүүгдэгч Б.Ө-гаас 21,400,000 төгрөг гаргуулж хохирогч О.Д-д олгохоор шийдвэрлэсэн хохирлыг шүүгдэгч хяналтын шатны шүүх хуралдаанаас өмнө төлж барагдуулсан болохыг дурдвал зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1. Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 420 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 893 дугаар магадлалд:
“Шүүгдэгч Б.Ө-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 9 /ес/ жил хорих ял шийтгэсүгэй” гэсэн өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Ө, түүний өмгөөлөгч Б.Батбаяр, Д.Цэвээнцэрэн нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
ДАРГАЛАГЧ Б.ЦОГТ
ШҮҮГЧ Б.БАТЦЭРЭН
Д.ГАНЗОРИГ
Ч.ХОСБАЯР
Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН